Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2021/00637

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 06 03 001/ХТ2021/00637

 

 

 

Г.Галбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 251 дүгээр шийдвэр,

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 205/МА2020/00024 дүгээр магадлалтай,

 

Г.Галбаярын нэхэмжлэлтэй,

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэгт холбогдох,

 

Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авсан байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баттулгын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

 

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Жархынбек, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баттулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.Галбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5 дахь хэсгийг зөрчиж ажлаас чөлөөлсөн. Би 2015 оноос Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэгт слесарь, сантехникчээр ажиллаж байсан ба ажиллаж байх хугацаанд ямар нэгэн зөрчил, дутагдал гаргаж байгаагүй. Эмнэлгийн даргын үүрэг гүйцэтгэгч Х.Цэцэгдэлгэр нь слесарийн орон тоо хасагдсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасны дагуу чөлөөлөх болсныг мэдэгдэж 2020.01.06-ны өдөр мэдэгдэл гардуулсан. Түүний дагуу 2020.01.22-ны өдөр дуудаж уулзаж миний 2019.01.31-ний өдөр хугацаагүйгээр байгуулагдсан сантехникчийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, шинээр 2020.01.22-ны өдрөөс 2020.02.06-ны өдөр хүртэл хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, сантехник, слесарийн албан тушаалд ажиллуулсан. Миний хугацаагүй хөдөлмөрийн гэрээг 2020.01.22-ны өдөр цуцалсан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэнэ гэж заасныг зөрчиж, миний хөдөлмөрлөх эрхэд халдсан. Х.Цэцэгдэлгэр нь нэгдсэн эмнэлгийн даргаар хуульд заасан журмын дагуу томилогдоогүй түр орлон гүйцэтгэгч бөгөөд эмнэлгийн даргын хувьд шийдвэр гаргах эрх хэмжээ байхгүй гэж үзэж байна. Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн удирдлагыг эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл, түүнээс томилсон гүйцэтгэх удирдлага хэрэгжүүлнэ. 17.8-д Төрийн өмчит эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 15.1-д заасан шалгуурыг хангасан гишүүнийг дараах байдлаар нэр дэвшүүлнэ. 17.10-д төлөөлөн удирдах зөвлөл дараах эрхтэй байна. 17.10.4-д төсвийн хязгаарт нийцүүлэн эмнэлгийн зохион байгуулалт бүтэц, орон тооны дээд хязгаар, цалингийн санг тогтоох, 17.10.5-д эмнэлгийн захирлыг холбогдох журмын дагуу сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх гэж тус тус заасны дагуу зөвхөн Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл миний ажиллаж байгаа орон тоог хасах эрхтэй. Мөн хуулийн 17.10.4-д зааснаар төсвийн хязгаарт нийцүүлэн эмнэлгийн зохин байгуулалтын бүтэц орон тооны дээд хязгаар, цалингийн санг тогтоох эрхийг төлөөлөн удирдах зөвлөл эдлэх бөгөөд 2020.02.06-ны өдрийн Б/29 тоот тушаалд дурдсан эмнэлгийн даргын 2020.01.02-ны өдрийн 01 тоот тушаалаар миний орон тоог дур мэдэн хасах эрхгүй. Энэ тушаалыг надад танилцуулаагүй, харуулаагүй эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлөөс тогтоосон орон тооны дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулах, цуцлах эрхтэй төлөөлөн удирдах зөвлөлөөс ямар ч шийдвэр гаргаагүй. Энэ талаар Б/29 тоот тушаалд ч дурдагдаагүй. Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан орон тоо хасагдсан үндэслэл тогтоогдохгүй, өөрийнхөө хууль зөрчиж, эрх мэдлээ хэтрүүлж гаргасан 01 тоот тушаалыг үндэслэж орон тоо хасагдсан гэж үзэж байгаа боловч миний ажиллаж байсан орон тоо хасагдаагүй гэж үзнэ. Дээрх үндэслэлээр орон тоо хасах эрхгүй дарга өөрийнхөө эрх мэдлээ хэтрүүлсэн шийдвэрээр орон тоо хасаж мэдэгдэл өгснөөс хойш 14 хоногийн дараа хугацаагүй хөдөлмөрийн гэрээг цуцалж Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д заасныг зөрчиж ажлаас чөлөөлсөн тул намайг урьд эрхэлж байсан слесарь сантехникчийн албан тушаалд эгүүлэн тогтоох бүрэн үндэслэлтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1.2-д заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасны дагуу миний халагдахаас өмнөх 3 сарын дундаж цалин хөлсийг шүүхийн шийдвэр гаргасан өдөр хүртэл тооцон хариуцагчаас гаргах үндэслэлтэй. Иймд дээрх үндэслэлээр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн даргын 2020.02.06-ны өдрийн Б/29 тоот тушаалыг хүчингүй болгож намайг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн слесарь, сантехникчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баттулга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.Галбаяр нь 2015 оноос 2020.02.06-ны өдөр хүртэл ажиллаж байсан бөгөөд Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан орон тоо хасагдсан гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тус нэгдсэн эмнэлэг нь 2020.01.22-ны өдөр бүх ажилчдын хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан. Учир нь Монгол Улсын Засгийн газрын 2018.12.19-ний өдрийн 382 дугаар тогтоолоор Төрийн үйлчилгээний алба хаагчид ажилласан жилийн нэмэгдэл олгохоор заасан бөгөөд энэ тогтоол 2020.01.01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан хөдөлмөрийн гэрээг өөрчлөх зайлшгүй шаардлага тулгарсан, мөн Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэл, Засгийн газар, Эрүүл мэндийн яамны 3 талт хэлэлцээрт заагдсан ажилчдын эрх зүйн талаас нь илүү боловсронгуй болгох зорилгоор хөдөлмөрийн гэрээг шинэчлэн бүх ажилчидтай байгуулсан. Тухайн гэрээ байгуулах хугацаанд буюу 2020.01.22-ны өдөр Г.Галбаярт ажлаас халах мэдэгдэх хуудсыг гардуулан өгсөн байсан. Хэрэв тухайн үед Г.Галбаяртай хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулаагүй бол ажилтан нь ажилласан жилийн нэмэгдлээ авч чадахгүй хохирох байсан учир хөдөлмөрийн гэрээг шинэчлэн хугацаатай байгуулсан. Энэ нь Хөдөлмөрийн хуулийг зөрчсөн ямар нэгэн зүйл байхгүй болно. Завхан аймгийн Эрүүл мэндийн газрын дарга нь 2018.11.20-ны өдрийн Б/50 дугаар тушаалаар Х.Цэцэгдэлгэр намайг Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн албан тушаалд түр томилсон байдаг. Энэ тушаалын дагуу Х.Цэцэгдэлгэр миний бие тухайн эмнэлгийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн зохион байгуулах, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18 дахь хэсэгт заасан төсвийн шууд захирагчийн хувьд мөн хуулийн 16.5.3-д Батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтооно гэж заасны дагуу 2020.01.03-ны өдрийн 01 дүгээр тушаалаар Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн тухайн жилд ажиллах Бүтэц, орон тоог баталсан байдаг. Тухайн батлагдсан орон тоонд сантехникч, слесарийн орон тоо хасагдсан учир тухайн ажлын байранд ажиллаж байсан Г.Галбаярт мэдэгдэх хуудас өгч, үүрэгт ажлаас нь халсан. Тус нэгдсэн эмнэлгийн орон тооны дээд хязгаар нь 94 орон тоо байдаг бөгөөд энэ орон тоог нэмэгдүүлэх талаар Эрүүл мэндийн яаманд удаа дараа хүсэлт гаргасан боловч нэн шаардлагатай /нарийн мэргэжлийн/ орон тоогоо ажиллуулж, туслах албан хаагчтай гэрээгээр ажиллах эсхүл орон тоог бууруулан ажиллах чиглэлийг өгсөн. /Эрүүл мэндийн яамны 2019.05.23-ны өдрийн 8/2245 тоот албан бичиг, 2019.11.25-ны өдрийн 4-1/5329 тоот албан бичгийг тайлбарт хавсаргав/ Нэхэмжлэгч нь нэгдсэн эмнэлгийн дарга миний орон тоог хасахгүй төлөөлөн удирдах зөвлөл энэ эрхийг эдэлнэ гэж Эрүүл мэндийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 17.8, 17.10, 17.10.4 дэх заалтуудыг үндэслэн бичсэн байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.21-д Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний урамшуулал, зөвлөлийн үйл ажиллагаатай холбоотой зардлыг эмнэлгийн төсвөөс санхүүжүүлнэ, 16 дугаар зүйлийн 16.5-д Энэ хуулийн 16.7.1-д заасан гэрээнд төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, эмнэлгийн захирал гарын үсэг зурах бөгөөд гэрээнд энэ хуульд зааснаар бусад эрх, үүрэг хүлээлгэх хариуцлага, цалин хөлс, урамшуулал, холбогдох бусад асуудлыг тусгасан байна гэсэн бөгөөд энэхүү хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 5.21 дэх хэсэг, 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсгийн Урамшуулал, 15.22 дахь хэсгийн урамшууллын жишиг гэснийг 2021.01.01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэсэн нь төлөөлөн удирдах зөвлөлтэй холбоотой зохицуулалт гэж үзэхээр байна. Учир нь санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхгүйгээр төлөөлөн удирдах зөвлөл ажиллах боломжгүй тул хуулийн эдгээр зүйл, заалтын үйлчлэх хугацаагаар зөвлөлийн үйл ажиллагааг тодорхойлох үндэслэлтэй байна. Үүнээс үзэхэд төлөөлөн удирдах зөвлөл нь 2021 онд төсөвт санхүүжилт нь тусгагдсанаар хэрэгжиж эхлэх бодит нөхцөл байдал байна. Энэ талаар Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019.06.25-ны өдрийн 240 дугаар тогтоолд тодорхой тайлбарласан байдаг. Ийм учраас Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18 дахь хэсэгт заасан төсвийн шууд захирагчийн хувьд мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь хэсэгт зааснаар мөн Эрүүл мэндийн яамны чиглэлийн дагуу ажлын байрны хэрэгцээ шаардлагын дагуу байгууллагын бүтэц ажиллах орон тоог баталсан. Өөрөөр хэлбэл тус нэгдсэн эмнэлэг нь нүдний нарийн мэргэжлийн их эмчгүй байсан бөгөөд 2019 оны 12 сараас нүдний нарийн мэргэжлийн их эмч С.Цэцэгжарал нь төрөлжсөн мэргэшлийн сургалтаа төгсөөд ирж ажилласан. Тосонцэнгэл, Тэлмэн, Их-Уул сумын иргэдэд слесарь, сантехникчээс илүү нүдний нарийн мэргэжлийн их эмч хэрэгтэй гэж үзэн ажлын байрны хэрэгцээ шаардлагын дагуу дээрх орон тоог хассан болно. Мөн ажлын байрны хэрэгцээ, шаардлага ажлын ачаалал зэргийг харгалзан орон тоо бууруулах, орон тоог цөөрүүлэх, батлагдсан орон тооны дээд хязгаарт багтаан бүтэц орон тоогоо батлах эрх нь Төсвийн тухайн хуульд зааснаар тухайн байгууллагын даргын эрх хэмжээний асуудал гэдгийг дурдах нь зүйтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 141/ШШ2020/00251 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Хар гэр овогт Гүрмандалын Галбаярыг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн слесарь, сантехникчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Галбаярт ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 3,035,760 төгрөгийг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгээс гаргуулан олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар  Г.Галбаярын ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор нийт 3,035,760 төгрөгөөс түүний нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэгт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгээс улсын тэмдэгтийн хураамжид 63,522 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 205/МА2020/00024 дүгээр магадлалаар: Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 251 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баттулгын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч байгууллага нь давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баттулга хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...шийдвэр, магадлалыг гаргахдаа хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хавтаст хэрэгт байгаа нотлох баримтуудыг бодит байдалтай нь харьцуулан үнэлэлт дүгнэлт хийлгүй хэтэрхий нэг талыг барьж шийдвэр гаргасан байна. 1. Г.Галбаяр нь 2015 оноос 2020.02.06-ны өдөр хүртэл ажиллаж байсан бөгөөд Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан орон тоо хасагдсан гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болно. Тус нэхэмжлэлд миний 2019.01.31-ний өдөр ажил олгогчтой байгуулласан хугацаагүй хөдөлмөрийн гэрээг цуцалж, 2020.01.22-ны өдөр хугацаатай гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн байна гэсэн байна. Тус нэгдсэн эмнэлэг нь 2020.01.22-ны өдөр бүх ажилчдын хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан байдаг: Учир нь Монгол Улсын Засгийн газрын 2018.12.19-ний өдрийн 382 дугаар тогтоолоор Төрийн үйлчилгээний албан хаагчид ажилласан жилийн нэмэгдэл олгохоор заасан бөгөөд энэ тогтоол 2020.01.01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан хөдөлмөрийн гэрээг өөрчлөх зайлшгүй шаардлага тулгарсан, мөн Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэл, Засгийн газар, Эрүүл мэндийн яамны 3 талд хэлэлцээрт заагдсан ажилчдын эрх зүйн байдлыг дээрдүүлэх зүйл заалтыг нэмэлтээр оруулах, хөдөлмөрийн гэрээг хууль эрх зүйн талаас нь илүү боловсронгуй болгох зорилгоор хөдөлмөрийн гэрээг шинэчлэн бүх ажилчидтай байгуулсан болно. Тухайн гэрээ байгуулах хугацаанд буюу 2020.01.22-ны өдөр Г.Галбаярт ажлаас халах мэдэгдэх хуудсыг гардуулан өгсөн байсан. Хэрэв тухайн үед Г.Галбаяртай хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулаагүй бол ажилтан нь ажилласан жилийн нэмэгдлээ авч чадахгүй хохирох байсан учир хөдөлмөрийн гэрээг шинэчлэн хугацаатай байгуулсан. Энэ нь Хөдөлмөрийн хуулийг зөрчсөн ямар нэгэн зүйл байхгүй болно. 2. Завхан аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2018.11.20-ны өдрийн Б/50 дугаар тушаалаар Х.Цэцэгдэлгэрийг Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн апбан тушаалд түр томилсон байдаг. Энэ тушаалын дагуу Х.Цэцэгдэлгэр нь тухайн эмнэлгийн өдөр тутмын үйл ажиллагаг хэвийн зохион байгуулах, Төсвийн тухайн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18 дахь хэсэгт заасан төсвийн шууд захирагчийн хувьд мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь хэсэгт зааснаар Батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтооно гэж заасны дагуу 2020.01.03-ны өдрийн 01 дүгээр тушаалаар Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн тухайн жилд ажиллах Бүтэц орон тоог баталсан байдаг. Тухайн батлагдсан орон тоонд сантехник, слесарийн орон тоо хасагдсан учир тухайн ажлын байранд ажиллаж байсан Г.Галбаярт мэдэгдэх хуудас өгч үүрэгт ажлаас нь халсан. Тус нэгдсэн эмнэлгийн орон тооны дээд хязгаар нь 94 орон тоо байдаг бөгөөд энэ орон тоог нэмэгдүүлэх талаар Эрүүл мэндийн яаманд удаа дараа хүсэлт гаргасан боловч нэн шаардлагатай /нарийн мэргэжлийн/ орон тоогоо ажиллуулж, туслах албан хаагчтай гэрээгээр ажиллах эсхүл орон тоог бууруулан ажиллах чиглэлийг өгсөн. /Эрүүл мэндийн яамны 2019.5.23-ны өдрийн 8/2245 тоот албан бичиг, 2019.11.25-ны өдрийн 4-1/5329 тоот албан бичиг хавтаст хэрэгт байгаа/. Нэхэмжлэгч нь Нэгдсэн эмнэлгийн дарга миний орон тоог хасахгүй, Төлөөлөн удирдах зөвлөл энэ эрхийг эдэлнэ гэж Эрүүл мэндийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 17.8, 17.10, 17.10.4 дэх заалтуудыг үндэслэн бичсэн байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.21-д Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний урамшуулал, зөвлөлийн үйл ажиллагаатай холбоотой зардлыг эмнэлгийн төсвөөс санхүүжүүлнэ, 16 дугаар зүйлийн 16.5-д Энэ хуулийн 16.7.1-д заасан гэрээнд төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, эмнэлгийн захирал гарын үсэг зурах бөгөөд гэрээнд энэ хуульд зааснаар бусад эрх, үүрэг, хүлээлгэх хариуцлага, цалин хөлс, урамшуулал, холбогдох бусад асуудлыг тусгасан байна гэсэн бөгөөд энэхүү хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.21 дэх хэсэг, 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсгийн урамшуулал, 15.22 дахь хэсгийн урамшууллын жишиг гэснийг 2021.01.01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэсэн нь Төлөөлөн удирдах зөвлөлтэй холбоотой зохицуулалт гэж үзэхээр байна. Учир нь санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхгүйгээр Төлөөлөн удирдах зөвлөл ажиллах боломжгүй тул хуулийн эдгээр зүйл, заалтын үйлчлэх хугацаагаар зөвлөлийн үйл ажиллагааг тодорхойлох үндэслэлтэй байна. Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн яриад байгаа Төлөөлөн удирдах зөвлөл нь 2021 онд төсөвт санхүүжилт нь тусгагдсанаар хэрэгжиж эхлэх бодит нөхцөл байдал байна. /Энэ талаар Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019.06.25-ны өдрийн 240 дугаар тогтоолд тодорхой тайлбарласан байдаг/ Ийм учраас Төсвийн тухайн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18 дахь хэсэгт заасан төсвийн шууд захирагчийн хувьд мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь хэсэгт зааснаар мөн Эрүүл мэндийн яамны чиглэлийн дагуу ажлын байрны хэрэгцээ шаардлагын дагуу байгууллагын бүтэц ажиллах орон тоог баталсан. Өөрөөр хэлбэл тус нэгдсэн эмнэлэг нь нүдний нарийн мэргэжлийн их эмчгүй байсан, 2020 оноос нүдний нарийн мэргэжлийн их эмч авч ажиллуулж байгаа бөгөөд /бүхэн техниктэй/ Тосонцэнгэл, Тэлмэн, Их-Уул сумын иргэдэд сантехник, слесариас илүү нүдний нарийн мэргэжлийн их эмч хэрэгтэй гэж үзэн ажлын байрны хэрэгцээ шаардлагын дагуу дээрх орон тоог хассан болно. Анхан шатны шүүх болон Давж заалдах шатны шүүх нь: Эрүүл мэндийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх хэсэгт заасан Хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг салбар хэмжээний...бүтэц..., эмнэлгийн болон сувиллын орны дээд хязгаарыг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтоох эрхтэй гэсэн хуулийн заалтыг барьж, Эрүүл мэндийн яам нь слесарийн орон тоог хасах ёстой тухайн эмнэлгийн даргад ийм эрх мэдэл байхгүй гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа нь учир дутагдалтай байна. Эрүүл мэндийн яамнаас тухай эмнэлгийн орон тооны дээд хязгаарыг тогтоож Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3-д зааснаар Санхүү төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталдаг. Үүний дагуу тус эмнэлгийг 94 орон тоотой байхаар баталсан бөгөөд Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь хэсэгт заасны дагуу Нэгдсэн эмнэлгийн дарга нь орон тооны дээд хязгаарт багтаан ажлын хэрэгцээ шаардлагаас хамааран орон тоогоо баталж тушаал гаргасан. Хуульд нэгэнт ийм тодорхой заасан байхад шүүгч хуулийг илтэд буруу тайлбарлаж Эрүүл мэндийн яам слесарийн орон тоог хасах ёстой гэж үзэж хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан байх тул давж заалдах гомдол гаргаж байна. Завхан аймаг Тосонцэнгэл сум дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.06.12-ны өдрийн 251 тоот дугаартай шийдвэр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.09.24-ний өдрийн 205/МА2020/00024 дугаар магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Г.Галбаяр нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн даргын 2020.02.06-ны өдрийн Б/29 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 

Хяналтын шатны шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн даргын 2020.02.06-ны өдрийн Б/29 дүгээр тушаалаар орон тоо цомхотгогдсон гэсэн үндэслэлээр Г.Галбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан байх ба уг тушаалд ...Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5,...-д заасныг үндэслэжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор заасан. Хуулийн энэхүү зохицуулалтын орон тоо хасагдсан гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлгох бөгөөд энэ тохиолдолд ажил олгогч нь хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж болохыг хуульчилсан.

 

Анхан болон давж заалдах шатны шүүхээс тухайн хөдөлмөрийн маргаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-т заасныг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан шийдэл зөв байна.

 

Эрүүл мэндийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4-т Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрүүл мэндийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг тогтоох бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж зааснаар Эрүүл мэндийн яам нь төсвийн байгууллага болох Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн бүтэц, орон тооны хязгаарыг тогтоох эрхтэй.

 

Дээрх эрх бүхий этгээдээс Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн бүтэц, орон тооноос сантехникчийн орон тоог хасаж, өөрчилсөн тухай шийдвэр гаргаагүй байхад хариуцагчаас Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-т заасныг үндэслэн, тус эмнэлгийн 2020 онд ажиллах удирдлагын баг, ...орон тоог батлахдаа ...ажлын байрны хэрэгцээ шаардлагын дагуу нүдний нарийн мэргэжлийн эмч шаардлагатай гэж үзэн, сантехникчийн орон тоог хасаж, улмаар эмнэлгийн даргын 2020.02.06-ны өдрийн Б/29 дүгээр тушаалаар ...батлагдсан орон тооноос слесарийн орон тоо цомхотгогдсон гэсэн үндэслэлээр Г.Галбаярыг ажлаас халсан нь хууль зөрчсөн талаар хоёр шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ. Түүнчлэн Г.Галбаяр нь хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй байхад ажлаас халсан тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасныг үндэслэсэн нь буруу байна.

 

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Г.Галбаярыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоон, түүний ажилгүй байсан хугацааны урьд авч байсан цалин, хөлстэй тэнцэх олговорт 3,035,760 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасантай нийцжээ.

Харин, хариуцагчаас нэхэмжлэгч Г.Галбаярыг слесарийн ажлаас халсан байх ба Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн даргын 2018, 2019 оны орон тоо батлах тухай тушаалуудаас харахад нэхэмжлэгч нь сантехник, сантехникч гэсэн орон тоонд ажиллаж байсан, өөрөөр хэлбэл слесарь, сантехникч гэсэн ажлын нэг байр байх бөгөөд шүүхээс нэхэмжлэгчийг слесарь, сантехникчийн ажилд эгүүлэн тогтоосныг буруутгах үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 251 дүгээр шийдвэр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 205/МА2020/00024 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД Б.МӨНХТУЯА

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Г.ЦАГААНЦООЖ