Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2020/03302

 

 

 

 

 

 

 

 

   2020          09           24                                         101/ШШ2020/03302

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “М Д” ХХК

Хариуцагч: “Я Я” ХХК

 

2,742,410 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баатарцогт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхсүлд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “М Д” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баатарцогт шүүхэд шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “М Д” нь “Я Я” ХХК-тай харилцан тохиролцож 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр “Худалдааны хамтран ажиллах гэрээ” байгуулсан.

Уг гэрээний дагуу “М Д” ХХК нь бараа бүтээгдэхүүн нийлүүлж, “Я Я” ХХК нь бараа бүтгээгдэхүүний үнийг сар бүрийн 25-ны өдөр төлөхөөр харилцан үүрэг хүлээсэн.

“М Д” ХХК бараа, бүтээгдэхүүнийг цаг тухайд нь тохиролцсон хэмжээгээр нийлүүлж байсан бөгөөд нийт 3,452,410 төгрөгийн бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн. “Я Я” ХХК хүлээн авсан бараа бүтээгдэхүүний нийт төлбөрөө 800,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 2,742,410 төгрөгийг төлөөгүй. Бид асуудлыг эвийн журмаар шийдэхээр “Я Я” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Байгалмаатай холбогдох гэж удаа дараа оролдож гэрээнд бичсэн утасны дугаараар залгахад утсаа авахгүй зугатсаар байсан.

“Я Я” ХХК нь нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний төлбөрийг бараа хүлээн авсан сарынхаа 25-ны өдөр төлнө гэсэн тохиролцоотойгоор тус гэрээг байгуулсан. Уг гэрээний дагуу “Я Я” ХХК нь манай компаниас долоо, долоо хоногоор бараа бүтээгдэхүүний татан авалт хийсэн. Энэ харилцаа нь 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүртэл үргэлжилсэн. Энэ хугацаанд хугацаанд манай компани нь “Я Я” ХХК-д 6,831,865 төгрөгийн бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн. “Я Я” ХХК нь авсан бараа бүтээгдэхүүнийхээ төлбөрийг 2019 оны 3 сараас хойш төлөөд явж байсан. 2019 оны 5 дугаар сарын 21 өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй. Нийт татан авсан бараанаас 200,000 төгрөгийн төлөлт хийгдсэн байдаг. “Я Я” ХХК нь 2019 оны 5 сарын 14-ны өдөр, 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрүүдэд бараа татан авсан. “Я Я” ХХК нь 2019 оны 5 сард 3,800,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүний татан авал хийсэн. “Я Я” ХХК нь өмнөх татан авсан барааны төлбөрийг төлөөгүй. Я Я ХХК  төлбөрийг төлнө гээд хугацаа заагаад гэрээ хийж байсан. Ингээд явж байгаад 2019 оны 10 дугаар сарын сүүлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага болох 2,742,410 гаргуулах шаардлагаа дэмжиж байна. Хариуцагчаас 2,742,410 гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч “Я Я” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхсүлд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М Д” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндэслэл нь:

  1.  Б.Тилиген миний бие 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр “Я Я” ХХК- хувьцаа эзэмшигч Б.Байгалмаагаас “компанийн эрх шилжүүлэх” гэрээ байгуулж 2,000,000 төгрөгөөр “Я Я” ХХК хувьцаа худалдан авч Гүйцэтгэх захирлаар 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн компанийн үйл ажиллагааг эрхлэн явуулж байгаа.

“Я Я” ХХК-ийн үндсэн эрхлэх үйл ажиллагаа нь “хүнсний дэлгүүр”-ийн үйл ажиллагаа бөгөөд “Чонон бүрт” төвийн гадна байрлаж үйл ажиллагаа явуулдаг нөхцөл байдлыг үндэслэн худалдаж авсан.

Компанийн худалдаж авснаас хойш дэлгүүрийн засварын ажлыг 1 сар гаруй хугацаанд хийж гүйцэтгэсний үндсэн дээр 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн “Уран суврага” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж дэлгүүрийн үйл ажиллагаа явуулсан бөгөөд Б.Тилиген миний бие нэхэмжлэгч “М Д” ХХК-иас нэхэмжлэлд дурдсан бараа бүтээгдэхүүнийг хүлээж аваагүй, өмнөх хувьцаа эзэмшигчийн өр төлбөрийн талаар тооцоо нийлж төлөх үүрэг, амлалт баталгаа гаргаагүй болно.

  1.  2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “компанийн эрх шилжүүлэх” гэрээний 4-р зүйлийн 4.2-т “Эрх шилжүүлэгч нь ...компанитай холбоотой бүхий л мэдээлэл, баримт бичиг, санхүүгийн тайлан балансыг эрх шилжүүлэн авагчид үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд компанийн өр төлбөр, зээлийн талаар урьдчилан мэдэгдэнэ”, 4.3-т “Эрх шилжүүлэгч нь компанийн эрхийг шилжүүлэхдээ татвар, гааль, нийгмийн даатгал, банк болон банк бус санхүүгийн “Я Я” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Байгалмаа нь нэхэмжлэгч “М Д” ХХК-нд төлөх өр төлбөртэй талаар надад танилцуулж мэдэгдээгүй бөгөөд “М Д” ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргаж намайг эрэн сурвалжлуулсны дараа мэдсэн.

Үүний дараа “М Д” ХХК итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баатарцогт миний бие биечлэн уулзаж ямар өр төлбөр үүссэнийг тодруулахад: “ таныг Я Я” ХХК худалдаж авахаас өмнөх хувьцаа эзэмшигч Б.Байгалмаагийн тавьсан өр төлбөрт 2,742,410 төгрөг хуримтлагдсан байна, танд хамааралгүй төлбөр байна” гэж танилцуулсан.

Үүний дараа миний бие Б.Байгалмаагийн эсрэг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтэст хандан гомдол гаргасан бөгөөд энэ гомдлын дагуу гэрч Баатарцогт мэдүүлэгтээ:”Б.Тилиген гэх хүн нь “Я Я” ХХК-ийг өр төлбөртэй байсан талаар мэдээгүй” гэж мэдүүлсэн байдаг нь намайг тухайн өр төлбөрийг хариуцахгүй болохыг нэхэмжлэгч мэдэж байсан бөгөөд анх “Я Я” ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээг байгуулах явцад дээрх өр төлбөрийг надад танилцуулсан бол энэ асуудлаар гэрээнд тусгаж зохицуулах байсан бөгөөд Иргэний хуулийн 124 дүгээр зүйлд зааснаар өр шилжих үндэслэл бүрдээгүй, барааг хүлээн авч Б.Тилиген миний бие дэлгүүрийн үйл ажиллагаанд хэрэглэж үндэслэлгүйгээр хөрөнгөжөөгүй болно.

Иймд “М Д” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

“Я Я” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Тилеген нь 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр “Я Я” ХХК-ийг н.Байгалмаагаас 2,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Компаний эрх шилжүүлэх гэрээний 4.2-т эрх шилжүүлэгч нь компанитай холбоотой бүхий л мэдээлэл, тайлан, балансыг мэдээллийг эрх шилжүүлэн авагчид үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд компанийн өр төлбөр, зээлийн талаар урьдчилан мэдэгдэнэ. Тус гэрээний 4.3-т эрх шилжүүлэгч нь компаний эрхийг шилжүүлэхдээ нийгмийн даатгал, татвар, гааль, банк болон банк бус санхүүгийн байгууллага болон бусад өр төлбөрийг хариуцна гэж заасан. Энэ үүргээ н.Байгалмаа биелүүлээгүй. Компаний эрх шилүүлэх харилцаа нь 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр явагдсан. Түүнээс хойшх компаний үйл ажиллагааг н.Тилеген эрхэлж байгаа. Компаний тухай хуулиар тухайн компаний эрх шилжихээс өмнөх эрх зүйн харилцаа, хариуцлагыг өмнөх хувьцаа эзэмшигч хариуцна. Тухайн өр төлбөрийн тооцоо нийлсэн актаар баримтжуулсан зүйл байхгүй. Өөрийнхөө нэхэмжлэхийг шүүхэд гаргаж өгөөд байгаа. Барааг хүлээн авсан эсэх дээр гарын үсэг зураагүй. Тус баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг шүүхэд гаргаж өгөөд байгаа. Иргэний хуулийн 124 дүгээр зүйлд зааснаар өр шилжих үйл ажиллагаа явагдаагүй. Тухайн бараа бүтээгдэхүүнийг Б.Байгалмаагаас Б.Тилеген нь тоолж хүлээж аваагүй. Бараа бүтээгдэхүүн байсан эсэх мэдэгдэхгүй байгаа. Өр төлбөр шилжээд эрх зүйн харилцаа үргэлжилсэн гэж үзэхгүй байгаа. Б.Тилеген нь тухайн дэлгүүрийг бараа, бүтээгдэхүүнтэй худалдаж аваад ажиллуулж байгаа бол арай өөр ойлголт. Б.Байгалмаа нь тухайн дэлгүүрт байсан бүх бараагаа өөрөө аваад явсан байгаа. Тухайн түрээсийн гэрээг 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс шинэчилсэн. Тухайн ажлын байран дээр л тусгай зөвшөөрөл гардаг. Дэлгүүрийн үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаан дээр явуулна. Найман нэрийн дэлгүүр ажиллуулах гэж байгаа бол бусад бүх баримтыг компаний эрх шилжүүлэн авсан этгээд нэр дээр бүрдүүлж өгдөг. Тэрийг нь хуульд заасны дагуу Б.Тилеген Худалдаа үйлчилгээний хэлтэст өгөөд, үйл ажиллагаа хэвийн үргэлжлүүлээд явсан. Өмнөх хувьцаа эзэмшигчийн үүргийг нэхэмжлээд байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэлдсэн төлөөлөгчийн Цагдаад өгсөн мэдүүлэг нь тогтоол дээр байгаа. Үүнд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Б.Байгалмаа нь олдохгүй байгаа, “Я Я” ХХК-ийг өр төлбөртэй байсан гэдгийг Б.Тилеген мэдээгүй гэж хэлээд байсан учраас бид шүүхэд хандахгүй байгаад байсан гэж хэлсэн байгаа. Б.Байгалмаа нь бараа бүтээгдэхүүнийг аваад хэрэглэсэн гэдгийг мэдэж байсан. Тэрийгээ хэрэгжүүлэхгүй байгаад байсан гэдэг нэхэмжлэгч нь н.Байгалмаагаас өр төлбөрийг авах ёстой гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэдэг нь тодорхой харагдаж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “М Д” ХХК нь хариуцагч “Я Я” ХХК-д холбогдуулан, 2,742,410 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч,  талууд маргаж байна.

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Талууд 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Худалдааны хамтран ажиллах гэрээ байгуулж “М Д” ХХК нь “Я Я” ХХК-д 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд “Я Я” ХХК-ийн захиалсан тоо, хэмжээний бараа, бүтээгдэхүүнийг нийлүүлж, “Я Я” ХХК нь бараа, бүтээгдэхүүн авсан тухайн сарын 25-ны өдрийн дотор төлбөрыг төлөхөөр харилцан тохиролцжээ.

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасантай нийцсэн, хүчин төгөлдөр байна.

Талууд 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр “Тооцоо нийлсэн акт” үйлдэж, 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд өгч авалцсан бараа, материалын зүйлийг ня-бо бүртгэлийн анхан шатны дэлгэрэнгүй хураангуй бичилтээр нэг бүрчлэн нийлж, “М Д” ХХК нь “Я Я” ХХК-иас 3,042,409 төгрөгийн авлагатай болохыг харилцан баталжээ.

Хэрэгт авагдсан “М Д” ХХК-ийн “Харилцагчтай хийх тооцоо”-ноос үзэхэд, “Я Я” ХХК нь хүлээн авсан бараа, бүтээгдэхүүний төлбөрөөс тодорхой хэмжээний төлбөрийг төлж байсан ба дээрх тооцоо нийлсэн 3,042,409 төгрөгийн төлбөрөөс 4 удаа 100,000 төгрөг төлж, 2,742,409 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа нь тогтоогдов.

Хариуцагч нь дээр дурьдсанаар 2,742,409 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үндэслэлтэй болох нь тогтоогдож байх тул 2,742,410 төгрөг гаргуулах нэхэмжмлэлийн шаардлагын холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгоно.

Хариуцагч нь дээрх төлбөрийн тооцоог үгүйсгэж мэтгэлцээгүй буюу 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон Байжан овогтой Тилеген нь нэхэмжлэлд дурьдсан бараа, бүтээгдэхүүнийг “М Д” ХХК -иас хүлээн аваагүй, өмнөх хувьцаа эзэмшигч Б.Байгалмаагийн тавьсан өр төлбөрт Б.Тилеген хамааралгүй, өр шилжих үндэслэл бүрдээгүй хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар, иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага байх бөгөөд Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.-д “Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болно.

Хариуцагч “Я Я” ХХК нь Монгол Улсад бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд компанийн удирдлага өөрчлөгдсөн нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогч этгээдийн хүлээх үүрэг, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан, хариуцагч “Я Я” ХХК-иас 2,742,409 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “М Д” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 59,000 төгрөгийн 58,828.56 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 171.44 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс, хариуцагч “Я Я” ХХК-иас  улсын тэмдэгтийн хураамж 58,828.54 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М Д” ХХК-д олгосугай. 
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.УНДРАА