Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/00876

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 09-ний өдрийн 101/ШШ2022/01044 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Т-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Б од холбогдох, 10,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: Нэхэмжлэгч Д.Т нь 2021 оны 06 сарын 19-ний өдөр хариуцагч Ц.Б той0 хаягт байршилтай, 240 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг 528,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон. Нэхэмжлэгч нь хариуцагч руу 2021 оны 03 сарын 17-ны өдөр 10,000,000 төгрөг, 2021 оны 06 сарын 21-ний өдөр 20,000,000 төгрөг, 2021 оны 07 сарын 27-ны өдөр 13,000,000 төгрөг, нийт 43,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Нэхэмжлэгч нь гэрээний 3.2-т заасны дагуу үлдэгдэл төлбөрөө төлөхөөр Жайкагийн зээлийг хөөцөлдөж байтал хариуцагч нь худалдан авахаар тохиролцсон 5 өрөө орон сууцыг бусдад худалдан борлуулсан. Нэхэмжлэгчийн шилжүүлсэн 43,000,000 төгрөгийн 33,000,000 төгрөгийг хариуцагч нь буцаан шилжүүлсэн. Үлдэгдэл 10,000,000 төгрөгийг хариуцагч нь буцааж өгөөгүй. Иймд 2021 оны 06 сарын 19-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж гэрээний үүрэгт шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2.   Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Ц.Б миний бие 2021 оны 06 сарын 19-ний өдөр иргэн Д.Т тай Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу 2021 оны 07 сарын 01-ний өдрийн дотор орон сууцны үнэ 528,000,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар тохирсон боловч Д.Т тохирсон хугацаанд төлбөрөө төлөөгүй. Ингээд Д.Т зээл бүтээгүй тул байрыг авах боломжгүй боллоо гэсэн тул талууд харилцан ярилцаад гэрээг дуусгавар болгосон бөгөөд Д.Т-ын шилжүүлсэн 20,000,000 төгрөг болон 13,000,000 төгрөгийг тус тус Голомт банк дахь 0 тоот харилцах данс руу нь 2021 оны 09 сарын 17-ны өдөр шилжүүлсэн болно. Д.Т тай холбоотой өөр төлбөр тооцоо байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

 

3.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Б оос 10,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Т д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Т ас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 174,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосон.

 

4.   Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

4.а. Нэхэмжлэгч Д.Т нь 2021 оны 06 сарын 19-ний өдөр Худалдах, худалдан авах гэрээ-г хариуцагч Ц.Б той байгуулан 0 5 өрөө орон сууцыг 550,000,000 төгрөгөөр худалдан авахаар болсон. Уг гэрээний дагуу 2021 оны 06 сарын 21-ний өдөр 20,000,000 төгрөг, 2021 оны 07 сарын 27-ны өдөр 13,000,000 төгрөгийг тус тус Ц.Б ын дансанд шилжүүлсэн. Д.Т зээл бүтэхгүй болсон тул орон сууцыг авахаа болилоо, мөнгөө буцаа авъя гэсэн. Хариуцагч Ц.Б 2021 оны 09 сарын 17-ны өдөр 33,000,000 төгрөгийг Д.Т-ын данс руу буцаан шилжүүлсэн. Үүнийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрдөг. Үүгээр талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 06 сарын 19-ний өдрийн гэрээний харилцаа дуусгавао болсон.

4.б. Гэтэл нэхэмждэгч Д.Т нь 2021 оны 03 сарын 17-ны өдөр иргэн Т.П ын дансанд шилжүүлсэн 10,000,000 төгрөгийн баримтыг шүүхэд өгөөд 2021 оны 06 сарын 19-ний өдөр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 43,000,000 төгрөг төлсөн хэмээн шүүхийг төөрөгдүүлсэн. Анхан шатны шүүх тухайн үеийн нөхцөл байдлыг нягтлан шалгахгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ц.Б оос 10,000,000 төгрөг гаргуулж, Д.Т д олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5.   Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Анх 2021 оны 03 сарын 17-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу 0 хаягт байршилтай 240 м2 талбай бүхий 5 өрөө орон сууцыг худалдахаар тохиролцсон. Тус орон сууцны үнэд өөрчлөлт оруулж сүүлд шинэчилж гэрээг байгуулсан. 2021 оны 06 сарын 19-ний өдрийн гэрээний дагуу нийт 33,000,000 төгрөгийг шилжүүлсэн. 2021 оны 03 сарын 17-ны өдөр 10,000,000 төгрөг шилжүүлсэн. Хариуцагчаас 33,000,000 төгрөгийг буцааж шилжүүлсэнд маргаагүй. Тухайн 10,000,000 төгрөг 2021 оны 06 сарын 19-ний өдрийн гэрээний үүрэгт тооцогдож байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүхээс хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэхэд давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байна.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.

 

2.    Нэхэмжлэгч Д.Т нь хариуцагч Ц.Б од холбогдуулан 10,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай шаардлага гаргаж, үндэслэлээ ...хариуцагчтай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээний дагуу 43,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч орон сууцыг бусдад худалдсан тул 33,000,000 төгрөгийг буцаан авсан одоо үлдэгдэл 10,000,000 төгрөгийг авна... гэж тайлбарлажээ. /хх 1-2/

 

Дээрх шаардлагыг хариуцагч Ц.Б бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...орон сууц худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөрт 33,000,000 төгрөг хүлээн авсан, гэрээгээр тохиролцсон хугацаанд төлбөрөө төлөөгүй тул гэрээг дуусгавар болгож, 33,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн, одоо тооцоо байхгүй... гэж тайлбарлан маргажээ. /хх 21/

 

3.    Талууд 2021 оны 06 сарын 19-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Ц.Б нь өөрийн өмчлөлийн 0 хаягт байршилтай 240 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг 528,000,000 төгрөгөөр худалдах, Д.Т нь 2021 оны 07 сарын 01-ний өдрийн дотор гэрээний үнийг төлөхөөр тус тус харилцан тохиролцсон байна. /хх 5-6/

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, гэрээний талууд гэрээнээс татгалзсан үйл баримтыг зөв тогтоожээ.

 

4.    Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч Д.Т ас 2021 оны 06 сарын 21-ний өдөр 20,000,000 төгрөг, түүний эхнэр С.Н иас 2021 оны 07 сарын 27-ны өдөр 13,000,000 төгрөг, нийт 33,000,000 төгрөгийг хариуцагч Ц.Б од шилжүүлэн өгсөн, хариуцагч Ц.Б оос 2021 оны 09 сарын 17-ны өдөр 33,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Т д буцаан шилжүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан Хаан банкны депозит дансны хуулга, Голомт банкны төлбөрийн баримт, гэрлэлтийн гэрчилгээ болон зохигчдын тайлбараар тогтоогдсон. /хх 8, 9, 30/

 

Харин нэхэмжлэгч Д.Т-ын эхнэр С.Н иас 2021 оны 03 сарын 17-ны өдөр иргэн Т.П т шилжүүлэн өгсөн 10,000,000 төгрөг өмнө дурдсан орон сууцны урьдчилгаа төлбөр мөн эсэх нь маргааны зүйл болжээ. /хх 7, 32/

 

5.    Хэрэгт авагдсан Ц.Б , Д.Т нарын хооронд 2021 оны 03 сарын 17-ны өдөр байгуулагдсан Худалдах, худалдах авах гэрээний зүйл буюу орон сууц нь тэдгээрийн хооронд 2021 оны 06 сарын 19-ний өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ний зүйлтэй ижил байх боловч 2021 оны 03 сарын 17-ны өдрийн гэрээний дагуу шилжүүлэн авсан 10,000,000 төгрөгийг буцаан төлөх үүрэг хүлээхгүй гэсэн хариуцагч талын тайлбарыг үндэслэлтэй гэж үзлээ.

 

Учир нь 2021 оны 03 сарын 17-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ-ний 2-т ...уг гэрээ байгуулахад урьдчилгаа төлбөрт 10,000,000 төгрөг, эцсийн үлдэгдэл төлбөрийг уг гэрээ байгуулагдсанаас хойш 2 сарын дараа буюу 2021 оны 05 сарын 17-ны өдрийн дотор 410,000,000 төгрөгийг бүрэн төлж дуусгасан байна. Хэрэв уг үлдэгдэл төлбөр болох 410,000,000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулахгүй бол уг гэрээг цуцлан, худалдагч талд төлсөн урьдчилгаа 10,000,000 төгрөгийг худалдан авагч талд буцаан олгохгүйгээр харилцан тохиролцсон болно... гэж тусгасан нь Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт заасан дэнчингийн шинжийг агуулж байх ба хариуцагч Ц.Б нь мөн зүйлийн 233.3 дахь хэсэгт Дэнчин тавьсан этгээд үүрэг гүйцэтгээгүйгээс хариуцлага хүлээхээр байвал дэнчинг дэнчин авсан этгээдэд үлдээнэ гэж заасны дагуу 10,000,000 төгрөгийн дэнчинг нэхэмжлэгч Д.Т д буцаан төлөх үүрэг хүлээхгүй юм.

 

6.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 09-ний өдрийн 101/ШШ2022/01044 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.Б оос 10,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Т-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 04 сарын 11-ний өдөр урьдчилан төлсөн 174,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

 

Д.НЯМБАЗАР