Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 212/МА2020/00086

 

Б ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Н.Туяа, Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2020/01034 дүгээр шийдвэртэй, Өлгий сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Б ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өлгий сумын 02 дугаар багт оршин суудаг Ж овогт С Рд холбогдох иргэний хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Т.Еркегүл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А, хариуцагч С.Р, хариуцагчийн өмгөөлөгч С.Алтай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Дутаасан эмийн үнэ 1.218.285.00 төгрөг гаргуулах тухай.

Сөрөг нэхэмжлэлд: Б ХХК-аас 2019 оны 10 дугаар сарын цалингаас үндэслэлгүй суутгаж авсан 454.131 төгрөг мөн 2019 оны 12 дугаар сарын цалин болон тухайн жилийн амралтын мөнгө нийт 1.329.675.00 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэлд: Б ХХК-ийн салбар эмийн сан болох 2 дугаар эмийн сангийн эрхлэгчээр С.Р нь ажиллаж байсан. Тус эмийн санд 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр жилийн эцсийн тооллого хийхэд дутаасан эмийн дүн 6.281.485.66 төгрөгөөс С.Рд төлбөр болгосон 3.428.903.16 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, тус эмийн санд ажилладаг 3 хүн хамтын тооцоогоор ажилладаг тул 3 хүнд тэнцүү хувааж тооцоход нэг хүнд 2.093.829 төгрөг ногдож байгаа болно. Уг мөнгөнөөс С.Ры 2019 оны 12 дугаар сарын цалин 529.558.00 төгрөг, амралтын мөнгө болох 345.986.00 төгрөгийг суутган тооцож одоо 1.218.285.00 төгрөгийг С.Раас нэхэмжилж байна. гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: Миний бие С. Р тус компанид 2019 оны эцэс хүртэл ажилласан. Энэ үед гурван ээлжээр гурван эмийн санч Ж салбарт ажиллаж байсан. Мөн жилийн эцэст би ажлаас өөрийн хүсэлтээр захиралд хэлээд гарсан. Намайг ажлаас гараад явсны дараа 2 дугаар сараас эхэлж баахан төлбөр гарсан чи энийг төлөх ёстой гэж өр авлагын тайлан гэгч ор үндэсгүй бичиг гаргаж намайг гарын үсэг зуруулах гэж удаа дараа дарамталсан. Би ажиллаж байх хугацаанд тийм дутагдал гаргаагүй. 3 эмийн санч хамтын тооцоотой ажилладаг байсан. Ямар нэг дутагдал зөрчил гарвал хамтдаа хариуцах ёстой. 2019 оны 10 дугаар сарын сүүлчээр Улаанбаатар хотоос М ХК-ний захирал н.Мөнхбаатар гэдэг санхүүгийн мэргэжилтэн хоёр хүн ирж шалгалт хийж бүх зүйлийг шалган дутагдлын акт бичиж, тухайн үед бид гурваар төлүүлж барагдуулсан. 2019 оны 7 дугаар сарын эхэнд манай салбарыг тус компанийн нягтлан Ш.Асел өөрийнх нь хувийн байшингийн залгаа өрөөнд нүүлгэн оруулсан байсан. Тэр үед стандартын шаардлага хангахгүй орчинд эмийн сан ажиллуулсан гэж мэргэжлийн хяналтын албанаас хаачихсан. 10 дугаар сар хүртэл эмийн сан ажиллаагүй. 10 дугаар сарын эхээр дахиад ажиллуулсан. 3 сар гаруй хугацаанд Ш.Аселийн хувийн байшингийн нэг өрөөнд тус салбарын эм байсан. Бидэнд тоолж хүлээлгэж өгөөгүй. Тэр хугацаанд шалгалтаар дутагдсан 1.200.000.00 төгрөгийн эмийг нягтлан бодогч Ш.Асел өөрөө хариуцах ёстой гэж бодож байна. Гэтэл тиймэрхүү зөрчил дутагдал гаргаж биднийг дарамталж төлүүлж байсан. Бид гурав хамтдаа 1.200.000.00 төгрөгийг төлсөн. Би 454.131 төгрөгийг цалингаас суутгуулан төлсөн. Түүнийг энэ өр авлагын тайлан гэгч юманд төлөөгүй мэтээр харуулсан байна. Ийм ор үндэслэлгүй төлбөрийг би хэрхэвч зөвшөөрөхгүй. Тооцоогоо хамтдаа сууж яг ямар юманд зөрүү гараад байгааг тооцоолж нягталж үзье гэхээр тус компанийн нягтлан бодогч элдэв шалтаг яриад татгалзаж тооцоо нийлүүлэхгүй байгаа. Бид сар болгоны эцэст л өөрсдөө тооллогоо хийж санхүүд өгдөг. 11, 12 сарын эцэст бид тооллого хийсэн. Дутагдал гараагүй. 10 дугаар сарын 26-нд төвөөс ирсэн шалгалтаар бүх зөрчил дутагдлыг арилгуулсан байгаа. 10 дугаар сарын 26-аас 12 сарыг дуустал миний борлуулсан эмийн тооцоог товч шүүхэд гаргаж өгвөл 2019 оны 11 дүгээр сард борлуулсан эмийн үнэ 1.928.130.00 төгрөг ба түүнээс бэлнээр 1.534.100.00 төгрөг, картаар 585.280.00 төгрөг бүгд 2.119.380.00 төгрөг илүү төлсөн 191.250.00 төгрөг, 12 дугаар сард борлуулсан эмийн дүн 1.719.820.00 төгрөг үүнээс бэлнээр 908.000.00 төгрөг, картаар 656.360.00 төгрөг бүгд 1.564.360.00 төгрөг, тус сард дутуу 155.460.00 төгрөг байна. Түүнээс 2019 оны 11 дүгээр сард илүү төлсөн мөнгөнөөс хасаж тооцоход 35.790.00(191.250.00-155.460.00) төгрөг байна. 2019 оны 11 дүгээр сарын 14-нд, 12 дугаар сарын 16-нд , 28-нд тооллого хийсэн гэж бичсэн байна. Ямар ч тооллого хийгээгүй. Иймэрхүү маягаар ямар ч нотолгоо, үндэслэлгүй хүн гүтгэж байна. Би энэ бүх дарамт хавчлагаас болж ажлаас өөрийн хүсэлтээр гарсан. Миний бие өөрөө тухайн тооцоог 11 болон 12 дугаар сарын баримттай тулгалт хийж үзэхэд ямар ч дутагдал гараагүй байсан. Тэгээд 11 сарын хувьд нягтлан бодогч Ш.А бид хоёр хамт тооцоо хийхэд ямар ч дутагдал гараагүй байсан. Дараа нь 12 дугаар сарын тооцоог хамт хийе гэхэд Ш.А өөрөө хамт тооцоо хийхгүй гээд татгалзсан. Шинжээчийн дүгнэлтийн хувьд би шүүхэд нийт 21 ширхэг баримт өгсөн. Тэрнээс шинжээч яагаад бэлэн мөнгө тушаасан 11 баримтыг л бичсэнийг би ойлгохгүй байна. Шинжээчийн дүгнэлтээр гаргасан дутаасан гэх 777.900.00 төгрөгийг тус компани суутгаж авсан миний 12 сарын цалин болох 600.000.00 төгрөг, амралтын мөнгө болох 345.000.00 төгрөг нийт 945.000.00 төгрөгөөс хасаж тооцож өгөхийг хүсье. гэжээ.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд: Би Б ХХК-ийн захирал Н.Ктэй тохироод тус компани Ж эмийн сангийн эрхлэгчээр 2019 оны 01 дүгээр сараас эхлэн орж, 2019 оны 12 дугаар сарын эцсээр ажлаас чөлөөлөгдсөн. Хамт ажилладаг Д.Ж, Б.К бид тус Б ХХК-ийн эзэн захирал Н.Кийн мэдэлд Ж эмийн санд гэрээгээр хөдөлмөрлөж цалингаа авдаг байсан. Манай аймагт Н.Кийн эм хангамж компанид 2019 оны 10 дугаар сард Улаанбаатар хотоос эм бараа нийлүүлдэг гэх М ХХК-ийн дарга, мөн нягтлан бодогч Мөнхбаатар гэдэг хүмүүс ирсэн. Тэд компьютероор тооллого хийсэн гэсэн. Бидэнд та нар мөнгө дутаасан байна. Бүх тушаасан мөнгөний дүн 1.700.000 орчим төгрөг болсон гэсэн ба энэ мөнгийг уг Ж эмийн санд ажилладаг Д.Ж, Б.К бид гурваар тэнцүү хувааж төлүүлэхээр шийдвэр гаргаад явсан гэх ба компаниас дээрх төлбөр гэгч 454131 төгрөгийг шууд цалингаас маань татаж авч суутгасан. Энэ мэтээр миний авдаг 600000 төгрөгийн цалинг сар бүр төлбөрт авч байсан.Тодруулбал 2019 оны 12 дугаар сарын цалин 600000 төгрөг 2019 оны жилийн эцсийн амралтын мөнгө 345.900 төгрөгийг миний зөвшөөрөлгүйгээр суутгаж авсан. Надаас бүгд 1.329.675 төгрөгийг суутгаж авсан. Тэгээд төлбөрийн асуудлаас болж ойлголцохгүй болоод би 2020 оны 01 дүгээр сарын 01 ний өдрөөс тасалбар болгон ажлаас гарсан. Би өөрөө Н.К захиралд хэд хэдэн удаа очиж ямар ч үндэслэлгүйгээр төлбөр гэдэг нэрээр суутгаж авсан 1.329.675 төгрөгийг буцааж өг гэж шаардахад тэр Би мэдэхгүй, та нарын төлбөр тооцоо, дутагдсан өр ширийг Улаанбаатар хотоос М компани компьютероор тоолж тооцсон тул түүгээр заргалд гэж хэлсэн бөгөөд бид хаана ямар нэхэмжлэл өгөхөө учраа ололгүй байж байсан. Нэгэнт энэ хэргийн маргааныг тус шүүхийн харьяаллаар шийдвэрлэхээр хүлээн авсан байх тул танай шүүхэд дээрх Б ХХК-аас үндэслэлгүйгээр цалингаас суутгаж авсан 1329675 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсэж сөрөг нэхэмжлэл гаргаж байна... гэжээ.

Нэхэмжлэгчийн тайлбарт: С.Р нь төлбөрийн асуудлаас болж ойлголцохгүй болоод ажлаас гарсан гэсэн утгагүй тайлбар гаргасан байна. С.Р нь эмийн сангийн эрхлэгч ба 2 жор баригчтай нийт 3 хүний бүрэлдэхүүнтэй салбар "Ж" эмийн санг хариуцан ажилласан. Гэтэл ажиллаж эхлээд хоорондоо их маргаан гаргаж, хамтран ажиллахад их хүндрэл үүсгэж байсан ба бид олон ч удаа хуралдаж ажлын зөвлөгөө өгч эвлэрүүлэн ажиллуулж байсан. Мөн тооллого болгонд тогтмол дутагдал гаргадаг, зээлээр тараадаг, дутагдлыг засах талаас ажилладаггүй, хайхрамжгүй ханддаг, борлуулсан эм барааны мөнгийг хугацаанд тушаадаггүй хувьдаа ашиглаж зөрчил гарган ажилладаг. С.Р нь жилийн эцсийн тооллого хийсний дараа дураараа ажлаа орхин гарч гарах тухай ямар ч хүсэлт өгөөгүй мэдэгдээгүй тооллогын тооцоог хийж дуусгалгүй гараад явсан. С.Р нь 1.329.675 төгрөг нэхэмжлэх ямар ч үндэслэлгүй. Үүнд: 1. 2019 оны 10 дугаар сард төв компани гүйцэтгэх захиралтай 4 хүн шалгалтаар ирж тооллого хийж дутагдал гарсан тул акт тогтоож хүн бүрд танилцуулж дутагдал 454.131.00 төгрөгийг С.Ры цалингаас шууд суутгал хийгдсэн. 2. 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр жилийн эцсийн тооллогоор 3.428.903 төгрөгийн эм бараа дутсан тул 12 дугаар сарын цалин 529.558 төгрөг амралтын 345.986 төгрөгийг суутган тооцсон болно. Манай ажилчдын цалин сар бүр төв компани М ХХК-ийн Б ХХК-аас бодогдон ирдэг ба төлбөрийг төвөөс шууд суутган тооцдог. Нэгэнт эмийн үнийг дутаасан тул С.Р нь хүлээн зөвшөөрөх ба төлөхгүй гэж хариуцлагаас зайлах эрхгүй. Иймд С.Ры 1.329.675 төгрөгийг манай компаниас нэхэмжлэх нь ямар ч үндэслэлгүй гэдгийг мэдэгдэж байна. гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2020/01034 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 55 дугаар зүйлийн 55.1, 128 дугаар зүйлийн 128.1.3-д заасныг тус тус баримтлан хариуцагч С.Рхнаас дутаасан эмийн үнэнд 777.900.00 төгрөг гаргуулан М ХК-ийн Б ХХК-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 440.385.00 төгрөг, мөн хариуцагч С.Ры нэхэмжлэгч М ХК-ийн Б ХХК-аас 2019 оны 10 дугаар сарын цалингаас үндэслэлгүй суутгаж авсан 454.131.00 төгрөг, мөн 2019 оны 12 дугаар сарын цалин болон тухайн жилийн амралтын мөнгөний хамт нийт 1.329.675.00 төгрөг гаргуулахыг хүссэн тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2020/01034 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

С.Р би Б ХХК-ийн захирлын нэхэмжилсэн 2.553.359.16 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг анхнаасаа хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд хамгийн сүүлд гаргасан шинжээчийн дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Тус нэхэмжлэгч компани нь надтай хөдөлмөрийн гэрээ хийгээгүй бөгөөд би үндэслэлгүйгээр тэдэнд одоогоор 1.000.000.00 гаруй төгрөгийг суутгуулж, мөн 777.900.00 төгрөгийг төлөхөөр болоод байна. Иймд миний нэхэмжлэлийг хангаж шийдээгүй анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч С.Рд холбогдуулан дутаасан эмийн үнэ 1.218.285.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, хариуцагч С.Р нь хариуцагчид холбогдуулан Б ХХК-аас цалингаас үндэслэлгүй суутгаж авсан 1.329.675.00 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Анхан шатны шүүх хариуцагч С.Раас дутаасан эмийн үнэнд 777.900.00 төгрөг гаргуулан М ХК-ийн Б ХХК-д олгож, илүү нэхэмжилсэн 440.385.00 төгрөгийг, хариуцагч С.Ры сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчжээ.

 

Хариуцагч С.Р болон түүний өмгөөлөгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 130/ШЗ2020/01891 дугаар шүүгчийн захирамжийн 1 дэх заалтаар хүсэлтэд дурдсан тусгай мэдлэг шаардах асуудлаар шинжээч томилохоор тогтоож, Баян-Өлгий аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудитын аудитор Х.Серикжаныг шинжээчээр томилжээ. Улмаар Х.Серикжан нь шинжээчийн дүгнэлт гаргаж уг дүгнэлтийг хариуцагч болон өмгөөлөгч эс зөвшөөрч Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт зааснаар дахин шинжээч томилох тухай хүсэлт гаргасныг Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШЗ2020/02310 дугаар шүүгчийн захирамжаар хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Энэ захирамжийг эс зөвшөөрч тухайн шатны шүүхэд гомдол гаргаснаар 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 130/ШТ2020/00046 дугаартай шүүхийн тогтоолоор 130/ШЗ2020/02310 дугаартай Хүсэлтийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосноор тус өдөр Хүсэлтийг хангаж, шинжээч томилон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжийн 2 дахь заалтаар урьд дүгнэлт гаргасан Баян-Өлгий аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудитын аудитор Х.Серикжаныг шинжээчээр томилсон нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-д заасан Дахин шинжилгээ хийхэд энэ хуулийн 20.1-д заасан дүгнэлтийг гаргасан буюу гаргахад оролцсон шинжээчийг оролцуулахыг хориглоно гэж заасныг зөрчжээ.

Шинжээч томилсон шүүхийн ажиллагаа Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна. Иймд хариуцагч болон түүний өмгөөлөгчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргах эрх бодитой хангагдаагүй гэж үзнэ.

Хэргийн 118-144 талд авагдсан хуулбар баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Хуульд зааснаар бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүхээс жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд гэдэгт хэргийн оролцогч хамаарахгүй ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан шүүхээс нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх зохицуулалттай уялдаатай хэрэгжинэ.

 

Иймд хариуцагчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт заасан хүсэлт гаргах эрх бодитой хангагдаагүй, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, энэ тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт хийх боломжгүй тул хариуцагч, түүний өмгөөлөгчийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцаах тухай гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч С.Ры төлсөн 36.225.00 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж хариуцагчид буцаан олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2020/01034 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36.225.00 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨМИРБЕК

 

 

 

ШҮҮГЧИД Н.ТУЯА

 

Д.КӨБЕШ