Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 718

 

 

 

 

 

                        

  2020             6               2                                         2020/ДШМ/718

 

 

Г.Бд холбогдох

                                                    эрүүгийн хэргийн тухай     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Жаргал,                                     

шүүгдэгч Г.Б,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 371 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Жаргалын бичсэн 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 34 дугаартай эсэргүүцлээр Г.Бд холбогдох 1905042670123 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шаралдайтан овгийн Гэрэлчулууны Б, 1993 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “......................” авто угаалгын газарт угаагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар баг, Суварга 21 дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баруун турууны ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:............................/;

Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 10 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “5 шарын автобусны буудал”-ын орчим иргэн Э.Энхтүвшингийн толгой дээр өндөг хагалж үл ялих зүйлээр шалтаглан маргалдан зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, дээд уруул, дагзны зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн 2019 оны 10 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “5 шарын автобусны буудал”-ын орчим иргэн П.Төгсжаргалыг үүрч газарт унаган эрүүл мэндэд зүүн богтос ясны дунд хэсгийн зөрүүтэй ил хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: Г.Бат-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шаралдайтан овгийн Гэрэлчулууны Бат-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бат-Эрдэнийг 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, 1050 нэгж буюу 1.050.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Б.Жаргал бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүхээс шүүгдэгч Г.Бат-Эрдэнийг торгох ялаар шийтгэхдээ уг торгох ялыг ямар хугацаанд биелүүлэх талаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дурдаагүй атлаа уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсэн нь шийтгэх тогтоолыг биелүүлэхэд эргэлзээтэй байдал үүсгэж байна. Учир нь, торгох ялыг биелүүлэх хугацаа тогтоож өгөөгүйгээс хэзээ хүртэл торгох ялыг биелүүлэхгүй явсныг уг ялыг биелүүлээгүй гэж үзэх нь ойлгомжгүй буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг хэрэгжүүлэх боломжгүй болгосон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, эсхүл хохирогчид хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулах бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх” талаар тусгана гэсэн, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэж заасан шаардлагад нийцэхгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн ...36.8 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй” бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ гэснийг баримтлан шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн” гэв.

Шүүгдэгч Г.Б тус шүүх хуралдаанд “тус шүүх хуралдаанд хэлэх тайлбар байхгүй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 10 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “5 шарын автобусны буудал”-ын орчим иргэн Э.Энхтүвшингийн толгой дээр өндөг хагалж үл ялих зүйлээр шалтаглан маргалдан зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, дээд уруул, дагзны зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн 2019 оны 10 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “5 шарын автобусны буудал”-ын орчим иргэн П.Төгсжаргалыг үүрч газарт унаган эрүүл мэндэд зүүн богтос ясны дунд хэсгийн зөрүүтэй ил хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Э.Энхтүвшингийн “Би 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 00 цаг орчим найзуудын хамт Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нисээч интерншл” ХХК-ийн байранд мах ачиж буулгаж байгаад 02 цагийн орчим компаниас гараад гэр рүүгээ харьж явахдаа 5 шарын автобусны буудал дээр бид нар машинаа зогсоогоод би тамхи авах гээд ТҮЦ рүү орсон. Намайг ТҮЦ рүү ороход 25-30 орчим насны архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бололтой гурван залуу зогсож байсан. Би худалдагчаас авах зүйлээ авчихаад мөнгийг нь интернетээр шилжүүлэх гээд байж байтал гурван залуугийн нэг нь миний толгойн дагз хэсэгт өндөг хагалахаар нь би эргэж хараад “чи яаж байна вэ” гэхэд тэр залуу “яадаг юм, өндөг хагалж байна” гээд тэр залуу намайг мөргөөд дараа нь дахиад толгой руу цохихоор нь би ТҮЦ-нээс гараад машин руугаа гүйтэл ТҮЦ-д байсан гурван залуугийн хоёр нь миний араас хөөсөн. Машинаас Сэргэлэн, Төгсжаргал хоёр гарч ирээд юу болж байна гээд Төгсжаргал намайг цохисон залууг барьж аваад зогсож байсан. Би нөгөө залуутай маргалдаад байж байтал Төгсжаргал гэнэт орилохоор нь Төгсжаргал руу хартал гарнаас нь цус гараад өмд рүү нь урсаж байсан. ..." /хх 12-13/,

хохирогч П.Төгсжаргалын “...Би 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 00 цаг орчим найзуудын хамт Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нисээч интерншл” ХХК-ийн байранд мах ачиж буулгаж байгаад 02 цагийн орчим бид нар ажлаа дуусгаад Энхтүвшингийн машинтай компани дээрээс хөдлөөд гэр рүүгээ явж байгаад 5 шарын автобусны буудал дээр ТҮЦ орох гэж машиныг зогсоогоод Энхтүвшин ТҮЦ-рүү орсон. ...Энхтүвшин буцаж ТҮЦ-ний урд талд зогсож байсан гурван залуу дээр гүйж очоод нэгийг нь бариад автал тэр залуутай хамт байсан хоёр залуу нь Энхтүвшинг бариад тэд нар хоорондоо зууралдаж байхаар нь би тэд нарыг салгах гэхэд тэдгээр залуучуудын нэг нь болох хар өнгийн савхин куртик өмссөн залуу намайг үүрч аваад замын хашлага дээр шидсэн. ...” /хх 16-17/,

гэрч Б.Сэргэлэнгийн “...Энхтүвшингийн амнаас цус гарчихсан бид нар дээр хүрч ирэхээр нь бид нар “юу болсон бэ” гэхэд Энхтүвшин “ТҮЦ дотор гурван залуутай маргалдаад нэг залуу нь намайг мөргөчихлөө” гэсэн. Тэгэхээр нь бид нар тэдгээр залуучуудыг барих гээд хөөсөн. Төгсжаргал нэг залуугийн араас нь гүйсэн. Тэгтэл нэг хүн гэнэт орилохоор нь хартал Төгсжаргал газарт хэвтчихсэн нөгөө залуу хажууд нь байсан. Тэгээд бид нар гүйж очоод тэр залууг барьж аваад цагдаад дуудлага өгөөд тэр залуучуудыг цагдаагийн хэлтэс дээр авчирсан. ...” /хх 23/,

шүүгдэгч Г.Бат-Эрдэнийн яллагдагчаар өгсөн: “...би 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 20 цагийн орчим ажил тараад багийн найз болох Сайнхүү, Мөнхболд нарын хамт Сонгинохайрхан дүүргийн Эмээлтээс Улаанбаатар хотод орж ирээд 5 шард байрлах нэг пабад ороод бид гурав нэг шил 0.75 литрийн архи хувааж ууж байгаад 20 цаг өнгөрч байхад пабаас гараад Мөнхболдын гэр рүү Нарангийн гол гэх газар руу явж байсан. ...ТҮЦ рүү ороод би өндөг аваад хажууд зогсож байсан Сайнхүүгийн толгой дээр өндөгөө хагалж байна гэж бодоод хагалтал танихгүй нэг залуугийн толгой дээр нь өндөгөө хагалчихсан юм. Тэгтэл тэр залуу чи яаж байна аа гээд намайг заамдаад бид хоёр ТҮЦ-нээс гараад барьцалдаж байгаад мөргөчихсөн. Тэгтэл тэр залуучуудын найзууд нь бололтой 3-4 залуу хүрээд ирсэн. Тэдгээр залуучуудын нэг нь миний араас гүйж ирээд намайг барьсан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” /хх 47-48/ гэх мэдүүлгүүд,

“...П.Төгсжаргалын биед зүүн богтос ясны дунд хэсгийн зөрүүтэй ил хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сариулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12823 дугаартай дүгнэлт /хх 32-33/,

“...Э.Энхтүвшингийн биед тархи доргилт, дээд уруул, дагзны зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2-3 удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12885 дугаартай дүгнэлт /хх 36/,

Хохирлын баримтууд /хх 18-19/, таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл /хх 39-40, 41-42/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн  шүүгдэгч Г.Бат-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Г.Бат-Эрдэнийн иргэн Э.Энхтүвшингийн толгой дээр өндөг хагалж үл ялих зүйлээр шалтаглан маргалдан зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, дээд уруул, дагзны зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

мөн иргэн П.Төгсжаргалыг үүрч газарт унаган эрүүл мэндэд зүүн богтос ясны дунд хэсгийн зөрүүтэй ил хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Г.Бат-Эрдэнийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг тус бүрт оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн нийт 1050 нэгж буюу 1.050.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, түүний гэм бурууд тохирсон байна.

 

Прокурор Б.Жаргалын бичсэн “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн ...36.8 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй” бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ гэснийг баримтлан шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэсэн эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй байна.

Учир нь, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, 1050 нэгж буюу 1.050.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоогоогүй, ямар шалтгааны улмаас тогтоох боломжгүй байсан талаар хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь буруу болжээ. 

Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг хангахад торгох ял биелүүлэх хугацааг тогтоох зохицуулалт чухал үүрэг гүйцэтгэдэг.

Хэдийгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхээс торгох ял оногдуулсан шийдвэрт хугацааг заагаагүй тохиолдолд түүнийг хэрхэн биелүүлэх талаар нарийвчлан зохицуулсан байгаа боловч анхан шатны шүүх торгох ялыг биелүүлэх хугацааг чухам ямар нөхцөл байдал, шалтгааны улмаас тогтоогоогүй болох талаар хууль зүйн дүгнэлт заавал хийж байвал зохино.

Ингэснээр шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагад нийцэх учиртай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно.” гэж заажээ.

Шүүхээс дээрх хуулийн жинхэнэ агуулгыг ойлгохгүй, шүүхэд эрх олгосон заалт хэмээн үзэж аливаа шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоохгүй байх нь хууль, эрх зүйн хувьд өрөөсгөл, буруу үр дагавартай байдгийг цаашид анхаарах нь зүйтэй.  

Шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялын хугацааг шүүх тогтоосноор ял шийтгүүлсэн хүний хувьд шүүхийн шийдвэрийг хэдийд хэрхэн биелүүлэхийг ойлгох, харин хуульд заасан ажил үүргийнхээ хүрээнд шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулах, түүнд хяналт тавих эрх бүхий этгээдэд түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй үйл ажиллагаа явуулах гэх мэт чухал ач холбогдолтой.

Анхан шатны шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоосноор ял шийтгүүлсэн этгээд шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаанд давж заалдах гомдол гаргах эрхээр хангагдах нөхцөл бүрддэг.

Хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн Г.Бат-Эрдэнийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, түүнчлэн түүний торгох ялын хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд прокурор Б.Жаргалын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолд нэмэлт заалт оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 371 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

- “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд оногдуулсан 1.050.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын дотор биелүүлэхээр тогтоосугай” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

                    ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                    ШҮҮГЧ                                                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ