Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/00039

 

М- ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2020/03302 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М- ХХК-ийн хариуцагч Я- ХХК-д холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2 742 410 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М- ХХК нь Я- ХХК-тай харилцан тохиролцож 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр худалдааны хамтран ажиллах гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу М- ХХК нь бараа бүтээгдэхүүн нийлүүлж, Я- ХХК нь бараа бүтгээгдэхүүний үнийг сар бүрийн 25-ны өдөр төлөхөөр харилцан үүрэг хүлээсэн. М- ХХК бараа, бүтээгдэхүүнийг цаг тухайд нь тохиролцсон хэмжээгээр нийлүүлж байсан бөгөөд нийт 3 452 410 төгрөгийн бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн. Я- ХХК хүлээн авсан бараа бүтээгдэхүүний нийт төлбөрөө 800 000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 2 742 410 төгрөгийг төлөөгүй. Бид асуудлыг эвийн журмаар шийдэхээр Я- ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б-тай холбогдох гэж удаа дараа оролдож гэрээнд бичсэн утасны дугаараар залгахад утсаа авахгүй зугатсаар байсан. Я- ХХК нь нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний төлбөрийг бараа хүлээн авсан сарынхаа 25-ны өдөр төлнө гэсэн тохиролцоотойгоор тус гэрээг байгуулсан. Уг гэрээний дагуу Я- ХХК нь манай компаниас долоо, долоо хоногоор бараа бүтээгдэхүүний татан авалт хийсэн. Энэ харилцаа нь 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүртэл үргэлжилсэн. Энэ хугацаанд хугацаанд манай компани нь Я- ХХК-д 6 831 865 төгрөгийн бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн. Я- ХХК нь авсан бараа бүтээгдэхүүнийхээ төлбөрийг 2019 оны 3 сараас хойш төлөөд явж байсан. 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй. Нийт татан авсан бараанаас 200 000 төгрөгийн төлөлт хийгдсэн байдаг. Я- ХХК нь 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр, 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрүүдэд бараа татан авсан. Я- ХХК нь 2019 оны 5 сард 3 800 000 төгрөгийн бараа бүтээгдэхүүний татан авалт хийсэн. Я- ХХК нь өмнөх татан авсан барааны төлбөрийг төлөөгүй. Я- ХХК төлбөрийг төлнө гээд хугацаа заагаад гэрээ хийж байсан. Ингээд явж байгаад 2019 оны 10 дугаар сарын сүүлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд хариуцагчаас 2 742 410 гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Я- ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Б-гаас компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулж 2 000 000 төгрөгөөр хувьцаа худалдан авч гүйцэтгэх захирлаар 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн компанийн үйл ажиллагааг эрхлэн явуулж байгаа. Я- ХХК-ийн үндсэн эрхлэх үйл ажиллагаа нь хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа бөгөөд Чонон бүрт төвийн гадна байрлаж үйл ажиллагаа явуулдаг нөхцөл байдлыг үндэслэн худалдаж авсан. Компани худалдаж авснаас хойш дэлгүүрийн засварын ажлыг 1 сар гаруй хугацаанд хийж гүйцэтгэсний үндсэн дээр 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Уран суврага ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж, дэлгүүрийн үйл ажиллагаа явуулсан бөгөөд Б.Тилиген миний бие нэхэмжлэгч М- ХХК-иас нэхэмжлэлд дурдсан бараа бүтээгдэхүүнийг хүлээж аваагүй, өмнөх хувьцаа эзэмшигчийн өр төлбөрийн талаар тооцоо нийлж төлөх үүрэг, амлалт баталгаа гаргаагүй болно. 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээний 4.2-т Эрх шилжүүлэгч нь ... компанитай холбоотой бүхий л мэдээлэл, баримт бичиг, санхүүгийн тайлан балансыг эрх шилжүүлэн авагчид үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд компанийн өр төлбөр, зээлийн талаар урьдчилан мэдэгдэнэ гэж заасан. Хувьцаа эзэмшигч Б.Б- нь нэхэмжлэгч М- ХХК-д төлөх өр төлбөртэй талаар надад танилцуулж мэдэгдээгүй. Б.Б-гийн эсрэг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтэст хандан гомдол гаргасан бөгөөд энэ гомдлын дагуу гэрч Б.Баатарцогт мэдүүлэгтээ: Б.Тилиген гэх хүн нь Я- ХХК-ийг өр төлбөртэй байсан талаар мэдээгүй гэж мэдүүлсэн байдаг нь намайг тухайн өр төлбөрийг хариуцахгүй болохыг нэхэмжлэгч мэдэж байсан бөгөөд анх Я- ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээг байгуулах явцад дээрх өр төлбөрийг надад танилцуулсан бол энэ асуудлаар гэрээнд тусгаж зохицуулах байсан бөгөөд Иргэний хуулийн 124 дүгээр зүйлд зааснаар өр шилжих үндэслэл бүрдээгүй, барааг хүлээн авч Б.Тилиген миний бие дэлгүүрийн үйл ажиллагаанд хэрэглэж үндэслэлгүйгээр хөрөнгөжөөгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан, хариуцагч Я- ХХК-иас 2 742 409 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М- ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59 000 төгрөгийн 58 828.56 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 171.44 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс, хариуцагч Я- ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 58 828.54 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М- ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж хэргийг үйл баримтын талаар хууль зүйн зөв дүгнэлт хийж чадаагүй шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна. Учир нь: Иргэн Б.Тилиген 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Я- ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Б-гаас компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулж 2 000 000 төгрөгөөр Я- ХХК хувьцаа худалдан авч гүйцэтгэх захирлаар 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн компанийн үйл ажиллагааг эрхлэн явуулж байгаа. Я- ХХК-ийн үндсэн эрхлэх үйл ажиллагаа нь хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа бөгөөд Чонон бүрт төвийн гадна байрлаж үйл ажиллагаа явуулдаг нөхцөл байдлыг үндэслэн худалдаж авсан. Компанийг худалдаж авснаас хойш дэлгүүрийн засварын ажлыг 1 сар гаруй хугацаанд хийж гүйцэтгэсний үндсэн дээр 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Уран суврага ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж, дэлгүүрийн үйл ажиллагаа явуулсан бөгөөд Я- ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Тилиген нэхэмжлэгч Максимус дистрибьюпш ХХК-иас нэхэмжлэлд дурдсан бараа бүтээгдэхүүнийг хүлээж аваагүй, өмнөх хувьцаа эзэмшигчийн өр төлбөрийн талаар тооцоо нийлж төлөх үүрэг, амлалт баталгаа гаргаагүй болно. 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээний 4.2-т Эрх шилжүүлэгч нь ... компанитай холбоотой бүхий л мэдээлэл, баримт бичиг, санхүүгийн тайлан балансыг эрх шилжүүлэн авагчид үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд компанийн өр төлбөр, зээлийн талаар урьдчилан мэдэгдэнэ, 4.3-т Эрх шилжүүлэгч нь компанийн эрхийг шилжүүлэхдээ татвар, гааль, нийгмийн даатгал, банк болон банк бус санхүүгийн байгууллага, шүүхийн шийдвэрийн байгууллага, иргэнтэй хийх төлбөр тооцоотой эсэх талаар үнэн зөв мэдээлэл өгөх үүрэгтэй гэж заасан. Я- ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Б- нь нэхэмжлэгч М- ХХК-нд төлөх өр төлбөртэй талаар надад танилцуулж мэдэгдээгүй бөгөөд М- ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргаж намайг эрэн сурвалжлуулсны дараа мэдсэн. Үүний дараа М- ХХК итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баатарцогт миний бие биечлэн уулзаж ямар өр төлбөр үүссэнийг тодруулахад таныг Ягуга ягата ХХК худалдаж авахаас өмнөх хувьцаа эзэмшигч Б.Б-гийн тавьсан өр төлбөрт 2 742 410 төгрөг хуримтлагдсан байна, танд хамааралгүй төлбөр байна гэж танилцуулсан. Үүний дараа Я- ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Тилиген Б.Б-гийн эсрэг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн 1-р хэлтэст хандан гомдол гаргасан бөгөөд энэ гомдлын дагуу гэрч баатарцогт мэдүүлэгтээ: Б.Тилиген гэх хүн нь Я- ХХК-ийг өр төлбөртэй байсан талаар мэдээгүй гэж мэдүүлсэн байдаг нь Я- XХК тухайн өр төлбөрийг хариуцахгүй болохыг нэхэмжлэгч мэдэж байсан бөгөөд анх эрх шилжүүлэх гэрээг байгуулах явцад дээрх өр төлбөрийг танилцуулсан бол энэ асуудлаар гэрээнд тусгаж зохицуулах байсан бөгөөд Иргэний хуулийн 124 дүгээр зүйлд зааснаар өр шилжих үндэслэл бүрдээгүй, барааг хүлээн авч Я- ХХК болон иргэн Б.Тилиген дэлгүүрийн үйл ажиллагаанд хэрэглэж үндэслэлгүйгээр хөрөнгөжөөгүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч М- ХХК нь хариуцагч Я- ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2 742 410 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээний тохиролцох нөхцөл гэх нэртэй гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч М- ХХК нь борлуулагч талын захиалгыг, захиалсан тоо хэмжээгээр нь тогтоосон графикт хугацаанд нийлүүлэх, хариуцагч Я- ХХК нь төлбөр тооцоог зохих хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон болох нь нэхэмжлэгчийн тайлбар, талуудын байгуулсан гэрээ зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 51-52-р тал/

 

Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн худалдах, худалдан авах гэрээ гэж зөв дүгнэжээ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан тул нэхэмжлэгч М- ХХК нь хариуцагч Я- ХХК-иас гэрээний үүргийг шаардах эрхтэй юм.

Зохигчид 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр харилцан тооцоо нийлж, хариуцагч Я- ХХК-ийн 3 042 409 төгрөгийн өр төлбөрийг баталгаажуулсан байх бөгөөд тооцоо нийлснээс хойш хариуцагч Я- ХХК нь 299 999 төгрөгийг төлж барагдуулсан гэх үндэслэлээр нэхэмжлэгч нь үлдэгдэл 2 742 410 төгрөгийг гаргуулахаар шаарджээ. /хх-ийн 15-р тал/

 

Хариуцагч компанийн төлөөлөгч Б.Тилиген татгалзалдаа би 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хариуцагч Я- ХХК-ийн захирал Б.Б-тай компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулан, тус компанийн хувьцааг худалдан авсан, нэхэмжлэгч компанид өр төлбөртэй талаар надад мэдэгдээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх боловч энэхүү татгалзал нь нэхэмжлэгч М- ХХК-д шууд хамааралгүй юм. Өөрөөр хэлбэл, үүрэг гүйцэтгүүлэгч буюу гэрээний дагуу шаардлага гаргах эрхтэй этгээд болох М- ХХК-ийн өмнө хүлээх хариуцагч Я- ХХК-ийн үүрэг өмнөх хувьцаа эзэмшигч Б.Б-д шилжсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Түүнчлэн, хариуцагч Я- ХХК-ийн захирал Б.Тилиген болон тус компанийн өмнөх захирал Б.Б- нарын байгуулсан компанийн эрх шилжүүлэх гэрээний 2.2-т зааснаар Б.Тилиген нь хариуцагч компанийн 100 хувийн хувьцааг шилжүүлэн авсан байх бөгөөд тус гэрээний 6.1-т Гэрээг улсын бүртгэлд бүртгүүлснээр компанитай холбоотой эрх шилжүүлэгчийн эрх, үүрэг шилжүүлсэн хэмжээгээр дуусгавар болж, эрх шилжүүлэн авагч нь шилжүүлэн авсан хэмжээгээр эрх эдэлж, үүрэг хариуцлага хүлээнэ гэж заасан байх тул өмнөх захирал Б.Б-гийн өр төлбөрийг хариуцагч Я- ХХК хариуцахгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй юм. /хх-ийн 33-р тал/

 

Иймд хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбарт үндэслэн хариуцагч Я- ХХК-иас 2 742 409 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч М- ХХК-д олгож, нэхэмжлэлээс 1 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах хуулийн үндэслэл тогтоогдсонгүй.

 

Харин хариуцагч нь компанийн эрх шилжүүлэх гэрээтэй холбоотойгоор зохих этгээдэд холбогдуулан шаардлагаа гаргахад энэ шийдвэр саад болохгүй болохыг дурьдлаа.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2020/03302 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58 828.54 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

 

Г.ДАВААДОРЖ