Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2022/01262

 

                          

А.Б, А.Д нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Н.Баярмаа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1235 дугаар шийдвэртэй,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 07 дугаар магадлалтай,

А.Б, А.Д нарын нэхэмжлэлтэй,

Ж.А-т холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О-ын  гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч Б.Гантөмөр, нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч А.Б, А.Д нар нь хариуцагч Ж.А-т холбогдуулан Дархан-Уул аймгийн, Дархан сумын 10-р баг, 5 дугаар хороолол, 10 дугаар байр, 1 давхрын 106.5 м.кв үйлчилгээний зориулалттай талбайг хариуцагч Ж.А-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1235 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч А.Б, А.Д нарын хууль ёсны өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум 10-р баг, 5 дугаар хороолол, 10 дугаар байр, 1 давхар тоот, 586.5 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хариуцагч Ж.А-ийн 106.5 м.кв-ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж нэхэмжлэгч нарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны төрийн сан 100190000941 тоот дансанд төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.А-ээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

 3. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 07 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1235 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О-ын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.12.11-ний өдрийн 1225 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.01.22-ны өдрийн 07 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Давж заалдах шатны шүүхийн магадлал болон анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй. 2 шатны шүүх хэргийн болсон үйл явдал, бодит байдалд үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтыг огт үнэлээгүй. Иргэн А.Д-ийн өөрийн гараар бичсэн баталгааг, яагаад үнэлээгүй талаараа шийдвэр, магадлалдаа огт дурдаагүй орхисон. А.Д-ийн дүр эсгэн хийсэн хэлцэл буюу хуурамч гэрээгээр халхавч хийн зээл авахын тулд өөрийн гараар баталгааг бичин өгч нотариатаар баталгаажуулж 2016 оны 6-р сард Ж.А, Г.О нарын нэр дээр буцаан шилжүүлэх үүрэг хүлээсэн атлаа ах А.Б-хээ нэрийг хамтран эзэмшигчээр оруулан /2015.04.07/ Ү-2003018978 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авч одоог хүртэл ашиглан зээл авч, барьцаанд тавьж байгаа нь цэвэр залилангийн гэмт хэрэг юм. Бид 2020.10.19-ний өдөр шүүхээс ах А.Б-хээ нэрийг хамтран эзэмшигчээр оруулж үл хөдлөхийн гэрчилгээ авсныг мэдсэн. Мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөллийн “Рекс лэкс" ХХН-ийн захирал Д.Майдритай илт хувилдан хуулийг өөртөө ашигтайгаар зальжин ашиглан Ж.А-т иргэний хэрэг үүсгүүлэн өөрсдийн өмчөөс албадан гаргуулах шийдвэр гаргуулж байгаад нь гомдолтой.

4.2. 2020.10.12-ны өдөр бид Цагдаагийн газарт гомдол гарган шалгуулж байхад Д.Майдри нь Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг (нэхэмжлэлийн сар, өдөр засвартай) бид сүүлд мэдсэн. Хэргийг өөрсдөдөө ашигтайгаар буюу хуулийн шийдвэр гаргуулж байгаад гомдолтой байгаа. А.Д нь удаа дараалан худал хэлж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа, мөн уг асуудлаар Монгол Улсын Арбитрын шүүхээр Г.О-ын талд шийдэгдсэн бөгөөд одоо Д.Майдри, А.Д нар давж заалдах гомдол гаргасан. Мөн анхан шатны шүүх хурал болох үед улс орон даяар онцгой байдлын дэглэм буюу Дархан хот “0” зогсолт хийгдсэн, ямар ч нотариат ажиллахгүй байсан гэдгийг удаа дараа хэлсэн ч шүүгч н.О нь огт тоолгүй эх хувиа өгвөл өг, канондсон хуулбарыг авахгүй гэж загнаад байсан нь энэ бүх үйлдэл болон нотлох баримтыг үнэлж дүгнэлгүй нэг талыг барьсан шийдвэр гаргасанд  Ж.А-ийн гэр бүл асар ихээр хохирсон. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахад дээрх алдаагаа үл хайхран засаж өгөлгүйгээр шийдвэрийг хэвээр нь үлдээсэн. А.Д, Д.Майдри нарт холбогдох эрүүгийн хэрэг Улсын Ерөнхий Прокурорын газарт хянагдаж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй.

6. Нэхэмжлэгч А.Б, А.Д нараас Ж.А-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хангасан, давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

7. Нэхэмжлэгч нараас “... хаягт байрлах үйлчилгээний зориулалттай, 586.5 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө нь нэхэмжлэгч нарын өмч юм. Өмчлөгч А.Б өөрийн өмчлөлийн уг хөрөнгийг бусдад түрээслэхээр тохирч 2019 оны 2 дугаар сарын эхээр хүнд үзүүлэхээр явуулахад тухайн газарт үсчний газар ажиллаж байна гэж хэлсэн байдаг. Улмаар юун хүмүүс болохыг тодруулахад Ж.А гэгч эмэгтэй 586.5 м.кв талбайн нэг хэсэг болох 100 гаруй м.кв талбайд үсчний үйл ажиллагаа явуулж байгааг олж мэдсэн. Ж.А хууль бусаар ямар ч гэрээ хэлэлцээр байгуулаагүй, дураараа хүний өмчийн үл хөдлөх хөрөнгөд үйл ажиллагаа явуулж байна хэмээн шаардлага тавихад өнөөдрийг хүртэл гарахгүй байгаа тул өөрийн өмчлөлийн хөрөнгийг чөлөөлөхийг Ж.А-ээс шаардаж байна. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү...” гэснийг,

хариуцагч эс зөвшөөрч “... Миний нөхөр Г.О-2012 онд А.Д-той хамтран ажиллах гэрээгээр уг байрыг барьж, 2013 оны 11 дүгээр сард бид үл хөдлөх хөрөнгийг 80 хувийн гүйцэтгэлтэй болоход /орон сууц, үйлчилгээний зориулалтаар 3860 м.кв талбай бүхий/ үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг авсан юм ... 2015 онд А.Д нь манай нөхөр Г.О-тай ирж уулзаад “банкнаас зээл авах гэсэн чинь барьцаанд тавих үл хөдлөх хөрөнгө нэг хүний нэр дээр байх шаардлагатай гэнэ, 1 жил л хэрэглэчхээд 2016 оны 06 дугаар сард багтаан буцаагаад нэрийг чинь оруулаад барьцаанаас хөрөнгийг чинь суллаад өгнө” гэж хэлж гуйгаад байсан учир бид хоорондоо ярилцаж байгаад түүнд итгээд өөрөөр нь баталгаа гаргуулж нөхөр Г.О-ын нэрийг хасуулж байсан юм. Гэтэл А.Д нь биднийг хууран мэхэлж, өөрийн дүү А.Б гэж хүний нэрийг гэрчилгээ дээр оруулсан байна. Ингээд 2016 оны 08 дугаар сараас хойш хөрөнгийн маргаан үүсэж бид өмчлөх эрхээ сэргээлгэхээр удаа дараа шаардсан ч өгөлгүй өнөөг хүрсэн...” гэж маргажээ.

8. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “... нэхэмжлэгч нар нь маргааны зүйл болох Дархан-Уул аймаг, Дархан сум 10-р баг, 5 дугаар хороолол, 10 дугаар байр, 1 давхар тоот, 586.5 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байгаа тул хариуцагчийн хууль бус эзэмшлээс өмчөө шаардах эрхтэй, хэрэгт авагдсан баримт болох 2015.05.07-ны өдрийн Г.О, А.Д нарын “Хамтран барьсан орон сууцнаас хамтран өмчлөгч хасах хэлцэл”-ийн 2 дугаар заалт ... үлдэгдэл 88 хувьд ногдох үйлчилгээний байр, орон сууцууд болон автомашины зогсоолууд нь А.Д-ийн өмч мөн тул уг орон сууцыг бусдад худалдах захиран зарцуулах асуудал нь Г.О-т хамааралгүй болно, 3 дугаар заалт ... А.Д нь өөрт ногдох хувьд холбогдох зардлыг хариуцна” гэснээр дуусгавар болсон буюу нэхэмжлэгчийн өмчлөлд шилжсэн байна... Хариуцагч татгалзлын үндэслэлээ нотлох үүргээ биелүүлээгүй...” гэсэн агуулга бүхий дүгнэлт хийсэн нь хангалтгүй, хэргийн үйл баримтыг бүрэн тодруулаагүй байна.

9. Учир нь, шүүх дээр дурдсан хавтаст хэргийн 33 дахь талд авагдсан нэхэмжлэгч А.Д болон хариуцагчийн нөхөр буюу итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О нарын хооронд 2015.03.07-ны өдөр хийгдсэн хамтран барьсан орон сууцнаас хамтран өмчлөгч хасах хэлцлийг үнэлсэн атлаа, хариуцагч талаас гаргаж өгсөн мөн өдөр хийгдсэн (тухайн баримтад он, сар, өдрийг тодорхой заагаагүй ч нотариатчийн баталсан тэмдгийн огнооноос үзэхэд) нэхэмжлэгч А.Д-ийн “...үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээгээр 2016 оны 6 сард багтаан хүлээх өгөх үүрэг хүлээж байна. Барьцаанаас гаргаж үл хөдлөх хөрөнгийг шилжүүлнэ...” гэсэн утгатай баталгааг үнэлээгүй, ийнхүү үнэлээгүй буюу үгүйсгэж буй үндэслэлээ тодорхой заагаагүй нь шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримт үнэлэх хуульд заасан журмыг зөрчсөн, мөн хариуцагчийг “татгалзлын үндэслэлээ нотлоогүй” гэж буруутгасан нь үндэслэлгүй.

10. Иймд энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4.1-д заасан “шүүх нотлох баримтыг бүрэн үнэлээгүй, үндэслэлээ тодорхой заагаагүй” гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй, гэхдээ шүүх нотлох баримтыг бүрэн үнэлээгүйгээс хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй юм.   

11. Ийнхүү маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хяналтын шатны шүүхээс хэргийг хууль хэрэглээний хувьд эцэслэн дүгнэж шийдвэрлэх боломжгүй тул шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1235 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 07 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Ж.А /итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О/-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                                                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.ЦОЛМОН

                                                                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                Г.АЛТАНЧИМЭГ

                                                                   ШҮҮГЧИД                                                     Г.БАНЗРАГЧ

                                                                                                                                         Н.БАЯРМАА

                                                                                                                                         С.СОЁМБО-ЭРДЭНЭ