Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 266

 

М.Ар-, Б.Да- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буянэмэх, шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Цэвээн, Д.Энхтунгалаг, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 17 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 303 дугаар магадлалтай 201601000192 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч М.Ар-ын өмгөөлөгч Н.Цэвээн, шүүгдэгч Б.Да-гийн өмгөөлөгч Д.Энхтунгалаг нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1981 онд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгүүлж байгаагүй М.Ар-,

2. Монгол Улсын иргэн, 1991 онд төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгүүлж байгаагүй Б.Да-.

Шүүгдэгч М.Ар- нь гэмт хэрэг үйлдэхийг санаачлан, зохион байгуулж, Б.Да-тэй урьдчилан үгсэн тохиролцсоны дагуу Б.Да- БНХАУ руу зорчиж сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламж бүхий  72.8 грамм жинтэй, “мөс” гэх нэршилтэй бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, улмаар 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Чингис Хаан Олон Улсын Нисэх онгоцны буудлын Хилийн шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх М.Ар-ыг сэтгэцэд нөлөөлөх “мөс” гэх 72.8 грамм бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт бусдыг санаатай татаж оруулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж гэмт хэргийн хатгагчаар оролцсон гэм буруутайд, Б.Да-г “мөс” гэх 72.8 грамм бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч М.Ар-т 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  4 жил хорих ял, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял, шүүгдэгч Б.Да-д 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял тус тус шийтгэж,

шүүгдэгч М.Ар-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жил хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 7 жилийн хугацаагаар, шүүгдэгч Б.Да-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Ар-ын өмгөөлөгч Н.Цэвээн, шүүгдэгч Б.Да-гийн өмгөөлөгч Д.Энхтунгалаг нарын гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Да-гийн өмгөөлөгч Д.Энхтунгалаг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглэсэнгүй гэж үзэж байна. Шүүх Б.Да-г сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэж ял халдаасан нь үндэслэлгүй бөгөөд уг үйлдэл нь хөтөлбөргүй тогтоогдоогүй, хэрэгт авагдсан баримтаар Б.Да- нь Монгол улсын хил гаалиар зөрчил гаргаж нэвтэрсэн баримт авагдаагүй байдаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Да-гийн мөрдөн байцаалтын явцад өгч байсан мэдүүлэг нь түүнийг яллах үндэслэл болохгүй. Б.Да-гийн биед хийсэн үзлэгээр 72.8 грамм мөс хэмээх сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн бөгөөд уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэх боломжтой.

Өөрөөр хэлбэл сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэж үзэх боломжтой юм. Учир нь хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар Б.Да- нь сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан борлуулах үйлдэл хийж байсан талаарх нотлох баримт байдаггүй байхад уг бодисыг худалдан борлуулах зорилгоор хэмээн ял халдаасан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн хэмээн үзэж байна. Иймд Б.Да-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үйлдлийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутай гэснийг мөн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зөвтгөж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч М.Ар-ын өмгөөлөгч Н.Цэвээн гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 3.1, 3.2, 39.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон. Б.Да-г “мөс” гэх 72.8 грамм бодисыг худалдаалах зорилгоор БНХАУ-д хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, уг бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт хорих ял шийтгэсэн. Гэтэл Б.Да- Монгол Улсын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор зохих шалгалтыг хийлгэж рентген болон хувцас, цүнх бүх эд зүйлсээ зохих журмын дагуу шалгуулаад нэвтэрсэн. Б.Да- нь “Нисэх онгоцны буудлын бие засах өрөөнд үл таних хүн “юм авах уу гараад уулзъя” гэж хэлээд гялгар ууттай юм миний халаасанд хийсэн, тэгээд Буянт-Ухаа нисэх буудлын машин оруулж, гаргадаг хаалга дээр цагдаа нар гэнэт ирж цагдаагийн байгууллагад аваачсан гэж мэдүүлсэн. Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэхгүй зэрэг хуульд заасан үндэслэлүүд байх хэдий ч Б.Да-г “мөс” гэх 72.8 грамм бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, тээвэрлэсэн гэх хөдөлбөргүй гарцаагүй нотлох баримт байхгүй байгаа юм. Б.Да- нь Монгол улсын хилээр нэвтэрсэн гэх дүрс бичлэгийг анхан шатны шүүх хуралдаанд шинжлэн судалсан боловч нотлох баримт шаардлага хангаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан нотлох баримт болгохгүй. Б.Да- нь хилээр сэтгэцэд нөлөөлөх мансууруулах төрлийн бодисыг нэвтрүүлэх ямар ч боломжгүй бөгөөд түүнд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэлийг мөн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллан шийтгэх нь зүйтэй байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж Б.Да-д ял оногдуулсан нь М.Ар-ыг хилс хэрэгт холбогдон буруутгагдсан шалтгааны гол үндэслэл болж байна. Мөн шүүгдэгч Б.Да-д эрүү шүүлт тулган байцааж үг зааж зохиомол мэдүүлэг авсан байдаг. Дээрх үйлдэл хийсэн албан тушаалтнуудыг шүүгдэгч ярьсаар байтал шүүгч энэ асуудалд дүгнэлт өгөөгүй, энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтаар тооцогдохгүй. М.Ар-т холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгахдаа гүйцэтгэх ажлын шугамаар гүйцэтгэх ажлын мэдээ, мэдээллээр илрүүлсэн гэж эрүүгийн хэрэг үүсгэн дугаар авсан боловч гүйцэтгэх ажлын мэдээ, мэдээллээр авч хэрэгт авагдсан баримт нотолгоо байхгүйг зохих шатны шалгасан хуулийн байгууллага нь өөрсдийн хийсэн ажлаа няцаан тайлбарласан нь анхан шатны шүүхийн албан даалгаварт өгсөн албан тоот хариугаар тодорхой болж байгаа юм. Энэ нь бусдыг нотлох баримтгүйгээр буруутгаснаа хүлээн зөвшөөрсөн үйлдэл болсон. М.Ар-, Б.Да- нарт холбогдох эрүүгийн хэргийг гүйцэтгэх ажил явуулж илрүүлсэн мэтээр зохиомол шинжтэй эрүүгийн хэрэг үүсгэж энэ талаар ямар ч баримт сэлт байхгүй нь маш том эргэлзээ төрүүлж байгаа юм. Иймд магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд прокурор М.Буяннэмэх гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч нар нь хоорондоо хувийн харьцаатай, хамтран амьдарна гээд байр түрээсэлж байсан байдаг. М.Ар- нь Б.Да-г нисэх буудалд тосож авахдаа 0145 УНЕ дугаартай машинтай очсон. Уг машинд мансууруулах бодис хэрэглэдэг хэрэгслүүд, мөн М.Ар-ын биеэс тус бодисыг жигнэдэг жин, шээснээс нь мансууруулах бодис хэрэглэсэн гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Б.Да-гээс 7 уут бодис гарч ирсэн.  Б.Да-г БНХАУ-д байхад дансанд нь 3230 юань шилжиж орсон. Түрээсэлж байсан байранд нь үзлэг хийхэд мансууруулах бодис хэрэглэдэг хэрэгслүүд гарсан. Гэрч болон шүүгдэгч нарын мэдүүлэг хэрэгт авагдсан нотлох баримттай таарч байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Ар- нь гэмт хэрэг үйлдэхийг санаачлан, зохион байгуулж, Б.Да-тэй урьдчилан үгсэн тохиролцсоны дагуу Б.Да- БНХАУ руу зорчиж сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламж бүхий  72.8 грамм жинтэй “мөс” гэх нэршилтэй бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, улмаар 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Чингис Хаан Олон Улсын Нисэх онгоцны буудлын Хилийн шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх М.Ар-, Б.Да- нарын гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгчдийн хувийн байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор хорих ял шийтгэж, уг ялуудыг нэгтгэн шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн агуулга, зарчимд нийцүүлэн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч М.Ар-ын гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг тогтоон дүгнэхдээ гэмт хэргийг зохион байгуулагчийн талаарх Эрүүгийн хуулийн зохицуулалтын бие даасан олон шинжүүдийн зөвхөн зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан гэх нэг шинжид нь хамааруулан буруу тайлбарлан, шүүгдэгчийг гэмт хэргийн хатгагч гэж тодорхойлсон нь буруу болжээ.

Гэмт хэрэг үйлдэх явдлыг анхнаас нь сэдэж санаачлан түүнийгээ хэрэгжүүлэх бүх боломж, нөхцөлийг бүрдүүлэх талаар идэвхтэй үйл ажиллагаа явуулж, удирдан чиглүүлэх ажлыг гардан хариуцаж, гэмт хэрэг үйлдэх төлөвлөгөө боловсруулах, гэмт хэрэгт оролцогчдын үүргийг хуваарилах замаар гэмт хэрэг хэдийд, хаана, хэрхэн яаж үйлдэх зэрэг асуудлыг зохицуулагч этгээдийг зохион байгуулагч гэх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж үзэхэд М.Ар- нь тухайн гэмт хэргийг зохион байгуулж, хамтран оролцсон болох нь тогтоогдсон байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалд зохих өөрчлөлтийг оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгчдийн өмгөөлөгч Н.Цэвээн, Д.Энхтунгалаг нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...3.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан” гэснийг “3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан” гэж өөрчилж, шийтгэх тогтоол болон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 303 дугаар магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Ар-ын өмгөөлөгч Н.Цэвээн, шүүгдэгч Б.Да-гийн өмгөөлөгч Д.Энхтунгалаг нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

                                     ДАРГАЛАГЧ                                              Б.ЦОГТ

                                     ШҮҮГЧ                                                       С.БАТДЭЛГЭР

                                                                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                                                        Д.ГАНЗОРИГ

                                                                                                        Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН