Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 208/МА2020/00066

 

 

 

 

 

2020 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 208/МА2020/00066

 

 

Г.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Хэргийн индекс: 149/2020/00248/И

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч, шүүгч Д.Буянжаргал

Шүүгчид Г.Давааренчин

Б.Эрдэнэхишиг

 

Оролцогчид

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.******* /онлайн/

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.******* /онлайн/

ШШүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нарыг оролцуулав.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 368 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн давж заалдсан гомдлоор Г.*******ийн нэхэмжлэлтэй М.*******өд холбогдох 3.620.000 төгрөг гаргуулах тухай 1 хавтас иргэний хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Г.******* анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2014 оноос 2019 оны 11 дүгээр сар хүртэл М.*******тэй хамт амьдарсан. Хамт амьдарч байх хугацаанд *******ийн аав Мөнхбатын хашаанд буюу Баянсуудлын №09 тоотод 8x10 хэмжээтэй палкан байшин барьсан. Энэ байшинг барихад би 15x15 хэмжээтэй 4 метрийн урттай хушин дүнз нэг ширхгийг нь 15000 төгрөгөөр тооцож нийт 1500000 төгрөгөөр Хайрхан буянт ХХК-иас худалдаж авсан. Уг 100 ширхэг дүнзний тээвэрлэлтийн зардалд 200000 төгрөг төлж М.*******ийн аавынх нь хашаанд авчруулсан. Ш.Цогтбаатар гэх жолоочоор 3ил-130 машинаар тээвэрлүүлсэн. Үүнээс гадна 16 метр куб 32-ын банз Мөнгөлөг хайрхан ХХК болон Хангайн бүргэд ХХК-иас авсан. 32-ын банз нийт 1920000 төгрөг болсон. Энэ банзыг М.******* өөрөө машинтай очиж ачиж авчирсан. Одоо нийт 3620000 төгрөгийг М.*******өөс нэхэмжилж байна. 2019 оны 11 дүгээр сараас хойш бид уулзахаа больж тусдаа амьдарч байна гэжээ.

 

Хариуцагч М.******* анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.******* нь 3620000 төгрөгийн зардал гаргахыг хүссэн ч энэ нь баталгаагүй. Өөрийн ажлын байрыг ашиглаж он, сар нь худлаа баримт гаргаж илүү мөнгө авах хүсэлт гаргаж байна. Хар модон 100 ширхэг палк, 4 метр куб банз авсан нь үнэн. 2014 онд үүний тооцоог Г.*******т би 450000 төгрөг, унааны зардал 150000 төгрөг өгсөн. 2014-2019 оны хугацаанд гуйвуулга хийсэн. 1.110.247 төгрөгийн бэлэн мөнгө цувуулж өгч байсан. Хамт амьдарч байгаагүй. Миний хүсэлтийг хүлээж авч хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 368 дугаартай шийдвэрээр:

1.Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.*******өөс 3620000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.*******т олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 72870 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн 100130400953 тоот дансанд хэвээр үлдээж, хариуцагч М.*******өөс улсын тэмдэгтийн хураамжинд 72870 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.*******т олгосугай... гэж, тус тус зааж зохигчид түүний өмгөөлөгч хуульд заасан үндэслэлээр давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие М.******* нь нэхэмжлэгч Г.*******ийн гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй ба Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 08-р сарын 12-ны өдрийн 368 тоот шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Г.******* нь 3620.000 төгрөгийн үндэслэлгүйгээр надаас нэхэмжилж байна. Бид хоёр хамт байхдаа палк хямд хүнээр худалдаж авсан нь үнэн. Тухайн үед би Г.*******тэй хамт очиж уг палкыг авсан. Ингэж авахдаа би 500.000 төгрөг Г.*******т өгсөн. Тухайн үед Г.******* нь падаан бичиг баримт бүрдүүлж аваагүй, шүүхэд нэхэмжлэл гаргахдаа өөрөө худал баримт цуцлуулж, өөрөө байгаль орчинд ажилладаг учир ажил албан тушаалаа ашиглаж худал хуурмаг баримт модны компаниас авч хэрэгт хавсаргасан байна. Шүүх хэргийг шийдэхдээ миний Г.*******т өгсөн 500.000 төгрөг, дансаар шилжүүлсэн мөнгийг тооцож хасаагүйд гомдолтой байна. Дээрх мөнгийг хасуулж тооцуулах хүсэлтэй байна. Иймд дээрх байдлыг харгалзан дахин хянаж хасаж тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Шүүх хэргийг шийдэхдээ миний Г.*******т өгсөн 500,000 төгрөг болон дансаар шилжүүлсэн мөнгийг тооцож хасаагүйд гомдолтой байна Дээрх мөнгийг нэхэмжлэгч Г.*******ийн нэхэмжилсэн мөнгөнөөс хасаж тооцож өгнө үү гэсэн гомдолтой танилцаад дараах тайлбарыг хийж байна.

Нэхэмжлэгч Г.******* би хариуцагч М.*******тэй 2014 онд танилцаад 2019 оны 11 дүгээр сар хүртэл хугацаанд хоёр биенийхээ гэр орноор ирж очин гэр бүлийн хамтын амьдралтай байсан.

Нэхэмжлэгч Г.******* би гэр бүлийн хамтын амьдралын хугацаанд 2015 оны 03 дугаар сарын 04-ны өдөр Хайрхан буянт ХХК-иас 15x15 хэмжээтэй 4 метрийн урттай 100 ширхэг хуурай хушин палк 1 ширхэгийг 15000 төгрөгөөр тооцож 1500.000 төгрөгөөр худалдаж авсан. Мөнгөлөг хайрхан ХХК-иас 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 8 метр куб 32-ын банз нэг метр кубийг 120,000 төгрөгөөр тооцож нийт 960,000 төгрөгөөр Хангайн бүргэд ХХК-иас 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 8 метр куб 32-ын банз нэг метр кубийг 120,000 төгрөгөөр нийт 960,000 төгрөгөөр худалдан авсан нь үнэн. Хайрхан буянт ХХК-иас авсан 100 ширхэг палкыг иргэн Ш.Цогтбаатар гэдэг хүний зил-130 маркийн 51-30 УБУ улсын дугаартай машинаар Мандал суманд авчруулж хөлсөнд 200000 төгрөг өгсөн. Ингээд нийт 3.620.000 төгрөг нэхэмжилсэн юмаа. М.******* надад палк авахад 500.000 төгрөг өгөөгүй дансаар надад мөнгө шилжүүлсэн нь үнэн тухайн үед бид хоёр гэр бүлийн хамтын амьдралтай байсан болохоор бие биедээ баяр тэмдэглэлт үйл явдлаар мөнгө шилжүүлж байсан. Хариуцагч М.******* надад шилжүүлсэн мөнгөө тусад нь нэхэмжлэвэл би ч нэхэмжилж сөрөг нэхэмжлэл гаргах болно. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан материалд үндэслэн шударга зөв шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 368 тоот шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... М.*******өөс 3,620,000 төгрөгийг гаргах нь үндэслэлтэй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна. Иймд хариуцагч М.*******ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 368 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Хариуцагч М.*******өөс гаргасан давж заалдах гомдлыг уншин сонсгож, анхан шатны шүүхээс Г.*******ийн хуурамч баримтыг үнэлж, хариуцагчийн тайлбарыг үндэслэлгүйгээр шийдвэрлэсэн тул үүнийг дахин хянуулахаар анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэж хүсье гэв.

 

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй боловч давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч М.*******өд холбогдуулан 3.620.000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Хэргийн үйл баримтын талаар дүгнэвэл: Нэхэмжлэгч Г.*******, хариуцагч М.******* нар нь 2014 оноос 2019 оны 11 дүгээр сар хүртэл хамтын амьдралтай байсан ба энэ хугацаанд хариуцагч М.*******ийн аавын хашаанд 8*10 харьцаа бүхий палкан байшин барихаар модон материал худалдан авч 3.620.000 төгрөг зарцуулжээ.

Маргааны зүйл болж буй байшин нь хариуцагч М.*******ийн аавын хашаанд байрлаж байгаа ба уг байшин нь Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-д зааснаар газраас үл салгаж болох хөрөнгө болох бөгөөд зохигчдын хооронд уг хөрөнгийн өмчлөлийн талаар тохиолцсон гэрээ хэлцэл байхгүй тул уг газрын өмчлөгчийн өмч гэж үзэхээр байна.

Гэвч уг байшинг барихад хамтын амьдралтай байсан Г.*******ийн эд хөрөнгө хариуцагч М.*******ийн эд хөрөнгөтэй нийлж холилдсон тул Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар уг байшингийн хамтран өмчлөгч нь Г.******* болжээ.

Хожим Г.*******, М.******* нарын хоорондын хамтын амьдрал дуусгавар болсон, тэдний хооронд үүрэг үүсээгүй байх тул уг байшинг барихад оруулсан Г.*******ийн эд хөрөнгө буюу 3.620.000 төгрөгийг М.*******өөс гаргуулан олгуулах нь хуульд нийцнэ.

Хамтын амьдралтай байсан этгээдүүд тус тусын амьдралтай болох үедээ нийлж холилдсон эд хөрөнгөө салгаагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч М.*******ийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх хууль зүйн үндэслэл хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдсон, түүнээс 3.620.000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн шийдэл зөв боловч баримталж шийдвэрлэсэн хуулийн зүйл, заалт нь гэрлэлтийн баталгаа бүхий гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгө гэж үзэж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон байна.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоогоогүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтыг: 1. Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.1-д зааснаар гэснийг 492 дугаар зүйлийн 492.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар гэж өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Хариуцагч М.*******өөс ....Шүүх хэргийг шийдэхдээ миний Г.*******т өгсөн 500.000 төгрөг, дансаар шилжүүлсэн мөнгийг хасаж тооцоогүйд гомдолтой байна. Дээрх мөнгийг хасуулж тооцуулах хүсэлтэй байна. Иймд дээрх байдлыг харгалзан дахин хянаж хасаж тооцож өгнө үү.. гэсэн гомдлыг ханган шийдвэрлэх боломжгүй.

Учир нь: Хариуцагч М.******* нь 500.000 төгрөг хасуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, мөн өөрийн Хаан банканд эзэмшдэг дансны хуулга гаргаж өгсөн боловч хэдийд, ямар зорилгоор шилжүүлсэн аль мөнгийг хасуулахаар хүсэлт гаргаж байгаа нь тодорхойгүй байна.

Зохигчид хамтын амьдралтай байх хугацаандаа бие биедээ шилжүүлж байсан гэх мөнгийг харилцан тохиролцож шийдвэрлэж чадахгүйд хүрвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлүүлэх эрхтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 368 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг:

1. Иргэний хуулийн 127 дүгээр зүйлийн 127.1.1-д зааснаар гэснийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар гэж өөрчлөн, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 73.000 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН

 

Б.ЭРДЭНЭХИШИГ