Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2021/00147

 

 

 

 

 

 

 

 

 

“Ы” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2020/02568 дугаар шийдвэртэй,

 

“Ы” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Ддд сервис” ХХК-д холбогдох,

худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2 629 660 334 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

зохигчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Содномжамц, өмгөөлөгч Б.Эрхэмбаяр, Б.Эрхбаяр, хариуцагчийн төлөөлөгч Т.Баярбат, өмгөөлөгч М.Шаравнямбуу, шүүх хуралдааны нарын бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Тэсрэх материал нийлүүлэх гэрээ байгуулсан. Уг гэрээний 3.2-т “Худалдан авагч тал нь тэсрэх материалыг уг гэрээний 2.2-т заасан байдлаар захиалах бөгөөд төлбөрийг тухайн сард уурхайн сэлгээний ажилд зарцуулагдсан нийт тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн дүнгээр сарын эцэст нэхэмжлэх илгээх бөгөөд худалдан авч тал нэхэмжлэлийн дагуу төлбөрийг дараа сарын 05-ны өдрийн дотор төлнө” гэж заасан.

Гэтэл хариуцагч тал гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бөгөөд тооцоо нийлсэн актаар 1 791 640 223 төгрөгийн үлдэгдэлтэй болохоо баталгаажуулсан. Тооцоо нийлсэн актаар 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд үүссэн өр төлбөрийг тооцсон байна.

Гэрээний 5.3-т “Худалдан авагч тал нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө” гэж заасан. Хариуцагчийн төлөх алданги нийт 2 566 110 467 төгрөг болсон байна. Хариуцагч шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа буюу 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр үндсэн төлбөрөөс 57 800 000 төгрөгийг төлсөн. Иймд хариуцагчаас худалдах, худалдан авах гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 1 733 840 223 төгрөг, алданги 895 820 111 төгрөг, нийт 2 629 660 334 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь “Ы” ХХК-тай Тэсрэх материал нийлүүлэх гэрээг байгуулан, 1 733 840 223 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа нь үнэн.

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах Баянтэс нүүрсний уурхайд тэсэлгээний ажлыг 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлүүлж 2019 оны 06 дугаар сарыг хүртэл ажил гүйцэтгэхдээ нийт 5 орчим тэрбум төгрөгийн үнэ бүхий тэсрэх бодис хэрэгсэл зарцуулсан байдаг. Тус уурхайн нүүрс олборлох үйл ажиллагаа 2019 оны 6 дугаар сараас эхлэн зарим төрийн бус байгууллага, нутгийн иргэдийн хууль бус үйл ажиллагаанаас шалтгаалан доголдож эхэлсэн.

Улмаар Тост тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг үндэслэлээр 2019 оны 8 дугаар сард Засгийн газрын тушаал, шийдвэрээр “Соуд гоби коэл транс” ХХК-ийн ашигт малтмалын олборлолтын тусгай зөвшөөрлийг цуцалснаар үйл ажиллагаа бүрэн зогссон. Манай компанийн гол үйл ажиллагаа буюу борлуулалтын орлогын дийлэнх хэсгийг төвлөрүүлэхээр төлөвлөсөн ажил биднээс үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас буюу төрийн байгууллагын гэнэтийн шийдвэрийн улмаас цааш үргэлжлэх боломжгүй болсон.

Тусгай зөвшөөрлийг цуцалснаар “Соуд гоби коал транс” ХХК нь манай компанийг оролцуулаад туслан гүйцэтгэгчээр ажиллаж, бараа ажил үйлчилгээ нийлүүлсэн олон аж ахуйн нэгжид ажлын хөлс төлбөрийг төлж барагдуулах боломжгүй болсон бөгөөд туслан гүйцэтгэгчээр үйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэгжүүд санхүүгийн хүнд нөхцөлд орж дампуурлын ирмэгт тулаад байна.

“Ддд сервис” ХХК нь ”Соуд гоби коэл транс” ХХК-иас авах ажлын хөлсөө бүрэн гүйцэт авч чадаагүй бөгөөд өнөөдрийг хүртэл олж авахаар хөөцөлдөж байгаа болно. Иймд дээрх нөхцөл байдал болон одоогийн дэлхий дахинд тулгамдаад байгаа Ковид-19 вирус тахлын улмаас санхүүгийн хүндрэлтэй байдалд байгаа тул алдангиас чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д заасныг баримтлан хариуцагч “Ддд сервис” ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 957 795 250 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ы” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 671 865 084 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Ы” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 13 595 255 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “Ддд сервис” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 9 946 926 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ы” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 895 820 111 төгрөгийн алдангийг 75 хувь бууруулж, 223 955 027 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Гэрээний үндсэн төлбөр болох 1 733 840 223 төгрөгийн хувьд талууд маргаагүй бөгөөд 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн талуудын тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан. Харин дээрх төлбөрийг хариуцагч “Ддд сервис” ХХК нь 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн дотор төлж барагдуулах ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл барагдуулаагүй байна.

Анхан шатны шүүх алдангийг 75 хувиар багасгаж шийдвэрлэхдээ оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй мөн хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн болох нь харагдаж байна. Коронавирусын цар тахал, түүний улмаас тогтоосон хорио цээр нь бүх аж ахуй нэгжийн санхүүд сөргөөр нөлөөлж байгаа бөгөөд нэхэмжлэгч “Ы” ХХК-г тойрч гараагүй. Харин энэ хүнд цаг үеийг хэрхэн даван туулж байгаа талаарх нотлох баримтад анхан шатны шүүх дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн. “Ы” ХХК нь 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Худалдаа хөгжлийн банкнаас жилийн 14.4 хувийн хүүтэй 4 тэрбум төгрөг зээлсэн. Хариуцагчийн төлбөр төлөх ёстой байсан өдөр, нэхэмжлэгчийн эргэлтийн хөрөнгийн зээл авсан өдөр зэргээс нэхэмжлэгчийн өндөр хүүтэй зээл авах болсон шалтгаан хариуцагчийн гэрээний үүргээ зөрчсөнтэй шууд холбоотой болох нь тодорхой харагдана.

Мөн Худалдаа хөгжлийн банкны 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 6/6183 тоот албан бичгээс “Ы” ХХК нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 756 523 726 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 903 400 046 төгрөг, нийт 1 659 923 773 төгрөгийг банкинд зээлийн хүүнд төлсөн байна. Дээрх хүүгийн төлбөрөөс хариуцагч “Ддд сервис” ХХК-ийн төлөх ёстой төлбөрийн дүнгээс хүүг тооцоход 404 410 270 төгрөгийг нэхэмжлэгч “Ы” ХХК нь Худалдаа хөгжлийн банкинд төлсөн байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь бусдаас авах ёстой мөнгөө авч чадахгүй, эргэлтийн хөрөнгөгүй болсны улмаас банкны өндөр хүүтэй зээлээр үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл анхан шатны шүүх алдангийг 75 хувиар багасгаж 223 955 027 төгрөг болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн банкинд төлсөн 404 410 270 төгрөгийн хүүнд ч хүрэхгүй, 180 450 243 төгрөгийн хохиролтой шийдвэрлэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн Худалдаа хөгжлийн банкны хүүнд төлсөн 404 410 270 төгрөгийн хэмжээгээр хариуцагчаас алданги гаргуулж нэхэмжлэгчийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “ ... талуудын хооронд  байгуулсан гэрээний 5.3-т “худалдан авагч тал нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө” гэж заасны дагуу Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар нэхэмжлэгч “Ы” ХХК нь 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацааны алдангид 895 820 111 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй боловч Короновирус /Ковид-19/-ын цар тахал, түүний улмаас тогтоосон хорио цээр нь аж ахуй нэгж, иргэдийн санхүү, телбөрийн чадварт сөргөөр нөлөөлж байгаатай холбогдуулан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-т “алдангийн хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж заасны дагуу 895 820 111 төгрөгийн алдангийн хэмжээг 75 хувиар багасгаж, 223 955 027 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна” хэмээн үзснийг эс зөвшөөрч байна.

 “Ддд сервис” ХХК нь “Соуд гоби коэл транс” ХХК-ийн ашигт малтмальш тусгай зөвшөөрөлтэй, Өмнөговь аймгийн Гурван тэс суманд үйл ажиллагаа явуулдаг уурхайд туслан гүйцэтгэгчээр ажиллаж ирсэн. Улмаар 2019 оны 08 дугаар сард Монгол Улсын Засгийн газрын тушаал, шийдвэрээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгсон. Манай компани туслан гүйцэтгэгч бөгөөд “Соуд гоби коэл транс” ХХК төлбөрөө төлснөөр нэхэмжлэгч байгууллагад бид өр төлбөрөө барагдуулах байсан. Хариуцагч “Ддд сервис” ХХК нь 2019 оны 08 дугаар сараас 2020 оны 05 дугаар сар хүртэл дансаар орж ирсэн мөнгийг нэхэмжлэгч компанид төлж ирсэн. Үлдэгдэл өр төлбөрийг барагдуулахын тулд орон сууц, тээврийн хэрэгсэл зэргийг бартериар өгсөн. Ингэснээр “Ддд сервис” ХХК төлбөр төлөхгүй зугтах эсхүл эс зөвшөөрч маргаж байгаагүй. Энэ цар тахалтай цаг хугацаанд үйл ажиллагаа зогссон байх бөгөөд өөрсдийн ажилчдын цалинг өгсөөр ирсэн.

Иймд анхан шатны шүүхийн алдангийн хэмжээг 100 хувь хасаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч “Ы” ХХК нь хариуцагч “Ддд сервис” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үндсэн төлбөр 1 733 840 223 төгрөг, алдангид 895 820 111 төгрөг, нийт 2 629 660 334 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч гэрээний үндсэн төлбөр 1 733 840 223 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, алдангийг төлөхгүй гэж маргажээ.

 

“Ы” ХХК нь “Ддд сервис” ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Тэсрэх материал нийлүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч “Ы” ХХК нь 1 791 640 223  төгрөгийн үнэ бүхий 22 нэр төрлийн тэсрэх материалыг худалдан авагч “Ддд сервис” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх, “Ддд сервис” ХХК нь нэхэмжлэл хүлээн авсны дараа сарын 5-ны өдрийн дотор төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /хх7-15/

 

“Ы” ХХК нь “Ддд сервис” ХХК-д гэрээний дагуу тэсрэх бодисыг нийлүүлсэн, “Ддд сервис” ХХК нь тэсрэх бодисыг хүлээн авсан, мөн талууд 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр тооцоо нийлж, гэрээний дагуу үндсэн төлбөрийн үлдэгдэл 1 791 640 223 төгрөг болсон үүнээс “Ддд сервис” ХХК нь 57 800 000 төгрөгийг 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр “Ы” ХХК-д төлсөн, үндсэн төлбөрийн үлдэгдэл 1 733 840 223 төгрөг болсон талаар талууд маргаагүй. /хх16/

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний үнэд төлөгдөөгүй 1 733 840 223 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй, энэ хэмжээгээр анхан шатны шүүх “Ы” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Талууд гэрээний 5.3-т: “худалдан авагч тал гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор” тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн тодорхойлолтод, нэхэмжлэгч алдангийг гэрээний үлдэгдэл төлбөр 1 733 840 223 төгрөгийн 50 хувиар тооцон 895 820 111 төгрөгөөр тодорхойлсон нь мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан алдангийн хязгаарлалттай тус тус нийцсэн, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт “алдангийн хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж заасан эрх хэмжээний хүрээнд алдангийг 75 хувиар бууруулж тооцсныг буруутгах боломжгүй.

Учир нь талууд гэрээний 1.3-д “...гэрээний зүйлийг Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт байрлах “Саусгоби коул транс” ХХК-ийн Баянтэсийн нүүрсний уурхайд зохих журмын дагуу ашиглана” гэж тодорхойлон заасан, хариуцагч байгууллага нь гэрээнд заасан зориулалтын дагуу тэсрэх материалыг “Саусгоби коул транс” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр ашиглаж байх явцад “Саусгоби коул транс” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газар, кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 405 тоот шийдвэрээр цуцалсан байна. /хх90-95, 146/ Иймд хариуцагч гэрээний зүйлийг гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаж байсан, хариуцагчийн үйл ажиллагаанаас үл хамаарч, хөндлөнгийн нөхцөл байдлаас шатгаалан төлбөр төлөх үүргээ биелүүлж чадаагүй байх нөхцөл байдлыг харгалзан үзэж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар алдангийг бууруулж болно.

 

Нэхэмжлэгч байгууллага нь “Худалдааны хөгжлийн банк” ХХК-аас 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 8 000 000 000 төгрөгийн зээл авсан 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр зээлийн эрх нээх нэмэлт гэрээг байгуулсан байх ба хариуцагчийн үүргийн зөрчлийг 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс эхэлж тооцсон байдлыг харьцуулан дүгнэвэл худалдах, худалдан авах гэрээний төлбөр төлөх үүргийн зөрчлийг нэхэмжлэгчийн банкнаас зээл авах, зээлийн хүү төлөхтэй холбож дүгнэхээргүй байна. /хх18, 66-68, 148/

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2020/02568 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 060 250 төгрөгийг, хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 277 750 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ЭНХТӨР

 

                                       ШҮҮГЧИД                                Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                      Э.ЗОЛЗАЯА