Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2020/ДШМ/25

 

 Б.Бт холбогдох   эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч З.Энхцэцэг, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                Н.Энхнаран   

Прокурор                                                         Д.Ганчимэг

Хохирогч                                                         Э.М

Шүүгдэгчийн өмгөөлөгч                              Д.Урансувд

Х.Баатарбилэг

Шүүгдэгч                                                          Б.Б нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/130 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч М.Энхтуяа, Д.Урансувд, Х.Баатарбилэг, хохирогч Э.М нарын гаргасан давж заалдах гомдлоор Б.Бт холбогдох эрүүгийн ................ дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Гурванзагал суманд 1985 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, Д  овогт Б.Б.

Шүүгдэгч Б.Б нь согтуурсан үедээ 2020 оны 02 дугаар сарын 14-ний шөнө 03 цагийн үед Дорнод аймгийн Гурванзагал сумын 3 дугаар баг ....................... тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, Э.Мын цээжний баруун талд хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэн шүүгдэгч Б.Бийг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д хууль заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/130 дугаар шийтгэх тогтоолоор:

- Шүүгдэгч Д  овогт Б.Бийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсэг хэрэглэн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Д овогт Б.Бийг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

- Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн шаргал өнгийн бариултай 28 см урттай хутга 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр ирүүлсэн шүүгдэгч Б.Бийн ...................... тоот регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийн хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлж,

- Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэхийг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Э.М 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “Э.М миний бие хүргэн дүү Батмөнхийн Бийн хэргийн хохирогч бөгөөд Сум дундын шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 130 тоот шийтгэх тогтоолыг хүлээн авч танилцаад өөрийн эрхийн дагуу ялыг хүнд байна гэж санал гомдол гаргаж байна. Түүнд 5 жилийн хорих ял оноосон. Хүний амьдралд алдаа гаргах үе байдаг. Бид аль аль нь архи уусан согтуу байсан. Маргаж муудаж, зодолдсон зүйл байхгүй. Харин харанхуй шөнөөр гадагш гарч явах гээд байхад нь татаж авч дээрээс нь дараад хөдөлгөхгүй байсан юм. Босох гээд байхад нь би дараад байсан. Хэсэг хугацааны дараа цээж давчдаад байна, ус ууна гэхэд нь би дарахаа больсон. Тэр босоод шүүгээний хажууд очоод юм түжигнүүлээд асгаж, цутгаад байхад нь би босож очоод татсан. Гэтэл эргээд тэврээд авсан. Хатгачихлаа гэхэд нь үзэхэд цус гарч байсан. Тэгээд эмнэлэгт очиж оёдол тавиулж эмчилгээ хийлгэсэн. Одоо миний бие зүгээр болсон. Би хохирогчийн хувьд, хадам ахынх нь хувьд хүргэнээ яланд явуулмааргүй байна. Хариуцлага хүлээх л байх, гэхдээ ялыг нь дэндүү чанга оногдуулсанд гомдол гаргаж байна. Тэр өөрөө мэдэхгүй буруугаа хүлээж байгаа. Анхнаасаа л буруугаа эрүүл болоод хүлээж, байнга л миний хажууд эргэж тойроод байсан. Нэгэнт миний бие зүгээр бидний хооронд ямарч асуудалгүй болохоор ялыг нь хөнгөлж өгнө үү. Дүү нараа бодсон ч ингэж явуулж болохгүй. Мөн 3 жоохон хүүхдийн нь бодсон ч болохгүй. Хуулийн дагуу яахыг мэдэхгүй ч ялыг нь хөнгөрүүлж болдог байх гэж бодож байна. Хэдэн хүүхдийг нь, амьдралыг нь бодож гуйж байна. Ялыг нь хөнгөрүүлж өгнө үү. Манай хүргэн бол тогтуун, зөв бодолтой сайн хүн болохоор дэндүү хүндээр шийтгэснийг өөрчилж хөнгөн шийтгэж өгнө үү гэж дахин дахин гуйя.” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Баатарбилэг 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “...Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн 130 дугаар шийтгэх тогтоолыг ЭХХШТХ-ийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэн эс зөвшөөрч байна. Учир нь анхан шатны шүүх тогтоолынхоо дүгнэлт хэсэгт “Шүүгдэгч Б.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн, учирсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно” гэж дүгнэсэн. Мөн манай үйлчлүүлэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм буруугаа хүлээсэн хохирогч шүүгдэгчээс хохирол нэхэмжлээгүй бөгөөд ямар нэгэн гомдол санал илэрхийлээгүй болно. Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн  1.4 дэх хэсгийн хэрэглэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжтой байсан боловч тухайн заалтыг хэрэглээгүй орхижээ.

Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх шүүгдэгчийн хувийн байдал анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирогчид цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлсэн мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилтын хүрээнд мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсгийг хэрэглэн хорих ялын хугацааг багасгах боломжтой гэж үзэж байна.

Иймд шүүгдэгч Б.Бт оногдуулсан 5 жилийн хорих  ялыг хөнгөрүүлж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа, Д.Урансувд нар 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “... Шүүхээс хэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг дурдаж ялыг оногдуулсан ба Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан холимог хэлбэрээр үйлдэгдсэн санаатай гэмт хэрэг гэж дүгнэсэн байдаг.

Хэргийн холбогдогч үйлдлүүлээ огт мэдэхгүй. Уг хэргийн цорын ганц гэрч нь хохирогч Э.М юм. Э.М мөн согтуу учир тодорхой хэлж чаддаггүй. Өөрөөр хэлбэл санаатай юу, санамсаргүй юу гэдгийг хэлж мэдэхгүй байдаг ба шүүгдэгч хохирогч хоёр хоёулаа муудалцаж зодолдоогүй, маргаан болоогүй гэдэг. Гэрт Мөнх-Од эрүүл унтаж байсан. Үйл явдлыг хараагүй, гэхдээ тэр хоёрыг зодолдож маргаагүй гэдэг. Мөрдөн байцаалтанд шүүгдэгч хохирогчийн ярьснаар мэдүүлсэн. Хохирогч намайг эргэж хараад шууд хутгалсан гэдэг ч тэнд шүүгээн дээр юм түжигнүүлээд, асгаж цутгаад унагаачих гээд байхад нь мөрнөөс нь угз татахад эргээд тэврээд авсан. Тэгээд л хутгалчихсан байсан талаар яриад байдаг.

Гэрч согтуу болохоор мэдүүлгээ 2 янзаар ярьсан нь оролцогч нарт өөр өөрийнхөөрөө дүгнэх боломж олгоод байна. Иймд өмгөөлөгч бид нар болгоомжгүй эргэтэл нь татахад саваад хутгаар хатгасан байна. Үүнийг эргэлзээтэй мэдүүлгийг үндэслэн хүндрүүлэн үзэх боломжгүй. Сэжигтэн яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдэх боломжтой гэж үзэж байна. Өмгөөлөгч нарын хуулийг тайлбарлаж, мэтгэлцэж байгаа байдлыг, шүүгдэгч гэм буруугаа хүлээхгүй байна гэж үзэх нь зарчмын өөр ойлголт юм.

Энэ хэргийн тухайд шүүгдэгч би хутгалсан, надаас өөр хэн ч хутгалаагүй, би буруутай гэж үйлдлээ зөвшөөрч байгаа ба гэм буруугийн хэлбэрийн хувьд согтуу байснаас болж яг ямар гэдгийг зааглан хэлж чаддаггүй. Хохирогч буюу ганц гэрч юу гэж хэлнэ түүгээр болоё гэдэг. Иймд өмгөөлөгчийн хувьд давж заалдаж, хууль зүйн хувьд мэтгэлцэж байгаа санал гомдлыг хүлээн авч хянан үзэж хангаж өгөхийг хүсье.

Шүүгдэгчийн хувьд бусдын биед хүнд гэмтэл учруулсан буруугаа хүлээж, ямарч байсан хуулийн өмнө хариуцлага хүлээх ёстойгоо мэдэж, ойлгож байгаа тул эрхэм шүүгчид, хуульчид бид бүхнийг хуульд нийцүүлэн шийдэж ял шийтгэлийг хөнгөрүүлж багасгаж өгөхийг л хүсч байна.” гэжээ. 

Шүүгдэгч Б.Б 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие хэргээ хүлээн мэдүүлж гэм буруугийн хувьд маргаагүй. Өөрөө согтуу байсан учир гэрч, хохирогчийн мэдүүлгээр л хэргээ хүлээн зөвшөөрсөн би өөрөө маргаж муудах үндэс байхгүй. Гадагшаа гарна гэхэд хадам ах гаргахгүй унт гэсэн юм байна лээ. Өөр асуудал мэдэхгүй. Нэг мэдэхэд л би хутга барьсан хутга цустай байхад би хүн хутгалчихлаа гэдгээ ойлгоод өөрт нь би таныг хутгалчихлаа гэхэд ах мэдээгүй байсан. Тэгээд үзэхэд цус гарч байсан. Ингээд би бүр сандарч хурдан эмч дууд, цагдаа дууд хурдлаач гээд хашгирч байснаа мэддэг. Үүнийгээ л ярьсан. Надаас өөр хүн ахыг хутгалаагүй. Би хутгалсан нь үнэн яг яагаад, ямар үйлдэл хийж хутгалснаа огт мэдэхгүй байгаа нь үнэн.

Иймд миний ялыг хөнгөрүүлж өгнө үү. Хохирогч ахыгаа эмчлэх эдгэрүүлэх бүх асуудлыг бид хийсэн. Ах одоо эрүүл болсонд баярлаж санаа амарч байна. Ах ч гомдолгүй, бид нар ийм юм хийх хүмүүс биш. Чамайг шоронд явуулахгүй хэдэн хүүхэд чинь сүйд болно гэдэг. Миний төлөө их л хөөцөлдөж байна. Би урьд өмнө хэрэгт холбогдож байгаагүй. Анх удаа ийм асуудалд орсон ар гэрт эхнэр, бага насны 3 хүүхдүүд үлдэж байна. Ар гэрийн байдлыг харгалзан ялыг минь хөнгөлж багасгаж өгнө үү би маш их гэмшиж байна.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Б гаргасан тайлбартаа: Ар гэрийнхэн маань маш их санаа зовж байгаа. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Оногдуулсан ялыг багасгаж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд оролцсон хохирогч Э.М гаргасан тайлбартаа: Хүргэнийгээ гэртээ байхад нь би өөрөө архи авч очиж, ийм зүйл болсон. Б ар талдаа 3 нялх хүүхэдтэй. Манай дүү ажил хийдэг. Мал дээр нь хүн байхгүй. Би саяхан хотоор эмнэлгээр явсан. Надад “...эдгэрсэн байна. Одоо эмнэлгээр явах шаардлага байхгүй...” гэсэн хариу өгсөн. 5 жил гэдэг арай л чанга байна. Ялыг нь багасгаж өгнө үү. Надад гомдол санал байхгүй гэв.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд гаргасан тайлбар, саналдаа: ... Өмгөөлөгч нарын хувьд “...гэм буруугийн хувьд болгоомжгүй хэлбэртэй байх үндэслэл байна...” гэж маргасан. Гэмт хэргийн зүйлчлэлийн хувьд 11.3 дугаар зүйл буюу болгоомжгүй үйлдэгдсэн гэмт хэрэг байх боломжтой гэж үзэж байна. ...Нэгэнт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөр байхгүй тохиолдолд шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хуулийг хөнгөрүүлж хэрэглэх боломжтой байсан гэж үзэж байна. ...Хувийн таарамжгүй харилцаа болон хүний биед гэмтэл учруулсан санаа зорилгыг зөв дүгнэж өгнө үү гэсэн хүсэлтэй байна гэв.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Баатарбилэг гаргасан тайлбар, саналдаа: ...Өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүхийн 130 дугаар шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэж үзсэн. ...Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол…” гэж байгаа. Тэгэхлээр хохирогчийн зүгээс анхан шатны шүүх дээр хохирол төлбөр нэхэмжлээгүй. “Бусдад өгөх төлбөргүй” гэдгийг яллах дүгнэлтэд дурдаж, үүнийг шүүх мөн шийтгэх тогтоолдоо дурдаж өгсөн байдаг. Иймд Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар хорих ялын доод хэмжээ буюу 5 жилийн хорих ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан багасгаж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Ганчимэг гаргасан дүгнэлтдээ: ... Шүүгдэгч хохирогчид гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч ирсэн. Гэхдээ хэргийн зүйлчлэл буюу болгоомжгүй учруулсан, санаатай учруулсан гэсэн асуудал дээр маргадаг. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр шүүгдэгчийн өмгөөлөгч нарын байр суурь тодорхойгүй байна гэж үзэж байна. Шүүхээс “...санаатай учруулсан...” гэж ял оногдуулсан. Үүнийг хүлээн зөвшөөрөөд ял багасгаж өгнө үү гээд байгаа юм уу. Эсхүл болгоомжгүй гэж үзээд байгаа юм уу. Анхан шатны шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан  5 жилийн хорих ял оногдуулсан,  шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Бт холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бусад оролцогч, прокуророос гомдол, эсэргүүцэл гаргасан эсэхийг харгалзахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Б.Б согтуурсан үедээ 2020 оны 02 дугаар сарын 14-ний шөнө 03 цагийн үед Дорнод аймгийн Гурванзагал сумын 3 дугаар баг ....................тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, Э.Мын цээжний баруун талд хутгалж цээжний хөндий нэвтэрч өрц элгийг гэмтээн, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан гэрч Э.М, Д.Э нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 175 тоот дүгнэлт, хохирогч Э.М, шүүгдэгч Б.Б нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зүйл байхгүй байна.

Хохирогч Э.Мын биед цээжний хөндий нэвтэрч өрц, элэг хутгалагдаж гэмтсэнээс гадна цээжинд нь цус хуралт, зулгаралт гэмтлүүд үүссэн, мөн шүүгдэгч М.Бийн биед баруун нүдний алимны салстад цус харвалт, дээд доод зовхинд цус хуралт, хүзүү, цээж, баруун далны доод хэсэг, зүүн тохойд зулгаралт, цээж, зүүн бугалга, бүсэлхий, зүүн гуянд цус хуралт, баруун мөрөөр зөөлөн эдийн няцрал гэмтлүүд үүссэн талаар хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 174, 175 дугаар дүгнэлтүүдээр /хх-ийн 40-42, 44-45-р тал/ тогтоогдсон байна. Энэ нотлох баримтууд нь шүүгдэгч энэ гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн гэдгийг үгүйсгэхээс гадна хоорондоо зодолдох, тэмцэлдэх явцад хутгалсан байна гэж зүйлчилж ирүүлсэн прокурорын яллах дүгнэлтийг баталсан байна. Иймд шүүгдэгч Б.Бт холбогдох хэргийг болгоомжгүй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлд зааснаар өөрчлөн зүйлчлэх үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно:, мөн зүйлийн 1.4 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулна.” гэж заасан. Эдгээр заалтууд нь шүүхэд эрх олгосон заалт бөгөөд заавал хэрэгжүүлэхээр үүрэг болгосон хуулийн зохицуулалт биш юм. Иймд анхан шатын шүүхийг хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл байхгүй байна.

Шүүгдэгч Б.Бийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ял Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

Иймд шүүгдэгч Б.Бийн “... Ар гэрийн байдлыг харгалзан ялыг минь хөнгөлж багасгаж өгнө үү” гэх, хохирогч Э.Мын “...Би хохирогчийн хувьд, хадам ахынх нь хувьд хүргэнээ яланд явуулмааргүй байна. Хариуцлага хүлээх л байх, гэхдээ ялыг нь дэндүү чанга оногдуулсанд гомдол гаргаж байна” гэх, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд, М.Энхтуяа нарын “...Шүүгдэгчийн хувьд бусдын биед хүнд гэмтэл учруулсан буруугаа хүлээж, ямарч байсан хуулийн өмнө хариуцлага хүлээх ёстойгоо мэдэж, ойлгож байгаа тул бид бүхний гаргасан саналыг хуульд нийцүүлэн шийдэж, ял шийтгэлийг хөнгөрүүлж багасгаж өгнө үү...” гэх, өмгөөлөгч Х.Баатарбилэгийн “...шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн  1.4 дэх хэсгийг хэрэглэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжтой байсан боловч тухайн заалтыг хэрэглээгүй орхисон” гэх агуулга бүхий гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн  1.1, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/130 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Урансувд,  М.Энхтуяа Х.Баатарбилэг, хохирогч Э.М нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн   39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт  дөчин долоо хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Л.НАРАНБАЯР

ШҮҮГЧИД                                               З.ЭНХЦЭЦЭГ

                                                                Ж.ДОЛГОРМАА