Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2022/01073

 

 

Г.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 368 дугаар шийдвэр,

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 66 дугаар магадлалтай,

Г.О-ийн нэхэмжлэлтэй,

М.Б-д холбогдох,

3,620,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч М.Бийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г.О нь хариуцагч М.Бөд холбогдуулан 3,620,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

2. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 368 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Бөөс 3,620,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.От олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 72,870 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн 100130400953 тоот дансанд хэвээр үлдээж, хариуцагч М.Бөөс улсын тэмдэгтийн хураамжинд 72,870 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.От олгож шийдвэрлэжээ.

3. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 66 дугаар магадлалаар: Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 368 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг: “1. Иргэний хуулийн 127 дүгээр зүйлийн 127.1.1-д зааснаар гэснийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар” гэж өөрчлөн, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 73,000 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагч М.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Миний бие М.Б нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020.08.12-ны өдрийн 368 шийдвэр, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.10.20-ны өдрийн 66 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Г.О нь 3,620,000 төгрөгийг үндэслэлгүйгээр надаас нэхэмжилж байна. Бид хоёр хамт очиж уг палкийг авсан. Ингэж авахдаа би 500,000 төгрөг Г.От өгсөн. Тухайн үед Г.О нь падаан бичиг баримт бүрдүүлж аваагүй, шүүхэд нэхэмжлэл гаргахдаа өөрөө худал баримт цуглуулж, өөрөө байгаль орчинд ажилладаг учир ажил албан тушаалаа ашиглаж, худал хуурмаг баримт модны компаниас авч хэрэгт хавсаргасан байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэх болон хянахдаа дээрх байдлыг огт харгалзан үзээгүй байна. Би үнэхээр Г.От 500,000 төгрөг өгсөн, удаа дараа мөнгө шилжүүлж байсан болохоор энэ байдлыг минь шүүх харгалзан үзэхгүйд гомдолтой байна. Г.О нь нэг ёсондоо залилан мэхэлж үндэслэлгүй мөнгө нэхэмжилж байна. Дээрх үнэн байдлыг харгалзан давж заалдах болон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Г.О нь хариуцагч М.Бөд холбогдуулан 3,620,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас 3,620,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрт хууль хэрэглээний буюу ...Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар гэсэн өөрчлөлтийг оруулжээ.

Хариуцагч М.Бийн ...нэхэмжлэгч 3,620,000 төгрөгийг үндэслэлгүйгээр надаас нэхэмжилж байна. ...Тухайн үед Г.О нь падаан, бичиг баримт бүрдүүлж аваагүй, шүүхэд нэхэмжлэл гаргахдаа худал баримт цуглуулж, байгаль орчинд ажилладаг учир ажил, албан тушаалаа ашиглаж, худал хуурмаг баримтыг модны компаниас авч хэрэгт хавсаргасныг шүүх хэргийг шийдвэрлэх болон хянахдаа огт харгалзан үзээгүй байна. Би Г.От 500,000 төгрөг өгсөн, удаа дараа мөнгө шилжүүлж байсан, энэ байдлыг шүүх харгалзан үзээгүйд гомдолтой. ...анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна. 

Давж заалдах шатны шүүх маргаанд Иргэний хуулийг зөв тайлбарлаж хэрэглэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

6. Нэхэмжлэгч Г.О, хариуцагч М.Б нар нь 2014 оноос 2019 оны 11 дүгээр сар хүртэл хамтын амьдралтай байсан байх ба энэ хугацаанд хариуцагч М.Бийн аавын хашаанд 8х10 харьцаатай палкан байшин барихаар модон материал худалдаж авах болон тээврийн зардалд 3,620,000 төгрөг зарцуулсан болох нь зохигчийн тайлбар, хэргийн баримтаар тогтоогджээ.

7. Анхан шатны шүүх ...байшин барихад зориулж худалдан авсан палк мод, банз зэрэг нь нэхэмжлэгч Г.Оийн хуваарьт өмч гэж маргаанд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, харин давж заалдах шатны шүүх ...Г.О, М.Б нарын хамтын амьдрал дуусгавар болж, зохигч тус тусын амьдралтай болох үед нийлж холилдсон эд хөрөнгөө салгаагүй тул хариуцагч М.Бийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэн, хариуцагчаас 3,620,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасантай нийцсэн байна. 

Иймд, дээр дурдсан үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 66 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.11.20-ны өдөр төлсөн 73,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.БАНЗРАГЧ

ШҮҮГЧИД                                                 Н.БАЯРМАА

                                                                 П.ЗОЛЗАЯА

                                                                  Б.МӨНХТУЯА

                                                                 Х.ЭРДЭНЭСУВД