Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 01659

 

          Б.А-ийн нэхэмжлэлтэй,

       иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2018/01078 дугаар шийдвэртэй, Б.А-ийн нэхэмжлэлтэй, С.Э, Б.Э нарт холбогдох

 Гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, хэлцлээр шилжүүлсэн зүйлээ буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н, Д.Т, хариуцагч С.Э, түүний өмгөөлөгч Л.И, Г.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.А нь С.Э, Б.Э нарт холбогдуулан Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Шархадны 6 дугаар гудамж, 23 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Г-2204017767 дугаартай, 18649312742402 нэгж талбарын дугаартай газар түүний дээр байрлах, улсын бүртгэлийн Ү-2204015419 дугаартай, 1070 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдсан худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэл гаргаж, анхан шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагч Б.Э дээрх шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж, тус шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах, хэрэв Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байгаа бол үр дагаврыг арилгуулахаар шаардаж байгаа эсэхийг тодруулах шаардлагатай гэж шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцаасан. Б.А нь С.Э-гээс 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 100 000 ам.долларыг 4 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах байсан ба тухайн үед хоорондоо ярилцаж, худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээг байгуулахдаа албан ёсоор обьектыг худалдаагүй, зээлээ төлж дууссаны дараа буцааж шилжүүлэхээр тохирсон. Тийм ч учраас зээлийн гэрээ давхар байгуулж, баталгаа бичиж өгсөн. Гэтэл С.Э, Б.А өөрөө хүссэн, уг гэрээ хүчин төгөлдөр гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. С.Э, Б.А-ийг мөнгөө өгсний дараа обьектыг буцааж шилжүүлнэ гэдгийг мэдсээр байж, цааш нь Б.Э-д худалдсан нь хууль бус байна.

 Иймд С.Э, Б.А нарын хооронд болон С.Э, Б.Э нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцож, хариуцагч С.Э, Б.Э нараас хэлцлийн үр дагавар буюу үл хөдлөх эд хөрөнгө, газрыг шилжүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.А нь 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 100 000 ам.доллар зээлэх хүсэлт гаргасны дагуу түүнтэй тохиролцож, сарын 4 хувийн хүүтэй зээлүүлсэн. Б.А худалдах, худалдан авах гэрээний нөхцөлтэйгөөр хийе гэж өөрөө санаачилсан. Ингээд нотариатч В.Б дээр намайг дагуулж очиж, гэрээгээ батлуулсан. Зээл авснаас хойш Б.А-ийн утас нь холбогдохгүй, утсаа авахгүй, мессеж бичихээр хариу өгөхгүй байдаг байсан. Нэг удаа уулзахад мөнгөө төлж чадахгүй байна, мөнгө орж ирвэл төлнө, би танд хүүгээ төлөөд таны мөнгийг өгөөд байшингаа буцааж авна гэсэн. Улмаар 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр надтай тохирч, 05 дугаар сарын 08-ны өдөр нотариатч Д.Д руу намайг дагуулж очсон. Хэрвээ мөнгөө төлж чадахгүй байраа алдсан тохиолдолд ямар нэгэн хэрүүл маргаан гаргахгүй гэдгээ баталгаажуулсан. Энэ хугацаанд миний бие хоёр удаа хагалгаанд орсон. Ингээд надад мөнгөний хэрэг болсон учраас уг байрыг зарахаас өөр арга байгаагүй. Өмнө нь очиход Б.А, Ж.А, нягтлан гэх хүмүүс байсан. Очиж уулзаад бичиг баримтуудыг нь үзүүлсэн. Баталгаа гаргаж өгөхдөө түрээслэгч байхгүй гээд Б.А-тэй 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр акт үйлдээд 4 давхар, зоорийн давхартай, цахилгааны хязгаарлалттай, таазнаас ус гоожсон тухай актад тодорхой заасан. Ингээд гарын үсэг зурж, уг обьектыг хүлээлгэж өгсөн. Энэ хугацаанд Б.А-тэй холбоо барихад  Монгол банкны захирал надад мөнгө гаргаж өгөх ёстой гэж тайлбар хэлсэн. Үүнээс болж бидний хооронд маргаан гарсан. Б.А бид хоёрын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээг гэрээний чөлөөт байдал гэж үзэж байна. Б.А өөрийн сонирхлоор надаас мөнгө зээлж, худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Мөнгөө төлчихөөд буцаагаад байшин газраа авна гэсэн боловч мөнгийг төлж чадахаа болилоо, танд шилжүүлье гэсэн. Надад ямар нэгэн давуу байдлаа ашиглаж гэрээ хийсэн зүйл байхгүй. Хэргийн 27, 28, 30 дугаар талд авагдсан нотлох баримтуудыг үнэлж өгнөөөч гэж хүсэж байна. Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр маргаан бүхий дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 200 000 000 төгрөгөөр хариуцагч С.Э-ээс худалдаж авсан. Үл хөдлөх хөрөнгийн лавлагаанаас харахад С.Э-ийн өмч мөн байсан. Ямар учраас зарах гэж байгаа талаар асуухад 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Б.А-ээс С.Э-т актаар хүлээлгэж өгсөн баримтаа харуулсан. Тухайн обьект нийтийн халаалт байхгүй, ус гоождог тухай дурдаад хүлээлгэж өгсөн байсан. Б.Э нь нэхэмжлэгч Б.А-тэй хийсэн гэрээ хэлцэл байхгүй, түүнийг танихгүй. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу С.Э, Б.А нар гэрээ байгуулсан гэж үзэж байна. Зээлийн гэрээ хийхэд барьцааны гэрээ заавал хийх ёстой гэсэн шаардлага байхгүй. Энэ асуудал нь байраа танд өгөөд буцаагаад авахаар гэрээ байгуулсан агуулгатай байсан. Мөн дараа нь актаар хүлээлгэж өгсөн байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь заасныг баримтлан Б.А, С.Э нарын хооронд байгуулагдсан /гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө/ 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж,  

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь заасныг баримтлан С.Э, Б.Э нарын хооронд байгуулагдсан  2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн үйлчилгээний барилга худалдах, худалдан авах гэрээ, газар худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь заасныг баримтлан Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Шар хад 6 дугаар гудамж, 23 тоотод байрлах, 1070 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон дээрх хаягт байршилтай, нэгж талбарын 18649312742402 дугаартай, 447 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг Б.Э-ээс  С.Э-т,  С.Э-ээс Б.А-д шилжүүлж,  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.А-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Э-ээс 82 575 төгрөг, Б.Э-ээс 82 575 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.А-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч С.Э давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд: 1. Талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, гэрээг зөвхөн хэлбэрийн талаас дүгнэж, талуудын хооронд тухайн үед илэрхийлэгдсэн хүсэл зоригийг дүгнэхгүй улмаар худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжигдсэн үл хөдлөх хөрөнгө нь хариуцагчийн өмчлөлөөс өөр гуравдагч этгээдэд шилжсэн байхад нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг ямар үндэслэлээр сэргээн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж дүгнэхээр байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хувийн эрх зүйн хийсвэрлэх зарчмын гол агуулга болох үүргийн хэлцлийг, өмчлөх эрхийг бодитойгоор шилжүүлэх өмчийн гэрээнээс зааглах, тусд нь ялгаж үзээгүй, материаллаг хэм хэмжээг хэрэглээгүй байна. Үүргийн гэрээ болон өмчийн эрх зүйн хувьд тус тусдаа дүгнэгдэх ба үүрэг үүсгэж буй хэлцлийн хүчин төгөлдөр бус байдал нь өмчийн хэлцлийн хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй. Гэтэл худалдах, худалдан авах гэрээгээр шилжигдсэн үл хөдлөх хөрөнгө нь хариуцагч С.Э-ийн өмчлөлөөс өөр гуравдагч этгээд болох Б.Э-д худалдах, худалдан авах гэрээгээр шилжсэн бөгөөд хууль ёсны сүүлчийн өмчлөгч нь Б.Э-ийн үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр өмчлөх эрхийг сэргээж шийдвэрлэсэн нь хийсвэрлэх зарчмын үндсэн ойлголт өмчийн хэлцлийн мөн чанарт хууль зүйн үндэслэлийг гаргаж тайлбарлаагүй гэж үзэж байна. Гэтэл өмчлөх эрхийг шударгаар олж авсан Б.Э-ийн өмчлөх эрхэд шууд халдаж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэхийг даалгасан шийдвэр гаргасан нь үндэслэл муутай болжээ. Өмчлөгчдийн хооронд байгуулагдсан гэрээг өмчлөгч бус этгээд болох Б.А хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэл гаргах эрхгүй. Энэ үндэслэл бол Б.А бидний хооронд байгуулагдсан 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдан авах гэрээнд үнэлэлт дүгнэлт өгөхөд зайлшгүй холбогдолтой, бас үр дагавартай гэдгийг шүүх анхаарч үзсэнгүй.

2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Зохигчдын хооронд байгуулагдсан 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр хэлцэл хийгч талууд түүнийг хэрэгжүүлэх ямарваа эрх үүрэг хүлээх хүсэл зориггүй, ямарваа үр дагавар бий болгохыг зориогүй, зөвхөн уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан" хэмээн дүгнэжээ. С.Э тус хэлцлийг хийхдээ ямар нэгэн хэлцлийг халхавчлах хүсэл зориг, шаардлага байгаагүй бөгөөд маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлөөс хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх талаар гэрээний оролцогч талууд хүсэл зоригоо бүрэн дүүрэн илэрхийлсэн болох нь талуудын тайлбар, нотлох баримтаас тодорхой харагдаж байхад шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Худалдан авах гэрээг Б.А-ийн санаачлагад үндэслэн байгуулсан бөгөөд гэрээний талуудын хүсэл зоригт үндэслэсэн үр дагаврыг тэрээр ойлгож, хүлээн зөвшөөрч байсан бие даасан гэрээ байгуулсан. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлсэн нөхцөлд буюу зээл хүүгийн үнийн дүнгээр үл хөдлөх хөрөнгийг буцаан худалдан журмаар хэрэгжүүлэх тохиролцоо байсан бөгөөд нэхэмжлэгч Б.А өөрөө энэ талаар хүсэл зоригоо ойлгомжтой бүрэн илэрхийлж зөвшөөрүүлсэн. Иргэний хуульд эд хөрөнгийг буцаан худалдан авах нөхцлөөр гэрээ байгуулах зохицуулалт байдаг. Ийнхүү худалдах, худалдан авах гэрээ байгуулсан болохыг түүний дараа дараагийн үйл ажиллагааг нотлох баримттайгаар нотолсон. Энэ гэрээ "өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл" гэж үзэх үндэслэлгүй юм.

3. Нэхэмжлэгч Б.А-тэй гэрээний үүргийг хэрхэн дуусгавар болгох асуудлаар хангалтай хэлцэн тохиролцсны үндсэн дээр хэрэгжүүлсэн. Түүнтэй байгуусан гэрээний дагуу зээлийг төлж дуусгах 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх нэг ч удаа төлбөр хийгээгүй. Улмаар "Төлбөр барагдуулах тухай" бичиг үйлдэж надад өгсөн. Уг бичигтээ зээлийн гэрээг дуусгавар болгох санал арга замыг тодорхойлсон бөгөөд "зээлийг хугацаанд төлөөгүй тохиолдолд уг үл хөдлөх хөрөнгө болон газрыг бүрэн хүлээлгэж өгнө, хэрэв уг үл хөдлөх хөрөнгө газрыг иргэн С.Э-т хүлээлгэн өгөхөөр болсон тохиолдолд ямарваа нэгэн гомдолгүй" тухайгаа бичгээр илэрхийлсэн. Энэ бичгийг 2016 оны 05 дсарын 05-нд үйлдсэн болно. Гэтэл шүүх энэ Б.А-ийн хүсэл зоригоо илэрхийлсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитой судлан шинжлээгүй, үнэлээгүй, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргажээ. Иргэний хуулийн 110 дугаар зүйлд зааснаар өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр Б.А-ээс С.Э-т шилжсэн, хэлцэл үл хөдлөх хөрөнгийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүссэн, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болсон тул өмчлөгч өөрийн өмчлөх эрхийг захиран зарцуулах эрхтэй. Энэ нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасантай нийцсэн болно. Иймд Б.А миний хуулиар тогтоосон хэм хэмжээ хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй захиран зарцуулах эрхэд халдсан үйл ажиллагаа явуулах, хориг саад хийх, гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага гаргах эрх зүйн үндэслэлгүй. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ дээрх тохиролцоо, хэлцлийг анхаараараагүй ба Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглээгүй нь учир дутагдалтай болсон. Мөн шүүхийн шийдвэрт бичсэн үндэслэл хуулийн заалт хийгээд Улсын дээд шүүхийн 2010 оны 17 дугаар тогтоолын агуулгад нийцсэнгүй.

4. Б.А нь авсан зээлээ 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр бүрэн төлж дуусгах үүрэгтэй байсан бөгөөд энэ үеээс хойш нэг ч ам.доллар төлөөгүй, зээл, зээлийн хүү, хугацаа хэтрүүлсний алданги, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс надад учирсан хохирол зэргийг төлж барагдуулах гэрээнд заасны дагуу худалдсан эд хөрөнгөө буцаан худалдан авах мөнгө санхүүгийн чадваргүй болсон, энэ байдлаа өөрөө хүлээн зөвшөөрч, "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ" байгуулсан, өмчлөх эрхээ шилжүүлэх талаар шинээр хэлэлцэн тохиролцож акт үйлдсэн бөгөөд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3, 236.2 дахь хэсэгт заасан зохицуулалтад хамаарал бүхий тохиролцоо байсан. Гэрээний талууд аль аль нь ойлгож, хүсэл зоригоо бүрэн илэрхийлсэн хэлцэл юм. Энэ нь зээлийн гэрээний үүргээ Б.А Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1 дэх хэсэгт зааснаар зохих ёсоор гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг дуусгавар болно. Хэрэв үүргээ үл биелүүлвэл "худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах боломжтой бөгөөд зээлийн гэрээний үүргийг худалдах худалдан авах гэрээний үүргээр солих замаар үүрэг дуусгавар болгох эрх зүйн үр дагавар бии болно гэдгийг тэрээр ойлгож тусад нь гэрээ байгуулсан, үүргээ гүйцэтгэх боломжгүй болсноо бүрэн ойлгож, худалдах худалдан авах гэрээний зүйл болох үл хөдлөх хөрөнгөө 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээлгэн өгч акт үйлдснээр зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон. Бидний тохиролцсон энэ арга бол гэрээний эрх чөлөө, талуудын гэрээ байгуулах чөлөөт байдалтай шууд холбогдох бөгөөд хуулиар хориглосон зүйл үгүй юм.

5. Б.А иргэний эрх зүйн гэрээгээр дамжуулан залилж намайг хохироох үйл ажиллагааг, прокурор, шүүгч, өмгөөлөгчдийн оролцоотойгоор хэрэгжүүлж, мөнгийг төлөхгүй байх арга сэдэж байна. Тухайн гэрээг шүүхийн журмаар хүчин төгөлдөр бусд тооцуулснаараа үүргийн гүйцэтгэлд шилжүүлэн өгсөн үл хөдлөх хөрөнгөө буцаан авч захиран зарцуулах эрхтэй болж, үүргийн гүйцэтгэлийг хангах арга биш болгох санаа зорилгыг агуулж байна. Тэрээр С.Э надаас авсан 100 000 ам.доллар, түүний хүү алданги, хохирлыг төлөх чадваргүй нь харагдаж байгаа бөгөөд өөрөө ч үүнийгээ илэрхийлсэн. Б.Аийн өмчлөх эрх дуусгавар болсон, тэрээр өмчлөгч биш. Тиймээс миний бусадтай байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах шаардлага гаргах этгээд биш. Нөгөө талаас Б.Э бидний хооронд байгуулсан хэлцэл хэнээс ч үл хамаарах хүчин төгөлдөр хэлцэл болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Э-нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдах гомдолдоо: С. 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 200 000 000 төгрөгөөр С.Э-ээс Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Шархадны 6 дугаар гудамж, 23 тоот хаягт байрлах газар болон обьектыг худалдах, худалдан авах гэрээгээр худалдаж авахдаа С.Э-ийн нэр дээр байсан бөгөөд хууль ёсны дагуу мөнгөө төлж шилжүүлж авсан бөгөөд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Нэхэмжлэгч Б.А болон С.Э нарын хооронд хийсэн зээлийн гэрээ болон худалдах, худалдан авах гэрээг хийхэд Б.Э байгаагүй бөгөөд үүнээс үүссэн үр дагаврыг хариуцах ёсгүй атал анхан шатны шүүх Б.Э-нийг гэм буруутайд тооцон хариуцагч болгож улсын тэмдэгтийн хураамж төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Харин Б.Э-ийн өмчлөлд байгаа газар болон үл хөдлөх хөрөнгийн талаар яригдаж хууль ёсны эрх ашиг нь хөндөгдөж байгаа тул бие даан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах ёстой байсан. Б.А, С.Э нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ болон худалдах, худалдан авах гэрээ, акт зэргүүдээс харахад хүсэл зоригийн илэрхийлэл хэн хэнд нь байсан бөгөөд Б.А-ийн хүсэл зоригт нийцүүлэн хийсэн байдаг. Мөн гэрчээр оролцсон нотариатч хоёр талын хүсэл зоригийн илэрхийллийг баталж өгсөн хууль зөрчсөн зүйл байхгүй гэж мэдүүлсэн.

Б.А өөрийн хүсэлтээр үл хөдлөх хөрөнгө болон газрыг С.Э-т шилжүүлэн өгсөн бөгөөд эргүүлэн худалдан авч чадахгүй болохоороо акт үйлдэн хүлээлгэн өгч хоёр тал гэрээгээ дүгнэж дуусгавар болгосон байна. Гэтэл анхан шатны шүүх хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн нь С.Э, Б.Э-ийн хууль ёсны өмчлөх эрхэд шууд халдсан асуудал болж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчөөгүй боловч Иргэний хуулийн зохих зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч Б.А хариуцагч С.Э, Б.Э нарт холбогдуулан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, хэлцлээр шилжүүлсэн зүйлээ буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч С.Э-тэй 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах 2 гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Шар хадны 6 дугаар гудамжны 23 тоотод байрлах, 1070 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон дээрх хаягт байрлах нэгж талбарын 18649312742402 дугаартай, 447 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраа 5 000 000 төгрөгөөр худалдсан, 

Мөн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр зээлдүүлэгч С.Э нь зээлдэгч Б.А-д 100 000 ам.долларыг 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүртэл, сарын 4 хувийн хүүтэй, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулсан үйл баримт тогтоогдсон талууд энэ талаар маргаагүй. /хэргийн 5, 6, 32 дугаар тал/

Дээрх үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь зээлийн гэрээний үүргийг сольсон хэлцэл биш харин зээлийн барьцааны гэрээг халхавчилж хийсэн хэлцэл гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасантай нийцсэн байна. Ийм учраас нэхэмжлэгч Б.А, хариуцагч С.Э нарын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө, худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоосон нь зөв байна.

Харин хариуцагч С.Э нь хариуцагч Б.Э-д 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр “Газар худалдах, худалдан авах гэрээ”-гээр 447 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг 10 000 000 төгрөгөөр, 1070 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай газрыг 190 000 000 төгрөг нийт 200 000 000 төгрөгөөр худалдсан бөгөөд уг хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хэлцлийн үр дагаврыг арилгахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль бус болжээ.

Тодруулбал, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан “хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл” гэх нөхцөлд хариуцагч С.Э, Б.Э нарын хооронд байгуулагдсан хэлцэл хамаарахгүй юм. С.Э, Б.А нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ буюу хүчин төгөлдөр бус хэлцэл нь С.Э, Б.Э нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах хэлцлийн үндэслэл болохгүй.

Өөрөөр хэлбэл, Б.Э, С.Э нарын хоорондын хэлцэл нь С.Э, Б.А нарын хооронд хэлцэл хийх үндэслэл болсон гэж үзэх боломжгүй, тус тусдаа болно. Иймд 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ болон газар худалдах, худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Хэдийгээр худалдан авагч С.Э-ийн өмнөх өмчлөгчтэй байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр бус байх боловч улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн С.Э нь худалдан авагч Б.Э-ийн хувьд өмчлөгч гэж үзэхээр байгааг Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэг хэсэгт заажээ.

Хариуцагч Б.Э-д хариуцагч С.Э нь уг эд хөрөнгийг өмчлөлдөө авсан нөхцөл байдлын талаар тайлбарлаж байсан гэх нөхцөл байдал тогтоогдож байх боловч хариуцагч С.Э-ийг өмнөх хэлцлийг хүчин төгөлдөр бус болгох замаар өмчлөгч болсон гэдгийг Б.Э мэдэж байсан гэж дүгнэх боломжгүй.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн  56.5 дахь хэсэгт заасан хэлцлийн үр дагаврыг арилгуулах шаардлага нь гэрээний талуудад хамааралтай. Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Б.Э-тэй байгуулсан гэрээний тал биш. Иймд гуравдагч этгээд болох эд хөрөнгийг хууль ёсоор өөртөө шилжүүлэн авсан Б.Э-ээс эд хөрөнгийг буцаан шаардах эрх түүнд байхгүй.

Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардах эрхгүй. Үл хөдлөх эд хөрөнгийн хувьд бүртгэлээр өмчлөгч тогтоогдоно. Ийм учраас Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсч, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болох бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Б.Э нь хариуцагч С.Э-ээс худалдаж авсан учраас нэхэмжлэгч Б.А түүнээс эд хөрөнгийг шаардах эрхгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Б.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч С.Э-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2018/01078 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтыг нэгтгэж “2” гэж дугаарлан “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10, 56.5 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул С.Э, Б.Э нарын хооронд байгуулагдсан  2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн үйлчилгээний барилга худалдах, худалдан авах гэрээ, газар худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах болон Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Шар хад 6 дугаар гудамж, 23 тоотод байрлах, 1070 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон дээрх хаягт байршилтай, нэгж талбарын 18649312742402 дугаартай, 447 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг Б.А-д шилжүүлэх шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, 4 дэх заалтын “Б.Э-ээс 82 575 төгрөгийг” гэснийг хасч, “4, 5” гэснийг “3, 4” гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Э-ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Э-ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  165 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               ШҮҮГЧИД                                            С.ЭНХТӨР

                                                                                                            Д.БАЙГАЛМАА