Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 141/ШШ2020/00251

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 141/ШШ2020/00251

Завхан аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ... оршин суугч Х овогт Г.Гын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ...т холбогдох Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн даргын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/29 тоот тушаалыг хүчингүй болгуулах, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн слесарь, сантехникчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Ж, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтбат нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Г шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ ...Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5 дахь хэсгийг зөрчиж ажлаас чөлөөлсөн. Би 2015 оноос Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэгт слесарь, сантехникчээр ажиллаж байсан ба ажиллаж байх хугацаанд ямар нэгэн зөрчил, дутагдал гаргаж байгаагүй. Эмнэлгийн даргын үүрэг гүйцэтгэгч Х.Ц нь слесарийн орон тоо хасагдсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасны дагуу чөлөөлөх болсныг мэдэгдэж 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр мэдэгдэл гардуулсан. Түүний дагуу 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дуудаж уулзаж миний 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хугацаагүйгээр байгуулагдсан сантехникчийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, шинээр 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, сантехник, слесарийн албан тушаалд ажиллуулсан. Миний хугацаагүй хөдөлмөрийн гэрээг 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр цуцалсан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэнэ гэж заасныг зөрчиж, миний хөдөлмөрлөх эрхэд халдсан. Х.Ц нь нэгдсэн эмнэлгийн даргаар хуульд заасан журмын дагуу томилогдоогүй түр орлон гүйцэтгэгч бөгөөд эмнэлгийн даргын хувьд шийдвэр гаргах эрх хэмжээ байхгүй гэж үзэж байна. Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн удирдлагыг эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл, түүнээс томилсон гүйцэтгэх удирдлага хэрэгжүүлнэ. 17.8-д Төрийн өмчит эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 15.1-д заасан шалгуурыг хангасан гишүүнийг дараах байдлаар нэр дэвшүүлнэ. 17.10-д төлөөлөн удирдах зөвлөл дараах эрхтэй байна. 17.10.4-д төсвийн хязгаарт нийцүүлэн эмнэлгийн зохион байгуулалт бүтэц, орон тооны дээд хязгаар, цалингийн санг тогтоох, 17.10.5-д эмнэлгийн захирлыг холбогдох журмын дагуу сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх гэж тус тус заасны дагуу зөвхөн Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл миний ажиллаж байгаа орон тоог хасах эрхтэй. Мөн хуулийн 17.10.4-д зааснаар төсвийн хязгаарт нийцүүлэн эмнэлгийн зохин байгуулалтын бүтэц орон тооны дээд хязгаар, цалингийн санг тогтоох эрхийг төлөөлөн удирдах зөвлөл эдлэх бөгөөд 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/29 тоот тушаалд дурдсан эмнэлгийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 тоот тушаалаар миний орон тоог дур мэдэн хасах эрхгүй. Энэ тушаалыг надад танилцуулаагүй, харуулаагүй эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлөөс тогтоосон орон тооны дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулах, цуцлах эрхтэй төлөөлөн удирдах зөвлөлөөс ямар ч шийдвэр гаргаагүй. Энэ талаар Б/29 тоот тушаалд ч дурдагдаагүй. Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан орон тоо хасагдсан үндэслэл тогтоогдохгүй, өөрийнхөө хууль зөрчиж, эрх мэдлээ хэтрүүлж гаргасан 01 тоот тушаалыг үндэслэж орон тоо хасагдсан гэж үзэж байгаа боловч миний ажиллаж байсан орон тоо хасагдаагүй гэж үзнэ. Дээрх үндэслэлээр орон тоо хасах эрхгүй дарга өөрийнхөө эрх мэдлээ хэтрүүлсэн шийдвэрээр орон тоо хасаж мэдэгдэл өгснөөс хойш 14 хоногийн дараа хугацаагүй хөдөлмөрийн гэрээг цуцалж Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д заасныг зөрчиж ажлаас чөлөөлсөн тул намайг урьд эрхэлж байсан слесарь сантехникчийн албан тушаалд эгүүлэн тогтоох бүрэн үндэслэлтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1.2-д заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасны дагуу миний халагдахаас өмнөх 3 сарын дундаж цалин хөлсийг шүүхийн шийдвэр гаргасан өдөр хүртэл тооцон хариуцагчаас гаргах үндэслэлтэй. Иймд дээрх үндэслэлээр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн даргын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/29 тоот тушаалыг хүчингүй болгож намайг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн слесарь, сантехникчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж өгнө үү... гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Г.Г нь 2015 оноос 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүртэл ажиллаж байсан бөгөөд Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан орон тоо хасагдсан гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тус нэгдсэн эмнэлэг нь 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр бүх ажилчдын хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан. Учир нь Монгол улсын засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолоор Төрийн үйлчилгээний алба хаагчид ажилласан жилийн нэмэгдэл олгохоор заасан бөгөөд энэ тогтоол 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан хөдөлмөрийн гэрээг өөрчлөх зайлшгүй шаардлага тулгарсан мөн Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэл, Засгийн газар, Эрүүл мэндийн яамны 3 талт хэлэлцээрт заагдсан ажилчдын эрх зүйн талаас нь илүү боловсронгуй болгох зорилгоор хөдөлмөрийн гэрээг шинэчлэн бүх ажилчидтай байгуулсан. Тухайн гэрээ байгуулах хугацаанд буюу 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Г.Гт ажлаас халах мэдэгдэх хуудсыг гардуулан өгсөн байсан. Хэрэв тухайн үед Г.Гтай хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулаагүй бол ажилтан нь ажилласан жилийн нэмэгдлээ авч чадахгүй хохирох байсан учир хөдөлмөрийн гэрээг шинэчлэн хугацаатай байгуулсан. Энэ нь Хөдөлмөрийн хуулийг зөрчсөн ямар нэгэн зүйл байхгүй болно. Завхан аймгийн Эрүүл мэндийн газрын дарга нь 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/50 дугаар тушаалаар Х.Ц намайг Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн албан тушаалд түр томилсон байдаг. Энэ тушаалын дагуу Х.Ц миний бие тухайн эмнэлгийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн зохион байгуулах, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18 дахь хэсэгт заасан төсвийн шууд захирагчийн хувьд мөн хуулийн 16.5.3-д "Батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтооно гэж заасны дагуу 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дүгээр тушаалаар Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн тухайн жилд ажиллах Бүтэц, орон тоог баталсан байдаг. Тухайн батлагдсан орон тоонд сантехникч, слесарийн орон тоо хасагдсан учир тухайн ажлын байранд ажиллаж байсан. Г.Гт мэдэгдэх хуудас өгч үүрэгт ажлаас нь халсан. Тус нэгдсэн эмнэлгийн орон тооны дээд хязгаар нь 94 орон тоо байдаг бөгөөд энэ орон тоог нэмэгдүүлэх талаар Эрүүл мэндийн яаманд удаа дараа хүсэлт гаргасан боловч нэн шаардлагатай /нарийн мэргэжлийн/ орон тоогоо ажиллуулж, туслах албан хаагчтай гэрээгээр ажиллах эсхүл орон тоог бууруулан ажиллах чиглэлийг өгсөн. /Эрүүл мэндийн яамны 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 8/2245 тоот албан бичиг, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 4-1/5329 тоот албан бичгийг тайлбарт хавсаргав/ Нэхэмжлэгч нь нэгдсэн эмнэлгийн дарга миний орон тоог хасахгүй төлөөлөн удирдах зөвлөл энэ эрхийг эдэлнэ гэж Эрүүл мэндийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 17.8, 17.10, 17.10.4 дэх заалтуудыг үндэслэн бичсэн байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.21-д Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний урамшуулал, зөвлөлийн үйл ажиллагаатай холбоотой зардлыг эмнэлгийн төсвөөс санхүүжүүлнэ, 16 дугаар зүйлийн 16.5-д Энэ хуулийн 16.7.1-д заасан гэрээнд төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, эмнэлгийн захирал гарын үсэг зурах бөгөөд гэрээнд энэ хуульд зааснаар бусад эрх, үүрэг хүлээлгэх хариуцлага, цалин хөлс, урамшуулал, холбогдох бусад асуудлыг тусгасан байна гэсэн бөгөөд энэхүү хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 5.21 дэх хэсэг, 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсгийн Урамшуулал, 15.22 дахь хэсгийн урамшууллын жишиг гэснийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэсэн нь төлөөлөн удирдах зөвлөлтэй холбоотой зохицуулалт гэж үзэхээр байна. Учир нь санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхгүйгээр төлөөлөн удирдах зөвлөл ажиллах боломжгүй тул хуулийн эдгээр зүйл, заалтын үйлчлэх хугацаагаар зөвлөлийн үйл ажиллагааг тодорхойлох үндэслэлтэй байна. Үүнээс үзэхэд төлөөлөн удирдах зөвлөл нь 2021 онд төсөвт санхүүжилт нь тусгагдсанаар хэрэгжиж эхлэх бодит нөхцөл байдал байна. Энэ талаар Монгол улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 240 дугаар тогтоолд тодорхой тайлбарласан байдаг. Ийм учраас Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18 дахь хэсэгт заасан төсвийн шууд захирагчийн хувьд мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь хэсэгт зааснаар мөн Эрүүл мэндийн яамны чиглэлийн дагуу ажлын байрны хэрэгцээ шаардлагын дагуу байгууллагын бүтэц ажиллах орон тоог баталсан. Өөрөөр хэлбэл тус нэгдсэн эмнэлэг нь нүдний нарийн мэргэжлийн их эмчгүй байсан бөгөөд 2019 оны 12 сараас нүдний нарийн мэргэжлийн их эмч С.Ц нь төрөлжсөн мэргэшлийн сургалтаа төгсөөд ирж ажилласан. Тосонцэнгэл, Тэлмэн, Их-Уул сумын иргэдэд слесарь, сантехникчээс илүү нүдний нарийн мэргэжлийн их эмч хэрэгтэй гэж үзэн ажлын байрны хэрэгцээ шаардлагын дагуу дээрх орон тоог хассан болно. Мөн ажлын байрны хэрэгцээ, шаардлага ажлын ачаалал зэргийг харгалзан орон тоо бууруулах, орон тоог цөөрүүлэх, батлагдсан орон тооны дээд хязгаарт багтаан бүтэц орон тоогоо батлах эрх нь Төсвийн тухайн хуульд зааснаар тухайн байгууллагын даргын эрх хэмжээний асуудал гэдгийг дурдах нь зүйтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар дугаар тушаалаар төрийн үйлчилгээний алба хаагчид бүгдээрээ ажилласан жилийн нэмэгдлийг авдаг болсон. Тийм болохоор хөдөлмөрийн гэрээнд ажилласан жил бусад нэмэгдлүүдийг дурддаг учраас үүнийг төрийн сангаас гүйлгээ хийхэд байгууллагад баримт хэрэгтэй учраас бүх ажилчдын ажилласан жилийн тооцоог хэдэн хувиар авах вэ гэдгийг нягтлаад хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулсан. Гтай хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа хугацаатай болон хугацаагүй байгуулж болно. Монгол улсын дээд шүүхийн тайлбарт хугацаатай байгуулж байгаа тохиолдолд тодорхой шалтгааныг харилцан тохиролцоно гэсэн байдаг. Гтай хөдөлмөрийн гэрээ байгуулахад танд 1 дүгээр сарын 06-ны өдөр ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгсөн учраас 2 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж байна гээд хөдөлмөрийн гэрээнд тухайн нөхцөлийг зөвшөөрч байна уу? гэхэд зөвшөөрч байна гээд гарын үсэг зурсан байдаг. Энэ нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээнээс тодорхой харагдана. Өнөөдрийн байдлаар хөдөлмөрийн гэрээтэй холбоотой ямар нэгэн гомдол ирээгүй учраас тухайн хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр үйлчлэл нь байгаа гэж үзэж байна. Эрүүл мэндийн яамны албан тоотод 3 дугаар шатлалын эмнэлгүүдэд төлөөлөн удирдах зөвлөл байдаг гэсэн байгаа. Тосонцэнгэлийн хэмжээний нэгдсэн эмнэлэг Монгол улсад 8 байдаг. Эрүүл мэндийн төвүүд дээр ямар ч төлөөлөн удирдах зөвлөл байхгүй. Ийм байгуулагдаагүй нөхцөл байдал байхад ажилчдын эрх ашиг хохирох нөхцөл байдал байгаа учраас үүнийг Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18-д заасны дагуу бүтэц, орон тоогоо батлаад ажил үүргээ хэвийн үргэлжлүүлж байгаа. Тосонцэнгэл суманд нүдний их эмч байхгүй байсан учраас нүдний их эмчийн 3 жилийн сургуульд явуулаад 2019 оны 11 дүгээр сарын 20-нд төгсөж ирсэн Ц эмч нүдний эмч боллоо гэхэд түргэний эмчийг 3 болгоно гэсэн ойлголт байхгүй. Тэгэхээр дахиад заавал нэг эмч орж ирдэг. Өнөөдөр тухайн нэгдсэн эмнэлгийн тухайд эрүүл мэндийн газар, байгууллагаас ирсэн бичигт нэн шаардлагатай орон тоог авч ажиллуул гэдэг. Нүдний эмч ямар шаардлагатай вэ гэхээр Тосонцэнгэл сумын эмнэлэг нь Тосонцэнгэл, Тэлмэн, Их-Уул, Нөмрөг, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Баянтэс, Тэс гэсэн сумуудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Тосонцэнгэл сумын эмнэлэг нь нүдтэй холбоотой асуудал гарлаа гэхэд бүгд Улаанбаатар хот явдаг байсан юм. Энэ хүн ирснээр энд нүдтэй холбоотой асуудлыг тодорхой хэмжээнд шийдвэрлээд явж байгаа нь ард иргэдэд ашигтай шийдэл. Тийм учраас их эмчтэй барьцах шаардлага байхгүй. Мөн сантехникчийн слесарь хэрэггүй гэж хэлээгүй. Тосонцэнгэл суманд Тосон-Очирт хайрхан ОНӨААТГ байдаг. Энэ байгууллагаас шаардлагатай үед сантехникчийн слесарь дуудаад ажиллуулдаг. Учир нь энэ байгууллагаас эмнэлэг дулаанаа авдаг учраас тодорхой гэрээтэй ажилладаг. 4 дүгээр сараас 10 сар хүртэл ямар ч ажил хийхгүй улирлын шинжтэй ажил. Үнэхээр бид 10 сараас сантехникчийн слесарь шаардлагатай бол хамгийн эхний ээлжид ажиллаж байсан Г гэдэг сантехникийн слесарьтэй гэрээ байгуулаад ажиллах бүрэн боломжтой. Үүнийг өөрт нь бүх талаас хэлж тайлбарласан байдаг. Батлагдаад ирж байгаа орон тооноос хэтрүүлэхгүйгээр бүтэц орон тоогоо дарга эрхийнхээ хүрээнд баталж байгаа. Гыг ажлаас чөлөөлөхдөө хуульд заасан 1 дүгээр сарын 06-ны өдөр буюу 30 хоногийн өмнө мэдэгдэх хуудсыг өгсөн. Мөн 1 сарын ажлаас халагдсаны тэтгэмжийг өгсөн. Эрүүл мэндийн яаманд бичиг тоот өгөхөд нэн шаардлагатай орон тоог зааж ажиллуул гэсэн учраас нарийн мэргэжлийн эмчийг авч ажиллуулсан. Энэ стандартад ажилтны ажлын ачааллыг үндэслэн гэрээгээр нэмэлтээр ажиллуулж болно гэж заасан байдаг. Үүнд хуулийн зөвлөх, цахилгаан сантехникч, дулааны инженер, цахим бүртгэлийн ажилтан гээд заасан байдаг. Хамгийн боломжтой хасах орон тоо нь юу байсан гэж сантехникч слесарь байсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна... гэжээ.

Нэхэмжлэгч Г.Гын өмгөөлөгч К.Ж нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д зааснаар төлөөлөн удирдах зөвлөл ажиллах ёстой. мөн 17 дугаар зүйлийн 17.10-4-д зааснаар бүтэц орон тооны хязгаар, цалингийн санг тогтоох бүрэн эрх нь нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлд байдаг. Тэгтэл эмнэлгийн дарга ч биш түр орлон гүйцэтгэгч хүн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхийг хэрэгжүүлж хууль бус шийдвэр гаргаад тэрийгээ үндэслэж нэхэмжлэгчийг ажлаас нь үндэслэлгүй чөлөөлсөн. Эрүүл мэндийн яам нь 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 5/2349 тоот албан бичгээр төлөөлөн удирдах зөвлөлийн ажиллах дүрмийг баталсан. Энэ нь хэрэгжиж байгаа одоогийн байдлаар Арьсны өвчин судлалын үндэсний төв, улсын нэгдүгээр төв эмнэлэг, улсын гуравдугаар төв эмнэлэг зэрэг байгууллагад төлөөлөн удирдах зөвлөл нь байгуулагдаад ажлаа хийж байгаа гэсэн тайлбарыг өгсөн. Энэ баримтаар ямар үйл баримт тогтоогдож байна вэ? гэхээр эмнэлэгт төлөөлөн удирдах зөвлөл ажиллах юм байна. 2021 оноос эхэлж ажиллана гэсэн тайлбар нь үндэслэлгүй. Хугацаагүй хөдөлмөрийн гэрээтэй байсан байхад 1 дүгээр сарын 22-ны өдөр өмнөх хугацаагүй гэрээг цуцлаад хугацаатай гэрээ хийсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д заасан 30 хоногийн өмнө мэдэгдэх тухай зохицуулалтыг зөрчсөн. Мөн ажлаас чөлөөлсөн тушаалд 38.1.1 гэдэг заалтыг барьсан, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч өөрөө хүсэлт гаргаад чөлөөлөгдөж байгаа юм шиг нөхцөл байдлын заасан. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-т заасныг баримталсан байдаг. Энэ заалтад батлагдсан цалингийн санд, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоог ажиллагчдын цалин хөлсийг тогтооно гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл цалингийн сан, орон тооны хязгаарын хэн батлах вэ гэхээр төлөөлөн удирдах зөвлөл батална. Төсвийг сумын иргэдийн хурал нь батлаад өгчихсөн. Удирдах албан тушаалтан 1 гээд заасан байхад удирдах албан тушаалтан 2 байхаар 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн тушаалд заасан. Өөрөөр хэлбэл төсөвт байхгүй орон тоог бий болгох замаар Гын орон тоо хассан нь тогтоогдож байна. Үйлчлэх орон тоог 24 гээд төсөв дээр заасан байхад, 23 гээд хасчихсан байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах бүрэн үндэслэлтэй. Орон тоотой холбоотой асуудлыг шийдвэрлэх бүрэн эрх нь эмнэлэгт байгаа гэхдээ энэ бүрэн эрхийг хэн хэрэгжүүлэх вэ? гэхээр төсвийн хүрээнд төлөөлөн удирдах зөвлөл гүйцэтгэнэ. Үнэхээр зайлшгүй шаардлага байгаа тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөлөө байгуулаад тухайн байгууллагаас шийдвэрээ гаргуулаад энэ асуудлыг шийдвэрлээд явах бүрэн боломжтой нөхцөл нь хуульд байгаа гэхдээ үүнийг хэрэгжүүлээгүй, төлөөлөн удирдах зөвлөлийг байгуулах талаар аймгийнхаа эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн яаманд хандсан ямар ч баримт хэрэгт байхгүй. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах хууль зүйн үндэслэлтэй... гэжээ.

Нэхэмжлэгч Г.Г нь шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ: ...Миний бие шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй ба намайг оролцуулахгүйгээр өмгөөлөгч К.Жийг оролцуулан хэргийг шийдвэрлэж өгнө... гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг явуулах талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч болон түүний төлөөлөгч нь ...эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасан байх тул нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтийг хангаж, түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч Г.Г нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн даргын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/29 тоот тушаалыг хүчингүй болгуулах, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн слесарь, сантехникчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагч Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Ц нь ...Г.Гыг 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан орон тоо хасагдсан гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тус нэгдсэн эмнэлэг нь 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр бүх ажилчдын хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулан. Учир нь Монгол улсын засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолоор Төрийн үйлчилгээний алба хаагчид ажилласан жилийн нэмэгдэл олгохоор заасан бөгөөд энэ тогтоол 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан хөдөлмөрийн гэрээг өөрчлөх зайлшгүй шаардлага тулгарсан. Тухайн гэрээ байгуулах хугацаанд буюу 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Г.Гт ажлаас халах мэдэгдэх хуудсыг гардуулан өгсөн байсан. Хэрэв тухайн үед Г.Гтай хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулаагүй бол ажилтан нь ажилласан жилийн нэмэгдлээ авч чадахгүй хохирох байсан учир хөдөлмөрийн гэрээг шинэчлэн хугацаатай байгуулласан. Х.Ц миний бие Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18 дахь хэсэгт заасан төсвийн шууд захирагчийн хувьд мөн хуулийн 16.5.3-д "Батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтооно" гэж заасны дагуу 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дүгээр тушаалаар Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн тухайн жилд ажиллах бүтэц орон тоог баталсан байдаг. Тухайн батлагдсан орон тоонд сантехникч, слесарийн орон тоо хасагдсан учир тухайн ажлын байранд ажиллаж байсан. Г.Гт мэдэгдэх хуудас өгч үүрэгт ажлаас нь халсан. Тус нэгдсэн эмнэлгийн орон тооны дээд хязгаар нь 94 байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна... гэж маргажээ.

Нэхэмжлэгч Г.Г нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэгт слесерь, сантехникчээр ажиллаж байсан болох нь 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтэр дэх 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Завхан Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэгт слесериэр авч ажиллуулав... гэсэн мэдээлэл болон зохигчийн тайлбар зэргээр нотлогдож байна.

Хариуцагч Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн даргын түр орлон гүйцэтгэгч Х.Ц нь 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай Б/29 тоот тушаалаар ...Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5 дахь хэсэг, 42 дугаар зүйлийн 42.1 хэсгийг тус тус тус удирдлага болгон Нэгдсэн эмнэлгийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаар тушаалаар батлагдсан орон тооноос слесерийн орон тоо цомхтгогдсон тул 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр слесериэр ажиллаж байсан Г.Гт ажлаас чөлөөлөх мэдэгдэх хуудас өгч 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн Г.Гтай хөдөлмөрийн гэрээг цуцлаж ажлаас халсан шийдвэрийг гаргажээ.

Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараах өдөр, цагаас эхлэн тоолно гэж заасан байх тул нэхэмжлэгч Г.Г нь ажлаас чөлөөлсөн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/29 тоот тушаалыг гардаж аваад эс зөвшөөрч 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан болох нь тус шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжаар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан үндэслэлийг засаж арилгаад 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан гомдол гаргах нэг сарын хугацааг хэтрүүлээгүй байна гэж үзлээ.

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн даргын түр орлон гүйцэтгэгч Х.Ц нь 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай Б/29 тоот тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгийг үндэслэсэн байх бөгөөд үүнийгээ хариуцагч, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь ...Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр Г.Гыг тус эмнэлгийн слесарийн ажлаас чөлөөлсөн... гэж тайлбарлаж байгаа боловч Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн бүтэц, орон тооноос, сантехникч слесарийн ажлын байр буюу орон тоо хасагдсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Учир нь Эрүүл мэндийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх хэсэгт хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг салбарын хэмжээнд төлөвлөх, зохион байгуулах, эрүүл мэндийн байгууллагын байршил, бүтэц, зохион байгуулалт, тусламж, үйлчилгээний төрөл, шатлал, эмнэлгийн болон сувиллын орны дээд хязгаарыг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтоох эрхтэй гэж зааснаар эрүүл мэндийн байгууллагын бүтцийн дээд хязгаарыг Эрүүл мэндийн яам батлах эрхтэй байна.

Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3-д санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн төсвийн зарлагын норм, норматив болон төсвийн байгууллагын бүтцийн болон орон тооны жишиг, хязгаарыг тогтоох эрхтэй гэж зааснаар төсвийн байгууллага буюу Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн орон тооны хязгаарыг тогтоох эрхийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд олгосон байна.

Энэ нь хавтаст хэрэгт авагдсан Эрүүл мэндийн яамны 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 8/2245 дугаартай ...Хүний нөөцийн хангамжийн тухайд төсвийн байгууллагуудын орон тооны хязгаарыг Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3-д зааснаар Санхүү төсвийн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн батлахаар хуульчилсан тул эрүүл мэндийн төсвийн ерөнхийлөн захирагч шууд орон тоо нэмэгдүүлэх эрх зүйн үндэслэлгүй байдаг. Гэвч салбарын хэмжээнд үүссэн хүний нөөцийн дутагдал болон шинээр орон тоо нэмэгдүүлэх асуудлыг үе шаттайгаар шийдвэрлүүлэхээр сангийн яаманд жил бүр санал хүргүүлэн ажиллаж байна. Төсвийн шууд захирагч нь байгууллагын дотоод зохион байгуулалтыг хийж ажлын байрны ачаалал, нарийн мэргэжлийн ажлын байрны хэрэгцээ, шаардлагыг үнэлэн ажлын ачааллыг нягтруулах замаар дутагдаж буй орон тоог тодорхойлон гэрээгээр гүйцэтгүүлэх боломжтой /харуул хамгаалалт, гал тогоо, жолооч, үйлчлэгч гм/ орон тоог бууруулж зайлшгүй шаардлагатай орон тоонд шилжүүлэн ажиллах боломжтой юм. Цаашид орон тоо, төсөв нэмэгдүүлэх мөн шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлаа 2020 оны төсвийн төсөлд тусган ирүүлнэ үү... гэсэн,

Эрүүл мэндийн яамны 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 4-1/5329 дугаартай ...Танай 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 237 тоот албан бичгээр ирүүлсэн орон тоо, төсөв нэмэгдүүлэх хүсэлттэй танилцлаа. Монгол улсын 2020 оны төсөв энэ оны 11 дүгээр сарын 13-ны өдөр батлагдсан тул орон тоо, төсөв нэмэгдүүлэх боломжгүй. Цаашид эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед Сангийн яам орон тоо болон төсөв нэмэгдүүлэхгүй байгаа учир ажлын ачааллыг нягтруулж ажиллах, ажлын байрны хэрэгцээ, шаардлагыг үнэлэн, нэн шаардлагтай орон тоог батлагдсан орон тоо төсөвт багтаан зохион байгуулалт хийж ажиллах хэрэгтэй... гэсэн тоотуудаар нотлогдож байна.

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2018 оны орон тоо батлах тухай А/01 тоот тушаалын хавсралтанд 2018 онд удирдах ажилтан-1, гүйцэтгэх ажилтан-69, үйлчлэх ажилтан-24 нийт 94 орон тоотой, уг орон тоонд сантехникч-1 гэж тэмдэглэсэн,

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн даргын түр орлон гүйцэтгэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Байгууллагын 2019 оны бүтэц, зохион байгуулалт орон тоо, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай А/01 тушаалын хавсралтанд 2019 онд батлагдсан орон тоо-94, удирдах ажилтан-1, гүйцэтгэх ажилтан-69, үйлчлэх ажилтан-24 нийт 94 орон тоотой, уг орон тоонд сантехникч-1 гэж тэмдэглэсэн,

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн даргын түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Байгууллагын 2020 оны төсөвт орон тооны болон хүний нөөцийн орон тооны жагсаалтыг батлах тухай А/01 тушаалын хавсралтанд 2020 онд батлагдсан орон тоо-94, удирдах ажилтан-2, гүйцэтгэх ажилтан-69, үйлчлэх ажилтан-23 нийт 94 орон тоотой гэж тэмдэглэсэн тушаалуудаас үзэхэд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн эрх бүхий байгууллагаас батлагдсан орон тооны дээд хязгаар нь 94 ажилтантай болох нь нотлогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан ...орон тоо хасагдсан... гэдэг үндэслэлээр ажилтны ажлаас чөлөөлөх үндэслэл нь тухай байгууллагын батлагдсан цалингийн сан, батлагдсан орон тооны бүтцээс тодорхой албан тушаал, ажил байрыг эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр хасагдаж үгүй болохыг ойлгоно.

Өөрөөр хэлбэл Эрүүл мэндийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх хэсэгт зааснаар Эрүүл мэндийн яамнаас Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн бүтэц орон тооноос сантехникчийн албан тушаалыг хасаж, өөрчилж тогтоосон, мөн Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3-д зааснаар Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн бүтэц орон тооны жишиг, хязгаараас сантехникчийн албан тушаалыг хасаж, өөрчилж тогтоосон талаарх шийдвэр гарсан тохиолдолд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн орон тооноос сантехникчийн орон тоо хасагдсан үндэслэлээр сантехникчийг ажлаас чөлөөлөх үндэслэл бий болно.

Гэтэл Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн дарга нь Эрүүл мэндийн яам болон Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн бүтэц орон тооны жишиг, хязгаараас сантехникчийн албан тушаалыг хасаж, өөрчилж тогтоосон шийдвэр гаргаагүй байхад төсвийн шууд захирагчийн хувьд батлагдсан орон тоон дотор хэрэгцээ шаардлагагүй орон тоог хасах эрхтэй гэж үзээд дурын албан тушаалын орон тоог хасаж, тушаал гаргаж ажилтныг ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь хэсэгт заасан зохицуулалт нь төсвийн шууд захирагч нь батлагдсан цалингийн сан, батлагдсан орон тооны хязгаарт багтаан тухайн жилд тухайн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсний хэмжээг тогтоох эрхийг олгосон заалт болохоос бус эрх бүхий байгууллага албан тушаалтнаас орон тоог хассан, шийдвэр гараагүй байхад батлагдсан орон тооны хязгаараас хэтрүүлээгүй гээд дурын албан тушаалын орон тоог хасаж, нэмэх эрхийг олгосон заалт биш юм.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...тус эмнэлгийн дарга нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-д зааснаар мөн Нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагааны MNS5095:2017 стандартыг үндэслэн батлагдсан орон тоон дотор бүтэц орон тоонд өөрчлөлт оруулсан... гэж тайлбарлаж байгаа боловч Нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагааны MNS5095:2017 стандартад эмнэлгийн удирдлага, дэмжих үйлчилгээний зарим албан тушаалын ажилтныг ажлын ачаалал хэрэгцээ шаардлагатай уялдуулан гэрээгээр нэмэлтээр ажиллуулж болно гэж зохицуулсан болохоос бус шууд батлагдсан орон тооноос тус байгууллагад хэрэггүй албан тушаал гэж үзээд орон тоог хасаж, ажлаас чөлөөлөх зохицуулалт биш юм.

Нэхэмжлэгч Г.Гын 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ажил олгогчтой хугацаагүй байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрчилж 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан үндэслэлээ хариуцагч нь ...Монгол улсын засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолоор Төрийн үйлчилгээний алба хаагчид ажилласан жилийн нэмэгдэл олгохоор заасан бөгөөд энэ тогтоол 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан хөдөлмөрийн гэрээг өөрчлөх зайлшгүй шаардлага тулгарсан. Гэрээ байгууллах хугацаанд буюу 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Г.Гт ажлаас халах мэдэгдэх хуудсыг гардуулан өгсөн байсан учраас хугацаатай байгуулласан... гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...Хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг хүлээн зөвшөөрч Г.Г нь гарын үсэг зурсан гэж тус тус тайлбарласан байх боловч хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд үндэслэлээ орон тоо цомхотголд орж мэдэгдэх хуудас өгсөн байгаа учир 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хугацаагаар байгуулсан талаар бичиж тэмдэглэсэн нөхцөл байдлаас үзвэл ажил олгогчийн шахалт, шаардлага, зүй бус нөлөөлөлгүйгээр ажилтныг өөрийн хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр хугацаагүй байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрчилж хугацаатай гэрээ байгуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн ажилтан буюу сантехникч, слесарь ажилтай Г.Г нь хөдөлмөрийн гэрээг цуцлах санал, хүсэлтийг тус эмнэлэгт гаргаагүй байхад ажлаас халсан тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн ажилтны санаачилснаар ажлаас халсан шийдвэр гаргасан байна.

Иймд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн даргын түр орлон гүйцэтгэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан ...орон тоо хасагдсан... гэсэн үндэслэлээр сантехникч, слесарь Г.Гыг ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Ажилтныг ажилд авсан болон ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх юм. Ажил олгогчийн тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гарсан нь ажилтныг ажилд эгүүлэн тогтоох үндэслэлийг бий болгож буй хууль зүйн факт болж байгаа бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр цаашид эрх зүйн үр дагавар үүсгэхгүй учир шүүх Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн даргын түр орлон гүйцэтгэгч Х.Цийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/29 тоот хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай тушаалыг заавал хүчингүй болгох шаардлагагүй гэж үзсэн тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн слесарь, сантехникчийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгч Г.Гыг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн слесерь, сантехникчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно гэж заасны дагуу нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох нь зүйтэй байна.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцох-оор заасан байна.

Нэхэмжлэгч Г.Гын сүүлийн 3 сарын дундаж цалинг тооцохдоо түүний 0696328 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарт бичигдсэн сүүлийн 3 сарын буюу 2019 оны 11, 12 дугаар сар, 2020 оны 01 дүгээр саруудын бичилтээс 1 сарын цалингийн дунджийг тооцоход 597603 + 903213 + 667598 = 2,168,414 : 3 /сар/ = 722804 : 20 = 36,140 /нэг хоногт/ төгрөг болж байна.

Нэхэмжлэгч Г.Гын ажилгүй байсан хугацааг 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл ажлын нийт 84 өдрөөр тооцож олговорт 3,035,760 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт ...Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3, Хүүхдийн баяр: зургадугаар сарын 1, Бурхан багшийн Их дүйчин өдөр: билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15 өдөр нийтээр амарна гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг тооцохдоо эдгээр амралтын өдрүүдийг хасаж тооцсон болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 3,035,760 төгрөгнөөс зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон хасаж нэхэмжлэгч Г.Гын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэгт даалгах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Г.Гын шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны олговорт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 63,522 төгрөгийг хариуцагч Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгээс гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х овогт Г.Гыг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн слесарь, сантехникчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Гт ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 3,035,760 төгрөгийг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгээс гаргуулан олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар  Г.Гын ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор нийт 3,035,760 төгрөгөөс түүний нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэгт даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгээс улсын тэмдэгтийн хураамжид 63,522 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ