Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2022/01201

 

 Максимус дистрибьюшн ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2020/03302 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 39 дүгээр магадлалтай,

 Максимус дистрибьюшн ХХК-ийн нэхэмжлэлтэй

Ягута ягата ХХК-д холбогдох

 2,742,410 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхсүлдийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баатарцогт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхсүлд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 1. Нэхэмжлэгч Максимус дистрибьюшн ХХК-иас Ягута ягата ХХК-д холбогдуулан 2,742,410 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2020/03302 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан, хариуцагч Ягута ягата ХХК-иас 2,742,409 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Максимус дистрибьюшн ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,000 төгрөгийн 58,828.56 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 171.44 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс, хариуцагч Ягута ягата ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 58,828.54 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Максимус дистрибьюшн ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 39 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2020/03302 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхсүлд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ИХШХШ тухай хуулийн 172-р зүйлийн 172.2.1 шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, 172.2.2 шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр 2,742,409 төгрөгийн шаардлагын хүрээнд эс зөвшөөрч хяналтын гомдлыг гаргаж байна.

Иргэн Б.Тилиген 2019.10.04-ний өдөр Ягута Ягата ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Байгалмаагаас компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулж 2,000,000 төгрөгөөр Ягута Ягата ХХК-ийн хувьцаа худалдан авч Гүйцэтгэх захирлаар 2019.10.09-ний өдрөөс эхлэн компанийн үйл ажиллагааг эрхлэн явуулж байгаа. Ягута Ягата ХХК-ийн үндсэн эрхлэх үйл ажиллагаа нь хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа бөгөөд Чонон бүрт төвийн гадна байрлаж үйл ажиллагаа явуулдаг нөхцөл байдлыг үндэслэн худалдаж авсан. Компанийг худалдаж авснаас хойш дэлгүүрийн засварын ажлыг 1 сар гаруй хугацаанд хийж гүйцэтгэсний үндсэн дээр 2019.11.01-ний өдрөөс эхлэн Уран суврага ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж дэлгүүрийн үйл ажиллагаа явуулсан бөгөөдЯгута Ягата ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Тилиген нэхэмжлэгч Максимус дистрибьюшн ХХК-иас нэхэмжлэлд дурдсан бараа бүтээгдэхүүнийг хүлээж аваагүй, өмнөх хувьцаа эзэмшигчийн өр төлбөрийн талаар тооцоо нийлж төлөх үүрэг, амлалт баталгаа гаргаагүй болно.

2019.10.04-ний өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээний 4-р зүйлийн 4.2-т Эрх шилжүүлэгч нь ...компанитай холбоотой бүхий л мэдээлэл, баримт бичиг, санхүүгийн тайлан балансыг эрх шилжүүлэн авагчид үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд компанийн өр төлбөр, зээлийн талаар урьдчилан мэдэгдэнэ, 4.3-т Эрх шилжүүлэгч нь компанийн эрхийг шилжүүлэхдээ татвар, гааль, нийгмийн даатгал, банк болон банк бус санхүүгийн байгууллага, шүүхийн шийдвэрийн байгууллага, иргэнтэй хийх төлбөр тооцоотой эсэх талаар үнэн зөв мэдээлэл өгөх үүрэгтэй гэж заасан.

Ягута Ягата ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Байгалмаа нь нэхэмжлэгч Максимус дистрибьюшн ХХК-нд төлөх өр төлбөртэй талаар надад танилцуулж мэдэгдээгүй бөгөөд Максимус дистрибьюшн ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргаж намайг эрэн сурвалжлуулсны дараа мэдсэн. Үүний дараа Максимус дистрибьюшн ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баатарцогт миний бие биечлэн уулзаж ямар өр төлбөр үүссэнийг тодруулахад: таныг Ягута Ягата ХХК-ийг худалдаж авахаас өмнөх хувьцаа эзэмшигч Б.Байгалмаагийн тавьсан өр төлбөрт 2,742,410 төгрөг хуримтлагдсан байна, танд хамааралгүй төлбөр байна гэж танилцуулсан. Үүний дараа Ягута Ягата ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Тилиген Б.Байгалмаагийн эсрэг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн 1-р хэлтэст хандан гомдол гаргасан бөгөөд энэ гомдлын дагуу гэрч Баатарцогт мэдүүлэгтээ: Б.Тилиген гэх хүн нь Ягута Ягата ХХК-ийг өр төлбөртэй байсан талаар мэдээгүй гэж мэдүүлсэн байдаг нь Ягута Ягата ХХК тухайн өр төлбөрийг хариуцахгүй болохыг нэхэмжлэгч мэдэж байсан бөгөөд анх Ягута Ягата ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээг байгуулах явцад дээрх өр төлбөрийг Ягута Ягата ХХК-ийн гүйцэтгэх захиралд танилцуулсан бол энэ асуудлаар гэрээнд тусгаж зохицуулах байсан бөгөөд ИХ-ийн 124-р зүйлд зааснаар өр шилжих үндэслэл бүрдээгүй, барааг хүлээн авч Ягута Ягата ХХК болон иргэн Б.Тилиген дэлгүүрийн үйл ажиллагаанд хэрэглэж үндэслэлгүйгээр хөрөнгөжөөгүй болно.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүрэн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

 5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 6. Нэхэмжлэгч Максимус дистрибьюшн ХХК шаардлагын үндэслэлээ. ...2019.03.12-ны өдрийн Ягута ягата ХХК-тай байгуулсан Худалдааны хамтран ажиллах гэрээгээр нийлүүлэгч тал /нэхэмжлэгч/ нь борлуулагч тал /хариуцагч/-д эрүүл ахуй, чанар, стандартын шаардлага хангасан биет байдлын болон эрхийн доголдолгүй бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, борлуулагч тал бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулах, төлбөр тооцоог хийх, хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээг хангасан өндөр түвшинд үйлчлэх үүрэг хүлээсэн, гэрээний дагуу нэхэмжлэгчээс нийт 3,542,410 төгрөгийн бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн, хариуцагч нь 800,000 төгрөг төлж, үлдэх төлбөрийг төлөөгүй тул үлдэгдэл төлбөр 2,742,410 төгрөгийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан... гэж,

 Хариуцагчаас: ...2019.10.04-ний өдөр хувьцаа эзэмшигч Б.Байгалмаагаас компанийн эрхийг шилжүүлэн хувьцааг нь 2,000,000 төгрөгөөр худалдаж авсан, Б.Байгалмаа өр төлбөртэй талаар танилцуулж, мэдэгдээгүй, Телегин миний бие дээрх бараа бүтээгдэхүүнийг худалдаж аваагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэж маргажээ.

 7. Анхан шатны шүүх хариуцагчаас 2,742,409 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 8. Талуудын хооронд 2019.03.12-ны өдөр Худалдааны хамтран ажиллах гэрээ байгуулсан, гэрээний дагуу нийлүүлэгч тал нэр бүхий хүнсний бараа, бүтээгдэхүүнийг нийлүүлж, талууд 2019.06.30, 2019.07.31-ний өдөр тооцоо нийлсэн акт үйлдсэн, хариуцагч Ягута ягата ХХК-ийн захирал Б.Байгалмаа ...2019.07.31-ний байдлаар 3,042,409 төгрөгийн үлдэгдэлтэй, дээрх төлбөрийг 2019.08.15-ны өдөр төлж барагдуулах-аар нэхэмжлэгч компанид 2019.07.31-ний өдрийн №07/30-1 тоотоор хүсэлт гаргаж байсан, 2019.10.04-ний өдөр Б.Байгалмаа, Б.Тилеген нар нь Компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулж, Б.Тилеген компанийн 100%-ийн хувьцаа эзэмшигч болсон үйл баримт тогтоогджээ.

 9. Шүүх зохигчийн хооронд байгуулсан гэрээ худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулсан, хүчин төгөлдөр хэлцэл, гэрээний дагуу худалдагч бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн тул үнийг шаардах эрхтэй, худалдан авагч үнийг төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцжээ.

 Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

 10. Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдснаар дуусгавар болох тул Ягута ягата ХХК-ийн өмнөх удирдлагын эрх бусдад шилжүүлснээр дуусгавар болсон нь хуулийн этгээдийн гуравдагч этгээдийн өмнө хүлээсэн үүргийг дуусгавар болгох үндэслэл болохгүй бөгөөд компанийн эрхийг шилжүүлэн авсан Б.Тилегений ...өмнөх удирдлагын өрийг шилжүүлж аваагүй... гэх тайлбар түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв, энэ үндэслэлээр шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.

 11. Хоёр шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Худалдааны хамтран ажиллах гэрээ Максимус дистрибьюшн ХХК болон Ягута ягата ХХК-иудын хооронд байгуулагдсан, хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч, удирдлага өөрчлөгдсөн нь хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй, хариуцагч нэхэмжлэлийн үнийн дүнгийн талаар маргаагүй бөгөөд хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагч 2,742,409 төгрөгийн өртэй болох нь тогтоогдсон гэж дүгнэн, хариуцагчаас дээрх төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэхдээ зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

 Дээр дурдснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2020/03302 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 39 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхсүлдийн гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Ягута ягата ХХК-иас 2021.02.01-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 58,829 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ          С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН          Г.АЛТАНЧИМЭГ

                ШҮҮГЧИД         Н.БАЯРМАА

                                             Б.МӨНХТУЯА

                                                 Х.ЭРДЭНЭСУВД