Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 184/ШШ2017/01029

 

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 184/ШШ2017/01029

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Г.С-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Т.М,

 

Хариуцагч: Г.И нарт холбогдох

 

Орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, хохирол 7,875,000 төгрөг гаргуулах тухай үндсэн болон 34,800,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагч Г.И итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, хариуцагч Т.М, хариуцагч нарын өмгөөлөгч Д.Д, нарийн бичгийн дарга П.Лхагвадулам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.С, түүний төлөөлөгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Г.С миний бие нь Т.Этай 1985 онд гэр бүл болж 1995 оны 8 сарын 21-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас охин Э.А, хүү Э.Ч нар төрсөн. Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, Өнөр хороолол, 01 дүгээр байр, 223 тоот 2 өрөө орон сууцыг талийгаач Т.Э өөрийн нэр дээр байлгаж байсан бөгөөд Америкийн Нэгдсэн Улс руу явж ирэхдээ 1 гараа тайруулж хөдөлмөрийн чадвараа алдсан байдалтай болсон байсан. Тэрээр хүү Э.Чтойгоо хамт том өрөөгөө бусдад түрээслүүлж, жижиг өрөөндөө амьдарч байсан. Талийгаач нь эмнэлэгт хэвтэж байхдаа буюу 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдөр нас барсан. Үүнээс хойш би хууль ёсны эхнэрийн хувьд өвлөх эрхийн гэрчилгээ авч байрны ордер гаргуулсан. Байрны гэрчилгээ гарснаас хойш Мыг байр чөлөөлж өгөхийг шаардсан.

...Г.С, хүү н.Ч, охин н.А, талийгаачийн ээж Г.И нар өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулж авсан байсан боловч маргаж өвлөх эрхийн гэрчилгээнүүд нь хүчингүй болсон. Тус маргаан бүхий байрнаас Г.И гуайн хүүхдүүд болох н.Э нь 30%, Т.О нь 20%-ийг тус тус өвлөх эрхтэйгээ тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан. Гэтэл Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр н.Э болон Т.О нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүхээс уг маргаан бүхий 2 өрөө орон сууцыг Г.С, н.Ч, н.А, талийгаач Э нарын гэр бүлийн дундын хөрөнгө, талийгаач н.Эын өмчлөх эрхтэй 25 хувийн 4 хуваасны 1 нь ээж Г.И нь өвлөх эрхтэй хөрөнгө гэж тогтоосон. 2012 оноос хойш тухайн маргаан бүхий 213 тоот байранд Т.М болон түүний гэр бүлийнхэн Г.И гуай нар амьдарч байгаа. Уг өвийн хөрөнгө болох байрнаас тэднийг албадан гаргуулах нэхэмжлэлийг 2013 онд гаргасан нь түдгэлзээд одоо сэргэж хэлэлцэгдэж байгаа бөгөөд 2015 онд өвийн хөрөнгийн хувь хэмжээг тогтоосон үйл баримт тогтоогдсон. Шүүхийн шийдвэрээр өмчлөх эрхтэй нь тогтоогдсон ба Г.Сгийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь саад болж байгаа хариуцагч нарыг маргаан бүхий орон сууцнаас албадан гаргуулж өгнө үү.

...2013, 2014, 2015, 2016 оны 6 сар, энэ хугацаанд орон сууцаа түрээсэлж байсан бол 25,200,000 төгрөгийн үр шимийг хүртэж орлого олох ёстой байсан. Дээрх орлогыг өв залгамжлагч нарт ноогдох хувь хэмжээг тогтоогоод А, Ч нар өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх эсэх нь өөрсдийнх нь асуудал тул Г.С өөрт учирсан хохирлоо тооцоод Г.И нь маргаан бүхий байрыг өмчлөх эрхгүй нь тогтоогдсон үндэслэлээр талийгаач Эыг нас барснаас хойш болон шүүхэд албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаснаас хойш одоог хүртэл хугацаанд өмчийнхөө үр шимийг хүртэж чадахгүй 7,875,000 төгрөгөөр хохирсон тул хариуцагч нараас гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгч нь өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадахгүй хохирсоор байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Т.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Миний бие маргаан бүхий байранд ээжтэйгээ хамт амьдардаг байсан бөгөөд одоо би өөр хаягт амьдарч байгаа. Нэхэмжлэгч Г.С нь 7,875,000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Миний ээж Г.И одоо 80 настай, уг маргаан бүхий байранд амьдарч байгаа. Тус маргаан бүхий байрыг 2001 онд ээж маань санаачилж хүүхдүүдээсээ мөнгө цуглуулж худалдаж авсан юм. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед н.Э ах маань уг маргаан бүхий байрыг худалдаж авахад Солонгос улсад ажиллаж байсан бөгөөд Т.О эгч маань байраа зарж виз хөөцөлдөж байсан учир тэд хөрөнгө оруулж уг байрыг худалдаж авсан юм. Талийгаач н.Э ах маань 1998 онд эхнэр Г.Сгаас салсан ба эхнэр нь маргаан бүхий байрыг худалдаж авахад нэг ч төгрөг өгөөгүй юм. Тухайн маргаан бүхий байранд 2001 оноос одоог хүртэл ээж маань амьдарч байгаа. Уг маргаан бүхий байрыг худалдаж авахад бид хэдэн төгрөг оруулсан нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан байгаа гэв.

 

Хариуцагч Г.Игийн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Уг маргаан бүхий байрыг ээж маань анх санаачилж бид нараас мөнгө цуглуулж худалдаж авсан юм. Тухайн үед Солонгос улсад байсан ахтай утсаар ярихад салсан эхнэрээс мөнгө ав гээд н.Баярмаагаар дамжуулж мөнгө авч нийт 14 сая төгрөг болгоод энэ маргаан бүхий байрыг худалдаж авсан юм. Тухайн үед ахын байр 4,9 сая төгрөгөөр зарагдсан байсан болохоор бид нарын мөнгийг нэмж энэ байрыг авсан. Ах маань 2002 онд гадаад улс руу явж 2006 онд Монгол улсад ирэхдээ биеийн байдал нь хүнд байсан учир ээж асарч чадахгүй, Т.Мыг хамт байлгаж байсан юм. Бид нар маргаан бүхий байрны мөнгийг төлөөд амьдарч байсан болохоор нэхэмжлэгч түрээсийн мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Бид маргаан бүхий байранд тухайн үед оруулсан хувь болох мөнгөө авах хүсэлтэй байна. Маргаан бүхий байрыг чөлөөлөх болбол өндөр настай хэвтэрт байдаг ээж маань орох оронгүй болох тул тэр мөнгөөр хашаа байшин авч өгмөөр байна гэв.

 

Хариуцагч нарын өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд сөрөг шаардлагын талаар мэдүүлэхдээ:

...2013 оны 3 сарын 07-ны өдрийн Г.Сгийн гаргасан нэхэмжлэлд хариуцагч Т.Мыг орон сууцнаас албадан гаргуулж өгнө үү гэж бичсэн байна. Дараа нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ Т.М болон Г.И нараас мөнгө нэхэмжилсэн нь ойлгомжгүй байгааг шүүх анхаарч үзнэ үү. Т.М нь маргаан бүхий байранд амьдардаггүй тул яаж албадан гаргуулах нь ойлгомжгүй байна. Энэ хэргийн талаар нэхэмжлэгч тал тайлбарлахдаа хариуцагч нарыг удаашруулж байсан мэтээр ярьж байгаа нь үндэслэлгүй юм. Манай тал нэхэмжлэгч Г.Сгаас 34,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Маргаан бүхий байрны зах зээлийн үнэлгээ нь 69,600,000 төгрөг учир манай тал 50%-ийг нь нэхэмжилж байна. Учир нь Г.С нь талийгаач н.Этай 1995 оны 08 дугаар сарын 21-ний өдөр гэрлэлтээ батлуулсан боловч маргаан бүхий байрыг худалдаж авахад нэг ч төгрөг гаргаагүй юм. Иймээс манай тал Г.Сг талийгаачтай гэрлэлтийн баталгаатай 2 хүүхэдтэй болохоор нь маргаан бүхий байрны 50%-г өмчлөх эрхтэй гэж үзэж байна. Тухайн маргаан бүхий орон сууцанд Т.О, н.Э нарын хөрөнгө оруулсан мөнгөний баримт хавтаст хэрэгт авагдсан бөгөөд уг баримтын тоо болон бичиглэлийн асуудал дээр нэхэмжлэгч тал маргахгүй гэсэн. Өмнө нь Т.О, н.Э нар нь маргаан бүхий байранд хөрөнгө оруулсан мөнгөө ээж Г.Игоосоо нэхэмжилж байсан бөгөөд тэд эвлэрлийн гэрээ байгуулж шүүгч захирамжаараа талуудын эвлэрлийг баталсан. Нэхэмжлэгч нь маргаан бүхий байрыг худалдаж авахад нэг ч төгрөг гаргаагүй хэрнээ хариуцагч нарыг албадан гаргуулах хүсэлтэй байгаа тул манай тал хөрөнгө оруулсан мөнгөө нэхэмжилж байна. Сөрөг нэхэмжлэлийг болон бусад үйл баримтыг нотлох баримт хавтаст хэрэгт хангалттай авагдсан байгаа. Үндсэн нэхэмжлэл болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад 2 хариуцагчийн хэн нь хариуцагч байх нь тодорхойгүй байна. Мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж гарч байсныг шүүхийн тогтоолоор хүчингүй болгосон тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамтатган шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймээс хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс сөрөг шаардлагын хариу тайлбартаа:

... Хавтаст хэргийн 159 дүгээр талд Г.Иг хамтран хариуцагчаар татсан шүүгчийн захирамж байгаа тул манай талын үндсэн нэхэмжлэл болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хамтран хариуцагч нь Г.И мөн юм. Өмнө нь Т.О, Г.И, н.Э нар энэ асуудлаар буюу маргаан бүхий байранд мөнгө оруулсан учир хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан юм. н.Э болон Т.О нар маргаан бүхий байранд хөрөнгө оруулсан байсан бол тэднийг хамтран өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэр гаргах байсан бөгөөд шүүхээс тэднийг хамтран өмчлөгч биш гэсэн шийдвэр гарсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан. Мөн Г.И, Т.М нар нь н.Э болон Т.О нарын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргах эрхтэй этгээдүүд биш юм. Т.О, н.Э нар нь ээж Г.Идоо өгсөн мөнгөний баримтын тоо болон бичиглэл бүдэг байхаас үл шалтгаалан хариуцагч нар тус мөнгийг Г.Сгаас гаргуулах хууль зүйн үндэслэл байхгүй. Уг асуудал 3 шатны шүүхээр шийдвэрлэгдсэн бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 7515 тоот шийдвэрт маргаан бүхий байранд тэд хөрөнгө оруулаагүй нь тусгагдсан учир сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч нар үнэхээр уг үл хөдлөх хөрөнгө буюу орон сууцанд хөрөнгө оруулсан байсан юм бол хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байна. Хуульд зааснаар маргаан бүхий байранд Г.С нь хөрөнгө оруулсан эсэхээс үл хамааран тус байр нь тэдний гэр бүлийн дундын хөрөнгө юм гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.С нь хариуцагч Т.М, Г.И нарт холбогдуулан орон сууцыг тэдний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, олох байсан орлого, үр шим буюу хохирол 7,875,000 төгрөгийг гаргуулах тухай, Т.М, Г.И нар нь Г.Сд холбогдуулан орон сууц авахад орууулсан хөрөнгө болох 34,800,000 төгрөгийг гаргуулах үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаас Г.Иг татсан нь хуулийн дагуу байх бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ түүнд хамаарахыг нэхэмжлэгч тал тодруулсан байна.

 

Нэхэмжлэгч тал нь “Энэ орон сууц гэр бүлийн дундын өмч, шүүхээс талийгаачийн өвлөх эрхийн хүрээнд орон сууцны оногдох хэсгийг хуваарилсан. Ид мөнгө гаргуулж шийдвэрлэсэн бөгөөд орон сууц хүү, охин бидний хууль ёсны өмч хөрөнгө” гэж, хариуцагч тал нь “Уг орон сууцыг анх авахад бид хөрөнгө оруулсан, нэхэмжлэгч тал орон сууцаа авна гэж байвал бид оруулсан хөрөнгөө авна, оруулсан хөрөнгийг И хариуцахаар шүүгчийн захирамж гарсан, одоо И хохирлоо Сгаас гаргуулна” гэж тайлбарлан тус тус маргадаг.

 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд талийгаачийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох орон сууцны хууль ёсны өмчлөгчийн талаарх маргаан нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үүссэн хэдий ч хэн аль нь өвлөх эрхийн гэрчилгээтэй байсан, нэхэмжэгч тал нь үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээ гаргуулсан, тэдний хууль ёсны эзэмшигч мөн гэх нотлох баримтууд буюу өвлөх эрхийн гэрчилгээг, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг бүртгэсэн бүртгэлүүд 3 шатны шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон талаар талууд маргадаггүй ба энэ талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан болно.

 

Мөн Г.И, Т.Э, Т.О нар нь Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 1 дүгээр байр, 223 тоот 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн 20 хувийг Т О. 30 хувийг Т.Э өмчлөх эрхтэй хамтран өмчлөгч болохыг тогтоолгож, Э.Чийг уг орон сууцны эцэг Т.Эын өмчлөх 50 хувийн 25 хувийг хамтран өмчлөгч болохыг тогтоолгох, Г.И нь Т.Эын хууль ёсны өвлөгч болохын хувьд түүний өмчлөлд бүртгэлтэй уг орон сууцнаас Т.Эт ногдох хэсгээс өвлөгчид ногдох хэсгийг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байдаг. Энэ шаардлагыг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд 2015 оны 11 дүгээр сарын 27-ны 7515 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1- д зааснаар Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 1 дүгээр байр, 223 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох, Э.Чийг орон сууцнаас эцэг Т.Эын өмчлөх 50 хувийн 25 хувийг өмчлөх хамтран өмчлөгч болохыг тогтоолгохыг хүссэн Т.Э, Т.О нарын нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 520.6-д зааснаар Г.С, Э.Ч нараас 4,350,000 төгрөг гаргуулан Г.Ид олгохоор шийдвэрлэсэн, улмаар хяналтын шатны шүүхээс талуудын гомдлоор хэргийг хянаад 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 491 дүгээр тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Орон сууцнаас албадан гаргуулах шаардлагын үндэслэл нь дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гэх нэхэмжлэгч талын тайлбар хуулийн үндэслэлтэй гэж үзэв. Тодруулбал, гэр бүлийн дундын хөрөнгө болох орон сууцны талийгаач Т.Эт ноогдох хэсгийг гэр бүлийн гишүүдэд Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.4-т зааснаар хуваарилж, мөн хуулийн 520 дугаар зүйлийн 520.6-д зааснаар хариуцагч Г.Ид орон сууцнаас оногдох хэсгийг өвлөх хэмжээгээр мөнгөөр гаргуулж олгосон шүүхийн шийдвэрээс үзэхэд Г.С, Э.Ч, Э.А нарт орон сууцыг өвлүүлэн үлдээсэн нь тэднийг хууль ёсны эзэмшигч гэж үзэх үндэслэлтэй.

 

Хариуцагч Г.И нь орон сууцны өвлөх хэсгээс өөрт ноогдох хэсгийг мөнгөөр гаргуулсан тул түүний хууль ёсны эзэмшил дуусгавар болох бөгөөд орон сууцыг чөлөөлөх үүрэг үүснэ. Хариуцагч Т.Мын хувьд тухайн орон сууцанд амьдраагүй байгаа гэх хэдий ч шүүхэд нэхэмжлэл гаргах үед амьдарч байсан гэх тайлбар, хуулийн дагуу эзэмшигч болохоо нотлоогүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй. Иймд Иргэний хуулийн  106 дугаар зүйлийн 106.1 “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч Г.С нь өөрийн хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй тул Г.И, Т.М нарыг маргаан бүхий орон сууцнаас албадан гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Харин өөрийн эзэмшлийн орон сууцыг бусдад түрээслэн үр шимийг хүрэх эрхтэй байснаас учирсан хохирол 7,857,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгчийн шаардлага баримтаар нотлогдоогүй, бодит хохирол учирсан болох нь нэхэмжлэгч нотлоогүй үндэслэлээр дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Хариуцагч Г.И, Т.М нараас маргаан бүхий орон сууцанд оруулсан хөрөнгө болох 34,800,000 төгрөг гаргуулах сөрөг шаардлагын хувьд орон сууцанд анх хөрөнгө оруулсан гэх Т.Э, Т.О нарын маргааныг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 7515 дугаартай, хяналтын шатны шүүхийн 491 дугаартай хүчин төгөлдөр шийдвэр, тогтоол байх тул сөрөг шаардлагын үндэслэл болон орон сууц бэлэглэлийн гэрээ, орон сууцны зах зээлийн үнэлгээ, мөнгө шилжүүлсэн баримт, бусад холбогдох нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасны дагуу шүүх дахин үнэлэхгүй болно. Тодруулбал тухайн нотлох баримтуудаар нотолж буй үйл баримтыг шүүхээр шийдвэрлэсэн. Түүнчлэн хариуцагч сөрөг шаардлагын үндэслэлээ СХД-ийн 12-р хороо, 1-р хороолол, 1-223 тоот орон сууцны үнийн 50 хувь буюу 40,000,000 төгрөг гаргуулах тухай Б.О, Т.Э нарын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.И хүлээн зөвшөөрлийг баталсан шүүгчийн захирамжтай буюу хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй гэж тайлбарлах хэдий ч энэ нь Г.Сгийн шүүхэд гаргасан шаардлага, үйл баримтыг шийдвэрлэсэн асуудал биш байх тул энэ үндэслэлээр болон хариуцагч Г.И, Т.М нар шаардах эрхгүй гэсэн үндэслэлээр сөрөг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний    хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.4 дэх хэсэгт зааснаар Г.Сгийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 12-р хороо 1-р хороолол, 1-р байрны 223 тоот, 2 өрөө орон сууцыг Г.И, Т.М нарын хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

 

2. Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.И, Т.М нарын ...орон сууцанд оруулсан хөрөнгө 34,800,000 төгрөг гаргуулах тухай, нэхэмжлэгч Г.Сгийн ...үр шим буюу хохирол 7,857,000 төгрөг гаргуулах тухай, шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200, 141,100 төгрөгийг, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 331,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.       

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.АМИН-ЭРДЭНЭ