Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2022/01044

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:Д.Т –ын нэхэмжлэлтэй

Хариуцагч:Ц.Бд холбогдох

10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Давгажанцан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхсайхан, нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Т- хариуцагч Ц.Б-од холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Д.Т- би 2021 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хариуцагч Ц.Б-той Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Залуучуудын гудамж 0 Роял кэстл цогцолборын 0 дүгээр байрны 0 тоот хаягт байршилтай 0 м2 талбай бүхий 5 өрөө орон сууцыг  худалдахаар Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.Талууд нийт 528,000,000 төгрөгөөр харилцан тохиролцсон.Нэхэмжлэгч нь хариуцагч 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 10,000,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 21-ний 20,000,000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 13,000,000 төгрөг нийт 43,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн. Нэхэмжлэгч гэрээний 3.2-т заасны дагуу үлдэгдэл төлбөрөө төлөхөөр Жайкагийн зээлийг хөөцөлдөж байтал хариуцагч худалдан авахаар тохиролцсон Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, Залуучуудын гудамж 22, Роял кэстл цогцолборын 0 дүгээр байр 0 тоот 0 м2 талбайтай 0 өрөө орон сууцыг бусдад худалдан борлуулсан. Нэхэмжлэгчийн шилжүүлсэн 43,000,0000 төгрөгийн 33,000,000 төгрөгийн хариуцагчид буцаан шилжүүлж, үлдэгдэл 10,000,000 төгрөгийг буцааж өгөөгүй. Иймд 2021 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт шилжүүлсэн 10,000,000  төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч, итгэмжлэгдсэн  төлөөлөгч  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: .Ц.Б 2021 оны 06 дугаар сарын 19-ний өдөр иргэн Д.Т-тай Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор орон сууцны үнэ 528,000,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар тохирсон боловч Д.Т- тохирсон хугацаандаа төлбөрөө төлөөгүй.Ингээд Д.Т- зээл бүтээгүй тул байр авах боломжгүй боллоо гэсэн тул талууд харилцан ярилцаад гэрээг дуусгавар болгосон бөгөөд Тулгын шилжүүлсэн 20,000,000 төгрөг болон 13,000,000 төгрөгийг тус тус Голомт банк дахь 000000 тоот харилцах дансруу 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр шилжүүлсэн болно. Д.Т-тай холбоотой өөр тооцоо байхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Нэхэмжлэгч талаас шүүхэд: худалдах, худалдан авах гэрээ(хх-ийн 5-6),хаан банкны 000 дансны хуулга (хх-ийн 7, 9)төлбөрийн баримт (хх-ийн 8) зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Д.Т- нь хариуцагч Ц.Б-од холбогдуулан орон сууц худалдан авахаар харилцан тохиролцож, Худалдах, худалдан авах гэрээ-г байгуулан 43,000,000 төгрөгийг шилжүүлж, 33,000,000 төгрөгийг буцаан авсан, үлдэгдэл 10,000,00 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг 2021 оны 06 дугаар сарын 19-ний өдөр иргэн Д.Т-тай Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Д.Т- тохирсон хугацаандаа төлбөрөө төлөөгүй тул ярилцаад гэрээг дуусгавар болгож, 33,000,000 төгрөгийг буцаан шилжүүлж, тооцоо дуссан тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.

Зохигчид харилцан тохиролцон Баянзүрх дүүрэг 0 дүгээр хороо, Залуучуудын гудамж 0, Роял кэстл цогцолбор, 0 дүгээр байр 0 тоотод байрлалтай, 0 м2 талбайтай, 0 өрөө орон сууцыг 528,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцон Худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан талаар хэн аль нь маргаагүй. (хх-ийн 5,29)

Зохигчдын хооронд байгуулсан 2021 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн №1433 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.2-т 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулна.Үүнээс 53,000,000 төгрөгийг урьдчилгаа болгон Ц.Б-ын ХХК-ны 000 тоот дансанд шилжүүлнэ. 55,000,000 төгрөгт тооцож 2003 онд үйлдвэрлэгдсэн Мерседес бенз 00 маркийн 000 0000 улсын дугаартай авто машиныг шилжүүлж өгөн. Үлдэгдэл төлбөр 420,000,000 төгрөгийг Төрийн банкаар дамжуулан  Жайкагийн 2 үе шаттай зээлээр төлж барагдуулна гэж тохиролцсон, нэхэмжлэгчийн эхнэр С.Н-ийн Хаан банкны 5000000 данснаас 33,000,000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч хүлээн авсан авсан мөнгийг буцаан Д.Т-д шилжүүлж гэрээг дуусгавар болсон талаар маргаагүй.(хх-ийн 7-9)

Зохигчдын хооронд байгуулсан дээрх гэрээ нь   хэн аль нь хүсэл зоригоо бичгээр илэрхийлсэн Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 “Талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж гарын үсэг зурсан бол бичгээр хэлцэл хийсэн гэж үзнэ”,189 дүгээр зүйлийн 189.1 “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй”  тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1.-дэх хэсэгт зааснаар үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.,  энэ хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.”  гэж заасан.

Зохигчид Эрхийн улсын бүртгэлийн Ү-000000 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг 0 дүгээр хороо, Залуучуудын гудамж 00, Роял кэстл цогцолборын 000 дүгээр байр 000 тоотод байрлалтай 000 м2 талбайтай 5 өрөө орон сууцыг 528,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээнээс талууд татгалзсан талаар маргаагүй.

Хэрэгт  2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ, 2021 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн №1433 дугаар Худалдах, худалдан авах гэрээ(Үл хөдлөх эд хөрөнгө авагдсан байна.

Дээрх гэрээний үүрэгт нэхэмжлэгч Д.Т-ас хариуцагч Ц.Б-од 43,000,000 төгрөгийг шилжүүлсэн хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх тул хариуцагчаас 10,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч Ц.Б-  .....Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт Д.Т-ас шилжүүлж авсан мөнгөн дүнг буцаан шилжүүлж дуусгавар болсон гэж маргах боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй болно.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1,  243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ц.Б-оос 10,000,000 /арван сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Т д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Т-с улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 174,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Т.ГАНЧИМЭГ