Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2020/ШЦТ/130

 

 

 

 

 

 

 

 

 

 2020         04            30                                                            2020/ШЦТ/130

                                               

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж, шүүгч С.Насанбуян, шүүгч Э.Одхүү нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Иргэдийн төлөөлөгч Б.Хоролмаа

Улсын яллагч Д.Ганчимэг

Хохирогч М

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа, Д.Урансувд

Шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Донгоод овогт Бт холбогдох 2021000000075 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Гурванзагал суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ............................... оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б. /РД: .........................../

 

 

Шүүгдэгч Б нь 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн шөнө 03 цагийн орчимд согтуурсан үедээ Дорнод аймгийн Гурванзагал сумын 3 дугаар баг Залуус хорооллын 4-413 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар Мын цээжний баруун талд хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

   Шүүгдэгч Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Би энэ хэргийг яг хэдний өдөр гарсныг сайн санахгүй байна. Би хадам ахыгаа хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед бид хоёр хамт архи ууж, хоёулаа согтсон байсан гэв.

 

 

 

 Хохирогч М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Тухайн өдөр манай дүү хүүтэй болсон. Дүүгийнхээ хүүд нэр өгөхөөр хөдөө явсан. Дараа нь хүргэнтэйгээ хамт архи ууж, дэлгүүр орж пиво нэмж авсан. Тэгээд бид хоёр нэлээд юм ярьж, пиво уусан. Манай хүргэн нэлээд согтоод гадагшаа гарна гээд байсан. Би унтуулах гээд гаргахгүй гээд дээрээс нь дарсан. Тэгсэн хүргэн цээж давчдаад байна гээд босоод ирсэн. Хүргэн босоод шууд шүүгээ руу очоод юм түжигнүүлээд байсан. Намайг татахад хүргэн эргэж харсан. Нэг мэдэхэд гарт нь цустай хутга байсан. Тэгээд дүү маань сэрээд түргэн дуудсан гэв.

 

 

Иргэдийн төлөөлөгч Б.Хоролмаа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Бийг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн шөнийн 03 цагийн орчимд согтуурсан үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар хохирогч Мын цээжний баруун талд хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна. Мөн гэмт хэрэг гарах болсон шалтгаан болон ар гэрийн байдлыг харгалзан үзэж шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжтой гэв.

 

 

Гэрч Э.Мөнх-Од мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Ингээд би унтаж амарч байхад миний нөхөр Б “би чамайг хатгачих шиг боллоо” гэх чанга дуунаар би сэрсэн бөгөөд намайг орноос босоход миний төрсөн ах М баруун суганы доод хэсгээ гараараа дараад хоолны шүүгээний орчмоос ирж байгаа харагдсан. Ингээд шууд газарт хоёр хөлөөрөө өвдөглөж суусан. Миний хувьд ойртож хараагүй шууд эмнэлэгт дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 175 тоот дүгнэлтэд:

 

            1.Мын биед цээжний хөндийн нэвтэрч өрц, элэг гэмтээсэн шарх, цээжний хөндийн хий хуралдалт, хэвлийн хөндийн шингэн хуралдалт, цээжинд цус хуралт, зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

            2.Дээрх шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, цээжний цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх шарх гэмтлийн улмаас цээжний хөндийн хий хуралдалт, хэвлийн хөндийн шингэн хуралдалт үүсчээ.

            3.Дээрх цээжний хөндий нэвтэрч өрц, элгийг гэмтээсэн шарх гэмтэл нь амь насанд аюултай тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд, цээжний цус хуралт , зулгаралт гэмтлүүд нь тус бүрдээ 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна.

            4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 40-42/

 

 

-Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-9/

-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-12/

 

-Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 174 тоот дүгнэлт /хх-ийн 44-45/

 

-Яллагдагч Бийн мэдүүлэг /хх-ийн 50-53/ зэргийг шинжлэн судлав.

 

Эд  мөрийн баримтаар:  Шаргал өнгийн бариултай 28 см урттай хутга 1 /нэг/ ширхэгийг шинжлэн судлав.

 

 

Шүүгдэгч Б нь 2020 оны 02 дугаар сарын 14-ний шөнө 03 цагийн орчимд согтуурсан үедээ Дорнод аймгийн Гурванзагал сумын 3 дугаар баг Залуус хорооллын 4-413 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар хохирогч Мын цээжний баруун талд хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд гаргасан “...Би хадам ахыгаа хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг болон хохирогч Мын шүүх хуралдаанд гаргасан “...Хүргэн босоод шууд шүүгээ руу очоод юм түжигнүүлээд байсан. Намайг татахад хүргэн эргэж харсан. Нэг мэдэхэд гарт нь цустай хутга байсан...” гэсэн мэдүүлэг, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч  Э.Мөнх-Одын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 175 тоот дүгнэлт болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

 

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд, М.Энхтуяа нар нь шүүх хуралдаанд “...Хэргийн шалтгаан нөхцөл, сэдэлт, зорилго, нотолбол зохих зүйлүүдийг мөрдөн байцаалтын шатанд нотолж чадаагүй. Энэ хэрэгт шууд санаатай үйлдэл тогтоогдоогүй учраас шүүгдэгчид ашигтай байдлаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү...” гэсэн саналыг гаргажээ.

 

 

 

 

           2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэнэ” гэж заасан ба шүүгдэгч Бийн “хүнийг гэмтээх, амь насыг хохироох боломжтой зэвсгийн чанартай зүйл болох хутгыг шүүгээн дээрээс авч эргэх явцдаа хохирогчийг хутгалсан” нь хийж байгаа үйлдэлдээ санаатай, харин учрах хор уршгийг хүсээгүй боловч “хохирогчид гэмтэл учруулсан” нь гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдэгдсэн санаатай гэмт хэрэг гэж үзэх нь үндэслэлтэй байна.

 

 

          Шүүгдэгч, хохирогч нар нь төрөл садангийн холбоотой буюу хохирогч нь шүүгдэгчийн хадам ах ба шүүгдэгч, хохирогч нар нь гэмт хэрэг гарах үед архи, согтууруулах ундаа хэрэглэж ухаанаа алдсан буюу согтуурсан байдалтай байсан, хохирогч согтсон үедээ ахархах, нэг удаа цохисон, унтуулах гэж цээжин дээр нь дарсан зэрэг үйлдлүүд нь маргалдах үндэслэл болж шүүгдэгч нь согтуугаар шүүгээн дээр байсан хутгыг авч, хохирогчид гэмтэл учруулсан байна.

          Шүүгдэгч Бт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Бийг зэвсэг хэрэглэн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

 

          Шүүхээс шүүгдэгч Бийг зэвсэг хэрэглэн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

          Шүүгдэгч Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.

 

 

          Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй байна.

 

 

           Шүүгдэгч Бийн хийсэн үйлдлийн улмаас хохирогч Мын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

 

           Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шаргал өнгийн бариултай 28 см урттай хутга 1 /нэг/ ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, баримт бичгээр ирүүлсэн шүүгдэгч Бийн .............................. тоот регистрийн  дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

          1. Шүүгдэгч Бийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсэг хэрэглэн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 

 

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Бийг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бт оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

 

          4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн шаргал өнгийн бариултай 28 см урттай хутга 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр ирүүлсэн шүүгдэгч Бийн .................................. тоот регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийн хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

 

 

          5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

         

 

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

         

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Л.БАТЖАРГАЛ

  •  

                                                                                          Э.ОДХҮҮ