Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 221/MA2017/0364

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2017/0364

Улаанбаатар хот

 

Ж.Бүрэнбатын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд нарыг оролцуулан, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дугаар сарын 13-ны өдрийн 39 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор Ж.Бүрэнбатын нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дугаар сарын 13-ны өдрийн 39 дүгээр шийдвэрээр:” Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2, Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.1.12-т заасныг тус тус баримтлан Ж.Бүрэнбатаас Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 232 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, Ж.Бүрэнбат намайг Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын орлогчийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагатай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Бүрэнбатаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Бүрэнбат, түүний өмгөөлөгч Б.Содболд давж заалдах гомдолдоо: “Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг дарга 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Ж.Бүрэнбатыг ажлаас чөлөөлөх тухай” 232 дугаар захирамж гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29, 31, 38 дугаар зүйлүүдийн холбогдох заалтуудыг барьж гаргасан.

... Хонгор сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 232 дугаар захирамж дараах үндэслэлээр хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгч Ж.Бүрэнбатын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн захирамж болох нь нотлогдож байна.

... Хонгор сумын Засаг дарга Захиргааны ерөнхий хуулийн холбогдох хуулийг бүхэлд нь зөрчиж, 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Ж.Бүрэнбатыг ажлаас чөлөөлөх тухай” 232 дугаар захирамж гаргасан нь нэхэмжлэгч Ж.Бүрэнбатын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрсөн.

Мөн түүний Үндсэн хуулиар хамгаалагдаж, Хөдөлмөрийн хуулиар баталгаажсан үндсэн эрх болох хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн.. Үүнд:

1. Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлд зааснаар Ж.Бүрэнбатыг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцогчоор татагдан оролцож тус хуулийн 15 дугаар зүйлд заасан эрхийг эдлэн 232 дугаар захирамж гаргах ажиллагаанд оролцох эрхтэй байхад Хонгор сумын Засаг дарга Захиргааны ерөнхий хуулийн тус заалтыг ноцтой зөрчсөн байна.

2. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Засаг даргын орлогчийг зөвшилцөх, Сумын Засаг дарга захирамж гарган орлогчийг чөлөөлөх, томилох асуудлууд нь хоёр тусдаа ойлголт юм.

Хонгор сумын Засаг дарга 232 дугаар захирамж гаргаад Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2-т заасны дагуу Ж.Бүрэнбатад мэдэгдэх ажиллагааг явуулаагүй.

3. Захиргааны ерөнхий хуулийн 26-27 дугаар зүйл Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогчийг сонсох, сонсох ажиллагаа явуулах журмыг зөрчсөн, хуулийн 28 дугаар зүйлд сонсох ажиллагааг хийхгүй байх 6 үндэслэл бүрдсэнээс бусад бүх тохиолдолд сонсох ажиллагааг зайлшгүй хийх учиртай.

Сонсох ажиллагааг хуулийн дагуу хийснээр захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогчийн эрхийг хамгаалах урьдчилсан нөхцөл бүрдэх учиртай юм.

4. Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлд захиргааны байгууллага албан тушаалтан шийдвэр гаргахдаа шийдвэрийн хувийн хэргийг тодорхой хуульд заасан бүрдүүлбэрийг хангаж бүрдүүлэх, улмаар шийдвэрийн хувийн хэргийг архивлахаар зохицуулсныг Хонгор сумын Засаг дарга зөрчсөн нь шийдвэрийн хувийн хэрэг хөтөлсөн тухай баримт хавтаст хэрэгт байхгүй байгаагаар тогтоогдож байна.

Хариуцагч Хонгор сумын Засаг дарга 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Ж.Бүрэнбатыг ажлаас чөлөөлөх тухай” 232 дугаар захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчиж, хууль зүйн үндэслэлгүй захирамж гаргасан болох нь дээрх үндэслэлээр тогтоогдож байна.

Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүйн улмаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 39 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ж.Бүрэнбатаас “Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргад холбогдуулан гаргасан 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 232 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын орлогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12-т зааснаар аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогчийн албан тушаал нь төрийн улс төрийн албан тушаалын ангилалд хамаарах ба Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  31 дүгээр зүйлийн 31.1.2 /Сум, дүүргийн Засаг дарга нэгээс илүүгүй орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх/-д сумын Засаг даргын орлогчийг томилох, чөлөөлөх асуудлыг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн шийдвэрлэх бүрэн эрхийг сумын Засаг даргад олгожээ.

Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг дарга тус сумын Засаг даргын орлогч Ж.Бүрэнбатыг ажлаас чөлөөлж, Б.Лхагвасүрэнг сумын Засаг даргын орлогчоор томилуулах саналаа 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 1/770 дугаар албан бичгээр тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд хүргүүлснийг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн, уг хуралдаанд сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Ж.Бүрэнбат биечлэн оролцож, Засаг даргын орлогчийн албан тушаалаа хүлээлгэн өгөхөө илэрхийлж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

Тухайн нөхцөл байдлыг үндэслэн хариуцагч Хонгор сумын Засаг дарга 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 232 дугаар захирамжаар Ж.Бүрэнбатыг сумын Засаг даргын орлогчийн албан тушаалаас чөлөөлсөн нь хуулийн дээрх заалтад нийцсэн бөгөөд маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч Ж.Бүрэнбат 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “Хонгор сумын Засаг даргын орлогчийн ажлаас 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр чөлөөлөгдсөн” талаар дурдаж ажилгүйдлийн тэтгэмж хүссэн өргөдлийг Дархан-Уул аймгийн нийгмийн даатгалын хэлтэст гаргаснаас үзвэл нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөгдсөнөө мэдээгүй гэж үзэх боломжгүй.

Хариуцагч Хонгор сумын Засаг дарга дээрх байдлаар хуульд заасны дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидтэй сумын Засаг даргын орлогч Ж.Бүрэнбатыг чөлөөлөх асуудлаар зөвшилцсөн, уг хуралдаанд нэхэмжлэгч оролцсон тохиолдолд сумын Засаг дарга ажлаас чөлөөлсөн маргаан бүхий захирамж гаргахдаа Ж.Бүрэнбатыг шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулах, эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалж тайлбар гаргах эрхийг хангах зэрэг Захиргааны ерөнхий хуульд заасан ажиллагааг хийх шаардлагагүй бөгөөд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Анхан шатны шүүх эдгээр нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь зөв байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дугаар сарын 13-ны өдрийн 39 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                  С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР