Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2020/02568

 


 

 

 

 2020             09            25                                                 183/ШШ2020/02568

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: “М М С” ХХК-д холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 2.629.660.334 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С , түүний өмгөөлөгч Б.Э, Б.Э, хариуцагчийн төлөөлөгч Б.Т,  түүний өмгөөлөгч М.Ш, нарийн бичгийн дарга Ш.Б нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Талууд 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 20181218/03 тоот тэсрэх материал нийлүүлэх гэрээг байгуулсан. Дээрх гэрээний 3.2-т “Худалдан авагч тал нь тэсрэх материалыг уг гэрээний 2.2-т заасан байдлаар захиалах бөгөөд төлбөрийг тухайн сард уурхайн сэлгээний ажилд зарцуулагдсан нийт тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн дүнгээр сарын эцэст нэхэмжлэх илгээх бөгөөд худалдан авч тал нэхэмжлэлийн дагуу төлбөрийг дараа сарын 05-ны өдрийн дотор төлнө.” гэж хариуцагчийн үүргийг заасан. Гэвч хариуцагч тал гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бөгөөд тооцоо нийлсэн актаар 1.791.640.223 төгрөгийн үлдэгдэлтэйг баталгаажуулсан. Тооцоо нийлсэн акт нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд үүссэн өр төлбөрийг тооцсон байна. Дээрх гэрээний 5.3-т “Худалдан авагч тал нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө” гэж заасан. Хариуцагчийн төлөх алданги нийт 2.5666110.467 төгрөг болсон байна. Иймд үлдэгдэл төлбөр 1.791.640.223.00 төгрөг, алданги үндсэн төлбөрийн 50 хувь буюу 895.820.111 төгрөг, нийт 2.687.460.334 төгрөгийг хариуцагч йталаас гаргуулж өгнө үү. Хариуцагч тал шүүхэд нэхэмжлэл гаргасны дараагаар буюу 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр үндсэн төлбөрөөс 57.800.000 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, үндсэн төлбөрийн үлдэгдэл 1.733.840.223 төгрөг, алданги 895.820.111 төгрөг, нийт 2.629.660.334 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нь “Б” ХХК-тай “Тэсрэх материал нийлүүлэх гэрээ”-г байгуулан, 1.733.840.223 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа нь үнэн. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах Баянтэс нүүрсний уурхайд тэсэлгээний ажлыг 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлүүлж 2019 оны 6 дугаар сарыг хүртэл ажил гүйцэтгэхдээ нийт 5 орчим тэрбум төгрөгийн үнэ бүхий тэсрэх бодис хэрэгсэл зарцуулсан байдаг. Тус уурхайн нүүрс олборлох үйл ажиллагаа 2019 оны 6 дугаар сараас эхлэн зарим төрийн бус байгууллага, нутгийн иргэдийн хууль бус үйл ажиллагаанаас шалтгаалан доголдож эхэлсэн бөгөөд улмаар Тост тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг үндэслэлээр 2019 оны 8 дугаар сард Засгийн газрын тушаал, шийдвэрээр “С Г К Т” ХХК-ийн ашигт малтмалын олборлолтын тусгай зөвшөөрлийг цуцалснаар үйл ажиллагаа нь бүрэн зогссон. Ингэснээр манай компанийн гол үйл ажиллагаа буюу борлуулалтын орлогын дийлэнх хэсгийг төвлөрүүлэхээр төлөвлөсөн ажил биднээс үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас буюу төрийн байгууллагын гэнэтийн шийдвэрийн улмаас цааш үргэлжлэх боломжгүй болсон. Тусгай зөвшөөрлийг цуцалснаар “Соуд гоби коал транс” ХХК нь манай компанийг оролцуулаад туслан гүйцэтгэгчээр ажиллаж бараа ажил үйлчилгээ нийлүүлсэн олон аж ахуйн нэгжид ажлын хөлс төлбөрийг төлж барагдуулах боломжгүй болсон бөгөөд туслан гүйцэтгэгчээр үйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэгжүүд санхүүгийн хүнд нөхцөлд орж дампуурлын ирмэгт тулаад байна. “М М С” ХХК нь ”С Г К Т” ХХК-иас авах ажлын хөлсөө бүрэн гүйцэт авч чадаагүй бөгөөд өнөөдрийг хүртэл олж авахаар хөөцөлдөж байгаа болно. Иймд дээрх нөхцөл байдал болон одоогийн дэлхий дахинд тулгамдаад байгаа Ковид-19 вирус тахлын улмаас санхүүгийн хүндрэлтэй байдалд байгаа тул алдангиас чөлөөлж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “М М С” ХХК-д холбогдох, худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 2.629.660.334 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

“М М С” ХХК, “Б” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 20181218-03 дугаар “Тэсрэх материал нийлүүлэх гэрээ” болон түүний хавсралтаар худалдагч “Б” ХХК нь эрхийн, биет байдлын доголдолгүй, зохих хууль стандартад нийцсэн тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд худалдан авагч “М М С” ХХК-д нийлүүлэх, худалдан авагч нь гэрээний хавсралтад заасан үнээр тооцон, нэхэмжлэхийн дагуу төлбөрийг дараа сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон талаар зохигчид маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан хүчин төгөлдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулагджээ.

 

Уг гэрээний дагуу худалдагч “Б” ХХК-иас нийлүүлсэн тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үлдэгдэл төлбөр болох 1.733.840.223 төгрөгийг 2019 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн дотор төлөх үүргээ худалдан авагч “М М С” ХХК нь биелүүлээгүй талаар зохигчид маргаагүй болно.

Иймд хариуцагч “М М С” ХХК-иас талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний дагуу тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үлдэгдэл төлбөр болох 1.733.840.223 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгох нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасантай нийцэж байна.

 

Мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.3-т “худалдан авагч тал нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө” гэж заасны дагуу Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар нэхэмжлэгч “Б” ХХК нь 2019 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацааны алдангид 895.820.111 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй хэдий боловч Коронавирус (Ковид-19)-ын цар тахал, түүний улмаас тогтоосон хорио цээр   нь аж ахуйн нэгж, иргэдийн санхүү, төлбөрийн чадварт сөргөөр нөлөөлж байгаатай   холбогдуулан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-т “алдангийн хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж заасны дагуу 895.820.11175 төгрөгийн алдангийн хэмжээг 75 хувиар багасгаж, 223.955.027 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна гэж үзэв.

 

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч “М М С” ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үлдэгдэл төлбөр 1.733.840.223 төгрөг, алданги 223.955.027 төгрөг, нийт 1.957.795.250 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 671.865.084 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д заасныг баримтлан хариуцагч “М М С” ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.957.795.250 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 671.865.084 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 13.595.255 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “М М С” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 9.946.926 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах  шатны шүүхэд  гомдол гаргах  эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Ж.СЭМЖИД