Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2022/01134

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2020/03441 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 00007 дугаар магадлалтай,

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Ж” ХХК-д холбогдох,

Түрээсийн төлбөр 236,928,773 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Мөнхзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “Ж” ХХК-д холбогдуулан түрээсийн төлбөр 236,928,773 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2020/03441 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасныг баримтлан хариуцагч “Ж” ХХК-аас 236,928,773 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,343,131 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ж” ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 1,342,594 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 00007 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2020/03441 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Ж” ХХК-аас 157,952,515 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 78,976,258 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, 2 дахь заалтын “...1,342,594 төгрөг” гэснийг “...947,712” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 854,288 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Мөнхзаяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Мөнхзаяа миний бие Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Ж” ХХК-д холбогдуулан түрээсийн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж хэрэг маргаанаа хянан шийдвэрлүүлсэн болно. Тус хэрэг маргаантай холбоотойгоор Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.06-ны өдөр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий 101/ШШ2020/3441 дугаар бүхий шийдвэр гаргаж улмаар “Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасныг баримтлан хариуцагч “Ж” ХХК-аас 236,928,773 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М” ХХК-д олгосугай” гэж шийдвэрлэсэн. Гэвч хариуцагч “Ж” ХХК-ийн гаргасан давж заалдах шатны гомдлыг үндэслэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2020.12.25-ны 00007 дугаар бүхий магадлалаар “Анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийн зарим хэсгийг өөрчилж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хэсэгчлэн хангав” гэж Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2020/3441 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж гэрээний алданги 78,976,258 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс энэхүү 00007 дугаар магадлалыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан, хуулийг буруу хэрэглэсэн” хэмээн заасан үндэслэл журмын дагуу дараах агуулга бүхий гомдлыг хяналтын журмаар гаргаж байна.

“Ж” ХХК нь гэрээний үүрэгт дараах төлбөрийг төлөх ёстой байсан бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, биелүүлэхээс татгалзсан учир бид шүүхэд хандсан болно. Тухайлбал: 1. 2013.11.09-ний өдрийн 27/14 тоот түрээсийн гэрээ, 2. 2014.11.09-ний 61/14 тоот, түрээсийн гэрээ, 3. 2015.11.09-ний 54/15 тоот түрээсийн гэрээ, 4. 2017.01.01-ний 01/17 тоот түрээсийн гэрээ, 5. 2019.01.01-ний 27/19 тоот түрээсийн гэрээ, 6. 2019.04.01-ний 28/19 тоот эдгээр түрээсийн гэрээний үүрэгт “Ж” ХХК-аас 157,952,515 төгрөг, үүнээс алданги 50%-аар тооцож 78,976,258 төгрөгийг бид “Ж” ХХК-аас нэхэмжилсэн. Энэ алданги тооцсон гэрээнээс “Ж” ХХК-ийн Ерөнхий захирал Жамъян-Иш гэрээ байгуулсан байдаг. Энэ гэрээний алдангийг тооцоход нэхэмжилсэн алданги хангагдаж байгаа болно. 2013 онд түрээсийн гэрээ байгуулахад анх Л.Баярбат, Г.Жамъян-Иш нь үйл баримтаар зэрэгцэн орж ирээд Л.Баярбатыг манай компанийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан төлөөлөх хүн, манай компанийг төлөөлөн гэрээ байгуулах, сунгах, гэрээний үнэ тохирох гэрээтэй холбоотой асуудлыг хариуцан төлөөлөх эрхтэй ажилтан гэж тайлбарлаж хамт орж ирсэн. Гэрээний бүхий л хугацаанд Г.Жамъян-Иш нь Л.Баярбатыг гэрээнд гарын үсэг зурах, сунгах, компанийг төлөөлөх эрхгүй гэж тухайн үед хэлж маргаж байгаагүй. Гэтэл Давж заалдах шатны шүүх гүйцэтгэх захирал гэх тайлбараар алдангийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Л.Баярбатыг гүйцэтгэх захирал байгаагүй гэж үзэн алданги төлөх үндэслэлгүй гэж үзсэн нь алдаатай байна.

Гэрээ өөрөө хүчинтэй гэрээ Түрээсийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5-д Түрээсийн төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд төлөөгүй үнийн дүнгийн 0.3 хувийн алдангийг хойшлуулсан хоног тутамд түрээслүүлэгчид төлнө гэж заасан байхад алданги тооцохгүй байгаа нь гэрээний нэг талыг хохироож байгаа тул алдангийг тооцохгүй шийдвэрлэсэн нь буруу байна.

Нэхэмжлэл гаргах хүчинтэй хугацаанд алдангийг хүлээн зөвшөөрч хариуцагч тал тооцоо нийлсэн актанд Ерөнхий захирал Г.Жамъян-Иш гарын үсэг зурсан. Энд талууд маргаагүй. Гэрээний алданги 78,976,258 төгрөгийн алдангийг байгаа гэдгийг мэдэж зөвшөөрч төлнө гэж гарын үсэг зурсан. Энэ нь Л.Баярбатыг төлөөлж гарын үзэг зурах эрхийг олгосон шинжийг харуулж байна.

Түүнчлэн Л.Баярбат “Ж” ХХК-ийг төлөөлөх эрхтэй этгээд гэж ойлгосон бөгөөд “Ж” ХХК-ийн захирал Г.Жамъян-Иш нь бидэнд өөрөө Л.Баярбат нь компанийг төлөөлж гэрээ хийх эрхтэй этгээд гэж ойлгуулсан. Тиймээс Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэг Нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй” гэж заасны дагуу Л.Баярбатын “Ж” ХХК-ийг төлөөлж “М” ХХК-тай хийсэн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж болох иргэний хуулийн холбогдох зохицуулалтууд байсаар байтал давж заалдах шатны шүүх хуулийг илт буруу тайлбарлан хэрэглэж, хэт нэг талыг барьж бидний хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтой зөрчсөнд гомдолтой байна.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс гаргасан 2020.12.25-ны 00007 дугаартай магадлалыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.06-ны өдрийн 101/ШШ2020/03441 дугаартай хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Гомдлыг маань хүлээн авч хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттулга хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д “Нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй” гэж заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

5.1. Учир нь хэлцэл хийгч нөгөө тал болох нэхэмжлэгч “М” ХХК нь Л.Баярбатыг “Ж” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд гэдгийг мэдэж байсан, нөгөө талаас компанийг улсын бүртгэлд бүртгэгдсэн этгээд болон түүнээс эрх олгогдсон этгээд төлөөлдөг гэдэг нь тодорхой зүйл байдаг. Өөрөөр хэлбэл эрх зүйн харилцаанд баримталбал зохих наад захын анхаарал хянамгай байдлыг (компанийн гэрчилгээний ард Гүйцэтгэх захирлаар хэн бүртгэлтэй байгааг хараад мэдчих боломжтой байсан) нэхэмжлэгч тал орхигдуулсан тул нэхэмжлэгчийг Л.Баярбат “Ж” ХХК-ийг төлөөлөх эрхтэй этгээд байсан гэх итгэл үнэмшлийн үндсэн дээр хамгаалах боломжгүй. Хэрэв “Ж” ХХК-аас түрээсийн төлбөрийг тогтвортой бөгөөд зохих журмын дагуу төлж байсан үйл баримт тохиолдолд нэхэмжлэгч нь Л.Баярбатыг “Ж” ХХК-ийг төлөөлөх бүрэн эрхтэй байсан гэж итгэх үндэслэлтэй байсан гэж дүгнэж болно. Гэтэл ийм зүйл байхгүй бөгөөд нэхэмжлэгчид төлж байсан төлбөрийг Л.Баярбатын зүгээс бэлнээр хийсэн байдаг ба компанийн данснаас төлөгдсөн зүйл байдаггүй. Иймд Л.Баярбат “Ж” ХХК-ийг төлөөлөх эрхтэй гэдэгт нэхэмжлэгч тал итгэж үнэмшсэн гэж эргэлзээгүйгээр дүгнэх боломжгүй. Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “Төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална” гэж заасан. Хариуцагчийг “Ж” ХХК-ийн зүгээс хувьцаа эзэмшигч Л.Баярбатын дур мэдэн байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй болохоо мэдэгдсэн. Иргэний хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Төлөөлөгч бүрэн эрхээ нотолж чадаагүй, төлөөлүүлсэн этгээд уг хэлцлийг дэмжсэн зөвшөөрлийг олгохоос татгалзсан бол дур мэдэн хэлцэл хийсэн этгээд хэлцлээр хүлээсэн үүргийг хэлцлийн нөгөө талын шаардлагаар биелүүлэх, эсхүл нөгөө талд учирсан гэм хорыг арилгах үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь Л.Баярбатаас төлбөр нэхэмжлэх үндэслэлтэй үзэж байна.

5.2. Анхан болон давж заалдах шатны шүүх гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Учир нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх хууль зүйн факт бий болоогүй. 2013.11.09-ний өдрийн 27/14 тоот Түрээсийн гэрээ (1 жилийн хугацаатай), 2014.11.09-ний өдрийн 61/14 тоот Түрээсийн гэрээ (1 жилийн хугацаатай), 2015.11.09-ний өдрийн 54/15 тоот Түрээсийн гэрээ (1 жилийн хугацаатай)-үүдийн нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Давж заалдах шатны шүүх гэрээний хугацааг тодорхой бус хугацаагаар сунгаж байсан тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь түрээсийн гэрээнүүдийн гэрээний зүйл буюу түрээсэлж буй хөрөнгө, үнэ зэрэг нь өөр байгаа тул эдгээрийн нэг гэрээ бөгөөд сүүлд нь байгуулсан гэрээнүүдийг зөвхөн сунгалт хийгдсэн гэж үзэх боломжгүй. Учир нь Л.Баярбатын байгуулсан 2012.12.01-ний өдрийн 17 тоот, 2013.11.09-ний өдрийн 27/14 тоот, 2014.11.09-ний өдрийн 61/14 тоот, 2015.11.09-ний өдрийн 54/15 тоот Түрээсийн гэрээний зүйлүүд нь адил буюу 7 давхрын 100 м.кв талбай бүхий 703 тоот өрөө, харин 2017.01.01-ний өдрийн 01/17 тоот Түрээсийн гэрээний зүйл нь 6 давхрын 63 м.кв талбай бүхий 601 тоот өрөө байсан бол, Захирал Г.Жамъян-Ишийн сүүлд нь өөрөө байгуулсан 2019.01.01-ний өдрийн 27/19 тоот Түрээсийн гэрээний зүйл нь 5 давхрын 63 м.кв талбай бүхий 504 тоот өрөө байсан. Эдгээр нь гэрээ нь тухай бүр 1 жилийн хугацаатай байгуулагдаж байсан гэрээнүүд байдаг.

Мөн давж заалдах шатны шүүх “хариуцагч үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрч төлбөр төлж байсан тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч 4,000,000 төгрөг, 836,200 төгрөг, 2,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг, 5,000,000 төгрөг, 3,695,000 төгрөгийн бэлнээр тус тус хүлээж авсан байдаг ба бэлэн мөнгөний орлогын баримт дээр Л.Баярбат гарын үсэг зурсан байдаг. Гэвч эдгээр төлбөрүүд чухам аль Түрээсийн гэрээний төлбөрт төлөгдсөн болох нь тодорхойгүй. нэхэмжлэгчийн зүгээс эдгээр төлбөрийг эхлээд ашиглалтын зардал, агуулахын түрээсийн төлбөр, үлдэгдлийг нь бүх Түрээсийн гэрээний гэрээнд үүссэн түрээсийн төлбөр суутгаж авсан байдаг. Иймд дээрх төлбөрийн баримтуудыг үндэслэн “хариуцагч үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрч төлбөр төлж байсан тул бүхий л Түрээсийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй” байна гэж дүгнэх боломжгүй. Нэхэмжлэгчийн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасны дагуу шаардах эрхээ хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан түрээсийн гэрээнүүд болох 2013.11.09-ний өдрийн 27/14 тоот Түрээсийн гэрээний төлбөр, алданги нийт 33,318,810 (22,212,540+11,106,270) төгрөг, 2014.11.09-ний өдрийн 61/14 тоот Түрээсийн гэрээний төлбөр, алданги нийт 56,085,873 (37,390,582+18,695,291) төгрөг, 2015.11.09-ний өдрийн 54/15 тоот Түрээсийн гэрээний төлбөр, алданги нийт 49,862,814 (33,241,876+16,620,938) төгрөг болж байгаа ба эдгээр төлбөрүүдийн нийлбэр 139,267,497 төгрөг болдог. Хариуцагчийн зүгээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 236,928,773 төгрөгөөс 139,267,497 төгрөгийг хэрэгсэхгүй болгох өөрчлөлтийг оруулахыг хүссэн. Харин давж заалдах шатны шүүх 78,976,258 төгрөгийг хэрэгсэхгүй болгох өөрчлөлтийг оруулсан ба зөрүү нь 60,291,239 төгрөг болно. Иймд давж заалдах шатны шүүхийн хангасан 78,976,258 төгрөг дээр нэмж 60,291,239 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

7. Нэхэмжлэгч “М” XXК нь хариуцагч “Ж” XХК-аас өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 6-р хороо, Бага тойруу 37Б хаягт байрлах оффисын өрөө, талбай хөлслөх гэрээний төлбөрт 157,952,515 төгрөг, алданги 78,976,258 төгрөг, нийт 236,928,773 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч “Ж” ХХК нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ...2019 онд байгуулсан 2 гэрээний төлбөр тооцоог хүлээн зөвшөөрнө, тухайн хугацаанаас өмнө байгуулсан гэрээнүүдийг компанийг төлөөлөх эрхгүй этгээд дур мэдэн байгуулсан тул тэдгээртэй холбогдох төлбөр тооцоог зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргасан байна.

8. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасныг баримтлан хариуцагч “Ж” ХХК-аас 236,928,773 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М” ХХК-д олгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрт “...Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас 157,952,515 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдэх 78,976,258 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон” өөрчлөлтийг оруулжээ.

9. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэр, магадлалд  зохих өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн. ...хариуцагчийн зүгээс хувьцаа эзэмшигч Л.Баярбатын дур мэдэн байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу Л.Баярбатаас төлбөрийг нэхэмжлэх үндэслэлтэй. ...шүүх гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзсэн нь үндэслэлгүй. ...хөөн хэлэлцэх хугацаа дууссан түрээсийн гэрээнүүд болох ...2013, 2014, 2015 оны түрээсийн гэрээний төлбөр, алданги нийт 139,267,497 төгрөг болно. Хариуцагчаас  давж заалдах гомдол гаргахдаа 139,267,497 төгрөгийг хэрэгсэхгүй болгохыг хүссэн боловч шүүх 78,976,258 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон, ...нэмж, 60,291,239 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шийдвэр, магадлалд оруулж өгнө үү гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Нэхэмжлэгч “М” XXК, хариуцагч “Ж” XХК-ийн хооронд  Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу 37Б хаягт байрлах оффисын байранд өрөө, талбай хөлслөхөөр 2013.11.09-ний өдрийн 27/14, 2014.11.09-ний өдрийн 61/14, 2015.11.09-ний өдрийн 54/15, 2017.01.01-ний өдрийн 01/17, 2019.01.01-ний өдрийн 27/19, 2019.04.01-ний 28/19 тоот гэрээнүүд байгуулагдсан байх ба эдгээр гэрээнд төлбөрийн хэмжээг тохирч, төлбөрт ус, дулаан ашиглалтын төлбөрийг оруулан тооцох, түрээслэгч нь өөрийн хэрэгцээнд хэрэглэсэн цахилгаан, харилцах утас, интернэт, хогны төлбөрийг хариуцан төлөх нөхцөлүүдийг тохиролцсон байна.

Талуудын хооронд байгуулсан дээрх гэрээнүүдийн төлбөрийг тооцоход, тодруулбал 2014.02.27-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа, 2015.06.05, 2017.03.22, 2018.11.01, 2020.02.10-ны өдрийн тооцоо нийлсэн баримт, 2017.03.28-ны өдрийн Баталгааны гэрээ, 2017.02.13 болон 2018.11.01-ний өдөр төлбөрийн асуудлаар уулзаж ярилцсан тэмдэглэл, зохигчийн тайлбар болон бусад баримтаар хариуцагч нь төлбөрт 2012.12.01-ний өдрөөс хойш 2014 оны 01 сарын байдлаар төлбөрийн үлдэгдэл 5,411,680 төгрөг, 2014 оны 02 сараас 2020 оны 02 сарыг хүртэл оффисын талбайн төлбөр 163,282,000 төгрөг, агуулахын төлбөр 4,050,000 төгрөг, гэрээнд заасны дагуу хэрэглэсэн цахилгааны төлбөр 1,597,542 төгрөг, хог, усны төлбөр 1,489,558 төгрөг, утасны төлбөр 652,935 төгрөг, нийт 176,483,715 төгрөг төлөх үлдэгдэлтэй, үүнээс төлсөн 18,531,200 төгрөгийг хасаж тооцоход, гэрээний дагуу хариуцагч “Ж” XХК нь үлдэгдэл 157,952,515 төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь тогтоогджээ.

Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч нь эд хөрөнгө хөлсөлж ашигласны төлбөрийг шаардах эрхтэй тул хариуцагч “Ж” XХК-аас эд хөрөнгө хөлслөх гэрээний төлбөрт нийт 157,952,515 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь хуулийн энэхүү зохицуулалтад нийцсэн байна.

11. Түүнчлэн, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж, мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж заасан. 

Хоёр шатны шүүхийн ...“Ж” ХХК нь 2012 оны 12 сараас гэрээний дагуу оффис, агуулахын зориулалттай талбайг ашиглаж байгаад 2020.02.10-ны өдөр хөлсөлсөн эд зүйлийг хүлээлгэн өгсөн нь хэргийн баримтаар тогтоогдсон, 2014-2018 онуудын тооцооны үлдэгдлийн баталгаа, тооцоо нийлсэн акт, баталгааны гэрээ, төлбөрийн асуудлаар уулзалт хийсэн тэмдэглэл зэрэг баримтуудаас үзэхэд хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзнэ. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7-д хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж заасны дагуу тооцоход нэхэмжлэгчийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй юм.

12. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...давж заалдах шатны шүүх гүйцэтгэх захирал гэх тайлбараар алдангийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. ...гэрээний 4.5-д түрээслэгч төлбөрийг хугацаандаа төлөөгүй бол нийт дүнгийн 0.3 хувиар алданги төлөхөөр тохиролцсон байхад шүүх алданги тооцохгүй гэж байгаа нь гэрээний нэг талыг хохироож байна. ...Нэхэмжлэл гаргах хүчинтэй хугацаанд 78,976,258 төгрөгийн алдангийг хүлээн зөвшөөрч тооцоо нийлсэн актад ерөнхий захирал Г.Жамъян-Иш гарын үсэг зурсан. ...давж заалдах шатны шүүх хуулийг илт буруу тайлбарлан хэрэглэж, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргалаа. ...магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү... гэсэн хяналтын гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Зохигчдын хооронд байгуулсан гэрээнд хөлслөгч төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөөгүй үнийн дүнгийн 0,3 хувийн алданги тооцохоор тохиролцсон тул нэхэмжлэгч нь хугацаа хэтрүүлсний алдангийг хариуцагчаас шаардах эрхтэй, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Гэвч талуудын хооронд олон удаа гэрээ байгуулагдсан, хариуцагч төлбөрийг хугацаандаа төлөөгүй асуудлаар зохигч нь удаа дараа тооцоо нийлж акт, баталгаа үйлдэж хугацааг сунгасан, хариуцагчийн төлбөрийн чадваргүй байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан нэхэмжилсэн алдангийн 78,976,258 төгрөгийн 50 хувь болох 39,488,129 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасанд нийцэх тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна.

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 00007 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2020/03441 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Ж” ХХК-аас эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 197,440,644 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М” XXК-д олгон, нэхэмжлэлийн үлдэх 39,488,129 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн 2 дахь заалтын “1,342,594” гэснийг “1,145,153” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021.01.26-ны өдөр төлсөн 552,840 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021.01.28-ны өдөр төлсөн 459,407 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ                                                 П.ЗОЛЗАЯА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

 ШҮҮГЧИД                                                      Г.БАНЗРАГЧ

                                                                        Б.МӨНХТУЯА

                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ