Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2018/01821

 

“И” ТӨААТҮГ-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2018/00976 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1593 дугаар магадлалтай

“И” ТӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй

“С” ХХК-д холбогдох

Гэрээний үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд 118 792 165 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Худалдан авсан шатахууны үлдэгдэл төлбөрт 21 345 273 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбатын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат, хариуцагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч “И” ТӨААТҮГ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: И нь 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр, 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрүүдэд багц 1, 2, 3, 4 гэрээнүүдийг байгуулж, “С” ХХК-иас А-80, АИ-92 дизель түлш өвөл зун, онгоцны түлш зэргийг худалдан авахаар тус бүр нэг жилийн хугацаатай тохирсон. “С” ХХК-иас 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гэрээнд дурдсан 4 төрлийн шатахуун тус бүрийн үнийг тонн тус бүрт нэжгээд үнээр нэмэгдүүлье гэсэн албан бичиг ирүүлсэн. Манайх саналыг хүлээн авч судлахад “С” ХХК-тай байгуулсан 2 төрлийн гэрээний тусгай нөхцлийн 9.15 дахь хэсэгт гэрээний үнийг тохируулахгүй тогтмол байна, валютын ханшны өсөлт болон НӨАТ, гаалийн албан татвар, онцгой албан татварын өөрчлөлтүүдээс шалтгаалан гэрээний үнийг өөрчлөхгүй, мөн 12.6-д шатахууны тендерийн үнийг гэрээний хугацаанд ямар ч тохиолдолд өөрчлөхгүй гэж харилцан тохиролцсон учир “С” ХХК-ийн саналыг хүлээн авах боломжгүй гэдгээ хариуцагч талд мэдэгдсэн. Мөн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “С” ХХК-иас Д.Сүхбаатар, худалдаа эрхэлсэн захирал Н.Идэрсайхан нартай Ирын Худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга Н.Батхишиг, Газрын тусгай үйлчилгээний албан дарга н.Нацагдорж нар гэрээний үнийн саналын талаар уулзсан бөгөөд танай саналыг хүлээн авахгүй гэсэн хариу өгсөн. “С” ХХК нь 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр нийлүүлэлтээ зогсоосон бөгөөд ийнхүү зогсоохоо сарын өмнө мэдэгдэх ёстой байсан гэрээний үүргээ биелүүлээгүй. Үүнээс үүдэн А-80, АИ-92, дизель түлш өвөл зун, онгоцны түлшнүүдийг өөр газруудаас худалдан авсан. Ийнхүү зайлшгүй нөхцөл байдлын улмаас өөр компаниудтай харилцан тохиролцоод гэрээ байгуулан түлш худалдан авсан үнийн зөрүүг гаргахад 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар бидэнд 118 792 165 төгрөгийн бодит хохирол учирсныг “С” ХХК-иас гаргуулж өгнө үү.

“С” ХХК заавал шатахууны үнэд өөрчлөлт оруулах шаардлага тавьсан. Бид өөр газраас худалдан авах ажиллагаа хийж, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр шатахуунаа нийлүүлэхгүй бол гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авах тухай мэдэгдэл, 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гэрээ цуцлах санал явуулсан, хариуцагч тал 20-иод хоног үүргээ биелүүлээгүй учир 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гэрээ цуцлах санал тавьсан. Дизель түлшин дээр тайлбарлая. Хариуцагч талын гэрээний үнэ 1 тонн 1 823 428 төгрөг байсан. Манайх өөр газраас шатахуун худалдан авсан үнээрээ нэхэмжлээгүй, хариуцагч талаас 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн албан тоотоор ирүүлсэн өөрийнх нь өгсөн үнийн санал, гэрээний үнийн зөрүүгээр дутуу нийлүүлсэн шатахуунтай нь уялдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Дизель, ТС-1 түлшний нийлүүлэлтийг гэрээний хугацаанаасаа 5 сарын өмнө зогсоосон. Үүн дээр 63 000 000 төгрөг гарч байна. А-80, АИ-92 бензинийг гэрээний хугацаанаасаа 3,5 сарын өмнө цуцалсан. Энэ хугацаанд нийлүүлээгүй шатахуунуудын зөрүү үнээр нэхэмжлэлээ гаргасан гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “С” ХХК нь Ит А-80, АИ-92 маркийн шатахуун нийлүүлэх багц 3, багц 4 гэрээг 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр, дизель түлш өвөл зун, ТС-1 нийлүүлэх багц 1, багц 2 гэрээг 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр тус тус байгуулж хамтран ажилласан. Хамтран ажиллаж байх хугацаанд Монгол Улсын Засгийн газраас Олон Улсын валютын сантай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд бензин, дизель түлшний онцгой албан татварын хэмжээг 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 207 дугаар тогтоол, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 309 дүгээр тогтоолуудаар тус бүр 2 удаа бензин, дизель түлшний онцгой албан татварыг нэмэгдүүлж, 90-ээс доош октантай авто бензин тонн тутамд 190 000 төгрөг, 90-ээс дээш октантай авто бензинийг 210 000 төгрөгөөр, дизель түлшийг тонн тутамд 280 төгрөгөөр нэмсэн. Энэ нь шатахуун импортлогч компаниудад хүндээр тусч их алдагдал хүлээсэн. Манай зүгээс хэдий алдагдалтай ч тендерийн гэрээнийхээ үүргийг биелүүлж, шатахуунаа нийлүүлсэн. Зөвхөн Ит шатахууны үнийн зөрүүнд 72 300 000 төгрөг, онцгой албан татварын үнийн зөрүүгээс 42 400 000 төгрөг нийт 114 700 000 төгрөгийн алдагдал хүлээсэн. Энэ хугацаанд Ит нөхцөл байдлаа хэлээд тендерийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах саналаа удаа дараа өгсөн боловч хүлээн аваагүй. Бид шатахууныг тасалдуулж ажил үйлчилгээг нь доголдуулсан зүйл байхгүй, нийлүүлэлтээ хийж байсан. Газрын тос ашигт малтмалын газрын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн төрийн өмчит компани, аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл хүргүүлэх тухай албан тоот гарсан. Дээрх 2 тогтоолоос үүдэн шатахууны үнэ нэмэгдсэн, хүнд байдалтай байна гэдгийг Ит хэлсэн хэдий ч үнийг нэмэхгүй гэсэн тул манай зүгээс Худалдаа аж үйлдвэрийн танхимд хандсан. Худалдаа аж үйлдвэрийн танхимаас манайд шалгалт орж, алдагдалтай ажиллаж байна, хүнд нөхцөл байдал үүссэн гэдгийг тогтоосон.

Худалдаа аж үйлдвэрийн танхимын зүгээс 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 01/1180 тоот хүнд нөхцөл байдлын гэрчилгээг “С” ХХК-д олгосон. Мөн Ирын нэхэмжлээд байгаа хохирол учирсан талаар хэрэгт ямар нэгэн баримт байдаггүй. Ямар тооцоогоор яаж хохирол учирсан нь тодорхойгүй. Хавтаст хэрэгт өгөгдсөн шатахуун тээвэрлэлтийн замын хуудсууд нь шатахуун нийлүүлсэн манай баримтууд юм. Эдгээр баримтуудаас 7 дугаар сард шатахууны үнэ нэмэгдсэн байхад бид 7-12 саруудад шатахуунаа гэрээгээр нийлүүлж байсан нь харагдана. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Иргэний хуульд зааснаар урт хугацааны гэрээг нэг талын санаачилгаар цуцлах эрхийг нь хязгаарладаг. “С” ХХК-ийн хувьд 2017 оны 03 дугаар сараас эхэлсэн гэрээний үүргийг 2017 оны 12 дугаар сар хүртэл гүйцэтгэсэн. Энэ хугацаанд 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 25-ны хугацаанд үүрэг гүйцэтгүүлэгч талаас гэрээг цуцалсан гэж үзэж байна. Үүнд үүрэг гүйцэтгэгч талын буруутай үйл ажиллагаа харагдахгүй байгаа. 12 дугаар сардаа нийлүүлэлтээ хийсэн. Гэтэл нөгөө талаас гэрээг цуцлах санал гаргаж байгаа нь цуцлах нөхцөл байдал бүрдээгүй байхад гэрээг цуцалсан гэх үндэслэлийг гаргаж байна. Тиймээс гэрээ цуцлах үндэслэл бүрдээгүй байхад гэрээг цуцалсан. Ит бодит хохирол гарсан байх ёстой. Ямар хохирол учирсан гэдгээ тодорхойлоогүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр ажил үйлчилгээ худалдах худалдан авах тухай хуулийн дагуу Сангийн яамны 2007 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 268 дугаар Тендерийн жишиг баримт бичиг батлах жишиг журмаар гэрээний ерөнхий нөхцөл гэрээний үнийг тогтоож тодорхойлохдоо хэрэв гэрээний үнэ өөрчлөгдсөн тохиолдолд тохируулга хийх тухай зөвлөмжид суурь үнээс 15 хувиас дээш хэмжээгээр өөрчлөгдсөн тохиолдолд үнийн тохируулга хийх тухай заасан. Үүнийг манай зүгээс суурь үнээс 15 хувиас дээш хэмжээгээр өөрчлөгдсөн гэдгийг 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн Засгийн газрын 34 дүгээр тогтоол буюу тогтоолд өөрчлөлт оруулах тухай авто бензин, дизель түлшний гааль, онцгой албан татварын тухай тогтоолоор 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөгдөж байсан үнэ болох Сүхбаатар, Замын-Үүд, Алтанбулагийн хилийн боомтоор орж ирэх 90 хүртэлх октантай шатахуунд тонн тутамд 50 000 төгрөг, 90 болон түүнээс дээш октантай түлшинд 30 000 төгрөг, дизель түлш 70 000 төгрөг байхаар тогтоосон байсан. Гэтэл үүнээс хойш Засгийн газрын 2 удаагийн тогтоолоор эцсийн дүндээ 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 309 дүгээр тогтоолоор өмнө нь байсан тонн тутамд 50000 төгрөг байсан бензин түлш 190 000 төгрөг, 30 000 төгрөг байсан бензин түлш 210 000 төгрөг болсон. 70 000 төгрөг дизель түлш 280 000 болж нэмэгдсэн. Энэ нь суурь үнэд өөрчлөлт орох үндэслэл болсон.

Худалдагч тал буюу “С” ХХК-иас гаргасан үнийн тохируулга хийх нөхцөл бий болсон байхад тендерийн гэрээний тусгай нөхцөл буюу үнийг өөрчлөхгүй гэсэн заалтыг үндэслэж гэрээний нөгөө талыг илт хохироосон үйлдэл гаргасан. Энэ нөхцөл байдлаас үүдэн гэрээний үүрэг болох шатахуун нийлүүлэх боломжгүй болсон. Гэрээний энэ заалт хуульд заасан шаардлагыг хангахгүй гэрээ, гэрээний үүргийг хэн, хэрхэн зөрчсөн гэдгийг нэхэмжлэгч тал нотолж чадсангүй учир хохирол нэхэмжлэх үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч “С” ХХК-ийн төлөөлөгч Н.Ганболд шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Гэрээний дагуу зээлээр авсан шатахууны төлбөрийн үлдэгдэл 81 085 072 төгрөг гэрээнд заасны дагуу төлбөрөө хугацаандаа төлөөгүйн алданги хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг 0,05 хувиар тооцон 7 850 526 төгрөг, нийт 88 935 598 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 67 590 62 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл 13 494 747 төгрөг, алданги 7 85 526 төгрөг, нийт 21 345 273 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Төлбөрийг ямар нөхцөлд төлөх вэ гэвэл бид эдний нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш гэрээний ерөнхий нөхцөлд зааснаар 30 хоногт төлөх ёстой. Гэтэл “С” ХХК нь 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлээ өгсөн өдрөө шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан. Энэ нь гэрээний ерөнхий болон тусгай нөхцлийн заалтуудыг зөрчиж байна. Манай хоёр компани олон жил хамтран ажиллаж байсан. Тэр хугацаандаа төлбөр мөнгөө хугацаанаас нь хоцроож байгаагүй, хугацаанд нь төлдөг байсан. Хариуцагч “С” ХХК-иас нэхэмжлэлээ ирүүлэхгүй удах үед бид өөрсдөө нэхэмжлэлээ нэхэж байгаад төлбөрөө төлдөг байсан. Гэрээний ерөнхий нөхцөл болон тусгай нөхцлийн дагуу “С” ХХК сөрөг нэхэмжлэл гаргах эрхгүй, үндэслэлгүй. Борлуулалтын албаны дарга н.Амарбат захиралтай нь утсаар ярьсны үндсэн дээр 81 085 072 төгрөгийн үлдэгдэл төлбөрөөс эхний ээлжинд 13 494 000 төгрөг буюу нэхэмжилж байгаа үнийн дүнгээ хасаад үлдэх 67 сая төгрөгийг шилжүүлье гээд 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хийсэн. Бид гэрээнд заасан хугацаандаа төлбөрийг төлсөн, хоцроосон зүйл байхгүй учир алданги төлөх үндэслэлгүй. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2018/00976 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч И төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын хариуцагч “С” ХХК-д холбогдуулан гаргасан 118,792,165 /нэг зуун арван найман сая долоон зуун ерэн хоёр мянга нэг зуун жаран тав/ төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч И төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас 13 494 746,24 /арван гурван сая дөрвөн зуун ерэн дөрвөн мянга долоон зуун дөчин зургаа/ төгрөг /хорин дөрвөн мөнгө/ гаргуулж, хариуцагч “С” ХХК-д олгон, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 75 440 851,76 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 606 628 төгрөгөөс 602 628 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн, улсын орлогоос илүү төлсөн 4000 төгрөгийг, нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлд хариуцан төлөх 225 424 төгрөгийн хамт тус тус гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1593 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2018/00976 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1593 дугаар магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1., 172.2.1. дэх заалтыг тус тус үндэслэн энэхүү гомдлыг гаргаж байна.

....магадлалын Хянавал хэсгийн 7 дугаар хуудасны эхний өгүүлбэрийн дээрээсээ 5-8 дахь мөрөнд “гэрээний 18.1 дэх хэсэгт зааснаар гэрээ цуцлах нөхцөл тогтоогдоогүй, мөн Иргэний хуулийн 225 дугаар зүйлд заасан үүрэг зөрчсөнөөс талууд гэрээнээс татгалзах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэгчид бодитой хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй.” гэж дурдсан байна.

Гэтэл “С” ХХК-иас тус газарт 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 17/3187 тоот албан бичиг ирүүлж мөн өдрөөс тус компани нь гэрээний дагуу нийлүүлэх бүх шатахуунуудын нийлүүлэлтийг бүгдийг дур мэдэн зогсоосон бөгөөд энэ үйлдэл нь гэрээний ерөнхий нөхцөлийн 14, 15, 18, тусгай нөхцөлийн 8, 9, 12.1, 12.3, 12.4, 12.5, 12.6, 12.10. дахь заалтуудыг зөрчиж тус байгууллагад 118 792 165 /нэг зуун арван найман сая долоон зуун ерэн хоёр мянга нэг зуун жаран таван/ төгрөгийн санхүүгийн шууд хохирол учруулсан ба түүнийг нь нотлох баримтуудыг хэрэгт хавсаргасан байдаг.

Нэхэмжлэгчээс холбогдох нотлох баримтуудыг нотлох баримтын шаардлага хангаж бүрэн ирүүлсэн байтал хавсаргасан нотлох баримтуудыг бүрэн гүйцэт үзэж хараагүй, танилцаж, үнэлээгүй, мөн холбогдох хуулийн зүйл заалтуудыг буруу хэрэглэсэн нь ийм шийдвэр гаргахад хүргэсэн гэж үзэж байна.

Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2018/00976 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1593 дугаар магадлалыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ирын нэхэмжлэлтэй “С” ХХК-нд холбогдох 118 792 165 төгрөг гаргуулж хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

“И” ТӨААТҮГ нь “С” ХХК-д холбогдуулан гэрээний үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд 118 792 165 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, худалдан авсан шатахууны үлдэгдэл төлбөрт 21 345 273 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлээс 13 494 746,24 төгрөгийг хангаж, үлдэх 75 440 851,76 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Үндсэн нэхэмжлэлийн талаар:

Зохигчдын хооронд 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр №И/УЗ/ТББ/Б-07/17 дугаартай  “Ирын 2017 оны шатахууны хэрэгцээнд шаардлагтай дизелийн түлш /өвөл, зун/, ТС-1 маркийн түлш тус тус нийлүүлэх гэрээ”, /багц-3, багц-4/,  2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр №И/УЗ/ТББ/Б-07/17 дугаартай “Ирын 2017 оны шатахууны хэрэгцээнд шаардлагтай А-80 маркийн бензин, Аи-92 маркийн бензин тус тус нийлүүлэх  гэрээ /багц-1, багц-2/ тус тус байгуулагджээ.

Дээрх гэрээгээр нийлүүлэгч “С” ХХК гэрээнд заасан /бараа/ бүтээгдэхүүнийг гэрээгээр тохирсон үнэ, хэмжээгээр нэг жилийн хугацаанд нийлүүлэх,  захиалагч И барааны нийлүүлэлтийг урсгал зардлын хөрөнгөөр санхүүжүүлэхээр харилцан тохиролцсон байна.

Гэрээ хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байх бөгөөд зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтад нийцжээ.

2017 оны 12 сарын 05-ний өдрийг хүртэлх хугацаанд гэрээ зохих ёсоор хэрэгжиж байсан, 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр нийлүүлэгч “С” ХХК нь “...импортоор оруулж ирсэн автобензин, дизель түлшний онцгой албан татварын хэмжээ тус тус нэмэгдснээс шатахууны бөөний үнэ улсын хэмжээнд огцом өсөх нөхцөл бүрдсэн...” гэх үндэслэлээр гэрээний үнэд өөрчлөлт оруулах санал хүргүүлж, мөн өдрөөс гэрээний дагуу нийлүүлэх бүх төрлийн шатахууны нийлүүлэлтийг зогсоосон, захиалагч саналыг хүлээж авахгүй талаар хариу өгч, шатахуунаа нийлүүлэхийг шаардаж, гэрээ цуцлахыг мэдэгдсэн, улмаар 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэрээг цуцласан үйл баримт тогтоогджээ.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.-д “талуудын аль нэг нь гэрэгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй”, 227 дугаар зүйлийн 227.1.-д “гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй”, 227.3.-т “үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заасан, түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т хэргийн оролцогч “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, ...тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэжээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний үүргээ зөрчсөн үндэслэлээр гэрээг цуцлаж, хохирол нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1., 227 дугаар зүйлийн 227.1.дэх заалтыг зөрчөөгүй байна.

Тэрээр хариуцагчийн дутуу нийлүүлсэн барааны үнийн дүнгээр хохирол нэхэмжилсэн боловч хариуцагч үлдэгдэл барааг нийлүүлээгүйгээс нэхэмжлэгчээс ямар зардал гарсан, эд хөрөнгийн ямар алдагдал хүлээсэн, зайлшгүй орох байсан хэдий хэмжээний орлого ороогүй болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт нотлох баримтад үндэслэгдсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2. дахь заалтад нийцсэн, 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

Иймд “...хэрэгт цугларсан баримтыг бүрэн гүйцэд үзэж, хуульд заасан журмын дагуу үнэлээгүй...” гэх үндэслэлээр шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулахыг хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Сөрөг нэхэмжлэлийн талаар:

Хариуцагч “С” ХХК нь гэрээний дагуу нийлүүлсэн шатахууны үлдэгдэл төлбөр 81 085 72 төгрөгийг хугацаандаа төлөөгүйн алданги 7 850 526 төгрөгийн хамт, нийт 88  935 598 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан боловч хэрэг шүүхэд хянагдах явцад нэхэмжлэгч нь 67 590 325 төгрөгийг төлсөн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг багасган өөрчилж, үлдэгдэл төлбөрт 13 494 747 төгрөгийг алдангийн хамт, нийт 21 345 273 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шаарджээ.

Нийлүүлсэн барааны үлдэгдэл төлбөрийн үнийн талаар нэхэмжлэгч маргаагүй, харин дээрх төлбөрийг хохиролд суутгана, хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргахдаа үлдэгдэл төлбөрийн нэхэмжлэхийг өгсөн, бид гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлсөн тул алданги тооцох үндэслэлгүй, иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Зохигчийн байгуулсан гэрээний Тусгай нөхцлийн 14-т “...шатахууныг урьдчилан нийлүүлж, захиалагч хүлээж авсан актыг үндэслэн төлбөрийг ажлын 10 хоногоос хэтрүүлэхгүй гүйцэтгэх болно”, 17.1-д “...алданги ногдуулах хувь хоногт 0.05%, алдангийн нийт дүн 10%” гэж, гэрээний Ерөнхий нөхцлийн 14.3.-т “...захиалагч төлбөрийг нэхэмжлэх хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шуурхай хийнэ”, 17.1.-д “...захиалагч, нийлүүлэгчийн хугацаа хоцорч нийлүүлсэн бараа, гүйцэтгэсэн үйлчилгээний гэрээний үнийн гэрээний тусгай нөхцөлд заасан хувьтай тэнцэх алданги оногдуулна...” гэж тус тус тохиролцжээ

Шүүх хариуцагчийг алданги нэхэмжилсэн үндэслэл болох бичгээр үйлдсэн акт, холбогдох баримтаа ирүүлээгүй гэж дүгнэн алдангид холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үндсэн төлбөр 13 494 747 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6., 243 дугаар зүйлийн 243.1. дэх заалтад нийцсэн байна.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгаж, нийт 21 345 273 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардсан байхад анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлээс 75 440 851 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрт тусгасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2. дахь заалтад нийцээгүй тул зөвтгөх нь зүйтэй.

Түүнчлэн анхан шатны шүүх шийдвэрийн удиртгал хэсэгт үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг буруу бичсэн, Тогтоох хэсэгт хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгосон хэсгийн дүнг зөрүүтэй бичсэн байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлд нийцээгүй байхад давж заалдах шатны шүүх дээрх зөрчлийг засалгүй шийдвэрийг хэвээр үлдээсэн нь учир дутагдалтай болжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн дээрх алдааг шийдвэр, магадлалыг хүчингүй болгох ноцтой зөрчил гэж үзэхгүй тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, алдааг засч зөвтгөх нь зүйтэй, харин үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулахыг хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1593 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2018/00976 дугаар шийдвэрийн Удиртгал хэсгийн “гэрээний үүрэгт 13 494 747 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 01 сарын 11-ний өдөр хүлээн авч, 2018 оны 01 сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр” гэснийг “гэрээний үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд 118 792 165 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, худалдан авсан шатахууны үлдэгдэл төлбөрт 21 345 273 төгрөгий гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг” гэж, Тогтоох хэсгийн 1 дэх заалтын  “75 440 851,76” гэснийг “7 850 526” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдэн төлөөлөгч Б.Мөнхбатын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ           Ц.АМАРСАЙХАН

ШҮҮГЧ                                 Х.ЭРДЭНЭСУВД