Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2021/00191

 

Х ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2020/03011 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х ХХК-ийн хариуцагч О.М, Б.Б нарт холбогдуулан гаргасан орон сууцны зээлийн гэрээний үүрэгт болон шүүхэд нэхэмжлэл гаргахад гарсан зардалд нийт 54 805 783, 66 мөнгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х ХХК нь хариуцагч нартай 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдөр орон сууцны зээлийн гэрээ болон барьцааны гэрээг байгуулж, орон сууц худалдан авах зориулалтаар 54 000 000 төгрөгийг, сарын 1.3 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай олгосон. Зээлдэгч нар нь 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдөр орон сууцны зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар улсын бүртгэлийн Ү-0714002134 дугаарт бүртгэгдсэн эд хөрөнгө өмчлөх эрхийн 000188421 дугаар гэрчилгээтэй Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 1 дүгээр баг, 149 дүгээр байр, 75 тоотод байрлах 60м.кв бүхий 2 өрөө орон сууцыг холбогдох хуульд заасны дагуу барьцаалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан байдаг. Хариуцагч нар нь нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 54 000 000 төгрөгөөс 8 551 800.46 төгрөг, үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүү нийт 49 422 576.38 төгрөгөөс 46 870 268.81 төгрөгийг тус тус төлсөн байдаг. Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй ба хамгийн сүүлд 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 45 488 199.54 төгрөг, үндсэн хүүд 9 269 660.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 44 423.59 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Зээлдэгч нар нь Х ХХК-тай байгуулсан орон сууц зээлээр худалдан авах гэрээний үүргээ удаа дараа зөрчиж байсан ба зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчихгүй байхыг сануулж, удаа дараа зөрчил арилгах хугацаа олгож байсан боловч тухайн хугацаанд зээлийн гэрээний зөрчлөө арилгаагүй тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэг болон орон сууцны зээлийн гэрээний 9.2-т заасны дагуу зээлийн гэрээг нэг талын хүсэл зоригийн дагуу цуцлах үндэслэлтэй гэж үзээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд хариуцагч нараас зээлийн гэрээний үндсэн төлбөрт 45 488 199.54 төгрөг, үндсэн хүүд 9 269 660.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 44 423.59 төгрөг, нотариатын зардалд 3 500 төгрөг, нийт 54 805 783 төгрөг, 66 мөнгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч О.М, Б.Б нар шүүхэд болон тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нар нь Х ХХК-тай 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдөр орон сууцны зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг тус тус байгуулан 54 000 000 төгрөгийг, сарын 1.3 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай орон сууцны зээлийн зориулалтаар зээлсэн. Монгол банкны Ерөнхийлөгчийн 2008 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 446 дугаар тоот тушаалын нэгдүгээр хавсралт Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журмын 4.1.15-т заасны дагуу бид Х ХХК-д 8 хувийн зээлд хамрагдах хүсэлтээ гаргаж байсан боловч хамтран зээлдэгч болох эхнэр Б.Б гийн хугацаа хэтэрсэн зээлийн түүхтэй гэх үндэслэлээр шаардлага хангаагүй. Тухайн үед банкны зүгээс хугацаа хэтрүүлсэн зээлээ төлвөл эхнэр Б.Б гийн зээлийн түүхийг хэвийн ангилалд шилжүүлж 8 хувийн зээлд хамруулна гэсэн учир Голомт банк ХХК-аас О.Мэндсайхан би 13 000 000 төгрөгийн цалингийн зээл гаргуулж, Х ХХК-д төлсөн. Тэгээд 8 хувийн зээлд шилжүүлж өгнө гэж байсан боловч 13 000 000 төгрөгийг хэсэгчлэн төлөлт хийлгэсний дараа урьдчилгаа 10 хувь дутуу гэх үндэслэлээр шилжүүлээгүй. Бид урьдчилгаа 20 хувь болох 13 570 000 төгрөгийг төлсөн байсан бөгөөд Засгийн газрын 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам батлах тухай журмын 2.4-т орон сууцны урьдчилгаа төлбөрийн хэмжээ орон сууцны үнийн дүнгийн 10-30 хувь хүртэл байна гэж заасан байхад банкны зүгээс урьдчилгаа 30 хувь бүрдээгүй гэж татгалзсан нь дээрх журмыг зөрчсөн. Нэхэмжлэгч анхнаасаа 8 хувийн зээлд шилжүүлж өгнө гэж биднээр давхар зээл авахуулсан. Шаардлага хангахгүй гээд татгалзсан бол бид ийм эрсдэлтэй үйлдэл хийхгүйгээр өмнөх зээлийн төлөлтийн хуваариар зээлээ төлөөд байх боломжтой байсан. Одоогийн байдлаар бид зээлийн хүүнд 87 816 317 төгрөг, үндсэн зээл 54 000 000 төгрөг, нийт 141 516 317 төгрөгийн төлөлт хийхээр байгаа буюу 2019 оны 5 дугаар сарын 29-ний байдлаар үндсэн зээл 8 511 800 төгрөг, зээлийн хүү 46 848 783 төгрөг, нийт 55 360 583 төгрөгийг төлсөн. Х ХХК-ийн зүгээс зээлийн нөхцөлийн болон зээлдэгчийн шалгуур, барьцаа хөрөнгийн шалгуурыг тус тус хангасан байхад үндэслэлгүйгээр 8 хувьд шилжүүлээгүй мөн биднийг хуурч өнөөдрийг хүртэл жилийн 15.6 хувийн хүүтэйгээр төлөлт хийлгүүлж байгааг үндэслэлгүй гэж үзэж, үндсэн зээл 54 000 000 төгрөгийн зээлийн хүүг 8 хувиар тооцож үзээд нэхэмжлэлийн шаардлагаас 25 920 038 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Иймд үлдэх төлбөрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд хүлээн зөвшөөрч байгаа хэмжээгээр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч О.М, Б.Б нараас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 50 592 335 төгрөг, 73 мөнгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгож, үлдэх 4 213 447 төгрөг, 93 мөнгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нар нь үүргийн гүйцэтгэлийг сайн дураар эс биелүүлбэл Улсын бүртгэлийн Ү-0714002134 дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн 000188421 тоот гэрчилгээтэй Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1 дүгээр баг 139 дүгээр байрны 75 тоотын 60 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 631 885 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.М, Б.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 481 112 төгрөгийг тус тус гаргуулж Х ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж чадаагүй гэж үзэж байна. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний хавсралтаар харилцан тохиролцож баталсан зээлийн эргэн төлөх хуваарийг удаа дараа зөрчиж, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд зээлдэгчид энэ тухай удаа дараа мэдэгдэж зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчихгүй байхыг удаа дараа сануулж зөрчлөө арилгах бодит боломжийг олгож хугацаа олгосон боловч зээлдэгч нар нь тухайн хугацаанд зөрчлөө арилгаагүй тул Иргэний хуулийн 225 дугаар зүлийн 225.1 болон орон сууцны зээлийн гэрээний 9.2.2-т заасны дагуу зээлийн гэрээг нэг талын санаачлагаар цуцлах бүрэн үндэслэлтэй гэж үзэн хариуцагч нараас нийт 54 805 783.66 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэрээг цуцлах тухай шаардлага нь Иргэний хуулийн 225 дугаар зүлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу зээлдэгч зээлийн гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож байгаагаа мэдэгдэх бөгөөд энэ хугацаанд үр дүн гараагүй тохиолдолд гэрээг нэг талын санаачлагаар цуцлах эрхтэй байна. Хууль болон гэрээнд заасан гэрээг нэг талын санаачлагаар цуцлах урьдчилсан нөхцлүүд бүрдсэн тохиолдолд гэрээг шууд цуцлагдсан гэж үзэхгүй бөгөөд харин банк гэрээг цуцлах субьектив эрх үүсэх үндэслэл бүрдсэн гэж үзэхээр байна. Иймд шүүхээс талуудын хооронд байгуулагдсан орон сууцны зээлийн гэрээний 9.2.2-т заасны дагуу 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс зээлийн гэрээг цуцлагдсан гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүүд 4 213 447.93 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсан байгаа нь мөн гэрээг цуцалсантай холбогдуулан нотлох баримт бүрдүүлэх зорилгоор гарсан нотариатын зайлшгүй зардал 3 500 төгрөгийг хохиролд тооцохгүй хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байгаа нь тус тус үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж маргадаг бөгөөд энэ тал дээр шүүхээс ямар нэгэн байдлаар дүгнэлт өгөхгүйгээр хэргийг нэхэмжлэгчид ашигтай шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчээс олгосон зээлийн хүүгийн төлбөр буюу жилийн 15.6 хувь байгаа нь Засгийн газрын 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн тогтоолоор батлагдсан ипотекийн зээл, санхүүжилтийн ерөнхий журам-ыг үндэслэн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Монгол банкны ерөнхийлөгчийн хамтарсан тушаал гарч, уг журамд заасан байршилд орон сууц худалдан авах тохиолдолд ипотекийн зээлийн жилийн хүүг 5 хувь байхаар тогтоосныг илтэд зөрчиж өөрийн давуу байдлаа хууль бусаар ашиглаж байгаа хэлбэр болсон. Хариуцагч нараас зээлийг дээрх журмын дагуу МИК-д шилжүүлж өгөөч гэсэн хүсэлтийг байнга тавьж ирсэн бөгөөд нэхэмжлэгч энэ талаар маргадаггүй. Бид шилжүүлэх гэхээр шаардлага хангадаггүй урьдчилгаа төлбөр 30 хувь төлөгдөөгүй гэсэн шалтаг шалтгаан тавьдаг. Хариуцагч нарын зээлийн хуулгаас харахад 2018 оны 4 дүгээр сарын 06-нд зээлийн үлдэгдэл 47 130 694 төгрөгийн үлдэгдэлтэй болсон нь орон сууцны зээлийн шаардлага болох 30 хувийг төлсөн байдаг. Эндээс банк зээлийг МИК рүу буюу 5 хувийн хүүтэй орон сууцны зээлд шилжүүлэх боломжтой байсаар байхад шилжүүлээгүй. Иймээс бид зээлийг 2018 оны 4 дүгээр сарын 06-наас эхлэн жилийн 5 хувийн хүүгээр төлөх боломжтой гэж үзэж үндсэн ззэл 47 130 694 төгрөг, хүү 1 967 639 төгрөгийн хамт нийт 48 266 638 төгрөгөөс 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл төлсөн 6 115 430 төгрөгийг хасахад 43 151 208 төгрөг төлөхөөр байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээс 7 441 127 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвзрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлд заасны дагуу давж заалдах гомдол гаргаж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч О.М, Б.Б нарт холбогдуулан орон сууцны зээлийн гэрээний үүрэгт болон шүүхэд нэхэмжлэл гаргахад гарсан зардалд нийт 54 805 783 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Худалдаа хөгжлийн банк ХХК, О.М, Б.Б нарын хооронд 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдөр №RCC2013020820 дугаартай орон сууцны зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 54 000 000 төгрөгийг, 15,6 хувийн хүүтэй, 15 жилийн хугацаатай зээлдүүлж, зээлдэгч нь тогтоосон хуваарийн дагуу мөнгөн хөрөнгийг буцаан төлөхөөр тохиролцсон бөгөөд уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар О.Мэндсайханы өмчлөлиийн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Нэгдүгээр баг, 139 дүгээр байрны 75 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-0714002134 дугаартай, 60 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг тус тус барьцаалж 2013 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн №RCC2013020820 тоот үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг бичгээр байгуулагдаж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл баримт тогтоогдсон байна. /хх-9-118 12-21/

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан хэлцэлд тавих хуулиар тогтоосон шаардлагыг хангасан, гэрээнүүд хуулийн хүчин төгөлдөр байна. Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Талууд зээлийн мөнгөн хөрөнгө 54 000 000 төгрөгийг хүлээн авсан, зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар тус тус маргаагүй байна.

 

Мөн Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар зүйлд банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээл, зээлийн хүүг буцаан төлөх, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх талаар зохицуулагдсан. Зээлдэгч О.М, Б.Б нар нь үндсэн зээлд 8 511 800 төгрөг, зээлийн хүүд 46 848 783 төгрөг нийт 55 360 583 төгрөгийг зээлдүүлэгчид төлсөн боловч 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш үүргээ биелүүлээгүйн улмаас Х ХХК нь хариуцагч О.М, Б.Б нартай 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр уулзалт хийж, 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хугацаанд нь биелүүлэхийг хариуцагч нараас шаардаж байсан, үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч тодорхой үр дүн гараагүй болох нь хэргийн нэгдүгээр хавтасны 26, 27 дугаар тал дах баримт, нэхэмжлэгч талаас ирүүлсэн 2 дугаар хавтасны 45-47 дугаар талд авагдсан зээл, зээлийн хүүгийн тооцооллын хүснэгт болон зохигчдын тайлбараар тогтоогджээ.

 

Талуудын хооронд байгуулсан орон сууцны зээлийн гэрээ нь урт хугацааны гэрээ бөгөөд хариуцагч нар зээлийн гэрээний үүрэг удаа дараа зөрчсөнөөс зээлийн гэрээг үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл байдал бий болсон тул Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.3 дахь хэсэгт зааснаар гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцлаж гэрээний үүргийг шаардах эрхтэй.

 

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нар нь зээлийн гэрээний дагуу шилжүүүлэн авсан 54 000 000 төгрөгөөс 8 551 800 төгрөг төлж 45 448 199 төгрөгийн үлдэгдэлтэй ба 2013 оны 2 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацааны зээлийн хүүд 52 696 800 төгрөг төлөх үүрэгтэйгээс хариуцагч нар нь зээлийн хүүд төлсөн 46 870 268 төгрөгийг хасч тооцвол 5 826 532 төгрөг, нийт 51 274 732 төгрөг төлөх үүрэгтэй байна.

 

Иймээс Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 болон гэрээний 9.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөр зээлийн гэрээг цуцлагдсан гэж үзсэн тул хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 51 274 723 төгрөгийг нэхэмжлэгч нарт гаргуулж, зээлийн гэрээ хугацаанаас өмнө цуцлагдсан тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 3 531 060 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Х ХХК нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасан бөгөөд дээр дурдсанаар зохигчдын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ хуульд заасан шаардлагыг хангасан тул барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Хариуцагч нар ...хууль ёсны давуу байдлаа хууль бусаар ашигласан, орон сууцны 5 хувийн зээлд хамруулаагүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй. Учир нь хариуцагч нар нь ипотекийн зээлд хамрагдах урьдчилсан нөхцөл болох 30 хувийн урьдчилгааг бүрэн төлсөн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүйгээс гадна хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлтэй байснаас ипотекийн зээлд хамрагдах шалгуурыг хангаагүй нөхцөл байдал тогтоогдож байх тул энэхүү гомдол нь үндэслэлгүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж, үүнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2020/03011 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг 50 592 335,73 гэснийг 51 274 723 гэж, 4 213 447,93 гэснийг 3 531 060 гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтын 481 112 гэснийг 484 523 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 134 002 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ