Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 01593

 

        И ТӨААТҮГ-ын  нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,   

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2018/00976 дугаар шийдвэртэй, И ТӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй, С ХХК-д холбогдох

 гэрээнээс учирсан хохиролд 118 792 165 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

 Зээлээр худалдан авсан шатахууны үлдэгдэл төлбөр, алданги нийт 88 934 598 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч И ТӨААТҮГазар шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И нь 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр, 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрүүдэд багц 1, 2, 3, 4 гэрээнүүдийг байгуулж, С ХХК-иас А-80, АИ-92 дизель түлш өвөл, зун, онгоцны түлш зэргийг худалдан авахаар тус бүр нэг жилийн хугацаатай тохирсон. С ХХК-иас 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гэрээнд дурдсан 4 төрлийн шатахуун тус бүрийн үнийг тонн тус бүрт нэжгээд үнээр нэмэгдүүлье гэсэн албан бичиг ирүүлсэн. Манайх саналыг хүлээн авч судлахад “С” ХХК-тай байгуулсан 2 төрлийн гэрээний тусгай нөхцлийн 9.15 дахь хэсэгт гэрээний үнийг тохируулахгүй тогтмол байна, валютын ханшны өсөлт болон НӨАТ, гаалийн албан татвар, онцгой албан татварын өөрчлөлтүүдээс шалтгаалан гэрээний үнийг өөрчлөхгүй, мөн 12.6-д шатахууны тендерийн үнийг гэрээний хугацаанд ямар ч тохиолдолд өөрчлөхгүй гэж харилцан тохиролцсон учир С ХХК-ийн саналыг хүлээн авах боломжгүй гэдгээ хариуцагч талд мэдэгдсэн. Мөн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр С ХХК-иас Д.Сүхбаатар, худалдаа эрхэлсэн захирал Н.Идэрсайхан нартай Иргэний нисэхийн ерөнхий газрын Худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга Н.Батхишиг, Газрын тусгай үйлчилгээний албан дарга н.Нацагдорж нар гэрээний үнийн саналын талаар уулзсан бөгөөд танай саналыг хүлээн авахгүй” гэсэн хариу өгсөн. С ХХК нь 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр нийлүүлэлтээ зогсоосон бөгөөд ийнхүү зогсоохоо сарын өмнө мэдэгдэх ёстой байсан гэрээний үүргээ биелүүлээгүй. Үүнээс үүдэн А-80, АИ-92, дизель түлш өвөл зун, онгоцны түлшнүүдийг өөр газруудаас худалдан авсан. Ийнхүү зайлшгүй нөхцөл байдлын улмаас өөр компаниудтай харилцан тохиролцоод гэрээ байгуулан түлш худалдан авсан үнийн зөрүүг гаргахад 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар бидэнд учирсан 118 792 165 төгрөгийн бодит хохирлыг С ХХК-иас гаргуулж өгнө үү. 

С ХХК заавал шатахууны үнэд өөрчлөлт оруулах шаардлага тавьсан. Бид өөр газраас худалдан авах ажиллагаа хийж, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр шатахуунаа нийлүүлэхгүй бол гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авах тухай мэдэгдэл, 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гэрээ цуцлах санал явуулсан, хариуцагч тал 20-иод хоног үүргээ биелүүлээгүй учир 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гэрээ цуцлах санал тавьсан. Дизель түлшин дээр тайлбарлая. Хариуцагч талын гэрээний үнэ 1 тонн 1 823 428 төгрөг байсан. Манайх өөр газраас шатахуун худалдан авсан үнээрээ нэхэмжлээгүй, хариуцагч талаас 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн албан тоотоор ирүүлсэн өөрийнх нь өгсөн үнийн санал, гэрээний үнийн зөрүүгээр дутуу нийлүүлсэн шатахуунтай нь уялдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Дизель, ТС-1 түлшний нийлүүлэлтийг гэрээний хугацаанаасаа 5 сарын өмнө зогсоосон. Үүн дээр 63 000 000 төгрөг гарч байна. А-80, АИ-92 бензиныг гэрээний хугацаанаасаа 3,5 сарын өмнө цуцалсан. Энэ хугацаанд нийлүүлээгүй шатахуунуудын зөрүү үнээр нэхэмжлэлээ гаргасан гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С ХХК нь И-т А-80, АИ-92 маркийн шатахуун нийлүүлэх багц 3, багц 4 гэрээг 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр, дизель түлш өвөл зун, ТС-1 нийлүүлэх багц 1, багц 2 гэрээг 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр тус тус байгуулж хамтран ажилласан. Хамтран ажиллаж байх хугацаанд Монгол Улсын Засгийн газраас Олон Улсын валютын сантай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд бензин, дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 207 дугаар тогтоол, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 309 дүгээр тогтоолуудаар тус бүр 2 удаа бензин, дизель түлшний онцгой албан татварыг нэмэгдүүлж, 90-ээс доош октантай авто бензин тонн тутамд 190 000 төгрөг, 90-ээс дээш октантай авто бензинийг 210 000 төгрөгөөр, дизель түлшийг тонн тутамд 280 төгрөгөөр нэмсэн. Энэ нь шатахуун импортлогч компаниудад хүндээр тусч их алдагдал хүлээсэн. Манай зүгээс хэдий алдагдалтай ч тендерийн гэрээнийхээ үүргийг биелүүлж, шатахуунаа нийлүүлсэн. Зөвхөн И-т шатахууны үнийн зөрүүнд 72 300 000 төгрөг, онцгой албан татварын үнийн зөрүүгээс 42 400 000 төгрөг нийт 114 700 000 төгрөгийн алдагдал хүлээсэн. Энэ хугацаанд И-т нөхцөл байдлаа хэлээд тендерийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах саналаа удаа дараа өгсөн боловч хүлээн аваагүй. Бид шатахууныг тасалдуулж ажил үйлчилгээг нь доголдуулсан зүйл байхгүй, нийүүлэлтээ хийж байсан. Газрын тос ашигт малтмалын газрын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн төрийн өмчит компани, аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл хүргүүлэх тухай албан тоот гарсан. Дээрх 2 тогтоолоос үүдэн шатахууны үнэ нэмэгдсэн хүнд байдалтай байна гэдгийг И-т хэдий ч үнийг нэмэхгүй гэсэн тул манай зүгээс Худалдаа аж үйлдвэрийн танхимд хандсан. Худалдаа аж үйлдвэрийн танхимаас манайд шалгалт орж, алдагдалтай ажиллаж байна, хүнд нөхцөл байдал үүссэн гэдгийг тогтоосон.

Худалдаа аж үйлдвэрийн танхимын зүгээс 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 01/1180 тоот хүнд нөхцөл байдлын гэрчилгээг С ХХК-д олгосон. Мөн И-ын нэхэмжлээд байгаа хохирол учирсан талаар хэрэгт ямар нэгэн баримт байдаггүй. Ямар тооцоогоор яаж хохирол учирсан нь тодорхойгүй. Хавтаст хэрэгт өгөгдсөн шатахуун тээвэрлэлтийн замын хуудсууд нь шатахуун нийлүүлсэн манай баримтууд юм. Эдгээр баримтуудаас 7 дугаар сард шатахууны үнэ нэмэгдсэн байхад бид 7-12 саруудад шатахуунаа гэрээгээр нийлүүлж байсан нь харагдана. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Иргэний хуульд зааснаар урт хугацааны гэрээг нэг талын санаачилгаар цуцлах эрхийг нь хязгаарладаг. С ХХК-ийн хувьд 2017 оны 03 дугаар сараас эхэлсэн гэрээний үүргийг 2017 оны 12 дугаар сар хүртэл гүйцэтгэсэн. Энэ хугацаанд 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 25-ны хугацаанд үүрэг гүйцэтгүүлэгч талаас гэрээг цуцалсан гэж үзэж байна. Үүнд үүрэг гүйцэтгэгч талын буруутай үйл ажиллагаа харагдахгүй байгаа. 12 дугаар сардаа нийлүүлэлтээ хийсэн. Гэтэл нөгөө талаас гэрээг цуцлах санал гаргаж байгаа нь цуцлах нөхцөл байдал бүрдээгүй байхад гэрээг цуцалсан гэх үндэслэлийг гаргаж байна. Тиймээс гэрээ цуцлах үндэслэл бүрдээгүй байхад гэрээг цуцалсан. И-т бодит хохирол гарсан байх ёстой. Ямар хохирол учирсан гэдгээ тодорхойлоогүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр ажил үйлчилгээ худалдах худалдан авах тухай хуулийн дагуу Сангийн яамны 2007 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 268 дугаар Тендерийн жишиг баримт бичиг батлах жишиг журмаар гэрээний ерөнхий нөхцөл гэрээний үнийг тогтоож тодорхойлохдоо хэрэв гэрээний үнэ өөрчлөгдсөн тохиолдолд тохируулга хийх тухай зөвлөмжид хэрэв суурь үнээс 15 хувиас дээш хэмжээгээр өөрчлөгдсөн тохиолдолд үнийн тохируулга хийх тухай заасан. Үүнийг манай зүгээс суурь үнээс 15 хувиас дээш хэмжээгээр өөрчлөгдсөн гэдгийг 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн Засгийн газрын 34 дүгээр “тогтоол буюу тогтоолд өөрчлөлт оруулах тухай” авто бензин, дизель түлшний гааль, онцгой албан татварын тухай тогтоолоор 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөгдөж байсан үнэ болох Сүхбаатар, Замын-Үүд, Алтанбулагийн хилийн боомтоор орж ирэх 90 хүртэлх октавтай шатахуунд тонн тутамд 50 000 төгрөг, 90 болон түүнээс дээш актавтай түлшинд 30 000 төгрөг, дизель түлш 70 000 төгрөг байхаар тогтоосон байсан. Гэтэл үүнээс хойш Засгийн газрын 2 удаагийн тогтоолоор эцсийн дүндээ 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 309 дүгээр тогтоолоор өмнө нь байсан тонн тутамд 50 000 төгрөг байсан бензин түлш 190 000 төгрөг, 30 000 төгрөг байсан бензин түлш 210 000 төгрөг болсон. 70 000 төгрөг дизель түлш 280 000 болж нэмэгдсэн. Энэ нь суурь үнэд өөрчлөлт орох үндэслэл болсон.

Худалдагч тал буюу С ХХК-иас гаргасан үнийн тохируулга хийх нөхцөл бий болсон байхад тендерийн гэрээний тусгай нөхцөл буюу үнийг өөрчлөхгүй гэсэн заалтыг үндэслэж гэрээний нөгөө талыг илт хохироосон үйлдэл гаргасан. Энэ нөхцөл байдлаас үүдэн гэрээний үүрэг болох шатахуун нийлүүлэх боломжгүй болсон. Гэрээний энэ заалт хуульд заасан шаардлагыг хангахгүй гэрээ, гэрээний үүргийг хэн, хэрхэн зөрчсөн гэдгийг нэхэмжлэгч тал нотолж чадсангүй учир хохирол нэхэмжлэх үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч С ХХК-ийн төлөөлөгч Н.Г шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээний дагуу зээлээр авсан шатахууны төлбөрийн үлдэгдэл 81 085 072 төгрөг гэрээнд заасны дагуу төлбөрөө хугацаандаа төлөөгүйн алданги хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг 0,05 хувиар тооцон 7 850 526 төгрөг, нийт 88 935 598 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 67 590 62 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл 13 494 747 төгрөг, алданги 7 85 526 төгрөг, нийт 21 345 273 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:  Төлбөрийг ямар нөхцөлд төлөх вэ гэвэл бид эдний нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш гэрээний ерөнхий нөхцөлд зааснаар 30 хоногт төлөх ёстой. Гэтэл С ХХК нь 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлээ өгсөн өдрөө шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан. Энэ нь гэрээний ерөнхий болон тусгай нөхцлийн заалтуудыг зөрчиж байна. Манай хоёр компани олон жил хамтран ажиллаж байсан. Тэр хугацаандаа төлбөр мөнгөө хугацаанаас нь хоцроож байгаагүй, хугацаанд нь төлдөг байсан. Хариуцагч С ХХК-иас нэхэмжлэлээ ирүүлэхгүй удах үед бид өөрсдөө нэхэмжлэлээ нэхэж байгаад төлбөрөө төлдөг байсан. Гэрээний ерөнхий нөхцөл болон тусгай нөхцлийн дагуу С ХХК сөрөг нэхэмжлэл гаргах эрхгүй үндэслэлгүй. Борлуулалтын албаны дарга н.Амарбат захиралтай нь утсаар ярьсны үндсэн дээр 81 085 072 төгрөгийн үлдэгдэл төлбөрөөс эхний ээлжинд 13 494 000 төгрөг буюу нэхэмжилж байгаа үнийн дүнгээ хасаад үлдэх 67 сая төгрөгийг шилжүүлье гээд 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хийсэн. Бид гэрээнд заасан хугацаандаа төлбөрийг төлсөн, хоцроосон зүйл байхгүй учир алданги төлөх үндэслэлгүй. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаао зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч И төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын хариуцагч С ХХК-д холбогдуулан гаргасан 118,792,165 /нэг зуун арван найман сая долоон зуун ерэн хоёр мянга нэг зуун жаран тав/ төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч И төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас 13 494 746,24 /арван гурван сая дөрвөн зуун ерэн дөрвөн мянга долоон зуун дөчин зургаа/ төгрөг /хорин дөрвөн мөнгө/гаргуулж, хариуцагч С ХХК-д олгон, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 75 440 851,76 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар  нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 606 628 төгрөгөөс 602,628 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн, улсын орлогоос илүү төлсөн 4000 төгрөгийг, нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлд хариуцан төлөх 225 424 төгрөгийн хамт тус тус гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М давж заалдах гомдолдоо: Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ /шийдвэрийн 8 дахь хуудас дээрээсээ 2 дахь өгүүлбэр/ "....бодит хохирол учирсан байдлыг нотолсон баримтгүй, нэхэмжлэлийн үндслэл тогтоогдохгүй, шаардлагаа нотлоогүй, маргаж буй үндэслэлээ нотлох баримт ирүүлээгүй нь..." гэж дурдсан байх ба үүнээс болж шүүхийн шийдвэр буруу гарсан. Нэхэмжлэгчээс шүүхийн үндэслэх хэсэгт дурдсан ирүүлээгүй гэх нотлох баримтуудыг бүрэн ирүүлсэн байтал хавсаргасан нотлох баримтуудыг бүрэн гүйцэт үзэж хараагүй, танилцаж, үнэлээгүй, мөн холбогдох хуулийн зүйл заалтуудыг буруу хэрэглэсэн нь ийм шийдвэр гаргахад хүргэсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч И-ын нэхэмжлэлтэй "С" ХХК-д холбогдох 118 792 165 төгрөгийг гаргуулж хохиролыг барагдуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч И ТӨААТҮГ нь хариуцагч С ХХК-иас гэрээнээс учирсан хохиролд 118 792 165 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч гэрээний дагуу зээлээр авсан шатахууны төлбөрийн үлдэгдэл 81 085 072 төгрөг, алданги 7 850 526 төгрөг, нийт 88 935 598 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Талуудын хооронд дизель түлш болон А-80, А-92 марзийн бензин нийлүүлэх 2 төрлийн гэрээ байгуулагдсан байна. Хариуцагч “С” ХХК нь:

1.2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан ИНЕГ/УЗ/ТББ/Б-07/17 /багц-3, багц-4/ дугаар гэрээний  дагуу багц-3 буюу өвөл, зуны нийт 700 тн дизель түлшийг 1 274 999 600 төгрөгөөр, багц-4 буюу ТС маркийн 150 тн түлшийг 299 185 200 төгрөгөөр  нийт  1 574 184 800 төгрөгний түлшийг 2017 оны 03 дугаар сарын 28-наас 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн дотор нийлүүлэх,

2. 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан ИНЕГ/УЗ/ТББ/Б-07/17  / багц-1, багц-2/ дугаар гэрээний дагуу багц-1 буюу 80 тн А-80, багц-2 буюу 120 тн Аи-92 маркийн  бензигийг нийт  362 749 600 төгрөгөөр 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 24-ний дотор нийлүүлэх үүрэг хүлээсний дагуу 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд 1 390 771 774,48 төгрөгийн түлш, шатахуун нийлүүлэх үүргээ биелүүлсэн байна. 

Харин нэхэмжлэгч И гэрээний хугацаанд нийлүүлсэн түлш, шатахууны төлбөрийг төлөх үүргээ зөрчиж, хүлээн авсан түлш шатахууны үнээс 81 085 072,76 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан боловч 2018 оны 04 дүгээр сарын 09-ий өдөр 67 590 325,76 төгрөг төлж, 13 494 747 төгрөгийн үлдэгдэлтэй болсон, хариуцагч С ХХК нь 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс хойш нийлүүлэлт хийгээгүй, нэхэмжлэгч байгууллагаас 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүргүүлсэн “Гэрээ цуцлах тухай” албан бичгээр гэрээ цуцлагдсан үйл баримтууд хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдсон байна. Гэрээний үнийг өөрчлөх үндэслэлтэй байсан эсэх, гэрээ цуцалсан болон гэрээний хариуцлагын талаар талууд маргасан байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар дүгнэсэн нь зөв.

Нэхэмжлэгч И ТӨААТҮГ тусгай нөхцлийн гэрээний 9.15-д “Гэрээний үнийг тохируулахгүй тогтмол байна, валютын ханшны өсөлт болон НӨАТ, гаалийн албан татвар, онцгой албан татварын өөрчлөлтүүдээс шалтгаалан гэрээний үнийг өөрчлөхгүй”, мөн 12.6-д “шатахууны тендерийн үнийг гэрээний хугацаанд ямар ч тохиолдолд өөрчлөхгүй” гэж заасан тул хариуцагч байгууллага үнэ өөрчлөхгүй гэж үзэж хохирол шаардсан боловч гэрээний 18.1 дэх хэсэгт зааснаар гэрээ цуцлах нөхцөл тогтоогдоогүй, мөн Иргэний хуулийн 225 дугаар зүйлд заасан үүрэг зөрчсөнөөс талууд гэрээнээс татгалзах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчид бодитой хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй.

Хариуцагч С ХХК нийлүүлсэн шатахууны үлдэгдэл төлбөр 81 085 072 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 7 850 526 төгрөг нийт 88 935 598 төгрөг гаргуулахаар шаардсан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлөгдсөн 67 590 325,76 төгрөгийг хасч үлдэх 13 494 746,24 төгрөгт алданги тооцон гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх талуудын бичгээр байгуулсан гэрээнд алдангийн талаар тохиролцоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2018/00976 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Н.БАТЗОРИГ

                                                      ШҮҮГЧИД                                           А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                                                 Д.БАЙГАЛМАА