Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2022/01226

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2020/02568 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 147 дугаар магадлалтай,

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“ММС” ХХК-д холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 2,629,660,334 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Содномжамц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрхбаяр, хариуцагчийн төлөөлөгч Т.Баярбат, хариуцагчийн өмгөөлөгч М.Шаравнямбуу, нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч “ММС” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үндсэн төлбөр 1,733,840,223 төгрөг, алданги 895,820,111 төгрөг, нийт 2,629,660,334 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

2.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2020/02568 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д заасныг баримтлан хариуцагч “ММС” ХХК-аас худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,957,795,250 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 671,865,084 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2020.06.09-ний өдөр төлсөн 13,595,255 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “ММС” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 9,946,926 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 147 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2020/02568 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,060,250 төгрөгийг, хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,277,750 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрхбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасан “шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр хяналтын журмаар энэхүү гомдлыг гаргаж байна.

4.1.Нэхэмжлэгч 2018.12.18-ны өдрийн №20181218/03 тоот тэсрэх материал нийлүүлэх гэрээний үндсэн төлбөрт 1,733,840,223 төгрөг, алданги 895,820,111 төгрөг нийт 2,687,460,334 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 895,820,111 төгрөгийн алдангийн 75 хувь буюу 671,865,084 төгрөгийг хэрэгсэхгүй болгож алдангийн 25 хувиар буюу 223,955,027 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн.

4.2.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7-д “Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй бөгөөд харин учирсан хохирлоо арилгуулахыг шаардах эрхтэйгэж заасан нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын гэрээгээ хүндэтгэх, хариуцлагажуулах зорилго агуулсан бөгөөд гэрээний аль нэг талаас анзаар дамжуулан хохирлоо барагдуулах боломжийг давхар нээж өгсөн гэж ойлгож байна. Нөгөө талаар, хэрэв талууд гэрээгээр анз тохирсон бол хохирлоо нэхэмжлэхгүй байж болох зохицуулалт буюу эрх зүйн сонголтыг зориуд агуулсан гэж харагдаж байна. Тиймээс, нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа өөрийн бодит хохирлыг гэрээнд заасан боломжит арга болох алдангиар дамжуулан барагдуулах үүднээс хохирол гэж тусад нь нэхэмжлэлгүйгээр, алданги гаргуулахаар нэхэмжилсэн, харин алдангийн хэмжээг шүүхээс багасгуулахгүй байх үүднээс бодит хохирлынхоо хэмжээг нотлох баримтын хамт гаргаж өгсөн. Гэтэл, давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэх явцдаа хохирол нэхэмжлээгүй, зөвхөн алданги /анз/ нэхэмжилсэн гэсэн үндэслэлээр хэргийн бодит нөхцөл байдлыг үл хайхарч хэт нэг талыг баримтлан бодит байдал дээр хохирсон нэхэмжлэгч талыг хохироож, шударга ёсыг хамгаалах шүүхийн үндсэн чиг үүргээ хөсөрдүүлэхийн зэрэгцээ хариуцагчийн хариуцлагагүй байдлыг улам өөгшүүлэн огт хамаагүй асуудлаар далимдуулан гэрээний үүргээ гүйцэтгэхгүй байгаа талд ашигтай, харин өмнөөс нь өндөр хүүтэй зээлээр үйл ажиллагаа явуулж байгаа нэхэмжлэгчийг хохироож шийдвэрлэсэн нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

4.3.Түүнчлэн, Иргэний хуулийн 232.8-д заасан “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэснийг шүүх буруу тайлбарлаж, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг ноцтой хохироосон нь мөн л шударга ёсны зарчимд харш шийдвэр боллоо. Тухайлбал, давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэх хэсэгт “Анхан шатны шүүх алдангийг 75 хувиар бууруулж шийдвэрлэж тооцсоныг буруутгах боломжгүй.” Учир нь гэрээний зүйлийг Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт байрлах “Саусгоби коул транс” ХХК-ийн Баянтэсийн нүүрсний уурхайд зохих журмын дагуу ашиглана” гэж тодорхойлон заасан, хариуцагч байгууллага нь гэрээнд заасан зориулалтын дагуу тэсрэх материалыг “Саусгоби коул транс” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр ашиглаж байх явцад “Саусгоби коул туанс” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг 2019.08.12-ны өдрийн 405 тоот шийдвэрээр цуцалсан байна. Иймд хариуцагчийн үйл ажиллагаанаас үл хамаарч, хөндлөнгийн нөхцөл байдлаас шалтгаалан төлбөр төлөх үүргээ биелүүлж чадаагүй байх нөхцөл байдлыг харгалзан үзэж ИХ-ийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасны дагуу алдангийг бууруулж болно” гэжээ. Гэтэл бодит байдал дээр гэрээгээ ажил үйлчилгээ гүйцэтгэж байгаа уурхайн тусгай зөвшөөрөл цуцлагдсантай холбогдуулан хариуцагч талаас нэхэмжлэгчтэй байгуулсан тухайн гэрээг цуцлах, эсхүл өөрчлөлт оруулах талаар ямар нэгэн мэдэгдэл өгөөгүй, харин ч тэсрэх материалыг үйл ажиллагаандаа бүрэн ашигласан байдаг. Хэрэв үнэхээр үйл ажиллагаа нь гадны нөлөөгөөр зогссон бол хүлээн авсан тэсрэх материалаа тэр дор буцаан өгч, гэрээгээ цуцалж болох байсан бөгөөд тэгсэн бол өнөөдөр ийм их алданги яригдахгүй, манай компани ч энэ хэмжээгээр хохирохгүй байсан бодит нөхцөл байдлыг анхан шатны болон давж заалдах шатны шүүх анхаарч үзсэнгүй.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалд тусгагдсан алдангийн хэмжээг хэт багасгаж, нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироосон шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн Худалдаа хөгжлийн банкны хүүд төлсөн 404,410,270 төгрөгийн хэмжээгээр хариуцагчаас алданги гаргуулж нэхэмжлэгчийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

5.Хариуцагчийн төлөөлөгч Т.Баярбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалд хариуцагч талаас анхан шатны шүүхийн шийдвэрийн алданги төлүүлэх тухай заалтыг нэг зуун сая төгрөгийн хүрээнд хүлээн зөвшөөрч боломжтой байна. Учир нь цаг үеийн нөхцөл байдал, төр засгийн шийдвэр нь хэргийн оролцогч компаниудад сөрөг нөлөө үзүүлж улмаар ажил үйлчилгээ хэвийн үргэлжлүүлэх ямар ч боломжгүй болсны дүнд гэрээний дагуу төлөх төлбөрийг төлж чадаагүй билээ. Гэрээгээр тохирсон үндсэн төлбөрөө төлж чадахгүй байгаа хариуцагч талын нөхцөл байдлыг анхан шатны шүүх тал бүрээс нь бодитоор үнэлж түүний дагуу зохих хуулийн заалтыг хэрэглэж чамгүй их хэмжээгээр алдангийг хасаж шийдвэрлэсэн билээ. Гэсэн хэдий ч цаг үеийн нөхцөл байдал маш хүнд энэ үед аливаа иргэн, хуулийн этгээд алданги бүү хэл үндсэн төлбөрөө ч төлж чадахгүй байдалд байна. Хариуцагчийн зүгээс ажил үйлчилгээ явуулж чадаагүй, орлого олоогүй, төлөх боломжгүй байгаа нөхцөл байдлаа нотлох баримтуудаа гаргаж өгсөн билээ.

Иймээс хариуцагчийн зүгээс дээрх шийдвэрийн дагуу 223,955,027 төгрөгийн алданги төлөх тухай заалтаас 123,955,027 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул шүүхээс нөхцөл байдлыг харгалзан үзэж алдангийг 100,000,000 төгрөг хүртэл багасгаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

6.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангаж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

7.Нэхэмжлэгч “Б” ХХК хариуцагч “ММС” ХХК-д холбогдуулан 2,629,660,334 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлийг “талуудын хооронд 2018.12.18-ны өдөр тэсрэх материал нийлүүлэх гэрээ байгуулагдаж гэрээний дагуу 22 төрлийн материал нийлүүлсэн боловч үнийг төлөөгүй, 2020.05.18-ны өдрийн тооцоо нийлсэн актаар хариуцагч 1,791,640,223 төгрөгийн өртэй байсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч 57,800,000 төгрөг төлсөн, иймд үлдэх 1,733,840,223 төгрөгийг, хугацаа хэтрүүлсний алданги 895,820,111 төгрөгийн (төлөгдөөгүй төлбөр 1,791,640,223 төгрөгийн 50 хувиар) хамт гаргуулна уу” гэж тайлбарласан.

8.Хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч, “...гэрээний дагуу 1,733,840,223 төгрөг төлөөгүй нь үнэн. ...уурхайд нийт 5 орчим тэрбум төгрөгийн тэсрэх бодис хэрэгсэл зарцуулсан, уурхайн нүүрс олборлох үйл ажиллагаа 2019 оны 06 дугаар сараас зарим төрийн бус байгууллага, нутгийн иргэдийн хууль бус үйл ажиллагаанаас шалтгаалан доголдож, 2019 оны 08 дугаар сард Засгийн газрын тушаал, шийдвэрээр “Соуд гоби коэл транс” ХХК-ийн ашигт малтмалын олборлолтын тусгай зөвшөөрлийг цуцалснаар үйл ажиллагаа бүрэн зогссоноос туслан гүйцэтгэгчээр ажилласан олон аж ахуйн нэгжид ажлын хөлс төлөөгүйгээс санхүүгийн хүнд нөхцөлд орсон, дээрх нөхцөл байдал болон Ковид-19 вирус тахлын улмаас санхүүгийн хүндрэлтэй байдалд байгаа тул алдангиас чөлөөлж өгнө үү” гэжээ.

9.Анхан шатны шүүх хариуцагчаас үндсэн төлбөр 1,733,840,223 төгрөг, алдангид 223,955,027 төгрөг, нийт 1,957,795,250 төгрөгийг гаргуулж олгох шийдвэр гаргасан, давж заалдах шатны шүүх зохигчийн гомдлоор хэргийг хянаж шийдвэрийг хэвээр үлдээжээ.

10.Зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан болох, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасантай нийцжээ.

Зохигчийн хооронд 2018.12.18-ны өдөр байгуулагдсан тэсрэх материал нийлүүлэх гэрээгээр худалдагч (нэхэмжлэгч) тухайн бодисыг нийлүүлэх, худалдан авагч (хариуцагч) үнэ төлөхөөр тохиролцсон нь тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлж, нийт 22 төрлийн тэсрэх бодисыг захиалгын дагуу нийлүүлсэн, хариуцагч үнэд 1,733,840,223 төгрөг төлөөгүй, эдгээр үйл баримтын талаар зохигч маргаагүй байна.

Иймд дээрх мөнгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох шийдвэр гаргасан нь үндэслэл бүхий болжээ.

11.Үнэ төлөх гэрээгээр тохирсон хугацаа хэтрүүлсний алдангид 895,820,111 төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч зөвшөөрөөгүй бөгөөд анхан шатны шүүх алдангийн хэмжээг 75 хувиар багасгаж шийдвэрлэхдээ “короновирусын цар тахлын улмаас тогтоосон хөл хорио нь аж ахуйн нэгжийн төлбөрийн чадварт нөлөөлсөн” гэж үзсэнийг давж заалдах шатны шүүх зохигчийн гомдлоор хэргийг хянаад хэвээр үлдээсэн нь үндэслэл бүхий болоогүй гэж хяналтын шатны шүүхээс дүгнэв.

12.Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэхийг, үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхийг мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д заажээ.

13.Алданги гэж хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөх анзыг хэлэх ба хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ.

14.Зохигчийн хооронд бичгэн хэлбэрээр гэрээ байгуулагдсан, уг гэрээний 3.2-т ...төлбөрийг тухайн сард уурхайн тэсэлгээний ажилд зарцуулсан нийт тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн дүнгээр сарын эцэст нэхэмжлэл илгээх, худалдан авагч нэхэмжлэлийн дагуу төлбөрийг дараа сарын 05-ны өдрийн дотор төлнө гэж, 5.3-т худалдан авагч тал нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө гэж тус тус заасан, хариуцагч нь үнийг төлөөгүй хугацаа хэтрүүлсэн байна.

15.Иймээс нэхэмжлэгч нь гэрээнд зааснаар хариуцагчаас алданги шаардах эрхтэй бөгөөд энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв хэдий ч шүүхүүд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасныг хэрэглэж алдангийн хэмжээг 75 хувиар бууруулсан нь учир дутагдалтай гэж үзэх дараах үндэслэл тогтоогдож байна.

15.1.Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх багасгаж болох ба хариуцагчийн үнэ төлөх хугацааг хэтрүүлсэн нийт хоногоор алданги тооцоход 2,566,110,467 төгрөг болсон, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 1,791,640,223 төгрөгийн 50 хувиар тооцон нийт 895,820,111 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

15.2.Хариуцагч нэхэмжлэлд тайлбар гаргахдаа алданги гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахыг хүссэн, нэхэмжлэгч үүнийг эсэргүүцэж үндэслэлээ хариуцагчийн хугацаандаа төлбөрөө төлөөгүйгээс банкинд зээлийн хүү төлж хохирсон гэж, энэ байдлыг харгалзахыг хүсч нотлох баримтыг шүүхэд гаргаж мэтгэлцсэн байна. Хоёр шатны шүүх дээрх тайлбарын үндэслэл болгосон нотлох баримтад дүгнэлт хийгээгүй байна. Нэхэмжлэгчийн шүүхэд гарган өгсөн банкны зээлийн гэрээ, гэрээний дагуу төлбөр төлсөн цаг хугацаа нь зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, үнэ төлөх цаг хугацаатай уялдаатай гэж үзэх үндэслэлтэй байна.

15.3.Дээрхээс гадна хариуцагч нь цар тахал эхлэхээс өмнө үүргийн дийлэнх хэсгийг биелүүлэх үүрэгтэй байсан боловч энэхүү үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй эдгээр нөхцөл байдлыг өөрөөр хэлбэл, хоёр талын хэн алины эрх ашгийг шүүх адил хэмжээнд харгалзан үзээгүй байна.

16.Иймээс талуудын хэн алины эрх ашгийг харгалзан алдангийн хэмжээг 75 бус 50 хувиар бууруулж 895,820,111 төгрөгөөс 447,910,056 төгрөг гаргуулах боломжтой боловч нэхэмжлэгчийн гомдлын хүрээнд хариуцагчаас 404,410,270 төгрөгийг гаргуулахаар энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулах нь “...хэргийн нөхцөл байдлыг харгалзан алдангийн хэмжээг бууруулах” Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасантай нийцнэ гэж үзлээ.

17.Харин алдангийн хэмжээг 100,000,000 төгрөг хүртэл багасгах хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 147 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2020/02568 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “1,957,795,250 төгрөг” гэснийг “2,138,250,493 төгрөг” гэж, “671,865,084 төгрөг” гэснийг “491,409,841 төгрөг” гэж, 2 дахь заалтад “9,946,926 төгрөг” гэснийг “10,849,202 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэр магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангаж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Б” ХХК /өмгөөлөгч Б.Эрхбаяр/-ийн 2020.12.16-ны өдөр төлсөн 1,060,250 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагч “ММС” ХХК /төлөөлөгч Т.Баярбат/-ийн 2021.03.01-ний өдөр төлсөн 778,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.БАНЗРАГЧ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       П.ЗОЛЗАЯА

                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                  Д.ЦОЛМОН