Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 142/2020/00592/И |
Дугаар | 001/ХТ2022/00901 |
Огноо | 2022-10-04 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 001/ХТ2022/00901
“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 142/ШШ2020/00714 дүгээр шийдвэр,
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 207/МА2020/00103 дугаар магадлалтай,
“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
О, О ЗДТГт тус тус холбогдох,
Санхүүжилтийн үлдэгдэл төлбөрт 1,313,446,860 төгрөг гаргуулах, улсын комисс ажиллуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттүвшингийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч О, О ЗДТГт холбогдуулан санхүүжилтийн үлдэгдэл төлбөрт 1,313,446,860 төгрөг гаргуулах, улсын комисс ажиллуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 142/ШШ2020/00714 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч О, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газраас 1,313,446,860 төгрөг гаргуулан “С” ХХК-д олгож, Улсын комисс ажиллуулахыг хариуцагч нарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,725,185 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч О, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газраас 6,725,185 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “С” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
3. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 207/МА2020/00103 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 142/ШШ2020/00714 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттүвшингийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттүвшин давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттүвшин хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй О, Засаг даргын Тамгын газарт холбогдох санхүүжилтийн үлдэгдэл төлбөр 1,040,663,278 төгрөг, алданги 272,783,582 төгрөг гаргуулах, улсын комисс ажиллуулахыг даалгах тухай тус тус нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч О, Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.08.27-ны өдрийн 103 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүхээс О ЗДТГ болон “С” ХХК-ийн хооронд 2017.06.29-ний өдөр байгуулсан “Орхон аймаг МОН-2301 төслөөр баригдсан цэвэр усны шугамын 2-р эх үүсвэр /1-р хэсэг/ ажлын захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан” БЗА-151/17 дугаартай хэлцлийн гэрээний 5.2-т заасан “...ажлын явц үе шатанд захиалагчийн хяналтыг тогтмол тавьж талбайн журналд тэмдэглэл хөтөлж ил далд ажлын актыг хянан баталгаажуулна”, 5.3-т заасан “...далд ажлыг далдлах талаар гүйцэтгэгчээс өгсөн мэдэгдлийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор захиалагч үзээгүй бол гүйцэтгэгч ажлыг үргэлжлүүлэх бөгөөд ажил далдлагдсаны дараа дахин үзэх шаардлага гарсан тохиолдолд түүнтэй холбогдон гарах зардлыг захиалагч хариуцна” гэсэн үүргээ хэрэгжүүлээгүй байна хэмээн дүгнэсэн. Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.3-т “...далд ажлыг далдлах талаар гүйцэтгэгчээс өгсөн мэдэгдлийг хүлээн авснаас хойш...” хэмээн заасан. Гэвч нэхэмжлэгч “С” ХХК-аас дээрх мэдэгдлийг хариуцагчид гаргаж өгч байгаагүй бөгөөд энэ талаар хэрэгт авагдсан нотлох баримт байхгүй. Гэтэл давж заалдах шатны шүүх хэрэгт байхгүй баримтыг байгаа мэтээр дүгнэж, хэт нэг талыг барьж нэхэмжлэгч талд давуу байдал үүсгэн хэргийг шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлгүй юм. Иймд Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.08.27-ны өдрийн 103 дугаар магадлалыг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
6. Нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч О, Засаг даргын тамгын газарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1,313,446,860 төгрөг гаргуулах, улсын комисс ажиллуулахыг хариуцагч нарт даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гарган, үндэслэлийг ...захиалагч нь хүндэтгэх шалтгаангүйгээр улсын комисс ажиллуулаагүй, үлдэгдэл санхүүжилтийг олгохгүй байна. ...энэ асуудлаар удаа дараа хандсан боловч тодорхой шийдвэр гаргахгүй өнөөдрийг хүрсэн. ...одоо үлдэгдэл төлбөрийн 1,040,663,278 төгрөг, гэрээний 4.7-д зааснаар алдангид 272,783,582 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, улсын комисс ажиллуулахыг даалгаж өгнө үү гэснийг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
7. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.2-т заасныг баримтлан хариуцагч О, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газраас гэрээний үүрэгт 1,313,446,860 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “С” ХХК-д олгон, Улсын комисс ажиллуулахыг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
8. Хоёр шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул шийдвэр, магадлалд зохих өөрчлөлтийг оруулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.3-т “...далд ажлыг далдлах талаар гүйцэтгэгчээс өгсөн мэдэгдлийг хүлээн авснаас хойш...” гэж заасан, ...“С” ХХК-аас дээрх мэдэгдлийг хариуцагчид гаргаж өгч байгаагүй, энэ талаарх баримт хэрэгт байхгүй. ...давж заалдах шатны шүүх ...хэт нэг талыг барьж нэхэмжлэгч талд давуу байдал үүсгэж хэргийг шийдвэрлэсэн. ...магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй.
10. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд “С” ХХК нь Орхон аймгийн Засаг даргын тамгын газраас зарласан орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх, МОН-2301 төслөөр баригдах цэвэр усны шугамын 2-р эх үүсвэр /1-р хэсэг/ ОР-02/2017 ажлыг 4,449,189,922 төгрөгийн төсөвт өртөгтэй хийхээр шалгарч, 2017.06.29-ний өдөр О, О ЗДТГтай гэрээ байгуулсан байх ба гэрээ байгуулагдсанаас хойш “санхүүжилт олгогдоогүй он дамжсан, ажлын зургийн трасст өөрчлөгдсөн” гэх шалтгаанаар гэрээнд 2 удаа өөрчлөлт орж, ашиглалтад оруулах хугацааг 2019.12.20-ны өдөр хүртэл сунгасан, мөн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр 2019 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гэрээний үнийн дүнг 1,062,271,281 төгрөгөөр нэмж санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн байна.
11. Нэхэмжлэгч “С” ХХК нь барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийн дагуу эхний хэсгийн ажлыг 2017 оны 07 дугаар сард эхлүүлж, 2017 оны 11 дүгээр сард туршилт тохируулгын ажлыг дуусган 2018 оны 05 дугаар сард ашиглалтад хүлээлгэж өгсөн, 2 дахь хэсгийн ажлыг 2018 оны 05 дугаар сард эхлүүлэн 2019 оны 10 дугаар сард дуусгаж, туршилт тохируулгын ажлыг хийж гүйцэтгэн ашиглалтад оруулсан байх ба захиалагч талаас 2019.11.13-ны өдөр урьдчилсан үзлэгийн комисс ирж газар дээр нь ажиллан, хяналт шалгалт хийхдээ урьдчилсан үзлэгээр зөрчил дутагдал илэрсэн гэх шалтгаанаар улсын комисс томилоогүй, ажлыг хүлээж аваагүй байна.
12. Хариуцагчаас ...”С” ХХК нь барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлт, түүнд хавсаргах холбогдох баримт бичгийг эрх бүхий байгууллагад гаргаагүй, санхүүжилтийн үлдэгдэл төлбөрийг барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авсан комиссын акт, захиалагчийн хянаж баталгаажуулсан гүйцэтгэл, туршилт болон ил далд ажлын акт, холбогдох бичиг баримтыг үндэслэж олгохоор гэрээнд заасан... гэж маргах боловч захиалагч нь 2018 оны 05 дугаар сард эхний хэсгийн ажлыг хүлээж авсны дараа цэвэр ус, дулааны шугамд орон сууц, цэцэрлэг, авто засварын газар зэрэг байгууллагуудыг холбон ашиглуулж, тэдгээр байгууллагуудын төлсөн ашиглалтын зардал нь орон нутгийн орлогод орж байгаа зэрэг үйл баримтууд тогтоогджээ.
13. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, 342.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна, 351 дүгээр зүйлийн 351.1-д Захиалагч дараах үүрэг хүлээнэ: ...351.1.2.гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах;, 351.2-т Захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй бол түүнийг тухайн ажлын үр дүнг хүлээн авсан гэж тооцно гэж тус тус зааснаар хариуцагч Засаг дарга болон Засаг даргын тамгын газар нь ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах, гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл хөлсийг төлөх үүрэгтэй байна.
14. Хоёр шатны шүүх ...талуудын хооронд байгуулсан гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3.-д ...үлдэгдэл санхүүжилтийн ажлыг ашиглалтад хүлээн авсан комиссын акт, захиалагчийн хянаж, баталгаажуулсан гүйцэтгэл, туршилт болон ил далд ажлын акт, холбогдох бичиг баримтыг үндэслэж олгоно гэж заасан боловч захиалагч энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр улсын комисс ажиллуулаагүй, үлдэгдэл санхүүжилтийг олгоогүй нь буруу, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх заалт болон гэрээний 6 дугаар зүйлийн 6-д зааснаар ажлаа чанартай, хугацаандаа гүйцэтгэсэн тохиолдолд ажлын гүйцэтгэлийн зардлыг шаардан авах эрхтэй гэж дүгнэн, хариуцагч нараас гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөрийн 1,040,663,278 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, Улсын комисс ажиллуулахыг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн дээрх зохицуулалтуудад нийцжээ.
15. Харин, нэхэмжлэгч нь ...хариуцагч үлдэгдэл төлбөрийг хугацаандаа төлөөгүй, улсын комисс ажиллуулаагүй гэж марган, гэрээний 4.7-д зааснаар алдангид 272,783,582 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хоёр шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй, маргаанд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.
16. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ”, 232.7-д “Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй” гэж тус тус заасан.
17. Талууд гэрээний 4.7-д тодотгосон ажлын хөтөлбөрийг хугацаанд нь ирүүлээгүй тохиолдолд гэрээний нийт үнийн дүнгийн 0,05 хувиар алданги тооцож суутгана гэж тохиролцсоныг гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тал нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийн талаар буюу алданги төлөхөөр тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл талууд гэрээний 4.7-д тодотгосон ажлын хөтөлбөрийг хугацаанд нь ирүүлээгүй тохиолдолд алданги төлөхөөр харилцан тохиролцсон, харин захиалагч ажлын хөлсийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол алданги тооцохоор тохиролцоогүй тул нэхэмжлэгчийн алдангид 272,783,582 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй, энэ үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна.
18. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттүвшингийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 207/МА2020/00103 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 142/ШШ2020/00714 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.2-т заасныг баримтлан хариуцагч О, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газраас гэрээний үүрэгт 1,040,663,278 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “С” ХХК-д олгон, Улсын комисс ажиллуулахыг хариуцагч нарт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 272,783,582 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “6,725,185 төгрөгийг” гэснийг “5,361,266.39 төгрөгийг” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРМАА
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Б.МӨНХТУЯА
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Х.ЭРДЭНЭСУВД