Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 01633

 

Ц.О-гийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,         

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2018/01458 дугаар шийдвэртэй, Ц.О-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Н-д холбогдох

46 619 312 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.О 2013 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Голден адвокейтс” ХХК-ийн захирал Г.Н-тай хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ байгуулж, иргэний хэрэг дээр өмгөөлөгчөөр оролцуулж, мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд бүрэн төлөөлөх итгэмжлэл хийж өгсөн. Ингээд 2 удаагийн шүүхийн шийдвэрээр нийт 98 250 000 төгрөг Ц.О-т олгогдохоор болсон боловч Г.Н дээрх мөнгийг итгэмжлэлээ ашиглан шийдвэр гүйцэтгэх албанаас өөрийнхөө данс руу шилжүүлэн авч, үүнээс 45 400 000 төгрөгийг Ц.О-т өгч үлдсэн 46 619 312 төгрөгийг өмгөөллийн хөлс нэрийдлээр өөртөө авч, өгөхгүй байсан тул арга буюу Цагдаагийн байгууллагад хандаж шалгуулсан боловч "Г.Н бусдын итгэмжлэн өгсөн эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн гэм буруутай үйлдэл тогтоогдож байх боловч Эрүүгийн хуульд заасан хөнгөн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн" гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна. Анхны шүүгчийн захирамжаар 75 647 950 төгрөг авахаас үнэлгээний хөлс, шийдвэр гүйцэтгэлийн урамшууллын хөлсийг суутгаж бэлнээр 68 495 013 төгрөгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Г.Н-гийн дансанд хийснээс 38 400 000 төгрөгийг Ц.О-т өгөөд 30 000 000 төгрөгийг өөрөө авсан.  

Дараагийн шүүхийн шийдвэрээр 23 250 000 төгрөг Ц.О-т олгогдохоор гарснаас 7 000 000 төгрөгийг өгөхдөө 10 000 000 төгрөг өгсөн баримт дээр гарын үсэг зуруулсан нь хэргийн 21 дүгээр талд авагдсан. Г.Н үлдсэн 3 000 000 төгрөгийг өгнө гээд өгөөгүй. Ингээд нийт Г.Н нь 45 400 000 төгрөгийг Ц.О-т өгсөн. Үнэлгээний хөлс, шийдвэр гүйцэтгэлийн урамшууллыг өөрөө төлсөн гэж байгаа нь худлаа. Эхний урамшууллыг төлбөрийн мөнгөнөөс суутгасан, дараагийнх нь Шибуяа Масаругийн эхнэр н.А төлсөн байдаг. Г.Н нь Ц.О-т мөнгө зээлээгүй, нэг удаа улсын тэмдэгтийн хураамж төлсөн. Энэ дээр 600 000 төгрөгийг зээлсэн мэтээр зээлийн гэрээ хий гээд гэрээ хийсэн. Өмгөөллийн хөлс анх тохирохдоо 3 000 000 төгрөг гэж тохирсон. Гэрээ хийсний дараа нэмэлт гэрээ хийж, 20 000 000 төгрөгийн гэрээнд гарын үсэг зурчих гээд Ц.О мөнгийг төлж чадахгүй гэсэн чинь Г.Н би “энэ мөнгийг нөгөө талаас нь гаргуулаад авчихдаг юм. Та зүгээр л гарын үсэг зурчих, таниас гарах мөнгө биш” гээд гарын үсэг зуруулсан. Иймд өмгөөллийн хөлсийг 20 000 000 төгрөгөөр тохирсон нь худлаа. Г.Н нийт 46 619 312 төгрөгийг өгөөгүй өөртөө авсан. Үүнээс өмгөөллийн хөлс 6 000 000 төгрөгийг хасч, 40 619 312 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Г.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оноос эхлэн Ц.О-тэй би өөрийн “Голден адвокатес” хуулийн фирм ажиллуулж байхдаа хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг хууль журмын дагуу байгуулж, түүний өөрт нь холбогдох эрүү, иргэний хэрэг, маргаан дээр хэдэн сар жилээр цаг хөлсөө зориулж ажилласан. 2013 онд Д.О-гийн нэхэмжлэлтэй Ц.О-т холбогдох хэрэг, Чингэлтэй дүүргийн шүүх дээр “МСВСЦ” ББСБ-тай байгуулсан ЗГ1307027 тоот зээлийн гэрээ, 3513070227 тоот барьцааны гэрээ, орон сууц худалдах, худалдан авах тухай гэрээ, газар худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулж, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, замчид гудамжийн 49 дүгээр байрын 52 тоот 5 өрөө байрнаас Япон улсын иргэн Шибуяа Масаруг албадан гаргаж, тус байрны өмчлөгчөөр Ц.О-ийг тогтоолгох тухай хэрэг, мөн шүүх дээр Ц.О-ээс “МСВСЦ” ББСБ, Шибуяа Масару нарт холбогдуулан гэрээний алданги 23 375 000 сая төгрөг, өмгөөллийн хөлс шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шат, шийдвэр гүйцэтгэлийн шатанд нийт 20 000 000 төгрөг, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны урамшуулал 4 152 000 төгрөг, бусад зардал 140 000 төгрөг, бүгд 47 667 000 төгрөг гаргуулах тухай хэрэг, Сүхбаатар дүүргийн шүүх дээр “МСВСЦ” ББСБ-ын захирал Япон улсын иргэн Шибуяа Масаругаас Ц.О-т холбогдуулан нэр төр сэргээлгэж 75 000 000 төгрөг гаргуулах тухай хэрэг, Ц.О-ийн охин Д.Булганжавын нэхэмжлэлтэй “Стар” караоке баарны түрээсийн төлбөр гаргуулах тухай гэх мэт маргаанууд дээр ажиллаж, охин Д.Булганжавын нэхэмжлэлтэй хэргээс бусад заргыг авч өгч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүртэл түүний хүсэлт, гуйлтаар бүрэн дуусгаж өгсөн. 2013 онд Д.О-гийн нэхэмжлэлтэй Ц.О-т холбогдох иргэний хэрэг, 2013 онд Ц.О-ийн нэхэмжлэлтэй “МСВСЦ” ХХК-д холбогдох иргэний хэрэг, 2014 онд мөн “МСВСЦ” ХХК-д холбогдох иргэний хэрэг, мөн Япон улсын Шибуяа Масаругийн талаар Ц.О нэр төр сэргээлгэх нэхэмжлэл гаргасан байсан. Энэ хэрэгт бид өмгөөллийн хөлс төлвөл эвлэрэх боломжтой гээд өмгөөллийн хөлсийг нь төлж, нэхэмжлэгч тал шүүх хуралд ирэлгүй нэхэмжлэлийг буцааж асуудлыг шийдүүлсэн. Тус бүрдээ өөр хэрэг маргаанууд байхад нэхэмжлэгчийн төлөөлөгч нэг хэрэг гээд байх юм бүгд тус тусдаа иргэний хэрэг үүссэн. Шибуяа Масаругийн нэхэмжлэлтэй Ц.О-т холбогдох хэрэгт тохиролцоод би өмгөөллийн хөлс 6 000 000 төгрөг төлсөн. Үүнийг нэхэмжлэлийн шаардлагаас хасах ёстой. Энэ тухай би Ц.О-т хэлж байсан. Дээрх иргэний хэрэг дээр нэмэгдээд нэг эрүүгийн хэрэг байсан. Энэ бол хүний ажил, оюуны болоод биеийн хүчний хөдөлмөр. Энэ бүх хэрэг дээр цаг хугацаа, зардал гарах нь ойлгомжтой. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн яриад байгаа 3 000 000 төгрөгийн гэрээг би ойлгохгүй байна. 3 000 000 төгрөгөөр тохирч хийсэн гэрээ байхгүй, эдгээр хэргүүд дээр би анхнаасаа өөрөө явж байсан учраас тухайн үед ийм гэрээ хийгээгүй. Нэхэмжлэгчийн төлөөлөгч үндэслэлгүй зүйл ярьж байна. Өмгөөллийн хөлс 20 000 000 төгрөгөөр тохироод эхний мөнгөнөөс тооцоод авсан бас 7 000 000 төгрөгийн асуудлаас болж намайг цагдаагийн байгууллагаар шалгуулсан, хуульчдын холбоогоор шалгуулсан тэр бүрд энэ тооцоонууд нь өөр гардаг. Бид 7 000 000 төгрөгийг өмгөөллийн хөлсөө хугацаанд нь өгөөгүйн алдангийн мөнгө гэж тохиролцож авч байсан болохоос биш надаас 7 000 000 төгрөгийг Ц.О-т хүлээлгэж өгсөн баримтгүй. Сая нотлох баримтаар өгч байгаа 100 000 төгрөгийн зардлыг би төлсөн гэж хэлээгүй. Үүнийг алдсан гэдгээ тайлбартаа хэлсэн.

Өмгөөлөгчийн хувьд олон хэргүүд дээр нь ажиллаж амжилттай шийдүүлж байсны хувьд бухимдаж байгаа боловч өмгөөлөгчийн ёс зүйн хувьд сөрөг нэхэмжлэл гаргахгүй байна. Тухайн үед 58 400 000 төгрөгөөр 1 өрөө байтугай 2 өрөө байр авах мөнгийг шүүхийн шийдвэрээр авч өгсөн. Уг мөнгөө яаж зарцуулсныг мэдэхгүй. Өмнөх хурал дээр Д.О-гийн нэхэмжлэлтэй Ц.О-т холбогдох хэрэг гэж яриад байсан. Үүн дээр нэхэмжлэгчийн төлөөлөгч 400 000 төгрөг зөвшөөрч байсан. Энэ хэргийн хувьд анхнаасаа ингэж тохирсон. Үүнийгээ эхний 38 400 000 төгрөгт тооцсон байдаг. Нэхэмжлэгч тал гарын үсэг зураад хийсэн гэрээнүүдээ юугаар үгүйсгэж байгааг ойлгохгүй байна. 5,6 хэрэг дээр ажилласан гэж яригдаж байгаа боловч хэрэгт албан ёсоор хийсэн 2 гэрээ байгаа. Үүнээс Ц.О-ийн охин н.Булганжавын хэрэгт оролцоогүй. Хоёр гэрээн дээрээ Д.О-гийн нэхэмжлэлтэй Ц.О-т холбогдох хэрэг болон бусад хэргийн хөлс, зардлыг 2 гэрээндээ шингээгээд бид тохиролцоод салсан. Иймд 2 гэрээний өмгөөллийн хөлс 30 000 000 төгрөг, гэрээний алданги, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны урамшууллын зардал, улсын тэмдэгтийн хураамж зэрэгт 9 800 000 төгрөгийг хасч тооцох үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д овогт Г.Н-гаас 20 019 312 /хорин сая арван есөн мянга гурван зуун арван хоёр/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б овогт Ц.О-т олгож, нэхэмжлэлээс 26 600 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 164250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Н-гаас улсын тэмдэгтийн хураамжид 258047 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.О-т олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.О-ээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 109 483 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

      Хариуцагч Г.Н давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хэрэг хянан шийдвэрлэх жиллагааны явцад анхан шатны шүүх зөвхөн нэхэмжлэгчийн талд үйлчилж, хариуцагчийн тайлбартай холбогдуулан нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасан ч өөрөө гаргаж өгөх боломжтой гээд миний хүсэлтийг хүлээж аваагүй тул би 2013 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх үндсэн гэрээг гаргуулж чадахгүй зөвхөн хавсралт нь байсан учраас алданги тооцох сөрөг нэхэмжлэл гаргах боломжгүй болсон. Гэрээний үндсэн хувийг нэхэмжлэгчээс авах бололцоотой байсан. Мөн шүүх хуралдаан 2 дахь удаагаа хойшлоход гэрч оролцуулах хүсэлт гаргасан ч анх нотлох баримт гаргуулах хүсэлтэд дурдаагүй гээд хүлээж аваагүй. Уг хэрэгт гэрчээр “МСВСЦ” ББСБ-ын н.Б-г оролцуулж 6 000 000 төгрөг төлсөн эсэхийг тодруулах шаардлагатай байсан юм. 2013 оны 10 дугаар сарын 12-ны өдөр манай “Голден адвокатес" хуулийн фирм Ц.О-тэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнүүдийг байгуулж түүний өгсөн итгэмжлэлийн дагуу Ц.О-т холбогдох хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлж, оролцсон болно. “МСВСЦ” ББСБ-аас үндсэн нэхэмжлэл 75 000 000 төгрөг, дараа нь алдангийн нэхэмжлэл гарган “МСВСЦ” ББСБ-аас алданги 23 250 000 төгрөг нийт 98 250 000 төгрөгийг гаргуулахаар шүүхийн шийдвэр тус тус гарсан. Үүний үр дүнд түүний байр барьцаанд хураагдаж тооцоо нийлэх акт үйлдэн орон гэрээ алдсан ч 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 38 400 000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 10 000 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 10 000 000 төгрөг нийт 58 400 000 төгрөгийг “МСВСЦ” ББСБ-аас түүнд өгсөн.

    Анхан шатны шүүхийн шийдвэрээр 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10 000 000 төгрөгийг хүлээн авсан эх хувь, мөнгө хүлээлцсэн баримтыг хавсаргаж өгсөөр байтал нотлох баримтаар үнэлээгүй төлбөр төлөгч /МСВСЦ ББСБ/ шүүхийн шийдвэрт өгдөг байсан миний гарын үсэгтэй боловч Ц.О-ийн гарын үсэггүй баримтыг үнэлсэн нь үндэслэлгүй шийдвэр болжээ. Дээрх нэхэмжлэлтэй холбогдолтой Шибуяа Массаругаас Ц.О-т холбогдуулан 75 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг үүсгэж, хариуцагч Ц.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр би оролцоход “энэ 75 000 000 төгрөгийг дараад өгвөл 10 000 000 төгрөг өгье” гээд 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг нотлох баримтаар хэрэгт хавсаргаж өгсөөр байтал мөн нотлох баримтаар үнэлсэнгүй. Энэ хэрэг дээр Шибуяа Массару “өмгөөлөгчдөө 6 000 000 төгрөгийн урьдчилгаа өгсөн байсан үүнийг төлчихвөл шүүхээр явахгүй” гэхэд  нь 6 000 000 төгрөгийг би өөрөөсөө өгөөд шүүх хуралдаанд Шибуяа Массару нар ирэхгүй нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн. Үүнийг Ц.О, түүний нөхөр нар мэдэж байгаа. Хэдийгээр 6 000 000 төгрөгийг нотлох боломжгүй ч хариуцагч Ц.О-ийг төлөөлж оролцсон өмгөөллийн хөлс 10 000 000 төгрөгийн гэрээг үнэлэхгүй "...хариуцагч баримтаар нотлоогүй..." гэж уг гэрээг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 170 дугаар тогтоолыг баримтаар үнэлж дүгнээгүй, 10 000 000 төгрөг суутгаж тооцсон. Нэхэмжлэгч тухайн үед энэ мөнгийг надаас нэхээгүй, хариуцагч маргаагүй байхад шүүх үнэлж, шийдвэр гаргасан. Хэдийгээр сарын дараа зээлийн гэрээ байгуулсан ч хоол хүнс, сансарт байр хөлслөх зардал гэж өгсөн 600 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 507 950 төгрөгт тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Улсын тэмдэгтийн хураамжийг 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төлсөн огноотой харин 600 000 төгрөгийг анх гэрээ байгуулахаас сарын өмнө өгсөн ба дараа нь 2013 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан. Улсын тэмдэгтийн хураамж 507 950 төгрөгийг би өөрөө гарын үсэг зурж төлж болох учраас заавал гэрээ байгуулж өгөх шаардлагагүй.

Нэхэмжлэгч анхнаасаа мэдсээр байж худал тайлбар өгч шүүхийн зардал нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас суутгасан 4 150 000 төгрөг, үнэлгээний зардал 3 030 000 төгрөг, шийдвэр гүйцэтгэлийн зардал 140 000 төгрөг улсын тэмдэгтийн хураамж 507 950 төгрөгийг Ц.О-ээс зайлшгүй гарсан шууд зардлыг би холбогдох байгууллагад төлж байсныг өөртөө авсан гэсэн үндэслэлгүй тайлбаруудыг шүүх анхаараагүй. Өөрөөр хэлбэл, надаас нэг өдөр нотлох баримтаа асуухад нь “...машинаас цүнхээ алдсан би олж чадахгүй байгаа..." гэснээс хойш шүүхийн шийдвэрт төлбөр төлөгч “МСВСЦ“ эсвэл Шибиуяа Массаругаас өгсөн Ц.О өөрийн гарын үсэггүй баримтуудыг үндэслээд шийдвэр гүйцэтгэх байгууллага болон цагдаад гомдол гаргаж эхэлсэн байдаг.

Ц.О-ийн хэргүүдэд ажилласаны үр дүнд авах ётой өмгөөллийн хөлс 400 000 төгрөг, “МСВСЦ” ББСБ-д холбогдох хэрэгт шүүхийн шатанд 10 000 000 төгрөг, шийдвэр гүйцэтгэлийн шатанд 10 000 000 төгрөг, Шибуяа Массаругаас Ц.О-т холбогдох 75 000 000 төгрөг гаргуулах хэрэгт 10 000 000 төгрөг, эхний гэрээний 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл алданги 50 хувь 10 000 000 төгрөг, нийт 40 400 000 төгрөг авахаас 26 510 000 төгрөг авсан.

Иймд шүүх хэргийн оролцогчийн тайлбар гаргах, нотлох баримт цуглуулах, гэрч оролцуулах эрхийг ноцтой зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Ц.О хариуцагч Г.Н-д холбогдуулан шүүхийн шийдвэрийн дагуу олгогдсон 46 619 312 төгрөгийг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 1954/г дугаартай  захирамжаар “МСВСЦ” ХХК-иас 75 000 000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 3825 дугаар шийдвэрээр 23 250 000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ц.О-т олгож шийдвэрлэсэн бөгөөд Г.Н нь түүний олгосон итгэмжлэлийн дагуу уг мөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас авч хүлээлгэн өгөхдөө 46 619 312 төгрөгийг дутуу өгсөн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон байна.

Зохигчдын хооронд маргаан бүхий 2 иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа  үзүүлэх гэрээ байгуулагдсан, төлбөрийг хэрхэн төлөхөөр тохиролцсон талаарх баримт хэрэгт авагдаагүй ч хэн алин нь дээрх 2 хэрэгт хариуцагч Г.Н нь нэхэмжлэгч Ц.О-ийн өмгөөлөгчөөр оролцож, хууль зүйн туслалцаа үзүүлсэн, нэхэмжлэгчээс түүнд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд оролцох эрх олгосон болох нь талуудын тайлбараар тогтоогджээ.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн гүйлгээний баримт, харилцахын дэлгэрэнгүй бүртгэл зэрэг баримтуудаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 1954/г дугаар захирамжийг албадан гүйцэтгэж, үүргийн гүйцэтгэл 75 000 000 төгрөгөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагааны урамшуулалд 4 152 937 төгрөг, шийдвэр гүйцэтгэгчид төлөх төлбөрт 3 000 000 төгрөгийг суутган, 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр үлдэх 68 495 013 төгрөгийг Г.Н-гийн Төрийн банкин дахь 103300525837 тоот дансанд шилжүүлсэн, Г.Н нь 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр уг мөнгөнөөс нэхэмжлэгч Ц.О-т 38 400 000 төгрөг хүлээлгэж өгсөн. /хэргийн 16, 17, 66 дугаар тал/

Ц.О-ийн нэхэмжлэлтэй, 23 250 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч “МСВСЦ” ББСБ-аас 2014 оны 12 дугаар сарын 25-нд төлбөрөө 2 хуваан /13 200 000 төгрөг, 10 000 000 төгрөг/ төлсөн үйл баримт тогтоогдсон. Хэргийн 33 дугаар хуудас /ар тал/ болон 34 дүгээр хуудсанд авагдсан баримтаар хариуцагч Г.Н нь 2014 оны 11 дүгээр сарын 25-нд “МСВСЦ” ББСБ-аас 23 250 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэл 13 200 000 төгрөгийг хүлээн авч, нэхэмжлэгч Ц.О-т 10 000 000 төгрөгийг хүлээлгэн өгсөн талаар талууд маргахгүй.

Харин хэргийн 33 дугаар хуудсанд /урд тал/ авагдсан “Мөнгө хүлээлцсэн тухай” баримтаар, 2014 оны 11 дүгээр сарын 25-нд төлбөрийн 23 250 000 төгрөгөөс 10 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Ц.О хүлээн авч, гарын үсэг зурсан гэж хариуцагч Г.Н маргасан. Мөн төлбөрийн  68 495 013 төгрөгөөс үлдэх мөнгийг хууль зүйн туслалцаа үзүүлсний хөлс, алданги болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны урамшуулал, төлсөн улсын тэмдэгтийн хураамжид тооцсон тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

Тиймээс анхан шатны шүүх дээрх 10 000 000 төгрөгийг хариуцагч Г.Н-гаас  нэхэмжлэгч Ц.О хүлээн авсан үйл баримт тогтоогдоогүй гэж дүгнэн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан зохицуулалтын дагуу хариуцагчаас нийт 20 019 312 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч татгалзсан үндэслэлээр 26 600 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Хариуцагчаас 10 000 000 төгрөг төлсөн баримтыг үнэлсэнгүй гэх агуулгатай гомдол гаргасан боловч хэргийн дугаар 33 талд авагдсан баримтын агуулгаас үзэхэд 10 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Ц.О хүлээн авсан болохыг нотолсон гэж үзэхээргүй байна. Тийм учраас гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй гэж үзлээ.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2018/01458 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258 046 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Н.БАТЗОРИГ

                                                       ШҮҮГЧИД                                           С.ЭНХТӨР

                                                                                                                   Д.БАЙГАЛМАА