Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 39

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                           Хэргийн индекс: 114/2017/0024/З

            Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Энхтуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэгийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч  Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр баг, 5 дугаар байр 2 тоотод оршин суух,  Жухай овогтой Бүрэнбат

            Хариуцагч  Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргад холбогдох

            Нэхэмжлэлийн шаардлага “Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 232 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, Ж.Бүрэнбат намайг Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын орлогчийн ажилд эгүүлэн тогтоолгох”-ыг хүссэн захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

            Нэхэмжлэгчийн итгэмлжэгдсэн төлөөлөгч:          Д.Гантулга

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:             Б.Мөнхбаяр

            Хариуцагчийн өмгөөлөгч:                                        Ц.Гэнэндулам

            Гуравдагч этгээд:                                                     Б.Лхагвасүрэн  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Ж.Бүрэнбатаас шүүхэд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантулга шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:- Ж.Бүрэнбат нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын орлогчоор 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс тус албыг хашаад 2 жил болж байсан юм. Төрийн албыг үнэнч шударга хоёргүй сэтгэлээр ажиллаж ирсэн билээ. Гэтэл шинээр Засаг даргаар томилогдон ажиллаж байгаа Т.Атархишиг гэгч нь 2016 оны 11  дүгээр  сард  таны  ажлыг  өөрчилнө  гэж  амаар  хэлж  байсан  юм.  Яагаад  өөрчлөх болсон тухайгаа надад тайлбарлаач гэхэд Б.Лхагвасүрэн гэдэг хүнийг орлогч даргаар томилно гээд амалчихсан байгаа юм гэж хэлсэн. Миний бие эхнэр Д.Буянжаргалыг БНХАУ-руу эмчилгээнд аваад явсан хойгуур ажлаас чөлөөлсөн байсныг би 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр мэдэж захирамж гардан авсан юм.

Дархан-Уул аймгийн Хонгор сумын засаг дарга Т.Атархишиг нь ажлаас чөлөөлсөн үндэслэлээ Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний  удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.2, 31.1.10, 38.1-т заасныг үндэслэн чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй хуулийн ерөнхий зохицуулалтыг барьж намайг чөлөөлсөн гэж үзэж байна. Иймд  дээрх захирамжийг хүчингүй болгож,  ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, Ж.Бүрэнбатыг Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын орлогчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэв.

                                                                                              

Хариуцагч Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргаас шүүхэд ирүүлсэн тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:- Төрийн албаны тухай хуулийн 6.1-д “Төрийн улс төрийн албан тушаалд Монгол улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг  сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийнх нь хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны дараахь албан тушаал хамаарна”, 6.1.12-т “Бүх шатны Засаг дарга болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч” гэж заасан байдаг тул сонгуулийн үр дүнгээр бүрэн эрх нь дуусгавар болно гэсний дагуу Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 31.1.2-т “сум, дүүргийн Засаг дарга нэгээс илүү орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлнө” гэж Засаг даргад хуулиар олгогдсон эрхийн дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1/770 албан тоотоор хүсэлт хүргүүлж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хурлаар хэлэлцэн орлогч Ж.Бүрэнбатыг чөлөөлж, Б.Лхагвасүрэнг олонхийн саналаар дэмжсэн шийдвэр гарсан.

Ж.Бүрэнбат нь хуралд өөрийн биеэр оролцож, өөрөө хүлээн зөвшөөрч ажилд амжилт хүсч өрөөний түлхүүрээ өгөөд явсан. Үүний дагуу сумын Засаг даргын орлогч Ж.Бүрэнбатыг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ажлаас чөлөөлж, Б.Лхагвасүрэнг сумын Засаг даргын  орлогчийн үүрэг гүйцэтгэгчээр түр томилж, Авлигатай тэмцэх газарт Бэгзийн Лхагвасүрэнг нэр дэвшүүлж, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг авч сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн захирамжаар жинхлэн томилсон. Ж.Бүрэнбатыг хууль, журмын дагуу чөлөөлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна. Ж.Бүрэнбатад тэтгэмж олгохоор захирамжид дурьдсан боловч энэ нь хуулиараа Засаг даргад олгогддог, Засаг даргын орлогчид олгогдохгүй юм билээ. Харин  Ж.Бүрэнбат нь ажилгүйдлийн тэтгэмжээ авсан байсан гэв.

 

Гуравдагч этгээд Б.Лхагвасүрэн шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа:- Миний бие Хонгор сумын Засаг даргын Тамгын газарт Засаг дарга, Тамгын газрын дарга, орлогч дарга зэрэг ажлыг 1993 оноос 2013 он хүртэл хийж байгаад сумын МАН-ын хорооны дэд даргаар сонгогдон одоог хүртэл ажиллаж байна. 2016 оны сонгуулийн үр дүнгээр сумын Засаг даргаар томилогдсон Т.Атархишиг Засаг даргын орлогчоор ажиллах саналыг надад тавьсан тул нутаг орноо хөгжүүлэх талаар тавьж буй зорилтуудыг  хэрэгжүүлэхэд нь тус нэмэр болох зорилгоор би саналыг нь хүлээн авч үүний дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хурлаар дэмжигдэн, сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 252 дугаар захирамжаар намайг сумын Засаг даргын орлогчоор жинхлэн томилох шийдвэр гарсан тул би ажил албан тушаалаа хүлээн аваад ажиллаж байна.

Миний бие сумын Засаг даргын орлогчоор томилогдохдоо ямар нэгэн хууль, дүрэм зөрчөөгүй гэдгээ үүгээр илэрхийлж байна гэв.

 

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

 Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 232 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, Ж.Бүрэнбат намайг Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын орлогчийн ажилд эгүүлэн тогтоолгох” шаардлагын тухайд:

 

Хариуцагч Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргаас Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т “ сум, дүүргийн Засаг дарга нэгээс илүүгүй орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх” гэж зааснаар  сумын Засаг даргын орлогч Ж.Бүрэнбатыг ажлаас чөлөөлж,  Б.Лхагвасүрэнг Засаг даргын орлогчоор томилох асуудлыг зөвшилцөх хүсэлтийг хүргүүлсэн байна.

Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Ж.Бүрэнбат, Б.Лхагвасүрэн нарыг оролцуулан хуралдаж, Б.Лхагвасүрэнг сумын Засаг даргын орлогчийн албан тушаалд томилохыг  зөвшилцөж олонхийн саналаар дэмжсэн болох нь  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 01 тоот хуралдааны тэмдэглэл, мөн Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 106 тоот албан бичиг, хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбараар нотлогдож байна.

 

Хариуцагч Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг дарга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцсөний дагуу 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 232 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, 31 дүгээр зүйлийн 31.1.2-т “сум, дүүргийн Засаг дарга нэгээс илүүгүй орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх” гэж зааснаар Ж.Бүрэнбатыг ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргасан нь хууль зөрчөөгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй болох нь тогтоогдож байна.

Учир нь Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийнх нь хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны дараахь албан тушаал хамаарна”, 6.1.12-т “бүх шатны Засаг дарга болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч” гэж зааснаар сумын Засаг даргын орлогч нь улсын төрийн албан тушаалтан болохыг хуулиар тогтоосон байна. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-д “ Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө” гэж зааснаар аймгийн Засаг даргын орлогчийг чөлөөлөх, томилох харилцааг Төрийн албаны тухай хуулиар бус Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т “аймгийн Засаг дарга нэгээс илүүгүй, нийслэлийн Засаг дарга хоёроос илүүгүй орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх” гэж  нарийвчлан зохицуулсан байх тул дээрх хуулийг үндэслэн гаргасан захиргааны акт хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч Ж.Бүрэнбатын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүхээс   Дархан-Уул аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн баримт бичигт үзлэг хийж авсан ажилгүйдлийн тэтгэмжийн хувийн хэрэг, мөн хэлтсийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 279 тоот албан бичгээр нэхэмжлэгч Ж.Бүрэнбат нь аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлт гаргаж, 2016 оны 12 дугаар сар, 2017 оны 1-3 дугаар саруудад нийт 1667820 /нэг сая зургаан зуун жаран долоон мянга найман зуун хорин/ төгрөгийн тэтгэмж авсан болохыг дурьдах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон

                                                            ТОГТООХ нь:

 

1.Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2, Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.1.12-т заасныг тус тус баримтлан Ж.Бүрэнбатаас Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 232 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, Ж.Бүрэнбат намайг Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын орлогчийн ажилд эгүүлэн тогтоолгох” шаардлагатай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Бүрэнбатаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            З.ЭНХТУЯА