Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 01846

 

2017 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2017/01846

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч: Боржигин овогтой, Батмөнхийн Алтангэрэлийн нэхэмжлэлтэй,

/Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 4 дүгээр хэсэг, Белла виста 500 дугаар байр, 2202 тоотод оршин суух, регистрийн дугаар ЧО85071477/

      

Хариуцагч: Төгс тайж овогтой, Сэдэдийн Эрдэнэцэцэгт холбогдох,

/Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 2 дугаар хэсэг, Зайсан гудамж, 52/01 дүгээр байр, 202 тоотод оршин суух, регистрийн дугаар ЧН58121101/

 

Хариуцагч: Жамбалынхан овогтой, Батжаргалын Эрдэнэд холбогдох,

/Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 31 дүгээр байр, 85 тоотод оршин суух, регистрийн дугаар УШ91080656/

 

            Гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Алтангэрэл, түүний өмгөөлөгч Л.Намнансүрэн, Д.Түмэнжаргал, хариуцагч С.Эрдэнэцэцэг, түүний өмгөөлөгч Г.Урантогос, хариуцагч Б.Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батжаргал, нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Алтангэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 10 дугаар сараас бизнесийн үйл ажиллагаанд зарцуулах мөнгөний хэрэгцээ гарсан тул зээл хайж 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр С.Эрдэцэцэгтэй зээлийн гэрээ байгуулж, өөрийн өмчлөлд байсан 1.070 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө болон газрын хамт зээлийн барьцаанд тавьсан. Би үүнийг барьцаалбараар бүртгүүлэх хүсэлтэй байсан ч С.Эрдэнэцэцэг үл хөдлөх хөрөнгийн нэрийг шилжүүлэхээс нааш зээл гаргахгүй гэсэн тул худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Би энэ худалдах, худалдан авах гэрээг өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж байгаа гэсэн ойлголттойгоор биш, зээлд өөрийн өмч хөрөнгийг барьцаанд тавьж байна гэж ойлгосон. Тийм учраас бидний хооронд 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэв.

 

Хариуцагч С.Эрдэнэцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Алтангэрэл нь миний таньдаг хүнээр дамжуулж зээл олгооч гэж хүссэн нь үнэн. Тэрээр өөрийн хүсэлтээр үл хөдлөх хөрөнгөө барьцаалан 100.000 ам.доллар зээлэх тухай хүсэлтээ бичгээр гаргаж, улмаар бид 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 100.000 ам.долларыг сарын 4 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлсэн. Ингээд тэрээр зээлээ төлөөгүй бөгөөд хаана байгаа нь мэдэгдэхгүй, утсаа авдаггүй байсан тул эрэл сураг болж, түүнийг олсны дараа төлбөр барагдуулах тухай бичиг хийж өгсөн. Гэвч мөн Б.Алтангэрэл нь тохирсон хугацаандаа зээлээ төлж чадаагүй тул зээлийн гэрээг дуусгавар болгохоор тохиролцож, зээлийн төлбөр тооцоонд “Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Шар хад Сүрлэн 6 гудамж, 23 тоот үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө”-ийг тооцуулахаар тохиролцож, акт үйлдэн хүлээн авсан. Миний бие зээлсэн мөнгөө авч чадаагүйн улмаас их хэмжээний хохирол хүлээсэн бөгөөд мөнгөний шаардлага гарсан тул Б.Эрдэнэ гэдэг хүнд худалдсан. Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.  

 

Хариуцагч С.Эрдэнийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би зарын дагуу С.Эрдэнэцэцэгээс Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Шар хад Сүрлэн 6 гудамж, 23 тоот үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 190.000.000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд мөн газрыг нь 10.000.000 төгрөгөөр худалдан авч, бид 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөлдөө шилжүүлэн авсан. Одоо өөрийн өмчлөлийн үйлчилгээний газарт үйл ажиллагаа явуулахаар ажиллаж байна. Иймд Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар С.Эрдэнэ нь шударга эзэмшигч учир С.Эрдэнийн эрх, ашиг хөндөгдөх учиргүй. Мөн нэхэмжлэгчийн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай иргэний хариуцагч нь С.Эрдэнэ байх үндэслэлгүй бөгөөд дээрх хэлцэлд хамааралгүй гэв.

 

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Б.Алтангэрэлийн нэхэмжлэлтэй, С.Эрдэнэцэцэгт холбогдох, гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Б.Эрдэнэд холбогдох, гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Б.Алтангэрэл “...2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон газар худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах” тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагчС.Эрдэнэцэцэг, Б.Эрдэнэ нар хүлээн зөвшөөрөхөөс татгалзжээ.

 

Б.Алтангэрэл, С.Эрдэнэцэцэг нарын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ээр худалдагч Б.Алтангэрэл нь Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Шар хад 6 дугаар гудамж, 23 тоотод байрлах, 1.070 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэн өгөх, худалдан авагч С.Эрдэнэ нь “төлбөр тооцоо байхгүй” гэж тохиролцжээ.

 

Мөн Б.Алтангэрэл, С.Эрдэнэцэцэг нарын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ээр худалдагч Б.Алтангэрэл нь Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Шар хад 6 дугаар гудамж, 23 тоот хаягт байршилтай, нэгж талбарын 18649312742402 дугаартай, 447 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч С.Эрдэнэцэцэг нь 5.000.000 төгрөгийг төлөхөөр тохиролцжээ.  

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар дээрх хоёр худалдах-худалдан авах гэрээний дагуу “Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Шар хад 6 дугаар гудамж, 23 тоотод байрлах, 1.070 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө” болон “Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Шар хад 6 дугаар гудамж, 23 тоот хаягт байршилтай, нэгж талбарын 18649312742402 дугаартай, 447 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар”-ыг Б.Алтангэрэл нь худалдах, С.Эрдэнэцэцэг нь худалдан авах хүсэл зоригийг Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар илэрхийлээгүй болох нь зохигчийн “...2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 100.000 ам.долларын зээлийн барьцаанд тавих үүднээс уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдах авах гэрээ байгуулсан, худалдах, худалдан авах гэрээний дагуу мөнгө шилжүүлээгүй, харин 100.000 ам.долларыг зээлсэн” гэсэн тайлбараар нотлогдож байна.

 

Иймд Б.Алтангэрэл, С.Эрдэнэцэцэг нар нь /гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө/ 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасныг баримтлан дээрх хоёр худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй болно.

 

Хариуцагч тал “...Б.Алтангэрэл нь зээлээ төлөөгүй тул зээлийн гэрээг дуусгавар болгох үүднээс акт, баримт үйлдэж, үл хөдлөх эд хөрөнгийг С.Эрдэнэцэцэгт хүлээлгэн өгсөн тул худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр” гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэдэг боловч “С.Эрдэнэцэцэг, Б.Алтангэрэл нарын хооронд байгуулагдсан 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Зээлийн гэрээ”-ний үүргийг дуусгавар болгохоор талууд тохиролцсон эсэх нь 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцоход саад болохгүй юм.

 

2. Б.Эрдэнэд холбогдох, гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай Б.Алтангэрэлийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Нэхэмжлэлийн үндэслэл шаардлага нь 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах бөгөөд уг гэрээний талууд нь Б.Алтангэрэл, С.Эрдэнэцэцэг нар ба хариуцагч Б.Эрдэнийн хувьд дээрх гэрээг байгуулаагүй болно. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй этгээд байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасныг баримтлан Б.Алтангэрэл, С.Эрдэнэцэцэг нарын хооронд байгуулагдсан /гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө/ 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, үлдэх Б.Эрдэнэд холбогдох, гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Алтангэрэлээс улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 165.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Эрдэнэцэцэгээс 165.150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ж.СЭМЖИД