Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 7

 

А.Б-, Д.М- нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

                                                                             Хэргийн индекс: 135/2020/01154/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  12 дугаар сарын 11-ний өдрийн 1225 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч А.Б-,

                     Д.М- нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ж.А-т холбогдох

“Үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О-ын давж заалдсан гомдлыг үндэслэн

          2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М- /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч А.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 10 дугаар байр, 1 давхар тоот, үйлчилгээний зориулалттай, 586,5м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө нь үл хөдлөх хөрөнгийн Ү-2003018978 дугаарт бүртгэлтэй ба А.Б-, А.Д- нарын өмч юм. Өмчлөгч А.Б- өөрийн өмчлөлийн уг хөрөнгийг бусдад түрээслэхээр тохирч 2019 оны 2 дугаар сарын эхээр хүнд үзүүлэхээр явуулахад тухайн газарт “Алтан салон” үсчний газар ажиллаж байна гэж хэлсэн байдаг. Улмаар юун хүмүүс болохыг тодруулахад Ж.А- гэгч эмэгтэй уг 586,5м.кв талбайн нэг хэсэг болох 100 гаруй м.кв талбайд үсчний үйл ажиллагаа явуулж байгааг олж мэдсэн. Ж.А- хууль бусаар ямар ч гэрээ хэлэлцээр байгуулаагүй, дураараа хүний өмчийн үл хөдлөх хөрөнгөд үйл ажиллагаа явуулж байна хэмээн шаардлага тавихад өнөөдрийг хүртэл гарахгүй байгаа бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс Д.М- надад 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр итгэмжлэл олгосны дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М- би Дархан-Уул аймгийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргахад Иргэний маргаан байна, иргэний шүүхээр шийдвэрлүүл гээд цагдаа нь хүлээж авдаггүй. Итгэмжлэгдсэн төлөөлөгч би Ж.А-ийн нөхөр Г.О- гэж хүнтэй холбогдож үзсэн.

Хамгийн сүүлд 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр мөн л цагдаад гомдол гаргахад дахиад л иргэний маргаан байна гээд хүлээж аваагүй. Мөн Ж.А- рүү 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр шуудангаар өмгөөллийн “Рекс лэкс” ХХН-ээс уг байрыг чөлөөлөхийг мэдэгдэж албан мэдэгдэл хүргүүлсэн ч хариу өгдөггүй.

Өмчлөгч А.Б- Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасны дагуу өөрийн өмчлөлийн хөрөнгийг чөлөөлөхийг Ж.А-ээс шаардах эрхтэй. Иймд Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 10 дугаар байр, 1 давхар тоот, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Ж.А-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М- шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Хариуцагч тус шүүхэд 2020 оны 10 дугаар сарын 21-нд гаргасан хариу тайлбартаа 2015 онд А.Д- нь манай нөхөр Г.О-тай ирж уулзаад банкнаас зээл авах гэсэн юм үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ дээрх нэрээ хасуулаад өгөөч гэсэн гэжээ. Гэвч ийм байх боломжгүй учир нь хэрэв 2 өмчлөгчтэй байсан бол нэгэндээ итгэмжлэл хийж өгөөд ч юм уу зээл авах боломж хуулиараа байж л байгаа. Энэ байдлаас үзвэл нэхэмжлэгч худал тайлбар гаргаж байна.

Мөн 2016 оны 08 дугаар сараас эхлэн хөрөнгийн маргаантай байсан гэж худал мэдүүлсэн. Намайг тус шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө энэ хүмүүс надад хандаж байсан удаагүй. Харин би өөрөө 2019 оны 02 дугаар сард энэ улсууд миний өмчид дураараа орсныг мэдээд цагдаад гомдол гаргахад иргэний шүүхээр яв гэсэн хариу аваад нэхэмжлэл гаргасан. Ж.А-, А.Б-, А.Д- нарын өмчлөлийн 586,5м.кв талбайг хэсэгчлэн болон бүтнээр нь түрээслэхээр гэрээ байгуулаагүй, надад ямар нэг байдлаар мөнгө төгрөг төлөөгүй байж миний өмчийг ашиглаж болохгүй. Иймд хариуцагчийн тайлбар үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч Ж.А- шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний нөхөр Г.О- 2012 онд А.Д-той хамтран ажиллах гэрээгээр Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 10 дугаар байрыг барьж 2013 оны 11 дүгээр сард бид үл хөдлөх хөрөнгийг 80%-ийн гүйцэтгэлтэй болоход /орон сууц, үйлчилгээний зориулалтаар 3860м.кв талбай бүхий/ үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг авсан юм. Гэрчилгээг тухайн үед Г.О-, А.Д- нарын нэр дээр авч байсан. Өөрөөр хэлбэл үл хөдлөх хөрөнгийг 50, 50 хувиар өмчлөхөөр тохиролцсон байсан билээ. 2015 онд А.Д- нь манай нөхөр Г.О-тай ирж уулзаад, банкнаас зээл авах гэсэн юм, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ дээрх нэрээ түр хасуулаад өгөөч, зээл авах гэсэн чинь барьцаанд тавих үл хөдлөх хөрөнгө нэг хүний нэр дээр байх шаардлагатай гэнэ, 1 жил л хэрэглэчхээд 2016 оны 06 дугаар сард багтаан буцаагаад нэрийг чинь гэрчилгээ дээр оруулаад барьцаанаас хөрөнгийг чинь суллаад өгнө гэж хэлж гуйгаад байсан учир бид хоорондоо ярилцаж байгаад түүнд итгээд өөрөөр нь баталгаа гаргуулж аваад нөхөр Г.О-ын нэрийг хасуулж байсан юм. Гэтэл А.Д- нь биднийг хууран мэхэлж итгэлийг эвдэн манай нөхрийн үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийг хуурч аваад өөрийн дүү А.Б- гэж хүний нэрийг үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээ дээр оруулсан байна.

Ингээд бид 2016 оны 08 дугаар сараас хойш хөрөнгийн маргаан үүсэж бид өмчлөх эрхээ сэргээлгэхээр удаа дараа шаардсан ч өгөлгүй өнөөг хүрсэн. А.Д- нь Б.М- гэж хүнтэй үгсэн хуйвалдаж нөхөр Г.О-ын үл хөдлөх хөрөнгөөс эхнэр Ж.А- намайг албадан гаргуулахаар санаархаж байгаа нь үндэслэлгүй, хууль бус байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Түүний үйлдэл нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа учраас цагдаагийн байгууллагад гомдол гарган шалгуулж байгаа болно. Энэ талаар нотлох баримтыг цагдаагийн газраас авч хэрэгт хавсаргана гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1235 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч А.Б-, А.Д- нарын хууль ёсны өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 10 дугаар байр, 1 давхар тоот, 586.5м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хариуцагч Ж.А-ийн 106.5м.кв-ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж нэхэмжлэгч А.Б-, А.Д- нарт олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны төрийн сан 100190000941 тоот дансанд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.А-ээс улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О- давж заалдсан гомдолдоо:

            Дархан-Уул аймаг дахь сум дунд иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1235 дугаартай шийдвэрийг хүлээн авч танилцаад эс зөвшөөрч доорх гомдлыг гаргаж байна.

Миний бие нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн татгалзлыг нотолсон нотлох баримтуудыг эх хувиар нь шүүхэд гаргаж өгөхөд шүүгч “Заавал нотариатаар батлуулсан баримт өгөх ёстой гэж шаардлага тавиад байсан учраас би өгсөн нотлох баримтаасаа татгалзаж буцаан авсан.

Гэтэл миний өгсөн баримтууд нотлох баримтын шаардлага хангасан баримт байсан байх ба миний хууль мэдэхгүйг далимдуулж төөрөгдөлд оруулан хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг буцаалгасан байна. Энэ гомдолд дурдсан үйл баримт шүүх хурлын тэмдэглэлд тодорхой тусгагдсан байх бөгөөд миний гаргаж өгсөн баримтыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үзээд /эх хувь байсныг/ шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргаж байсан байдаг. /тэмдэглэлээс харна уу /

Хэрэгт ач холбогдолтой нотлох баримт шүүх хурал дээр хэлэлцэгдэлгүй буцаасан нь хэргийн шийдэлд ихээхэн нөлөөлж нэхэмжлэлийн шаардлага хангах хэмжээнд хүргэсэнд миний бие гомдолтой байна.

Ийнхүү Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан заалтыг ноцтой зөрчиж нотлох баримт гаргаж өгөх түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно гэсэн миний хуулиар олгогдсон эрхийг хааж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ гэсэн заалтыг зөрчиж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Энэ алдааг засан залруулж хэргийг бодит үйл явдал баримт дээр тулгуурлан шийдвэрлэвэл шударга ёсонд нийцнэ гэж бодож байгаа юм.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хэт нэг талыг барьсан шийдвэр гарсан тул тус шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлагатай байна. Иймд хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-гаас Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 10 дугаар байрны 1 давхрын 106.5м.кв үйлчилгээний зориулалттай талбайг хариуцагч Ж.А-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргажээ.

            Хариуцагчаас 2016 оны 08 дугаар сараас хойш өнөөг хүртэл уг үл хөдлөх эд хөрөнгийн талаар нэхэмжлэгч талтай маргаантай байгаа хэмээн нэхэмжлэлийг эс зөвшөөрч мэтгэлцжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж зохигчдын хооронд үүссэн маргаантай харилцааг зөв тодорхойлон хэрэглэвэл зохих хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Дээрх үл хөдлөх эд хөрөнгийн тухайн хэсэг нь хариуцагчийн эзэмшилд байгаа нь түүний анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байх бөгөөд хэрэгт авагдсан баримтаар хариуцагчийг тухайн орон сууцны хууль ёсны өмчлөгч гэж үзэн хуульд заасны дагуу түүнийг эзэмших эрхтэй гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Харин хавтаст хэргийн 4-р талд авагдсан “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000402047 дугаар гэрчилгээ”-гээр нэхэмжлэгч А.Д-, А.Б- нар нь тухайн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болох нь нотлогдож байна.

“Хамтран барьсан орон сууцнаас хамтран өмчлөгч хасах тухай хэлцэл”-ээс /хх-ийн 33-р тал/ үзвэл 2015 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О- нь А.Д-той Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг, “Союз” сургуулийн зүүн талд 1 давхартаа үйлчилгээний талбайтай, 6 давхар 30 айлын орон сууцыг барьж Г.О- 12, А.Д- 88 хувийг тус тус эзэмшихээр болж, уг орон сууцнаас Г.О- нь өөрт ногдох 12 хувь буюу 6 давхрын 602 тоот 115.0м.кв 3 өрөө орон сууц, зоорийн давхрын 15, 16 тоот зогсоолууд болон 160.000.000 төгрөгийг бэлнээр хүлээн авч, үлдэх 88 хувьд ноогдох үйлчилгээний байр, орон сууцууд, авто зогсоолуудыг А.Д-ийн өмчлөлд үлдээн цаашид захиран зарцуулах эрхийг олгож, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх, ногдох татваруудыг өөрсдийн эзэмшсэн хувь хэмжээгээр улсад төлөхөөр харилцан тохиролцож нотариатаар батлуулсан байна.

Үүний дагуу А.Д-, А.Б- нарыг маргаан бүхий тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны эзэмшигч мөн болохыг нь улсын Y-2003018978 дугаарт бүртгэн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр олгосон 000402047 дугаар гэрчилгээг үнэн зөв гэж үзнэ.

Өмчлөгч нь өөрийн өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоотой эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг таслан зогсоохыг шаардах эрхтэй ба хариуцагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж хууль ёсны эзэмшигчид нь буцаан шилжүүлэх үүрэгтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасантай нийцжээ.

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т заасны дагуу өмчлөгчийн өөрийн өмчлөлийн зүйлийг чөлөөтэй эзэмшиж ашиглан захиран зарцуулах эрхэд нь бусад этгээд хууль бусаар саад болох үндэслэлгүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тухайн үл хөдлөх эд хөрөнгийн талаар эрүү болон иргэний журмаар цагдаа, прокурор, шүүхийн байгууллагад хандсан талаарх тайлбар гаргадаг хэдий ч уг байдлаа баримтаар нотлоогүй байх тул энэ нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар эзэмших үндэслэл болохгүй юм.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О- нь А.Д-ид ХААН болон Худалдаа хөгжлийн банкнуудаар дамжуулан 2 удаагийн гүйлгээгээр нийт 107.100.000 төгрөгийг шилжүүлсэн талаар баримтыг шүүх хуралдааны явцад гарган өгсөн, уг баримттай холбогдуулан нэхэмжлэгчээс шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргах үед хариуцагч талаас дээрх нотлох баримтуудаасаа татгалзан хуралдааныг цааш үргэлжлүүлэх санал гаргасны дагуу шүүхээс хэргийг шийдвэрлэсэн байна. /шүүх хуралдааны тэмдэглэл хх-ийн 40-41-р тал/

Иймд “...шүүх хуралдааны шатанд гаргасан баримтыг нотлох баримтын шаардлага хангаагүй хэмээн хэлэлцэхгүйгээр буцааж хуулиар олгогдсон эрхийг минь ноцтой зөрчсөн...” гэх агуулга бүхий хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1235 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О-ын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай. 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                                                                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               О.НАРАНГЭРЭЛ

                                                                                                               ШҮҮГЧИД                               Л.АМАРСАНАА

                                                                                                                                                               М.МӨНХДАВАА