| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэн-Ишийн Туяа |
| Хэргийн индекс | 166/2020/0085/Э |
| Дугаар | 44 |
| Огноо | 2020-06-10 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., 13.6.1., 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 44
Ж.М-, Э.Х-, Э.Н-
нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Хэргийн индекс: 166/2020/0085/Э
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Амаржаргал, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдаанд:
Прокурор Ц.Цэен-Ойдов
Хохирогч Ж.М-
Хохирогчийн өмгөөлөгч Д.Бурмаа, Б.Батбаяр
Шүүгдэгч Э.Х-, Ж.М-
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, Л.Цуурай
Нарийн бичгийн дарга Г.Чойном нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 95 дугаар шийтгэх тогтоолтой, Э-ийн Х-, Ж-ы М-, Э-ын Н- нарт холбогдох, 1918000000598 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Э.Х-, Ж.М-, шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Цуурай, шүүгдэгч Э.Х-ын өмгөөлөгч Л.Оюунсувд нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ********** регистрийн дугаартай, З- овогт Э-ийн Х-,
Монгол Улсын иргэн, урьд:
1999 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай энгийн 239.2.т зааснаар 3 жилийн хорих ялыг 3 хугацаагаар тэнссэн, ********** регистрийн дугаартай, Х- овогт Ж-ы М-,
Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ********** регистрийн дугаартай, Ш- овогт Э-ын Н-,
Шүүгдэгч Ж.М-, Э.Х- нар бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 07 цагийн орчим Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан баг 14-р цэцэрлэгийн баруун талын автобусны зогсоол дээр иргэн Ж.М-ийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан.
Шүүгдэгч Ж.М-, Э.Х- нар бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг 12-р байрны 28 тоотод байрлах Э.Т-ийн гэрээс иргэн З.Т-ын морин хуурыг нууцаар хууль бусаар авч 320000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Э.Н- нь 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 4-р баг 12-р байрны 28 тоотод байрны иргэн Э.Т-ийн гэрт оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 95 дугаар шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч З- овогт Э-ийн Х-, шүүгдэгч Х- овогт Ж-ы М- нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, бүлэглэж бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Э.Н-ийг бусдын орон байранд бусаар нэвтрэн орох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1.д зааснаар шүүгдэгч Э.Х-ыг 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн өрөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1.т заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ж.М-ыг 2 жилийн хугацаагаар ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1.т зааснаар шүүгдэгч Э.Н-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1.т зааснаар шүүгдэгч Э.Х-, Ж.М- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1.т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1.т заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Э.Х-, Ж.М- нарт оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5.т зааснаар шүүгдэгч Э.Н- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1., 2.т зааснаар шүүгдэгч Э.Х-, Ж.М- нарын цагдан хоригдсон 75 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1.т зааснаар шүүгдэгч Э.Х-, Ж.М- нараас тус бүр 647.285 төгрөг гаргуулан хохирогч Ж.М-эд олгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1., 36.4 дүгээр зүйлийн 2.т тус тус зааснаар хохирогч Ж.М-ийн иргэний нэхэмжпэлээс 3.472.545 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, сэтгэл санааны хохирол болон шүүхээс хэлэлцэгдээгүй 35.627.400 төгрөгийг иргэний журмаар нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,
Шүүгдэгч Э.Х- иргэний нэхэмжлэгч Л.Б-д 50000 төгрөгийг нөхөн төлж барагдуулсныг дурдаж,
Хохирогч Ж.М- нь цаашид гарах эмчилгээний зардпаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гарын мөр, 1 ширхэг СD бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Х-, Ж.М- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Э.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж,
Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Э.Х- давж заалдах гомдолдоо:
Мөрдөн байцаалт болон анхан шатны шүүхэд Ж.М- нь миний 2 талд гарч өшиглөсөн, чулуугаар цохиж зодсон гэж мэдүүлж байгаа боловч шүүх эмнэлгийн дүгнэлтэнд хоёр талаас нь зодсон гэх ямар ч шинж тэмдэг байхгүй, хөхөрч шалбарч, хавдсан ямар нэгэн ил шарх сорви гэх шинж тэмдэг илрээгүй байсан. Ж.М- нь ямар зорилгоор гүтгэж байгааг ойлгохгүй байна, Ж.М- нь бие муутай, ядруухан нэгэн гэдгийг хамт ажиллаж байсан ажлын газрынхан маань ч мэднэ. Бид нараас мөнгө салгах зорилгоор худал ярьж, гүтгэж байна. Хэрэв бид хоёр энэ хүнийг зодсон бол анхнаасаа эрүүл мэндэд нь анхаарал тавьж, эмчилгээ хийлгэх байсан. Гэтэл хилс хэрэг үүрч, хохирлын мөнгийг төлөх болсонд гомдолтой байна. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү, шүүх хуралд биечлэн оролцоно гэжээ.
Шүүгдэгч Ж.М- давж заалдах гомдолдоо:
... Гэмт хэргийг үйлдээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Би татаж байсан тамхиа шидээд эргээд хартал нүүрээрээ газар унахыг таксиний жолооч харсан Э.Х- татаж босгосон. Бид хоёрыг буруутгаж байгаад их гомдолтой байна. Шүүх хуралдаанд биечлэн оролцоно... гэжээ.
Шүүгдэгч Ж.М-, Э.Х- нарын өмгөөлөгч Л.Цуурай давж заалдах гомдолдоо:
... Анхан шатны шүүх зөвхөн хохирогчийн мэдүүлгийг үндэслэж нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хохирогч янз бүрээр мэдүүлдэг бөгөөд мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чаддаггүй учир дангаараа нотлох баримт болохгүй. Энэ бүгдээс Ж.М-, Э.Х- нар нь Ж.М-ийг зодсон гэх нь эргэлзээтэй байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2.д заасныг баримтлан “бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан” гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
Шүүгдэгч Э.Х-ын өмгөөлөгч Л.Оюунсувд давж заалдах гомдолдоо:
Хохирогч Ж.М- мөрдөн байцаалтын шат болон шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараа өгсөн мэдүүлэгтээ ... Ж.М- миний мөр рүү түлхсэн... Э.Х- нь намайг элэгдээд, толгой эргээд доошоо хэвтэхэд чулуугаар цохьсон, том чулуугаар цохисон ... нэг сэртэл Ж. М-, Э. Х- хоёр нүүр рүү өшиглөж байсан ... анх цохиулахад машин зогсож байсан, газар унасны дараа машин нь явсан байсан гэх мэтийн мэдүүлгүүдийг өгсөн байдаг. Хохирогчийн мэдүүлгүүд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрүүтэй, мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заан мэдүүлж чадаагүй байхад анхан шатны шүүх хохирогчийн мэдүүлгүүдийг үндэслэн нэг талыг барьж шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон тогтоол гаргасанд гомдолтой байна.
Хохирогчийн мэдүүлгээр мөрдөн байцаалтын үед хэргийн газар дээрх үзлэгийг 5 метрийн радиусаар хийхэд хүн цохиж гэмтээсэн байх том хэмжээний ямар нэгэн чулуу илрээгүй. Хохиргчийн мэдүүлсэн шиг шүүгдэгч нар ээлжлэн нүүр нүдгүй түүнийг өшиглөөд цохиод байсан юм бол түүний нүүрэнд ямар нэгэн хавдар, ил шарх, хөхрөлт учраагүй байдаг. Тэгээд ч цаг хугацааны хувьд ээлжилж зодоод, ухаан алдуулаад, сэргэхээр нь нүүр нүдгүй дахин дахин ээлжлээд зодоод байсан байх боломжгүй ба энэ тухай энэ хэрэг гэрчийн мэдүүлэг өгсөн Д- тодорхой хэлдэг.
Д-: .... миний машинд сууж явсан 2 залуу машинаас буугаад нөгөө залуутай тэврэлдэж нэлээд дотно найзууд юм уу гэж харагдсан. ... тамхи асаах зуур 2-3 секундийн дараа пэд хийх шиг дуу гарсан. Зодолдоод унав уу гэж бодоод буутал машины ард зогсож байсан Ж.М- залуу засмал зам дээр чанх доошоо нүүрээрээ унасан байсан.... нөгөө 2 залуу байрандаа зогсож байсан. Үнэхээр тэр залуу өөрөө унасан шинжтэй байсан ... гэсэн мэдүүлгээр хохирогчийн өгсөн мэдүүлгүүд үгүйсгэгддэг.
Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт 3 удаа гарсан ч эдгээр дүгнэлтүүд нь эргэлзээтэй, ялангуяа 2020 оны 01-р сарын 05-ны өдрийн 89 тоот дүгнэлтийн 2 дахь заалтанд: Дээрхи гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ... гэсэн атлаа 7-р заалтаараа өмнө гарсан 570 , 997 тоот дүгнэлтүүд үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт хийсэн нь эргэлзээтэй байна. Учир нь 570 ,997 тоот дүгнэлтүүдэд Ж.М-ийн биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл гэж дүгнэсэн байх юм. Зөрүүтэй энэ дүгнэлтийн алийг шүүх барьж хэргийг шийдвэрлэж шийдвэр гаргасан нь ойлгомжгүй байгаа юм.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар Э.Х- нь Ж.М-тай бүлэглэж иргэн Мухамедийг зодсон гэх үйлдэл нь хангалттай нотлогдн тогтоогдоогүй байгаа учраас ЭХШХШТХ- ийн 1.15-р зүйлийн 2-д зааснаар Э.Х-т холбогдох ЭХТА-ийн 11.4-р зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдсон үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Харин Э.Х- нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан гэх үйлдлээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа ухамсарлан ойлгож, хохирол төлбөрөө төлсөн байгаа учраас энэ үйлдэлд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7,1-д заасныг журамлан тэнсэж өгнө үү гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Э.Х-, Ж.М- нарын өмгөөлөгч Л.Цуурай тайлбартаа:
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж дүгнэхдээ хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан. Хохирогч Ж.М-ыг зодсон нь хавтаст хэрэгт бүрэн дүүрэн нотлогдоогүй. Хохирогчийн мэдүүлэг зөрүүтэй. Хохирогчийн хэлж байгаагаар нүүр нүдгүй өшиглөсөн бол ганцхан эрүүнд нь гэмтэл учруулах боломжгүй юм. Шүүгдэгч болон хохирогч нарын хооронд ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй гэдэг нь гэрч нарын мэдүүлгээр нотлогддог. Хэрэг болсон газар чулуу байх боломжгүй гэж гэрч мэдүүлдэг бас нотлох баримтаар хураагдаагүй. Энэ байдлаас үзэхэд хохирогчийн мэдүүлж байгаа мэдүүлэг үнэн зөв эсэх нь эргэлзээтэй. Шүүгдэгч нар хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын шатанд цохиогүй гэдгээ өнөөдрийг хүртэл мэдүүлж байгаа. Шинжээч эмчийн дүгнэлт эргэлзээтэй гэдэг үндэслэлээр дахин шинжилгээ хийлгэх талаар прокурорт удаа дараа гомдол гаргасан боловч хүлээж аваагүй. Миний үйлчлүүлэгч нарт оногдуулсан ял шийтгэл хүндэдсэн. Хохирогчийн мэдүүлэг эргэлзээтэй бол тэдний үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Э.Х-ын өмгөөлөгч Л.Оюунсувд тайлбартаа:
Өмгөөлөгч Л.Цуурайтай санал нэг байна. Хохирогчийн мэдүүлэг зөрүүтэй, хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй байхад анхан шатны шүүх хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт 3 удаа гарсан бөгөөд үндэслэл бүхий гарсан нь эргэлзээтэй. Хохирогч өөрийгөө авч явах чадваргүй байсан нь эмчийн мэдүүлгээр нотлогддог. Хохирогч маргаан юунаас болсон талаар мэдүүлдэггүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хохирогч Ж.М-ыг зодсон үйлдлийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт оногдуулсан ялыг тэнсэж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Э.Х-, Ж.М- нар тайлбартаа:
Тухайн үед Ж.М- өөрөө нүүрээ унасан гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Ж.М-ийн өмгөөлөгч Д.Бурмаа тайлбартаа:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан. Шүүгдэгч нар болон өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй. Анхан шатны шүүх хуралдаанд шинжээч эмч оролцож хангалттай тайлбарыг өгсөн. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэлээд байгаа фото зургийн үзүүлэлт дээр нүүрэнд шалбарсан няцарсан зүйл байхгүй гэдгийг анхан шатны шүүхийн шүүх хурал дээр хангалттай нотолсон. Шүүх гэм буруугаа хүлээхгүй байхад шүүгдэгч нарт хөнгөн ял шийтгэл оногдуулсан. Хохирол төлбөр огт төлөөгүй байгаад гомдолтой байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Ж.М-ийн өмгөөлөгч Б.Батбаяр тайлбартаа:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Ж.М- тайлбартаа:
Шүүгдэгч нар намайг цохьсон нь үнэн. Энэ хүмүүс буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаад үнэхээр гомдолтой байна. Хохирол төлбөр огт төлөөгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Цэен-Ойдов дүгнэлтдээ:
Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэм буруутай үйлдэлд тохирсон ял шийтгэлийг оногдуулсан гэж үзэж байна. Шүүгдэгч нар хохирогчийг зодоогүй гэж мэдүүлдэг ба хохирогч тэр хүмүүсийг зодсон гэж мэдүүлдэг. Хохирогчийн хувьд өмнө ямар нэгэн архаг эмгэг өвчингүй байсан нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогддог. Хохирогч өөрөө унаад тухайн гэмтлийг авах боломжгүй юм. Чулуугаар цохьсон гэж хохирогч мэдүүлдэг ба тухайн чулууг олж тогтоох боломжгүй байсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Э.Х-, Ж.М-, тэдний өмгөөлөгч Л.Цуурай, Л.Оюунсувд нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд заасныг баримтлан хэргийн бүх үйл ажиллагааг болон шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянаж үзвэл:
Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч Ж.М-, Э.Х- нарыг бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 07 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан баг, 14-р цэцэрлэгийн баруун талын автобусны буудал дээр иргэн Ж.М-ийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1.д заасан гэмт хэрэгт., мөн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг 12-р байрны 28 тоот Э.Т-ийн гэрээс иргэн З.Т-ын морин хуурыг хулгайлж 320.000 төгрөгийн хохирол учруулсан, гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1.д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.д заасан гэмт хэрэгт.,
Шүүгдэгч Э.Н-ийг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 4-р баг 12-р байрны 28 тоот иргэн Э.Т-ийн гэрт түүний оршин зөвшөөрөлгүйгээр орж хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1.т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүх тэднийг дээрх гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцож, шүүгдэгч Э.Н-т торгох ял, шүүгдэгч Ж.М-, Э.Х- нарт хорих ял оногдуулжээ.
1./ Хэргээс үзвэл шүүгдэгч Ж.М-, Э.Х- нар 2019 оны 07 дугаар сарын 02-ны өглөөний 07 цагийн орчим Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан баг 14-р цэцэрлэгийн баруун талын автобусны зогсоол дээр иргэн Ж.М-тэй уулзаж таксинаас бууж ирэхэд нь шалтаг шалтгаангүйгээр зодож түүний биед эрүүний ооч болон хоёр талын үений сэртэн дайрсан зөрөөтэй хугарал, эрүүний хоёр талын үений мултрал, хоншоор ясны хугарал, дээд үүдэн голын дөрвөн шүдний хоншоор ясны түүшингийн хугарал, үүдэн таван шүдний булгарал, хамрын далд ясны хугарал, уруулд няцарсан шарх, тархи доргилт, эрүүнд няцарсан шарх гэмтэл учруулсан үйл баримт болсон байна.
Энэ нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч Ж.М-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн үед өгсөн ...2019 оны 07 сарын 02-ны өглөө би 07 цагийн үед Шарын гол сумаас Улаанбаатар хот руу явах гээд автобусны буудал дээр зогсож байгаад хамт ажилладаг Э.Х-, Ж.М- нартай таарч уулзсан., энэ үед Ж.М- шууд миний баруун мөр рүү түлхэж Э.Х- миний гэдэс рүү цохисон.., тэгээд би доошоо тонгойж дугарч чадахгүй та хоёр яаж байна гэхэд Э.Х- гартаа чулуу бариад миний эрүүний орчим маш чанга нэг удаа цохисон., Энэ үед би ухаан балартаад унасан., нэг сэргээд хартал тэд миний нүүр рүү өшиглөж зодсон.., гэсэн мэдүүлэг.,
Гэрч Л.Д-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Автобусны буудлын саравчин доор 1 залуу сууж байсан ба миний машинд сууж явсан 2 залуу бууж очоод тэр залуутай гар хөл бариад тэр залуугийн ачаа болох цагаан шуудайтай эд зүйл цүнхтэй зүйл зэргийг нь авч миний машины багаажинд хийсэн. Намайг машиныхаа голын толинд харахад тэр 2 залуу замын хашлаган дээр зогсож байсан ба нөгөө залуу нь машины ард байсан. Би тамхи асаах зуур түг хийх чимээ гарахаар нь машинаасаа буугаад та хоёр хүн зодоод байгаа юм уу гэхэд тэр 2 залуу ...ахаа бид хоёр ерөөсөө гар хүрээгүй шүү., энэ өөрөө уначихлаа .,гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг., /1-р хх 36-37р хуудас /,
Гэрч А.Т-ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Б- гэдэг хүнээс 10-р байрны гадна хүнд зодуулж, цус алдсан хүн байна гэсэн дуудлагын дагуу жолоочийнхоо хамт яваад очиход Ж.М- гэдэг хүн хамраас нь цус гарч хагас суусан байдалтай байсан., очоод юм асуухад хариулах чадваргүй согтуу байсан ба Б-гаас хүнээс юу болсон талаар асуухад хоёр хүн зодсон, тэр хоёр хүний машин нь цагдаагийн журмын хашаанд байгаа гэсэн гэхээр нь та харсан юм уу гэхэд би хараагүй энэ залуу өөрөө надад тэгж хэлсэн гэсэн ., мэдүүлэг /1-р хх 40-р хуудас/,
Гэрч И.С-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Б-, М- хоёр надад хэлэхдээ бид 2 маргааш өглөө эрт хот руу явна гэж хэлж байсан бөгөөд би өглөө 07 цагт нийтийн автобус явдаг харин хувь хүмүус 06 цагт явдаг талаар хэлсэн. Тэгээд нөгөө 2 залуу манайд хэсэг юм ярьж сууж байгаад газраар унтаад өгсөн., бөгөөд маргааш өглөө нь эрт гараад явсан байна лээ Би гэртээ унтаад үлдсэн гэсэн мэдүүлэг., /1-р хх 52-р хуудас /,
-Гэрч Б.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...2019 оны 07 сарын 02-ны өглөө би хамт ажилладаг Ж.М-ийг хот руу гаргаж өгөхөөр Шарын гол сумын автобусны буудал хүргэж өгөөд тэндээ танил С-гийн гэрт гэрт буцаж очсон. Гэтэл удалгүй гаднаас Ж.М- орж ирсэн ба хамар, амнаас нь цус гарсан байдалтай байсан. Энэ үед юу болсон талаар өөрөөс нь асуухад намайг автобусны буудал дээр Э.Х-, Ж.М- нар зодчихлоо гэж хэлэхээр нь би түүнийг эмнэлэг дуудаж өгч явуулсан гэсэн мэдүүлэг., /1-р хх 34-р хуудас/,
-Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын сарын 04-ний өдрийн 570 дугаартай :
Ж.М-ийн биед доод эрүүний гурвалсан хугарал, доод эрүүний 2 талын үений мултрал, дээд эрүүний зүүн талын ба хамар яс, гайморын урд болон ар хана, дээд үүдэн шүдний сэртэнгийн хугарал, тархи доргилт, доод уруул, доод эрүүний шархнууд тогтоогдлоо., Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой., Энэ гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно., хохирогчийн биед илэрсэн гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөхийг одоогоор тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт., /1-р х.хийн 55-56-р хуудас /
-Шинжээч эмч Д.Туяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн :
.. Би 2019 оны 07 сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасгийн өвчний түүх, ГССҮТ-ийн толгойн КТГ-н тэмдэглэл, Улсын 1-р төвийн эмнэлгийн толгойн КТГ-н тэмдэглэл болон Ж.М-ийг өөрийн биеэр үзэж гэмтлийн зэргийг тогтоож 570 дугаартай дүгнэлт гаргасан.
Энэ дүгнэлтэд тусгагдсан нүүрний болон олон ясны хугарал гэмтэл нь газар унахад үүсэх боломжгүй, хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтэл., Тухайлбал чулуу, тоосго зэрэг хатуу мохоо зүйлээр цохиулах үед үүсэх боломжтой... гэсэн мэдүүлэг., /1-р хх 53-р хуудас /,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 997 дугаартай :
1.Ж.М-ийн биед эрүүний ооч болон хоёр талын үений сэртэн дайрсан зөрөөтэй ил хугарал, эрүүний хоёр талын үений мултрал, хоншоор ясны хугарал, үүдэн дээд баруун, зүүн дээд тус тус 1,2-р шүднүүдийн хоншоор ясны түүшингийн хугарал, үүдэн таван шүдний булгарал, хамрын далд ясны хугарал, уруул, тархи доргилт, эрүүнд няцарсан шарх гэмтлүүд тогтоогдлоо., энэ гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ., .дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой., энэ нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
Таван шүдний булгарал нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөр чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.11.52.3-д ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 15 хувь алдуулна., 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 570 дугаар дүгнэлт үндэслэлтэй байна., гэсэн дүгнэлт /1-р хх 66-68-х хуудас /,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 89 дугаартай:
1.Ж.М-ийн биед эрүүний ооч болон хоёр талын үений сэртэн дайрсан зөрөөтэй хугарал, эрүүний хоёр талын үений мултрал, хоншоор ясны хугарал, дээд үүдэн голын дөрвөн шүдний хоншоор ясны түүшингийн хугарал, үүдэн таван шүдний булгарал, хамрын далд ясны хугарал, уруулд няцарсан шарх, тархи доргилт, эрүүнд няцарсан шарх гэмтлүүд учирчээ.
2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4.Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5.Ж.Ж.М-ийн биед учирсан таван шүдний булгарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.11.52.3-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 15 хувь алдагдуулна.
6. Хохирогч хазах, зажлах үйл ажиллагаа нь дунд зэргээр алдагдсан байна., Энэ нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.11.49.2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 15 хувь алдагдуулна.
7.Өмнө гаргасан 2019 сарын 07 сарын 04-ний өдрийн 570., 2019 оны 08 сары 2019 оны 08 сарын 02-ны өдрийн 957 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдлээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл., / 1-р х.хийн 2., 5 –р хуудас / мэдлүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл., /х.хийн 1-р х.хийн 11-17-р хуудас / Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн компьютерт томографикийн дүгнэлт ., / х.хийн 74-79-р хуудас / гэрэл зургийн үзүүлэлтүүд болон тухайн үйл баримт болсон гэх цаг хугацаа, хэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед тогтоогдсон хэргийн нөхцөл байдал зэргээр нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч нарын үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, анхан шатны шүүх гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, хохирлыг зөв тооцож, гэмт хэргийн шинж, байдал, хор уршгийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулсан нь тэдний гэм бурууд тохирчээ.
Шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болсон эдгээр нотлох баримтыг үгүйсгэж давж заалдах гомдол гаргаж байгаа боловч түүний гомдолд дурдсан үндэслэл нь дээрх нотлох баримтаар., тухайн үйл баримт болсон цаг хугацаагаар., мөн хэргийн нөхцөл байдлаар үгүйсгэгдэж байгаа, түүнчлэн түүний мэдүүлэг, тайлбарыг нотлох эсхүл өөр хүн хохирогчийг зодсон гэж үзэх эсхүл хохирогч өөрөө унаад гэмтэл авсан гэж үзэх нотлох баримт байхгүй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтыг болон улсын яллагчийн дүгнэлтийг няцаах үндэслэл, үйл баримт, нөхцөл байдал тогтоогдохгүй байгаагаас гадна шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
2./ Шүүгдэгч .Ж.М-, Э.Х- нар бүлэглэн хохирогч Э.Т-ийн гэрээс иргэн З.Т-ын морин хуурийг хулгайлан авсан нь тогтоогдсон., тэдний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв боловч энэ хэргийн талаар шүүгдэгч нар үнэн зөв хүлээн мэдүүлж, гэмшиж байгаа., эд зүйлийг тухайн үед буцаан өгсөн, хохирогч гомдол саналгүй гэсэн болон учруулсан хохирлын хэмжээ зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан ял болох нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж ялыг тус, тусд эдлүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.
3./ Шүүгдэгч Э.Н-ийг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 4-р баг 12-р байрны 28 тоот иргэн Э.Т-ийн гэрт оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр нэвтрэн орж хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, оногдуулсан ял тохирсон байна.
Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж., шүүгдэгч Э.Х-, Ж.М- нарын гаргасан “бид хохирогчийг зодоогүй., тэр өөрөө унасан., үнэн зөвийг олж өгнө үү” гэсэн., мөн тэдний өмгөөлөгч Л.Цуурай, Л.Оюунсувд нарын гаргасан “шүүгдэгч нар Ж.М-ийг зодоогүй., нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа тул тэднийг цагаатгаж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 95 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 ., 3., 4 дугаар заалтыг:
- Шүүгдэгч Ж.М-, Э.Х- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1.д зааснаар тус тус 2 жил хорих ял., Эрүүгийн хуулийн өрөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1.т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.т зааснаар тус тус 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар., шүүгдэгч Э.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1.т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй гэж.,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2.т заасныг баримтлан шүүгдэгч Ж.М-, Э.Х- нарт оногдуулсан 2 жил хорих ял, мөн 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусд нь эдлүүлсүгэй гэж.,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Э.Х-, Ж.М- нарт тус бүрт нь оногдуулсан 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй гэж тус тус өөрчлөн, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
3.Шүүгдэгч Э.Х-, Ж.Мөнхбар нарын болон тэдний өмгөөлөгч Л.Цуурай, Л.Оюунсувд нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
4.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР
ШҮҮГЧИД Ц.АМАРЖАРГАЛ
Ц.ТУЯА