Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2018/01936

 

Б.Аийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2018/01078 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1659 дүгээр магадлалтай

Б.Аийн нэхэмжлэлтэй,

С.Э, Б.Э нарт холбогдох

2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн газар болон үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тусад нь худалдсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулж, үр дагаврыг арилгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Алтанбилэг, хариуцагч С.Э нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Алтанбилэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Түмэнжаргал, Л.Намнансүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.А нь С.Э, Б.Э нарт холбогдуулан Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Шар хадны 6 дугаар гудамж, 23 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Г-2204017767 дугаартай, 18649312742402 нэгж талбарын дугаартай газар түүний дээр байрлах, улсын бүртгэлийн Ү-2204015419 дугаартай, 1070 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдсан худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэл гаргаж, анхан шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагч Б.Эцэцэг дээрх шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж, тус шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах, хэрэв Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байгаа бол үр дагаврыг арилгуулахаар шаардаж байгаа эсэхийг тодруулах шаардлагатай гэж шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцаасан. Б.А нь С.Эээс 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 100 000 ам.долларыг 4 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах байсан ба тухайн үед хоорондоо ярилцаж, худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээг байгуулахдаа албан ёсоор обьектыг худалдаагүй, зээлээ төлж дууссаны дараа буцааж шилжүүлэхээр тохирсон. Тийм ч учраас зээлийн гэрээ давхар байгуулж, баталгаа бичиж өгсөн. Гэтэл С.Э, Б.А өөрөө хүссэн, уг гэрээ хүчин төгөлдөр гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. С.Э, Б.Аийг мөнгөө өгсний дараа обьектыг буцааж шилжүүлнэ гэдгийг мэдсээр байж, цааш нь Б.Эд худалдсан нь хууль бус байна. Иймд С.Э, Б.А нарын хооронд болон С.Э, Б.Э нарын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцож, хариуцагч С.Э, Б.Э нараас хэлцлийн үр дагавар буюу үл хөдлөх эд хөрөнгө, газрыг шилжүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.А нь 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 100 000 ам.доллар зээлэх хүсэлт гаргасны дагуу түүнтэй тохиролцож, сарын 4 хувийн хүүтэй зээлүүлсэн. Б.А худалдах, худалдан авах гэрээний нөхцөлтэйгөөр хийе гэж өөрөө санаачилсан. Ингээд нотариатч В.Батхүү дээр намайг дагуулж очиж, гэрээгээ батлуулсан. Зээл авснаас хойш Б.Аийн утас нь холбогдохгүй, утсаа авахгүй, мессеж бичихээр хариу өгөхгүй байдаг байсан. Нэг удаа уулзахад мөнгөө төлж чадахгүй байна, мөнгө орж ирвэл төлнө, би танд хүүгээ төлөөд таны мөнгийг өгөөд байшингаа буцааж авна гэсэн. Улмаар 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр надтай тохирч, 05 дугаар сарын 08-ны өдөр нотариатч Д.Долгорсайхан руу намайг дагуулж очсон. Хэрвээ мөнгөө төлж чадахгүй байраа алдсан тохиолдолд ямар нэгэн хэрүүл маргаан гаргахгүй гэдгээ баталгаажуулсан. Энэ хугацаанд миний бие хоёр удаа хагалгаанд орсон. Ингээд надад мөнгөний хэрэг болсон учраас уг байрыг зарахаас өөр арга байгаагүй. Өмнө нь очиход Б.А, Ж.Алтанбилэг, нягтлан гэх хүмүүс байсан. Очиж уулзаад бичиг баримтуудыг нь үзүүлсэн. Баталгаа гаргаж өгөхдөө түрээслэгч байхгүй гээд Б.Атэй 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр акт үйлдээд 4 давхар, зоорийн давхартай, цахилгааны хязгаарлалттай, таазнаас ус гоожсон тухай актад тодорхой заасан. Ингээд гарын үсэг зурж, уг обьектыг хүлээлгэж өгсөн. Энэ хугацаанд Б.Атэй холбоо барихад  Монгол банкны захирал надад мөнгө гаргаж өгөх ёстой гэж тайлбар хэлсэн. Үүнээс болж бидний хооронд маргаан гарсан. Б.А бид хоёрын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээг гэрээний чөлөөт байдал гэж үзэж байна. Б.А өөрийн сонирхлоор надаас мөнгө зээлж, худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Мөнгөө төлчихөөд буцаагаад байшин газраа авна гэсэн боловч мөнгийг төлж чадахаа болилоо, танд шилжүүлье гэсэн. Надад ямар нэгэн давуу байдлаа ашиглаж гэрээ хийсэн зүйл байхгүй. Хэргийн 27, 28, 30 дугаар талд авагдсан нотлох баримтуудыг үнэлж өгөөч гэж хүсэж байна. Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр маргаан бүхий дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 200 000 000 төгрөгөөр хариуцагч С.Эээс худалдаж авсан. Үл хөдлөх хөрөнгийн лавлагаанаас харахад С.Эийн өмч мөн байсан. Ямар учраас зарах гэж байгаа талаар асуухад 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Б.Аээс С.Эт актаар хүлээлгэж өгсөн баримтаа харуулсан. Тухайн обьект нийтийн халаалт байхгүй, ус гоождог тухай дурдаад хүлээлгэж өгсөн байсан. Б.Э нь нэхэмжлэгч Б.Атэй хийсэн гэрээ хэлцэл байхгүй, түүнийг танихгүй. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу С.Э, Б.А нар гэрээ байгуулсан гэж үзэж байна. Зээлийн гэрээ хийхэд барьцааны гэрээ заавал хийх ёстой гэсэн шаардлага байхгүй. Энэ асуудал нь байраа танд өгөөд буцаагаад авахаар гэрээ байгуулсан агуулгатай байсан. Мөн дараа нь актаар хүлээлгэж өгсөн байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2018/01078 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь заасныг баримтлан Б.А, С.Э нарын хооронд байгуулагдсан /гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө/ 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь заасныг баримтлан С.Э, Б.Э нарын хооронд байгуулагдсан 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн үйлчилгээний барилга худалдах, худалдан авах гэрээ, газар худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь заасныг баримтлан Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Шар хад 6 дугаар гудамж, 23 тоотод байрлах, 1070 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон дээрх хаягт байршилтай, нэгж талбарын 18649312742402 дугаартай, 447 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг Б.Ээс С.Эт, С.Эээс Б.Ад шилжүүлж, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Аээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Эээс 82 575 төгрөг, Б.Ээс 82 575 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ад олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1659 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2018/01078 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтыг нэгтгэж “2” гэж дугаарлан “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10, 56.5 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул С.Э, Б.Э нарын хооронд байгуулагдсан  2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн үйлчилгээний барилга худалдах, худалдан авах гэрээ, газар худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах болон Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Шар хад 6 дугаар гудамж, 23 тоотод байрлах, 1070 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон дээрх хаягт байршилтай, нэгж талбарын 18649312742402 дугаартай, 447 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг Б.Ад шилжүүлэх шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, 4 дэх заалтын “Б.Ээс 82 575 төгрөгийг” гэснийг хасч, “4, 5” гэснийг “3, 4” гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Эээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Алтанбилэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Батмөнхийн Алтангэрэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Жамсрангийн Алтанбилэг миний бие Б.Аийн нэхэмжлэлтэй С.Э, Б.Э нарт холбогдох Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07дугаар сарын 18- ны өдрийн 1659 дугаар магадлалын хариуцагч Б.Эд холбогдох хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын шатны гомдол гаргаж байна.

Нэг.Давж заалдах шатны шүүх нь магадлалын “ХЯНАВАЛ” хэсэгт дүгнэлт хийхдээ: “Хэдийгээр худалдан авагч С.Эийн өмнөх өмчлөгчтэй байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр бус байх боловч улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн С.Э нъ худалдан авагч Б.Эийн хувьд өмчлөгч гэж үзэхээр байгааг Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заажээ” гэж дүгнэлт хийсэн.

Гэтэл үндэслэл болгосон Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй” гэж заасан бөгөөд энэ нь улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг гаргах эрхийг тодорхойлж өгсөн болохоос улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн С.Э нь худалдан авагч Б.Эийн хувьд өмчлөгч гэж үзэхээр байгааг үндэслэлтэй болохыг зөвтгөн илэрхийлсэн хуулийн зохицуулалт огт биш юм.

Хоёр. Давж заалдах шатны шүүх нь магадлалын “ХЯНАВАЛ” хэсэгт дүгнэлт хийхдээ: “Хариуцагч Б.Эд хариуцагч С.Э нь уг эд хөрөнгийг өмчлөлдөө авсан нөхцөл байдлын талаар тайлбарлаж байсан гэх нөхцөл байдал тогтоогдож байх боловч хариуцагч С.Эрдэнэцэцгийг өмнөх хэлцлийг хучин төгөлдөр бус болгох замаар өмчлөгч болсон гэдгийг Б.Э мэдэж байсан гэж дүгнэх боломжгүй” гэж агуулгын хувд зарчмын шинжтэй ноцтой зөрчилдөөнтэй, утгын хувьд ойлгомжгүй, хууль хэрэглээний хувьд буруу тайлбарлан хэрэглэсэн үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Учир нь:

А. Агуулгын хувд зарчмын шинжтэй ноцтой зөрчилдөөнтэй болсон тухайд: Хариуцагч С.Э нь хариуцагч Б.Эд худалдахдаа уг эд хөрөнгийг өмчлөлдөө авсан нөхцөл байдлын талаар тайлбарлаж байсан гэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж дүгнэсэн. Хэрэв “Энэ нөхцөл байдал” нь тогтоогдож байгаа бол “Б.Э мэдэж байсан гэж дүгнэх боломжгүй” гэж эсрэг тайлбарыг хууль зүйн хувьд хийх ямар ч боломжгүй юм. “Энэ нөхцөл байдал”-ыг давж заалдах шатны шүүх зөв тогтоосон бол түүний хууль зүйн шууд үр дагвар нь Б.Эийг шударга өмчлөгч гэж үзэх боломжгүй болох агуулгатай. Буруу, зөрчилдөөнтэй дүгнэлт хийсний улмаас хариуцагч С.Эрдэнэд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхэд хүргэсэн.

Б. Утгын хувьд ойлгомжгүй тухайд: “Хариуцагч С.Эийг өмнөх хэлцлийг хучин төгөлдөр бус болгох замаар өмчлөгч болсон гэдгийг Б.Э мэдэж байсан гэж дүгнэх боломжгүй” гэх С.Э өмнөх хэлцлийг хүчин төгөлдөр бус болгох замаар өмчлөгч болсон агуулгаар хязгаарлан, энэ утгаар Б.Э мэдэж байсан байхыг хууль шаарддаг мэтээр ойлгомжгүйгээр явцууруулан тайлбарласан. Энэхүү ойлгомжгүй тайлбар, дүгнэлт нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт тухайлбал, хариуцагч нарын шүүхэд ирүүлсэн бичгийн тайлбар, хоёр удаагийн анхан шатны шүүх хурал дээр өөрийн байр сууриа хэнд ч ойлгомжтойгоор бүрэн дүүрэн илэрхийлж ирсэн буюу хурлын тэмдэглэлд тусгагдсан тэдний өөрсдийнх нь тайлбар зэргээр тогтоогдох хэргийн бодит үйл баримтыг бүхэлд нь явцууруулан үгүйсгэсэн үндэслэлгүй дүгнэлт болсон.

В. Хууль хэрэглээний хувьд буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд: Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэг нь Б.Эийг зөвтгөх, хамгаалах хуулийн зохицуулалт огт биш ба харин 109 дүгээр зүйлийн 109.3-д “Эрх шилжүүлэгч нь өмчлөгч бус этгээд байсан ч улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн хувьд уг эрхийг шилжүүлж байгаа этгээд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байх боловч өмчлөх эрх олж авч байгаа этгээд нь уг эрхийг шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг мэдэж байсан бол энэ заалт хамаарахгүй” гэх хуулийн зохицуулалтыг хэрэглэх ёстой байсан. Учир нь “Хариуцагч Б.Эд хариуцагч С.Э нь уг эд хөрөнгийг өмчлөлдөө авсан нөхцөл байдлын талаар тайлбарлаж байсан гэх нөхцөл байдал тогтоогдож байна” гэж Анхан болон Давж заалдах шатны шүүхүүд хэргийн бодит үйл баримтын талаар зөв дүгнэлт хийсэн ба энэ талаар шийдвэр, магадлалдаа тодорхой дурдсан. Ингэж хийсэн дүгнэлтээсээ өөр агуулга бүхий хуулийн хэм хэмжээг сонгон хэрэглэсэн нь магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадахгүйд хүргэсэн. Хэргийн үйл баримтыг үнэн зөв тогтоосон бол түүнд нийцэх хуулийн хэм хэмжээг зөв сонгон шийдвэрлэх ёстой байсан.

Гурав. Давж заалдах шатны шүүх нь магадлалын “ХЯНАВАЛ” хэсэгт дүгнэлт хийхдээ: “Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардах эрхгүй.Үл хөдлөх эд хөрөнгийн хувьд бүртгэлээр өмчлөгч тогтоогдоно. Тийм учраас иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөө шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсч, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болгох бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Б.Э нь хариуцагч С.Эээс худалдаж авсан учраас нэхэмжлэгч Б.А түүнээс эд хөрөнгийг шаардах эрхгүй юм” гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн арван нэгдүгээр бүлэг нь “Эзэмшил”-тэй холбоотой зохицуулалт бөгөөд 89 дүгээр зүйлээс 98 дугаар зүйлийн хооронд зохицуулагдсан байдаг. Тиймээс 93 дугаар зүйл /Хууль ёсны эзэмшигчийн эрх/-ийн 93.1 дэх хэсэг нь “Эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй”-тэй холбоотой зохицуулалт болохоос өмчлөлтэй холбоотой хуулийн зохицуулалт биш юм. Энэ хэм хэмжээг давж заалдах шатны шүүх хэрэглэх ёсгүй байсан. Гэсэн атлаа “Үл хөдлөх эдхөрөнгийн хувьд бүртгэлээр өмчлөгч тогтоогдоно” тайлбарладаг ба үүнийгээ зөвтгөх үүднээс Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасан “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх дуусгавар болох”-той холбоотой шаардах эрхэд хамааралгүй хуулийн хэм хэмжээг буруу тайлбарлан хэрэглэсэн. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх дуусгавар болсон эсэх талаар дүгнэлт хийх нь энэ иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй ба харин Б.А нь Б.Ээс шаардах эрх хуулийн агуулга, утга санаа, зарчимд нийцэн үүсэх үндэслэлтэй юу үгүй юу гэдэгт дүгнэлт өгөх нь нэн чухал ач холбогдолтой байсан. Өмнө дурдсанчлан Давж заалдах шатны шүүх Б.Эд холбогдох хэсэгт эхлээд зөв дүгнэлт хийснийхээ дагуу хуулийн хэм хэмжээ зөв сонгон хэрэглэх замаар Б.Эд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй болох байсан.

Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07дугаар сарын 18-ны өдрийн 1659 дугаар магадлалын хариуцагч Б.Эд холбогдох хэсгийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.07.18-ний өдрийн 1659 дугаар Магадлалын зарим хэсгийг буюу Б.А, С.Э нарын хооронд байгуулагдсан хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцсоныг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

1. Нийслэлийн давж заалдах шатны шүүх С.Э, Б.Э нарын 2016.08.15-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ болон газар худалдах, худалдан авах хэлцэл нь Б.А, С.Э нарын хооронд байгуулсан хэлцэлд хамааралгүй, тус тусдаа хэлцэл бөгөөд Б.Э нь шударга өмчлөгч гэж зөв дүгнэсэн. Гэвч Б.А, С.Э нарын хооронд байгуулагдсан Худалдах, худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Зохигчдын хооронд байгуулагдсан 2015.11.23-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр хэлцэл хийгч талууд түүнийг хэрэгжүүлэх ямарваа эрх үүрэг хүлээх хүсэл зориггүй, ямарваа үр дагавар бий болгохыг зориогүй, зөвхөн уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан” хэмээн дүгнэжээ. С.Э миний бие тус хэлцлийг хийхдээ ямар нэгэн хэлцлийг халхавчлах хүсэл зориг, шаардлага байгаагүй бөгөөд маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлөөс хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх талаар гэрээний оролцогч талуудын хүсэлд үндэслэсэн бөгөөд тэрээр өөрийн хүсэл зоригоо бүрэн дүүрэн илэрхийлсэн болох нь талуудын тайлбар, нотлох баримтаас тодорхой харагдаж байхад шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ. Худалдан авах гэрээг Б.Аийн өөрийнх нь санаачлагад үндэслэн байгуулсан бөгөөд гэрээний талуудын хүсэл зоригт үндэслэсэн үр дагаврыг нь тэрээр ойлгож, хүлээн зөвшөөрч байсан тул бие даасан гэрээ байгуулсан. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлсэн нөхцөлд буюу зээл, хүүгийн үнийн дүнгээр үл хөдлөх хөрөнгийг буцаан худалдан авах журмаар хэрэгжүүлэх тохиролцоо байсан бөгөөд нэхэмжлэгч Б.А өөрөө энэ талаар хүсэл зоригоо ойлгомжтойгоор илэрхийлж зөвшөөрүүлсэн. Б.А өөрөө талуудын хооронд тохиролцсон тохиролцоо болон Зээлийн гэрээ, Худалдах, худалдан авах гэрээ хийхийг санаачлан хүссэн, улмаар нотариатаар гэрчлүүлэх болон үл хөдлөх хөрөнгийг Бүртгэлийн газарт хандан өөрийн санаачлагаар, өөрөө шилжүүлж өгсөн гэдгийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр оролцсон Цолмон гэрчилсэн. Иргэний хуульд эд хөрөнгийг буцаан худалдан авах нөхцөлөөр гэрээ байгуулах зохицуулалт байдаг. Ийнхүү худалдах, худалдан авах гэрээ байгуулсан болохыг түүний дараа дараагийн үйл ажиллагааг баримттайгаар нотлоно. Шүүгчийн дүгнэсэн шиг энэ гэрээ нь “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл” гэж үзэх үндэслэлгүй юм. Б.А нэхэмжлэлдээ “Зээлийн барьцаа болгож өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө, түүний дэвсгэр газрыг С.Эийн нэр дээр шилжүүлсэн”, “дээрх үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулсан” мэтээр маргаж байгаа нь болсон явдал, бодит байдлаас ихээхэн зөрсөн үндэслэлгүй, бодит байдлыг гуйвуулсан үндэслэл байсан билээ.

2. Нэхэмжлэгч Б.Атэй гэрээний үүргийг хэрхэн дуусгавар болгох асуудлаар хангалттай хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр хэрэгжүүлсэн. Түүнтэй байгуулсан гэрээний дагуу зээлийг төлж дуусгасан байх хугацаа 2016 оны 02 сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд нэг ч удаа төлбөр хийгээгүй, нэг ч төгрөг төлөөгүй. Улмаар “Төлбөр барагдуулах тухай” бичиг үйлдэж надад өгсөн. Тэр бичигтээ зээлийн гэрээг дуусгавар болгох санал арга замыг тодорхойлсон бөгөөд “зээлийг хугацаанд төлөөгүй тохиолдолд уг үл хөдлөх хөрөнгө болон газрыг бүрэн хүлээлгэж өгнө, хэрэв уг үл хөдлөх хөрөнгө газрыг иргэн С.Эт хүлээлгэн өгөхөөр болсон тохиолдолд ямарваа нэгэн гомдолгүй” тухайгаа бичгээр илэрхийлсэн. Энэ бичгийг 2016 оны 05 сарын 05-нд үйлдсэн болно. Энэ бол зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгох буюу худалдах, худалдан авах гэрээний дагуу миний өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийг буцаан худалдан авахгүй байх тухай тохиролцоо, бие даасан хэлцэл байсан. Б.А зээл хүүгийн төлбөр гэрээгээр тохиролцсон алданги төлөх төлбөрийн хэмжээний мөнгийг надад төлснөөр үл хөдлөх хөрөнгөө буцаан худалдан авах байсан боловч төлбөрийн чадваргүй болсноо илэрхийлж, улмаар 2016 оны 06 сарын 10-ны өдрийн “Баянзүрх дүүргийн 17-р хороо, Шар хад Сүрлэн 6 гудамж, 23 тоот Үйлчилгээний зориулалттай Ү-2204015419 дугаартай үл хөдлөх хөрөнгө, Г-18649312742402 нэгж талбарын дугаартай газрын хамт обьектыг Б.Аээс хүлээн авсан акт үйлдэж, уг үл хөдлөх хөрөнгийг хүлээн авснаар зээлийн гэрээний үүрэг, өр төлбөрийг дуусгавар болгосон. Энэ хэлцэл нь хуулиар хориглоогүй хэлцэл юм. Ингээд үл хөдлөх хөрөнгө Худалдах-худалдан авах гэрээний үүрэг Иргэний хуулийн дагуу бүрэн хэрэгжих нөхцөл бий болсон. Энэ хэлцлээр бидний тохиролцоо, талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу Б.Аийн өмчлөх эрх нэгэн адил дуусгавар болсон. Хэдийгээр үл хөдлөх хөрөнгүүд Б.Аийн /нэг иргэний/ өмчид бүртгэлтэй байсан ч гэсэн түүний эхнэр А.Уянга үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулахыг бичгээр хүлээн зөвшөөрсөн. Тэрээр 2015.11.24 өдөр “Миний нөхөр Б.А нь Нийслэлийн БЗД-ийн 17-р хороо, Шар хад Сүрлэн 6 гудамж 23 тоот хаягт байршилтай 1070 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 100 000 ам.долларын зээлийн барьцаанд барьцаалсан бөгөөд уг зээлийн эргэн төлөлтийг төлж чадаагүй тохиолдолд дээрх үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулахад миний зүгээс татгалзахгүй болохыг илэрхийлж” байгаа тухайгаа бичгийн хэлбэрээр гаргаж өгсөн. Гэтэл Шүүх энэхүү Алтангэрэлийн хүсэл зоригоо илэрхийлсэн нотлох баримтууд, талуудын хооронд байгуулагдсан дараа дараагийн хэлцлээр хийсэн тохиролцоо, үйл явдал, хэлцлүүдийг тал бүрээс нь бодитой судлан шинжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд чухал ач холбогдол бүхий нотлох баримтууд байхад үнэлээгүй, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргаж байна.

3. Иргэний хуулийн 110 дугаар зүйлд зааснаар өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр Б.Аээс С.Эт шилжсэн, хэлцэл үл хөдлөх хөрөнгийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүссэн, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болсон тул өмчлөгч өөрийн өмчлөх эрхийг захиран зарцуулах эрхтэй байсан. Энэ нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 заалтад нийцэж байгаа болно. Иймээс Б.А миний хуулиар тогтоосон хэм хэмжээ хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй захиран зарцуулах эрхэд халдсан үйл ажиллагаа явуулах, хориг саад хийх. гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага гаргах эрх зүйн үндэслэл үгүй билээ. Б.Аийн шүүхэд гаргасан тайлбар шиг түүнд мэдэгдэлгүйгээр, хууль бус аргаар захиран зарцуулсан асуудал байхгүй, өөрийнх нь хүсэл зориг, бичгийн хэлбэрээр акт үйлдэж, хүлээлгэж өгсөн үйл явдлын үндсэн дээр бусдад шилжүүлсэн.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ дээрх тохиролцоо, хэлцлийг огтхон ч анхаараагүй, анхаарахыг ч хүсээгүй ба Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 заасан “шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэх“ тухай зохицуулалтыг хэрэглээгүй нь учир дутагдалтай болсон. Мөн шүүхийн шийдвэрт бичсэн үндэслэл хуулийн заалт хийгээд Улсын Дээд шүүхийн 2010 оны 17 дугаар тогтоол /тайлбар/-ын агуулгад нийцсэнгүй. Ийм байхад Давж заалдах шатны шүүх “...хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоосон нь зөв байна” гэж дүгнэсэнд гомдолтой байна. Б.А үл хөдлөх эд хөрөнгөө худалдсан зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч улмаар өмчлөлийн газар, барилгыг хүлээлгэн өгч, акт үйлдсэн, худалдан борлуулахыг зөвшөөрсөн үйл баримт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-д “Энэ хуулийн 56.1.2-56.1.4, 56.1.8-д заасан хэлцлийг хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийлгэсэнтэй адилтгаж үзнэ” гэсэн заалтад нийцэж байгаа болно.

4. Б.А нь авсан зээлээ 2016.2.23-ны, өдөр бүрэн төлж дуусах үүрэгтэй байсан бөгөөд энэ үеээс хойш нэг ч ам доллар төлөөгүй, тэрээр зээл, зээлийн хүү, хугацаа хэтрүүлсний алданги. гэрээннй үүргээ биелүүлээгүйгээс надад учирсан хохирол зэргийг төлж барагдуулах гэрээнд заасны дагуу худалдсан эд хөрөнгөө буцаан худалдан авах мөнгө санхүүгийн чадваргүй болсон, энэ байдлаа өөрөө хүлээн зөвшөөрч, “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан, өмчлөх эрхээ шилжүүлэх талаар шинээр хэлэлцэн тохиролцож акт үйлдсэн /шинээр хийсэнтэй адилтгах хэлцэл-Иргэиий хуулини 56.3 заалтад хамаарах/ бөгөөд энэ гэрээ тохиролцоо бол Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн “үүрэг дуусгавар болгох” арга замыг тохиролцсон, тухайлбал 236.1.2, 236.1.3, 236.2 заалтуудын зохицуулалтад хамаарал бүхий тохиролцоо байсан. Гэрээний талууд аль аль нь ойлгож, хүсэл зоригоо бүрэн илэрхийлсэн хэлцэл юм. Энэ нь “зээлийн гэрээний үүргээ Б.А Иргэний хуулийн 236.1-д зааснаар зохих ёсоор гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг дуусгавар болно. Хэрэв үүргээ үл биелүүлэх бол “худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах боломжтой бөгөөд зээлийн гэрээний үүргийг худалдах, худалдан авах гэрээний үүргээр солих замаар үүрэг дуусгавар болгох эрх зүйн үр дагавар бий болно гэдгийг тэрээр ойлгож тусад нь гэрээ байгуулсан юм. Тэрээр үүргээ гүйцэтгэх боломжгүй  болсноо бүрэн ойлгож, худалдах, худалдан авах гэрээний зүйл болох Үл хөдлөх хөрөнгөө 2016.06.10-ны өдөр хүлээлгэн өгч акт үйлдсэнээр зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон. Бидний тохиролцсон энэ арга бол гэрээний эрх чөлөө, талуудын гэрээ байгуулах чөлөөт байдалтай шууд холбогдох бөгөөд хуулиар хориглосон зүйл үгүй юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон 2 нотариатч иргэд ийм байдлаар гэрээ байгуулдаг тохиолдол олон, бидэнд хуулиар хориглосон заалт үгүй учир гэрээг батлахаас татгалзах үндэслэл байхгүй гэж мэдүүлсэн байдаг. Үүнийг 2 шатны шүүх харгалзах ёстой байсан.

5. Б.А Иргэний эрх зүйн гэрээгээр дамжуулан мөнгийг төлөхгүй байх арга сэдэж байна. Тухайн гэрээг шүүхийн журмаар хүчин төгөлдөр бусад тооцуулснаараа хэлцлээр тохиролцсон үүргийн дагуу шилжүүлэн өгсөн үл хөдлөх хөрөнгөө буцаан авч захиран зарцуулах эрхтэй болж, үүргийн гүйцэтгэлийг хангахгүй байх санаа зорилгыг агуулж байна. Тэрээр С.Э надаас авсан 100 000 ам.доллар, түүний хүү алданги, хохирлыг төлөх чадваргүй бөгөөд өөрөө ч үүнийгээ илэрхийлсэн.

Иймээс шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн үзэж байх тул Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.07.18-ний өдрийн 1659 дугаар магадлалын зарим хэсэгт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч хяналтын журмаар гомдол гаргаж байна гэжээ

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Б.А нь С.Э, Б.Э нарт холбогдуулан 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн газар болон үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тусад нь худалдсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулж, үр дагаврыг арилгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан хэлцлийг хүчин төгөлдөр бус  гэж үзэж, С.Э, Б.Э нарын хооронд 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан үйлчилгээний барилга, газар худалдах-худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож, хэлцлээр шилжүүлсэн уг хөрөнгийг Б.Ээс С.Эт, С.Эээс Б.Ад шилжүүлж шийдвэрлэсэн байна. 

Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, С.Э, Б.Э нарын хооронд 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан “Газар худалдах-худалдан авах гэрээ”, “Үйлчилгээний барилга худалдах-худалдан авах гэрээ” хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах болон 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ”-ний дагуу эд хөрөнгийг Б.Ад шилжүүлэх шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгожээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан боловч Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зүйл, заалтыг хэрэглээгүй байх тул шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй  байна.

Хэрэгт авагдсан баримтаар 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр С.Э нь Б.Аийн хүсэлтээр түүнд 100 000 ам.долларыг 3 сарын хугацаатай зээлүүлж, үүргийн гүйцэтгэлд буюу барьцаанд нь маргаж  буй эд хөрөнгүүдийг зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, харин зээлдэгч бодитоор эзэмшихээр талууд тохиролцсон үйл баримт нотлогджээ.

Зээлийн гэрээний хугацаа өнгөрсөн боловч Б.А зээлийг төлөөгүйгээс гадна  2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр баталгаа гаргаж,  зээлийн хүүг 2016 оны 05 дугаар сарын 20-нд, үндсэн зээлийг нэг сарын хүүгийн хамт 2016 оны 06 дугаар сарын 20-нд төлнө... төлөөгүй тохиолдолд үл хөдлөх хөрөнгийг хүлээлгэж өгөхөөр тохирч,  улмаар 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр заасан эд хөрөнгийг зээлдүүлэгчид хүлээлгэн өгсөн /хх-36, 38/ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгийн зохицуулалтыг зөрчөөгүй байна.

Иймд талуудын хооронд хийгдсэн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн газар, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус худалдсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ” хүчин төгөлдөр байна.

С.Э нь дээрх худалдах-худалдан авах хэлцлээр өөрийн өмчлөлд шилжсэн хөрөнгийг Б.Эд худалдсан нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлээр  101.1. дэх заалтыг зөрчөөгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохыг хүссэн хариуцагчийн гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2018/01078 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1659 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 56.5.-д заасан үндэслэлгүй тул “...газар болон үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах тухай 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах, үр дагаврыг арилгуулах...” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., 59 дүгээр зүйлийн 59.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Алтанбилэгээс  төлсөн 165 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, С.Эээс төлсөн 165 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар хариуцагч С.Эт буцаан олгосугай.

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.УНДРАХ

                                             ШҮҮГЧ                                                Х.ЭРДЭНЭСУВД