Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2018/01458

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, Н.Хангал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ц.О

Хариуцагч: Н

46619312 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Ганбат

        хариуцагч Н

        иргэдийн төлөөлөгч Г.Түвшинжаргал

        нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг нар оролцов.

Нэхэмжлэлийг 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авав.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Ц.О нь 2013 оны 10-р сарын 12-ны өдөр “Г” ХХК-ийн захирал Нтай хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ байгуулж, иргэний хэрэг дээр өмгөөлөгчөөрөө оролцуулж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд миний өмнөөс бүрэн төлөөлөх итгэмжлэл хийж өгсөн. Ингээд 2 удаагийн шүүхийн шийдвэрээр нийт 98250000 төгрөг Ц.От олгогдохоор болсон боловч Н нь дээрх мөнгийг итгэмжлэлээ ашиглан ШГА-наас өөрийнхөө дансруу шилжүүлэн авч, үүнээс 45400000 Ц.От өгч үлдсэн 46619312 төгрөгийг өмгөөллийн хөлс нэрийдлээр өөртөө авч, өгөхгүй байсан тул арга буюу Цагдаагийн байгууллагад хандаж "итгэмжлэл ашиглан залилан хийсэн" талаар гомдол гарган шалгуулсан боловч "Н нь бусдын итгэмжлэн өгсөн эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн гэм буруутай үйлдэл тогтоогдож байх боловч Эрүүгийн хуулинд заасан хөнгөн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн" гэх үндэслэлээр Прокурор Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна. Н нь энэ асуудлаар Цагдаа Прокурорын байгууллагад шалгагдаж байх хугацаандаа "хүлээвэл танд мөнгийг чинь өгнө" гэдэг байсан байсан боловч хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол гарсны дараа "Чи надаас юу ч олж долоохгүй, тэнэгтээд байвал хохь чинь шүү, аятайхан байгаараа" гэх мэтээр дарамталдаг болсон. Мөн сүүлийн үед утсаа ч авахаа болиод ажлынхаа байрыг солиод өөр газар руу нүүсэн байсан. Ийм учраас Шүүхийн шийдвэрийн дагуу Ц.От олгогдох ёстой байсан 46619312 төгрөгийг Нгаас гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхны шүүгчийн захирамжаар 75647950 төгрөг авахаас үнэлгээний хөлс, шийдвэр гүйцэтгэлийн урамшууллын хөлсийг суутгаж бэлнээр 68495013 төгрөгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Нгийн дансанд хийж өгсөн. Үүнээс 38400000 төгрөгийг От өгөөд 30000000 төгрөгийг өөрөө авч үлдсэн. Дараагийн шүүхийн шийдвэрээр 23250000 төгрөг Ц.От олгогдохоор гарснаас 7000000 төгрөгийг л өгсөн. Энэ 7000000 төгрөгийг өгөхдөө 10000000 төгрөг өгсөн баримт дээр гарын үсэг зуруулсан энэ баримт хавтаст хэргийн 21 дүгээр хуудсанд байгаа.  Н үлдсэн 3000000 төгрөгийг өгнө гээд өгөөгүй. Ингээд нийтдээ Н нь  45400000 төгрөгийг л Ц.От өгсөн. Үнэлгээний хөлс, шийдвэр гүйцэтгэлийн урамшууллыг өөрөө төлсөн гэж байгаа нь худлаа. Эхний урамшууллыг төлбөрийн мөнгөнөөс суутгасан, дараагийнх нь Шгийн эхнэр А гэж хүн төлсөн байдаг энэ баримт нь ирсэн байгаа. Н нь Ц.От мөнгө зээлсэн асуудал байхгүй харин нэг удаа тэмдэгтийн хураамжийг нь төлсөн байдаг. Энэ дээрээ 600000 төгрөгийг зээлсэн мэтээр  зээлийн гэрээ хий гээд гэрээ хийсэн. Өмгөөллийн хөлс анх тохирохдоо 3000000 төгрөг гэж тохирсон. Гэрээ хийсний дараа нэмэлт гэрээ хийж, 20000000 төгрөгийн гэрээн дээр гарын үсэг зурчих гэхээр нь Ц.О би энэ их мөнгийг төлж чадахгүй гэсэн чинь Н би энэ мөнгийг нөгөө талаас нь гаргуулаад авчихдаг юм. Та зүгээр л гарын үсэг зурчих, таниас гарах мөнгө биш гээд гарын үсэг зуруулсан. Иймд өмгөөллийн хөлсийг 20 сая төгрөгөөр тохирсон гэж худлаа. Н нийт 46619312 төгрөгийг өгөөгүй өөртөө авсан. Үүнээс өмгөөллийн хөлс 3000000 төгрөгийг хасъя гэж бодож байна. Мөн бусад зардалд 3000000 төгрөгийг хасаж 40619312 төгрөг нэхэмжилж байна. Үүнээс Нгийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг 600000 төгрөгөөр хасахыг зөвшөөрч байна, уг нь 507950 төгрөг төлсөн байдаг юм. Хариуцагч өмнөх шүүх хурал дээр 6 хэрэг дээр өмгөөллийн үйл ажиллагаа явуулсан мэтээр яриад байсан. 6 хэргийн асуудал байхгүй. Охиноогийн хэрэг бол тусдаа хэрэг. Энэ хэргийн өмгөөллийн хөлсийг 400000 төгрөгөөр тохирч тооцоо, төлбөрөө бүгдийг нь өгсөн учраас энэ хэрэгт хамаагүй. Үүнээс гадна Ц.Оийн охин н.Бын хэрэг гэж яриад байгаа нь энэ хэрэгт огт хамаагүй. “М” ББСБ-тай холбоотой 75000000 төгрөгийн хэрэг, дараа нь уг байгууллагатай холбоотой гэрээний алданги тооцсон хэрэг, Японы улсын иргэнтэй холбоотой нийт 3 хэрэг байгаа. Хэрэг болгон дээр тус тусдаа тооцоо хийнэ гэсэн асуудал байхгүй. Анхнаасаа өмгөөллийн хөлс 3000000 төгрөгөөр тохирсон гэж ойлгож байгаа. Өмгөөллийн хөлсийг цаад талаас нь гаргуулчихдаг юмаа гээд гэрээг хийсэн байдаг. Иймд эдгээр гэрээгээр өмгөөллийн хөлсийг хасч тооцох үндэслэл байхгүй.

Хариуцагч Н шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Ц.Оээс надад холбогдуулан 46619312 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 2013 оноос эхлэн Ц.Отэй би өөрийн “Голден адвокатес” хуулийн фирм ажиллуулж байхдаа хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг хууль журмын дагуу байгуулж, түүний өөрт нь холбогдох эрүү, иргэний хэрэг, маргаан дээр нь хэдэн сар жилээр цаг хөлсөө зориулж ажилласан. Тус дүүрэг дээр шийдвэрлэгдсэн 2013 онд Д.Охиноогийн нэхэмжлэлтэй Ц.От холбогдох хэрэг, Чингэлтэй дүүргийн шүүх дээр “М” Банк бус санхүүгийн байгууллагатай байгуулсан №ЗГ1307027 тоот зээлийн гэрээ, №3513070227 тоот барьцааны гэрээ, Орон сууц худалдах, худалдан авах тухай гэрээ, Газар худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулж, УБ хот, БГДүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, замчид гудамжийн 49 дүгээр байрын 52 тоот 5 өрөө байрнаас япон улсын иргэн Шг албадан гаргаж, тус байрны өмчлөгчөөр Ц.Оийг тогтоолгох тухай хэрэг, мөн шүүх дээр Ц.Оээс “М” Банк бус санхүүгийн байгууллага, Ш нарт холбогдуулан гэрээний алданги 23375000 сая төгрөг, өмгөөллийн хөлс шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шат, шийдвэр гүйцэтгэлийн шатанд нийт 20 сая төгрөг, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны урамшуулал 4152000 төгрөг, бусад зардал 140000 төгрөг, бүгд 47667000 төгрөг гаргуулах тухай хэрэг, Сүхбаатар дүүргийн шүүх дээр “М” ББСБайгууллагын захирал япон улсын иргэн Шгаас Ц.От холбогдуулан нэр төр сэргээлгэж 75000000 төгрөг гаргуулах тухай хэрэг, Ц.Оийн охин Д Бын нэхэмжлэлтэй Стар караоке баарны түрээсийн төлбөр гаргуулах тухай гэхчилэн ээдрээ төвөгтэй маргаанууд дээр ажиллаж, охин Д.Бын нэхэмжлэлтэй хэргээс бусад заргыг авч өгч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүртэл түүний хүсэлт, гуйлтаар бүрэн дуусгаж өгсөн. Түүний Д.Бын хэрэг дээр нь би нэхэмжлэл бичээд явж байхад надад өгсөн өмгөөллийн хөлсөө буцааж авах зорилгоор намайг цагдаагийн байгууллагад өгөх гээд хуульчдын багаас зөвлөгөө аваад, мөнгө хүлээж авсан баримт дээрх Ц.О гэсэн өөрийн гарын үсгийг дарж хуулбарлаад /Чингэлтэй дүүргийн цагдаа, Хуульчдын холбоонд өгсөн/ явж байсан тул охиных нь хэрэг дээр цааш ажиллах боломжгүй болсон юм. Би мөнгөнд их хатуу ханддаг боловч хариуцагч байгууллагаас С гуай цүнхэнд мөнгөө бариад шийдвэр гүйцэтгэл дээр ирсэн, нөгөө талаас гүйцэтгэгч Хажидмаа заавал албаны дансаар шилжүүлж, бид урамшууллаа авна гэх, Ц.О нь иргэний үнэмлэх байхгүй, захиалвал гарах гэж олон хононо, эгч нь ирсэн дээр нь мөнгөө авмаар байна, чи дансаараа авчих гээд гуйгаад байсныг харгалзаад, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын урд байрлах төрийн банкинд бид бүгд шинээр миний нэр дээр данс нээгээд мөнгийг итгэмжлэлийн дагуу дамжуулан авч өөрт нь өгсөн. /тухай үед лавлагааны машин гараагүй байсан/. Нэхэмжлэлийн агуулгаас харахад Ц.Оийн хувьд бусдыг нэг ч төгрөгийн зардалгүй, хэдэн сар жилээр ажиллуулах зорилготой байсан юм шиг харагдаж байна. Дээрх 6 хэргүүд нь бүгд төлбөрийн маргаантай байсан ба би түүнд 176000000 төгрөгийн хэрэг маргааныг шүүхээр шийдвэрлүүлж, хааж өгснөөс 39800000 төгрөгийг шүүхийн зардал, ажилласан хэргүүдийн авах ёстой байсан өмгөөллийн хөлс, алданги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны урамшуулал бусад зардалд зарцуул гэж надад өгсөн. Шгаас гаргасан нэр төр сэргээлгэх хэрэгт өмгөөлөгчөөр нь дамжуулж 6 сая төгрөг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн 2 удаагийн урамшуулал нийт 7 сая гаран төгрөг, Орон сууцны үнэлгээний төлбөрт сайн санахгүй байна 3 сая орчим төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид бас бус төлсөн төлбөрүүдийг нарийн санахгүй байна. Мөн дээр нь янз бүрийн зээл, эгч нь засал ном хийж өгнө гэх зэргээр надаас мөнгө төгрөг авдаг байсныг би нотлох баримтгүй тул дэлгэрэнгүй ярих боломжгүй байна. Үлдсэн бүх төлбөрийг түүнд цаг тухайд нь өгч байсан. Мөн 2015 онь 5 дугаар сарын 09-ний өдрийн шөнө Баянгол дүүргийн нутаг дэсгэрт миний Ланд ровер маркийн машины цонхыг хагалж, дотроос нь дээрхтэй холбоотой баримтуудын заримыг өмгөөллийн тамга, цүнхний хамт алдаж хохирол учирсан. Одоо ч цагдаагийн байгууллага дээр хүсэлт гаргаад хурууны хээ таниулах гээд явж байна. Яагаад үүнийг бичиж байна гэхээр зөвхөн Ц.О гуайтай холбоотой баримтууд алдагдсан, мөн манай гэрийн гадаа Ц.О хэд хэдэн удаа өөрийнхөө болон янз бүрийн машинтай хүмүүстэй ирж надтай уулзахгүй хэрнээ нууцаар ажигладаг байсан тул одоо би түүнийг сэжиглэж байна. Нэхэмжлэлд хавсаргасан прокурорын тогтоолыг би өнөөдөр анх удаа харж байна. Цагдаагаас 2 удаа, прокуророос нэг удаа Л.М прокурор дуудсан. 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн прокурорын тогтоол нь хэдий эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан “...Ц.Оийн итгэмжлэн өгсөн эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн гэм буруутай үйлдэл байх боловч, ...хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул...” гэсэн зэргийг анхаарч үзмээр байна. Миний хувьд энэ тогтоолын агуулгыг хууль зүйн хувьд ч логикийн хувьд ч үгүйсгэж байх ба өмгөөллийн гэрээнүүд, шүүхийн зардал, шийдвэр гүйцэтгэлийн зардал, үнэлгээний зардал, тэрчлэн гэрээний алданги бусад зүйлийг дүгнэж үзээгүй байна. Мөн эрүүгийн хэрэг надад үүсгээгүй байхад уг тогтоолыг үндэслэж нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Ц.Оийн хувь хүнийх нь хувьд шүүх анхаарч үзэхийг хүсье. Учир нь өнөөдөр шүүхэд өгсөн нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтуудыг өөрчилсөн, хуурамч нотлох баримт бүрдүүлсэн байхыг үгүйсгэхгүй. Урьд нь хуулийн байгууллагуудад санаатай хуурамч нотлох баримт үйлдэн намайг шалгуулж, мөн Банк бус санхүүгийн байгууллагаас төлбөрөө авсны дараа түүний захирал Шг Сэрүүлэг сонинд өгсөн жудаггүй үйлдэл зэрэг нь анхаарал татаж байна. Ц.О гэдэг хүнийг би дарамталж байгаагүй. Надад тийм шаардлага байхгүй. Цагдаагийн байгууллага дээр мөрдөн байцаагчийн өрөөнд би түүнд хүнд тусласан биш үнэхээр бухимдаад “Хүн бай” гэж л хэлсэн. Миний зорилго бол түүнд нэгэнт байраа алдсан тул ганц өрөө байрны мөнгө ядаж аваад өгчих юмсан гэж л ажилласан. Эцэст нь хэлэхэд би Ц.Оийг бусдын эд зүйлийг бүлэглэн хулгайлах болон хуурамч нотлох баримт удаа дараа бүрдүүлсэн, бусдыг хүнд гэмт хэрэгт гүтгэсэн талаар хуулийн байгууллагад шалгуулах нөхцөлийг бүрдүүлээд байгааг өөрт нь сануулмаар байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагч Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 онд н.Охиноогийн нэхэмжлэлтэй Ц.От холбогдох иргэний хэрэг, 2013 онд Ц.Оийн нэхэмжлэлтэй “М” ХХК-д холбогдох иргэний хэрэг, 2014 онд мөн “М” ХХК-д холбогдох иргэний хэрэг, мөн Япон улсын иргэн Шгийн талаар Ц.О ярилцлага өгч нэр төр сэргээлгэх нэхэмжлэл гаргасан байсан. Энэ хэрэгт бид өмгөөллийн хөлсөө төлчихвөл эвлэрэх боломжтой гээд өмгөөллийн хөлсийг нь төлж, нэхэмжлэгч тал шүүх хуралдаа ирэлгүйгээр нэхэмжлэлийг буцаалгаж энэ асуудлыг шийдүүлж байсан. Тус бүрдээ өөр хэрэг маргаанууд байхад нэхэмжлэгчийн төлөөлөгч нэг хэрэг гээд байх юм бүгд тус тусдаа иргэний хэрэг үүссэн. Шгийн нэхэмжлэлтэй Ц.От холбогдох хэрэгт тохиролцоод би өмгөөллийн хөлсөд нь 6000000 төгрөг төлсөн. Үүнийг нэхэмжлэлийн шаардлагаас хасах ёстой. Энэ тухай би Ц.От хэлж байсан. Дээрх иргэний хэрэг дээр нэмэгдээд нэг эрүүгийн хэрэг байсан. Энэ бол хүний ажил, оюуны болоод биеийн хүчний хөдөлмөр. Энэ бүх хэрэг дээр цаг хугацаа, зардал гарах нь ойлгомжтой асуудал. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн яриад байгаа 3000000 төгрөгийн гэрээг би ойлгохгүй байна. 3000000 төгрөгөөр тохирч хийсэн гэрээ нэг ч байхгүй, эдгээр хэргүүд дээр би анхнаасаа өөрөө явж байсан учраас тухайн үед ийм гэрээ хийгээгүй гэдгээ мэдэж байгаа. Нэхэмжлэгчийн төлөөлөгч үндэслэлгүй зүйл ярьж байна. Өмгөөллийн хөлсийг 20 сая төгрөгөөр тохироод эхний мөнгөнөөс тооцоод авсан байгаа. Бас 7000000 төгрөг гэж яриад байдаг. Энэ асуудлаас болж намайг цагдаагийн байгууллагаар шалгуулсан, хуульчдын холбоогоор шалгуулсан тэр бүрд энэ тооцоонууд нь өөр гардаг. Ямар ч мөнгө аваагүй ч гэж ярьж байсан. Бид 7000000 төгрөгийг өмгөөллийн хөлсөө хугацаанд нь өгөөгүйн алдангийн мөнгө гэж тохиролцож авч байсан болохоос биш надаас 7000000 төгрөгийг Ц.От хүлээлгэж өгсөн гэсэн баримт байхгүй. Саяны нотлох баримтаар өгч байгаа 100000 төгрөгийн зардлыг би төлсөн гэж хэлээгүй. Үүнийг нотлох баримт надад байсан. Үүнийгээ алдсан гэдгээ хариу тайлбартаа хэлсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маш олон зардлууд гардаг нотариатын зардлаас эхлээд энэ талаарх баримтууд байхгүй учир үүнийг би ярихгүй. Би нэг зүйлийг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулмаар байна. Надад хууль зүйн хувьд сөрөг нэхэмжлэл гаргах үндэслэл байна. Гэхдээ би өмгөөлөгч хүн учраас хүлээцтэй хандаж байна. Өмгөөлөгчийн хувьд олон хэргүүд дээр нь ажиллаж амжилттай шийдүүлж байсны хувьд бухимдаж байгаа боловч өмгөөлөгчийн ёс зүйн хувьд сөрөг нэхэмжлэл гаргахгүй байна. Тухайн үед 58400000 төгрөгөөр 1 өрөө байтугай 2 өрөө байр авах мөнгийг шүүхийн шийдвэрээр авч өгсөн. Уг мөнгөнүүдээ яаж зарцуулсныг мэдэхгүй. Өмнөх хурал дээр н.Охиноогийн нэхэмжлэлтэй н.От холбогдох хэрэг гэж яриад байсан. Үүн дээр нэхэмжлэгчийн төлөөлөгч 400000 төгрөгийг зөвшөөрч байсан. Энэ хэргийн хувьд анхнаасаа ингэж тохирсон. Өөр тохирсон зүйл байхгүй. Үүнийгээ эхний 38400000 төгрөгөндөө тооцсон байдаг. Тэгээд хэдэн баримтууд гаргаж ирснээ намайг худал хуурмаг хүн болгох гэж хичээж байна. Үүнийг би үгүйсгэж байна. Нэхэмжлэгч тал гарын үсэг зураад хийсэн гэрээнүүдээ юугаар үгүйсгэж байгааг ойлгохгүй байна. 5,6 хэрэг дээр ажилласан гэж яригдаж байгаа боловч хэрэгт албан ёсоор хийсэн 2 гэрээ байгаа. Үүнээс Ц.Оийн охин н.Бын хэрэгт оролцоогүй. Хоёр гэрээн дээрээ түрүүний н.Охиноогийн нэхэмжлэлтэй Ц.От холбогдох хэрэг болон бусад хэргийн хөлс, зардлыг ерөнхийдөө 2 гэрээндээ шингээгээд дуусгаад бид тохиролцоод салсан. Ийм учраас 2 гэрээний өмгөөллийн хөлс 30 сая төгрөг, гэрээний алданги, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны урамшууллын зардал, нэхэмжлэгчийн өмнөөс миний төлсөн улсын тэмдэгтийн хураамж зэрэгт 9.8 сая төгрөгийг хасч тооцох үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь:

Нэхэмжлэгч Ц.О нь хариуцагч Нгаас шүүхийн шийдвэрээр авах мөнгөний үлдэгдэл 46619312 төгрөг гаргуулахаар шаардснаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа 6 сая төгрөгөөр багасгаж 40619312 төгрөг шаарджээ.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 1954/г дугаартай захирамжаар “М” ХХК-иас 75000000 төгрөг, мөн шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 3825 дугаар шийдвэрээр “М” ХХК-иас 23250000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.От олгохоор шийдвэрлэжээ. Дээрх мөнгийг хариуцагч Н нь Ц.Оээс олгосон итгэмжлэлийг ашиглан шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас авч 46619312 төгрөгийг өгөөгүй үндэслэлээр шаардаж байх ба харин хариуцагч Ц.Оийн хүсэлтээр түүний нэхэмжлэлтэй болон хариуцагчаар оролцсон хэд, хэдэн хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлсний хөлс, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу тооцох алданги, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны урамшууллын зардал, нэхэмжлэгчийн өмнөөс төлсөн улсын тэмдэгтийн хураамж зэрэгт тооцогдсон үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байна.  

Ц.О нь “М” ХХК болон Япон улсын иргэн Ш нарт холбогдуулан зээлийн болон барьцааны гэрээ, орон сууц, газар худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, байрнаас албадан гаргуулж, өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг гаргаж, уг хэрэгт түүний өмгөөлөгчөөр хариуцагч Н оролцсон байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ц.О хариуцагч Шд холбогдох шаардлагаасаа татгалзаж, хариуцагч “М” ХХК нэхэмжлэгчид 75 сая төгрөг өгөхөөр тохиролцсноор Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 1954/г дугаартай захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Уг захирамжийг “М” ХХК сайн дураар биелүүлээгүйгээс шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлж, шүүгчийн захирамжид дурдсан мөнгөн дүнгээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон урамшууллын зардлыг хасч төлбөр авагч Ц.От олгох 68495013 төгрөгийг түүний өмгөөлөгч Нд хүлээлгэн өгсөн болох нь зохигчдын тайлбар, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны гүйцэтгэлийн данснаас мөнгө шилжүүлэх баримт /ХХ-ийн 15-р хуудас/, мөнгө шилжүүлсэн баримт /ХХ-ийн 16-р хуудас/-аар тогтоогдож байна. Үүнээс 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр төлбөр авагч Ц.О 38400000 төгрөгийг Нгаас хүлээн авсан байх ба энэ талаар талууд маргаагүй болно. Энэ хэрэгт Н 2013 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-ний дагуу өмгөөлөгчөөр оролцсон ба өмгөөллийн хөлсийг талууд 20 сая төгрөгөөр тохиролцсон байна.  

Үүний дараа Ц.О нь дахин “М” ХХК-д холбогдуулан 2013 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу төлсөн өмгөөллийн хөлс 20 сая төгрөг, 2014 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 1954/г дугаартай шүүгчийн захирамжийг албадан биелүүлсэнтэй холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны урамшуулал болон бусад зардал 4292000 төгрөг, эвлэрлийн гэрээний алданги 23375000 төгрөг нийт 47667000 төгрөг гаргуулахаар шаардсанаас Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 3825 дугаар шийдвэрээр “М” ХХК-иас гэрээний алдангид 23250000 төгрөг гаргуулж, өмгөөллийн хөлс 20 сая төгрөг болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны урамшуулал, бусад зардал 4292000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Тухайн хэрэгт нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр Н оролцож, уг шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх ажиллагааны явцад төлбөр төлөгч нараас мөнгийг хүлээн авсан болох нь зохигчдын тайлбар, төлбөр барагдуулах баримтууд /ХХ-ийн 19, 20, 33, 34-р хуудас/-аар тогтоогдож байна. Үүнээс нэхэмжлэгч 7000000 төгрөгийг Нгаас хүлээн авсан гэж байгаа боловч хэрэгт авагдсан мөнгө хүлээлцсэн баримтад /ХХ-ийн 21-р хуудас огноогүй баримт/ 10 сая төгрөг хүлээн авснаар Ц.О гарын үсгээ зурсан байх тул уг мөнгийг  Нгаас хүлээн авсан нь тогтоогдсон байна. Тодруулбал, нэхэмжлэгч нь Нгаас 7 сая төгрөг авсан гэсэн тайлбараа баримтаар нотлоогүй тул дээрх баримтыг үндэслэн 10000000 төгрөг хүлээн авсан гэж үзнэ. Хариуцагч нь 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн мөнгө хүлээлцсэн тухай баримт /ХХ-ийн 20, 33-р хуудас/-аар Ц.От дахин 10000000 төгрөг хүлээлгэн өгсөн, өөрийнх нь шүүхэд гаргаж өгсөн баримтад Ц.О гарын үсгээ зурсан /ХХ-ийн 33-р хуудас/, харин нэхэмжлэгч шүүхэд нотлох баримтаа гаргахдаа /ХХ-ийн 20-р хуудас/ гарын үсгээ арилган засварлаж өгсөн гэж тайлбарласан боловч хариуцагчийн гаргаж өгсөн баримтад зурагдсан гарын үсэг Ц.Оийнх мөн болохыг, нэхэмжлэгч нь гарын үсгээ арилгаж засварласан болохыг өөр баримтаар эргэлзээгүйгээр нотлоогүй болно. Нэхэмжлэгч нотлох баримтаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гаргуулж, тухайн байгууллагын архивын хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан, уг баримтыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тухайн үед баримтжуулсан бодит үнэнд нийцсэн нотлох баримт гэж үнэлэв. Иймд дээрх баримтаар нэхэмжлэгчийг хариуцагчаас 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 10 сая төгрөг хүлээн авсан үйл баримт тогтоогдоогүй гэж үзлээ.

Дээр дурдснаас өөр мөнгө өгсөн, авсан баримтууд талууд гаргаж өгөөгүй тул тухайн баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийг хариуцагчаас 48400000 төгрөг хүлээн авсан гэж үзэв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч хэрэг хэлэлцэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 6 сая /өмгөөллийн хөлс 3 сая төгрөг, 3 сая нь бусад зардал/ төгрөгөөр багасгаж нэхэмжлэлийн шаардлагыг 40619312 төгрөгөөр тогтоож, 2013 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний өмгөөллийн хөлсийг 20 сая төгрөгөөр тохироогүй 3 сая төгрөг өгөхөөр тохирсон гэж маргаж, нэхэмжлэлийн шаардлагаас Нгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 600000 төгрөгийг хасахыг зөвшөөрч байна. Харин хариуцагч 2013 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хөлс 20 сая төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хөлс 10 сая төгрөг, уг гэрээний төлбөрийг хугацаандаа төлөөгүйн алданги болон бусад зардалд /Япон улсын иргэн Шгийн өмгөөлөгч н.Баяраад өгсөн 6 сая төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны урамшуулал/ 9.8 сая төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 600000 төгрөгийг хасч тооцно гэжээ.

Нэхэмжлэгч нь “М” ХХК-д холбогдуулан өмгөөллийн хөлс 20 сая төгрөгийг өмгөөлөгчдөө төлснөөр нотлох баримт бүрдүүлж нэхэмжлэл гаргасан байгаагаас үзвэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шилжүүлсэн 68495013 төгрөгөөс өмгөөллийн хөлс 20 сая төгрөгийг суутгаж авахыг зөвшөөрсөн гэж дүгнэв.  Нэхэмжлэгч нь 2013 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хөлсийг 3 сая төгрөгөөр тохирсноо нотлоогүй тул хариуцагчийг 20 сая төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхгүй. Харин 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр тохирсон гүйцэтгэх ажил нь дээрх 2 шүүхийн шийдвэрээр шийдсэн хэрэгт хамааралгүй, уг гэрээний хөлсийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болон төлбөр төлөгч нараас шилжүүлсэн мөнгөнөөс суутгахаар тохирсон болох, тухайн хэргийн нэхэмжлэгч Япон улсын иргэн Шгийн өмгөөлөгчид 6 сая төгрөгийг Ц.Оийн зөвшөөрснөөр өгсөн болох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэдэн төгрөгийн зардал гарсан болохоо хариуцагч баримтаар нотлоогүй, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 3825 дугаар шийдвэрийг албадан биелүүлэхтэй холбоотой гарсан урамшууллыг хариуцагч төлөөгүй болох нь баримтаар /ХХ-ийн 93-р хуудас/ нотлогдсон тул нэхэмжлэлийн шаардлагаас 19800000 төгрөгийг хасч тооцох үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөллийн хөлс 20 сая төгрөг, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зөвшөөрснөөр Нгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 600000 төгрөгийг хасч, хариуцагчаас 20019312 төгрөг гаргуулж, нэхэмжлэлээс 20000000 төгрөгийг шаардах эрхгүй үндэслэлээр, 600000 төгрөгийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зөвшөөрснөөр, 6000000 төгрөгийг нэхэмжлэгч татгалзсан үндэслэлээр 26600000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөллийн хөлс 3 сая төгрөгийг хасч нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан боловч нэхэмжлэгчийг хариуцагчаас 10 сая төгрөг /ХХ-ийн 21-р хуудас/ авсан гэж үзсэн тул нэхэмжлэлийн шаардлагад өөрчлөлт ороогүйг дурдах нь зүйтэй.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг багасгаж 273733 төгрөгийг хэсэгчлэн төлүүлэхээр шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн ба уг захирамжийн дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 164250 төгрөг төлсөн байна. Иймд төлөөгүй 109483 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 164250 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 20019312 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 258047 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Нгаас 20019312 /хорин сая арван есөн мянга гурван зуун арван хоёр/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч О-д олгож, нэхэмжлэлээс 26600000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 164250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нгаас улсын тэмдэгтийн хураамжид 258047 төгрөг гаргуулан нэхэмжлэгч От олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Оээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 109483 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.   

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ГАНДИЙМАА

 

                     ШҮҮГЧИД                                                        Ч.МӨНХЦЭЦЭГ

 

                                                                                              Н.ХАНГАЛ