Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2022/01115

 

 

“М” ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 142/ШШ2020/01148 дугаар шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 126 дугаар магадлалтай,

“М” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Н.Д-д холбогдох,

Даатгалын баталгааны үнэ 4,714,060 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Нямцэрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн, хариуцагч Н.Д, түүний өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Д нь манай дүү БНПУ-руу ажлын гэрээгээр явах гэж байгаа бөгөөд хамт 40 хүн явах тул бүгдийг нь танайд амь даатгалд хамруулъя гэсний дагуу манай байгууллагаас 40 ширхэг гэрээт баталгааг өгсөн. Гэтэл нөгөө даатгуулагчдаас 270,000 төгрөгөөр бодож илүү мөнгө аваад, манай компанид мөнгө дутуу тушааж байгууллага харилцагч хоёрын дунд маргаан үүсгээд байна. Иймд 40 ширхэг баталгаанаас 2,326,000 төгрөгний тооцоог хийгээд 17 хүний 4,440,000 төгрөг төлж М ХК-ыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч М ХК нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэхдээ: Н.Д нь 2019 оны 10-дын үеэр дүү н.Г нь Польш улс руу 40 хүнтэй хамт явах гэж байгаа тул танайхаар даатгал хийлгэе гэсэн хүсэлт тавьсныг нь даатгалын төлөөлөгч, мэргэшсэн ажилтан гэдгээр нь итгэж 40 ширхэг гадаадад зорчигчийн даатгалыг гэрээний үнэт цаасыг түүнд олгосон. Энэ гэрээ нь 100 ам долларын даатгалын хураамж бүхий үнэт цаас юм. Нийт 40 гэрээний хураамжийн дүн /40*272 360/ 10,894,400 төгрөг болно. Н.Д энэ даатгалыг манай зуучлагчаар хийснээр 15 хувийн урамшуулал авахаар тохирсон. Гэтэл 40 гэрээнээс 15 нь буцаж ирсэн ба 25 нь ирээгүй. Буцаж ирээгүй 25 гэрээний /25*272 360/ даатгалын хураамжийн дүн 6,809,000 төгрөг болно. Н.Д нь манайд 2 удаа нийтдээ 1,846,000 төгрөг төлсөн ба үүний 15 хувийн урамшуулал нь 276 900 төгрөг болно. Үүнээс хуульд зааснаар хувь хүний орлогын албан татвар 10 хувь болох 27,690 төгрөгийг суутгаж түүнд 248,940 төгрөг олгох ёстой тул энэ дүнг тооцвол /1 846 000+248 940/ Н.Д манайтай 2,094,940 төгрөгийн тооцоо хийсэн хэрэг. Эдгээрийн тооцож үзэхэд Н.Дгийн үлдэгдэл тооцоо /6 809 000-2 094 940/ 4,714,060 төгрөг болно. Өмнө нэхэмжилсэн дүн 4,440,000 төгрөгийг хасвал манайх 274,060 төгрөгийг дутуу нэхэмжилсэн байх тул энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагаа 274,060 төгрөгөөр нэмэгдүүлж байна /УТХ 8872/ гэжээ.

Хариуцагч Н.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би энэ 40 хүний амь даатгалд хамруулсан эсэхийг мэдэхгүй, миний таньдаг эмэгтэй Б.Мөнхдэлгэрийн төрсөн дүү Ж.Г нь Польш улс руу ажлын гэрээгээр хүмүүс авч явна чи Маас амь даатгалын гэрээ хийхэд зуучлаад өгөөч гээд байхаар нь тус даатгалын компаний менежер Н.Энхтунгалагт хэлээд 40 ширхэг баталгаа өгч явуулсан байдаг юм. Би энэ даатгалын баталгааны дундаас нэг ч төгрөг авч хэрэглээгүй бөгөөд Улаанбаатар хот руу явуулсан 40 ширхэг баталгааны хуудсыг ганцаараа өгч явуулаагүй, даатгалын компаний менежер Н.Энхтунгалаг ч хамт скочирдож өгч явуулж байсан шүү дээ. Би энэ компанид ажилладаггүй бөгөөд хэрвээ ямар нэгэн эрсдэл үүсэхийг Н.Энхтунгалаг сайн мэдэж хариуцах ёстой. Тиймээс одоо Маас Н.Энхтунгалагийн цалингаас тус мөнгийг суутгаж байгаа байх бөгөөд давхар надаас нэхэмжлэх ёсгүй. Мөн Н.Энхтунгалаг нь Улаанбаатар хот руу дээрх амь даатгалын баталгааг Ж.Г гэдэг хүнрүү явуулснаа сайн мэдэж байгаа тул Ж.Гийн ээж Б.Отгонбаяр болон түүний эгч Б.Мөнхдэлгэрийн эзэмшлийн газрыг өөрийн эзэмшилд шилжүүлж авахаар тохиролцож байгаа учраас энэ нэхэмжлээд байгаа 4,440,000 төгрөгийг би хариуцахгүй. М ХК-ын менежер Н.Энхтунгалаг нь компанидаа учруулсан хохирлоо өөрийн цалингаас суутгуулж байгаа юм чинь Б.Мөнхдэлгэрээс газрыг нь өөрийн эзэмшилд авах талаараа хэлсэн гэсэн тиймээс нэхэмжлэгч шаардлагаасаа татгалзах тухай надад ярьсан. Иймд тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Д нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад гаргасан нэмэлт хариу тайлбартаа: Нэхэмжлэлд дурьдсан 4,440,000 төгрөг гээд байгаа мөнгийг би хариуцахгүй, би жинхэнэ хариуцагч биш. М компаний захирал Ш.Маас 40 ширхэг гэрээт баталгааны хуудсыг би гардаж аваагүй. Гэтэл энэ нэхэмжлэлд намайг авсан мэтээр бичсэн байна, Ш.М нь менежер Н.Энхтунгалагт өгсөн. Тус гэрээт даатгалын хуудсыг Н.Энхтунгалаг эх загварыг нь өөрийн гараар бичээд надаас даатгалын гэрээ хийхэд зуучлаад өгөөч гэээд гуйсан Б.Мөнхдэлгэрийн дүү Ж.Гийн РС хаягруу шилжүүлсэн байдаг. Мөн миний РС хаяг руу Ж.Г надруу ингээд шилжүүлсэн гээд явууулсан баримт нь байгаа болно. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 40 ширхэг гэрээт баталгааг тэр даатгуулагч нараас 270,000 төгрөгөөр бодож илүү мөнгө авсан гэснийг би огт мэдэхгүй. Харин энэ талаар анх зааврыг нь бичиж өгсөн Н.Энхтунгалаг сайн мэдэж байгаа байх. Хэдэн төгрөгөөр хэрхэн тооцоо хийх талаар Н.Энхтунгалаг нь Ш.Мтай ярьж тохиролцсоны үндсэн дээр Ж.Г руу Улаанбаатар хот руу таксигаар явуулсан. Харин тэр гэрээт баталгааны хуудаснуудыг надад гардуулж өгөөгүй, Н.Энхтунгалаг өөрийн гараар скочирдоод Ж.Г руу шилжүүлэхэд нь би хамт байсан нь үнэн. Мөн нэхэмжлэгч Ш.М нь 40 ширхэг гэрээт баталгааг өөрийн компаны менежер Н.Энхтунгалагт өгсөн болохоос надад гардуулж өгөөгүй байх тул хариуцагчаар Н.Энхтунгалагийг татах нь хууль зүйн үндэслэлтэй юм. Би энэ компаны гэрээт баталгааны хуудсыг би дур мэдэн бусдад өгч зааварчилгаа өгөх эрхтэй субьект биш учраас менежер Н.Энхтунгалаг энэ талын эрсдлийг хариуцаж шилжүүлсэн болов уу гэж бодож байна. Тиймээс Ш.М нь тус гэрээт баталгааг Н.Энхтунгалагт өгсөн байх. Иймд нэхэмжлжлийн шаардлагад дурьдсан 4,440,000 төгрөгийг хариуцах жинхэнэ хариуцагч биш байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

2. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 142/ШШ2020/01148 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 400 дугаар зүйлийн 400.3-д заасныг баримтлан хариуцагч Н.Дгээс 4,714,060 төгрөг гаргуулан “М” ХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90,375 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Н.Дгээс 90,375 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “М” ХК-д олгож шийдвэрлэжээ.

3. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 126 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 142/ШШ2020/01148 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч Н.Дгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90,375 төгрөгийг буцаан олгож шийдвэрлэсэн байна

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “М” ХК-ийн нэхэмжлэлтэй иргэн Н.Дд хариуцагдах даалгаврын гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,714,060 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг шийдвэрлэсэн Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.09.21-ний 142/ШШ2020/01148 тоот шийдвэртэй иргэний хэргийг хариуцагчийн гомдлоор хянаад гаргасан Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.10-ны 126 тоот магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүхийн хувьд шүүх байнга хэрэглэж байдаг, мэтгэлцээний хуульчдад ойлголт, хэрэглээ нь тогтворжсон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн тодорхой заалтыг илтэд мэргэжлийн бус шинжтэй тайлбарлан хэрэглэж үндэслэлгүй шийдвэр гаргасан нь харамсалтай байна. Үүнд:

4.1. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт хариуцагч Н.Дгийн 2020.06.25-нд “Мын захирал Ш.М, нягтлан бодогч Г.Мөнхзаяа нараас 40 ширхэг даатгалын баталгаа аваад Улаанбаатар хот руу Ж.Г, Элдэв-Очир нарт явуулж даатгалын мөнгө 2,360,000 төгрөгийг Г.Мөнхзаяад тушаасан” гэж шүүхэд нэхэмжлэл гарахаас өмнө иргэний эрх зүйн харилцаанд орж үүрэг хүлээж, үүргийн зарим хэсгийг биелүүлснээ илэрхийлсэн бичгийг нотлох баримтаар заасан. Тэрээр мөн 2020.08.17-нд шүүхэд тайлбар гаргахдаа “Таньдаг эмэгтэй Б.Мөнхдэлгэрийн дүү Ж.Г Польш улс руу гэрээгээр хүмүүс авч явна, Маас амь даатгалын гэрээ зуучлаад өгөөч гэхээр нь Н.Энхтунгалагт хэлээд 40 ширхэг гэрээт баталгаа өгч явуулсан” гэж бичгээр тайлбар өгснийг үнэлсэн. Н.Д нь “М” ХК-ийн салбарт 1,846,000 төгрөгийг дээрх гэрээт баталгааны үнэд тушаасан нь баримтаар хэрэгт авагдсан ба шүүх энэ баримтыг үнэлсэн. Н.Дгийн авсан 40 ширхэг стандарт гэрээ, гэрээ байгуулж даатгалын хураамжийг Мд төлснийг батлах 3% үйлдэгддэг хураамжийн тооцооны хуудсаас Г.Гэрэлтуяа, М.Энхбат, Ж.Г гэсэн 3 гэрээ хуудас бичигдсэн ч ашиглагдаагүй ирсэн, 12 гэрээ баталгааг “М” ХК-ийн салбар сураглаж олж авсан тул Н.Дтэй тооцох зүйл байхгүй гэдгийг баримтаар баталсан, үлдэгдэл 25 гэрээ, баталгааны үүрэг Н.Дтэй тооцогдоно гэдэг дээр талууд маргасан зүйл байхгүй. Нягтлан бодогч Г.Мөнхзаяа шүүх хуралдаанд оролцож энэ талаар мэдүүлэг өгсөн нь шүүх хурлын тэмдэглэлд авагдсан. Анхан шатны шүүх эдгээр нотлох баримтыг шийдвэрийнхээ үндэслэл болгосон, хариуцагч энэ үндэслэлийг няцаасан нотлох баримт гаргаагүй байхад яахаараа шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх заалтыг зөрчсөн болдог болох нь тун сонин байна.

4.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Н.Д хариуцагчийн төлөөлөгч буюу хэргийн зохигч Н.Энхтунгалагийг хариуцагчаар оролцуулъя гэснийг шүүгчийн 2020.08.26-ны захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгч нь иргэний хэрэг үүсгэгчийн хувьд хариуцагчийг өөрөө тодорхойлох, талууд маргааны агуулгыг өөрөө тодорхойлох диспозитив зарчимтай тул хэрэгт хамтран оролцохыг хүсээгүй этгээдийг хүчлэн оролцуулах боломжгүй байдаг. Хариуцагч, түүний өмгөөлөгч, шүүх бүрэлдэхүүн ойлгохгүй байгаа бололтой тул хуулийн зохицуулалтыг товч дурдъя. Нэхэмжлэгч нь жинхэнэ нэхэмжлэл гаргах этгээд биш, хариуцагч нь жинхэнэ хариуцах этгээд болох нь нотлох баримтаар тогтоогдож байвал нэхэмжлэгч, хариуцагчийг солих журам ИХШХТХуулийн 28 дугаар зүйлээр зохицуулагдана. Иргэний хэрэгт хэд хэдэн этгээд оролцох явдал буюу давж заалдах шатны шүүхийн буруу ойлгосон 27 дугаар зүйлийн хамтран нэхэмжлэгч, хамтран хариуцагч байх үндэслэл нь Иргэний хуулийн 241 дүгээр зүйл “хамтран үүрэг гүйцэтгүүлэгч”, 242 дугаар зүйл “хамтран үүрэг гүйцэтгэгч” байх явдал юм. Н.Энхтунгалаг “М” ХК-ийн салбарын менежер ажилтай ба ажил үүргийн хувьд даатгалын үйлчилгээгээ явуулах зорилгоор Н.Дтэй харилцсанаас биш Мын өмнө хамтран үүрэг хүлээгээгүй. “М” ХК буюу Н.Энхтунгалагтай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулж байгаа ажил олгогч нь түүнийг хариуцлага алдсан гэж үзэж сахилгын шийтгэл хүлээлгэж, харилцагчийг хохироохгүй байх, компанийн нэр хүндийг хамгаалах үүднээс Н.Дд итгэж өгөөд алдсан 25 гэрээ, баталгааны талаар эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан явдал нь Н.Дтэй хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх үндэслэл болохгүй. Харин хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох сөрөг шаардлага гаргаж нэг хэргийн хүрээнд шийдвэрлүүлэх боломжтой гэж үзвэл сөрөг нэхэмжлэл гаргаж болдог. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд талуудын эрхийг шүүx, хуулийн өмнө тэгш хангах зарчим бөгөөд хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т хариуцагчийн үндсэн эрх болгон зохицуулсан. Ийм учраас Н.Д энэ хэрэгт “М” ХК-ийн салбарт холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргаж болох бөгөөд ИХШХШТХуулийн 35 дугаар зүйл, 36 дугаар зүйлийн 36.1-36.3-д заасан хуулийн этгээд, түүний төлөөлөгчийн эрхийг хязгаарлах боломжгүй юм. Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгчийг хариуцагчаар татах ёстой гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт ор үндэсгүй зүйл болно.

4.3. Давж заалдах шатны шүүхийн нотлох баримтын талаар хийсэн дүгнэлт, анхан шатны шүүх ИХШХШТХуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтыг зөрчсөн гэсэн нь бас ор үндэсгүй мэргэжлийн бус байна.

Талуудын гаргасан нотлох баримт бүгд хоорондоо зөрүүгүй таарч байхыг шаардахгүй бөгөөд шүүх харин шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг шийдвэртээ заах ёстой ба ийнхүү заасныг гомдлын эхэнд дурдсан. Хариуцагч Н.Д нь энэ хэрэгт тайлбар, хүсэлт, Батчимэгтэй утсаар ярьсан ярианы бичлэгээс өөр нэхэмжлэлийг няцаах нотлох баримт гаргаагүй. Хариуцагч Н.Д нь Н.Энхтунгалагийг дагуулж явж эзгүй хээр газар үзүүлэн, түүнийг тооцооны үлдэгдэлд шилжүүлж Мын өмнө хүлээсэн үүргээс чөлөөлөгдөх үйлдлийг хийснийг хамт явсан Н.Энхтунгалаг бичлэг болгон авч шүүхэд дуу дүрсний бичлэг, тайлал тэмдэглэлтэй өгсөн нь хууль бусаар цуглуулсан нотлох баримт биш. Хариуцагч Н.Д ч өөрөө Батчимэг гэгчтэй ярилцсан бичлэг өгсөн. Нэхэмжлэл гарч иргэний хэрэг үүссэний дараа хариуцагч санаачлан талууд хоорондоо үүргийн гүйцэтгэлийн талаар ярилцсан, санал тавьсан байдлыг баримтжуулсан бичлэг бол ИХШХТХуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан нотлох баримт мөн. Давж заалдах шатны шүүхийн нотлох баримтыг хуулийн дагуу цуглуулаагүй гэсэн дүгнэлт үндэслэлгүй ба угаасаа анхан шатны шүүх энэ бичлэгийг шийдвэрийнхээ үндэслэл болгоогүй. Хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг зөв үнэлсэн хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан анхан шатны шүүхийн 01148 тоот шийдвэрийг ИХШХТХуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-д заасан хүчингүй болгох ямар ч үндэслэл байхгүй байхад давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгосон нь хэтэрхий хариуцлагагүй явдал гэж дүгнэж байна.

Иймд хэргийг хянан үзэж Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.10-ны 126 тоот магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “М” ХК нь хариуцагч Н.Дд холбогдуулан 4,714,060 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна. 

6. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 400 дүгээр зүйлийн 400.3-д заасныг баримтлан хариуцагч Н.Дгээс 4,714,060 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “М” ХК-д олгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.  

7. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүх маргаанд хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

8. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...Н.Д нь 2019 оны 10 дугаар сарын үед “...дүү н.Г нь Польш улс руу 40 хүнтэй хамт явах гэж байгаа тул танайхаар даатгал хийлгэе” гэсэн хүсэлт тавьсны дагуу түүнд итгэж, 40 ширхэг гадаадад зорчигчийн даатгалын гэрээт баталгааг олгосон, үүнээс 15 баталгаа буцсан, ...үлдэх 25 гэрээний даатгалын хураамжийн дүн 6,809,000 төгрөг болно, үүнээс хариуцагч 1,846,000 төгрөг төлсөн, одоо үлдэгдэл төлбөрийн 4,714,060 төгрөгийг нэхэмжилнэ гэж маргажээ.

Хариуцагч Н.Дгээс ...би хэргийн хариуцагч биш. ...нэхэмжлэгч Ш.М нь 40 ширхэг гэрээт баталгааг өөрийн компанийн менежер Н.Энхтунгалагт өгсөн, надад гардуулж өгөөгүй. ...би даатгалын компанийн гэрээт баталгааны хуудсыг дур мэдэн бусдад өгч, зааварчилгаа өгөх эрхтэй субьект биш, энэ асуудлыг менежер Н.Энхтунгалаг хариуцна гэж бодож байна... гэсэн тайлбарыг гаргасан байна.

9. Анхан шатны шүүх талуудын хооронд даалгаврын гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д заасанд нийцжээ.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан, зохигчийн тайлбар, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга гэх баримтууд болон бусад баримтаас үзэхэд, шүүхийн  ...хариуцагч Н.Д нь 2019.12.18-ны өдөр “М” ХК-иас гадаадад зорчигчдын гэнэтийн ослын 850059051-850059090 дугаартай 40 ширхэг даатгалын гэрээт баталгааг Польш улс руу явах хүмүүстэй гэрээ хийж, даатгалын хураамжийг эргэж төлөхөөр тохиролцон хүлээж авсанаас 15 ширхэгийг буцааж, үлдэх 25 ширхэг даатгалын гэрээт баталгааны үнийг төлөх үүрэгтэй гэсэн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчөөгүй гэж үзлээ.  

Хариуцагчаас ...нэхэмжлэгч Ш.М 40 ширхэг гэрээт баталгааг өөрийн компанийн менежер Н.Энхтунгалагт өгсөн, надад гардуулж өгөөгүй, ...төлбөрийг хариуцах үндэслэлгүй гэж маргах боловч тэрээр 2020.06.25-ны өдөр “М” ХК-д хандаж “...Миний бие Н.Д нь 2019 оны 12 сард Мын салбарт захирал Ш.М, нягтлан бодогч Г.Мөнхзаяа нараас 40 ширхэг даатгалын баталгаа авч, Улаанбаатар хот руу Ж.Г, н.Элдэв-Очир нарт явуулж, даатгалын мөнгө 2,360,000 төгрөгийг нягтлан бодогч Б.Мөнхзаяад тушаасан нь үнэн болно” гэсэн баримт үйлдсэн байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг баримтыг няцааж, нотлох баримтаар үгүйсгэж маргаагүй байна.

10. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үнэлж, ...хариуцагч нь нэхэмжлэгч “М” ХК-нд 25 ширхэг даатгалын баталгааны үнэ 6,809,000 төгрөг төлөхөөс 1,846,000 төгрөг тушаасныг хасч тооцоход хариуцагч төлбөрт 4,963,000 төгрөг төлөх ёстой, үүнээс түүнд олгох урамшуулалын 248,940 төгрөгийг хасч, хариуцагчаас нийт гэрээний төлбөрт 4,714,060 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний уулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 400 дугаар зүйлийн 400.3-д заасанд нийцжээ.

Харин, давж заалдах шатны шүүх ... анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, зохигчийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд зөрүүтэй, эргэлзээтэй, хуулийн дагуу цуглуулаагүй байхад хэргийг шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасанд нийцээгүй, энэ үндэслэлээр магадлалыг хүчингүй болгоно.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 126 дугаар магадлалыг хүчингүй болгож, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 142/ШШ2020/01148 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.12.24-ний өдөр төлсөн 90,375 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Х.ЭРДЭНЭСУВД

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                   Г.АЛТАНЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                                       П.ЗОЛЗАЯА

Б.МӨНХТУЯА

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ