Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 485

 

Б.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Баатарбилэг, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 130 дугаар шийтгэх тогтоол, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 25 дугаар магадлалтай, Б.Б-т холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Баатарбилэг, М.Энхтуяа, хохирогч Э.М- нарын гаргасан гомдлуудыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Гурванзагал суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дорнод аймаг, Гурванзагал сум, 3 дугаар баг, Залуус хорооллын 4-413 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Д овогт Б-н Б-.

Б.Б- нь 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн шөнө согтуурсан үедээ Дорнод аймгийн Гурванзагал сумын 3 дугаар баг Залуус хорооллын 4-413 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан Э.М-ын цээжний баруун талд хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-ийг зэвсэг хэрэглэн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 5 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ. 

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх  шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Д.Урансувд, М.Энхтуяа Х.Баатарбилэг, хохирогч Э.М- нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Баатарбилэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Өмгөөлөгчийн зүгээс давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Учир нь Б.Б- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн байцаалт болон шүүхийн шатуудад өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч биеийн байдал бүрэн эдгэрсэн, хохирол нэхэмжлээгүй Б.Б-т оногдуулсан ял хүндэдсэн тул хөнгөрүүлж өгнө үү хэмээн удаа дараа гомдол гаргасан.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно гэж дүгнэсэн. Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсгийг журамлан хорих ялын хугацааг багасгах боломжтой гэж үзэж байна.

Иймд хяналтын шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзэж шүүгдэгч Б.Б-т оноосон 5 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлж шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа гаргасан гомдолдоо “...Шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч, шүүх хэрэглвэл зохих хуулийг хэрэглээгүй үндэслэлээр гомдол гаргаж байна. Хэргийн үйл баримтын талаар маргахгүй байгаа. Үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа, харин яг ийм хор уршгийг хүсээгүй байдаг. Хор уршгийг хүсээгүй гэдэг нь өөрийн хийсэн үйлдлийнхээ дараа эмч дуудаж арга хэмжээ аваад хүн үхлээ гээд хашгирч байсан байдлаас харагдана, гэрч энэ талаар тодорхой мэдүүлдэг. Б.Б-ийн хандлага нь эндээс харагддаг бөгөөд эмнэлэгийн тусламж үзүүлэх, эм тариаг нь олж өгөх, асаргаа, сувилгаа бүх зүйлийг хөөцөлдөж байсан. Хохирогч өөрийгөө эрүүл болсон тул Б.Б-ийн хандлага байдлыг харгалзан аль болохоор эрүүгийн хариуцлагийг хөнгөрүүлж өгөхийг шүүхээс удаа дараа хүсэж өргөдөл гаргасан байдаг.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх заалтыг хангаж буй тул энэ зүйл заалтыг хэрэглэн ялыг хөнгөрүүлж өгөхийг хүсье” гэв.

Хохирогч Э.М- хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “...Хүний амьдралд алдаа гаргах үе байдаг. Маргаж, зодолдсон зүйл байхгүй. Бид аль аль нь архи уусан, согтуу байсан. Харин харанхуй шөнөөр гадагш гарч явах гээд байхад нь гаргахгүй гэж татаж авч дээрээс нь дараад хөдөлгөөнгүй байлгасан юм. Босох гээд л байхад нь би дараад байсан. Хэсэг хугацааны дараа цээж давчдаад байна, ус ууна гэхээр нь би дарахаа больсон. Босоод шүүгээ түжигнүүлээд, юм асгаад байхаар нь би босож очоод татсан. Гэтэл эргээд тэврээд авсан. Хатгачихлаа гэхэд нь үзэхэд цус гарж байсан. Тэгээд эмнэлэгт очиж оёдол тавиулж, эмчилгээ хийлгэсэн. Одоо миний бие зүгээр болсон. Намайг хот руу авч явж эмчлүүлсэн. Би хохирогчийн хувьд ч, хадам ахынх нь хувьд ч хүргэнээ шоронд /яланд/ явуулмааргүй байна. Хариуцлага хүлээх л байх, гэхдээ ялыг нь дэндүү чанга оногдуулсанд гомдолтой байна.

Шүүгдэгч анхнаасаа гэм буруугаа хүлээж байгаа. Нэгэнт миний бие зүгээр болсон бидний хооронд ямар ч асуудалгүй болохоор ялыг нь хөнгөлж өгнө үү. Дүү нараа бодсон ингээд явуулж болохгүй. Хуулийн дагуу ямар арга хэмжээ авдагийг мэдэхгүй ч ялыг нь хөнгөрүүлж болдог байх гэж бодож байна. 3 хүүхэд, амьдралыг нь бодож гуйж байна. Ялыг нь хөнгөрүүлж өгнө үү. Хүргэн их тогтуун, зөв бодолтой сайн хүү болохоор дэндүү хүндээр шийтгэснийг өөрчилж, хөнгөн ял шийтгэж өгөхийг дахин гуйж байна.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүх хэргийн үйл баримтыг үндэслэлтэй зөв тогтоосон. Үйлдсэн гэмт хэрэгт нь хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан.

Шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчилгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Баатарбилэг, М.Энхтуяа, хохирогч Э.М- нарын гаргасан гомдлуудыг үндэслэн Б.Б-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Б.Б- нь 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн шөнө согтуурсан үедээ Дорнод аймгийн Гурванзагал сумын 3 дугаар баг Залуус хорооллын 4-413 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, хүргэн дүү Э.М-ын цээжний баруун талд хутгалж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх Б.Б-т холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгч, хохирогч, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Б-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Мөн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулан шийдвэрлэснийг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч болон хохирогч нарын гаргасан “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсгийг хэрэглэж, оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн агуулгатай гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 130 дугаар шийтгэх тогтоол, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 25 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Х.Баатарбилэг, М.Энхтуяа, хохирогч Э.М- нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                      ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                                      ШҮҮГЧ                                                           С.БАТДЭЛГЭР

                                                                                                             Б.БАТЦЭРЭН

                                                                                                             Ч.ХОСБАЯР

                                                                                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН