Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 143/ШШ2020/00552

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Угтахбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: ******* /регистрийн дугаар: *******/

9.592.951 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /онлайнаар/, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч Н.Нарангарав, нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Ж.Мухлай нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бодь даатгал" ХХК нь Капитрон банк ХХК-тай Зээлийн эрсдэлийн даатгалын талаар хамтран ажиллах гэрээ байгуулж, цалин барьцаалан олгож буй зээлийг даатгалд хамруулан даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд гэрээний дагуу даатгалын нөхөн олговор олгож ирсэн. Энэхүү гэрээний 10 дугаар зүйлийн 10.6, Зээлийн өр төлбөр нэхэмжлэх эрхийг шилжүүлэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2, 242.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу шилжиж ирсэн шаардах эрхийн хүрээнд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Капитрон банк ХХК-тай 2018 оны 02 сарын 02-ны өдөр зээлдэгч *******, хамтран зээлдэгч ******* нар нь 3017-2018/58 тоот Цалингийн зээлийн гэрээ байгуулж, 12 000 000 төгрөгийг, 48 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэйгээр зээлж авсан байна. ******* нь 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр нас барсны улмаас зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчигдөн, зээл төлөх хугацаа хэтэрч Зээлийн эрсдэлийн даатгалын талаар хамтран ажиллах гэрээ-ний 3 дугаар зүйлийн 3.5.1-д заасан даатгалын тохиолдол үүссэн. Ийнхүү Капитрон банк ХХК нь 2019 оны 02 дугаар сарын 19-ны өдөр даатгалын нөхөн төлбөр нэхэмжилснийг хүлээн авч Бодь Даатгал ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн В/121 тоот тушаалаар 9.710.913 төгрөгийг нөхөн төлбөрт тооцож Капитрон банк ХХК-д олгосон. Үүнээс хойш 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр тухайн цалингийн зээлд 117.962 төгрөг төлөгдсөнийг Капитрон банк ХХК нь манай дансанд шилжүүлсэн байх тул тус дүнг хасаж үлдэгдэл 9.592.951 төгрөгийг хамтран үүрэг гүйцэтгэгч болох *******гаас гаргуулахаар шаардаж байна. Иймд даатгалын нөхөн төлбөрт төлсөн 9.592.951 төгрөгийг *******гаас гаргуулж, Бодь Даатгал ХХК-д олгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 02 сарын 02-ны өдөр зээлдэгч *******, хамтран зээлдэгч ******* нар нь цалингийн зээлийн гэрээ байгуулж 12.000.000 төгрөгийг 48 сарын хугацаатай жилийн 18 хувийн хүүтэйгээр зээлж авсан. 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр үндсэн зээлдэг ******* нь нас барсан байдаг. Үүнтэй холбогдуулан ******* болон Капитрон банк ХХК нар нь хоорондоо зээлийн эрсдэлийн даатгалын талаар хамтран ажиллах гэрээ байгуулж, цалингийн эрсдэлийн даатгалын гэрээг байгуулсан. Капитрон банк ХХК нь *******-тай цалингийн эрсдэлийн даатгалын тохиолдол бий болсон гэж үзээд *******-ийн захирлын 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн В/121 тоот тушаалаар 9.710.913 төгрөгийг Капитрон банк ХХК-д шилжүүлсэн. Хамтран үүрэг гүйцэтгэгч болон *******гаас уг төлбөрийн үлдэгдэл төлбөр болох 9.592.951 төгрөгийг нэхэмжилж байгаа. *******гаас ягаад гаргуулахаар болсон бэ гэхээр анх зээл авахдаа үндсэн зээлдэгчийн хамт хамтран зээлдэгч гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрч гэрээнд гарын үсгээ зурж, эрх, үүргээ ойлгож тухайн зээлийг авч байсан. Тухайн зээлийн Батцэнгэлийн гаргаж байсан хүсэлт нь өрхийн хэрэгцээнд зориулан тухайн зээлийг авна гэсэн. Тухайн зээлийг аваад хамтран үүрэг гүйцэтгэгчээр нь эхнэр болох ******* орсон гэж бид нар ойлгосон. Иргэний хуулийн 242.2 дахь хэсэгт хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах боломжтой гэж байгаа. Бид нар өнөөдрийн байдлаар үндсэн зээлдэгч нь нас барсан гээд даатгалын эрсдэлийн тохиолдол бий болсон байна гээд Капитрон банк ХХК-д бүх мөнгөө шилжүүлсэн боловч хамтран зээлдэгчээс зээлийн үндсэн төлбөрийг шаардах бүрэн эрхтэй учраас хариуцагч *******гаас төлбөрийг нэхэмжилж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь Капитрон банк ХХК-тай 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан зээлийн өр төлбөр нэхэмжлэх эрхийг шилжүүлэх гэрээний дагуу иргэн надаас миний нөхөр *******ийн зээлийн гэрээний төлбөрийг нэхэмжилсэн байна. Иймээс би нэхэмжлэгчийг Капитрон банк-ны Өмнөговь салбартай 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 3017-2018/58 дугаартай зээлийн гэрээний үүргийг нэхэмжилж байна гэж ойлгож байна. Манай нөхөр нь 2019 оны 02 дугаар сарын 12-нд нас барсан. Нас барахын өмнө Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын нийтлэг үйлчилгээний албанд ажиллаж байхдаа цалингийн зээлийн зориулалтаар Капитрон банк-наас зээл авсан бөгөөд эрүүл мэндийн улмаас хөдөлмөрийн чадвар алдаж группт орсон. Хэдийгээр ажлаасаа гарсан ч хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийн мөнгөөрөө зээлээ төлж байгаад нас барсан. Нас барсны дараа тухайн 2 сарын зээлийг төлөөд дараагийн зээлийг төлж чадахгүй нь яахав гэж захирал Мятавдорж, зээлийн эдийн засагч Жамъянсүрэн нартай уулзсан. 3 сард март, цэргийн баярын дунд үеэр юмдаг, хугацааг сайн санахгүй байна намайг дуудсан. Очиж уулзахад энэ хоёр хүн хоёулаа байсан. Тэгээд гурван зээлдэгч нас барсныг судалж үзээд Танай ар гэрийн байдлыг танай нөхрийн зээлийг хаалаа гэж хэлсэн. Ингээд би зээлийн гэрээ дуусгавар болсон гэж байтал ийм нэхэмжлэл авлаа. Нэхэмжлэлд бичсэнээс үзвэл банк, энэ компани хоёр даатгалын гэрээтэй, гэрээний дагуу даатгалын тохиолдол үүссэн гэж даатгалын байгууллага болох нэхэмжлэгч манай зээлийн төлбөрийг төлөөд одоо уг төлсөн мөнгөө надаас нэхэмжилж байгаа юм байна. Энэ хоёр компаний хоорондын даатгалын гэрээ нь зээлдэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тул зээлдэгч нас барснаар зээлийн үүрэг нь Иргэний хуульд зааснаар дуусгавар болсон. Цалингийн зээлд цалин авдаггүй намайг хамтран зээлдэгчээр оролцуулж гарын үсэг зуруулсан байна. Цалингийн зээлийн журмаар бол ажил олгогч, банк хоёр харилцан тохиролцож гэрээ байгуулсны үндсэн дээр ажилтанд түүний ирээдүйд авах цалингийн орлогыг барьцаалж зээл олгодог. Иймээс миний бие энэ зээлийг төлөхгүй. Мөн тухайн үеийн захирал, эдийн засагч нар зээлийг хаалаа гэж хэлсэн учир хэн дуртай нь хэзээ нэгэн цагт ийм байдлаар өр төлбөр шаардаж болохгүй гэжээ.

Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай нөхөр аймгийн Засаг даргын тамгын газар ажиллаж байсан. Тухай үед цалингийн зээл авсан үнэн. Тэгээд зээлээ төлж байгаад эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаасаа гарч группэд орсон. Тэгээд манай нөхөр группээс авдаг байсан мөнгөөрөө зээлээ төлж байна. 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр нас барсан. Өөр орлого байхгүй учраас зээлээ төлөх боломжгүй гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Нарангарав шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэл тодорхойгүй гэж үзэж байна. Учир нь даатгалын гэрээг үндэслэж зээлийн гэрээний зээлдэгчээс даатгалын төлбөр нэхэж байгаа нь ойлгомжгүй байгаа шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Манай зүгээс зээлийн гэрээнд маргаж байгаа зүйл байхгүй. Капитрон банк ХХК-аас талийгаач Батцэнгэл нь зээл авсан учраас зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр байгуулагдсан. Тус гэрээнд даатгалтай холбоотой нэг ч асуудал тусгагдаагүй байгаа. Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар даатгагч буюу даатгуулагч нарын хооронд үүсэн харилцаа байдаг. Миний үйлчлүүлэгч ******* Батцэнгэл нар нь даатгалын гэрээнд гарын үсэг зураагүй. Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2 дахь хэсэгт зааснаар тухайн цалингийн зээл нь талийгаачийн цалин орлогыг барьцаалж олгосон зээл байсан юм. Үүнтэй холбогдуулан үүрэг гүйцэтгэгч нас барсан учраас Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2 дахь хэсэгт үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан бол үүрэг дуусгавар болсон талаар заасан байдаг. Энэ үндэслэлээр цалингийн зээлтэй холбоотой зээлийн гэрээний үүрэг дуусгавар болж банкинд эрсдэл үүссэн. Тус банк Бодь даатгалтай байгуулсан гэрээний дагуу хохирлоо барагдуулан авсан байгаа. Даатгалын гэрээнд даатгалтай холбоотой асуудал маань Иргэний хууль болон Даатгалын тухай хуулиар зохицуулагдаж байгаа. Даатгалын гэрээ нь Иргэний хуулийн 441 дүгээр зүйл дааснаар зохицуулагдах гэрээ байгаа. Тус хуулийн 434 дүгээр зүйлд даатгалын гэрээг дуусгавар болох үндэслэлийг зааж өгсөн байдаг. Үүнтэй холбогдуулан гэрээний үйлчлэл нь дууссан байгаа. Гэтэл харь хамааралгүй *******гаас даатгагч төлбөр нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байн гэж үзэж байна. Зээлийн гэрээнд үүргийн гүйцэтгэлийн дууссантай холбогдуулан нэг зүйлийг нэмж тайлбарлах нь зүйтэй байх. Зээлийн гэрээний хувьд зээлдэгчийн цалин хөлсийг барьцаалан мөн дээр нь гэр, зурагт, оёдлын машин зэрэг эд хөрөнгийг барьцаалсан байдаг. Зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр үйлчилж байсан юм бол энэ барьцааны зүйлүүдээс зээлийн төлбөрийг барагдуулах асуудлыг ярих ёстой. Гэтэл энэ барьцааны зүйлүүдээс зээлийн гэрээг барагдуулахгүй байгаа нь өөрөө зээлдэгчийн үүрэг дуусгавар болсон талаар нотолж байгаа юм аа. 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр зээлдэгч Батцэнгэл нас бардаг. 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр тус зээлийг төлөх боломжгүй байгаа гэдэг *******гаас Капитрон банк ХХК-ийн зээлийн эдийн засагчид мэдэгдсэн байдаг. Капитрон банк ХХК-ийн захирал 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр тус зээлийг даатгалын эрсдэлд оруулах уу үгүй юу гэдэг асуудлыг зээлийн хорооны хурлаар оруулан шийдвэрлэдэг. 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр *******-д шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгөөд 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр төлбөр тооцоо шилжиж ирсэн байдаг. Үүнтэй холбогдуулан 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр *******г дуудаж уулзаад та зээлгүй болсон. Та үүрэг гүйцэтгэгч биш болсон. Манайд 3 хүн нас барсантай холбогдуулан судалж үзээд танай зээлийг зээлийн эрсдэлд оруулсан талаар тайлбарладаг. Үүнээс хойш *******гаас ямар нэгэн зээл төлөх зээлийн төлбөртэй холбоотой нэг ч асуудал яригдаагүй. 2020 оны 06 дугаар сард гэнэт *******-аас ярьж таныг шүүхэд өгөх гэж байгаа талаар ярьсан байдаг. 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөр тус зээлтэй холбоотой хамтран үүрэг гүйцэтгэгчийн эрх зүйн харилцаа бүрэн дуусгавар болсон байдаг. Үүнийг юугаар нотолж байна вэ гэхээр банкны зүгээс үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах ямар нэгэн арга хэмжээ аваагүй. 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл бүтэн 1 жил 3 сарын хугацаанд ямар ч төлбөр нэхээгүй байдаг. Үүнтэй холбоотой үүргийн гүйцэтгэл бүрэн дууссан талаар нотлогдож байна. Зээлдэгчийн зүгээс гэрээний талаар дурдаж байна. Манайх хамтран ажиллах гэрээ байгуулсан. Зээлийн эрсдэлийн гэрээ гээд та нар наад гэрээгээ ч өөрсдөө ойлгохгүй байна. Заавал даатгуулах гэрээ юм уу, гэм хорын даатгалын гэрээ юм уу, сайн дурын даатгалын гэрээ юм уу, хариуцлагын даатгал юм уу гэдгээ ойлгож чадахгүй байгаа учраас нэхэмжлэлээ буруу гаргасан болов уу гэж бодож байна. Хэрвээ та нар гэрээг үндэслэн миний үйлчлүүлэгч *******гаас мөнгө нэхэж байгаа бол эрх зүйн ямар ч үндэслэлгүй гэж хэлмээр байна. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт заасныг үндэслэж мөнгө нэхсэн байдаг. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ гэж заасан байдаг. Манай үйлчлүүлэгчийн нөхөр нь нас барсан нь буруу юм уу. Би яагаад энэ талаар ярьж байна вэ гэхээр нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага дээрээ хоёр хуулийн заалтыг үндэслэж байгаа. Нэгдүгээрт Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь заалт энэ заалт нь манай үйлчлүүлэгчтэй ямар ч холбоотой заалт юм аа. Мөн Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2 дахь заалт буюу үүрэг гүйцэтгэгч амьд байгаа бол, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь заалт нь өөрөө хариуцагч *******д ямар ч хамаарал байхгүй. Энэ байдал нь 240 дүгээр зүйлийн 240.1.2 дахь хэсэгт зааснаар зохицуулагдаж байгаа. Энэ хуулийн заалтын дагуу зохицуулагдаад жил гаруй хугацаа өнгөрсний дараа нь ******* нь Капитрон банк ХХК-тай хамтран ажиллах гэрээг үндэслэж байгаа үндэслэлгүй байна. Яг ямар харилцаа үүсээд байгааг бид нар ойлгохгүй байна. Хэрвээ дээр дурдсан хуулийн заалтаар мөнгө нэхэж байгаа бол Иргэний хууль болон Даатгалын тухай хуульд ч нийцээгүй гэрээ болоод байна. Мөн хуульд заагаагүй, хуулиас давсан зохицуулалттай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох байх гэж ойлгож байна. Мөн танай хамтран ажиллах гэрээнд хүлээлгийн хугацаа гэсэн ойлголт байгаа. Уг хүлээлгийн хугацаа нь 60 хоног байгаа. Өөрөөр хэлбэл даатгалын тохиолдол үүссэн бол энэ талаар судлах 60 хоногийн хугацаа байсан. Үүнээс хойш нэхэмжлэл гаргах эрхийн хугацаа буюу 4 сарын эрхийн хугацаа байсан. Энэ 4 сарын эрхийн хугацаан дээр өмнөх 2 сарыг нэмээд бодохоор нийт 6 сарын хугацаа байгаа. Гэтэл 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс хойш 2020 оны 07 дугаар сар хүртэл хугацаа буюу 1 жил 4 сарын хугацааны дараа нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Мөн *******, болон Капитрон банк ХХК нар нь хоорондоо үл ойлголцсон асуудал гэж би ойлгож байна. Тус байгууллагуудын хоорондоо үл ойлголцсон асуудлыг миний үйлчлүүлэгч хариуцах буруу гэж бодож байна. Мөн тус гэрээнд зээлийн хорооны хурлын шийдвэр, гэрээ гэсэн олон материалуудын нэр байгаа. 2020 оны 06 дугаар сард Капитрон банк ХХК-аас *******-д эрхээ шилжүүлж өгсөн гүйцэтгэх захирлын тамга тэмдэгтэй нэг хуудас явуулсан байдаг. Нөгөө зээлийн хорооны шийдвэр, тогтоол болон холбогдох бичиг баримт байхгүй гэрээнд заасан баримтгүйгээр зүгээр л нэг хуудас явуулсан байдаг. Нөгөө гэрээнд заасан ажиллагааг хийсэн эсэх нь тодорхойгүй зөвхөн дарга нь гарын үсэг зураад хуудас өгсөн байдаг. Үүнээс харахад тус хоёр байгууллагад хохирол учраагүй бодож байна. Мөн хуулийн хүрээнд хохиролгүй болсон гэж үзэж байна. Харин *******гаас мөнгө нэхэмжилж байгаа нь хууль бус гэж үзэж байна. Хууль бус учраас хууль бус нотлох баримт бүрдүүлж өгч байна. Өөр хувь хүний ашиг сонирхол энд байгаа юм болов уу гэж бодож байна гэв.

Шүүх талуудын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь *******д холбогдуулан 9.592.951 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээс үзвэл *******, ******* нар Капитрон банк ХХК-тай 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 3017-2018/58 тоот зээлийн гэрээ байгуулж, зээлдэгч ******* нь 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр нас барсан тул Зээлийн эрсдэлийн даатгалын талаар хамтран ажиллах гэрээний дагуу Бодь Даатгал ХХК нь 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 9.710.913 төгрөгний нөхөн төлбөрийг Капитрон банк ХХК-д олгож, уг нөхөн төлбөрийг эргүүлэн төлүүлэхээр *******г хамтран зээлдэгчийн хувиар хариуцагч гэж татан оролцуулсан хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарласан байна.

Нэхэмжлэлийн үндэслэл болгосон Капитрон банк болон *******, ******* нарын хооронд байгуулагдсан 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 3017-2018/58 тоот зээлийн гэрээгээр 12.000.000 төгрөгийг нэг жилийн 18 хувийн хүүтэй цалингийн зээл олгохоор, зээлийг 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төлөгдөж дуусахаар эргэн төлөлтийн хуваарь гарган тохиролцжээ. /хх-11-14/ Уг гэрээ нь Цалингийн зээлийн гэрээ гэсэн нэртэй, гэрээний 1.1-т Энэхүү гэрээний зорилго нь Банк болон зээлдэгчийн хооронд Цалингийн зээл олгох, түүний хугацаа, хүүгийн хэмжээг тогтоох, зээлийг буцаан төлөх болон уг зээлтэй холбогдсон бусад бүхий л харилцааг зохицуулахад оршино гэж заажээ.

Дээрх зээлийн гэрээ нь зээлдүүлэгч банк нь зээлдэгч *******ийн цалингийн орлогоос сар бүр эргэн төлөлт хийх нөхцөлөөр тохиролцож, зээлийн гэрээ байгуулсан болохыг нотолж байна.

Зээлийн гэрээний харилцаа үүсэх үндэслэл, байгуулагдсан гэрээний нөхцөл, зээл олгох, төлөх үндэслэл зэрэг нь *******ийн Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасан өөрийн сайн дураар хөдөлмөрлөснийхөө төлөө ажил олгогчоос авах цалингийн орлогоос хамаарч байх тул *******ийн хувийн байдалтай салшгүй холбоотой үүрэг үүссэн ба Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2 дахь хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан тохиолдолд түүний үүрэг дуусгавар болно гэж заасны дагуу зээлдэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой цалингийн зээлийн үүрэг зээлдэгч нас барснаар дуусгавар болох нь нэхэмжлэлийн үндэслэл болж буй зээлийн гэрээ болон Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад тодорхой тусгагдсан байх тул хамтран зээлдэгч гэж гэрээнд заасан боловч хамтран үүрэг гүйцэтгэх боломжгүй хариуцагч *******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Хэрэгт зээлдэгч *******ийн нас барсны гэрчилгээг хавсаргасан /хх-18/ боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтад тавигдах шаардлага хангаагүй хуулбар хувь, түүнчлэн *******ийн хаана ажилладаг байсан түүний ажилладаг байгууллага буюу ажил олгогч нь зээлдүүлэгч банктай хамтран ажиллах гэрээтэй зэргийг нотлох баримт хэрэгт авагдаагүй боловч талууд энэ талаар маргаагүй.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчээс үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй боловч банктай хамтран ажиллах тухай гэрээ байгуулсан ажил олгогчоос цалин авдаггүй ******* нь цалингийн зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр тусгагдсанаа мэдэж, ойлгосон байдал нь зээлдэгч *******ийн уг гэрээний үүргийг шаардах нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 225 дугаар зүйлийн 225.1, 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй, нэгэнт үндсэн үүргийн харилцаа нь хуульд заасан үндэслэлээр дуусгавар болсон тохиолдолд дагалдах үүрэг үүсэхгүй Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын тохиолдол бий болсон гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн №СОА/07-19/01 дугаартай зээлийн эрсдэлийн даатгалын талаар хамтран ажиллах гэрээний хуулбар /хх-3-6/, 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн өр төлбөр нэхэмжлэх эрхийг шилжүүлэх гэрээ /хх-7-9/, 2019 оны 03 дугаар сарын 13-ны В/121 дугаартай *******-ийн гүйцэтгэх захирлын тушаал /хх-19/, ЗЭД 03/1901927 дугаартай шилжүүлгийн мэдээлэл /хх-21/, 2088606 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-22-23/, 2020 оны 05 дугаар сарын 13-ний 02/593 дугаартай *******-ийн итгэмжлэл /хх-24/, 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 13/621 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичиг, хэрэглээний зээлийн журам /хх-40-55/, 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн №СОА/07-19/01 дугаартай зээлийн эрсдэлийн талаар хамтран ажиллах гэрээ /хх-56-65/ зэрэг нь хуульд заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №3017-2018/58 дугаартай цалингийн зээлийн гэрээ, хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээний хуулбар /хх-11-17/ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан хэргийн оролцогч биш этгээдээс өөрийн байгууллагын архивын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан бичмэл нотлох баримт байх тул нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон, 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 353 дугаар даатгалын нөхөн төлбөр шийдвэрлүүлэх тухай албан тоот /хх-10/, *******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, *******ийн нас барсны гэрчилгээний хуулбар /хх-18/, №0311901927 дугаартай нөхөн төлбөрийн шийдвэр /хх-20/ зэрэг нь хуульд заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангаагүй тул нотлох баримтаар үнэлээгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******-ийн хариуцагч *******гаас 9.592.951 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168.437 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР