Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 01595

 

         Г.С, Э.Ч нарын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2018/01117 дугаар шийдвэртэй, Г.С, Э.Ч нарын нэхэмжлэлтэй, Г.И, Т.О, Т.М нарт холбогдох

Бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх, өмчлэх эрхээ хэрэгжүүлж чадаагүй хохиролд 7 875 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй

34 800 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч нарын өмгөөлөгч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Г.С, Э.Ч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл блон нэхэмжлэгч Г.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.С нь Т.Э-тай 1985 онд гэр бүл болж, 1995 оны 08 дугаар сарын 21-нд гэрлэлтээ батлуулсан. Тэдний дундаас охин Э.А, хүү Э.Ч нар төрсөн. Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 1 дүгээр байрны 223 тоот 2 өрөө орон сууцыг нас барагч Т.Э өөрийн нэр дээр байлгаж байсан. Хүү Э.Ч-ийн хамт том өрөөгөө бусдад түрээслүүлж, жижиг өрөөндөө амьдарч байсан. Талийгаач эмнэлэгт хэвтэж байхдаа буюу 2011 оны 12 дугаар сарын 27-нд нас барсан. Үүнээс хойш Г.С хууль ёсны эхнэрийн хувьд өвлөх эрхийн гэрчилгээ авч байрны гэрчилгээ гаргуулсан. Түүнчлэн Г.С, хүү Э.Ч, талийгаачийн ээж Г.И нар өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулж авсан боловч уг гэрчилгээнүүд нь хүчингүй болсон. Тус маргаан бүхий байрнаас Г.И-гийн хүүхдүүд болох Т.Энхбат 30 хувь, Т.О 20 хувийг тус тус өвлөх эрхтэй эсэхээ тогтоолгохоор нэхэмжлэл гаргасныг шүүх 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 7515 шийдвэрээр Т.Э, Т.О нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, маргаан бүхий 2 өрөө орон сууцыг Т.Сарантуяа, Э.Ч, Э.А, талийгаач Т.Э нарын гэр бүлийн дундын хөрөнгө болохыг дүгнэж, талийгаачийн өмчлөх эрхтэй 25 хувийн 4 хуваасны нэгийг ээж Г.И өвлөх эрхтэй гэж тогтоосон.

2012 оноос хойш тухайн маргаан бүхий 223 тоот байранд Т.М болон түүний гэр бүлийнхэн Г.И нар амьдарч ирсэн. Мөн Т.О сүүлийн үед амьдарч байгаа гэх тайлбарыг шүүхэд өгөөд байна. Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо,1 дүгээр хороолол, 1 дүгээр байрны 223 тоот орон сууцыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу Г.С, Э.А, Э.Ч нарын гэр бүлийн дундын хамтран өмчлөх хөрөнгө тул өмчлөх эрхтэй гэдгийг дүгнэж, хариуцагч Г.И-г өмчлөх эрхгүй тул ногдох хэсгийг мөнгөн хэлбэрээр гаргуулахаар шийдвэрлэсэн тул хариуцагч Г.Иг, мөн түүний төрсөн хүүхдүүд болох Т.М, Т.О нар нь аливаа өмчлөх, эзэмших эрхгүй болох нь нотлогдоно. Түүнчлэн өв залгамжлагч Г.И-гийн өвлөх эрхийн гэрчилгээг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 4577 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 1209 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 105 дугаар тогтоолоор хүчингүй болгон шийдвэрлэсэн. Хэрэв хариуцагч нарын зүгээс хууль бус эзэмшилдээ маргаан бүхий 223 тоот орон сууцыг байлгаагүй бол 2013, 2014, 2015 оны 6 дугаар сарын хугацаанд орон сууцаа түрээслэж 25 200 000 төгрөгийн үр шимийг хүртэж орлого олох байсан. Нэхэмжлэгч Г.С-д учирсан хохирлоо тооцож, талийгаач Т.Э-ыг нас барснаас хойш болон шүүхэд албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаснаас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд өмчийнхөө үр шимийг хүртэж чадахгүй байгаагийн улмаас 7 875 000 төгрөгөөр хохирсон тул хариуцагч нараас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг байрыг талийгч ах, ээж, бид ярилцаж байгаад авсан. Тухайн үед ах Г.С-гаас салаад удсан байсан. Бид олуулаа хурааж хуримтлуулсан зүйлгүй учир нэг нэгнээ дэмжиж амьдардаг. Г.С-тай гэрлэлтийн баталгаатай байсныг мэдээгүй, учраа олохгүй 2013 оноос хойш явсан. Өмнө нотлох баримт үндсэндээ дутуу өгсөн. Бид хамтран өмчлөгчөөр тогтоолгохоор шүүхэд хандсан ч хэргийг хэрэгсэхгүй болгосон. Бид хамтран өмчлөгч болохгүй, оруулсан мөнгө гаргуулах хүсэлтэй байна. Тухайн үед ээж өвчлөгчөөр тогтоолгосон. Ингээд Т.О, Т.Энхбат нар байранд оруулсан мөнгөө ээжээс нэхэмжилж эвлэрлийн гэрээ байгуулсан ч хэрэгсэхгүй болгосон байсан. Мөн сөрөг нэхэмжлэлд тухайн үед маргаан бүхий байрыг авах гэж би байшингаа худалдсан. Энд миний хүүхдүүдийн өмч учир эрх нь зөрчигдсөн гэж үзэж байна. Ах гадагшаа гарахдаа маргаан бүхий байрыг надад хариуцуулж итгэмжлэл олгож байсныг улсын архивын газраас гаргуулсан тул Г.С, О.Ч нараас тус орон сууцны үнэ 69 000 000 төгрөгийн тал хувийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би одоо энэ байранд амьдрахгүй байгаа. Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 2 дугаар гудамжны 62 тоотод эхнэр, 3 хүүхдүүдийн хамт амьдарч байна. Уг байрыг 2001 онд бид худалдаж авсан. Г.С, О.Ч нар уг байрыг яаж худалдаж авсан бол нотлох баримт байхгүй. Ах 1998 онд Г.С-гаас салсан бөгөөд тухайн үед ахыг хүндлээд өөрийнх нэр дээр гэрчилгээ авсан. Ингээд ах 2002 онд гадагш яваад 2008 онд буцаж ирээд байрандаа бидэнтэй хамт амьдарч байгаад 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдөр нас барсан. Бид өөд болох хүртэл нь асарч өргөж байсан. Нэхэмжлэгч нар хамт амьдарч байсан бол баримтууд байх ёстой. Гэтэл ор үндэсгүйгээр хамт амьдарч байсан гэх зүйл ярьдаг. Бид ахтайгаа хамт амьдарч, харж хандаж байгаад өөд болгосон. Бид 2001 онд маргаан бүхий байрыг худалдаж авсан. Энэ байранд хөрөнгө оруулсан мөнгөө гаргуулах хүсэлтэй байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Г.С, О.Ч нараас тус орон сууцны үнэ болох 69 000 000 төгрөгийн талыг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.И, Т.М, Т.О нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Иргэн Г.С миний хүү талийгч Т.Э-тай 1995 онд танилцаж, хамт амьдарч байгаад 1998 оноос өрх тусгаарлаж, тусдаа салж амьдарсан. Өрх тусгаарлахаасаа өмнө Сонгинохайрран дүүргийн 17 дугаар хороо, 33 дугаар байрны 143 тоотод буюу Г.С-гийн байранд тэд амьдарч байсан юм. Т.Э тухайн үед МИАТУГ-т ажиллаж байсан учраас байгууллага нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороолол, 18 дугаар хороо, Нисэхийн байрны 26-18 тоот 2 өрөө орон сууцыг 1995 онд эхнэр Г.С-гаас салж ирээд дүү Т.М-ын хамт нисэхийн байрандаа амьдарч 2000 онд Б.Батжаргалд уг байраа зарсан бөгөөд тайлбар өгсөн нь хэрэгт нотлох баримтаар авагдсан.

Хүү Т.Э байртай болгохын тулд өөрт нь байсан 4 900 000 төгрөг дээр охин Т.О-ын Герман явахаар хуримтлуулж байсан 4000 ам.доллар мөн Солонгос улсад ажиллаж амьдарч байсан Т.Э-аас миний нэр дээр каргогоор ирсэн 2020 ам.доллар, мөн 200 ам.доллар эхнэр Д.Баярмаагийн нар дээр явуулсан 2000 ам.доллар нийт 8 220 ам.долларыг нэмээд түүн дээр өөрт байсан 7 905 400 төгрөгийг нийлүүлж 14 000 000 төгрөгөөр н.Төмөрхуягаас Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 1 дүгээр байрны 223 тоот 2 өрөө байрыг худалдан авсан. Ингэхдээ 2001 оны 08 дугаар сарын 10-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр 14 000 000 төгрөгөөр худалдсан болохыг н.Төмөрхуяг гэрчилсэн байна. Т.Э, Г.С нар салсан байсан учраас Г.С энэ байрыг худалдан авахад нэг ч төгрөг гаргаагүй. Бид байрны гэрчилгээг Т.Э-ын нэр дээр гаргуулж өгсөн боловч Т.Э хүү Э.Ч-ийн нэрийг оруулж гэрчилгээ авсан байсан. Г.С миний хүүг 2011 оны 12 дугаар сарын 27-нд нас барснаас нь хойш байрны гэрчилгээг 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Э.Ч, Г.С нарын нэр дээр гаргуулж, өвлөх эрхийн гэрчилгээ авсан боловч өвлөх эрхийн гэрчилгээ нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 2140 дүгээр шийдвэрээр хүчингүй болж, уг шийдвэрийг давж заалдах шатны шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 727 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 680 дугаар тогтоолоор хэвээр баталж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 35 дугаар шийдвэрээр 223 тоот 2 өрөө байрны өмчлөгчөөр Г.С, Э.Ч нарыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосон.

Г.И миний бие хүү, охин 2-с мөнгө авч байр авсан болохоор миний хүү, охин болох Т.Э, Т.О нар надаас 40 000 000 төгрөгийг нэхэмжилсэн ба би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2048 дугаар захирамж гаргуулсан. Энэ мөнгийг төлөх боломж  байхгүй учраас Г.С уг байранд мөнгө төлж худалдаж аваагүй атлаа хууль ёсны өмчлөгч болж, биднийг байрнаас хөөлгөх шийдвэр гаргуулах нэхэмжлэл гаргасан учраас Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо,1 дүгээр хороолол,1-р байр 223 тоот байрны зах зээлийн үнэ болох 69 600 000 төгрөг өөрийн болон хүүхдүүдийн оруулсан мөнгө болох 34 800 000 төгрөгийг Г.С, Э.Ч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарта: 2015 онд 7515 тоот шүүхийн шийдвэрээр маргаан бүхий орон сууц нь гэр бүлийн хамтран өмчлөлийн дундын байр гэдгийг шүүх дүгнэсэн. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т шүүхийн шийдвэр нь иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл гэж заасан байгаа. Өөрөөр хэлбэл, Г.С, Э.А, Э.Ч нар маргаан бүхий орон сууцыг өмчлөх эрхтэй этгээдүүд юм. Мөн улсын бүртгэлд 2010 онд талийгаач Г.Э нь О.Ч-гийг хамтран өмчлөгчөөр нэмж бүртгүүлсэн. Талийгч нас барсны дараа Э.Ч дангаар өмчлөгчөөр үлдсэн. Дараагаар нь Э.Ч-ийн төлөөлөгчийн хувьд Г.С нь өвлөгчөөр тогтоолгохоор хууль ёсны дагуу зохих газарт аандсан боловч  улсын бүртгэлд бүртгэгдсэн гэрчилгээ хүчингүй болсон талаар маргаагүй. Э.Ч өмчлөгч хэвээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж байна.

Хариуцагч Г.И нь хүү Э.Ч-ийн эмээ, хариуцагч Т.М, Т.Энхбат нар 2015 онд үүссэн хэрэгт Э.Ч талийгчийн төрсөн хүүхэд биш гэж ярьдаг. Э.А-гийн хувьд өвлөх эрхээсээ нэр заан татгалзсан. Мөнгө оруулсан, хамтран өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгосон. 2015 оны шийдвэрээр энэ асуудал шийдэгдсэн тул сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Г:Ичинхорлоо, Т.О, Т.М, Т.Э нарын аль нь оруулсан мөнгө нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Ч-гийн /РД:УП95052579/ өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо,1 дүгээр хороолол,1 дүгээр байрны 223 тоот, улсын бүртгэлийн Ү-2201007303 дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцыг хариуцагч Г.И /РД:ЧР38031561/, Т.О /ЧР:72042064/, Т.М /РД:ЧР74090396/ нарын зэмшлээс албадан чөлөөлж,

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.С-гийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.И, Т.М, Т.О нарт холбогдох бусдын хууль бус эзэмшилээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх, орон сууцыг бусдад түрээслэн үр шимийг хүртэх эрхтэй байснаас учирсан хохирол 7 875 0000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.И, Т.О, Т.М нарын нэхэмжлэлтэй Г.С, Э.Ч нарт холбогдох орон сууцны зах зээлийн үнэ 69 600 000 төгрөгөөс өөрийн болон хүүхдүүдийн оруулсан мөнгө болох 34 800 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийнхураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Ч-оос улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг нөхөн гаргуулж улсын төсөвт оруулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.С-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 211 300 төгрөгийг /14 100, 70 200/ хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан 331 950 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Г.И, Т.О, Т.М нар давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэлийн шаардлагад 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр сөрөг нэхэмжлэл гаргагч, Т.М оролцоогүй тухайн үед нэхэмжлэл гаргасан Т.О, Т.Э нар 223 тоот байрны хамтран өмчлөгч болохыг Г.И нь хүү Т.Э-ын өв, эд хөрөнгийн хууль ёсны өвлөгч болохын хувьд хүү Т.Э-т ногдох хэсгээс өвлөгчид оногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байдаг. 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 7515 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн, хамтран өмчлөгч, өвлөгчийн тухай асуудлаас 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан 223 тоот орон сууцанд оруулсан хөрөнгөө авах асуудал нь өөр зүйл учраас Т.О, Т.М, Г.И нарын мөнгө нэхэмжилсэн асуудлыг хамтран өмчлөгч, өвлөгч болохыг хүссэн нэхэмжлэлтэй адилтгаж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцсэн гэж үзэхгүй байна. Иймд энэ асуудлыг хууль зүйн тунгааж үзэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь заалтад заасныг зөрчиж Э.Ч-ийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Г.С-тай хамтран гаргасан нэхэмжлэлд тэмдэгтийн хураамж төлөөгүй байхад хүлээн авч, шийдвэрлэсэн нь ноцтой алдаа болсон. Мөн сөрөг нэхэмжлэгч гаргагч нарыг эзэмшигч болохоо нотолж чадаагүй гэсэн бөгөөд Г.И, Т.О бид 2001 оноос уг байранд амьдарч байгаа тухай Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны тодорхойлолт, цахилгаан болон сансар кабелийн гэрээ, тоолуурын бичиг баримт зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байгааг шүүх анхаарч үзнэ үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасны дагуу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Г.С, Э.Ч нар хариуцагч Г.И, Т.М, Т.О нарт холбогдуулан тэдгээрийн хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх, нэхэмжлэгч Г.С нь олох байсан орлого буюу хохиролд 7 875 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргаан бүхий орон сууцанд оруулсан хөрөнгө болох 34 800 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Г.С, Т.Э нар 1995 онд гэр бүл болж, гэрлэлтээ бүртгүүлэн, хамт амьдарч байх хугацаандаа охин Э.А, хүү Э.Ч нарыг төрүүлсэн байна. Т.Э-ыг 2011 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нас барах үед  Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 1 дүгээр байрны 223 тоот 2 өрөө орон сууц Т.Э, түүний хүү Э.Ч нарын өмчлөлд бүртгэлтэй байсан үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй. /хэргийн 1 хавтасны 4-5,7 дугаар тал, хэргийн 2 хавтасны 206 дугаар тал/. Харин хариуцагч Г.И, Т.М, Т.О нар маргаан бүхий орон сууцанд хөрөнгө оруулж, худалдан авсан учраас байрны үнээс гаргуулна гэж маргасан.

Дээрх 2 өрөө орон сууцанд холбогдох маргаан буюу Э.Ч, Г.С нарт өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатчийн үйлдлийг /хэргийн 1 хавтасны 177-197 дугаар тал/ болон өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосон /хэргийн 1 хавтасны 198-208 дугаар тал/ шийдвэрүүд нь хүчин төгөлдөр болсон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х уулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал дахин нотлохгүй.

Мөн нэхэмжлэгч Г.С нь маргаан бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоогдоогүй тул түүний нэхэмжлэлээр Э.Чийн өмчлөлийн орон сууцыг хариуцагч нарын эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, орон сууцыг бусдад түрээслэн үр шимийг хүртэх байсан гэж хохирол 7 875 000 төгрөг гаргуулахаар шаардах эрх үндэслэлгүй талаархи шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийн өмчлөгч бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч Э.Ч нь Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 1 дүгээр байрны 223 тоот 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр 2010 оны 09 дүгээр сарын 17-нд бүртгүүлсэн болох нь талуудын тайлбар, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаагаар /хэргийн 2 хавтасны 137 дугаар тал/ тогтоогдсон байна.

Хариуцагч Г.И, Т.М, Т.О нараас маргаан бүхий орон сууцыг өөрсдийн мэдэлдээ хууль ёсоор байлгаж байгаа гэх үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй буюу Э.Ч нь уг орон сууцны хууль ёсны өмчлөгч болохыг баримтаар няцаагаагүй. Уг байранд удаан хугацаагаар үргэлжлүүлэн амьдарч байгаа байдал нь тэдгээрийг шударга эзэмшигч гэж үзэх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч нар үл хөдлөх хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй.

Түүнээс гадна Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 2018 дугаар захирамжаар нэхэмжлэгч Т.О нараас эх Г.И-д  холбогдуулан байрны үнэ 40 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Г.И хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн /хэргийн 2 хавтасны 41-43, 57-64 дүгээр тал/ нь тухайн маргаанд оролцоогүй нэхэмжлэгч Г.С-гаас шаардах эрхийг нотлохгүй, түүнд хамааралгүй болно.

Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч Э.Ч өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо 1 дүгээр хороолол, 1 дүгээр байрны 223 тоот 2 өрөө орон сууцаа бусдын хууль бус зэмшлээс шаардах эрхтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Хариуцагч Г.И. Т.М, Т.О нар маргаан бүхий 2 өрөө орон сууцыг хүү Т.Э-таа 14 000 000 төгрөгөөр худалдан авч өгсөн тул орон сууцны зах зээлийн үнэ 69 600 000 төгрөгнөөс өөрийн болон хүүхдүүдийн оруулсан хөрөнгө болох 34 800 000 төгрөгийг гаргуулахаар сөрөг шаарджээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2015/07515 дугаар шийдвэрээр /хэргийн 1 хавтасны 137-141, 147-150 дугаар тал/, маргаж буй үл хөдлөх эд хөрөнгөөс өөрт оногдох хэсгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай Т.О-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Г.С. Э.Ч нараас Г.И-д орон сууцны үнээс ногдох хэсэг болох 331 950 төгрөгийг гаргуулан  шийдвэрлэсэн шийдвэр хүчин төгөлдөр болсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт зааснаар энэ талаар шаардлага гаргах эрхгүй. Иймд анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг зөв гэж үзнэ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодруулан нэхэмжлэл гаргаж, улсын тэмдэгтийн хураамжид нийт 211 200 төгрөг /хэргийн 1 хавтасны 3, 175 дугаар тал/ төлсөн байх тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй гэх хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Мөн хэргийн 2 дугаар хавтасны 156-157, 191-202 дугаар талд авагдсан нотлох баримтуудад үндэслэн, шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2018/01117 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.О-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 331 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Н.БАТЗОРИГ

­

                                                       ШҮҮГЧИД                                           А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                                                  Д.БАЙГАЛМАА