Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2021/00007

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2021/00007

 

 

 

М ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Нямбазар, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2020/03441 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч М ХХК-ийн хариуцагч Ж ХХК-д холбогдуулан түрээсийн төлбөр 236 928 773 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Талууд 2012 оноос түрээсийн гэрээ байгуулан хамтран ажилласан. 2012 оноос хойших хугацаанд 2012 оны 12 сарын 01-ний өдөр 17 тоот түрээсийн гэрээ, 2012 оны 12 сарын 01-ний 18 тоот агуулахын гэрээ, 2013 оны 11 сарын 09-ний өдрийн 27/14 тоот, 2014 оны 11 сарын 09-ний 61/14 тоот, 2015 оны 11 сарын 09-ний 54/15 тоот, 2015 оны 11 сарын 09-ний 04/15 тоот агуулахын гэрээ, 2017 оны 01 cарын 01-ний 01/17 тоот, 2019 оны 01 сарын 01-ний 27/19 тоот, 2019 оны 04 сарын 01-ний 28/19 тоот гэрээнүүдээр хамтран ажилласан.

Түрээсийн гэрээгээр М XXК-ийн оффисын талбайг 1 м.кв талбайг 25 000-28 000 төгрөгийн хооронд түрээслэн үйл ажиллагаагаа 2020 оны 2 сарын 10-ны өдрийг хүртэл явуулсан. Ж XXК нь түрээсийн төлбөр болон ашиглалтын зардлыг 2014 оноос хойш цаг тухай бүр нь төлөөгүй. Энэ хугацаанд шаардлага тавьж бүхий л талаар дэмжиж хугацаа өгч байсан, уул уурхайн бизнес зогсонги байна, удахгүй сэргэнэ, бид заавал төлнө гэж амлалт өгч албан хүсэлт гаргаж, удахгүй өр төлбөрийн асуудлаа дуусгана гэсээр өнөөдрийг хүртэл түрээсийн төлбөр төлөгдөөгүй байна. 

2013 оноос 2020 он хүртэлх хугацаанд Ж XXК-аас сар бүр түрээсийн төлбөрийг нэхэмжилж тооцоо нийлсэн актыг 2014, 2015, 2016, 2017, 2020 онуудад хийж баталгаажуулсан. Yүний дагуу түрээсийн төлбөр төлөх талаaр байнга шаардаж уулзаж байсан. 2015 оны 10 сарын 23-ны өдөр 15/37 тоот албан бичгээр төлбөрийн үлдэгдлийг 2016 оны 1 дүгээр улиралд барагдуулах тухай мэдэгдэл ирүүлж, хэд хэдэн удаа уулзаж төлбөр барагдуулах, түрээсийн өрөөг суллаж өгөх талаар мэдэгдэл хүргүүлсэн ч үйл ажиллагаа эрхэлж, Хятадаас хөрөнгө оруулалт шийдэгдэх гэж байгаа удахгүй төлнө гэсэн хариу өгсөөр байсан.

Бид геологийн багаж хэрэгслийг нь хүртэл битүүмжилж, барьцаалж авч байсан боловч багажгүй ажлаа хийж чадахгүй байна, гэрээ хийсэн ажлаа дуусгаад түрээсийн төлбөрөө төлнө гэсээр түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулсаар байсан. Сүүлд хийсэн ажлын мөнгөө авч чадалгүй байраар бартер хийсэн, түүнийг зараад өгье гэсэн боловч огт мөнгө төлөөгүй өнөөдрийг хүрсэн. 2017 оны 2 сарын 13-ны өдөр талууд уулзаж төлбөр барагдуулах талаар хуралдсан протокол, 2018 оны 11 сарын 01-ний өдөр уулзсан уулзалтын протокол, хүргүүлсэн албан мэдэгдлүүдээс харагдана.

 Ж XXК-аас 2013 оны 11 сарын 09-ний өдрийн 27/14 тоот агуулахын гэрээ, 2014 оны 11 сарын 09-ний 61/14 тоот, 2015 оны 11 сарын 09-ний 54/15 тоот, 2015 оны 11 сарын 09-ний 04/15 тоот агуулахын гэрээ, 2017 оны 01 caрын 01-ний 01/17 тоот, 2019 оны 01 сарын 01-ний 27/19 тоот, 2019 оны 04 сарын 01-ний 28/19 тоот гэрээний түрээс, ашиглалтын төлбөр 171 143 524 төгрөг, үүнээс хугацаандаа төлөөгүй алдангийг үндсэн үнийн 50 хувь 79 012 002 гэж тооцон, нийт 237 036 006 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байсан. Энэ нэхэмжлэлийн дүнг тoоцохдоо нийт төлбөр 171 143 524 төгрөгийн дүн дээр 2013 оны 01 cарын түрээсийн үлдэгдэл төлбөр 5 411 680 төгрөгийг нэмж 157 952 515 төгрөг байсныг тооцоогүй, мөн ашиглалтын зардал, түрээсийн төлбөрт төлсөн 18 531 200 төгрөгийг хасаж тооцоогүйгээс бичилт буруу хийж 35 745 төгрөгийн алдаатай тооцоолсон дүнг нэхэмжилсэн байна. Ж XXК нь оффис, агуулахын түрээсийн төлбөрөөс гадна ашиглалтын зардалд цахилгаан, усны төлбөр, суурин утасны зардал төлөх үүрэгтэй. Үүнээс 2015 оны 01 сарын 20-ны өдөр ашиглалтын зардалд 836 200 төгрөг кассанд төлсөн, 2017 оны 12 сарын 14-ний өдөр төлсөн 3 000 000 төгрөг, агуулахын төлбөр 4 050 000 төгрөг, цахилгааны төлбөр 950 000 төгрөгийг тооцуулахаар 2018 оны 11 сарын 15-ны өдөр 5 000 000 төгрөгийг Ж XХК-н Ерөнхий захирал Г.Ж төлж агуулахын түрээсийн төлбөр болон ашиглалтын зардлын тооцоо дууссан. Ж ХХК нь 11-326052 тоот суурин утсыг 703 тоот өрөөнд ашиглаж байсан. Энэ өрөөг 2016 оны 12 сард хүлээлгэн өгсөн байх тул төлбөрт тооцсон 2017 оны 01 cарын 01-ний өдрөөс 2017 оны 11 сар хүртэлх хугацааны төлбөр 71 489 төгрөгийг хасаж байна. Иймд түрээсийн төлбөрийн үлдэгдэл 157 952 515 төгрөг, түрээсийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5-т зааснаар түрээсийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд үнийн дүнгийн 0,3 хувийн алдангийг хойшлуулсан хоног тутамд авахаар заасан энэ дүн нь нэхэмжилсэн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн тул 50 хувиар тооцож 78 976 258 төгрөгийг алданги нийт 236 928 773 төгрөгийг Ж XXК-аас гаргуулж өгнө үү.

Ж XXК нь 2019 оны 01 сарын 01-ний 27/19 тоот, 2019 оны 04 сарын 01-ний 28/19 тоот гэрээнээс бусдыг нь хүлээн зөвшөөрөхгүй, төлөөлөх эрхгүй этгээд гэрээ байгуулсан тул хүчин төгөлдөр бусад тооцуулна гэжээ. Анх 2012 онд манай оффисын барилгад өрөө түрээслэхдээ ерөнхий захирал Г.Ж нь Д.Быг гүйцэтгэх захирал гэж танилцуулан түрээсийн гэрээ байгуулж 2013 оноос 2020 оныг хүртэл компанийнхаа өдөр тутмын үйл ажиллагаагаа удирдуулан ажиллаж байсан.

Бид энэ хугацаанд түрээсийн гэрээтэй холбоотой маш олон удаа уулзаж ярилцаж байсан. Түрээсийн төлбөр төлөхгүй, гэрээ сунгахгүй, Л.Б Гүйцэтгэх захирал биш, төлөөлөх эрхгүй этгээдтэй байгуулсан тул хүлээн зөвшөөрөхгүй, тамга дарах ёсгүй гэж огт хэлж байгаагүй, өр төлбөрөө хүлээн зөвшөөрч, хариуцан төлнө барагдуулна гэсээр өнөөдрийг хүрсэн. 2018 оны 11 сарын 01-ний өдөр талууд уулзаж өр төлбөр барагдуулах талаар ярилцаж хуралдан протокол хөтөлсөн. Үүнд өр төлбөрийг төлж барагдуулна. Л.Б бол компанийн гүйцэтгэх захирал гэж хэлсэн байдаг. Г.Ж нь Л.Быг компанийн гүйцэтгэх захирал гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрсөн.

Хариуцагч 2013 оны 11 сарын 09-ний өдрийн 27/14 тоот түрээсийн гэрээ 2014 оны 11 сарын 09-ний 61/14 тоот, түрээсийн гэрээ, 2015 оны 11 сарын 09-ний 54/15 тоот түрээсийн гэрээний хугацаанд хариуцагч компаниас сар бүр нэхэмжилж төлбөрийг шаардаж ирсэн. 2014, 2015, 2016, 2017, 2018, 2020 онуудад тооцоо нийлсэн акт үйлдэж төлбөрийн үлдэгдлийг баталгаажуулж төлөх хугацааг тохиролцож ирсэн. Хариуцагч энэ хугацаанд төлнө, хугацаа өгөөч, биднийг дэмжээч, энэ түрээсийн байрнаас гарвал бидэнд хэн ч итгэж ажил өгөхгүй туслаач, бид заавал мөнгөө төлнө, ажил гүйцэтгэсэн мөнгөө авч чадахгүй байна, нэхэмжилж байгаа гэсээр гэрээний үүргээ биелүүлээгүй хойшлуулсаар өнөөдрийг хүрсэн. Түрээсийн өрөөг шаардсан ч хүлээлгэж өгөхгүй, бодитоор эзэмшиж, ашиглаж ирсэн. Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Г.Ж нь 2012 оны 12 сарын 20-ны өдрөөс Ж XXK-ийн захирлаар бүртгэгдсэн ба үүнээс хойш манай компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлж бусадтай гэрээ, хэлцэл байгуулах эрхтэй этгээд солигдоогүй, мөн захирлын хувиар бусад этгээдэд гуравдагч этгээдтэй гэрээ, хэлцэл байгуулах эрхийг олгосон зүйл байхгүй. Ж XХК-ийг төлөөлөх эрхтэй этгээдийн хувиар тус компанийн нэрийн өмнөөс 2019 оны 01 сарын 01-ний өдрийн 27/19 тоот, 2019 оны 04 сарын 01-ний өдрийн 28/19 тоот түрээсийн гэрээг нэхэмжлэгч М XХК-тай байгуулсан бөгөөд эдгээр түрээсийн гэрээний төлбөр тооцооны үлдэгдлийн асуудал байгааг хүлээн зөвшөөрч байна.

Харин үүнээс өмнөх буюу нэхэмжлэлд дурдсан 2012 оны 12 сарын 01-ний өдрийн 17 тоот, 2013 оны 11 сарын 09-ний 27/14 тоот, 2017 оны 01 сарын 01-ний 61/14 тоот түрээсийн гэрээ, 2012 оны 12 сарын 01-ны 18 тоот, 2014 оны 11 сарын 09-ний 61/14 тоот, 2015 оны 11 сарын 09-ний 54/15 тоот, 2015 оны 11 сарын 09-ний 04/15 тоот агуулахын гэрээг нэхэмжлэгч компанитай байгуулаагүй тул эдгээр гэрээний төлбөр, тооцооны асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй.

Хувьцаа эзэмшигч Л.Б компанийг төлөөлөх эрхгүй этгээд байж дур мэдэн нэхэмжлэгч М XXК-тай гэрээ байгуулсан. Ж ХХК нь 2016 оны 04 дүгээр сараас хойш огт үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд өнгөрсөн хугацаанд тус компанийн тамга, тэмдэг хувьцаа эзэмшигч Л.Бад байсан ба миний бие Л.Баас сүүлд компанийн тамга, тэмдгийг авч 2019 оны 01 сарын 01-ний өдрийн 27/19 тоот, 2019 оны 04 сарын 01-ний өдрийн 28/19 тоот түрээсийн гэрээ байгуулж, компанийнхаа үйл ажиллагааг сэргээхийг зорьсон боловч чадаагүй. Хариуцагчаас 2019 оны 01 сарын 01-ний өдрийн 27/19 тоот, 2019 оны 04 сарын 01-ний өдрийн 28/19 тоот түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 21 225 616 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрнө.

Л.Бын М XХК-тай байгуулсан 2012 оны 12 сарын 01-ний өдрийн 17 тоот, 2013 оны 11 сарын 09-ний 27/14 тоот, 2017 оны 01 сарын 01-ний 61/14 тоот түрээсийн гэрээ, 2012 оны 12 сарын 01-ний 18 тоот, 2014 оны 11 сарын 09-ний 61/14 тоот, 2015 оны 11 сарын 09-ний 54/15 тоот, 2015 оны 11 сарын 09-ний 04/15 тоот агуулахын 2013 оны 11 сарын 09-ний өдрийн 27/14 тоот түрээсийн гэрээ 1 жилийн хугацаатай, 2014 оны 11 сарын 09-ний өдрийн 61/14 тоот түрээсийн гэрээ 1 жилийн хугацаатай, 2015 оны 11 сарын 09-ний өдрийн 54/15 тоот түрээсийн гэрээ 1 жилийн хугацаатай, 2017 оны 01 сарын 01-ний өдрийн 01/17 тоот түрээсийн гэрээ 1 жилийн хугацаатай гэрээг нэхэмжлэгч компанитай байгуулаагүй тул эдгээр гэрээний төлбөр, тооцооны асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байдаг. Дээрх гэрээнүүдийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан.

2013 оны 11 сарын 09-ний өдрийн 27/14 тоот түрээсийн гэрээнд гэрээний үйлчлэх хугацаа 2013 оны 11 сарын 09-ний өдрөөс 2014 оны 11 сарын 09-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаанд хүчин төгөлдөр үйлчлэх ба гэрээг сунгах буюу цуцалснаар дуусгавар болно гэж, 2014 оны 11 сарын 09-ний өдрийн 61/14 тоот түрээсийн гэрээнд гэрээний үйлчлэх хугацаа 2014 оны 11 cарын 09-ний өдрөөс 2015 оны 11 сарын 09-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаанд хүчин төгөлдөр үйлчлэх ба гэрээг сунгах буюу цуцалснаар дуусгавар болно гэж, 2015 оны 11 сарын 09-ний өдрийн 54/15 тоот Түрээсийн гэрээнд гэрээний үйлчлэх хугацаа 2015 оны 11 сарын 09-ний өдрөөс 2016 оны 11 cарын 09-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаанд хүчин төгөлдөр үйлчлэх ба гэрээг сунгах буюу цуцалснаар дуусгавар болно гэж тус тус заасан. 2013 оны 11 сарын 09-ний өдрийн 27/14 тоот Түрээсийн гэрээний 5.2.3-т түрээслэгч гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн 2 сараас дээш түрээсийн төлбөрөө төлөөгүй бол гэрээг дангаараа цуцалж байрыг лацдах эрхтэй гэж заасан. Мөн 2014 оны 11 сарын 09-ний өдрийн 61/14 тоот түрээсийн гэрээ, 2015 оны 11 сарын 09-ний өдрийн 54/15 тоот түрээсийн гэрээ, 2017 оны 01 сарын 01-ний өдрийн 01/17 тоот түрээсийн гэрээн дээр ч дээрхтэй ижил заалт байсан. Гэрээнд ийнхүү тодорхой заалт байсан, нэхэмжлэгч энэхүү эрхээ хэрэгжүүлэх боломж байсаар байтал өнөөг хүртэл 6, 7 жилийн хугацаанд эрхээ хэрэгжүүлээгүй нь түрээсийн төлбөрийн үлэмж хэмжээгээр нэмэгдэхэд нөлөөлсөн. 2019 оны 01 сарын 01-ний өдрөөс өмнөх түрээсийн гэрээний төлбөр тооцооны хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, түүнээс хойш түрээсний гэрээний үүргийг хүлээн зөвшөөрнө гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасныг баримтлан хариуцагч Ж ХХК-аас 236 928 773 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 343 131 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 1 342 594 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь Л.Баас төлбөр нэхэмжлэх үндэслэлтэй байхад анхан шатны шүүх бүх төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Анхны шатны шүүх гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзсэн нь үндэслэлгүй. Учир нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх хууль зүйн факт бий болоогүй. 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн болон 2018 оны 3 дугаар сарын 28- ны өдрийн Баталгааны гэрээ нэртэй гэрээнүүдийг хариуцагчийг төлөөлөх эрхгүй этгээд болох Л.Б нэхэмжлэгтэй байгуулсан. Энэхүү 2 Баталгааны гэрээ-нд 2014.11.09-ний 61/14 тоот 2015.11.09-ний 54/15 тоот, 2017.01.01 -ний 01/17 тоот түрээсийн гэрээнүүдийг дурдсан байдаг ба өөр түрээсийн гэрээний төлбөр тооцооны үлдэгдлийн асуудал байгааг огт дурдаагүй. 2013 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 27/14 тоот, 2014 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 61/14 тоот, 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 54/15 тоот түрээсийн гэрээнүүдийн шаардах эрхээ хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Нэхэмжлэгч нь гэрээний хугацаа дууссанаас хойш 3 жилийн дотор төлбөр шаардах боломжтой байсан. 2 сараас дээш түрээсийн төлбөрөө төлөөгүй бол гэрээг дангаараа цуцлаж байрыг лацдах эрхтэй өнөөг хүртэл 6, 7 жилийн хугацаанд эрхээ хэрэгжүүлээгүй нь түрээсийн төлбөрийн хэмжээ үлэмж хэмжээгээр нэмэгдэхэд нөлөөлсөн.

Хөөн хэлэлцэх хугацаа дууссан түрээсийн гэрээнүүд болох 2013 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 27/14 тоот гэрээний төлбөр, алданги нийт 33 318 810 (22 212 540+11 106 270) төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 61/14 тоот гэрээний төлбөр, алданги нийт 56 085 873 (37 390 582+18 695 291) төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 54/15 тоот гэрээнийн төлбөр, алданги нийт 49 862 814 (33 241 876+16 620 938) төгрөг болж байна.Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Нэхэмжлэгч ийн нэхэмжпэлийн шаардага болох 236 928 773 төгрөгөөс 139 267 497 төгрөгийг хэрэгсэхгүй болгох өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүх нотлох баримтыг зөв харьцуулан дүгнээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдааг залруулж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч М XXК нь хариуцагч Ж XХКас нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу 00Б хаягт байрлах оффисын өрөө, талбайны түрээсийн төлбөрт 157 952 515 төгрөг, алданги 78 976 258 төгрөг, нийт 236 928 773 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх 1,58,59/

 

Хэрэгт 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс өнөөг хүртэл Ж ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Г.Ж ажиллаж байгаа, тус компани 3 үүсгэн байгуулагчтай бөгөөд Л.Б хувьцаа эзэмшигч гэх үйл баримт тогтоогдсон. /хх 52/

 

Хариуцагч Ж ХХК-ийг төлөөлж захирал Г.Ж нь 2014 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 28/19 тоот түрээсийн гэрээ, 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн 27/19 тоот, 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 28/19 тоот түрээсийн гэрээг М XХК-тай байгуулснаа хүлээн зөвшөөрсөн.

 

Харин зарим гэрээг буюу 2012 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 17 тоот, 2012 оны 12 дугаар сарын 1-ний 18 тоот, 2013 оны 11 дүгээр сарын 9-ний 27/14 тоот, 2014 оны 11 дүгээр сарын 9-ний 61/14 тоот, 2015 оны 11 дүгээр сарын 9-ний 04/15 тоот, 2015 оны 11 дүгээр сарын 9-ний 54/15 тоот, 2017 оны 1 дүгээр сарын1-ний 61/14 тоот түрээсийн гэрээнүүдийг нэхэмжлэгчтэй хариуцагч компанийг төлөөлж Л.Б байгуулсан, Л.Бад хариуцагч талаас бичгээр итгэмжлэл олгоогүй үйл баримт тогтоогдсон. /хх 18-27/

Нэхэмжлэгчийн 2012 онд оффис түрээслэхдээ захирал Г.Ж нь Быг гүйцэтгэх захирал гэж танилцуулан гэрээ байгуулж, компаний өдөр тутмын ажиллагаагаа удирдуулж байсан. Энэ хугацаанд гэрээтэй холбоотой олон удаа уулзаж ярилцсан. Төлбөрөө зөвшөөрч, төлнө гэсээр өнөөдрийг хүрсэн. Л.Б 2013-2020 оны хүртэл нь компаний өдөр тутмын үйл ажиллагааг удирдаж, гэрээтэй холбоотой олон удаа уулзахад төлбөр төлөхгүй, гэрээ сунгахгүй, төлөөлөх эрхгүй гэж хэлж байгаагүй. 2018 оны 11 дүгээр сарын 1-ны өдөр талууд уулзаж төлбөр барагдуулахаар ярилцаж тэмдэглэл хөтлөх үед төлбөрийг төлнө, Л.Б компаний гүйцэтгэх захирал гэж хэлсэн гэх тайлбарыг хариуцагч үгүйсгэж чадаагүй. /хх45-46/

 

Хариуцагч нь 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн 27/19 тоот, 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 28/19 тоот түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 21 225 616 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрчээ. /хх 41-48 /

 

Ж ХХК нь түрээсийн төлбөрт нийт 18 531 200 төгрөг төлсөн гэх бөгөөд үүнээс 3 695 000 төгрөгийг Г.Ж, үлдсэнийг Л.Б төлжээ.

 

Хамгийн сүүлчийн түрээсийн төлбөрийг 2020 оны 2 дугаар сард төлсөн үйл баримт тогтоогдсон.

 

Хариуцагч түрээсийн байрнаас 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр нүүн гарсан гэдэгт талууд маргаангүй.

 

Нэхэмжлэгчийн Ж ХХК-тай 2012 оноос 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл түрээсийн гэрээтэй ажилласан, 2014 оноос хойшхи түрээсийн гэрээний үүргийг хариуцагч биелүүлээгүй, тооцоо нийлсэн актыг 2014, 2015, 2016, 2017, 2020 онуудад хийж баталгаажуулсан тул 2014 оноос 2020 он хүртэлх хугацааны түрээс, анз авна гэх байр суурийг хариуцагч зөвшөөрөхгүй Эрхгүй этгээд гэрээ байгуулсан. Хөөн хэлэлцэх хугацаа 2013 оны 11 дүгээр сарын 9-ны 27/14 тоот, 2014 оны 11 дүгээр сарын 9-ний 61/14, 2015 оны 11 дүгээр сарын 9-ний 54/15 тоот гэрээнүүдийн хувьд дууссан гэж маргасан.

 

Нэхэмжлэлийн шаардлага болох 236 928 773 төгрөгийн 157 952 515 төгрөг нь түрээсийн төлбөрийн үлдэгдэл болохыг хариуцагч баримтаар няцаагаагүй. /хх1-48/

 

Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй юм. Л.Быг хариуцагч компанийн гүйцэтгэх захирал гэж танилцуулдаг байсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүйгээс гадна ашиглаж байсан талбайгаа 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр чөлөөлж нүүсэн тул Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.4 дэх хэсэгт зааснаар гэрээ дуусгавар болоход хөлслөгч эд хөрөнгийг буцааж өгөх хугацааг хойшлуулсан бол хөлслүүлэгч өөрт учирсан хохирлоо хожимдуулсан хугацааны турш төлбөл зохих хөлсний хэмжээгээр шаардах эрхтэй юм.

 

Хариуцагч талбайг 2020 оны 2 дугаар сарын 10-ний өдөр хүртэл ашигласаар л байсан, нэхэмжлэгчийн хариуцагч хугацаа өгч биднийг дэмжээч, энэ байрнаас гарвал бидэнд хэн ч итгэж ажил өгөхгүй, бид мөнгөө төлнө, ажил гүйцэтгэсэн хөлсөө авч чадахгүй байна, нэхэмжилж байгаа гэсээр гэрээний үүргээ биелүүлээгүй хойшлуулж өнөөдрийг хүрсэн гэх тайлбар зэргээс үзэхэд гэрээг тодорхой бус хугацаагаар сунгагдсан гэж үзнэ. Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1-д зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцох юм.

 

Иймд Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.4 дэх хэсэгт зааснаар түрээсийн төлбөрийн үлдэгдэл 157 952 515 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт зааснаар хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ. Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй хэдий ч бичгээр үүсэх анзын үүргийн хувьд хариуцагч Ж ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч нь бичгийн гэрээний агуулгыг мэдэж байсан, хариуцах ёстой гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй юм.

 

Тэгээд ч анз нь хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй талд хугацаа хэтрүүлсний төлөө тооцож буй хариуцлага, үндсэн үүргээ дагаж үүсдэг нэмэлт акцессор шинжтэй үүрэг бөгөөд нэхэмжлэгч хугацаагаа байнга тодорхой бус хугацаагаар сунгаж явж байсан тохиолдолд хариуцагчаар анз төлүүлэх үндэслэлгүй, анз 78 976 258 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Хэлцэл хийгч хүсэл зоригтой байгаад зогсохгүй түүнийгээ гадагшаа ямар нэгэн хэлбэрээр илэрхийлсэн байх ёстой. Хүсэл зоригийн илэрхийлэл тодорхой үйлдлээр буюу гэрээнд гарын үсэг зурах хэлбэртэй байж сая анзын үүрэг үүсэхээр хууль тогтоогч тогтоосон. Итгэмжлэлгүй, эрхгүй этгээд хариуцагчид бичгийн гэрээг гардуулсан, мэдэгдсэн эсэх нь тодорхойгүй тохиолдолд гарын үсэг зурснаар үүсдэг гэрээний нэмэгдэл үүргийг хариуцагч тухайн үед шууд мэдсэн, хүлээн зөвшөөрсөн гэж хожим эргэлзээгүй дүгнэх боломжгүй.

 

Анзын үүрэг нь дээр дурдсанаар анх үндсэн гэрээг байгуулж байх үед дагалдаж үүсэх ёстой нэмэгдэл үүрэг болохоос хожим тооцооны актад гарын үсэг зурсныг анзын үүрэг үүссэн гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байгааг ч дурдах нь зүйтэй.

 

Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтад Иргэний хуулийн 287дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт зааснаар 157 952 515 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, 78 976 258 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж байна. Мөн холбогдох улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээнд өөрчлөлт орох юм.

 

Талууд гэрээний хугацааг тодорхой бус хугацаагаар сунгаж явсан, хариуцагч үүргийн гүйцэтгэлийг зөвшөөрч төлбөр төлж байсан тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2020/03441 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ж ХХК-аас 157 952 515 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Монре минерал ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 78 976 258 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, 2 дах заалтын ...1 342 594 төгрөг гэснийг ...947 712 гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 854 288 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ш.ОЮУНХАНД