Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2018/00976

 

 

 

 

 

 

 

    2018 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2018/00976

             Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар      

нэхэмжлэгч: ИГ  

хариуцагч: “СГ ” ХХК-д холбогдох

гэрээний үүрэгт 13 494 747 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 01 сарын 11-ний өдөр хүлээн авч, 2018 оны 01 сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М , Ц.Т , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд хариуцагчийн өмгөөлөгч Т.М , нарийн бичгийн даргаар М.Бишдарь нар оролцов.

                                                                                              

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ИГ  тус шүүхэд СГ  ХХК-иас 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр үнийн зөрүүг тооцон нэхэмжлэлийн шаардлага 13,494,747 төгрөг нэхэмжилсэн. 2018 оны 3 дугаар сарын 19-ний байдлаар 118,792,165 төгрөг болгон нэмэгдүүлсэн. ИГ  нь С  ХХК-тай 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр, 2017 оны  5 дугаар сарын 24-ний өдрүүдэд багц 1 багц 2, 3, 4 гэсэн гэрээнүүдийг тус тус байгуулж, СГ  ХХК-иас А 80, АИ 92, дизель түлш өвөл, зун, онгоцны түлш зэргийг худалдан авахаар тус бүр нэг нэг жилийн хугацаатай тохирсон. СГ  ХХК-иас 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдөр гэрээнд дурдсан 4 төрлийн шатахуун тус бүрийн үнийг тонн тус бүрд нь нэжгээд үнээр нэмэгдүүлье гэсэн албан бичиг ирүүлсэн. Манайх саналыг хүлээн авч судалсан. Судлахад С  гурпп ХХК-тай байгуулсан 2 төрлийн гэрээний тусгай нөхцлийн 9 дүгээр зүйлийн 15 дахь хэсэгт гэрээний үнийг тохируулахгүй тогтмол байна, валютын ханшны өсөлт болон НӨАТ, гаалийн албан татвар, онцгой албан татварын өөрчлөлтүүдээс шалтгаалан гэрээний үнийг өөрчлөхгүй, мөн 12 дугаар зүйлийн 12.6-д шатахууны тендерийн үнийг гэрээний хугацаанд ямар ч тохиолдолд өөрчлөхгүй гэж харилцан тохиролцсон учир СГ  ХХК-ийн саналыг хүлээн авах боломжгүй гэдгээ хариуцагч талд мэдэгдсэн. Мөн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр СГ  ХХК-иас Д.Сүхбаатар, худалдаа эрхэлсэн захирал Н.И  нартай Иргэний нисэхийн ерөнхий газрын Худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга Н.Батхишиг, Газрын тусгай үйлчилгээний албан дарга н.Нацагдорж нар гэрээний үнийн саналын талаар уулзсан. Манай талаас гэрээнд зааснаар үнийг нэмэх хууль эрх зүйн үндэс байхгүй, танай ирүүлсэн үнийн дагуу нэмлээ гэхэд Төсвийн тухай хуулийг зөрчих гээд байна. Төсөвлөсөн хөрөнгө хүрэхгүй байх зэрэг олон асуудал байгаа учир танай саналыг хүлээн авахгүй гэсэн хариу өгсөн. СГ  ХХК нь 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдөр нийлүүлэлтээ зогсоосон. Зогсоохоо сарын өмнө мэдэгдэх ёстой байсан. Ийнхүү гэрээний үүргээ биелүүлээгүй. Үүнээс үүдэн А80, АИ92, дизель түлш өвөл зун, онгоцны түлшнүүдийг өөр газруудаас худалдан авсан. Ийнхүү зайлшгүй нөхцөл байдлын улмаас өөр компаниудтай харилцан тохиролцоод гэрээ байгуулан түлшээ худалдан авсан. Үнийн зөрүүг гаргахад 2018 оны 3 дугаар  сарын 19-ний өдрийн байдлаар 118,792,165 төгрөгийн бодит хохирол бидэнд учирсан. Тиймээс бидэнд учирсан 118,792,165 төгрөгийн хохирлыг СГ  ХХК-иас гаргуулж өгнө үү. 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдөр С  ХХК  нь манайд үнийн дүнгүүдээ нэмэх тухай албан бичиг ирүүлсэн. Тухайн бичиг ирүүлэнгүүтээ 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрөөсөө эхлэн нийлүүлэлтээ зогсоосон. Бид СГ  ХХК-д 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 02/4712 гэсэн тоот албан бичгийг хүргүүлсэн. Мөн захиалагчийн шаардлагыг үл биелүүлбэл гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг мэдэгдье гэсэн. СГ ХХК нь заавал шатахууны үнэд өөрчлөлт оруулах шаардлага тавьсан. Бид өөр газраас худалдан авах ажиллагаа хийж, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр шатахуунаа нийлүүлэхгүй бол гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авах тухай мэдэгдэл, 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гэрээ цуцлах санал явуулсан. Хариуцагч тал 20-иод хоног үүргээ биелүүлээгүй учир бид гэрээ цуцлах санал тавьсан. Дизель түлшин дээр тайлбарлая. Хариуцагч талын гэрээний үнэ 1 тонн нь 1,823,428 төгрөг байсан. Манайх өөр газраас шатахуун худалдан авсан үнээрээ нэхэмжлээгүй, хариуцагч талаас 2017 оны 12 сарын 6-ны өдрийн албан тоотоор ирүүлсэн өөрийнх нь өгсөн үнийн санал, гэрээний үнийн зөрүүгээр л дутуу нийлүүлсэн шатахуунтай нь уялдуулан нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Дизель, ТС-1 түлшний  нийлүүлэлтийг гэрээний хугацаанаасаа 5 сарын өмнө зогсоосон. Үүн дээр 63,000,000 төгрөг нь гарч ирж байгаа. А80, АИ92 бензиныг гэрээний хугацаанаасаа 3,5 сарын өмнө цуцалсан. Энэ хугацаанд нийлүүлээгүй шатахуунуудын зөрүү үнээр нь бид нэхэмжлэлээ гаргасан гэв. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжин, өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд тайлбар гаргахдаа: СГ  ХХК нь ИГ т А80, АИ92 маркийн шатахуун нийлүүлэх багц 3, багц 4 гэрээг 2017 оны 3 дугаар  сарын 27-ны өдөр, Дизель түлш өвөл зун, ТС-1 нийлүүлэх багц 1, багц 2 гэрээг  2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр тус тус байгуулж хамтран ажилласан. Хамтран ажиллаж байх хугацаанд Монгол Улсын Засгийн газраас Олон Улсын валютын сантай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд бензин, дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг 2 удаа нэмэгдүүлсэн. 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 207 дугаар тогтоол, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 309 дүгээр тогтоолуудаар тус бүр 2 удаа бензин, дизель түлшний онцгой албан татварыг нэмэгдүүлж, 90-ээс доош октантай авто бензин тонн тутамд 190,000 төгрөг,  90-ээс дээш октантай авто бензинийг 210,000 төгрөгөөр, дизель түлшийг тонн тутамд 280 төгрөгөөр нэмсэн. Энэ нь шатахуун импортлогч компаниудад хүндээр тусч их алдагдал хүлээсэн. Манай зүгээс хэдий алдагдалтай ч тендерийн гэрээнийхээ үүргийг биелүүлж, шатахуунаа нийлүүлсэн. Зөвхөн ИГ т шатахууны үнийн зөрүүнд 72,3 сая төгрөг, онцгой албан татварын үнийн зөрүүгээс 42,4 сая төгрөг нийт 114,7 сая төгрөгийн алдагдал хүлээсэн. Энэ хугацаанд ИГ т нөхцөл байдлаа хэлээд тендерийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах саналаа удаа дараа өгсөн. Гэвч хүлээн аваагүй. Бид шатахууныг тасалдуулж ажил үйлчилгээг нь доголдуулсан зүйл байхгүй.  Бид нийүүлэлтээ хийж байсан. Бид Газрын тос ашигт малтмалын газарт хандаж энэхүү нөхцөл байдлаа мэдүүлсэн. Газрын тос ашигт малтмалын газрын 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн төрийн өмчит компани, аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл хүргүүлэх тухай албан тоот гарсан. Дээрх 2 тогтоолоос үүдэн шатахууны үнэ нэмэгдсэн хүнд байдалтай байна гэдгийг ар талд хавсралтаар Зорчигч тээврийн нэгдэл, Багануур, МИАТ, Иргэний нисэхийн ерөнхий газруудад хүргүүлсэн. Гэсэн хэдий ч ИГ  мөн үнийг нэмэхгүй гэсэн. Иймд манай зүгээс Худалдаа аж үйлдвэрийн танхимд хандсан. Худалдаа аж үйлдвэрийн танхимаас манайд шалгалт орж, алдагдалтай ажиллаж байна, хүнд нөхцөл байдал үүссэн гэдгийг тогтоосон. Худалдаа аж үйлдвэрийн танхимын зүгээс 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 01/1180 тоот хүнд нөхцөл байдлын гэрчилгээг СГ ХХК-д олгосон. Бид энэхүү гэрчилгээг хавсарган албан бичгээр 100 гаруй сая төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаагаа хэлж хүсэлтээ явуулсан. Үнэндээ өөрчлөлт оруулъя гэсэн албан тоот явуулахад Иргэний нисэхийн ерөнхий газрын зүгээс гэрээг цуцалж байна гэсэн албан бичгийг ирүүлж гэрээгээ цуцалсан. Мөн Иргэний нисэхийн ерөнхий газрын нэхэмжлээд байгаа хохирол учирсан талаар хавтаст хэрэгт ямар нэгэн баримт байдаггүй. Ямар тооцоогоор яаж хохирол учирсан нь тодорхойгүй. Хавтаст хэрэгт өгөгдсөн шатахуун тээвэрлэлтийн замын хуудсууд нь СГ ХХК-иас шатахуун нийлүүлсэн манай баримтууд юм. Эдгээр баримтуудаас 7 сард шатахууны үнэ нэмэгдсэн байхад бид 7-12 саруудад шатахуунаа гэрээгээр нийлүүлж байсан нь харагдана. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Иргэний хуульд зааснаар урт хугацааны гэрээг нэг талын санаачлагаар цуцлах эрхийг нь хязгаарладаг. СГ  ХХК-ийн хувьд 2017 оны 3 сараас эхэлсэн гэрээний үүргийг 2017 оны 12 сар хүртэл гүйцэтгэсэн. Энэ гүйцэтгэж байсан хугацаанд 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 25-ны хугацаанд үүрэг гүйцэтгүүлэгч талаас гэрээг цуцалсан гэж үзэж байна. Үүнд үүрэг гүйцэтгэгч талын буруутай үйл ажиллагаа харагдахгүй байгаа. 12 дугаар сардаа нийлүүлэлтээ хийсэн. Гэтэл нөгөө талаас гэрээг цуцлах санал гаргаж байгаа нь цуцлах нөхцөл байдал бүрдээгүй байхад гэрээг цуцалсан гэх үндэслэлийг манай тал гаргаж байна. Хэрэв СГ  ХХК-ийг үүргээ зөрчсөн гэж үзэж байгаа бол тэрхүү үүрэг нь гэрээний үүргийн ямар зөрчил вэ гэдгийг тодорхойлох шаардлага үүснэ. Тиймээс гэрээ цуцлах үндэслэл бүрдээгүй байхад гэрээг цуцалсан. Хэрэв хохирол учирсан гэж үзэж байгаа бол энэхүү хохирол нь Иргэний нисэхийн ерөнхий газрын хөрөнгө дутсан, үрэгдсэн, хорогдсон байх буюу бодит хохирол гарсан байх ёстой. Ямар хохирол учирсан гэдгээ тодорхойлоогүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр ажил үйлчилгээ худалдах худалдан авах тухай хуулийн дагуу Сангийн яамны 2007 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 268 дугаар Тендерийн жишиг баримт бичиг батлах жишиг журмаар гэрээний ерөнхий нөхцөл гэрээний үнийг тогтоож тодорхойлохдоо хэрэв гэрээний үнэ өөрчлөгдсөн тохиолдолд тохируулга хийх тухай зөвлөмж гаргасан. Энэ зөвлөмжид хэрэв суурь үнээс 15 хувиас дээш хэмжээгээр өөрчлөгдсөн тохиолдолд үнийн тохируулга хийх тухай заасан. Үүнийг манай зүгээс суурь үнээс 15 хувиас дээш хэмжээгээр өөрчлөгдсөн гэдгийг 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн Засгийн газрын 34 дүгээр тогтоол буюу тогтоолд өөрчлөлт оруулах тухай авто бензин, дизель түлшний гааль, онцгой албан татварын тухай тогтоолоор 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөгдөж байсан үнэ болох Сүхбаатар, Замын-Үүд, Алтанбулагийн хилийн боомтоор орж ирэх 90 хүртэлх октавтай шатахуунд тонн тутамд 50,000 төгрөг, 90 болон түүнээс дээш актавтай түлшинд 30,000 төгрөг, дизель түлшнийх бол 70,000 төгрөг байхаар тогтоосон байсан. Гэтэл үүнээс хойшхи Засгийн газрын 2 удаагийн тогтоолоор эцсийн дүндээ 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 309 дүгээр тогтоолоор өмнө нь байсан тонн тутамд 50,000 төгрөг байсан бензин түлш нь 190,000 төгрөг, 30,000 төгрөг байсан  бензин түлш нь 210,000 төгрөг болсон. 70,000 төгрөг дизель түлш 280,000 болж нэмэгдсэн. Энэ нь суурь үнэд өөрчлөлт орох үндэслэл болсон. Энэ хүрээнд худалдагч тал буюу СГ ХХК-иас гаргасан үнийн тохируулга хийх нөхцөл бий болсон байхад тендерийн гэрээний  тусгай нөхцөл буюу үнийг өөрчлөхгүй гэсэн заалтыг үндэслэж гэрээний нөгөө талыг илт хохироосон үйлдэл гаргасан. Энэ нөхцөл байдлаас үүдэн гэрээний үүрэг болох шатахуун нийлүүлэх боломжгүй болсон. Гэрээний энэ заалт хуульд заасан шаардлагыг хангахгүй гэрээ, гэрээний үүргийг хэн, хэрхэн зөрчсөн гэдгийг нэхэмжлэгч тал нотолж чадсангүй учир хохирол нэхэмжлэх үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

Хариуцагч “СГ ” ХХК-ий 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ИГ т холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд дэмжиж тайлбар гаргахдаа: Гэрээний дагуу зээлээр авсан шатахууны төлбөрийн үлдэгдэл 81 085 072 төгрөг гэрээнд заасны дагуу төлбөрөө хугацаандаа төлөөгүйн алданги хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,05 хувиар  тооцон 7 850 526 төгрөг, нийт 88 935 598 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 602 628 төгрөгийн хамт Иргэний нисэхийн ерөнхий газраас гаргуулж манай компанид олгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нар сөрөг нэхэмжлэлийг үл зөвшөөрч гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Төлбөрийг ямар нөхцөлд төлөх вэ гэвэл бид эдний нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш гэрээний ерөнхий нөхцөлд зааснаар 30 хоногт төлөх ёстой. Гэтэл СГ  ХХК нь 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдөр нэхэмжлээ өгсөн өдрөө шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан. Энэ нь гэрээний ерөнхий болон тусгай нөхцлийн заалтуудыг зөрчиж байгаа. Манай хоёр компани олон жил хамтран ажиллаж байсан. Тэр хугацаандаа төлбөр мөнгөө хугацаанаас нь хоцроож байгаагүй. Хугацаанд нь төлдөг байсан. Хариуцагч СГ  ХХК нь манайд нэхэмжлэлээ ирүүлэхгүй удах үед бид өөрсдөө нэхэмжлэлээ ирүүлээч гэж нэхэж шаардаж байгаад төлбөрөө төлдөг байсан. Гэрээний ерөнхий нөхцөл болон тусгай нөхцлийн дагуу СГ  ХХК нь сөрөг нэхэмжлэл гаргах эрхгүй үндэслэлгүй байхад сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Борлуулалтын албаны дарга н.Амарбат захиралтай нь утсаар ярьсны үндсэн дээр 81,085,072 төгрөгийн үлдэгдэл төлбөрөөсөө эхний ээлжинд 13,494,000 төгрөг буюу нэхэмжилж байгаа үнийн дүнгээ хасаад үлдэх жаран долоон сая төгрөгийг нь шилжүүлье гээд 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр хийсэн. Бид гэрээнд заасан хугацаандаа төлбөрийг төлсөн. Хоцроосон зүйл байхгүй учир алдангийг төлөх үндэслэлгүй. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

                                                                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ИГ  төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь хариуцагч СГ  ХХК-иас гэрээнээс учирсан хохиролд тооцон 13 494 747 төгрөг гаргуулахаар шаардсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа нэмэгдүүлж 2018 оны 3 дугаар  сарын 19-ний өдрийн байдлаар бодит хохиролд тооцон 118,792,165 төгрөгийг гаргуулахаар шаардсан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийг бүрэн дэмжин оролцлоо.

Хариуцагч СГ  ХХК-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцон Иргэний нисэхийн ерөнхий газрын нэхэмжлэлийг бүхэлд нь үл зөвшөөрч, Засгийн газраас шатахууны үнийг 2 удаа нэмэгдүүлэн өөрчилсөн тул тендерийн тухай хууль, мөрдөх журмын дагуу гэрээний үнэнд өөрчлөлт оруулах санал өгсөн, нэхэмжлэгч гэрээг цуцласан, энэ нь хууль бус, гэрээний үүргийг хэн, хэрхэн зөрчсөн гэдгийг нэхэмжлэгч тал нотолж чадсангүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь үндэслэлгүй гэж маргана.

Хариуцагч тал гэрээний дагуу зээлээр авсан шатахууны төлбөрийн үлдэгдэл 81 085 072 төгрөг гэрээнд заасны дагуу төлбөрөө хугацаандаа төлөөгүй гэж алданги 7 850 526 төгрөг, нийт 88 935 598 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 602 628 төгрөгийн хамт гаргуулахаар сөрөг нэхэмжлийн шаардлага гарган, шүүх хуралдаанд дэмжин шаардсан.

Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийг үл зөвшөөрч, гэрээний ерөнхий нөхцөлд тохирсноор төлбөрийн нэхэмжлэх хүлээн авснаас хойш 30 хоногт төлөх ёстой, СГ  ХХК нь 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдөр нэхэмжлэх өгсөн, борлуулалтын албаны дарга н.Амарбат захиралтай нь утсаар ярьсны үндсэн дээр 81,085,072 төгрөгийн үлдэгдэл төлбөрөөс эхний ээлжинд нэхэмжилж байгаа 13,494,000 төгрөгөө хасаад 67 590 325 төгрөг 76 мөнгийг нь шилжүүлъе гээд 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр шилжүүлсэн тул хоцроосон зүйл байхгүй учир алдангийг төлөх үндэслэлгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч шаардлагаа нотолж Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 4 дугаартай тогтоол, тогтоолын 1, 2-р хавсралт,  Засгийн газрын 2016 оны 8 сарын 31-ний өдрийн 77 дугаар тогтоол, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ИГ   СГ  ХХК-ийн хооронд байгуулагдсан “Иргэний нисэхийн ерөнхий газрын 2017 оны шатахууны хэрэгцээнд шаардлагатай А-80, Аи-92 маркийн бензин тус тус нийлүүлэх ИНЕГ/УЗ/ТББ/Б-07/17 багц-1, багц-2 гэрээ”, “Иргэний нисэхийн ерөнхий газрын 2017 оны шатахууны хэрэгцээнд шаардлагатай дизелийн түлш /өвөл, зун/, ТС-1 маркийн түлш тус тус нийлүүлэх ИНЕГ/УЗ/ТББ/Б-07/17 багц-3, багц-4 гэрээ”, “Сод Монгол Групп” ХХК-иас ирүүлсэн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 17/3187 тоот “гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлт гаргах тухай” албан бичиг, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 11 сарын 15-ны өдрийн “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 309 дугаар тогтоол, ИНЕГ-ын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Мэдэгдэл хүргэх тухай” 02/4712 тоот албан бичиг, “Сод Монгол Групп” ХХК-ий шатахуун тээвэрлэлтийн замын хуудсууд, 2017 онд “Сод Монгол Групп” ХХК-иас шатахууны хэрэгцээнд дт-түлш, А-80, Аи-92, ТС-1 маркийн нийлүүлсэн түлшний тооцооны хүснэгт, 2018 оны 4 сарын 09-ний өдрийн “Сод Монгол Групп” ХХК-ид төлсөн мөнгөний төлбөрийн даалгавар тус тус ирүүлсэн,

хариуцагч нэхэмжлэлийг үгүйсгэж сөрөг шаардлага гарган маргаж буй үндэслэлээ нотлож Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2017 оны 12 сарын 06-ны өдрийн Ашигт малтмал, газрын тосны газрын 3/8909 тоот Мэдээлэл хүргүүлэх тухай албан бичиг, хавсралт 2 хуудасны хамт, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 207 дугаартай “тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 309 дугаартай“тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоол, СГ ын 2017 оны 12 дугаар сарын 06, 2017 оны 12 сарын 15-ны өдрүүдийн “Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлт гаргах тухай”, Иргэний нисэхийн ерөнхий газрын 2017 оны 12 сарын 25-ны өдрийн 01/4876 тоот “Гэрээ цуцлах тухай”, СГ ын 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 18/02 тоот 01/4876 тоотын хариу”, 2018 оны 1 сарын 10-ны өдрийн “үнийн санал хүргүүлэх тухай” 18/3291 тоот Зам тээврийн сайдад “Хүсэлт хүргүүлэх тухай” албан бичгүүд, Зам, тээврийн хөгжлийн яамны “СГ ” ХХК-ид ирүүлсэн 2018 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 02/29 тоот албан бичиг, Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын 2017 оны 12 сарын 25-ны өдрийн”Хүнд нөхцөл байдлын гэрчилгээ, “СГ ” ХХК-ий харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, 2018 оны 3 сарын 09-ний өдрийн 18/701 тоот төлбөр төлүүлэх талаар ИГ т албан шаардлага хүргүүлэх тухай албан бичиг тус тус ирүүлсэн нь бичмэл баримтын хуулийн шаардлага хангасан үнэлэх боломжтой байна.

Шүүх хэргийн эдгээр баримтууд, зохигч талуудын тайлбараар тогтоогдсон дараах үйл баримтад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

            Талуудын хооронд 2017 оны 5 сарын 24-ний өдөр нэг жилийн хугацаатай “Иргэний нисэхийн ерөнхий газрын 2017 оны шатахууны хэрэгцээнд шаардлагатай нийт 362 749 600  төгрөгийн үнэ бүхий А-80, Аи-92 маркийн бензинийг тус тус “СГ ” ХХК нь нийлүүлэх ИНЕГ/УЗ/ТББ/Б-07/17 багц-1, багц-2 гэрээ”, 2017 оны 3 сарын 27-ны өдөр нэг жилийн хугацаатай “Иргэний нисэхийн ерөнхий газрын 2017 оны шатахууны хэрэгцээнд шаардлагатай нийт 1 574 184 800 төгрөгийн үнэ бүхий дизелийн түлш /өвөл, зун/, ТС-1 маркийн түлш мөн нийлүүлэх ИНЕГ/УЗ/ТББ/Б-07/17 багц-3, багц-4 гэрээ” нэртэй гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр “СГ ” ХХК нь тус компаний харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээгээр 2017 оны 4 сарын 1-ний өдрөөс 2017 оны 12 сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд 1 390 771 774, 48 төгрөгийн түлш шатахуун нийлүүлсэн, нэхэмжлэл шүүхэд ирсэн 2018 оны 1 сарын 11-ний өдөр ИГ  хүлээн авсан түлш шатахууны үнэ 81 085 072,76 төгрөгийг төлөөгүй байсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2018 оны 4 сарын 09-ий өдөр 67 590 325,76 төгрөг төлсөн, одоо үлдэгдэл нь 13 494 747 төгрөгийг анхны нэхэмжлэлээр шаардсан дүнгээр төлөлгүй үлдээсэн гэж нэхэмжлэгч тайлбарлаж, “СГ ” ХХК нь 2017 оны 12 сарын 05-ны өдрөөс хойш нийлүүлэлт хийгээгүй, ИГ -ын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Мэдэгдэл хүргэх тухай” 02/4712 тоот албан бичгээр, гэрээнд үнэ өөрчлөхгүй гэж заасан тул үлдэгдэл шатахуунаа нийлүүлэхийг шаардан, хэрэв үл биелүүлбэл гэрээ цуцлахыг мэдэгдсэн, үүний дараа Иргэний нисэхийн ерөнхий газрын 2017 оны 12 сарын 25-ны өдрийн 01/4876 тоот “Гэрээ цуцлах тухай” албан бичгээр гэрээ цуцлагдсан үйл баримт бий болжээ.

            Талууд дээрх 2 гэрээнд маргаагүй ба гэрээний дийлэнх хэсэг хэрэгжсэн, гэрээний агуулгын хувьд түлш шатахууныг үнэ тохиролцон худалдсан, гэрээний тохиролцоо нөхцөл, хугацаа, талуудын эрх, үүрэг зэргээр тодорхойлогдож байгаа хүсэл зоригийн илэрхийллээс үзэхэд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.”Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан худалдах худалдан авах гэрээ гэж үзэх үндэстэй.  

ИГ  төрийн өмчөөр түлш шатахуун худалдан авахаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журмын дагуу хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг шалгаруулж, бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулах эрхийг “СГ ” ХХК-ид олгон, талууд нөхцөл болзлоо тохиролцсон, хуулийн хүчин төгөлдөр хэлцэл байгуулжээ.

            Талууд гэрээний үнэ өөрчлөх асуудал, гэрээ цуцласан зохигчийн гэм буруу, гэрээний хариуцлагын асуудлаар маргаж байна.

            -Маргаж байгаа гэрээнд өөрчлөлт оруулах, үнэ өөрчлөх асуудлаар;

            Хариуцагч тал гэрээнд өөрчлөлт оруулах, үнэ өөрчлөх асуудлаар шаардлага гарган хэлэлцүүлээгүй.

Монгол Улсын Засгийн газраас бензин, дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг 2 удаа нэмэгдүүлэн тогтоосон ба “СГ ” ХХК энэ үнийн өөрчлөлттэй холбогдуулан алдагдалтай байдалд орсон, хүнд нөхцөл байдлын гэрчилгээ гаргуулан 2017 оны 12 сарын 06, 15-ны өдрүүдэд гэрээнд агаарын хөлгийн ТС-1 шатахуун, дизелийн түлш, А80 автобензиний үнийнэмэгдүүлэн өөрчлөлт оруулах хүсэлт гаргасан, нэхэмжлэгч гэрээнд үнэ өөрчлөхгүй гэж заасан гэж эс зөвшөөрчээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.«Хамгийн сайн» үнэлэгдсэн тендер болон тендерийн баримт бичигт захиалагчийн тодорхойлсон худалдааны болон техникийн шаардлага нь худалдан авах гэрээний үндсэн нөхцөл болно.”, 40.4.Худалдан авах бараа, ажил, үйлчилгээний тоног төхөөрөмж, үндсэн материал, түүхий эд, хөдөлмөрийн хөлсний үнэд захиалагч дараахь тохиолдолд тохируулга хийхээр гэрээнд тусгаж болно, 40.4.1.хоёр жилээс дээш хугацаанд хэрэгжих гэрээний явцад хэрэглээний үнийн индекс өөрчлөгдсөн, 40.4.2.” суурь үнэ огцом өөрчлөгдсөн”, 41 дүгээр зүйлийн 41.1.1.”захиалагч урьдчилан харах боломжгүй нөхцөл байдал үүссэний улмаас гэрээнд зайлшгүй шаардлагатай нэмэлт, өөрчлөлт хийхээс бусад тохиолдолд тендерийн агуулгатай холбоотой гэрээний нөхцлүүдийг өөрчлөх”,41.1.2.”энэ хуулийн 40.4-т зааснаас бусад тохиолдолд гэрээний үнийг нэмэгдүүлэн өөрчлөх”-ийг худалдан авах гэрээнд нэмэлт, өөрчлөлт хийхийг хориглож тус тус зохицуулснаар хамгийн сайн үнэлэгдсэн тендерийн нөхцөл болон захиалагчийн шаардлага гэрээний үндсэн нөхцөл гэдгийг зааж, гэрээнд өөрчлөлт оруулах, үнийг өөрчлөхийг зөвхөн захиалагчийн эрхэд хамааруулсан байна.

Талууд техникийн тодорхойлолтоо ирүүлээгүй ба талуудын гэрээний ерөнхий нөхцлийн 4-т захиалгыг өөрчилснөөс бусад тохиолдолд гэрээний нөхцөл болзлыг засварлах, эсхүл өөрчилж болохгүй, гэрээний тусгай нөхцлийн 9-д гэрээний үнийг тохируулахгүй тогтмол байна. Валютын ханшны өсөлт болон НӨАТ, гаалийн албан татварын өөрчлөлтөөс шалтгаалан гэрээний үнийг өөрчлөхгүй., мөн 12 дах хэсгийн нийлүүлэгч талын үүрэг хэсгийн 5-д шатахууны тендерийн үнийг гэрээний хугацаанд ямар ч тохиолдолд өөрчлөхгүй байх, 12-т ашиглалтын хэмжээнээс хамаарч шатахууны нэр, төрөл, хэмжээг гэрээний үнээр 20 хувь хүртэл өөрчлөх бололцоотой гэж тохиролцсон нь хуульд нийцсэн төдийгүй гэрээ болон үнийн өөрчлөлт оруулахыг хориглон хатуу заасан байгаа нь хариуцагчийн тендерээ өөрчлөх эрхгүй нөхцөл болж байна.

Иймд үнэ өөрчлөх хүсэлтийг хүлээж аваагүй гэж нэхэмжлэгчийг буруутгах үндэсгүй.

Гэрээ цуцласан асуудал: ИГ  нь “СГ ” ХХК-ий 2017 оны 12 сарын 06-ны өдрийн үнийг нэмэгдүүлэн өөрчлөлт оруулах тухай хүсэлтэд 2017 оны 12 сарын 13-ны өдөр 02/4712 албан бичгээр хариу илгээхдээ, гэрээнд заасны дагуу үнэ өөрчлөхгүй гээд, үлдэгдэл шатахууныг нийлүүлж ажиллах, хэрэв захиалагчийн шаардлагыг үл биелүүлэх тохиолдолд гэрээ цуцлах хүртэл арга хэмжээ авахыг мэдэгджээ. 2017 оны 12 сарын 15-ны өдрийн “СГ ” ХХК-ий гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хүсэлтэд 2017 оны 12 сарын 25-ны өдөр 01/4876 албан бичгээр хариу өгөхдөө, үлдэгдэл шатахууныг нийлүүлж ажиллах, хэрэв захиалагчийн шаардлагыг үл биелүүлэх тохиолдолд гэрээ цуцлах хүртэл арга хэмжээ авахыг мэдэгдсэн ба гэрээний тусгай нөхцлийн 9, 12.1, 12.3, 12.5-д заасныг тус тус зөрчсөн, гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээний ерөнхий нөхцлийн 18.1, 18.1.(в), 20.1-д заасны дагуу ИНЕГ/УЗ/ТББ/Б-07/17 дугаартай багц-1, багц-2, багц-3, багц-4 гэрээг бүхэлд нь цуцалснаа мэдэгджээ.

Нэхэмжлэгч хариуцагчийг шатахуунаар тасралтгүй хангах үүргээ зөрчсөн, гэрээ цуцлах, шатахуун нийлүүлэх бололцоогүй тохиолдолд 30 хоногоос өмнө захиалагчид бичгээр мэдэгдэх, шатахууны тендерийн үнийг гэрээний хугацаанд ямарч тохиолдолд өөрчлөхгүй байх гэрээний үүргээ зөрчсөн гэж буруутгасан байгаа нь,

хариуцагч 2017 оны 12 сарын 05-ны өдрөөс хойш нийлүүлэлт хийгээгүй байх боловч 2017 оны 12 сарын 06, 15-ны өдрүүдэд гэрээний үнийн талаар өөрчлөлт оруулах тухай хүсэлт гаргасан, нэхэмжлэгч 2017 оны 12 сарын 13-ны өдөр эхний хүсэлтийн хариу, 2017 оны 12 сарын 25-ны өдөр 2 дах хүсэлтийн хариуг огноолон гаргасан байх ба харин яг хэдний өдөр гардан авсан нь тодорхойгүй, талууд гэрээнд хэд хоногт нийлүүлэх талаар тодорхой хугацаа заагаагүй, мөн нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн 2017 онд “СГ ” ХХК-иас нийлүүлсэн түлшний жагсаалт баримтаар 5 сарын 9-д нийлүүлээд 6 сарын 5-д, 7 сарын 4-д, 7 сарын 27-д, 8 сарын 21-д гэх мэт хугацаатай байгаагаас харахад хугацааг нарийвчлан тохирсон зүйлгүй гэж үзэхээр байх ба нэхэмжлэгч техникийн тодорхойлолтоо ирүүлээгүй тул 2017 оны 12 сарын 06-ны өдрөөс гэрээ цуцалсан 2017 оны 12 сарын 25-ны өдрийн хооронд 19 хоногт хариуцагчийг тасралтгүй хангах үүргээ зөрчсөн гэж үзэх үндэсгүй.

Нөгөө талаар нийлүүлэгч “СГ ” ХХК гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлт гаргасан, харин гэрээ цуцлах, шатахууны тендерийн үнийг гэрээний хугацаанд өөрчилсөн болон шатахуун нийлүүлэх бололцоогүй талаар яригдаагүй байна. Энэ байдлаас үзэхэд нэхэмжлэгчийн буруутгаж байгаа үндэслэлээр хариуцагчийн гэм буруу нотлогдохгүй, талуудын гэрээний ерөнхий нөхцлийн 18, 19-д заасан гэрээ цуцлах нөхцөл тогдоогдохгүй, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлд заасан үүрэг гүйцэтгэгчийн буруугаас үүрэг гүйцэтгэх боломжгүй болох, 225 дугаар зүйлд заасан үүрэг зөрчсөнөөс талууд гэрээнээс татгалзах үндэслэл бий болоогүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч “СГ ” ХХК-иас гэрээнээс учирсан хохиролд тооцон 118,792,165 төгрөг гаргуулах шаардлагаа хариуцагч талаас 2017 оны 12 сарын 6-ны өдрийн албан тоотоор ирүүлсэн өөрийнх нь өгсөн үнийн санал, гэрээний үнийн зөрүүгээр дутуу нийлүүлсэн шатахуунтай нь уялдуулан тооцож гаргасан гэж байгаа нь бодитоор төлбөр бодогдож тооцогдоогүй дүнг хохирол гэж үзэж байгаа нь ойлгомжгүй, бодит хохирол учирсан байдлыг нотлосон баримтгүй, нэхэмжлэлийн үндэслэл тогтоогдохгүй, шаардлагаа нотлоогүй, маргаж буй үндэслэлээ нотлох баримт ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.”шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, 38 дугаар зүйлийн 38.1.”Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан үүргээ биелүүлээгүй буруутай байна. 

Хуульд заасан гэрээ цуцлах үндэсгүй тул нэхэмжлэгчид хариуцагчийг буруутгаж хохирол шаардах эрх үүсэхгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэж бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд: “СГ ” ХХК нийлүүлсэн шатахууны үнээс төлөгдөөгүй үлдэгдэл 81 085 072 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 7 850 526 төгрөг бүгд 88 935 598 төгрөг гаргуулахаар шаардсан нь,

-нийлүүлэгдсэн шатахууны үнээс төлөгдөөгүй үлдэгдэл 81 085 072 төгрөг гэдгийг талууд хүлээн зөвшөөрч байгаа тул нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1804-010-0066 тоот төлбөрийн даалгавраар төлөгдсөн 67 590 325,76 төгрөгийг хасч үлдэх 13 494 746,24 төгрөгийг нэхэмжлэгч хариуцан төлөх үүрэгтэй тул энэ дүнгээр сөрөг шаардлагыг хангав.

Талуудын тохиролцсон гэрээний тусгай нөхцлийн 8 дахь төлбөр хэсгийн 14-т, “урьдчилан нийлүүлсэн шатахууныг захиалагч хүлээж авсан актыг үндэслэн төлбөрийг ажлын 10 хоногоос хэтрүүлэхгүй гүйцэтгэх болно”, алданги оногдуулах гэсэн 10 дахь хэсгийн 17.1-д алданги оногдуулах хувь хоногт 0,05 хувь, алдангийн нийт дүн 10 хувь гэжээ.

Хариуцагч, талуудын үргэлжилсэн үйлдлээр хийгдсэн төлбөрийн тооцоог 2017 оны 5 сарын 1-ний өдрөөс 2018 оны 1 сарын 03-ны өдрийн хооронд 1-72 хоногоор алданги тооцохдоо анхнаасаа алданги тооцохгүй явсаар одоо анхны нийлүүлэлтээс эхлэн тооцож шаардах болсон үндэслэл нь тодорхойгүй байх ба захиалагч хүлээж авсан баримт актаар бус төлөх огноо гэж гаргасан нь юүг үндэслэсэн нь ойлгомжгүй байна.

Талуудын бичгээр үйлдсэн тохиролцооны дагуу алданги бодож тооцох баримт ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.”шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох,  нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, 38 дугаар зүйлийн 38.1.”Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй”гэж заасан үүргээ биелүүлээгүй буруутай гэж үзэх үндэслэл болж, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3.”Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж заасан шаардлагад нийцүүлэн бичгээр хийгдсэн хэлцлийн дагуу нийлүүлсэн шатахууныг захиалагч хүлээж авсан акт баримтгүйгээр алданги тооцох боломжгүй тул алдангид шаардсан 7 850 526 төгрөгийг хангах үндэсгүй болно. Иймд сөрөг нэхэмжлэлээс 13 494 746,24 төгрөгийг нэхэмжлэгчид хариуцуулан гаргуулж, хариуцагчид олгон, шаардлагаас үлдэх 75 440 851,76 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар зохигчдод хариуцуулах нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.3., 73 дугаар зүйлийн 73.2., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                     ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 227 дугаао зүйлийн 227.1., 232 дугаар зүйлийн 232.6.-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ИГ  төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын хариуцагч СГ  ХХК-д холбогдуулан гаргасан 118,792,165 /нэг зуун арван найман сая долоон зуун ерэн хоёр мянга нэг зуун жаран тав/ төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч ИГ  төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас 13 494 746,24 /арван гурван сая дөрвөн зуун ерэн дөрвөн мянга долоон зуун дөчин зургаа/ төгрөг /хорин дөрвөн мөнгө/гаргуулж, хариуцагч “СГ ” ХХК-д олгон, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 75 440 851,76 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 56.2., 57 дугаар зүйлийн 57.1., 58 дугаар зүйлийн 58.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар  нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 606 628 төгрөгөөс 602,628 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн, улсын орлогоос илүү төлсөн 4000 төгрөгийг, нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлд хариуцан төлөх 225,424 төгрөгийн хамт тус тус гаргуулж хариуцагчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.УРАНЧИМЭГ