Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2022/00930

 

Д.Т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2022/01044 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 210/МА2022/00876 дугаар магадлалтай,

Д.Т-ын нэхэмжлэлтэй,

Ц.Бод холбогдох,

10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагважанцангийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагважанцан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Т нь хариуцагч Ц.Бод холбогдуулан 10,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2022/01044 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1,  243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ц.Боос 10,000,000 /арван сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Тд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Тас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 174,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.  

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 210/МА2022/00876 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 09-ний өдрийн 101/ШШ2022/01044 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.Боос 10,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Т-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагважанцан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.05.09-ний өдрийн 00876 тоот магадлалыг эс хүлээн зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.3-т заасныг үндэслэн дараах гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад 2021.06.19-ний өдрийн “Худалдах, худалдан авах гэрээ”-ээс татгалзаж гэрээний үүрэгт шилжүүлсэн 10,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага гаргасан. Магадлалын ХЯНАВАЛ хэсэгт “...Учир нь 2021.03.17-ны өдрийн “Худалдах, худалдан авах гэрээ”-ний 2-т “...уг гэрээ байгуулахад урьдчилгаа төлбөр 10,000,000 төгрөг, эцсийн үлдэгдэл төлбөрийг уг гэрээ байгуулагдсанаас хойш 2 сарын дараа буюу 2021.05.17-ны өдрийн дотор 410,000,000 төгрөгийг бүрэн төлж дуусгасан байна. Хэрэв уг үлдэгдэл төлбөр болох 410,000,000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулахгүй бол уг гэрээг цуцлан, худалдагч талд төлсөн урьдчилгаа 10,000,000 төгрөгийг худалдан авагч талд буцаан олгохгүйгээр харилцан тохиролцсон болно...” гэж тусгасан нь Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт заасан дэнчингийн шинжийг агуулж байх ба хариуцагч Ц.Б нь мөн зүйлийн 233.3 дахь хэсэгт ...заасны дагуу 10,000,000 төгрөгийн дэнчинг нэхэмжлэгч Д.Тд буцаан төлөх үүрэг хүлээхгүй юм...” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь талуудын хооронд 2021.03.17-ны өдөр байгуулагдсан “Худалдах, худалдан авах гэрээ”-г Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар “талууд өмнөх үүргийг солихоор тохиролцож” 2021.06.19-ний өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан. 2021.06.19-ний өдрийн “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдсанаар Иргэний хуулийн 236.2 дахь хэсэгт өмнөх үүргийг өөр үүргээр сольсон тохиолдолд өмнөх үүргийн харилцаа дуусгавар болно гэж заасан. Анх тохиролцсон үүргийг гүйцэтгэх ёстой байсан харилцаа нь 236.2-т заасны дагуу өөр үүргийг хүлээн авснаар, эсхүл 236.1.3-т зааснаар шинэ үүрэг гүйцэтгэх болсноор дуусгавар болохоор байх тул 2021.03.17-ны өдрийн “Худалдах, худалдан авах гэрээ” дуусгавар болсон. Гэтэл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.2-т заасны дагуу дуусгавар болсон 2021.03.17-ны өдрийн гэрээг дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдсэн нь хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иймд ...магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.03.09-ний өдрийн 01044 шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг   хангахгүй орхиж шийдвэрлэв.

6. Нэхэмжлэгч Д.Т нь хариуцагч Ц.Бод холбогдуулан 10,000,000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.  

7. Анхан шатны шүүх ...нэхэмжлэгч нь 2021.03.17-ны өдрийн болон 2021.06.19-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээний үүрэгт хариуцагч Ц.Бод 43,000,000 төгрөгийг шилжүүлсэн, ...хариуцагч нь “...худалдах, худалдан авах гэрээний үүрэгт Д.Тас шилжүүлж авсан мөнгөн дүнг буцаан шилжүүлж, дуусгавар болсон” гэж маргах боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, татгалзлаа нотлоогүй” гэж дүгнэн, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Боос 10,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Тд олгохоор шийдвэрлэсэн байна.

8. Давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хүчингүй болгон, Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.Боос 10,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Т-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, ийнхүү шийдвэрлэхдээ ...хариуцагч Ц.Б нь Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.3-т заасны дагуу 10,000,000 төгрөгийн дэнчинг нэхэмжлэгч Д.Тд буцаан төлөх үүрэг хүлээхгүй гэж дүгнэжээ.

9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн магадлалыг эс зөвшөөрч гаргасан хяналтын гомдлыг 2022.07.06-ны өдрийн Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

10. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...хариуцагчтай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээний дагуу нийт 43,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч орон сууцыг бусдад худалдсан тул 33,000,000 төгрөгөө буцааж авсан, одоо үлдэгдэл 10,000,000 төгрөгийг нэхэмжилнэ... гэж маргасан бол, хариуцагчаас ...орон сууц худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөрт 33,000,000 төгрөгийг хүлээн авсан, нэхэмжлэгч гэрээгээр тохирсон хугацаанд төлбөрөө төлөөгүй тул гэрээг дуусгавар болгож, 33,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн, одоо өр төлбөр, тооцоо байхгүй... гэсэн тайлбар гаргасан. 

11. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд талуудын хооронд 2021.06.19-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр  Ц.Б нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Залуучуудын гудамж-22, Роял Кэстл цогцолборын 101 байрны 102 тоотын 240 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг 528,000,000 төгрөгөөр худалдах, Д.Т нь 2021.07.01-ний өдрийн дотор гэрээний үнийг төлөхөөр харилцан тохиролцсон. Улмаар гэрээний дагуу Д.Т нь 2021.06.21-ний өдөр 20,000,000 төгрөг, түүний эхнэр С.Номуундарь 2021.07.27-ны өдөр 13,000,000 төгрөг, нийт 33,000,000 төгрөгийг хариуцагч Ц.Бод шилжүүлж өгсөн, мөн хариуцагчаас 2021.09.17-ны өдөр 33,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Тд буцаан шилжүүлсэн үйл баримтууд тогтоогджээ.  

12. Түүнчлэн, зохигчийн хооронд урьд нь, 2021.03.17-ны өдөр тус орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, тус гэрээний 2-т ...уг гэрээ байгуулахад урьдчилгаа төлбөрт 10,000,000 төгрөг, эцсийн үлдэгдэл төлбөрийг уг гэрээ байгуулагдсанаас хойш 2 сарын дараа буюу 2021.05.17-ны өдрийн дотор 410,000,000 төгрөгийг бүрэн төлж дуусгасан байна. Хэрэв уг төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулахгүй бол уг гэрээг цуцлан, худалдагч талд төлсөн урьдчилгаа 10,000,000 төгрөгийг худалдан авагч талд буцаан олгохгүйгээр харилцан тохиролцсон болно гэж заасан байх ба энэ гэрээний дагуу нэхэмжлэгч 10,000,000 төгрөг /Д.Т-ын эхнэр С.Номуундариас 2021.03.17-ны өдөр иргэн Т.Пүрэвжавт шилжүүлж/ төлсөн байна.

13. Зохигч нь нэхэмжлэгч Д.Тас 2021.03.17-ны өдөр төлсөн 10,000,000 төгрөг дурдсан орон сууцны урьдчилгаа төлбөр мөн эсэх, уг мөнгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй эсэх талаар маргажээ.

14. Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.1-д “Гэрээнд оролцогч нэг тал нь гэрээ байгуулсны нотолгоо болгон нөгөө талдаа төлбөл зохих төлбөрт оролцуулан урьдчилан өгсөн мөнгийг дэнчин гэнэ”, 233.3-д “Дэнчин тавьсан этгээд үүрэг гүйцэтгээгүйгээс хариуцлага хүлээхээр байвал дэнчинг дэнчин авсан этгээдэд үлдээнэ” гэж тус тус заасан.

15. Давж заалдах шатны шүүх ...2021.03.17-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээний 2 дахь заалт нь Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.1-д заасан дэнчингийн шинжийг агуулсан, хариуцагч Ц.Б нь мөн зүйлийн 233.3-д заасны дагуу 10,000,000 төгрөгийн дэнчинг нэхэмжлэгч Д.Тд буцаан төлөх үүрэг хүлээхгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн байна.

Иймд, дээр дурдсан үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагважанцангийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 210/МА2022/00876 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022.06.09-ний өдөр төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       Н.БАЯРМАА

                                                                        Б.МӨНХТУЯА

                                                                        Х.ЭРДЭНЭСУВД