Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 3011

 


 

2020 10 12

102/ШШ2020/03011

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ХХБ ХХК нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: О.М

 

Хариуцагч: Б.Б нарт холбогдох,

 

Орон сууцны зээлийн гэрээний үүрэгт болон шүүхэд нэхэмжлэл гаргахад гарсан зардалд нийт 54,805783 төгрөг 66 мөнгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямтулга, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ХХБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХБ ХХКнь хариуцагч нартай 2013 оны 02 сарын 28-ны өдөр Орон сууцны зээлийн гэрээ болон барьцааны гэрээг байгуулж, орон сууц худалдан авах зориулалтаар 54,000,000 төгрөгийг сарын 1.3 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай олгосон. Зээлдэгч нар нь 2013 оны 02 сарын 28-ны өдөр Дугаар А-СС2013020820 Орон сууцны зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар улсын бүртгэлийн Ү-00000001 дугаарт бүртгэгдсэн эд хөрөнгө өмчлөх эрхийн 000188421 дугаар гэрчилгээтэй Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 1 дүгээр баг, 00 байр, 00 тоот 60 м.кв 2 өрөө орон сууцыг холбогдох хуульд заасны дагуу барьцаалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан байдаг. Хариуцагч нар нь нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 54,000,000 төгрөгөөс 8,551,800.46 төгрөг, үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүү нийт 49,422,576.38 төгрөгөөс, 46,870,268.81 төгрөгийг тус тус төлсөн байдаг. Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй ба хамгийн сүүлд 2020 оны 05 сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 45,488,199.54 төгрөг, үндсэн хүүнд 9,269,660.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 44,423.59 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Зээлдэгч нар нь ХХБ ХХК-тай байгуулсан орон сууц зээлээр худалдан авах гэрээний үүргээ удаа дараа зөрчиж байсан ба зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчихгүй байхыг сануулж, удаа дараа зөрчил арилгах хугацаа олгож байсан боловч тухайн хугацаанд зээлийн гэрээний зөрчлөө арилгаагүй тул Иргэний хуулийн 225.1 болон орон сууцны зээлийн гэрээний 9.2-т заасны дагуу зээлийн гэрээг нэг талын хүсэл зоригийн дагуу цуцлах үндэслэлтэй гэж үзээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд хариуцагч нараас зээлийн гэрээний үндсэн төлбөрт 45,488,199.54 төгрөг, үндсэн хүүнд 9,269,660.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 44,423.59 төгрөг, нотариатын зардалд 3,500 төгрөг, нийт 54,805,783 төгрөг, 66 мөнгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох хариуцагч нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-00000001 дугаарт бүртгэгдсэн эд хөрөнгө өмчлөх эрхийн 000188421 дугаар гэрчилгээтэй Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 1 дүгээр баг, 00 байр, 00 тоот 60 м.кв2 өрөө орон сууцнаас хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч О.М, Б.Б нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч нар нь Худалдаа хөгжлийн банктай 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдөр RCC2013020820 тоот Орон сууцны зээлийн гэрээ, RCC2013020820 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-г тус тус байгуулан 54,000,000 төгрөгийн зээлийг сарын 1.3 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай орон сууцны зээлийн зориулалтаар зээлсэн. Монгол банкны Ерөнхийлөгчийн 2008 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 446 дугаар тоот тушаалын нэгдүгээр хавсралт Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам-ын 4.1.15. Ипотекийн зээлийн дахин санхүүжилт гэж зээлдэгчийн хүсэлтээр хуучин зээлийг илүү таатай нөхцөлтэй шинэ зээлд шилжүүлэх ажиллагаа гэж заасны дагуу бид Худалдаа хөгжлийн банкинд 8 хувийн зээлэнд хамрагдах хүсэлтээ гаргаж байсан боловч хамтран зээлдэгч болох эхнэр Б.Болормаагийн хугацаа хэтэрсэн зээлийн түүхтэй гэх үндэслэлээр шаардлага хангаагүй. Тухайн үед Худалдаа хөгжлийн банкны зүгээс хугацаа хэтрүүлсэн зээлээ төлвөл эхнэр Б.Болормаагийн зээлийн түүхийг хэвийн ангилалд шилжүүлж 8 хувийн зээлэнд хамруулж өгнө гэсэн учир Голомт банкнаас О.Мэндсайхан би 13,000,000 төгрөгийн цалингийн зээл гаргуулж, Худалдаа хөгжлийн банкинд төлсөн. Тэгээд 8 хувийн зээлэнд шилжүүлж өгнө гэж байсан боловч 13,000,000 төгрөгийг хэсэгчлэн төлөлт хийлгэсний дараа урьдчилгаа 10 хувь дутуу гэх үндэслэлээр шилжүүлээгүй. Бид урьдчилгаа 20 хувь болох 13,570,000 төгрөгийг төлсөн байсан бөгөөд Монгол Улсын Засгийн Газрын 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам батлах тухай журмын 2.4. Орон сууцны урьдчилгаа төлбөрийн хэмжээ орон сууцны үнийн дүнгийн 10-30 хувь хүртэл байна гэж заасан байхад банкны зүгээс урьдчилгаа 30 хувь бүрдээгүй гэж татгалзсан нь дээрх журмыг зөрчсөн. Мөн бид удаа дараа 8 хувийн зээлэнд хамрагдахаар банкнаас тавьсан шаардлагыг хангахын тулд Голомт банкнаас хэд хэдэн удаа зээл авч урьдчилгаа 30 хувийг болон хугацаа хэтрүүлсэн зээлэнд дээрх 13,000,000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкинд шилжүүлсэн боловч хариуцаж байсан ажилтан солигдсон, дараа сарын төлөлтөө хийчихвэл шилжүүлж өгнө гэх шалтгаанаар хойшлуулсаар 8 хувийн зээлд шилжүүлж өгөөгүй. Иймд Худалдаа хөгжлийн банкны санал болгосноор дээрх нөхцөлийг хангавал 8 хувийн зээлэнд шилжүүлж өгнө гэж ойлгож зээлийг зээлээр хаасаар санхүүгийн хүнд нөхцөлд ороод байна. Нэхэмжлэгч анхнаасаа 8 хувийн зээлэнд шилжүүлж өгнө гэж биднээр давхар зээл авахуулсан. Шаардлага хангахгүй гээд татгалзсан бол бид ийм эрсдэлтэй үйлдэл хийхгүйгээр өмнөх зээлийн төлөлтийн хуваариар зээлээ төлөөд байх боломжтой байсан. Одоогийн байдлаар бид Худалдаа хөгжлийн банкинд үндсэн зээл болох 54,000,000 төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэйгээр 15 жилийн хугацаанд зөвхөн зээлийн хүүнд 87,816,317 төгрөг, үндсэн зээл 54,000,000 төгрөг, нийт 141,516,317 төгрөгийн төлөлт хийхээр байгаа буюу 2019 оны 05 сарын 29-ний байдлаар үндсэн зээл 8,511,800 төгрөг, зээлийн хүү 46,848,783 төгрөг, нийт 55,360,583 төгрөгийг төлсөн байна. Худалдаа хөгжлийн банкны зүгээс зээлийн нөхцөлийн болон зээлдэгчийн шалгуур, барьцаа хөрөнгийн шалгуурыг тус тус хангасан байхад үндэслэлгүйгээр 8 хувьд шилжүүлээгүй мөн биднийг хуурч өнөөдрийг хүртэл жилийн 15.6 хувийн хүүтэйгээр төлөлт хийлгүүлж байгааг үндэслэлгүй гэж үзэж, үндсэн зээл 54,000,000 төгрөгийн зээлийн хүүг 8 хувиар тооцож үзээд нэхэмжлэлийн шаардлагаас 25,920,038 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Иймд үлдэх төлбөрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд хүлээн зөвшөөрч байгаа хэмжээгээр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүлээн зөвшөөр ч байна гэв.

 

Шүүх хуралдаанаар: Зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ХХБ ХХКнь хариуцагч О.М, Б.Б нараас зээлийн гэрээний үүрэгт болон нэхэмжлэл гаргахад гарсан зардалд нийт 54,805,783 төгрөг, 66 мөнгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хариуцагч О.М, Б.Б нар нь 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгч ХХБ ХХК-тай №RCC2013020820 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ-г байгуулж, 54,000,000 төгрөгийг орон сууц худалдан авах зориулалтаар, 15 жилийн хугацаагаар, жилийн 15,6 хувийн хүүтэйгээр зээлэхээр харилцан тохиролцож, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор №RCC2013020820 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцааны гэрээ-г бичгээр байгуулж, хариуцагч нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-00000001дугаарт бүртгэгдсэн эд хөрөнгө өмчлөх эрхийн 0000000000000002 дугаартай гэрчилгээтэй Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 1 дүгээр баг, 00 байр, 00 тоот 60 м.кв2 өрөө орон сууцыг барьцаалж,барьцааны гэрээг байгуулсан байх ба талууд уг гэрээнүүдэд гарын үсэг зурсан байхаас улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

 

Талууд дээрх гэрээ байгуулагдсан эсэх, гэрээний хүчин төгөлдөр байдалд маргахгүй байх тул талуудын эрх, үүрэг, гэрээний шинжээс дүгнэвэл тэдний хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

 

Нэхэмжлэгч ХХБ ХХКнь гэрээний үүргээ биелүүлж, 54,000,000 төгрөгийг хариуцагч нарт шилжүүлж, хариуцагч нар нь уг гэрээнд заасан үүргийнхээ дагуу 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үндсэн төлбөрт 8,511,800 төгрөг, 46 мөнгийг, зээлийн гэрээний хүүгийн төлбөрт 46,870,268 төгрөг, 81 мөнгийг тус тус төлсөн болох нь зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл, зээлийн хүүгийн тооцоолол гэх баримтаар тогтоогдож байх ба талууд уг тооцоололд маргахгүй байна.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа ... хариуцагч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш зээлийн гэрээний дагуу төлбөр төлөөгүй, нэхэмжлэгч талаас удаа, дараа үүргээ биелүүлэх талаар мэдэгдэл өгсөн боловч үр дүн гараагүй тул зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүргээ шаардаж байна гэж тайлбарлан, зээлийн гэрээний үндсэн төлбөрт 45,488,199.54 төгрөг, үндсэн хүүнд 9,269,660.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 44,423.59 төгрөг, нотариатын зардалд 3,500 төгрөг, нийт 54,805,783 төгрөг, 66 мөнгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаарджээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 25,920,038 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байх ба үндэслэлээ... Монгол банкны Ерөнхийлөгчийн 2008 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 446 дугаар тоот тушаалын нэгдүгээр хавсралт болох Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам- ын 4.1.15-д Ипотекийн зээлийн дахин санхүүжилт гэж зээлдэгчийн хүсэлтээр хуучин зээлийг илүү таатай нөхцөлтэй шинэ зээлд шилжүүлнэ гэж заасны дагуу бид ХХБ ХХК-д уг орон сууцны зээлийг 8 хувийн зээл рүү шилжүүлэх хүсэлтээ гаргаж байсан боловч хамтран зээлдэгч болох эхнэр Б.Б нь ...хугацаа хэтэрсэн зээлийн түүхтэй, ...урьдчилгаа төлбөр 30 хувьд хүрээгүй гэх үндэслэлээр шилжүүлээгүйгээс болж, хариуцагч нь хүүгийн төлбөрийг хэт өндрөөр төлж байна. Иймд уг зээлийн гэрээний хүүг 8 хувиар тооцоход 25,920,038 төгрөгийг төлөх үндэслэлтэй байна гэж тайлбарлаж байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 11.2 дахь хэсэгт гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг талууд харилцан тохиролцож, нэмэлт гэрээг бичгээр байгуулан, нотариатаар гэрчлүүлнэ гэжээ.

 

Өөрөөр хэлбэл талууд гэрээний нэмэлт өөрчлөлтийг бичгээр байгуулан, нотариатаар баталгаажуулахаар харилцан тохиролцсон байх ба энэ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараар хариуцагч нар нь нэхэмжлэгч талд зээлийн хүүг бууруулах талаарх хүсэлтийг өгч байсан боловч нэхэмжлэгч тал нь зээлийн хүүг бууруулах талаар Монгол банкны Ерөнхийлөгчийн 2008 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 446 дугаар тоот тушаалын нэгдүгээр хавсралт болох Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам-д заасан зээлдэгчийн шаардлагыг хангаагүй үндэслэлээр хүсэлтийг хүлээн аваагүй болох нь тогтоогдож байна.

 

Өөрөөр хэлбэл талууд уг орон сууцны зээлийн гэрээний хүүг 8 хувьд шилжүүлэх талаар тэдний хүсэл зориг нэгдээгүй буюу энэ талаар гэрээнд нэмэлт өөрчлөлт ороогүй болох нь тогтоогдож байх тул хариуцагч талын гаргасан зээлийн гэрээний хүүг 8 хувиар тооцож төлнө гэх тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ.

 

Иймд талуудын хооронд байгуулагдсан №RCC2013020820 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ хүчин төгөлдөр байх ба уг гэрээний хүүгийн хэмжээнд өөрчлөлт орсон байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байх тул нэхэмжлэгч нь уг зээлийн гэрээнд заасан хэмжээгээр хүүг тооцон шаардах эрхтэй байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь хэсэгт Зээлийн гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу төлбөрөө бүрэн буюу хэсэгчлэн төлөлгүй 90 хоног хугацаа хэтэрсэн бол банк гэрээг цуцална гэжээ.

 

Хариуцагч нар нь зээлийн гэрээний дагуу эргэн төлөлтийг хамгийн сүүлд 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хийсэн байх тул зээлийн гэрээг 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс цуцлагдсан гэж үзнэ.

 

Иймд хариуцагч нар нь 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацааны хүүг төлөх үүрэгтэй байх бөгөөд хариуцагч нараас зээлийн гэрээний үндсэн төлбөрт 8,511,800 төгрөг 46 мөнгийг, хүүгийн төлбөрт нийт 46,870,268 төгрөг, 81 мөнгийг төлсөн гэдэгт зохигч маргахгүй байна.

 

Талууд зээлийн гэрээ байгуулснаас хойш гэрээ цуцлагдах хүртэл нийт 6 жил 2 сарын хугацаа өнгөрсөн байх бөгөөд энэ хугацааны хүүг талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.2 дахь хэсэгт заасан жилийн 15,6 хувиар тооцвол нийт хүүнд 51,948,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байх бөгөөд үүнээс хүүгийн төлбөрт төлсөн гэх 46,870,268 төгрөг, 81 мөнгийг хасч тооцвол хариуцагч нар нь зээлийн хүүгийн төлбөрт 5,077,731 төгрөг, 19 мөнгийг, нэмэгдүүлсэн хүүнд 26,405 төгрөгийг тус тус төлөх үүрэгтэй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардал гэх үндэслэлээр нотариатад төлсөн 3,500 төгрөгийг нэхэмжилсэн байх боловч энэ нь гэрээний үүргийн зөрчилтэй холбогдон гарсан шууд зардал биш байх тул хариуцагч нараас гаргуулах үндэслэлгүй байна гэж үзэв.

 

Иймд дээр үндэслэлээр хариуцагч О.М, Б.Б нараас зээлийн хүүгийн үндсэн төлбөрт 45,488,199 төгрөг, 54 мөнгө, зээлийн хүүнд 5,077,731 төгрөг, 19 мөнгийг, нэмэгдүүлсэн хүүнд 26,405 төгрөгийг нийт 50,592,335 төгрөг, 73 мөнгийг гаргуулан нэхэмжлэгч ХХБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,213,447 төгрөг, 93 мөнгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Барьцааны зүйл болох хариуцагч О.М, Б.Б нарын өмчлөлийн орон сууцаар үүргийн гүйцэтгэлийн хангуулахыг хүссэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасантай нийцэж байх тул хариуцагч нар нь зээлийн гэрээний үүрэгт төлөх 50,592,335 төгрөг, 73 мөнгийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох Улсын бүртгэлийн Ү-00000001дугаарт бүртгэгдсэн эд хөрөнгө өмчлөх эрхийн 00000000000000002 дугаар гэрчилгээтэй Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 1 дүгээр баг, 00 байр, 00 тоот 60 м.кв2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс нь үүргийг гүйцэтгүүлэх үндэслэлтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч О.М, Б.Б нараас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 50,592,335 төгрөг, 73 мөнгийг гаргуулан нэхэмжлэгч ХХБ ХХК-д олгож, үлдэх 4,213,447 төгрөг, 93 мөнгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нар нь үүргийн гүйцэтгэлийг сайн дураар эс биелүүлбэл Улсын бүртгэлийн Ү-00000001дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн 0000000000000000002 тоот гэрчилгээтэй Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 1 дүгээр баг, 00 байр, 00 тоот 60 м.кв2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 631,885 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.М, Б.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 481,112 төгрөгийг тус тус гаргуулж ХХБ ХХК-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА