Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 135/ШШ2023/01227

 

 

 

 

 

2023 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 135/ШШ2023/01227

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2020/01129/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 17 дугаар /Өргөө/ баг, 21 дүгээр хороолол, ** байр, ** тоотод оршин суух, утас: 99******, Б овогт Дийн Дын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар багт байрлах, утас: 77057799, 99******, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох,

2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх 59 сарын тэтгэврийн хохирол 850,000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны тэтгэврийн зөрүү 580,000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн нэмэлт өөрчлөлтийн зөрүү болох 700,000 төгрөг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохирол болох 2,221,232 төгрөгийг тус тус гаргуулах, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сар бүрийн тэтгэврийн хэмжээг 300,000 төгрөгөөр нэмэгдүүлэхийг даалгуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.Д,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувдаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна.

Миний бие нь 2003 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн чадвараа бүрэн алдаж мэргэжлээс шалтгаалах өвчнөөр тэтгэврээ тогтоолгосон. Гэтэл нийгмийн даатгал дээрх материалаа хянаж үзэхэд миний хувийн хэрэгт Засгийн газрын тогтоолын дагуу зохих өөрчлөлтийг хийгээгүй явсаар 2016, 2017 оныг дуусгасан байсан. 2016, 2017 оны эхээр хувийн хэрэгтэйгээ танилцаж задлан шинжилж үзсэний улмаас энийг өөрчилж асуудлыг шийдвэрлэж өгөөч гэж нийгмийн даатгалын газарт өргөдлөө өгсөн. Миний өргөдлийг хүлээн авах боломжгүй сарын дараа, сарын дараа гэж явсаар байгаад тодорхой хугацааг өнгөрөөсөн. Шинжээчийн дүгнэлтээр гарсан 2,221,232 төгрөгийн тухайд гэвэл би 2003 оноос хойш тэтгэвэр тогтоолгоод давхар цементийн үйлдвэрт харуул хийгээд өнөөдөр 18 жил болсон байдаг. 2006 оноос хойш давхар ажилласны 1.5 хувийг нийгмийн даатгалын газар бодоогүй хаясны зөрүү мөнгийг улсын байцаагч бодож гаргаж ирсэн. Энэ шинжээчийн дүгнэлтээр гаргаж ирсэн мөнгийг гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Мөн 700,000 төгрөгийн тухайд гэвэл нийгмийн даатгалын газар 2003 оноос хойш 2004 онд засгийн газрын 3 дугаар тогтоолоор индексжүүлээд явж байсан бол 2016 онд би 600,000-700,000 төгрөгийн тэтгэвэр авч байх байсан. Гэвч би 450,000 төгрөгийн тэтгэвэр авч байсан. Нийгмийн даатгалын газар нь цаг тухайд нь миний тэтгэврийг хуулийн дагуу нэмж байсан бол миний тэтгэвэр 2016, 2017 нэмэгдсэн байх байсан. 2014 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн итгэлцүүрээр 649 хувиар өсгөж бод гэснийг бодож өгөөгүй орхисон баримт хувийн хэрэгт нь байгаа. Дараа нь хүчингүй болчхоод байгаа заалтыг 2015 оны итгэлцүүрээр 715 дахин нэмж бод гэсэн засгийн газрын тогтоол гараад байхад бас л бодоогүй хүчингүй тогтоолоор бодсон байсан. Энэ нь аудитын шалгалтаар ч илэрсэн. Мэргэжлээс шалтгаалах өвчний тэтгэвэр чинь бараг тэтгэвэртэйгээ нийцэж явдаг. Нийгмийн даатгалын газар 15 жил намайг хохироож явсанд гомдолтой байна. Индексжүүлэлтийг ерөөсөө мөрдөөгүй. 2014 онд хүчингүй болсон хуулиар 22,000 төгрөг гэж бичсэн. 1986 оны итгэлцүүр, 1990 оны итгэлцүүр гэж байгаа. Тэр нь 2060 төгрөгөөр өсөхөөр чөлөөтэй 700,000 төгрөг нэмэгдээд байгаа. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудаасаа 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх 59 сарын тэтгэврийн хохирол 850,000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны тэтгэврийн зөрүү 580,000 төгрөг тус гаргуулах, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сар бүрийн тэтгэврийн хэмжээг 300,000 төгрөгөөр нэмэгдүүлэхийг даалгуулах шаардлагуудаас татгалзаж байна. Харин 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн нэмэлт өөрчлөлтийн зөрүү болох 700,000 төгрөгөөр сар бүрийн тэтгэврийг нэмэгдүүлэхийг даалгуулах, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохирол болох 2,221,232 төгрөгийг гаргуулах шаардлагаас дэмжиж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Иргэн Д.Дын болон аудитын гаргаж өгсөн дүгнэлт дээр үндэслээд бүх байцаагч нартайгаа сууж байгаад тэтгэврийн программ болон тэтгэврийн анхан шатны архивт хадгалагдаж байдаг хувийн хэрэгтэй нь нэг бүрчлэн эхнээс нь анх тэтгэвэр тогтоолгосон үеэс нь нарийн шалгаж тайлбараа үндэслэлтэй бичсэн гэж үзэж байгаа. Хамгийн анх Д.Д нь 2003 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс тэтгэвэрээ тогтоолгосон байдаг. Шүүхийн шатанд 3 дахь жилдээ явж байна. Иргэн Д.Д нь анх 2003 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн дагуу 26 жил 3 сартай анх тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон 2007 оны 10 сарын 01-ний өдөр хүртэл авч байгаад үргэлжлүүлэн Нийгмийн даатгалын сангаас олгох Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн дагуу 2007 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс ҮОМШӨ-ны сангаас тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авч байгаад мөн хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу өөрийн хүсэлтээр 2017 оны 01 сарын 12-ны өдөр Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа цуцалсан тухай 0105614 дугаар актын дагуу 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс ҮОМШӨ-ны тахир дутуугийн тэтгэврийг цуцалж үргэлжлүүлэн нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасны дагуу 2017 оны 02 сарын 01-ний өдрөөс сард олгох 347,872 төгрөгийн Өндөр насны тэтгэвэр тогтоолгон өнөөдрийг хүртэл авч байна. Аудитын дүгнэлтэд иргэн Д.Дт Засгийн газрын 2014 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 15 дугаар тогтоолын дагуу тэтгэвэр тогтоолгосон дундаж цалинг итгэлцүүрээр өсгөн тооцоолоогүй гэсэн тайлбарын тухайд нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2014 оны 01 дүгээр сарын 24-ны А/18 дугаар тушаалаар баталсан аргачлалд 2014 оны 02 сарын 02-ны өдөр болон түүнээс хойш шинээр тэтгэвэр тогтоолгох иргэдийн тэтгэвэр бодоход баримтлах цалин хөлс орлогыг Засгийн газрын 2014 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 15-р тогтоолоор баталсан итгэлцүүрээр бодож олгоно гэж заасан тул иргэн Д.Дын тэтгэвэр 2003 онд тогтоолгосон хуучин тэтгэвэр учраас энэхүү заалтад хамаарахгүй тул итгэлцүүрээр цалинг өсгөөгүй байна. Харин мөн дээрх тогтоолын дагуу иргэн Д.Дын тэтгэврийг 22,000 төгрөгөөр 2014 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс нэмэгдүүлэн тооцсон байна. Мөн Засгийн газрын 2015 оны 52-р тогтоолоор Засгийн газрын 2014 оны өдрийн 15-р тогтоолд нэмэлт өөрчлөлт орж 2014 оны 02 сарын 02-ны өдрөөс өмнө тогтоолгосон иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн доод хэмжээ болон цалингийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоох тухайд нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 02 сарын 12-ны А/26 дугаар тушаалын дагуу иргэн Д.Дын дундаж цалинг итгэлцүүрээр өсгөн тооцож бодоход өмнөх тэтгэврээс буурсан тул НДЕГ-ын 2015 оны А/16-р тушаалаар баталсан аргачлалын 4а-д заасны дагуу өмнө авч байсан тэтгэвэр дээр 22,000 төгрөгөөр нэмэгдүүлэн тооцож олгосон. Иймээс нэхэмжлэлийн шаардлага болон аудитын дүгнэлтэд тусгасан 1,710,908 төгрөгийн олгох хуулийн үндэслэл байхгүй байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль"- ийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Тахир дутуугийн тэтгэвэр авч байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон даатгуулагчийн тэтгэврийг хөдөлмөрийн чадвар бүрэн алдсан жил тутамд 1 хувиар бодож нэмэгдүүлнэ гэж заасан байдаг боловч Монгол улсын Дээд шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиудын зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 47 дугаар тогтоолын 2.2 Хуулийн 5 дугаар зүйлийн 3-т заасан Тахир дутуугийн тэтгэвэр авч байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон даатгуулагчийн тэтгэврийг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан жил тутамд нь 1 хувиар бодож нэмэгдүүлнэ. гэдгийг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсаны улмаас тахир дутуугийн тэтгэвэр авагч иргэн тэтгэвэр тогтоолгосноос хойш шимтгэл төлж ажилласан эсэхээс үл хамааран нэмэгдлийг авна гэж ойлгоно.

Харин тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлж, мөн зүйлийн 2-т заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгон, хөдөлмөрийн хөлсний 1.5 хувиар нэмэгдэл авч буй даатгуулагчид тахир дутуугийн тэтгэврийн нэмэгдлийг давхардуулан олгохгүй.

Иргэн Д.Д нь 2017 оны 02 сарын 01-ний нийт 39 жилээр Өндөр насны тэтгэврээ тогтоолгосон бөгөөд 20 жилээс илүү ажилласан жил болох 19 жил тутамд тэтгэвэр нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль-ийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлсөн жил тутамд 1.5 хувиар, сар тутамд 0.125 хувиар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хөдөлмөрийн хөлснөөс тооцож нэмэгдэл олгоно гэсний дагуу нэмэгдэл нь тооцож олгогдсон байна. Энэ нь Д.Дын 2004 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хойших ҮОМШӨ-ний сангаас Тахир дутуугийн тэтгэвэр авч байсан 12 жил 8 сар нь нийт ажилласан жил дээр нэмж тооцогдсон бөгөөд дээрх 1.5 хувийн нэмэгдэл орсон нийт хугацаанд багтаж байгаа тул Монгол улсын Дээд шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиудын зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 47 дугаар тогтоолын дагуу Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлж, мөн зүйлийн 2-т заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгон, хөдөлмөрийн хөлсний 1.5 хувиар нэмэгдэл авч буй даатгуулагчид тахир дутуугийн тэтгэврийн 1 хувийн нэмэгдлийг давхардуулан олгохгүй. гэсэн заалтын дагуу нэмж олгох хуулийн үндэслэл байхгүй болно. Иймд Д.Дын өндөр насны тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль-ийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны 1 хувиар нэмж тооцох хуулийн үндэслэл байхгүй болно. Нэхэмжлэл болон аудитын дүгнэлтэд тусгасан 2003.05.01-2004.06.01-ний хугацааны 1 хувийн нэмэгдэл олгоогүй гэх 441,048 төгрөгийг олгох үндэслэл байхгүй байна. гуравдугаарт нийгмийн даатгалын ерөнхий газрын 2006 оны 04 сарын 06-ны өдрийн тушаалаар баталсан Тэтгэвэр тогтоолгосон боловч 1995 оноос хойш ажил хөдөлмөр эрхлэн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн иргэдийн тэтгэврийг өөрчлөн тогтоох журмын 3 дахь хэсэгт Тэтгэврээ өөрчлүүлэхээр хүсэлт гаргасан иргэдийн тэтгэврийн хэмжээг анх тэтгэвэр тогтоолгосон цалин хөлснөөс 1.5 хувиар нэмэгдүүлэн тооцох замаар өөрчлөн тогтооно гэсэн боловч уг аргачлалын 8 дахь хэсэгт Нийгмийн даатгалын сангаас олгох ҮОМШӨ-ны тэтгэвэр тэтгэмж төлбөрийн хуулийн дагуу шимтгэл төлсөн хугацаа харгалзахгүйгээр тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосон иргэн хамаарахгүй гэж заасан тул 2006.01.01-2016.08.31-ний өдрийн хоорондох хугацааны нэмэгдэл гэх 62,436 төгрөгийг мөн олгох үндэслэлгүй байна. Дөрөвдүгээрт түүний 5 жилийн дундаж цалин сонголтын тухайд Д.Д нь 1975.08.05-2017.02.01-ны хугацаанд 39 жил 22 хоног ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 2017 оноос өмнөх 20 жилийг тооцоход 1986-1991 оны 5 жилийн цалин нь дээрх хугацаанд хамаарахгүй байна. 2003 оноос Тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авч байх хугацаандаа 2005.06.22-ны өдрөөс 2016.07.03-ны өдөр хүртэл Эрэл ХХК-д ажиллаж байсан байна. Иймээс Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 22.1 дэх хэсэгт заасныг хангахгүй байгаа тул 1986-1991 оны цалинг дахин сонгож тэтгэврээ өөрчлүүлэх боломжгүй болно. Иргэн Д.Дт Засгийн газрын тогтоолын дагуу 2015 оноос 2020 оныг хүртэлх тэтгэврийн нэмэгдлүүдийг тухай бүр олгож байсан болно. Тухайлбал Засгийн газрын 2015.02.09-ны 52 тогтоолоор 2015.02.01-нээс 22,000 төгрөгөөр нэмэгдэж 285,144 болсон. Засгийн газрын 2016.05.31-ны 292 дугаар тогтоолоор 2016.06.01-нээс 21,000 төгрөгөөр нэмэгдэж 306,144 төгрөг болсон. /ТД тэтгэвэр 2017.02.01- нээс дуусгавар болсон/ Засгийн газрын 2018.01.19-ны 16 дугаар тогтоолоор 2018.02.01 -нээс 27,000 төгрөгөөр нэмэгдэж 374,872 болсон. /Анх 2017.02.01-нээс өндөр насны тэтгэвэр 347,872 тогтоосон/ Засгийн газрын 2019.01.16-ны 26 дугаар тогтоолоор 2019.02.01-нээс 24,000 төгрөгөөр нэмэгдэж 398,872 болсон. Засгийн газрын 2020.01.22-ны 24 дүгээр тогтоолоор 2020.02.01 -нээс 30,000 төгрөгөөр нэмэгдэж 428,872 болсон. Засгийн газрын 2022.02.01-ны 63 дугаар тогтоолоор 2022.02.01-нээс 435,000 төгрөгөөс дээш тэтгэвэртэй бол 15 хувиар 435,000 төгрөгөөс доош тэтгэвэртэй бол 500,000 төгрөг болж нэмэгдсэний дагуу тэтгэвэр нь 500,000 төгрөг болсон. Засгийн газрын 2023.06.22-ны 238 дугаар тогтоолоор 2023.07.01-ны өдрөөс 500,000 төгрөгөөс 702,175 төгрөг болж нэмэгдсэн. Иймээс тус хэлтэс нь иргэн Д.Дын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх хуулийн ундэслэл байхгүй болно гэв.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хавтаст хэргийн 3, 119, 120, 217, 218 дахь тал/, иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 4 дэх тал/, Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1/574 дугаартай албан бичгийн хуулбар /хавтаст хэргийн 5 дахь тал/, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 254 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 6 дахь тал/, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 3/2573 дугаартай албан бичгийн хуулбар /хавтаст хэргийн 7 дахь тал/, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2/261 дугаартай, 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 6/285 дугаартай албан бичгүүд /хавтаст хэргийн 8-10 дахь тал/, цалингийн түүврүүд /хавтаст хэргийн 11-13 дахь тал/, Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 22 дугаартай тогтоол /хавтаст хэргийн 121 дэх тал/ зэргийг,

Хариуцагч нь хариу тайлбартай холбогдуулан нотлох баримтаар Д.Дын 172687 дугаартай тэтгэврийн хувийн хэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 32-49 дэх тал/, Д.Дын тахир дутуугийн тэтгэвэр тогтоолт, Засгийн газрын тогтоолын өөрчлөлтүүд /хавтаст хэргийн 225-231 дэх тал/, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/18 дугаартай тушаалаар батлагдсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хэмжээг шинэчлэн тогтоход баримтлах аргачлал /хавтаст хэргийн 232-233 дахь тал/, Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2006 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн тушаалаар батлагдсан Тэтгэвэр тогтоолгосон боловч 1995 оноос хойш ажил хөдөлмөр эрхлэн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн иргэдийн тэтгэврийг өөрчлөн тогтоох журам /хавтаст хэргийн 234 дэх тал/, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/26 дугаартай тушаалаар батлагдсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхэд баримтлах аргачлал /хавтаст хэргийн 235-236 дахь тал/, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 15 дугаартай, 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 52 дугаартай тогтоолууд /хавтаст хэргийн 240-241 дэх тал/ зэргийг тус тус шүүхэд ирүүлжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 22 дугаартай, 2006 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 207 дугаартай, 2007 оны 05 дугаар сарын 0-ны өдрийн 109 дугаартай, 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 153 дугаартай, 2014 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 15 дугаартай, 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 52 дугаартай тогтоолууд /хавтаст хэргийн 142-157 дахь тал/, Ц***** аудит ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 3/026 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 159-204 дэх тал/ зэргийг нотлох баримтаар шүүх бүрдүүлжээ.

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны тэтгэврийн зөрүү 850,000 төгрөг нөхөн гаргуулах, 2003 оны 05 дугаар сарын 01-ний 2009 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны тэтгэврийг 01 хувиар бодож 940,220 төгрөг нөхөн гаргуулах, цаашид тэтгэврийн зөрүү 22,000 төгрөгийг сар бүр тооцож олгохыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг анх шүүхэд гаргасан.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллаганы явцад 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны тэтгэвэрийн зөрүү 850,000 төгрөг нөхөн гаргуулах, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сар бүрийн тэтгэврийн зөрүү 22,000 төгрөг буюу 24 сарын хугацааны 580,000 төгрөг гаргуулах, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш тэтгэврийг 300,000 төгрөгөөр нэмэгдүүлэхийг Нийгмийн даатгалын хэлтэст даалгах гэж,

2023 оны 08 сарын 23-ны өдөр шаардлагаа нэмэгдүүлж тэтгэврийн зөрүү 700,000 төгрөгийг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлэх, Ц***** аудит ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийн дагуу хохирол 2,221,232 төгрөг гаргуулах гэжээ.

3. Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийнхээ шаардлагыг тодруулж 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дутуу олгосон тэтгэврийн зөрүү 700,000 төгрөгөөр тэтгэврээ нэмэгдүүлэх, 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны тэтгэврийн зөрүүг Ц***** аудит ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийн дагуу 2,221,232 төгрөг нөхөн гаргуулах шаардлагаа дэмжиж, бусад шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах эрхтэй учир шүүх нэхэмжлэлийн татгалзсан шаардлагаас бусад шаардлагын хүрээнд эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

5. Хариуцагч нь нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

6. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг тодруулж ...2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу иргэн миний үндсэн тэтгэвэрт нэмэлт өөрчлөлт орсон тул 500,000 төгрөг байсныг 700,200 төгрөг болгож өөрчлөлт хийсэн. Гэвч иргэн надад дутуу бодолт хийж тэтгэврийн зөрүүг гүйцэд бодож өгөөгүй байна. ...тэтгэвэр 500,000 төгрөг болоход миний тэтгэвэр 850,000 төгрөг болох байсан юм. 2023 оны 07 дугаар сарын нэмэлт өөрчлөлтөөр 1,400,000 төгрөг болох байсан. Иймд одоо 700,000 төгрөгийн дутуу зөрүүг нэхэмжилж байна, 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний хооронд нийт 59 сард дутуу олгосон 15,000 төгрөгөөр бодоход 850,000 төгрөг шаардсан боловч шинжээчийн дүгнэлтээр уг хугацаанд дутуу олгосон зөрүүг 2,221,232 төгрөг гэж тооцсон гэж тайлбарласан.

7. Хариуцагч нь татгалзлын үндэслэлийг ...Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2014 оны 01 дүгээр сарын 24-ний А/18 дугаар тушаалаар баталсан аргачлалд 2014 оны 02 дугаар сарын 02-ны өдөр болон түүнээс хойш шинээр тэтгэвэр тогтоолгох иргэдийн тэтгэвэр бодоход баримтлах цалин хөлс орлогыг Засгийн газрын 2014 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 15 дугаар тогтоолоор баталсан итгэлцүүрээр бодож олгоно гэж заасан, иргэн Д.Дын тэтгэвэр 2003 онд тогтоолгосон хуучин тэтгэвэр учраас энэхүү заалтад хамаарахгүй тул итгэлцүүрээр цалинг өсгөөгүй байна. Харин мөн дээрх тогтоолын дагуу иргэн Д.Дын тэтгэврийг 22,000 төгрөгөөр 2014 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс нэмэгдүүлэн тооцсон байна. Мөн Засгийн газрын 2015 оны 52 дугаар тогтоолоор Засгийн газрын 2014 оны өдрийн 15 дугаар тогтоолд нэмэлт өөрчлөлт орж 2014 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө тогтоолгосон иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн доод хэмжээ болон цалингийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоох тухайд Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 12-ны А/26 дугаар тушаалын дагуу иргэн Д.Дын дундаж цалинг итгэлцүүрээр өсгөн тооцож бодоход өмнөх тэтгэврээс буурсан тул Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2015 оны А/16 дугаар тушаалаар баталсан аргачлалын 4а-д заасны дагуу өмнө авч байсан тэтгэвэр дээр 22,000 төгрөгөөр нэмэгдүүлэн тооцож олгосон. Иймээс нэхэмжлэлийн шаардлага болон аудитын дүгнэлтэд тусгасан 1,710,908 төгрөгийг олгох хуулийн үндэслэл байхгүй байна. Д.Д нь 1975 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 01-ний хугацаанд 39 жил 22 хоног ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 2017 оноос өмнөх 20 жилийг тооцоход 1986 оноос 1991 оны 05 жилийн цалин нь дээрх хугацаанд хамаарахгүй байна. 2003 оноос Тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авч байх хугацаандаа 2005 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүртэл Эрэл ХХК-д ажиллаж байсан байна. Иймээс Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 22.1 дэх хэсэгт заасныг хангахгүй байгаа тул 1986 оноос 1991 оны цалинг дахин сонгож тэтгэврээ өөрчлүүлэх боломжгүй болно. Иргэн Д.Дт Засгийн газрын тогтоолын дагуу 2015 оноос 2020 оныг хүртэлх тэтгэврийн нэмэгдлүүдийг тухай бүр олгож байсан тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж тайлбарласан.

8. Хэрэгт авагдсан Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоосон актаар 2003 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар нэг жилийн хугацаагаар тогтоож байгаад 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа цуцалсан тухай актаар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон үндэслэлээр 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг цуцалсан, мөн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс өндөр насны тэтгэвэр авч эхэлсэн зэрэг нь тогтоогдож байгаа бөгөөд нийт 39 жил 22 өдрөөр шимтгэл төлсөн жилийг тодорхойлсон байна.

9. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 30 дугаар зүйлд Амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулан тэтгэврийн хэмжээг өөрчлөх индексийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар тогтооно гэж заасны дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2014 оны 01 дүгээр сарын 24-ний А/18 дугаар тушаалаар баталсан аргачлалд 2014 оны 02 дугаар сарын 02-ны өдөр болон түүнээс хойш шинээр тэтгэвэр тогтоолгох иргэдийн тэтгэвэр бодоход баримтлах цалин хөлс орлогыг Засгийн газрын 2014 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 15 дугаар тогтоолоор баталсан итгэлцүүрээр бодож олгоно гэж заасан боловч Д.Д нь 2003 оноос тэтгэвэр тогтоолгосон энэхүү заалтад хамаарахгүй үндэслэлээр итгэлцүүрээр цалинг өсгөөгүй тогтоолын дагуу 22,000 төгрөгөөр 2014 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс нэмэгдүүлэн тооцсон байна.

10. Мөн Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Засгийн газрын Тэтгэвэрийн хэмжээг нэмэгдүүлэх тухай 52 дугаар тогтоолоор 2014 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэвэрийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн доод хэмжээ болон цалингийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоох тухай Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 12-ны А/26 дугаар тушаалын дагуу иргэн Д.Дын дундаж цалинг итгэлцүүрээр өсгөн тооцож бодоход өмнөх тэтгэврээс буусан үндэслэлээр Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2015 оны А/16 дугаар тушаалаар баталсан аргачлалын 4а-д заасны дагуу өмнө авч байсан тэтгэвэр дээр 22,000 төгрөгөөр нэмэгдүүлэн тооцсон байна.

11. Нэхэмжлэгч Д.Д нь шүүх хуралдаанд хариуцагч Нийгмийн даатгалын хэлтэс нь энэ талаар надад мэдэгдээгүй, тэтгэврийн материалтай танилцуулж байгаагүй одоо шүүх дээр танилцаж байгаа талаар тайлбар гаргасан.

12. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр Д.Дын 2003 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн чадвар 70 хувиар алдаж тэтгэвэр тогтоолгосноос хойш одоог хүртэл хугацааны тэтгэврийг Засгийн газраас баталсан тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн доод хэмжээ болон цалингийн итгэлцүүрээр шинэчлэн тогтоох тухай тогтоолын дагуу тухай бүр өөрчлөлт оруулан бодож байсан эсэх талаар шинжээч томилуулах хүсэлтийг хангаж, шинжээчээр Ц***** аудит ХХК-ийг томилсны дагуу 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Хараат бус аудиторын дүгнэлтийг ирүүлсэн байна. /хавтаст хэргийн 159-204 дэх тал/

13. Хэдийгээр шүүгчийн захирамжид заасны дагуу шинжээчийн дүгнэлт ирүүлсэн боловч Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Тахир дутуугийн тэтгэвэр авч байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон даатгуулагчийн тэтгэврийг хөдөлмөрийн чадвар бүрэн алдсан жил тутамд 1 хувиар бодож нэмэгдүүлнэ гэсэн хуулийн заалтын дагуу тэтгэвэр нэмэгдүүлэн олгох талаар дүгнэлтдээ тусгасан боловч тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлж, мөн зүйлийн 2-т заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгон, хөдөлмөрийн хөлсний 1.5 хувиар нэмэгдэл авч буй даатгуулагчид тахир дутуугийн тэтгэврийн нэмэгдлийг давхардуулан олгохгүй гэсэн уг зүйл заалтыг тайлбарласан Улсын Дээд шүүхийн тайлбарыг уг дүгнэлтдээ хэрхэн тусгасан нь тодорхойгүй шинжээчийн дүгнэлт нь тодорхой бус байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

14. Нэхэмжлэгч Д.Дын тэтгэврийг Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ний 52 дугаар тогтоолын дагуу 22,000 төгрөгөөр нэмэгдэж 285,144 төгрөг, Засгийн газрын 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 292 дугаар тогтоолоор 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 21,000 төгрөгөөр нэмэгдэж 306,144 төгрөг, Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 16 дугаар тогтоолоор 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 24,000 төгрөгөөр нэмэгдэж 374,852 төгрөг, Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 28 дугаар тогтоолоор 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 24,000 төгрөгөөр нэмэгдэж 398,872 төгрөг, Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор 2020 оны 02 оны 01-ний өдрөөс 30,000 төгрөгөөр нэмэгдэж 428,872 төгрөг, Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 63 дугаар тогтоолоор 2022 оны 02 оны 01-ний өдрөөс 435,000 төгрөгөөс дээш тэтгэвэртэй бол 15 хувиар, 435,000 төгрөгнөөс доош тэтгэвэртэй бол 500,000 төгрөг болж нэмэгдсэний дагуу тэтгэвэр нь 500,000 төгрөг, Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 22-ны 238 дугаар тогтоолоор 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 702,175 төгрөг болж нэмэгдсэн байна.

Иймд нэхэмжлэгч Д.Дын тэтгэврийг Засгийн газрын тухай бүр гарч байсан тогтоолтой уялдуулан нэмж байсан болох нь тогтоогдож байх тул Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 52 тогтоолоор өөрчлөлт ороод 1986 оноос 1990 цалингийн түүврийг өгөөд байхад тэтгэврийг уг тогтоолын дагуу итгэлцүүрээр 715 дахин өсгөж бодож нэмж өгөөгүй шууд амьжиргааны түвшингээр бодож олгосноос болж тэтгэвэр өнөөдөр 1,400,000 төгрөг байх ёстой байсан зөрүү 700,000 төгрөгөөр тэтгэврээ нэмэгдүүлэхээр гаргасан шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

15. Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2-т Тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлсөн жил тутамд 1.5 хувиар, сар тутамд 0.125 хувиар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хөдөлмөрийн хөлснөөс тооцож нэмэгдэл олгоно, 3-т Тахир дутуугийн тэтгэвэр авч байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон даатгуулагчийн тэтгэврийг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан жил тутамд нь 1 хувиар бодож нэмэгдүүлнэ гэж тус тус заажээ.

16. Дээрх зүйл заалтыг тайлбарласан Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиудын зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай тогтоолын 2-т ...тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлж, мөн зүйлийн 2-т заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгон, хөдөлмөрийн хөлсний 1.5 хувиар нэмэгдэл авч буй даатгуулагчид тахир дутуугийн тэтгэврийн нэмэгдлийг давхардуулан олгохгүй гэж тайлбарлажээ.

17. Нэхэмжлэгч Д.Д нь 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр нийт 39 жилээр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон бөгөөд 20 жилээс илүү ажилласан жил болох 19 жил тутамд тэтгэвэр нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2-т заасны дагуу 20 жилээс илүү төлсөн жил тутамд 1.5 хувиар тооцож нэмэгдэл олгогдсон байна.

Иймд тахир дутуугийн тэтгэврийн 1 хувийн нэмэгдлийг давхардуулан олгохгүй гэсэн заалтын дагуу нэмж олгох үндэслэлгүй байна.

18. Нэхэмжлэгч Д.Д нь Эрэл ХХК-ийн Дархан салбарын цементийн үйлдвэрт 2006 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарыг дуусталх хугацаанд шимтгэл төлж ажилласан болох нь нийгмийн даатгалын шимтгэлийн архивын лавлагаагаар тогтоогдож байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2006 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн тушаалаар баталсан тэтгэвэр тогтоолгосон боловч 1995 оноос хойш ажил хөдөлмөр эрхлэн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн иргэдийн тэтгэвэрийг өөрчлөн тогтоох журам-ын 3 дахь хэсэгт тэтгэврээ өөрчлүүлэхээр хүсэлт гаргасан иргэдийн тэтгэврийн хэмжээг анх тэтгэвэр тогтоолгосон цалин хөлснөөс 1.5 хувиар нэмэгдүүлэн тооцох замаар өөрчлөн тогтооно гэсэн боловч уг аргачлалын 8 дахь хэсэгт Нийгмийн даатгалын сангаас олгох Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний тэтгэвэр тэтгэмж төлбөрийн хуулийн дагуу шимтгэл төлсөн хугацаа харгалзахгүйгээр тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосон иргэн хамаарахгүй гэж заасан байх тул нэхэмжлэгч Д.Дын 2003 оноос тэтгэвэр тогтоолгоод давхар харуул хийгээд 18 жил ажилласны хөлсийг 1.5 хувиар бодож олгох тогтоолын дагуу бодож олгоогүй 10 жилийн тэтгэврийн зөрүү 2,221,232 төгрөг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3, 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дутуу олгосон тэтгэврийн зөрүү 700,000 төгрөгөөр тэтгэврээ нэмэгдүүлэх, 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны тэтгэврийн зөрүүг Ц***** аудит ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийн дагуу 2,221,232 төгрөг нөхөн гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 117,720 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА