Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2022/01230

 

“М э и” ХК-ийн “Б-Ө Э х” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2020/01034 дүгээр шийдвэртэй,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 212/МА2020/00086 дугаар магадлалтай,

“М э и” ХК-ийн “Б-Ө Э х”  ХХК-ийн нэхэмжлэлтэй,

С.Р-д холбогдох,

Дутаасан эмийн үнэ 1,218,285 төгрөг гаргуулах тухай үндсэн, 1,329,675 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Аселийн гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Болд-Эрдэнэ, хариуцагч С.Р, түүний өмгөөлөгч С.Алтай, нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “М э и” ХК-ийн “Б-Ө Э х”  ХХК нь хариуцагч С.Р-д холбогдуулан дутаасан эмийн үнэ болох 1,218,285 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгчид холбогдуулан 2019 оны 10 дугаар сарын цалингаас үндэслэлгүй суутгаж авсан 454,131 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын цалин болон тухайн жилийн амралтын мөнгө, нийт 1,329,675 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

2. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2020/01034 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 55 дугаар зүйлийн 55.1, 128 дугаар зүйлийн 128.1.3-д заасныг тус тус баримтлан хариуцагч С.Р-аас дутаасан эмийн үнэд 777,900 төгрөг гаргуулан “М э и” ХК-ийн “Б-Ө Э х”  ХХК-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 440,385 төгрөг, мөн хариуцагч С.Р-ы нэхэмжлэгч “М э и” ХК-ийн “Б-Ө Э х”  ХХК-аас 2019 оны 10 дугаар сарын цалингаас үндэслэлгүй суутгаж авсан 454,131 төгрөг, мөн 2019 оны 12 дугаар сарын цалин болон тухайн жилийн амралтын мөнгөний хамт нийт 1,329,675 төгрөг гаргуулахыг хүссэн тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,804 төгрөг, мөн хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,225 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Р-аас улсын тэмдэгтийн хураамжид 23,220 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэжээ.

3. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 212/МА2020/00086 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2020/01034 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,225 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Асель хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасныг баримтлан давж заалдах шатны шүүхийн 2020.12.22-ны өдрийн 86 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. 2020.07.31-ний өдрийн 130/ШТ2020/00046 дугаар шүүхийн тогтоолоор 130/Ш32020/02310 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон. Тус өдрийн “Хүсэлтийг хангаж, шинжээч томилон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” шүүгчийн захирамжийн 2 дахь заалтаар урьд дүгнэлт гаргасан Баян-Өлгий аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудитын аудитор Х.Серикжаныг шинжээчээр томилсон нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т заасан “Дахин шинжилгээ хийхэд энэ хуулийн 20.1-д заасан дүгнэлтийг гаргасан буюу гаргахад оролцсон шинжээчийг оролцуулахыг хориглоно” гэснийг зөрчжээ гэж дүгнэсэн боловч хавтаст хэргийн 214 дүгээр хуудаст авагдсан 2020.07.31-ний өдрийн 2387 дугаар шүүгчийн захирамжаар Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасныг үндэслэн “хариуцагч С.Р-ы гаргаж өгсөн орлого тушаасан гэх” баримтыг өмнөх шинжээчийн дүгнэлтээр нэмж тооцсон эсэхийг тогтоолгохоор нэмэлт шинжээч томилсныг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй хуулийг буруу тайлбарлаж шийдвэрийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй. Мөн хариуцагч С.Р шүүх хуралдаанд шинжээчийн дүгнэлтээр тогтоосон, дутаасан үнийг хүлээн зөвшөөрсөн, тэрээр цалин болон амралтын мөнгөө нэхэмжилж байгаа боловч хугацаандаа гомдол гаргаагүй. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Шинжээчийн дүгнэлт тодорхойгүй буюу бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тохиолдолд шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж, хүсэлтээр нэмэлт шинжилгээ хийнэ. Тус хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт нэмэлт шинжилгээг энэ хуулийн 19.1-д заасан дүгнэлтийг гаргасан буюу гаргахад оролцсон шинжээчээр хийлгэж болно.” гэж заасан байх ба анхан шатны шүүх тухайн заалтыг баримтлан Баян-Өлгий аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудитын аудитор Х.Серикжаныг дахин томилсон нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийг зөрчөөгүй.

4.2. Давж заалдах шатны шүүх хэргийн 118-144 талд авагдсан хуулбар баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд манай байгууллагаас тухайн баримт болон тооцооны дэвтрийн эх хувийг гаргаж өгсөн байхад давж заалдах шатны шүүх үүнийг анзаараагүй буруу дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй.

6. Нэхэмжлэгч “М э и” ХК-ийн “Б-Ө Э х”  ХХК-аас хариуцагч С.Р-д холбогдуулан дутаасан эмийн үнэ 1,218,285 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгчид холбогдуулан цалингаас үндэслэлгүй суутган авсан 1,329,675 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хариуцагчаас 777,900 төгрөг гаргуулж, үлдэх нэхэмжлэлийн шаардлага болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.

7. Нэхэмжлэгчээс “... “Б-Ө Э х”  ХХК-ийн салбар эмийн сан болох 2 дугаар эмийн сангийн эрхлэгчээр С.Р нь ажиллаж байсан. Тус эмийн санд 2019.12.29-ний өдөр жилийн эцсийн тооллого хийхэд дутаасан эмийн дүн 6,281,485.66 төгрөг гарсан... тус эмийн санд 3 хүн хамтын тооцоогоор ажилладаг тул тэнцүү хувааж тооцоход нэг хүнд 2,093,829 төгрөгийн төлбөр ногдож байгаа болно. Уг мөнгөнөөс С.Р-ы 2019 оны 12 дугаар сарын цалин 529,558 төгрөг, амралтын мөнгө болох 345,986 төгрөгийг суутган тооцсон тул одоо үлдэгдэл 1,218,285 төгрөгийг С.Р-аас нэхэмжилж байна...” гэснийг,

хариуцагч эс зөвшөөрч “... Миний бие тус компанид 2019 оны эцэс хүртэл гурван ээлжээр гурван эмийн санчтай ажиллаж байсан. Намайг ажлаас гарсны дараа төлбөр гарсан чи энийг төлөх ёстой гэж өр авлагын тайлан гэгч ор үндэсгүй бичиг гаргаж гарын үсэг зуруулах гэж удаа дараа дарамталсан. Би ажиллаж байх хугацаандаа тийм дутагдал гаргаагүй. 3 эмийн санч хамтын тооцоотой ажилладаг байсан. 2019 оны 10 дугаар сарын сүүлчээр Улаанбаатар хотоос санхүүгийн мэргэжилтэн хоёр хүн ирж шалгалт хийж бүх зүйлийг шалган дутагдлын акт бичиж, тухайн үед бид гурваар төлүүлж барагдуулсан... Бид сар болгоны эцэст өөрсдөө тооллогоо хийж санхүүд өгдөг. 11, 12 сарын эцэст бид тооллого хийсэн. Дутагдал гараагүй... Шинжээчийн дүгнэлтээр гаргасан дутаасан гэх 777,900 төгрөгийг тус компани суутгаж авсан, миний 12 сарын цалин 600,000 төгрөг, амралтын мөнгө 345,000 төгрөг, нийт 945,000 төгрөгөөс хасаж тооцож өгөхийг хүсье...” гэжээ.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ “... Би эмийн сангийн эрхлэгчээр 2019 оны 1 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал ажилласан... 2019 оны 12 дугаар сарын цалин 600,000 төгрөг, 2019 оны жилийн эцсийн амралтын мөнгө 345,900 төгрөгийг миний зөвшөөрөлгүйгээр суутгаж авсан. Надаас нийт 1,329,675 төгрөгийг суутгаж авсан... Би өөрөө Н.К захирал дээр хэд хэдэн удаа очиж ямар ч үндэслэлгүйгээр суутгаж авсан 1,329,675 төгрөгийг буцааж өг гэж шаардахад “Би мэдэхгүй, та нарын төлбөр тооцоо, дутагдсан өрийг Улаанбаатар хотоос “М э и” ХК-аас компьютероор тоолж тооцсон тул түүгээр заргалд” гэж хэлсэн бөгөөд бид хаана ямар нэхэмжлэл өгөх учраа олохгүй байсан. Нэгэнт энэ хэргийн маргааныг тус шүүхийн харьяаллаар шийдвэрлэхээр хүлээн авсан байх тул “Б-Ө Э х”  ХХК-аас үндэслэлгүйгээр цалингаас суутгаж авсан 1,329,675 төгрөгийг гаргуулж өгнө үү ...” гэснийг,

нэхэмжлэгч эс зөвшөөрч “... С.Р нь жилийн эцсийн тооллого хийсний дараа дураараа ажлаа орхин гарсан. Ямар ч хүсэлт өгөөгүй, тооцоог хийж дуусгалгүй гараад явсан. С.Р нь 1,329,675 төгрөг нэхэмжлэх ямар ч үндэслэлгүй. 2019 оны 10 дугаар сард төв компаниас 4 хүн шалгалтаар ирж тооллого хийн, акт тогтоон хүн бүрд танилцуулж, дутагдал 454,131 төгрөгийг С.Р-ы цалингаас шууд суутган авсан. 2019.12.29-ний өдөр жилийн эцсийн тооллогоор 3,428,903 төгрөгийн эм бараа дутсан тул 12 дугаар сарын цалин 529,558 төгрөг, амралтын 345,986 төгрөгийг суутган тооцсон болно. Манай ажилчдын цалин сар бүр төв компаниас бодогдон ирдэг ба төлбөрийг төвөөс шууд суутган тооцдог. Нэгэнт эмийн үнийг дутаасан тул С.Р- нь хариуцлагаас зайлах эрхгүй. Иймд С.Р-ы нэхэмжлэл ямар ч үндэслэлгүй...”  гэжээ.  

8. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “... зохигчийн хооронд үүссэн маргаан нь эд хөрөнгийн хариуцлагатай холбоотой хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн, талуудын хооронд эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна, иймд нэхэмжлэгч буюу ажил олгогч нь ажилтны буруутай үйл ажиллагааны улмаас өөрт учирсан хохирлыг шаардах эрхтэй. Хариуцагч С.Р нь хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх явцад Хөдөлмөрийн хууль болон гэрээнд заасан үүргээ зөрчиж, 2019.10.27-оос 2019.12.31-ний өдөр хүртэл эмийн борлуулалтын дүнгээс 777,900 төгрөгийн эмийн үнэ дутаж өр төлбөр гаргасан болох нь хэрэгт авагдсан эмийн борлуулалтын дэвтэр, 2020.09.18-ны өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбар, нэхэмжлэгч “Б-Ө Э х”  ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд болон хариуцагчийн шүүх хуралдаанд шинжээчийн дүгнэлтээр гарсан мөнгийг сөрөг нэхэмжлэлээс хасаж тооцож өгөхийг хүссэн тайлбар зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг энэхүү тогтоогдсон хэмжээгээр хангаж, үлдэх 440,385 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.  Хариуцагч С.Р нь нэхэмжлэгч байгууллагын 2 дугаар эмийн сангийн эрхлэгчээр 2019 оны 01 дүгээр сараас 2019.12.31-ний өдөр хүртэл ажиллаж, ажлаас өөрөө гарсан, түүнээс хойш 5 сар, 21 хоногийн дараа сөрөг нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасныг зөрчсөн, ийнхүү шаардах эрхээ алдсан тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй...” хэмээн хэргийн үйл баримтыг бүрэн дүгнэж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

9. Гэтэл давж заалдах шатны шүүх дээрх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа “... Шинжээч томилсон шүүхийн ажиллагаа Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, хариуцагч болон түүний өмгөөлөгчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргах эрх бодитой хангагдаагүй, хэргийн 118-144 талд авагдсан хуулбар баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаагүй, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн...” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй.

10. Учир нь, тус шүүхийн 2020.07.31-ний өдрийн 46 дугаар тогтоолоор хариуцагч С.Р-ы гомдлоор Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 2310 дугаар шүүгчийн захирамжийг хянахдаа “...гомдол гаргагч, түүний өмгөөлөгч нарын гомдлыг хүлээн авч, шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон байх тул нэмэлт шинжилгээ хийлгэх нь зүйтэй гэж үзлээ...” хэмээн дүгнэж, гомдлыг хангаж, шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон, үүний дагуу анхан шатны шүүх 2020 оны 2387 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн “нэмэлт шинжилгээ хийлгэх хүсэлт”-ийг хангаж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2...-т заасныг үндэслэн нэмэлт шинжилгээ хийлгэхээр Х.Серикжаныг шинжээчээр томилсон. Шинжээч хариуцагчийн гаргаж өгсөн санхүүгийн баримтыг нэмж үнэлээд “...С.Р-ы 2019.10.27-2019.12.29-ний өдөр хүртэлх нийт борлуулсан эмийн дүн нь 5,024,290 төгрөг, үүнээс 4,365,490 төгрөгийн орлого тушаасан байна. Нийт борлуулсан үнээс дутаасан өр нь 777,900 төгрөг байна...” гэсэн дүгнэлт гаргасан. Энэхүү дүгнэлт нь хэрэгт авагдсан бусад баримтаар давхар нотлогдсон, үүнийг хариуцагч баримтаар үгүйсгээгүй байна.

11. Ийнхүү анхан шатны шүүх давж заалдах шатны шүүхийн тогтоолыг биелүүлж, хариуцагчийн өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу нэмэлт шинжилгээ хийлгэхээр шийдвэрлэсэн, энэ тохиолдолд Шүүх шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т зааснаар өмнөх шинжээчийг оролцуулж болохоор заасан байтал давж заалдах шатны шүүх “хуулийн уг заалтыг зөрчсөн, хариуцагчийн хүсэлт гаргах эрх бодитой хангагдаагүй, зарим баримт нотлох баримтын шаардлага хангаагүй” гэх зэргээр анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцээгүй гэж үзнэ.

12. Иймээс “давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй” гэсэн агуулгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-т заасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй.

13. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.     

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 212/МА2020/00086 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2020/01034 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төлсөн 36,225 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

  

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                    Г.АЛТАНЧИМЭГ 

                          ШҮҮГЧИД                                                         Г.БАНЗРАГЧ

                                                                                                    П.ЗОЛЗАЯА

                                                                                                    Д.ЦОЛМОН