Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2022/00499

 

                                      “ ,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн

                                         нэхэмжлэлтэй иргэний хэргийн

                                              тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2020/03011 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 191 дүгээр магадлалтай,

“ ,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 ,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,, нарт холбогдох

Орон сууцны зээлийн гэрээний үүрэгт болон шүүхэд нэхэмжлэл гаргахад гарсан зардалд нийт 54,805,783.66 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргалын гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Чинзориг, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “ ,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь хариуцагч  ,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,, нарт холбогдуулан орон сууцны зээлийн гэрээний үүрэгт болон шүүхэд нэхэмжлэл гаргахад гарсан зардалд нийт 54,805,783.66 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2020/03011 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч  ,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,, нараас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 50,592,335 төгрөг, 73 мөнгийг гаргуулан нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д олгож, үлдэх 4,213,447 төгрөг, 93 мөнгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нар нь үүргийн гүйцэтгэлийг сайн дураар эс биелүүлбэл Улсын бүртгэлийн Ү-0714002134 дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн 000188421 тоот гэрчилгээтэй Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р баг, 139-р байрны 75 тоотын 60,0 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 631,885 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч  ,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,, нараас улсын тэмдэгтийн хураамжид 481,112 төгрөгийг тус тус гаргуулж “ ,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 191 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2020/03011 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “50,592,335.73” гэснийг “51,274,723” гэж, “4,213,447.93” гэснийг “3,531,060” гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтын “481,112” гэснийг “484,523” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 134,002 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.12-ны өдрийн 102/ШШ2020/03011 дүгээр шийдвэрээр  ,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,, нараас 50,592,335.73 төгрөгийг гаргуулж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.01.18-ны өдрийн 191 дүгээр магадлалаар 51,274,723 төгрөг гаргуулж “,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д олгож, үлдэх 4,213,447 төгрөг гэснийг “3,531,060 төгрөг” гэж өөрчилж шийдвэрлэсний зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Шүүхээс талуудын хооронд байгуулсан №ЯСС2013020820 дугаартай орон сууцны зээлийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2.2-т “Зээлийн гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу төлбөрөө бүрэн буюу хэсэгчлэн төлөөгүй, 90 хоног хугацаа хэтэрсэн бол банк гэрээг цуцална” гэж заасныг үндэслэн хамгийн сүүлийн эргэн төлөлтийн 2019.01.20-ны өдрөөс хойш 90 хоног буюу 2019.04.29-ний өдөр цуцалсан гэж үзээд хүүд 5,077,731 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 26,405 төгрөг, үндсэн зээл 46,870,268 төгрөг, нийт 50,592,335.73 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ бусдад гэм хор учруулсан, зах зээлийн харилцааны чөлөөт байдлыг үндэслэлгүйгээр хязгаарласан, хууль ёсны давуу байдлаа хууль бусаар ашигласан үйл ажиллагаа явуулж болохгүй бөгөөд хэрэв зөрчвөл хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ” гэснийг зөрчсөн гэж маргадаг бөгөөд шүүхээс үүнд ямар нэгэн байдлаар дүгнэлт өгөхгүйгээр хэргийг нэхэмжлэгчид ашигтайгаар шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчээс олгосон зээлийн хүүгийн төлбөр хэтэрхий өндөр буюу жилийн 15,6 хувийн хүүтэй байгаа нь Монгол Улсын Засгийн газрын 2016.03.04-ний өдрийн тогтоолоор батлагдсан “Ипотекийн зээл, санхүүжилтийн ерөнхий журам”-ыг үндэслэн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Монголбанкны Ерөнхийлөгчийн хамтарсан тушаал гарч, уг журамд заасан байршилд орон сууц худалдан авах тохиолдолд ипотекийн зээлийн жилийн хүүг 5 хувь байхаар тогтоосон. Үүнд: Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс, гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс, Нийслэлийн алслагдсан 3 дүүрэг болох Багануур, Багахангай, Налайх дүүрэг, 21 аймгийн нутаг дэвсгэр байгааг илтэд зөрчиж өөрийн давуу байдлаа хууль бусаар ашиглаж байгаа хэлбэр болсон.

4.2. Хариуцагч нараас зээлийг дээрх журмын дагуу МИК-д шилжүүлж өгөөч гэсэн хүсэлтийг байнга тавьж ирсэн бөгөөд нэхэмжлэгч энэ талаар маргадаггүй. Бид шилжүүлэх гэхээр шаардлага хангадаггүй, урьдчилгаа төлбөр 30 хувь төлөгдөөгүй гэсэн шалтаг шалтгаан тавьдаг. Хариуцагч нарын зээлийн хуулгаас харахад 2018.04.06-нд зээлийн үлдэгдэл 47,130,694 төгрөгийн үлдэгдэлтэй болсон нь орон сууцны зээлийн шаардлага болох 30 хувийг төлсөн баримт хавтаст хэрэгт хавсаргагдсан байхад давж заалдах шатны шүүх баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, хэргийг бүхэлд хянаж үзсэн гэдэг нь эргэлзээтэй. “ ,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК зээлийг “МИК” рүү буюу 5 хувийн хүүтэй орон сууцны зээлд шилжүүлэх боломжтой байсаар байхад шилжүүлээгүй, өөрийн эх үүсвэрээс олгосон өндөр хүүтэй зээлээ төлүүлэхийн тулд хариуцагч нарыг удаа дараа санхүүгийн эрсдэл рүү оруулсан нь хавтаст хэргээс тодорхой харагдаж байдаг. Гэрээний хугацаанд нийт 55,360,583 төгрөг төлснөөс хүүд 46,848,783 төгрөгийг суутгаж авсан нь иргэн бидний хувьд хэтэрхий хохиролтой байгааг эрхэм шүүгч нар маань анхаарч үзээсэй гэж хүсч байна. Бид зээлийг 2018.04.06-аас эхлэн жилийн 5 хувийн хүүгээр төлөх боломжтой гэж үзэж (жилийн 5 хувийн зээл 1 сард 0.416 хувь үүнийг зээлийн гэрээ цуцлах хүртэл хугацаагаар 2019.04.06-ыг хүртэл бодоход 1,967,639) үндсэн зээл 47,130,694 төгрөг, хүү 1,967,639 төгрөгийн хамт нийт 49,266,638 төгрөгөөс 2019.01.20 хүртэл төлсөн 6,115,430 төгрөгийг хасахад 43,151,208 төгрөг төлөхөөр байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалын 8,123,515 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлд заасны дагуу хяналтын шатны гомдол гаргаж байна гэжээ.

5. Нэхэмжлэгч тал “хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй…” гэсэн тайлбарыг гаргав.

ХЯНАВАЛ:

6. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.  

7. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас хариуцагч  ,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,, нарт холбогдуулан орон сууцны зээлийн гэрээний үүрэгт болон шүүхэд нэхэмжлэл гаргахад гарсан зардалд нийт 54,805,783.66 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсаныг анхан шатны шүүх хариуцагч  нараас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 50,592,335.73 төгрөгийг гаргуулж, үлдэх 4,213,447.93 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нар нь үүргийн гүйцэтгэлийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хариуцагч нараас 51,274,723 төгрөг гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

8. Нэхэмжлэгчээс “... “ ,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь хариуцагч нартай 2013.02.28-ны өдөр орон сууцны зээлийн гэрээ болон барьцааны гэрээг байгуулж, орон сууц худалдан авах зориулалтаар 54,000,000 төгрөгийг, сарын 1,3 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай олгосон. Зээлдэгч нар нь 2013.02.28-ны өдөр орон сууцны зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ... 2 өрөө орон сууцыг холбогдох хуульд заасны дагуу барьцаалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан байдаг. Зээлдэгч нарт зээлээ төлөхийг удаа дараа сануулж, зөрчил арилгах хугацаа олгож байсан боловч зөрчлөө арилгаагүй. Иймд хариуцагч нараас зээлийн гэрээний үндсэн төлбөрт 45,488,199.54 төгрөг, үндсэн хүүд 9,269,660.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 44,423.59 төгрөг, нотариатын зардалд 3,500 төгрөг, нийт 54,805,783.66 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү...” гэсэнд,

хариуцагч нар “...Монголбанкны Ерөнхийлөгчийн 2008.10.17-ны өдрийн 446 дугаар тоот тушаалын нэгдүгээр хавсралт “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-ын 4.1.15-д заасны дагуу бид “ ,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д 8 хувийн зээлд хамрагдах хүсэлтээ гаргаж байсан боловч хамтран зээлдэгч болох эхнэр  ,,,,,,,,,,,,,,,,,,гийн хугацаа хэтэрсэн зээлийн түүхтэй гэх үндэслэлээр шаардлага хангаагүй. Тухайн үед банкны зүгээс хугацаа хэтрүүлсэн зээлээ төлбөл эхнэр  ,,,,,,,,,,,,,,,,,,гийн зээлийн түүхийг хэвийн ангилалд шилжүүлж 8 хувийн зээлд хамруулна гэсэн учир  “,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас ,,,,,,,,,,,,,,, би 13,000,000 төгрөгийн цалингийн зээл гаргуулж, “ ,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д төлсөн. Ингээд 8 хувийн зээлд шилжүүлж өгнө гэж байсан боловч 13,000,000 төгрөгийг хэсэгчлэн төлөлт хийлгэсний дараа урьдчилгаа 10 хувь дутуу гэх үндэслэлээр шилжүүлээгүй. Бид урьдчилгаа 20 хувь болох 13,570,000 төгрөгийг төлсөн байсан бөгөөд Засгийн газрын 2013.05.30-ны өдрийн орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам батлах тухай журмын 2.4-т “Орон сууцны урьдчилгаа төлбөрийн хэмжээ орон сууцны үнийн дүнгийн 10-30 хувь хүртэл байна” гэж заасан байхад банкны зүгээс урьдчилгаа 30 хувь бүрдээгүй гэж татгалзсан нь дээрх журмыг зөрчсөн. Нэхэмжлэгч анхнаасаа 8 хувийн зээлд шилжүүлж өгнө гэж биднээр давхар зээл авахуулсан. Шаардлага хангахгүй гээд татгалзсан бол бид ийм эрсдэлтэй үйлдэл хийхгүйгээр өмнөх зээлийн төлөлтийн хуваариар зээлээ төлөөд явах боломжтой байсан. 2019.05.29-ний байдлаар үндсэн зээл 8,511,800 төгрөг, зээлийн хүү 46,848,783 төгрөг, нийт 55,360,583 төгрөгийг төлсөн. “ ,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн зүгээс зээлийн нөхцөлийн болон зээлдэгчийн шалгуур, барьцаа хөрөнгийн шалгуурыг тус тус хангасан байхад үндэслэлгүйгээр 8 хувьд шилжүүлээгүй, мөн биднийг хуурч өнөөдрийг хүртэл жилийн 15,6 хувийн хүүтэйгээр төлөлт хийлгүүлж байгааг үндэслэлгүй гэж үзэж, үндсэн зээл 54,000,000 төгрөгийн зээлийн хүүг 8 хувиар тооцож үзээд нэхэмжлэлийн шаардлагаас 25,920,038 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Иймд үлдэх төлбөрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд хүлээн зөвшөөрч байгаа хэмжээгээр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүлээн зөвшөөрнө гэж...” маргажээ.

 9. Хоёр шатны шүүхийн дүгнэсэнчлэн, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлсэн, хариуцагч нар гэрээний дагуу авсан 54,000,000 төгрөгөөс үндсэн зээлд 8,511,800 төгрөг, хүүд 46,848,783 төгрөг, нийт 55,360,583 төгрөг төлж, 2019.05.06-ны өдрөөс хойш үүргээ биелүүлээгүй, иймд нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ болон Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.3, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу гэрээг цуцалж, үндсэн зээлийн төлбөрийг хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт шаардах эрхтэй.

10. Анхан шатны шүүх  “… талуудын байгуулсан гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2.2-т “зээлийн гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу төлбөрөө бүрэн буюу хэсэгчлэн төлөлгүй 90 хоног хугацаа хэтэрсэн бол банк гэрээг цуцална” гэж заасан, хариуцагч нар нь зээлийн гэрээний дагуу эргэн төлөлтийг хамгийн сүүлд 2019.01.20-ны өдөр хийсэн байх тул зээлийн гэрээг 2019.04.20-ны өдрөөс цуцлагдсан гэж үзнэ…” гэж дүгнээд, энэ хүртэлх хугацааны үндсэн зээл 45,488,199.54 төгрөг, хүүд 5,077,731.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 26,405 төгрөг, нийт 50,592,335.73 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд байгуулагдсан гэрээг 2020.05.30-ны өдөр хүртэл үргэлжилсэн байна гэж үзээд уг өдөр хүртэлх хугацааны зээлийн хүүд 5,826,532 төгрөг тооцож, нийт 51,274,732 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй болно.

11. Энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-т заасан “... “ ,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК зээлийг “МИК” рүү буюу 5 хувийн хүүтэй орон сууцны зээлд шилжүүлэх боломжтой байсаар байхад шилжүүлээгүй, өөрийн эх үүсвэрээс олгосон өндөр хүүтэй зээлээ төлүүлэхийн тулд хариуцагч нарыг удаа дараа санхүүгийн эрсдэлд оруулсан нь хавтаст хэргээс тодорхой харагддаг. Гэрээний хугацаанд нийт 55,360,583 төгрөг төлснөөс хүүд 46,848,783 төгрөгийг суутгаж авсан нь бидний хувьд хэтэрхий хохиролтой байна. Бид зээлийг 2018.04.06-аас эхлэн жилийн 5 хувийн хүүгээр төлөх боломжтой гэж үзэж, гэрээ цуцлах хүртэл хугацаагаар (2019.04.06-ыг хүртэл) бодоход үндсэн зээл 47,130,694 төгрөг, хүү 1,967,639 төгрөгийн хамт нийт 49,266,638 төгрөг, үүнээс 2019.01.20 хүртэл төлсөн 6,115,430 төгрөгийг хасахад 43,151,208 төгрөг төлөхөөр байна…” гэсэн хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

12. Учир нь, зээлдэгч нар нь ипотекийн зээлийн үйл ажиллагааны журамд заасан шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр хариуцагчийн зээл шилжүүлэх хүсэлтийг зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч хүлээн аваагүй, зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд заасан хүүгийн хэмжээг гэрээний талууд өөрчлөөгүй, анх байгуулсан гэрээ хэвээр байхад шүүхээс хариуцагч нарыг ипотекийн зээлд хамрагдах үндэслэлтэй гэж үзэн, улмаар гэрээнд заасан хүүгийн хэмжээг өөрчлөн, багасган тооцох хууль зүйн үндэслэлгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

13. Иймд, шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 191 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч нарын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 144,927 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                                  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХТУЯА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Г.АЛТАНЧИМЭГ

                                    ШҮҮГЧИД                                                    Г.БАНЗРАГЧ

                                                                                                         С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                         Х.ЭРДЭНЭСУВД