Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 205/МА2020/00024

 

Г.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг

шүүгч Б.Намхайдорж даргалж,

 

Бүрэлдэхүүнд:

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунбаяр

 

Бусад оролцогчид:

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч

/Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхээс онлайнаар/: Г.Баттулга

Нарийн бичгийн дарга: М.Пүрэвдорж нар оролцов.

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 251 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баттулгын давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5 дахь хэсгийг зөрчиж ажлаас чөлөөлсөн. Би 2015 оноос Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэгт слесарь, сантехникчээр ажиллаж байсан ба ажиллаж байх хугацаанд ямар нэгэн зөрчил, дутагдал гаргаж байгаагүй. Эмнэлгийн даргын үүрэг гүйцэтгэгч Х.Цэцэгдэлгэр нь слесарийн орон тоо хасагдсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасны дагуу чөлөөлөх болсныг мэдэгдэж 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр мэдэгдэл гардуулсан. Түүний дагуу 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дуудан уулзаж миний 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хугацаагүйгээр байгуулагдсан сантехникчийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, шинээр 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, сантехник, слесарийн албан тушаалд ажиллуулсан. Миний хугацаагүй хөдөлмөрийн гэрээг 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр цуцалсан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэнэ гэж заасныг зөрчиж, миний хөдөлмөрлөх эрхэд халдсан. Х.Цэцэгдэлгэр нь нэгдсэн эмнэлгийн даргаар хуульд заасан журмын дагуу томилогдоогүй түр орлон гүйцэтгэгч бөгөөд эмнэлгийн даргын хувьд шийдвэр гаргах эрх хэмжээ байхгүй гэж үзэж байна. Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн удирдлагыг эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл, түүнээс томилсон гүйцэтгэх удирдлага хэрэгжүүлнэ. 17.8-д Төрийн өмчит эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 15.1-д заасан шалгуурыг хангасан гишүүнийг дараах байдлаар нэр дэвшүүлнэ. 17.10-д төлөөлөн удирдах зөвлөл дараах эрхтэй байна. 17.10.4-д төсвийн хязгаарт нийцүүлэн эмнэлгийн зохион байгуулалт бүтэц, орон тооны дээд хязгаар, цалингийн санг тогтоох, 17.10.5-д эмнэлгийн захирлыг холбогдох журмын дагуу сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх гэж тус тус заасны дагуу зөвхөн Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл миний ажиллаж байгаа орон тоог хасах эрхтэй. Мөн хуулийн 17.10.4-д зааснаар төсвийн хязгаарт нийцүүлэн эмнэлгийн зохин байгуулалтын бүтэц орон тооны дээд хязгаар, цалингийн санг тогтоох эрхийг төлөөлөн удирдах зөвлөл эдлэх бөгөөд 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/29 тоот тушаалд дурдсан эмнэлгийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 тоот тушаалаар миний орон тоог дур мэдэн хасах эрхгүй. Энэ тушаалыг надад танилцуулаагүй, харуулаагүй эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлөөс тогтоосон орон тооны дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулах, цуцлах эрхтэй төлөөлөн удирдах зөвлөлөөс ямар ч шийдвэр гаргаагүй. Энэ талаар Б/29 тоот тушаалд ч дурдагдаагүй. Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан орон тоо хасагдсан үндэслэл тогтоогдохгүй, өөрийнхөө хууль зөрчиж, эрх мэдлээ хэтрүүлж гаргасан 01 тоот тушаалыг үндэслэж орон тоо хасагдсан гэж үзэж байгаа боловч миний ажиллаж байсан орон тоо хасагдаагүй гэж үзнэ. Дээрх үндэслэлээр орон тоо хасах эрхгүй дарга өөрийнхөө эрх мэдлээ хэтрүүлсэн шийдвэрээр орон тоо хасаж мэдэгдэл өгснөөс хойш 14 хоногийн дараа хугацаагүй хөдөлмөрийн гэрээг цуцалж Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д заасныг зөрчиж ажлаас чөлөөлсөн тул намайг урьд эрхэлж байсан слесарь сантехникчийн албан тушаалд эгүүлэн тогтоох бүрэн үндэслэлтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1.2-д заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасны дагуу миний халагдахаас өмнөх 3 сарын дундаж цалин хөлсийг шүүхийн шийдвэр гаргасан өдөр хүртэл тооцон хариуцагчаас гаргах үндэслэлтэй. Иймд дээрх үндэслэлээр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн даргын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/29 тоот тушаалыг хүчингүй болгож намайг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн слесарь, сантехникчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж өгнө үү... гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Г.******* нь 2015 оноос 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүртэл ажиллаж байсан бөгөөд Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан орон тоо хасагдсан гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тус нэгдсэн эмнэлэг нь 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр бүх ажилчдын хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан. Учир нь Монгол улсын засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолоор Төрийн үйлчилгээний алба хаагчид ажилласан жилийн нэмэгдэл олгохоор заасан бөгөөд энэ тогтоол 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан хөдөлмөрийн гэрээг өөрчлөх зайлшгүй шаардлага тулгарсан мөн Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэл, Засгийн газар, Эрүүл мэндийн яамны 3 талт хэлэлцээрт заагдсан ажилчдын эрх зүйн талаас нь илүү боловсронгуй болгох зорилгоор хөдөлмөрийн гэрээг шинэчлэн бүх ажилчидтай байгуулсан. Тухайн гэрээ байгуулах хугацаанд буюу 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Г.*******т ажлаас халах мэдэгдэх хуудсыг гардуулан өгсөн байсан. Хэрэв тухайн үед Г.*******тай хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулаагүй бол ажилтан нь ажилласан жилийн нэмэгдлээ авч чадахгүй хохирох байсан учир хөдөлмөрийн гэрээг шинэчлэн хугацаатай байгуулсан. Энэ нь Хөдөлмөрийн хуулийг зөрчсөн ямар нэгэн зүйл байхгүй болно. Завхан аймгийн Эрүүл мэндийн газрын дарга нь 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/50 дугаар тушаалаар Х.Цэцэгдэлгэр намайг Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн албан тушаалд түр томилсон байдаг. Энэ тушаалын дагуу Х.Цэцэгдэлгэр миний бие тухайн эмнэлгийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн зохион байгуулах, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18 дахь хэсэгт заасан төсвийн шууд захирагчийн хувьд мөн хуулийн 16.5.3-д "Батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтооно гэж заасны дагуу 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дүгээр тушаалаар Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн тухайн жилд ажиллах Бүтэц, орон тоог баталсан байдаг. Тухайн батлагдсан орон тоонд сантехникч, слесарийн орон тоо хасагдсан учир тухайн ажлын байранд ажиллаж байсан. Г.*******т мэдэгдэх хуудас өгч үүрэгт ажлаас нь халсан. Тус нэгдсэн эмнэлгийн орон тооны дээд хязгаар нь 94 орон тоо байдаг бөгөөд энэ орон тоог нэмэгдүүлэх талаар Эрүүл мэндийн яаманд удаа дараа хүсэлт гаргасан боловч нэн шаардлагатай /нарийн мэргэжлийн/ орон тоогоо ажиллуулж, туслах албан хаагчтай гэрээгээр ажиллах эсхүл орон тоог бууруулан ажиллах чиглэлийг өгсөн. /Эрүүл мэндийн яамны 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 8/2245 тоот албан бичиг, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 4-1/5329 тоот албан бичгийг тайлбарт хавсаргав/ Нэхэмжлэгч нь нэгдсэн эмнэлгийн дарга миний орон тоог хасахгүй төлөөлөн удирдах зөвлөл энэ эрхийг эдэлнэ гэж Эрүүл мэндийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 17.8, 17.10, 17.10.4 дэх заалтуудыг үндэслэн бичсэн байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.21-д Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний урамшуулал, зөвлөлийн үйл ажиллагаатай холбоотой зардлыг эмнэлгийн төсвөөс санхүүжүүлнэ, 16 дугаар зүйлийн 16.5-д Энэ хуулийн 16.7.1-д заасан гэрээнд төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, эмнэлгийн захирал гарын үсэг зурах бөгөөд гэрээнд энэ хуульд зааснаар бусад эрх, үүрэг хүлээлгэх хариуцлага, цалин хөлс, урамшуулал, холбогдох бусад асуудлыг тусгасан байна гэсэн бөгөөд энэхүү хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 5.21 дэх хэсэг, 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсгийн Урамшуулал, 15.22 дахь хэсгийн урамшууллын жишиг гэснийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэсэн нь төлөөлөн удирдах зөвлөлтэй холбоотой зохицуулалт гэж үзэхээр байна. Учир нь санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхгүйгээр төлөөлөн удирдах зөвлөл ажиллах боломжгүй тул хуулийн эдгээр зүйл, заалтын үйлчлэх хугацаагаар зөвлөлийн үйл ажиллагааг тодорхойлох үндэслэлтэй байна. Үүнээс үзэхэд төлөөлөн удирдах зөвлөл нь 2021 онд төсөвт санхүүжилт нь тусгагдсанаар хэрэгжиж эхлэх бодит нөхцөл байдал байна. Энэ талаар Монгол улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 240 дугаар тогтоолд тодорхой тайлбарласан байдаг. Ийм учраас Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18 дахь хэсэгт заасан төсвийн шууд захирагчийн хувьд мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь хэсэгт зааснаар мөн Эрүүл мэндийн яамны чиглэлийн дагуу ажлын байрны хэрэгцээ шаардлагын дагуу байгууллагын бүтэц ажиллах орон тоог баталсан. Өөрөөр хэлбэл, тус нэгдсэн эмнэлэг нь нүдний нарийн мэргэжлийн их эмчгүй байсан бөгөөд 2019 оны 12 сараас нүдний нарийн мэргэжлийн их эмч С.Цэцэгжарал нь төрөлжсөн мэргэшлийн сургалтаа төгсөөд ирж ажилласан. Тосонцэнгэл, Тэлмэн, Их-Уул сумын иргэдэд слесарь, сантехникчээс илүү нүдний нарийн мэргэжлийн их эмч хэрэгтэй гэж үзэн ажлын байрны хэрэгцээ шаардлагын дагуу дээрх орон тоог хассан болно. Мөн ажлын байрны хэрэгцээ, шаардлага ажлын ачаалал зэргийг харгалзан орон тоо бууруулах, орон тоог цөөрүүлэх, батлагдсан орон тооны дээд хязгаарт багтаан бүтэц орон тоогоо батлах эрх нь Төсвийн тухайн хуульд зааснаар тухайн байгууллагын даргын эрх хэмжээний асуудал гэдгийг дурдах нь зүйтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баттулга нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар дугаар тушаалаар төрийн үйлчилгээний алба хаагчид бүгдээрээ ажилласан жилийн нэмэгдлийг авдаг болсон. Тийм болохоор хөдөлмөрийн гэрээнд ажилласан жил бусад нэмэгдлүүдийг дурддаг учраас үүнийг төрийн сангаас гүйлгээ хийхэд байгууллагад баримт хэрэгтэй учраас бүх ажилчдын ажилласан жилийн тооцоог хэдэн хувиар авах вэ гэдгийг нягтлаад хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулсан. *******тай хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа хугацаатай болон хугацаагүй байгуулж болно. Монгол улсын дээд шүүхийн тайлбарт хугацаатай байгуулж байгаа тохиолдолд тодорхой шалтгааныг харилцан тохиролцоно гэсэн байдаг. *******тай хөдөлмөрийн гэрээ байгуулахад танд 1 дүгээр сарын 06-ны өдөр ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгсөн учраас 2 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж байна гээд хөдөлмөрийн гэрээнд тухайн нөхцөлийг зөвшөөрч байна уу? гэхэд зөвшөөрч байна гээд гарын үсэг зурсан байдаг. Энэ нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээнээс тодорхой харагдана. Өнөөдрийн байдлаар хөдөлмөрийн гэрээтэй холбоотой ямар нэгэн гомдол ирээгүй учраас тухайн хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр үйлчлэл нь байгаа гэж үзэж байна. Эрүүл мэндийн яамны албан тоотод 3 дугаар шатлалын эмнэлгүүдэд төлөөлөн удирдах зөвлөл байдаг гэсэн байгаа. Тосонцэнгэлийн хэмжээний нэгдсэн эмнэлэг Монгол улсад 8 байдаг. Эрүүл мэндийн төвүүд дээр ямар ч төлөөлөн удирдах зөвлөл байхгүй. Ийм байгуулагдаагүй нөхцөл байдал байхад ажилчдын эрх ашиг хохирох нөхцөл байдал байгаа учраас үүнийг Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18-д заасны дагуу бүтэц, орон тоогоо батлаад ажил үүргээ хэвийн үргэлжлүүлж байгаа. Тосонцэнгэл суманд нүдний их эмч байхгүй байсан учраас нүдний их эмчийн 3 жилийн сургуульд явуулаад 2019 оны 11 дүгээр сарын 20-нд төгсөж ирсэн Цэцэгжаргал эмч нүдний эмч боллоо гэхэд түргэний эмчийг 3 болгоно гэсэн ойлголт байхгүй. Тэгэхээр дахиад заавал нэг эмч орж ирдэг. Өнөөдөр тухайн нэгдсэн эмнэлгийн тухайд эрүүл мэндийн газар, байгууллагаас ирсэн бичигт нэн шаардлагатай орон тоог авч ажиллуул гэдэг. Нүдний эмч ямар шаардлагатай вэ гэхээр Тосонцэнгэл сумын эмнэлэг нь Тосонцэнгэл, Тэлмэн, Их-Уул, Нөмрөг, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Баянтэс, Тэс гэсэн сумуудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Тосонцэнгэл сумын эмнэлэг нь нүдтэй холбоотой асуудал гарлаа гэхэд бүгд Улаанбаатар хот явдаг байсан юм. Энэ хүн ирснээр энд нүдтэй холбоотой асуудлыг тодорхой хэмжээнд шийдвэрлээд явж байгаа нь ард иргэдэд ашигтай шийдэл. Тийм учраас их эмчтэй барьцах шаардлага байхгүй. Мөн сантехникчийн слесарь хэрэггүй гэж хэлээгүй. Тосонцэнгэл суманд Тосон-Очирт хайрхан ОНӨААТГ байдаг. Энэ байгууллагаас шаардлагатай үед сантехникчийн слесарь дуудаад ажиллуулдаг. Учир нь энэ байгууллагаас эмнэлэг дулаанаа авдаг учраас тодорхой гэрээтэй ажилладаг. 4 дүгээр сараас 10 сар хүртэл ямар ч ажил хийхгүй улирлын шинжтэй ажил. Үнэхээр бид 10 сараас сантехникчийн слесарь шаардлагатай бол хамгийн эхний ээлжид ажиллаж байсан ******* гэдэг сантехникийн слесарьтэй гэрээ байгуулаад ажиллах бүрэн боломжтой. Үүнийг өөрт нь бүх талаас хэлж тайлбарласан байдаг. Батлагдаад ирж байгаа орон тооноос хэтрүүлэхгүйгээр бүтэц орон тоогоо дарга эрхийнхээ хүрээнд баталж байгаа. *******ыг ажлаас чөлөөлөхдөө хуульд заасан 1 дүгээр сарын 06-ны өдөр буюу 30 хоногийн өмнө мэдэгдэх хуудсыг өгсөн. Мөн 1 сарын ажлаас халагдсаны тэтгэмжийг өгсөн. Эрүүл мэндийн яаманд бичиг тоот өгөхөд нэн шаардлагатай орон тоог зааж ажиллуул гэсэн учраас нарийн мэргэжлийн эмчийг авч ажиллуулсан. Энэ стандартад ажилтны ажлын ачааллыг үндэслэн гэрээгээр нэмэлтээр ажиллуулж болно гэж заасан байдаг. Үүнд хуулийн зөвлөх, цахилгаан сантехникч, дулааны инженер, цахим бүртгэлийн ажилтан гээд заасан байдаг. Хамгийн боломжтой хасах орон тоо нь юу байсан гэж сантехникч слесарь байсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна... гэжээ.

Нэхэмжлэгч Г.*******ын өмгөөлөгч К.Жархынбек нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д зааснаар төлөөлөн удирдах зөвлөл ажиллах ёстой. мөн 17 дугаар зүйлийн 17.10-4-д зааснаар бүтэц орон тооны хязгаар, цалингийн санг тогтоох бүрэн эрх нь нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлд байдаг. Тэгтэл эмнэлгийн дарга ч биш түр орлон гүйцэтгэгч хүн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхийг хэрэгжүүлж хууль бус шийдвэр гаргаад тэрийгээ үндэслэж нэхэмжлэгчийг ажлаас нь үндэслэлгүй чөлөөлсөн. Эрүүл мэндийн яам нь 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 5/2349 тоот албан бичгээр төлөөлөн удирдах зөвлөлийн ажиллах дүрмийг баталсан. Энэ нь хэрэгжиж байгаа одоогийн байдлаар Арьсны өвчин судлалын үндэсний төв, улсын нэгдүгээр төв эмнэлэг, улсын гуравдугаар төв эмнэлэг зэрэг байгууллагад төлөөлөн удирдах зөвлөл нь байгуулагдаад ажлаа хийж байгаа гэсэн тайлбарыг өгсөн. Энэ баримтаар ямар үйл баримт тогтоогдож байна вэ? гэхээр эмнэлэгт төлөөлөн удирдах зөвлөл ажиллах юм байна. 2021 оноос эхэлж ажиллана гэсэн тайлбар нь үндэслэлгүй. Хугацаагүй хөдөлмөрийн гэрээтэй байсан байхад 1 дүгээр сарын 22-ны өдөр өмнөх хугацаагүй гэрээг цуцлаад хугацаатай гэрээ хийсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д заасан 30 хоногийн өмнө мэдэгдэх тухай зохицуулалтыг зөрчсөн. Мөн ажлаас чөлөөлсөн тушаалд 38.1.1 гэдэг заалтыг барьсан, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч өөрөө хүсэлт гаргаад чөлөөлөгдөж байгаа юм шиг нөхцөл байдлын заасан. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-т заасныг баримталсан байдаг. Энэ заалтад батлагдсан цалингийн санд, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоог ажиллагчдын цалин хөлсийг тогтооно гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл цалингийн сан, орон тооны хязгаарын хэн батлах вэ гэхээр төлөөлөн удирдах зөвлөл батална. Төсвийг сумын иргэдийн хурал нь батлаад өгчихсөн. Удирдах албан тушаалтан 1 гээд заасан байхад удирдах албан тушаалтан 2 байхаар 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн тушаалд заасан. Өөрөөр хэлбэл төсөвт байхгүй орон тоог бий болгох замаар *******ын орон тоо хассан нь тогтоогдож байна. Үйлчлэх орон тоог 24 гээд төсөв дээр заасан байхад, 23 гээд хасчихсан байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах бүрэн үндэслэлтэй. Орон тоотой холбоотой асуудлыг шийдвэрлэх бүрэн эрх нь эмнэлэгт байгаа гэхдээ энэ бүрэн эрхийг хэн хэрэгжүүлэх вэ? гэхээр төсвийн хүрээнд төлөөлөн удирдах зөвлөл гүйцэтгэнэ. Үнэхээр зайлшгүй шаардлага байгаа тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөлөө байгуулаад тухайн байгууллагаас шийдвэрээ гаргуулаад энэ асуудлыг шийдвэрлээд явах бүрэн боломжтой нөхцөл нь хуульд байгаа гэхдээ үүнийг хэрэгжүүлээгүйтөлөөлөн удирдах зөвлөлийг байгуулах талаар аймгийнхаа эрүүл мэндийн газарЭрүүл мэндийн яаманд хандсан ямар ч баримт хэрэгт байхгүй. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах хууль зүйн үндэслэлтэй... гэжээ.

Нэхэмжлэгч Г.******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ: ...Миний бие шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй ба намайг оролцуулахгүйгээр өмгөөлөгч К.Жархынбекийг оролцуулан хэргийг шийдвэрлэж өгнө... гэжээ.

Анхан шатны шүүх:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Хар гэр овогт Гүрмандалын *******ыг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн слесарь, сантехникчийн ажилд эгүүлэн тогтоож,

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.*******т ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 3,035,760 төгрөгийг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгээс гаргуулан олгож,

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар  Г.*******ын ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор нийт 3,035,760 төгрөгөөс түүний нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэгт даалгаж,

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгээс улсын тэмдэгтийн хураамжид 63,522 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж,

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж,

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баттулга давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Г.*******ын нэхэмжлэлтэй Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэгт холбогдох иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бичгэн хэлбэрээр аваад энэхүү шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Завхан аймаг Тосонцэнгэл сум дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06-р сарын 12-ны өдрийн 251 тоот дугаар бүхий шийдвэр гаргахдаа хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хавтаст хэрэгт байгаа нотлох баримтуудыг бодит байдалтай нь харьцуулан үнэлэлт дүгнэлт хийлгүй хэтэрхий нэг талыг барьж шийдвэр гаргасан байна. Ийм учраас дараах үндэслэлүүдийг гаргаж байна. Үүнд:

 

1. Г.******* нь 2015 оноос 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүртэл ажиллаж байсан бөгөөд Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан орон тоо хасагдсан гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болно.

Тус нэхэмжлэлд миний 2019 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр ажил олгогчтой байгуулласан хугацаагүй хөдөлмөрийн гэрээг цуцлаж, 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хугацаатай гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн байна гэсэн байна.

Тус нэгдсэн эмнэлэг нь 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр бүх ажилчдын хөдөлмөрийн гэрээг шинэчилэн байгуулсан байдаг. Учир нь Монгол улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолоор Төрийн үйлчилгээний албан хаагчид ажилласан жилийн нэмэгдэл олгохоор заасан байдаг бөгөөд энэ тогтоол 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан хөдөлмөрийн гэрээг өөрчлөх зайлшгүй шаардлага тулгарсан мөн Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэл, Засгийн газар, Эрүүл мэндийн яамны 3 талт хэлэлцээрт заагдсан ажилчдын эрх зүйн байдлыг дээрдүүлэх зүйл заалтыг нэмэлтээр оруулах, хөдөлмөрийн гэрээг хууль эрх зүйн талаас нь илүү боловсронгуй болгох зорилгоор хөдөлмөрийн гэрээг шинэчилэн бүх ажилчин нартай байгуулласан болно.

Тухайн гэрээ байгууллах хугацаанд буюу 2020.01.22-ны өдөр Г.*******т ажлаас халах мэдэгдэх хуудсыг гардуулан өгсөн байсан. Хэрэв тухайн үед Г.*******тай хөдөлмөрийн гэрэг шинэчилэн байгуулаагүй бол ажилтан нь ажилласан жилийн нэмэгдэлээ авч чадахгүй хохирох байсан учир хөдөлмөрийн гэрээг шинэчилэн хугацаатай байгуулласан Энэ нь Хөдөлмөрийн хуулийг зөрчсөн ямар нэгэн зүйл байхгүй болно.

2. Завхан аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/50 дугаар тушаалаар Х.Цэцэгдэлгэрийг Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэгийн ерөнхий эмчийн албан тушаалд түр томилсон байдаг. Энэ тушаалын дагуу Х.Цэцэгдэлгэр нь тухайн эмнэлгийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн зохион байгуулах, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18 дахь хэсэгт заасан төсвийн шууд захирагчийн хувьд мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь хэсэгт зааснаар Батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтооно гэж заасны дагуу 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дүгээр тушаалаар Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн тухайн жилд ажиллах Бүтэц орон тоог баталсан байдаг.

Тухайн батлагдсан орон тоонд сантехник слесарийн орон тоо хасагдсан учир тухайн ажлын байранд ажиллаж байсан Г.*******т мэдэгдэх хуудас өгч үүрэгт ажлаас нь халсан.

Тус нэгдсэн эмнэлгийн орон тооны дээд хязгаар нь 94 орон тоо байдаг бөгөөд энэ орон тоог нэмэгдүүлэх талаар Эрүүл мэндийн яаманд удаа дараа хүсэлт гаргасан боловч нэн шаардлагатай / нарийн мэргэжлийн/ орон тоогоо ажиллуулж, туслах албан хаагчтай гэрээгээр ажиллах эсхүл орон тоог бууруулан ажиллах чиглэлийг өгсөн. /Эрүүл мэндийн яамны 2019.5.23-ны өдрийн 8/2245 тоот албан бичиг, 2019.11.25-ны өдрийн 4-1/5329 тоот албан бичиг хавтаст хэрэгт байгаа/.

Нэхэмжлэгч нь Нэгдсэн эмнэлгийн дарга миний орон тоог хасахгүй Төлөөлөн удирдах зөвлөл энэ эрхийг эдлэнэ гэж Эрүүл мэндийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 17.8, 17.10, 17.10.4 дэх заалтуудыг үндэслэн бичсэн байна.

Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.21-д Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний урамшуулал, зөвлөлийн үйл ажиллагаатай холбоотой зардлыг эмнэлгийн төсвөөс санхүүжүүлнэ, 16 дугаар зүйлүийн 16.5-д Энэ хуулийн 16.7.1-д заасан гэрээнд төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, эмнэлгийн захирал гарын үсэг зурах бөгөөд гэрээнд энэ хуульд зааснаар бусад эрх, үүрэг, хүлээлгэх хариуцлага, цалин хөлс, урамшуулал, холбогдох бусад асуудлыг тусгасан байна гэсэн бөгөөд энэхүү хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 5.21 дэх хэсэг, 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсгийн урамшуулал , 15.22 дахь хэсгийн Урамшууллын жишиг гэснийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ны өдргөөс эхлэн дагаж мөрдөнө гэсэн нь Төлөөлөн удирдах зөвлөлтэй холбоотой зохицуулалт гэж үзэхээр байна. Учир нь санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхгүйгээр Төлөөлөн удирдах зөвлөл ажиллах боломжгүй тул хуулийн эдгээр зүйл, заалтын үйлчлэх хугацаанаар зөвлөлийн үйл ажиллагааг тодорхойлох үндэслэлтэй байна.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн яриад байгаа Төлөөлөн удирдах зөвлөл нь 2021 онд төсөвт санхүүжилт нь тусгагдсанаар хэрэгжиж эхлэх бодит нөхцөл байдал байна. /Энэ талаар Монгол улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019.06.25-ны өдрийн 240 дугаар тогтоолд тодорхой тайлбарласан байдаг/.

Ийм учраас Төсвийн тухайн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18 дахь хэсэгт заасан төсвийн шууд захирагчийн хувьд мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь хэсэгт зааснаар мөн Эрүүл мэндийн яамны чиглэлийн дагуу ажлын байрны хэрэгцээ шаардлагын дагуу байгууллагын бүтэц ажиллах орон тоог баталсан.

Өөрөөр хэлбэл тус нэгдсэн эмнэлэг нь нүдний нарийн мэргэжлийн их эмчгүй байсан бөгөөд 2020 оноос нүдний нарийн мэргэжлийн их эмч авч ажиллуулж байгаа бөгөөд /бүрэн техниктэй/ Тосонцэнгэл, Тэлмэн, Их-Уул сумын иргэдэд сантехник, слесараас илүү нүдний нарийн мэргэжлийн их эмч хэрэгтэй гэж үзэн ажлын байрны хэрэгцээ шаардлагын дагуу дээрх орон тоог хассан болно.

Анхан шатны шүүх Эрүүл мэндийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх хэсэгт заасан Хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг салбар хэмжээний бүтэц, эмнэлгийн болон сувиллын орны дээд хязгаарыг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтоох эрхтэй гэсэн хуулийн заалтыг барьж, Эрүүл мэндийн яам нь слесарийн орон тоог хасах ёстой тухайн эмнэлгийн даргад ийм эрх мэдэл байхгүй гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа нь учир дутагдалтай байна.

Эрүүл мэндийн яамнаас тухайн эмнэлгийн орон тооны дээд хязгаарыг тогтоож Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3-д зааснаар Санхүү төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталдаг. Үүний дагуу тус эмнэлгийг 94 орон тоотой байхаар баталсан бөгөөд Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь хэсэгт заасны дагуу Нэгдсэн эмнэлгийн дарга нь орон тооны дээд хязгаарт багтаан ажлын хэрэгцээ шаардлагаас хамааран орон тоогоо батлаж тушаал гаргасан.

Хуульд нэгэнт ийм тодорхой заасан байхад шүүгч хуулийг илтэд буруу тайлбарлаж Эрүүл мэндийн яам слесарийн орон тоог хасах ёстой гэж үзэж хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан байх тул давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна.

Завхан аймаг Тосонцэнгэл сум дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06-р сарын 12-ны өдрийн 251 тоот дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхээс онлайнаар/ Г.Баттулга давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

Завхан аймгийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 251 дугаартай шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Анхан шатны шүүх тухайн хэргийг шийдвэрлэхдээ Эрүүл мэндийн тухай хууль болон Төсвийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Г.******* нь 2015 онд сангийн слесараар ажилд орсон байгаа. 2015 онд доторын 2 их эмчийн орон тоотой байхад бүтэц орон тоог батлах тухай тушаалын дагуу дотрын 1 эмчийн орон тоог хасс, сантехникийн слесарь гэх орон тоог оруулж Г.*******ыг ажилд авсан. 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүртэл ажиллаж байсан бөгөөд Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан орон тоо хасагдсан гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг. Тус нэгдсэн эмнэлэг нь 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр бүх ажилчдын хөдөлмөрийн гэрээг шинэчилэн байгуулсан байдаг. Учир нь Монгол улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолоор Төрийн үйлчилгээний албан хаагчид ажилласан жилийн нэмэгдэл олгохоор заасан байдаг бөгөөд энэ тогтоол 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан хөдөлмөрийн гэрээг өөрчлөх зайлшгүй шаардлага тулгарсан, мөн Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэл, Засгийн газар, Эрүүл мэндийн яамны 3 талт хэлэлцээрт заагдсан ажилчдын эрх зүйн байдлыг дээрдүүлэх зүйл заалтыг нэмэлтээр оруулах, хөдөлмөрийн гэрээг хууль эрх зүйн талаас нь илүү боловсронгуй болгох зорилгоор хөдөлмөрийн гэрээг шинэчилэн бүх ажилчин нартай байгуулласан. Тухайн үед Г.*******т ажлаас чөлөөлөх мэдэгдэх хуудсыг гардуулан өгсөн байсан учраас өөртэй нь хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцож хугацаатай байгуулахаар болж хөдөлмөрийн гэрээг зөвшөөрсөний үндсэн дээр гарын үсгийг зурж баталгаажуулсан. Нэгдсэн эмнэлгийн дарга нь орон тоог хасах нэмэх асуудал байхгүй гэж нэхэмжлэгч болон анхан шатны шүүх үзсэн. Анхан шатны шүүх Эрүүл мэндийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх хэсэгт зааснаар Эрүүл мэндийн яам нь тухайн эмнэлгийн бүтэцийг л баталдаг. Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3-д зааснаар Санхүү төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн санал хүргүүлж тухайн орон тоог баталсан байдаг. Мөн Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь хэсэгт заасны дагуу Нэгдсэн эмнэлгийн дарга буюу төсөвийн шууд захирагч нь ажилчидын бүтэц орон тоо цалин хөлсийг тогтоохоор хуульчилсан байдаг. Үүнд заасны дагуу орон тооны задаргааг хийсэн байгаа. Эрүүл мэндийн яам яагаад орон тооны задаргааг хийх боломжгүй вэ? гэвэл. Тухайн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэгийн дарга ямар ямар орон тоо хэрэгтэй байгаад нь тохируулж бүтэц орон тооны задаргааг хийдэг. Энэ задаргааг хийх дээр Эрүүл мэндийн яамнаас ирүүлсэн дээд хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр задаргааг хийхээр байдаг. Эрүүл мэндийн яамны 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 8/2245 тоот албан бичиг, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 4-1/5329 гэсэн 2 албан бичигт хамгийн эхэнд нэн шаардлагатай байгаа орон тоог авч ажилуулах талаар ирүүлсэн байдаг. Тухайн сантехникчийн орон тоо ямар үндэслэлээр хасагдсан бэ? гэвэл. Уг эмнэлэгт нүдний эмч гэх орон тоо 2012 оноос хойш байдаггүй байж байгаад шинээр эмч төгсөж ирсэн тул слесарь гэх орон тоог хасч, нүдний эмчийн орон тоог нэмж оруулж өгсөн байдаг. Мөн Тосонцэнгэл сумд орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот компани байдаг бөгөөд Нэгдсэн эмнэлэг уг компанитай гэрээ байгуулж ажилдаг учраас ямар нэгэн байдлаар сантехникийн асуудал гарахад мэргэжлийн сантехникийн слесарийг тухай бүрт нь дуудаж ажилуулах боломжтой байна гэж үзсэн. Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн яриад байгаа Төлөөлөн удирдах зөвлөл нь 2021 онд төсөвт санхүүжилт нь тусгагдсанаар хэрэгжиж эхлэх бодит нөхцөл байдал байна. Энэ талаар Монгол улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 240 дугаартай тогтоолд тодорхой тайлбарласан байдаг. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу Эрүүл мэндийн яамнаас ямар эмнэлэгүүд дээр төлөөлөн удирдах зөвлөл ажиллаж байгаа талаар асууж лавласан байдаг. Үүнд нь төвлөрсөн 3 дугаар шатлалын 3 эмнэлэг дээр өнөөдрийн байдлаар төлөөлөн удирдах зөвлөл ажиллаж байгаа. Тийм учраас шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байгаа бөгөөд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 251 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь

Анхан шатны шүүх талуудын хооронд хөдөлмөрийн гэрээнээс үүссэн харилцаанд хамааралтай хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч Г.******* нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэгт слесарь, сантехникчээр ажиллаж байгаад тус эмнэлгийн даргын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/29 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдаж ажлаас чөлөөлөгдсөн ба тушаалыг 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/29 тоот тушаалыг гардан авч, уг тушаалыг хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр, мөн 03 дугаар сарын 12-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт нийцсэн байна.

Хариуцагч байгууллагын даргын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/29 тоот тушаалаар батлагдсан орон тооноос слесарийн орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Г.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д аж ахуйн нэгж, байгууллага, болон түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн тохиолдолд ажил олгогч өөрийн санаачлагаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар зохицуулжээ.

Орон тоо хасагдсан гэдэг үндэслэлээр ажилтныг ажлаас чөлөөлөх үндэслэл нь тухайн байгууллагын батлагдсан цалингийн сан, батлагдсан орон тооны бүтцээс тодорхой албан тушаал, ажлын байр нь эрх бүхий байгууллага, албан тушаалтаны шийдвэрээр хасагдаж үгүй болохыг ойлгохоор байна.

Эрүүл мэндийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх хэсэгт зааснаар эмнэлгийн байгууллагын орон тооны дээд хязгаарыг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Эрүүл мэндийн яам батлах эрхтэй байна.

Хэрэгт эрх бүхий этгээд бүтэц орон тооны асуудлыг шийдвэрлэсэн баримт байхгүй байна.

Харин хэрэгт авагдсан Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн даргын 2018, 2019, оны орон тоо батлах тухай тушаалын хавсралтаас харахад байгууллагын батлагдсан орон тоо нийт 94, удирдах ажилтан 1, гүйцэтгэх ажилтан 69, үйлчилгээний ажилтан 24 байсан байна.

2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн байгууллагын 2020 оны төсөвт орон тооны болон хүний нөөцийн орон тооны жагсаалтыг батлах тухай А01 дугаартай тушаалын хавсаралтанд орон тоо нийт 94, удирдах ажилтан 2, гүйцэтгэх ажилтан 2, үйлчилгээний ажилтан 1 гэж тогтоосноос үзэхэд тухайн байгууллагын бүтэц орон тоо хасагдаагүй хэвээр байсан байх бөгөөд эмнэлгийн дарга өөрийн үзэмжээр үйлчилгээний ажилтаны орон тоог багасгаж, удирдах ажилтаны орон тоог нэгээр нэмэгдүүлсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна.

Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь хэсэгт төсвийн батлагдсан цалингийн сан, батлагдсан орон тооны хязгаарт багтаан тухайн жилд тухайн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсний хэмжээг тогтоох эрхтэй гэж заасан хэдий ч энэ зохицуулалтаас харахад Төсвийн шууд захирагч нь тухайн байгууллагын батлагдсан орон тооны хязгаар болох үйлчилгээний ажилтан 24 байсныг хасч 23 болгох эрхгүй байна.

Өөрөөр хэлбэл, үйлчилгээний ажилтан 24 гэсэн хязгаарт багтаан тухайн орон тоог хасах эсэх асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тогтоож, үйл баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлтийг оновчтой хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 251 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баттулгын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч байгууллага нь давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.НАМХАЙДОРЖ

ШҮҮГЧИД  Ч.ЭНХТӨР

Б.АРИУНБАЯР