Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2022/01206

 

 

Д.Д-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1112 дугаар шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаар магадлалтай,

Д.Дын нэхэмжлэлтэй,

ДУАНДХт холбогдох,

2015.02.01-2020.12.31-ний өдөр хүртэлх хугацааны тэтгэврийн зөрүү 850,000 төгрөг нөхөн гаргуулах, 2003.05.01-2009.10.01-ний өдөр хүртэлх хугацааны тэтгэврийг 1 хувиар бодож, 940,220 төгрөг нөхөн гаргуулах, цаашид тэтгэврийн зөрүү 22,000 төгрөгийг сар бүр тооцож олгохыг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч Н.Мөнхбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мандахбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч ДУАНДХт холбогдуулан 2015.02.01-2020.12.31-ний өдөр хүртэлх хугацааны тэтгэврийн зөрүү 850,000 төгрөг нөхөн гаргуулах, 2003.05.01-2009.10.01-ний өдөр хүртэлх хугацааны тэтгэврийг 1 хувиар бодож, 940,220 төгрөг нөхөн гаргуулах, цаашид тэтгэврийн зөрүү 22,000 төгрөгийг сар бүр тооцож олгохыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1112 дугаар шийдвэрээр: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3, 22 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан Д.Дын хариуцагч ДУАНДХт холбогдуулан гаргасан, 940,220 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,120 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1112 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгч Д.Дын давж заалдсан гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн төлөөлөгч Н.Мөнхбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Тус хэлтэс нь давж заалдах шатны шүүхийн магадлал нь холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын тухайд анхан шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.Тухайлбал:

4.1. Нэхэмжлэгч Д.Д нь 2020.09.21-ний өдөр иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2 нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд 1 дэх шаардлага нь 850,000, 2 дахь шаардлага нь 90,220 нийт 940,220 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн байна. Тус хэлтэс нь тэтгэврийн нэмэгдлийг 2015.02.01-ээс сар бүр 22,000 төгрөгөөр нэмж тооцож олгосон бөгөөд тэтгэврийн зөрүү нэмж олгосон тухайд анхан шатны шүүх хурал дээр шүүгч Д.Даас тодруулж асуухад тэтгэврийн нэмэгдэл тооцож олгосон дээр маргаагүй байгаа гэж тайлбарласан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5. Анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах болон хяналтын журмаар гаргасан тохиолдолд шүүх түүнийг үнэлэхгүй. Харин шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянах гэж байгаа бол энэ заалт хамаарахгүй.

Гэтэл давж заалдах шатны шүүх нь Д.Дын анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад байхгүй тайлбарт дүгнэлт хийж тэмдэгтийн хураамж төлүүлээгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон анхан шатны шүүх рүү буцаан шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий биш байна.

4.2. Давж заалдах шатны шүүх нь Нийгмийн даатгалын хэлтэс нь хариу тайлбараа 2020.11.03-ны өдөр нь ирүүлж тухайн өдрөө шүүх хурал болсон нь нэхэмжлэгчийн хэрэгт цугларсан бичгийн нотлох баримттай танилцах, хариу тайлбар гаргах эрхийг хангаагүй гэж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна гэж үзэж байна. Учир нь:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1.Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах эрх эдэлнэ, 25.1.3. .. шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах эрхтэй.

Нэхэмжлэгч шүүх хуралд биечлэн оролцож эрх, үүргээ бүрэн ухамсарлаж мөн эрх үүргийг танилцуулж шүүх хуралдааныг удирдан явуулсан бөгөөд шүүх хуралдаан эхлэхийн өмнө санал хүсэлт байгаа талаар талуудаас асуусны үндсэн дээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.

Гэтэл нэхэмжлэгч Д.Д нь 2020.11.03-ны өдөр шүүх хурлын өмнө хариуцагчийн хариу тайлбарт тайлбар гаргах шаардлагатай гэж үзсэн бол шүүх хурлыг хойшлуулах хүсэлтээ гаргах эрх нь нээлттэй байсан. Шүүгч шүүх хурлын өмнө талуудад санал хүсэлт байна уу гэж асуухад Д.Д нь хүсэлт байхгүй гээд шүүх хурлыг үргэлжлүүлсэн. Гэтэл шүүхийн шийдвэр гарсны дараа энэ талаар гомдол гаргаж гомдлыг давж заалдах шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. Иргэн Д.Дын нэхэмжлэлийн тухайд:

Иргэн Д.Д нь анх 2003.05.01-ээс “Нийгмийн даатгалын сангаас олгох Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр тэтгэмж, төлбөрийн тухай хууль-ийн 5 дугаар зүйлд заасны дагуу 26 жил 3 сартай анх тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авч байгаад өөрийн хүсэлтээр 2017.01.12-ны өдөр Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа цуцалсан тухай 0105614 дугаар актын дагуу 2017.02.01-ээс ҮОМШӨ-ны тахир дутуугийн тэтгэврийг цуцалсан байна.

Иргэн Д.Д нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасны дагуу 2017.02.01-ний өдрөөс сард олгох 347,872 төгрөгийн Өндөр насны тэтгэвэр тогтоолгон авсан байна.

Иргэн Д.Дт Засгийн газрын тогтоолын дагуу 2015 оноос 2020 оныг хүртэлх тэтгэврийн нэмэгдлүүдийг тухай бүр олгож байсан болно. Тухайлбал: Засгийн газрын 2015.02.09-ний 52 тогтоолоор 2015.02.01-ээс 22,000 төгрөгөөр нэмэгдэж 285,144 болсон. Засгийн газрын 2016.05.31-ны 292 дугаар тогтоолоор 2016.06.01-ээс 21,000 төгрөгөөр нэмэгдэж 306,144 төгрөг болсон. Д тэтгэвэр 2017.02.01-ээс дуусгавар болсон/ Засгийн газрын 2018.01.19-ны 16 дугаар тогтоолоор 2018.02.01-ээс 27,000 төгрөгөөр нэмэгдэж 374,872 болсон. /Анх 2017.02.01-ээс өндөр насны тэтгэвэр 347,872 тогтоосон/ Засгийн газрын 2019.01.16-ны 26 дугаар тогтоолоор 2019.02.01-ээс 24,000 төгрөгөөр нэмэгдэж 398,872 болсон. Засгийн газрын 2020.01.22-ны 24 дүгээр тогтоолоор 2020.02.01-ээс 30,000 төгрөгөөр нэмэгдэж 428,872 болсон. Иймээс Засгийн газрын 2015 оны 52 дугаар тогтоолын дагуу тэтгэврийн нэмэгдэл нь үнэн зөв нэмэгдэж олгогдсон байгаа тул нөхөн олгох үндэслэл байхгүй болно. мөн иргэн Д.Д нь “Нийгмийн даатгалын сангаас олгох Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль"-ийн дагуу 2003.05 сараас 2017.02-ыг сарыг хүртэл тахир дутуугийн тэтгэвэр авч байгаад 2017.02.01-ээс өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр, тогтоолгон, одоог хүртэл авч байна. “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль”-ийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Тахир дутуугийн тэтгэвэр авч байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон даатгуулагчийн тэтгэврийг хөдөлмөрийн чадвар бүрэн алдсан жил тутамд 1%-аар бодож нэмэгдүүлнэ гэж заасан байдаг боловч Монгол улсын Дээд шүүхийн 2008.11.25-ны өдрийн “Нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиудын зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 47 дугаар тогтоолын 2.2.Хуулийн 5 дугаар зүйлийн 3-т заасан “Тахир дутуугийн тэтгэвэр авч байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон даатгуулагчийн тэтгэврийг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан жил тутам нь 1 хувиар бодож нэмэгдүүлнэ.” гэдгийг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсаны улмаас тахир дутуугийн тэтгэвэр авагч иргэн тэтгэвэр тогтоолгосноос хойш төлж ажилласан эсэхээс үл хамааран нэмэгдлийг авна гэж ойлгоно.

Харин тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлж, мөн зүйлийн 2-т заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгон, хөдөлмөрийн хөлсний 1.5 хувиар нэмэгдэл авч буй даатгуулагчид тахир дутуугийн тэтгэврийн нэмэгдлийг давхардуулан олгохгүй.

Иргэн Д.Д нь 2017.02.01-нд нийт 39 жилээр Өндөр насны тэтгэврээ тогтоолгосон бөгөөд 20 жилээс илүү ажилласан жил болох 19 жил тутамд тэтгэвэр нь “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль-ийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлсөн жил тутамд 1.5 хувиар, сар тутамд 0.125 хувиар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хөдөлмөрийн хөлснөөс тооцож нэмэгдэл олгоно гэсний дагуу нэмэгдэл нь тооцож олгогдсон байна.

Энэ нь Д.Дын 2004.06.01-ээс хойших ҮОМШӨ-ний сангаас Тахир дутуугийн тэтгэвэр авч байсан 12 жил 8 сар нь нийт ажилласан жил дээр нэмж тооцогдсон бөгөөд дээрх 1.5%-ийн нэмэгдэл орсон нийт хугацаанд багтаж байгаа тул Монгол улсын Дээд шүүхийн 2008.11.25-ны өдрийн “Нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиудын зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 47 дугаар тогтоолын дагуу Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлж, мөн зүйлийн 2-т заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгон, хөдөлмөрийн хөлсний 1.5 хувиар нэмэгдэл авч буй даатгуулагчид тахир дутуугийн тэтгэврийн 1%-ийн нэмэгдлийг давхардуулан олгохгүй гэсэн заалтын дагуу нэмж олгох хуулийн үндэслэл байхгүй болно.

4.3. Мөн 5 жилийн дундаж цалин сонголтын тухайд Д.Д нь 1975.08.05-2017.02.01-ний хугацаанд 39 жил 22 хоног ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 2017 оноос өмнөх 20 жилийг тооцоход 1986-1991 оны жилийн цалин нь дээрх хугацаанд хамаарахгүй байна. Иймээс Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 22.1 дэх хэсэгт заасныг хангахгүй байгаа тул 1986-1991 оны цалинг дахин сонгож тэтгэврээ өөрчлүүлэх боломжгүй болно. 2003 оноос Тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авч байх хугацаандаа 2005.06.22-ны өдрөөс 2016.07.03-ны өдөр хүртэл Эрэл ХХК-д ажиллаж байсан байна.

Д.Дын өндөр насны тэтгэврийг “Нийгмийн даатгалын сангаа олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль”-ийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны 1%-аар нэмж тооцох хуулийн үндэслэл байхгүй тул Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны 2020.11.03-ны өдрийн 1112 дугаар шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзэж байна.

Иймээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

6. Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч ДУАНДХт холбогдуулан 2015.02.01-2020.12.31-ний өдөр хүртэлх хугацааны тэтгэврийн зөрүү 850,000 төгрөг нөхөн гаргуулах, 2003.05.01-2009.10.01-ний өдөр хүртэлх хугацааны тэтгэврийг 1 хувиар бодож, 940,220 төгрөг нөхөн гаргуулах, цаашид тэтгэврийн зөрүү 22,000 төгрөгийг сар бүр тооцож олгохыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

7. Анхан шатны шүүх Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3, 22 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Дын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, ...анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, давж заалдах шатны шүүх алдааг залруулах боломжгүй гэж дүгнэн, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасныг буруутгах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

8. Нэхэмжлэгч Д.Д нь 2015.02.01-ээс 2020.12.31-ний өдөр хүртэлх хугацааны тэтгэврийн зөрүү 850,000 төгрөг нөхөн гаргуулах, 2003.05.01-ээс 2009.10.01-нийг хүртэлх хугацааны тэтгэврийг 1 хувиар бодож 940,220 төгрөгийг нөхөн гаргуулах, цаашид тэтгэврийн зөрүү 22,000 төгрөгийг сар бүр тооцож олгохыг аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах гэсэн 3 шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байхад анхан шатны шүүх зөвхөн тэтгэврийн зөрүү 940,220 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, харин үлдэх 2 шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, мөн нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийг бүрэн төлөөгүй зэрэг нь тогтоогджээ.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зохигч, ...хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ, 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, ...өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан. 

10. Хариуцагч захиргааны байгууллага нь нэхэмжлэлийн хариу тайлбарыг 2020.11.03-ны өдөр шүүхэд ирүүлсэн байтал шүүх мөн өдөрт нь шүүх хуралдааныг хийж, нэхэмжлэгчийн хэрэгт цугларсан нотлох баримттай танилцах, тайлбар, татгалзал гаргах эрхийг хангалгүй хэргийг шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж давж заалдах шатны шүүх зөв дүгнэлт хийсэн байна.

Анхан шатны шүүх магадлалд заасанчлан нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, талуудын хооронд үүссэн маргааныг зөв тодорхойлж, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу цуглуулж үнэлэн, мөн хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргах нь зүйтэй юм.

11. Иймд магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн “...магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүссэн” хяналтын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

            1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.  

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь хяналтын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Х.ЭРДЭНЭСУВД

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       Н.БАЯРМАА

                                                                        Б.МӨНХТУЯА

                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ