Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 135/ШШ2020/01112

 

 

2020 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 135/ШШ2020/01112

Дархан-Уул аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2020/01129/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн ..... тоотод оршин суух Б овогт Д.Д /РД:....../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн ............. холбогдох,

 

"Тэтгэврийн зөрүү 940,220 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2003 оны 05 сарын 01-ний өдөр мэргэжлээс шалтгаалах өвчний учир групп тогтоолгосон. 2017 оны 02 сарын 01-ний өдөр хугацаа дуусгавар болж 2017 оны 02 сарын 01-ний өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор МУЗГ-ын 2015 оны 02 сарын 09-ний өдрийн 52 дугаартай Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай тогтоол, 2014 оны 02 сарын 02-ны өдрөөс өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийг Тэтгэврийн хэмжээ нэмэгдүүлэх, тэтгэврийн доод хэмжээ болон цалингийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоох тухай тогтоол, 2014 оны 01 сарын 18-ны өдрийн 15 дугаартай тогтоолын хавсралтаар баталсан тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрээр шинэчлэн тогтоох, тэтгэврийн хэмжээ нь одоо авч байгаа тэтгэврийн хэмжээнээс бага байгаа тохиолдолд тэтгэврийг урьд авч байсан тэтгэврийн хэмжээгээр тогтоох гэсэн заалтын дагуу тэтгэврийн хэмжээг шинэчлэн тогтоолгох хүсэлтийг 2017 оны 01 сарын 15-нд Дархан-Уул аймгийн ......гаргасан. Тасгийн дарга байсан Б хүсэлтийг авч үзээд .... 1 сарын хугацаатай шалгалт ирсэн. 1 сар болоод ирээрэй тэтгэврийн нэмэлт мөнгийг нөхөн олгоно гэж хэлсэн. Ингээд 2017 оны 03 сард очтол нөгөө тэтгэврийн зөрүүг хяналтын байцаагч Л шийдвэрлэх гэсэн боловч хангамжийн газар ажиллаж байсан тушаал байхгүй байна гээд тэтгэврийн зөрүү бодож өгөх асуудлыг хойшлуулсан. Ингээд 2017 оны 4-9 сар хүртэл хугацаанд хүлээлтийн байдалтай явсаар өдий хүрч хугацаа алдсан. Улмаар энэ тухай ......... Г, ........ Г, ...... С зэрэг хүмүүс боломжгүй гэсэн хариу өгсөн. Харин Дархан-Уул аймгийн ....... Б гомдол гаргагч иргэн Д олон удаа чирэгдүүлсэн буруутай гэсэн дүгнэлтийг Дархан-Уул аймгийн ..... хүргүүлж байсан болно. Иймд Засгийн газрын 2015 оны 02 сарын 09-ний өдрийн 52 дугаартай тогтоолын дагуу олгогдох байсан 2015.02.01-2020.12.31-ний хугацааны тэтгэврийн зөрүү 850,000 төгрөг нөхөн гаргуулж цаашид сар бүр тэтгэврийн зөрүүг нэмж олгохыг Дархан-Уул аймгийн ....... өгөх. Мөн ........ тухай хуулийн хоёрдугаар бүлгийн 5 дугаар зүйлийн 3 дахь заалтын дагуу өвчний учир групп тогтоолгосон, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тохиолдолд тэтгэвэрт хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан 2003 оны 05 сарын 01-нээс 2009 оны 10 сарын 01-нийг хүртэл хохирсон тэтгэврийг жил тутамд 1 хувиар бодож 90,220 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Дархан-Уул аймгийн ...... шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Д.Д нь анх 2003.05.01-нээс .......олгох Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр тэтгэмж, төлбөрийн тухай хууль-ийн 5 дугаар зүйлд заасны дагуу 26 жил 3 сартай анх тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авч байгаад өөрийн хүсэлтээр 2017 оны 01 сарын 12-ны өдөр Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа цуцалсан тухай 0105614 дугаар актын дагуу 2017.02.01-ний өдрөөс ҮОМШӨ-ны тахир дутуугийн тэтгэврийг цуцалсан байна.

Иргэн Д.Д нь ........ тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасны дагуу 2017 оны 02 сарын 01-ний өдрөөс сард олгох 347,872 төгрөгийн Өндөр насны тэтгэвэр тогтоолгон авсан байна.

Иргэн Д.Д Засгийн газрын тогтоолын дагуу 2015 оноос 2020 оныг хүртэлх хугацааны тэтгэврийн нэмэгдлүүдийг тухай бүр олгож байсан болно. Тухайлбал:

- Засгийн газрын 2015.02.09-ний өдрийн 52 тоот тогтоолоор 2015.02.01-нээс 22000 төгрөгөөр нэмэгдэж 285144 болсон.

- Засгийн газрын 2016.05.31-ний өдрийн 292 дугаар тогтоолоор 2016.06.01-нээс 21000 төгрөгөөр нэмэгдэж 306144 төгрөг болсон. /ТД тэтгэвэр 2017.02.01-нээс дуусгавар болсон/

- Засгийн газрын 2018.01.19-ний өдрийн 16 дугаар тогтоолоор 2018.02.01-нээс 27000 төгрөгөөр нэмэгдэж 374872 болсон. /Анх 2017.02.01-нээс өндөр насны тэтгэвэр 347872 тогтоосон/

- Засгийн газрын 2019.01.16-ны өдрийн 26 дугаар тогтоолоор 2019.02.01-нээс 24000 төгрөгөөр нэмэгдэж 398872 болсон.

- Засгийн газрын 2020.01.22-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор 2020.02.01-нээс 30000 төгрөгөөр нэмэгдэж 428872 болсон.

Иймээс Засгийн газрын 2015 оны 52 дугаартай тогтоолын дагуу тэтгэврийн нэмэгдэл нь үнэн зөв нэмэгдэж олгогдсон байгаа тул нөхөн олгох үндэслэл байхгүй болно.

Мөн иргэн Д.Д нь ....... олгох Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль-ийн дагуу 2003 оны 5 сараас 2017 оны 02 сарыг хүртэл тахир дутуугийн тэтгэвэр авч байгаад 2017 оны 02 сарын 01-нээс өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон одоог хүртэл авч байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль-ийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Тахир дутуугийн тэтгэвэр авч байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон даатгуулагчийн тэтгэврийг хөдөлмөрийн чадвар бүрэн алдсан жил тутамд 1 хувиар бодож нэмэгдүүлнэ гэж заасан байдаг боловч Монгол улсын Дээд шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиудын зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 47 дугаар тогтоолын 2.2-т хуулийн 5 дугаар зүйлийн 3-т заасан Тахир дутуугийн тэтгэвэр авч байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон даатгуулагчийн тэтгэврийг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан жил тутамд нь 1 хувиар бодож нэмэгдүүлнэ гэдгийг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсаны улмаас тахир дутуугийн тэтгэвэр авагч иргэн тэтгэвэр тогтоолгосноос хойш шимтгэл төлж ажилласан эсэхээс үл хамааран нэмэгдлийг авна гэж ойлгоно.

Харин тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлж, мөн зүйлийн 2-т заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгон, хөдөлмөрийн хөлсний 1.5 хувиар нэмэгдэл авч буй даатгуулагчид тахир дутуугийн тэтгэврийн нэмэгдлийг давхардуулан олгохгүй.

Иргэн Д.Д нь 2017 оны 02 сарын 01-нд нийт 39 жилээр Өндөр насны тэтгэврээ тогтоолгосон бөгөөд 20 жилээс илүү ажилласан жил болх 19 жил тутамд тэтгэвэр нь ...... олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль-ийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлсөн жил тутамд 1.5 хувиар, сар тутамд 0.125 хувиар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хөдөлмөрийн хөлснөөс тооцож нэмэгдэл олгоно гэсний дагуу нэмэгдэл нь тооцогдож олгогдсон байна.

Энэ нь Д.Д 2004.06.01-ний өдрөөс хойшхи ҮОМШӨ-ний сангаас Тахир дутуугийн тэтгэвэр авч байсан 12 жил 8 сар нь нийт ажилласан жил дээр нэмж тооцогдсон бөгөөд дээрх 1.5 хувийн нэмэгдэл орсон нийт хугацаанд багтаж байгаа тул Монгол улсын Дээд шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиудын зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 47 дугаар тогтоолын дагуу Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлж, мөн зүйлийн 2-т заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгон, хөдөлмөрийн хөлсний 1.5 хувиар нэмэгдэл авч буй даатгуулагчид тахир дутуугийн тэтгэврийн 1 хувийн нэмэгдлийг давхардуулан олгохгүй гэсэн заалтын дагуу нэмж олгох хуулийн үндэслэл байхгүй болно.

Иймд Д.Д өндөр насны тэтгэврийг .......гаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль-ийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 хувиар нэмж тооцох хуулийн үндэслэл байхгүй болно гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч Дархан-Уул аймгийн ........холбогдуулан тэтгэврийн зөрүү 940,220 төгрөг гаргуулахаар шаардлага гаргажээ.

Шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодруулж Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 02 сарын 09-ний өдрийн 52 дугаар тогтоолд заасны дагуу олгогдох байсан тэтгэврийн зөрүүг 2015 оны 02 сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар тооцож 850,000 төгрөг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу өндөр насны тэтгэврийг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан жил тутамд нь 1 хувиар бодож нэмэгдүүлэх бөгөөд 2003 оны 05 сарын 01-ний өдрөөс 2009 оны 10 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаагаар тооцож 90,220 төгрөг, нийт 940,220 төгрөг нэхэмжилж байна гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч Дархан-Уул аймгийн ...........дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 52 тоот тогтоол нь тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай тогтоосон тогтоол бөгөөд энэхүү тогтоолын дагуу нэмэгдлийг Б.Д олгосон, Улсын дээд шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиудын зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолоор тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлж, өндөр насны тэтгэвэр тогтоолгон хөдөлмөрийн хөлсний 1,5 хувиар нэмэгдэл авч байгаа даатгуулагчид тахир дутуугийн тэтгэврийн нэмэгдлийг давхардуулан олгохгүй гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч Б.Д 19 жилийн илүү төлөлтөндөө 1,5 хувийн нэмэгдэл авч байгаа тул дахин 1 хувиар тооцож нэмэгдэл олгох боломжгүй гэж тайлбарладаг болно.

Хэрэгт авагдсан Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоосон актаар 2003 оны 05 сарын 01-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар 1 жилийн хугацаагаар тогтоож, 2003 оны 05 сарын 01-ний өдрөөс тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авч байгаад 2017 оны 01 сарын 12-ны өдрийн Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа цуцалсан тухай актаар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон үндэслэлээр 2017 оны 02 сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг цуцалсан, мөн 2017 оны 01 сарын 23-ны өдрийн тэтгэвэр тогтоолтын хуудсаар 2017 оны 02 сарын 01-ний өдрөөс өндөр насны тэтгэвэр авч эхэлсэн зэрэг нь тогтоогдож байгаа бөгөөд нийт 39 жил 22 өдрөөр шимтгэл төлсөн жилийг тодорхойлсон байна.

 

Нэхэмжлэгч Б.Д нь Засгийн газрын 2015 оны 02 сарын 09-ний өдрийн 52 дугаартай тогтоолоор даатгуулагчдад ...... олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосон хугацаа болох 2003 оны 05 сарын 01-ний өдрөөс өмнөх 20 жилийн хугацаагаар тооцож, 1986 оноос 1991 он хүртэлх дараалсан 5 жилийн хөдөлмөрийн хөлснөөс тооцох боломжийг олгосон байхад нийгмийн даатгалын байгууллага үүнийг хүлээж аваагүй, зохих мэдээллийг надад өгөөгүй тул тэтгэврийн зөрүүг шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.

 

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 30 дугаар зүйлд Амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулан тэтгэврийн хэмжээг өөрчлөх индексийг нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар тогтооно гэж заасны дагуу 2015 оны 02 сарын 09-ний өдрийн Засгийн газрын Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай 52 дугаар тогтоолоор 2014 оны 02 сарын 02-ны өдрөөс өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийг Засгийн газрын 2014 оны 01 сарын 18-ны өдрийн 15 дугаар тогтоолын хавсралтаар баталсан тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрээр шинэчлэн тогтоох, ийнхүү шинэчлэн тогтоосны дараах 500,000 хүртэлх төгрөгийн тэтгэврийг 22,000 төгрөгөөр8 500,000 болон түүнээс дээш төгрөгийн тэтгэврийг 20,000 төгрөгөөр тус тус нэмгдүүлэн тооцож олгохоор шийдвэрлэсэн байна.

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дээрх тогтоолын дагуу нэхэмжлэгч Д.Д авч байсан тэтгэврийн хэмжээ 2015 оны 02 сарын 01-ний өдрөөс 22,000 төгрөгөөр нэмэгдсэн байгаа бөгөөд энэхүү нэмэгдлийг тооцож олгосон тооцооны талаар нэхэмжлэгч маргаагүй байна.

Харин Засгийн газрын дээрх тогтоолоор тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг тооцох дараалсан 5 жилийг сонгож, тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтоолгох боломжийг даатгуулагчид олгосон гэж тайлбарладаг боловч энэхүү тайлбар үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл дээрх тогтоол нь тэтгэврийн нэмэгдлийг тогтоосон бөгөөд энэ үед нэхэмжлэгч тахир дутуугийн тэтгэвэр авч байсан байна.

Нөгөө талаар нэхэмжлэгч Б.Д нь тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосон хугацаа болох 2003 оны 05 сарын 01-ний өдрөөс өмнөх 20 жилийн хугацааны доторх дараалсан 5 жилийн цалин хөлснөөс тэтгэврийг тооцуулах боломжтой гэж тайлбарлаж байгаа боловч Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх хугацаанаас тооцохоор заажээ.

Хэрэгт авагдсан Д.Д тэтгэврийн хувийн хэргийн материалд авагдсан шимтгэл төлсөн жилийн тодорхойлолтоор 1975 оны 08 сарын 05-ны өдрөөс 2017 оны 02 сарын 01-ний өдрийг хүртэл нийт 39 жил 22 хоногийг шимтгэл төлсөн жилээр тооцсон байгаа бөгөөд дээрх хуульд зааснаар 2017 оноос өмнөх 20 жилийг тооцоход нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа 1986 оноос 1991 он хүртэлх хугацаа хамаарахгүй байна.

Иймд тэтгэврийн зөрүү 850,000 төгрөгийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Мөн нэхэмжлэгч Б.Д нь 2003 оны 05 сарын 01-ний өдрөөс тахир дутуугийн тэтгэвэр авч байгаад 2017 оны 02 сарын 01-ний өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тэтгэврээ хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан буюу 70 хувь түүнээс алдсан жил тутамд 1 хувиар бодож нэмэгдүүлэх ёстой гэх үндэслэлээр энэхүү нэмэгдэлд 90,220 төгрөгийг шаардаж байгаа болно.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2-т Тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлсөн жил тутамд 1,5 хувиар, сар тутамд 0,125 хувиар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хөдөлмөрийн хөлснөөс тооцож нэмэгдэл олгоно, 3-т Тахир дутуугийн тэтгэвэр авч байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон даатгуулагчийн тэтгэврийг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан жил туламд нь 1 хувиар бодож нэмэгдүүлнэ гэж тус тус заажээ.

 

Талуудын тайлбар хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Д.Д нь нийт 39 жил 22 хоног шимтгэл төлж ажилласнаар тооцогдсоны дагуу дээрх хуулийн 5 дугаар зүйлийн 2-т заасан нэмэгдлийг авдаг болох нь тогтоогдож байгаа бөгөөд энэхүү нэмэгдлийн тооцооны хувьд маргаагүй байна.

Харин 5 дугаар зүйлийн 3-т заасан 1 хувийн нэмэгдлийг мөн адил олгох ёстой гэж тайлбарлаж байгаа боловч даатгуулагч дээрх нэмэгдлүүдийг давхардуулан авах зохицуулалт хуульчлагдаагүй байна.

Мөн Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 11 сарын 25-ны өдрийн Нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиудын зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай тогтоолын 2.2-т ...тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлж, мөн зүйлийн 2-т заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгон, хөдөлмөрийн хөлсний 1,5 хувиар нэмэгдэл авч буй даатгуулагчид тахир дутуугийн тэтгэврийн нэмэгдлийг давхардуулан олгохгүй гэж тайлбарлажээ.

Иймд хариуцагч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагын талаарх татгалзал нь үндэслэлтэй байна гэж дүгнэж байна.

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Д.Д хариуцагч Дархан-Уул аймгийн ..... холбогдуулан гаргасан, нийт 940,220 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3, 22 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан Д.Д хариуцагч Дархан-Уул аймгийн ....... холбогдуулан гаргасан, 940,220 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,120 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ