Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2019/00021

 

Ц.Оийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч П.Золзаяа Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2018/01458 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 1633 дугаар магадлалтай,

Ц.Оийн нэхэмжлэлтэй

Г.Нд холбогдох

46 619 312 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Г.Нгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганбат, хариуцагч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганбат шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.О 2013 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Голден адвокейтс ХХК-ийн захирал Г.Нтай хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ байгуулж, иргэний хэрэг дээр өмгөөлөгчөөр оролцуулж, мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд бүрэн төлөөлөх итгэмжлэл хийж өгсөн. Ингээд 2 удаагийн шүүхийн шийдвэрээр нийт 98 250 000 төгрөг Ц.От олгогдохоор болсон боловч Г.Н дээрх мөнгийг итгэмжлэлээ ашиглан шийдвэр гүйцэтгэх албанаас өөрийнхөө данс руу шилжүүлэн авч, үүнээс 45 400 000 төгрөгийг Ц.От өгч үлдсэн 46 619 312 төгрөгийг өмгөөллийн хөлс нэрийдлээр өөртөө авч, өгөхгүй байсан тул арга буюу Цагдаагийн байгууллагад хандаж шалгуулсан боловч “Г.Н бусдын итгэмжлэн өгсөн эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн гэм буруутай үйлдэл тогтоогдож байх боловч Эрүүгийн хуульд заасан хөнгөн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна. Анхны шүүгчийн захирамжаар 75 647 950 төгрөг авахаас үнэлгээний хөлс, шийдвэр гүйцэтгэлийн урамшууллын хөлсийг суутгаж бэлнээр 68 495 013 төгрөгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Г.Нгийн дансанд хийснээс 38 400 000 төгрөгийг Ц.От өгөөд 30 000 000 төгрөгийг өөрөө авсан. Дараагийн шүүхийн шийдвэрээр 23 250 000 төгрөг Ц.От олгогдохоор гарснаас 7 000 000 төгрөгийг өгөхдөө 10 000 000 төгрөг өгсөн баримт дээр гарын үсэг зуруулсан нь хэргийн 21 дүгээр талд авагдсан. Г.Н үлдсэн 3 000 000 төгрөгийг өгнө гээд өгөөгүй. Ингээд нийт Г.Н нь 45 400 000 төгрөгийг Ц.От өгсөн. Үнэлгээний хөлс, шийдвэр гүйцэтгэлийн урамшууллыг өөрөө төлсөн гэж байгаа нь худлаа. Эхний урамшууллыг төлбөрийн мөнгөнөөс суутгасан, дараагийнх нь Шибуяа Масаругийн эхнэр н.Агиймаа төлсөн байдаг. Г.Н нь Ц.От мөнгө зээлээгүй, нэг удаа улсын тэмдэгтийн хураамж төлсөн. Энэ дээр 600 000 төгрөгийг зээлсэн мэтээр зээлийн гэрээ хий гээд гэрээ хийсэн. Өмгөөллийн хөлс анх тохирохдоо 3 000 000 төгрөг гэж тохирсон. Гэрээ хийсний дараа нэмэлт гэрээ хийж, 20 000 000 төгрөгийн гэрээнд гарын үсэг зурчих гээд Ц.О мөнгийг төлж чадахгүй гэсэн чинь Г.Н би энэ мөнгийг нөгөө талаас нь гаргуулаад авчихдаг юм. Та зүгээр л гарын үсэг зурчих, таниас гарах мөнгө биш гээд гарын үсэг зуруулсан. Иймд өмгөөллийн хөлсийг 20 000 000 төгрөгөөр тохирсон нь худлаа. Г.Н нийт 46 619 312 төгрөгийг өгөөгүй өөртөө авсан. Үүнээс өмгөөллийн хөлс 6 000 000 төгрөгийг хасч, 40 619 312 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Г.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оноос эхлэн Ц.Отэй би өөрийнГолден адвокатес хуулийн фирм ажиллуулж байхдаа хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг хууль журмын дагуу байгуулж, түүний өөрт нь холбогдох эрүү, иргэний хэрэг, маргаан дээр хэдэн сар жилээр цаг хөлсөө зориулж ажилласан. 2013 онд Д.Охиноогийн нэхэмжлэлтэй Ц.От холбогдох хэрэг, Чингэлтэй дүүргийн шүүх дээр МСВСЦ ББСБ-тай байгуулсан ЗГ1307027 тоот зээлийн гэрээ, 3513070227 тоот барьцааны гэрээ, орон сууц худалдах, худалдан авах тухай гэрээ, газар худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулж, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, замчид гудамжийн 49 дүгээр байрын 52 тоот 5 өрөө байрнаас Япон улсын иргэн Шибуяа Масаруг албадан гаргаж, тус байрны өмчлөгчөөр Ц.Оийг тогтоолгох тухай хэрэг, мөн шүүх дээр Ц.Оээс МСВСЦ ББСБ, Шибуяа Масару нарт холбогдуулан гэрээний алданги 23 375 000 сая төгрөг, өмгөөллийн хөлс шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шат, шийдвэр гүйцэтгэлийн шатанд нийт 20 000 000 төгрөг, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны урамшуулал 4 152 000 төгрөг, бусад зардал 140 000 төгрөг, бүгд 47 667 000 төгрөг гаргуулах тухай хэрэг, Сүхбаатар дүүргийн шүүх дээр МСВСЦ ББСБ-ын захирал Япон улсын иргэн Шибуяа Масаругаас Ц.От холбогдуулан нэр төр сэргээлгэж 75 000 000 төгрөг гаргуулах тухай хэрэг, Ц.Оийн охин Д.Булганжавын нэхэмжлэлтэй Стар караоке баарны түрээсийн төлбөр гаргуулах тухай гэх мэтмаргаанууд дээр ажиллаж, охин Д.Булганжавын нэхэмжлэлтэй хэргээс бусад заргыг авч өгч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүртэл түүний хүсэлт, гуйлтаар бүрэн дуусгаж өгсөн. 2013 онд Д.Охиноогийн нэхэмжлэлтэй Ц.От холбогдох иргэний хэрэг, 2013 онд Ц.Оийн нэхэмжлэлтэй МСВСЦ ХХК-д холбогдох иргэний хэрэг, 2014 онд мөн МСВСЦ ХХК-д холбогдох иргэний хэрэг, мөн Япон улсын Шибуяа Масаругийн талаар Ц.О нэр төр сэргээлгэх нэхэмжлэл гаргасан байсан. Энэ хэрэгт бид өмгөөллийн хөлс төлвөл эвлэрэх боломжтой гээд өмгөөллийн хөлсийг нь төлж, нэхэмжлэгч тал шүүх хуралд ирэлгүй нэхэмжлэлийг буцааж асуудлыг шийдүүлсэн. Тус бүрдээ өөр хэрэг маргаанууд байхад нэхэмжлэгчийн төлөөлөгч нэг хэрэг гээд байх юм бүгд тус тусдаа иргэний хэрэг үүссэн. Шибуяа Масаругийн нэхэмжлэлтэй Ц.От холбогдох хэрэгт тохиролцоод би өмгөөллийн хөлс 6 000 000 төгрөг төлсөн. Үүнийг нэхэмжлэлийн шаардлагаас хасах ёстой. Энэ тухай би Ц.От хэлж байсан.Дээрх иргэний хэрэг дээр нэмэгдээд нэг эрүүгийн хэрэг байсан. Энэ бол хүний ажил, оюуны болоод биеийн хүчний хөдөлмөр. Энэ бүх хэрэг дээр цаг хугацаа, зардал гарах нь ойлгомжтой. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн яриад байгаа 3 000 000 төгрөгийн гэрээг би ойлгохгүй байна. 3 000 000 төгрөгөөр тохирч хийсэн гэрээ байхгүй, эдгээр хэргүүд дээр би анхнаасаа өөрөө явж байсан учраас тухайн үед ийм гэрээ хийгээгүй. Нэхэмжлэгчийн төлөөлөгч үндэслэлгүй зүйл ярьж байна. Өмгөөллийн хөлс 20 000 000 төгрөгөөр тохироод эхний мөнгөнөөс тооцоод авсан бас 7 000 000 төгрөгийн асуудлаас болж намайг цагдаагийн байгууллагаар шалгуулсан, хуульчдын холбоогоор шалгуулсан тэр бүрд энэ тооцоонууд нь өөр гардаг. Бид 7 000 000 төгрөгийг өмгөөллийн хөлсөө хугацаанд нь өгөөгүйн алдангийн мөнгө гэж тохиролцож авч байсан болохоос биш надаас 7 000 000 төгрөгийг Ц.От хүлээлгэж өгсөн баримтгүй. Сая нотлох баримтаар өгч байгаа 100 000 төгрөгийн зардлыг би төлсөн гэж хэлээгүй. Үүнийг алдсан гэдгээ тайлбартаа хэлсэн. Өмгөөлөгчийн хувьд олон хэргүүд дээр нь ажиллаж амжилттай шийдүүлж байсны хувьд бухимдаж байгаа боловч өмгөөлөгчийн ёс зүйн хувьд сөрөг нэхэмжлэл гаргахгүй байна. Тухайн үед 58 400 000 төгрөгөөр 1 өрөө байтугай 2 өрөө байр авах мөнгийг шүүхийн шийдвэрээр авч өгсөн. Уг мөнгөө яаж зарцуулсныг мэдэхгүй. Өмнөх хурал дээр Д.Охиноогийн нэхэмжлэлтэй Ц.От холбогдох хэрэг гэж яриад байсан. Үүн дээр нэхэмжлэгчийн төлөөлөгч 400 000 төгрөг зөвшөөрч байсан. Энэ хэргийн хувьд анхнаасаа ингэж тохирсон. Үүнийгээ эхний 38 400 000 төгрөгт тооцсон байдаг. Нэхэмжлэгч тал гарын үсэг зураад хийсэн гэрээнүүдээ юугаар үгүйсгэж байгааг ойлгохгүй байна. 5,6 хэрэг дээр ажилласан гэж яригдаж байгаа боловч хэрэгт албан ёсоор хийсэн 2 гэрээ байгаа. Үүнээс Ц.Оийн охин н.Булганжавын хэрэгт оролцоогүй. Хоёр гэрээн дээрээ Д.Охиноогийн нэхэмжлэлтэй Ц.От холбогдох хэрэг болон бусад хэргийн хөлс, зардлыг 2 гэрээндээ шингээгээд бид тохиролцоод салсан. Иймд 2 гэрээний өмгөөллийн хөлс 30 000 000 төгрөг, гэрээний алданги, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны урамшууллын зардал, улсын тэмдэгтийн хураамж зэрэгт 9 800 000 төгрөгийг хасч тооцох үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2018/01458 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Дамбил овогт Галсандоржийн Г.Нгаас 20019 312 /хорин сая арван есөн мянга гурван зуун арван хоёр/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Боржигон овогт Цэвээний Одончимэгт олгож, нэхэмжлэлээс 26 600 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 164250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Нгаас улсын тэмдэгтийн хураамжид 258047 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.От олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Оээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 109 483 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 1633 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2018/01458 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258 046 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Г.Н  хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Г.Н би Ц.О гуайн холбогдолтой 5-6 тусдаа хэрэг маргаан дээр өөр өөр хэргүүдэд хууль зүйн туслалцаа үзүүлж 176 000 000 төгрөгийн өр төлбөрийг шийдвэрлэж. бэлнээр 98 000 000 төгрөг нэхэмжлэх хэрэгт өмгөөлөгчөөр оролцсон. Мөн тохиролцсоны дагуу холбогдох өмгөөллийн хөлс мөнгийг тооцон өгч авалцсан. Гэтэл манайхаар үйлчлүүлсэн Ц.О гуай өмгөөллийн хөлс болон шүүх, шүүхийи шийдвэр гүйцэтгэлийн зардлуудыг надаас буцаан нэхэмжилсэн. Анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхээс 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр өгч авалцсан 10 000 000 төгрөгийн баримт, нэр төр сэргээлгэх иргэний хэрэгт өгсөн өмгөөллийн хөлс тооцсон үндэслэл болох хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг үндэслэлгүйгээр үгүйсгэж нотлох баримтаар үнэлээгүй, мөн хариуцагчаас 6 000 000 төгрөг хэнээс хэнд юуны төлбөр гэж өгсөн талаар гэрч оролцуулахаар гаргасан хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар ямар захирамж, шүүхийн тогтоол гараагүй, анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл давж заалдах шатанд гомдол гаргах эцсийн өдөр гэхэд гараагүй учраас тэмдэглэлтэй танилцах, түүнд өөрчлөлт оруулах санал гаргах талаар хариуцагчийн эдлэх ёстой эрхийг эдлүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчиж шийдвэрлэсэн байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ц.О хариуцагч Г.Нд холбогдуулан үндэслэлгүйгээр авсан 46 619 312 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлээ багасган 40 619 312 төгрөг болгосон байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо “...хариуцагч нь ... шүүхийн шийдвэрийн дагуу нийт 98 250 000 төгрөгийг аваад надад өгөх ёстой байхад 45 400 000 төгрөгийг шилжүүлж, үлдэх 46 619 312 төгрөгийг үндэслэлгүйгээр авсан...” гэжээ.

Анхан шатны шүүх хариуцагчаас 20 019 312 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

Зохигчид хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулагдсан талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгч хөлсний хэмжээг 6 000 000 төгрөг гэсэн бол хариуцагч нь нийт 6 хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлснээс 2 гэрээнд нь хөлсийг тодорхой заасан тул өмгөөллийн хөлс 30 000 000 төгрөг, гэрээний алданги, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 9 800 000 төгрөгийн зардлыг өөрөөсөө гаргасан тул нэхэмжлэлээс хасч тооцох ёстой гэж маргажээ.

Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлан зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний харилцааг зөв тодорхойлсноос гадна шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийн авах ёстой мөнгөний дутуу 40 619 312 төгрөгөөс 2013 оны 10 дугаар сарын 12-ны гэрээг үндэслэж өмгөөллийн хөлс 20 000 000 төгрөг, нэхэмжлэгчийн өмнөөс хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 600 000 төгрөгийг тус тус хасч 20 019 312 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгийг зөв тайлбарлан  хэрэглэсэн байна.

Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй байхад хөрөнгө олж авсан бол бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэж үзнэ.

Хариуцагч Г.Н нь гэрээний дагуу авах өмгөөллийн хөлснөөс илүү мөнгийг  өөртөө авсан нь үндэслэлгүй тул буцааж өгөх үүрэгтэй байна. Хариуцагч нь 39 800 000 төгрөгийг өмгөөллийн хөлсөд авах үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй байв.

Шүүх Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, зохигчдын мэтгэлцэх эрхийг хязгаарлаагүй байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2018/01458 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 1633 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 258 046 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Г.ЦАГААНЦООЖ

       ШҮҮГЧ                                                                  П.ЗОЛЗАЯА