Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2022/01069

 

“ **** ****” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 740 дүгээр шийдвэр,  

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 226/МА2020/00023 дугаар магадлалтай, 

“ **** ****” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“ **** ****” ХХК-д холбогдох,

351,200,373 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Аззаяагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярсайхан, Г.Энхжавхлан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч “ **** ****” ХХК нь хариуцагч “ **** ****” ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 222,772,200 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 17,042,073 төгрөг, алданги 111,386,100 төгрөг, нийт 351,200,373 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нь үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрч, хүү, алдангийг төлөхгүй гэж маргасан байна. 

2. Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 740 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ **** Өгөөж” ХХК-иас 351,200,373 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Юнайтедбест ****” ХХК-д олгож, Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн 2020.08.21-ний өдрийн 12 дугаартай шүүхийн тогтоолоор авагдсан хариуцагч “ **** ****” ХХК-ийн банк дахь дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр зогсоосон арга хэмжээ нь энэ хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл хэвээр байхыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,913,952 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ **** Өгөөж” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 1,913,952 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Юнайтедбест ****” ХХК-д олгож шийдвэрлэжээ.  

3. Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 226/МА2020/00023 дугаар магадлалаар: Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн ШШ2020/00740 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1, 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.8-д заасныг баримтлан хариуцагч “ **** ****” ХХК-иас 331,200,373 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Юнайтедбест ****” ХХК-д олгосугай” гэж, 3 дахь заалтын “1,913,952 төгрөг” гэснийг “1,813,951 төгрөг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдаж шийдвэрлэсэн байна. 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Аззаяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “ **** ****” ХХК-ийн нэхэмжлэлтэй “ **** ****” ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Аззаяа би дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т заасныг удирдлага болгон алдангийн хэмжээг 111,386,100 төгрөгөөс 91,386,100 төгрөг болгон бууруулж, харин хүүгийн хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасны дагуу “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж үзэж байна. Учир нь Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд үүссэн нөхцөл байдал, шинэ корона вирусийн халдварын тахалтай холбогдуулан Засгийн газраас хөл хорионы дэглэм тогтоосныг тус тус харгалзаж алдангийн хэмжээг өөрчилж бууруулж шийдсэн байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болох зохицуулалттай. Өөрөөр хэлбэл, шүүх 111,386,100 төгрөгийн алдангийн хэмжээг илт их байна хэмээн үзэж бүрэн эрхийнхээ хүрээнд алданги бууруулсан. Гэвч алдангийн хэмжээ бууруулсан нь Зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу олгохоор шийдвэрлэсэн хүүг хэвээр үлдээх үндэслэл болохгүй юм. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлд дурдсан хүүг бүхэлд нь хангаж, харин давж заалдах шатны шүүхээс тус хүүг төлүүлэхээр хэвээр үлдээж шийдвэрлэсэн дараах байдлаар хууль бус байна. Үүнд: нэхэмжлэгч 17,042,073 төгрөгийн хүүг нэхэмжилсэн. Энэ хүүг анхан шатны шүүхийн зүгээс бүрэн хангаж шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-т зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулахад тусгах зайлшгүй шаардлагатай нөхцөлүүдийг заасан байдаг. Гэтэл талуудын хооронд байгуулсан Зээлээр худалдах, худалдан авах гэрээнд хуульд заасан нөхцөлүүдийг тусгаагүй байна. Энэхүү зээлээр худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус биш хэдий ч хуульд заасан шаардлагыг биелүүлээгүй байх тул Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.4-т заасан зохицуулалтын дагуу худалдан авагч хүү төлөхгүй, гагцхүү эд хөрөнгийн үнийг төлөх юм.

Гэтэл анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдлыг харж үзэлгүй нэхэмжлэлд дурдсан хүүг бүхэлд нь хангаж, харин давж заалдах шатны шүүхээс хүүг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарласан явдал юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасны дагуу гэрээг гагцхүү хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулах эрхтэй байх атал анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх нь шийдвэр, магадлал гаргахдаа Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.4 дэх хэсгийг огт хэрэглээгүй, харгалзан авч үзээгүй байх тул 17,042,073 төгрөгийн хүүг олгохоор хэвээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, зохих хуулийг хэрэглээгүй, хэргийг тал бүрээс нь бодитой хараагүй, хуулийг буруу тайлбарлаж гаргасан давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулан “ **** ****” ХХК-д төлөх төлбөрийн хэмжээнээс хүү буюу 17,042,073 төгрөгийг хасч шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ: 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв. 

Нэхэмжлэгч “Юнайтэд бест ****” ХХК нь хариуцагч “ **** ****” ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 222,772,200 төгрөг, хүүгийн 17,042,073 төгрөг, алдангийн 111,386,100 төгрөг, нийт 351,200,373 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрч, хүү, алдангийг төлөх боломжгүй гэж маргасан байна. 

Анхан шатны шүүх хариуцагчаас 351,200,373 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрт “...хариуцагчаас 331,200,373 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосон” өөрчлөлтийг оруулжээ. 

Давж заалдах шатны шүүх маргаанд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжилсэн алдангийг тодорхой хэмжээгээр багасгаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсныг буруутгах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэр гаргахдаа Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.4-д заасныг огт хэрэглээгүй, харгалзан авч үзээгүй, нэхэмжилсэн хүүг олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. ...тус магадлалд өөрчлөлт оруулж, “ **** ****” ХХК-д төлөх төлбөрийн хэмжээнээс хүү буюу 17,042,073 төгрөгийг хасч шийдвэрлэж өгнө үү” гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй байна. 

7. Нэхэмжлэгч  “Юнайтэд бест ****” ХХК /худалдагч/ нь хариуцагч “ **** ****” ХХК /худалдан авагч/-тай 2020.02.03-ны өдөр 005/20 дугаартай “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, уг гэрээгээр 2020.02.03-ны өдрөөс 2020.12.31-ний өдрийг хүртэл зээлээр шатахуун худалдан авах, ...худалдан авах барааны нийт хэмжээ 100,000 л байхаар, гэрээний 3.2-т Худалдан авагч зээлээр худалдан авсан барааны үнийг 45 хоногийн дотор худалдагч талын Хаан банк дахь ...дансанд шилжүүлэх буюу худалдагчид бэлнээр төлнө, 3.3-т Гэрээний 3.2-т заасан төлбөрийг эхний 30 хоногт хүү тооцохгүй, 31 дэх өдрөөс эхлэн 7 хоногт 0.45 хувийн хүү тооцож худалдагч талд төлөх, 3.5-д ...худалдан авагч гэрээний 3.2-т заасан хугацаанд төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ. 

Хэргийн баримтаар нэхэмжлэгч “ **** ****” ХХК нь 2020.02.06-ны болон 2020.02.10-ны өдөр нийт 102,660 л шатахууныг, нэг бүрийн үнэ 2,170 төгрөгөөр нийлүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн нь тогтоогдсон байна.   

Хоёр шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д  заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч “ **** ****” ХХК нь гэрээний үүргийн биелэлтийг буюу нийлүүлсэн 102,660 л шатахууны үнийг хариуцагчаас шаардах эрхтэй талаар зөв дүгнэжээ.  

8. Талууд зээлээр худалдах, худалдан авах гэрээний 3.3-т хүү төлөхөөр тохиролцсон тул давж заалдах шатны шүүх хариуцагч “ **** ****” ХХК-иас шатахууны үнэ 222,772,200 төгрөг, хүү 17,042,073 төгрөг, алданги 91,386,100 төгрөг, нийт 331,200,373 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.8-д заасантай нийцжээ. 

Мөн, давж заалдах шатны шүүх Монгол улсад COVID-19-ын тархалттай холбогдуулан Засгийн газраас хөл хорионы дэглэм тогтоосон нөхцөл байдлыг харгалзан үзэж,  нэхэмжилсэн алдангийн хэмжээг багасгаж, хариуцагчаас алдангид 91,386,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, 20,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрт өөрчлөлт оруулсан нь буруу биш, ийнхүү шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна. 

9. Харин давж заалдах шатны шүүх алдангийн хэмжээг багасгаж, шийдвэрт өөрчлөлт оруулсан атлаа магадлалын тогтоох хэсэгт 20,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлээгүй алдаа гаргасныг хяналтын шатны шүүх залруулах боломжтой гэж үзлээ. 

Дээрх үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Аззаяагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 226/МА2020/00023 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “олгосугай” гэснийг “олгон, үлдэх 20,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.12.18-ны өдөр төлсөн 244,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                           ШҮҮГЧИД                                                       Н.БАЯРМАА

    П.ЗОЛЗАЯА

                                                                                                   Б.МӨНХТУЯА

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД