Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 321

 

Ж.Б-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, П.Соёл-Эрдэнэ, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баднаасүрэн, Д.Содболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаяр нарыг оролцуулан хийж, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 39 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2017/0364 дүгээр магадлалтай, Ж.Б-ын нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд, Б.Баднайсүрэн нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 39 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2, Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.1.12-т заасныг тус тус баримтлан Ж.Баас Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 232 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, Ж.Б намайг Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын орлогчийн ажилд эгүүлэн тогтоолгох” шаардлагатай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2017/0364 дүгээр магадлалаар: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дугаар сарын 13-ны өдрийн 39 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Ж.Бын нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцож байгаа өмгөөлөгч Б.Содболд миний бие тус хэргийн Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 39 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2017/0364 дүгээр магадлалыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1 дэх заалтыг баримтлан дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтууд буюу хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тухай.

2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Монгол Улсад Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиуд дагаж мөрдөгдөх болсон. Захиргааны ерөнхий хууль Захиргааны байгууллага, албан тушаалтнаас захиргааны шийдвэр /акт/, үйл ажиллагаандаа зайлшгүй дагаж мөрдөх ёстой процессын хууль юм. Захиргааны хэргийн шүүхүүд 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг дагаж мөрдөх болсонтой адил захиргааны байгууллага, албан тушаалтан мөн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш гаргаж буй шийдвэр, үйл ажиллагаандаа Захиргааны ерөнхий хуулийг дагаж мөрдөх учиртай. Гэтэл Хонгор сумын Засаг дарга 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Ж.Быг ажлаас чөлөөлөх тухай” 232 дугаар захирамж гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн холбогдох хуулийг бүхэлд нь зөрчиж захирамж гаргасан нь нэхэмжлэгч Ж.Бын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчөөд зогсохгүй түүний үндсэн хуулиар хамгаалагдаж, Хөдөлмөрийн хуулиар баталгаажсан үндсэн эрх болох хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Үүнд:

1. Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлд зааснаар Ж.Б нь өөрийг нь ажлаас чөлөөлөх шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцогчоор татагдан оролцож тус хуулийн 15 дугаар зүйлд заасан эрхийг эдлэн 232 дугаар захирамж гаргах ажиллагаанд оролцох эрхтэй байхад Хонгор сумын Засаг дарга Захиргааны ерөнхий хуулийн тус заалтыг ноцтой зөрчсөн байна.

2. Хонгор сумын Засаг дарга 232 дугаар захирамж гаргаад Ж.Бад Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2-т заасны дагуу мэдэгдэх   ажиллагааг хуулийн дагуу явуулаагүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны   ашиг сонирхол ноцтой зөрчигдсөн. Сумын ИТХ-ийн Тэргүүлэгчдийн хуралдаанаар Засаг даргын орлогчийг зөвшилцөх, Сумын Засаг дарга захирамж гарган орлогчийг  чөлөөлөх, томилох асуудлууд нь хоёр тусдаа ойлголт бөгөөд Засаг дарга 232 дугаар захирамжийг гаргаад хуульд заасан журмын дагуу Ж.Бад мэдэгдсэн тухай нотлох баримт хэрэгт байхгүй тул үүнийг Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийг бүхэлд нь зөрчсөн гэж үзэх үндэслэл бүрдэж байна.

3. Захиргааны ерөнхий хуулийн 26-27 дугаар зүйл Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогчийг сонсох, сонсох ажиллагаа явуулах журмыг хуульчилж өгсөн байх бөгөөд Хонгор сумын Засаг дарга 232 дугаар захирамж гаргахдаа мөн тус хуулийн заалтуудыг зөрчсөн байна. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд сонсох ажиллагааг хийхгүй байж болох 6 үндэслэлийг нэг бүрчлэн заасан байх бөгөөд тус 6 үндэслэл бүрдсэнээс бусад бүх тохиолдолд сонсох ажиллагааг зайлшгүй хийх учиртай бөгөөд сонсох ажиллагааг хуулийн дагуу хийснээр захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогчийн эрхийг хамгаалах урьдчилсан нөхцөл бүрдэх учиртай юм.  

4. Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлд захиргааны байгууллага албан тушаалтан шийдвэр гаргахдаа шийдвэрийн хувийн хэргийг тодорхой хуульд заасан бүрдүүлбэрийг хангаж бүрдүүлэх, улмаар шийдвэрийн хувийн хэргийг архивлахаар зохицуулсан байх боловч Хонгор сумын Засаг дарга 232 дугаар захирамж гаргахдаа хуулийн тус заалтыг зөрчсөн болох нь шийдвэрийн хувийн хэрэг хөтлөсөн тухай баримт хавтаст хэрэгт байхгүй байгаагаар тогтоогдож байна.

Хариуцагч Хонгор сумын Засаг дарга 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Ж.Быг ажлаас чөлөөлөх тухай” 232 дугаар захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчиж, хууль зүйн үндэслэлгүй захирамж гаргасан болох нь дээрх үндэслэлээр тогтоогдож байна.

Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баднайсүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянагдсан Ж.Бын нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгч миний бие 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2017/0364 дугаар магадлалд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1 дэх заалтыг үндэслэн дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2, Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12 зэргийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Магадлалын хянавал хэсэгт /3 хуудас 27-31 мөр/: “Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг дарга тус сумын Засаг даргын орлогч Ж.Быг ажлаас чөлөөлж, Б.Л-г сумын Засаг даргын орлогчоор томилуулах саналаа 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 1/770 дугаар албан бичгээр тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд хүргүүлснийг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн” гэж дүгнэсэн.

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-д заасан “Засаг даргын орлогчоор томилуулах тухай” Засаг даргын санал нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д “энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын Төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж заасан шаардлагыг хангасан, үндэслэл бүхий саналыг оруулах ёстой. Учир нь энэ нь өөрөө төрийн тусгай албан хаагч буюу бусдын хөдөлмөрлөх эрхийг дуусгавар болгож буй харилцаа.

Засаг даргын оруулж ирсэн Ж.Б-ыг чөлөөлөх албан тоот нь энэ шаардлагыг хангасан санал биш харин шинээр өөр орлогч оруулах тухай санал юм. Өөрөөр хэлбэл шинэ орлогч дарга томилуулах хэрэгцээ шаардлага нь өөрөө хуучин Засаг даргын орлогчийг чөлөөлөх үндэслэл болоод байна.

Тиймдээ ч Засаг даргын оруулж ирсэн гэх саналыг хэлэлцэхдээ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч нар нь хэлэлцээд Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 106 дугаар албан бичгээрээ хариу өгөхдөө “сумын Засаг даргын орлогчыг Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дугаар зүйлийг үндэслэн Засаг даргын орлогчоор томилох тухай асуудлыг Тэргүүлэгчдийн хурлаар зөвшилцөж Б.Л-г олонхийн саналаар хэлэлцэв” мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дүгээр тэмдэглэлд: “Ж.Быг чөлөөлөх үндэслэл нь шинэ Засаг даргын орлогч томилогдох болсон нь түүний чөлөөлөгдөх үндэслэл болж буй агуулга бүхий тэмдэглэл” байна.

Хамгийн гол нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 хэрэглэхдээ: эхлээд Ж.Быг чөлөөлөх асуудлыг хэлэлцэх бөгөөд ийнхүү Ж.Б-ыг чөлөөлөх санал нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д зааснаар үндэслэл бүхий байх ёстой. Ийнхүү чөлөөлөх үндэслэлийг хэлэлцээд үндэслэл байсан тохиолдолд чөлөөлөөд дараа нь шинээр Засаг даргын орлогч томилох асуудлыг хэлэлцэх журамтай.

Өөрөөр хэлбэл, Засаг дарга нь шат дарааллын хувьд эхлээд хуучин Засаг даргыг огцруулах үндэслэл бүхий санал тавиад дараа нь шинээр оруулах Засаг даргаа санал оруулах байдлаар албан тоот нь явах атал шинэ Засаг даргын орлогч санал болгож буй үндэслэл нь хуучин Засаг даргыг огцруулах гол үндэслэл болгосон нь логикийн хувьд алдаатай, үндэслэлгүй шийдвэр болсон.

Мөн нэхэмжлэгчийн төрийн тусгай албан хаагч гэсэн статустайгаар хөдөлмөрлөх эрхийг дуусгавар болгох ажиллагаа хийж байгаа тохиолдолд эрх бүхий этгээдээс заавал ч үгүй тухайн эрх рүү халдах тодорхой үндэслэл байх ёстой. Засаг даргын орлогч нь ч өөрөө ажил, албан тушаал буюу бас хөдөлмөрийн харилцаа, хүний хөдөлмөрлөх эрх.

Иймд, шинэ Засаг даргын орлогч томилууулах хүсэлт нь өөрөө хуучин Засаг даргыг чөлөөлөх хууль зүйн үндэслэл болж буй нь өөрөө Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д заасан шаардлагыг хангаагүй бөгөөд давж заалдах шатны шүүх нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-ийг тайлбарлаж хэрэглэхдээ “өнгөцхөн хуралдаан”-аар зөвшилцсөн гэх нөхцөл байдлыг энэхүү хуулийн заалтын шаардлагыг хангасан гэж тайлбарлаж буй нь үндэслэлгүй юм. Давж заалдах шатны шүүх нь “зөвшилцсөн” гэх процессыг хууль ёсны болон үндэслэл бүхий болж уу гэдэгт анхаараагүй бөгөөд зөвхөн “ийм ажиллагаа хийгдсэн байна, тиймээс хууль ёсны байна” гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. 

Засаг даргын орлогч ч гэсэн бусдын хөдөлмөрлөх эрх, ажил албан тушаал буюу энэ эрхэнд халдах тохиолдолд үндэслэл бүхий үйл баримт, хуулийн заалтыг ягштал баримтлах ёстой.

Мөн 01 дүгээр тэмдэглэл дээрх Ж.Б-ын хэлсэн гэх өөрийнхөө үгтэй нэхэмжлэгч нь санал нийлдэггүй бөгөөд “аудио бичлэгийг нь авъя” гэхэд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын алба “устгагдсан, байхгүй” гэж үгүйсгэдэг.

Тиймээс дээрх үндэслэлийг харгалзан үзэж, хууль зүйн үндэслэл болон баримтгүйгээр бусдын хөдөлмөрлөх эрхийг дуусгавар болгосон тул анхан шатны шийдвэр болон 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2017/0364 дүгээр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, маргааны үйл баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

            Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 30-ний өдрийн 127 дугаар захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т заасныг үндэслэн “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцсөний дагуу” Ж.Б-ыг сумын Засаг даргын орлогчийн албан тушаалд томилсон, мөн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 232 дугаар захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2, 31.1.10, 38 дугаар зүйлийн 38.1-т заасныг үндэслэн, мөн “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцсөний дагуу” Ж.Б-ыг сумын Засаг даргын орлогчийн албан тушаалаас чөлөөлж, 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн, нэхэмжлэгчээс “... хуулийн ерөнхий зохицуулалтыг барьж намайг чөлөөлсөн ... нь хууль зүйн үндэслэлгүй” гэж, хариуцагчаас “... хуулиар олгогдсон эрхийн дагуу ... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөж, ... Ж.Быг ажлаас чөлөөлсөн ... нь хууль зөрчөөгүй” гэж тус тус маргажээ.

            Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, хариуцагч Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг дарга нь “...2016 оны орон нутгийн Хурлын сонгуулийн үр дүнгээр” солигдож, шинээр томилогдсон Засаг дарга Т.Атархишиг нь 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1/770 дугаар албан бичгээр “...сумын Засаг даргын орлогч Ж.Быг чөлөөлж, ... Б.Лг томилох санал...”-ыг хэлэлцүүлэхээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд хүргүүлсэн, Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хурлаар уг асуудлыг хэлэлцсэн, хуралд нэхэмжлэгч Ж.Б өөрөө оролцсон, хурлаас “... саналыг Тэргүүлэгчдийн олонхийн саналаар дэмжсэн”, талууд эдгээр үйл баримтуудтай маргаагүй байна.

            Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12-т “...сум...-ын Засаг даргын орлогч.../-ийн албан тушаал нь улс төрийн албан тушаалд хамаарах/”-аар заасны зэрэгцээ, улс төрийн албан тушаал нь “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийнх нь хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны албан тушаал” байхаар,  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т ‘...сум...-ын Засаг дарга нэгээс илүүгүй орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх” бүрэн эрхийг сумын Засаг даргад олгохоор тус тус зохицуулсан байна.

            Өөрөөр хэлбэл, “сумын Засаг даргын орлогч” гэх улс төрийн албан тушаалтан нь “сонгуулийн үр дүнгээр” өөрчлөгдөх боломжтой, ийнхүү өөрчлөх бүрэн эрхийг сумын Засаг даргад олгосон, Засаг дарга шийдвэр гаргахдаа сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцсөн байх  хуулийн шаардлага тавьсан, тухайн тохиолдолд хариуцагч Хонгор сумын Засаг дарга нэхэмжлэгч Ж.Быг ажлаас чөлөөлөхдөө хуульд заасан уг шаардлагыг хангасан байх тул хариуцагчийн маргаан бүхий 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 232 дугаар захирамж  Төрийн албаны тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчөөгүй гэж үзнэ, энэ талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтүүд зөв байна. 

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболдоос “... хариуцагч шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хууль...-ийг зөрчсөн, ... шийдвэр гаргах ажиллагаанд нэхэмжлэгчийг оролцуулаагүй, ... сонсох ажиллагаа явуулаагүй” гэх боловч Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “... Ж.Б-ыг чөлөөлж, Б.Л-г томилох” талаарх Засаг даргын саналыг хэлэлцсэн хуралд Ж.Б өөрөө оролцож, асуулт асууж, санал хэлсэн нь хурлын тэмдэглэлд тусгагдсан, нэхэмжлэгч уг үйл баримттай маргаагүй тул “шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулаагүй”, “сонсох ажиллагаа явуулаагүй”, мэдэгдээгүй гэж хариуцагчийн буруутгах үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баднайсүрэнгээс “... /хариуцагч санал гаргахдаа/ Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйл ...д заасан шаардлагыг зөрчсөн” гэх боловч Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд асуудал оруулахдаа “...шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах” шаардлага нь сумын Засаг даргаас мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т заасны дагуу “Засаг даргын орлогчийг томилж, чөлөөлөхөөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөх” харилцаанд хамааралгүй, түүнчлэн, “Ж.Б-ыг ажлаас чөлөөлж, Б.Л-г томилохоор Засаг даргаас ирүүлсэн санал”-ыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нэг хурлаар хэлэлцэж, “олонхийн саналаар дэмжсэн” нь  нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, маргаан бүхий Хонгор сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 232 дугаар захирамжид холбогдох маргааны үйл баримтад хамааралгүй тул “...эхлээд Ж.Б-ыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж... чөлөөлөөд дараа нь шинээр Засаг даргын орлогч томилох асуудлыг хэлэлцэх /байтал/ ... Б.Л-г томилсон нь... Ж.Б-ыг чөлөөлөх үндэслэл болсон” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

Эдгээр үндэслэлээр, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 39 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2017/0364 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд, Б.Баднайсүрэн нарын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

                                                                                                                   

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Х.БАТСҮРЭН

ШҮҮГЧ                                                                   Д.МӨНХТУЯА